| Шүүх | Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Сэмжидийн Нолхоосүрэн |
| Хэргийн индекс | 175/2018/0103/Э |
| Дугаар | 105 |
| Огноо | 2019-06-27 |
| Зүйл хэсэг | 17.12.1., |
| Улсын яллагч | Т.Нансалмаа |
Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2019 оны 06 сарын 27 өдөр
Дугаар 105
Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Нолхоосүрэн даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд нээлтэй хийсэн шүүх хуралдаанд:
Улсын яллагч Т.Нансалмаа
Шүүгдэгч С.Батзоригийн өмгөөлөгч М.Гансүх
Шүүгдэгч П.Сайнпүрэвийн өмгөөлөгч Д.Даваасүрэн
Шүүгдэгч О.Цэнд-Аюушийн өмгөөлөгч А.Отгонбаяр
Нарийн бичгийн дарга Б.Түвшинтуул нар оролцов.
Сэлэнгэ аймгийн Цагдаагийн газраас мөрдөн байцаалт явуулж тус аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн С.Батзориг, П.Сайнпүрэв, О.Цэнд-Аюуш нарт холбогдох 1831001750074 тоот хэргийг хянан хэлэлцэв.
Үндсэн захиргаа: Монгол улсын иргэн, 1981 оны 07 дугаар сарын 07-нд Сэлэнгэ аймгийн Түшиг суманд төрсөн, 37 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, , ам бүл 7, эхнэр 5 хүүхдийн хамт Сэлэнгэ аймаг Түшиг сум Ар нуга 2 дугаар багт оршин суух хаягтай, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, улсаас авсан гавъяа шагнал, ял шийтгэлгүй, бие эрүүл, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай гэх Боржигин овогт Сэрээнэнгийн Батзориг, /РД: МН-81070772/,
Үндсэн захиргаа: Монгол улсын иргэн, 1992 оны 06 дугаар сарын 16-нд Сэлэнгэ аймгийн Түшиг суманд төрсөн, 27 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 3, ээж дүүгийн хамт, Сэлэнгэ аймаг Түшиг сум Ар нуга 2 дугаар багт оршин суух хаягтай, эрхэлсэн тодорхой ажилгүй улсаас авсан гавъяа шагнал, ял шийтгэлгүй, бие эрүүл, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай гэх Их мянгад овогт Пүрвээгийн Сайнпүрэв, /РД:МН-92061618/,
Үндсэн захиргаа: Монгол улсын иргэн, 1991 оны 02 дугаар сарын 10-нд Сэлэнгэ аймгийн Түшиг суманд төрсөн, 28 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 3, ээж дүүгийн хамт, Сэлэнгэ аймаг Түшиг сум Ар нуга 2 дугаар багт оршин суух хаягтай, эрхэлсэн тодорхой ажилгүй, улсаас авсан гавъяа шагнал, ял шийтгэлгүй, бие эрүүл, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай гэх Их зуутраг овогтой Оюунгэрэлийн Цэнд-Аюуш, /РД: МН-91021011/,
Шүүгдэгч С.Батзориг, П.Сайнпүрэв, О.Цэнд-Аюуш нар нь 2018 оны 05 дугаар сарын 31-нээс 2018 оны 06 дугаар сарын 01-нд шилжих шөнө Сэлэнгэ аймгийн Түшиг сумын 1 дүгээр баг “Арвайн нарс” гэх газраас “Баяндулаануул” ХХК-ний өмчлөлийн ягаан халзан зүсний 1 тооны үхэрийг хулгайлсан гэх гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Шүүгдэгч С.Батзоригийн 2019 оны 05 дугаар сарын 16-ны өдөр яллагдагчаар өгсөн: ...Надад хяналтын прокурорын эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан прокурорын тогтоол, тухайн тогтоолд дурьдсан Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн зүйл хэсэг болон Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан яллагдагчийн дээр дурьдсан эрх, үүргүүдээс асууж тодруулах, ямар нэгэн санал хүсэлт байхгүй, надад сонсгож буй зүйл анги хэсгийг хүлээн зөвшөөрөхгүй. Миний хувьд өмнө нь гэрчээр мэдүүлэг өгсөн учраас одоо мэдүүлэг өгөхгүй. Хэлж ярих зүйл байхгүй. ...гэх мэдүүлэг, /хх-ийн 209-210-р ху/,
2.Шүүгдэгч П.Сайнпүрэвийн 2019 оны 05 дугаар сарын 13-ны өдөр яллагдагчаар өгсөн: ... 2018 оны 05 дугаар сарын 31-ний орой 21-22 цагийн орчим гэртээ амарч байсан. Манай гэрийн гадаа машин ирээд сигналдах үед нь гараад харсан чинь “Портер” маркийн тээврийн хэрэгсэлтэй С.Батзориг, О.Цэнд-Аюуш нар ирчихсэн байсан. Намайг юу хийж байгаа талаар С.Батзориг ах асуугаад “хийсэн юм байхгүй байна” гэж хэлсэн чинь С.Батзориг ах надаас “ойрхон ханиндаа явчхаад ирье” гэж хэлсэн. Би эхэндээ татгалзаж байгаад яваандаа зөвшөөрөөд С.Батзориг, О.Цэнд-Аюуш нартай хамт явахаар болсон. С.Батзориг, О.Цэнд-Аюуш нар ирэхдээ машины ачааны хэсэг дээр 1 морь ачсан байсан. Ингээд О.Цэнд-Аюуш нь миний халзан цавьдар морийг авч унаад нэг тийшээ түрүүлээд яваад өгсөн, би харин С.Батзориг ахтай машинд нь суугаад явсан. Ингээд манай гэрээс хэсэг холдоод “Хадтай хошуу” нэртэй газар О.Цэнд-Аюуш нь түрүүлээд очсон байсан. Би замдаа С.Батзориг ахаас хаашаа явж байгаа талаар асуутал С.Батзориг ах “ойрхон юманд яваад ирье” гэж хэлсэн. Өөр зүйл хэлээгүй. Ингээд бид 3 “Арвайн нарс” нэртэй газарт ирсэн. Уг газарт ирээд морьдоо машинаас буулгасан. О.Цэнд-Аюуш, бид 2 морьтой, С.Батзориг ах явганаар ой мод ихтэй жалга руу орцгоосон. Би тэр үед яах гэж ийшээ явах гэж байгаа талаар асуухад бас л ямар нэгэн зүйл дуугараагүй. Ой руу орох үед эхлээд С.Батзориг ах яваад, ардаас нь морьтой О.Цэнд-Аюуш, би хамгийн ард нь явж байсан. Гүнзгий жалга руу ортол модон дундаас гэрэл тусаад 2 удаа буун дуу гарсан. Ингээд шууд би морьтойгоо зугатаагаад гэртээ ирсэн. О.Цэнд-Аюуш болохоор нэг тийшээгээ явсан, харин С.Батзориг ах тэндээ үлдсэн. Тэр шөнөдөө бид 3 уулзаагүй. Надад хулгай хийх санаа зорилго, шалтгаан байхгүй, би ямар учраас ой руу орж байгаагаа ойлгоогүй, мэдээгүй. Энэ талаар С.Батзориг, О.Цэнд- Аюуш нар надад ямар нэгэн зүйл хэлж ярьсан зүйл байхгүй. Би хэн нэгэн хүнтэй гэмт хэрэг үйлдээгүй. Ой модон дунд С.Батзориг, О.Цэнд-Аюуш бид нараас өөр морьтой, машинтай хүмүүс байгаагүй. Тухайн үед гадаа харанхуй, замаас зайдуу хөндлөнгийн хүмүүс мэдэх боломжгүй, модны захад машин зогсоогоод ой руу орцгоосон юм. Би машин дээр нь морь аччихсан байсан болохоор нь модонд явж байгаа юм байна гэсэн ойлголттой байсан. Би дотроо түлээ, мод л ачих байх гэж бодсон. Манай суманд модыг бэлтгэж, цагаалаад мориор ачдаг учраас модонд л явж байна гэж бодож байсан. Би огт хулгай хийх гэж явж байсан талаар мэдээгүй явж байсан. Арай ч хулгай хийхгүй байх гэж бодсон. С.Батзориг ахтай ойр зуурын хувийн ахуй амьдралын талаар яриад л явж байсан. Машинтай явж байгаад модны захад очоод зогссон. Тэр үед С.Батзориг ах “моринуудаа машин дээрээс буулгаарай” гэж хэлэх үед хүрэх ёстой газартаа хүрсэн юм байна гэж бодсон. Би ой модон дунд үхэр уяатай байхыг хараагүй. Ой руу ортол гэрэл тусаж 2 удаа буун дуу гарч О.Цэнд-Аюуш бид 2 морьтойгоо зугтаасан. Ой руу орох үед мод, түлээ бэлтгэх гэж байгаа юм байна гэж бодож л орсон. Тэрнээс ойд үхэр байсан талаар мэдээгүй. Ой дотроос буун дуу гарсан учраас айж, цочсондоо зугтаасан. Гэнэт л буун дуу дуугарахаар айгаад л зугтаасан. С.Батзориг ах богино шорт, зуны сандаалтай, дээгүүрээ нимгэн цамцтай байсан санаж байна. Тухайн үед гадаа цаг агаар тогтуун дулаахан орой байсан. Батзориг гэх хүнийг сайн таньж мэдэхгүй, Түшиг сумын иргэн, малын ченж гэдгээр нь мэднэ. Садан төрлийн холбоо хамаарал байхгүй. ...гэх мэдүүлэг /хх-ийн 216-217-р ху/,
3.Шүүгдэгч О.Цэнд-Аюушийн 2019 оны 05 дугаар сарын 13-ны өдөр яллагдагчаар өгсөн: ...Надад сонсгож байгаа зүйл заалтыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Би мал хулгайлах гэмт хэрэг үйлдээгүй. Батзориг ах намайг дагуулж яваад одоо хамт гэмт хэрэг үйлдсэн гээд байгаад гайхаж байна. Энэ хүн яагаад ингээд худлаа ярьж зөв зүгээр байсан Сайнпүрэв бид 2-г бараг хагас жил дагуулж ажил төрөл алдагдуулаад байгааг гэмт хэрэг үйлдсэн мэтээр яриад байгааг ойлгохгүй байна. Би энэ талаар өмнө нь гэрчээр мэдүүлэг зөндөө өгсөн. Миний өмнө нь гэрчээр өгсөн мэдүүлэг үнэн зөв. Би бусдын малыг хулгайлах санаа зорилго байгаагүй. Би хэн нэгэн хүнтэй хамтарч мал хулгай хийгээгүй. 2018 оны 05 дугаар сарын 31-ний орой хэдэн цаг болж байсныг мэдэхгүй. Түшиг сумын “Хадан хошуу” нэртэй газарт өөрийн адуугаа хээр өвс идүүлж, тэндээ адуугаа манаж хонох гэж байсан. Тэгсэн над дээр Батзориг ах цагаан өнгийн Портер маркийн машинтай, ганцаараа ирсэн. Батзориг ах надад “Ахдаа нэг юм ачаад туслаад өг” гэж хэлсэн тэгэхээр нь би “хаанаас юу ачиж авах гэж байгаа юм бэ?” гэж Батзориг ахаас асуусан чинь “өө ойрхон газар” гэж хэлсэн. Тэрнээс үхэр, малны талаар юу хэлж яриагүй. Ингээд Батзориг ахад туслахаар болоод унаж явсан машин дээр нь морио ачаад явахаар болох үед “би буцаж ганцаараа ирж байхаар найз Сайнпүрэвийг авчихая” гэж Батзориг ахад хэлсэн. Батзориг ах бид “Хадан хошуу” нэртэй газраас миний морийг машиндаа ачиж хамтдаа сумын төв рүү орж Сайнпүрэвийн гэрийн гадаа очоод би Сайнпүрэвийг гэрээс нь дуудаж гараад “Батзориг ах “ойрхон юм ачаад өг гээд байна, чи надтай хамт яваад өгөөч” гэж хэлэхэд Сайнпүрэв зөвшөөрсөн. Би Сайнпүрэвийг “морио аваарай, эргэж ирэхдээ морьтой ирнэ” гэж хэлсэн. Ингээд Батзориг ах бид хоёр Сайнпүрэвийн цавьдар халзан зүсмийн эмээл хазаартай морийг машинд ачсан. Ингээд Батзориг, Сайнпүрэв бид 3, сумын төвөөс гарч ой модон дунд ирсэн. Ой модон дунд ирж морьдоо машинаас буулгаж Сайнпүрэв бид 2 морио унаад жалгатай модтой хэсэг рүү Батзориг ах түрүүлж явган яваад ардаас нь би морьтойгоо яваад, Сайнпүрэв морьтойгоо хамгийн сүүлд дагаж явсан. Дөнгөж жалга руу ороод ой руу орж байх үед ой дотроос чимээ гарсан. Тэгэхээр нь Батзориг ахаас “энэ юун чимээ вэ ахаа” гэж асуусан чинь ”Батзориг хэсэг чимээ чагнаж байгаад “юу ч дуугарахгүй байна шүү дээ” гэж хэлээд алхаж явтал ой дотроос гэрэл тусаад эрэгтэй хүн ”Зогс” гэж хэлээд буун дуу гарсан. Тэгэхээр нь айсандаа Сайнпүрэв бид хоёр морьтойгоо зуг таасан. Батзориг ах явган зугтаасан. Цааш ямар үйл явдал болсон талаар мэдэхгүй байна. Намайг адуундаа өвс идүүлж байсан газарт байхад Батзориг ах орой 22-23 цагийн хооронд л ирсэн байх гэж бодож байна. Цагийг баримжаагаар барагцаагаар хэлж байна. Хамгийн анх мэдүүлэг өгөхдөө сандраад, айсандаа худлаа үхэр байсан мэтээр мэдүүлэг өгсөн юм. Тэрнээс Батзориг ах “үхэр ачилцаад өгөөч” гэсэн зүйл хэлж яриагүй ээ, би л айж, сандраад буруу зүйл ярьчихсан юм аа. Миний очсон газарт үхэр байсан талаар мэдээгүй, би ямар ч ойлголт байхгүй. Батзориг ахыг дагаж явсан. Батзориг ах хэлэхдээ “ахдаа туслаад юм ачаад өг” гэж хэлэхээр нь туслахаар болсон юм. Батзоригоос юу ачих гэж байгаа талаар асуухад “юм ачна” гэж хэлээд тодорхой зүйл яриагүй. Би машинд ачих гэж байгаа зүйл нь Батзориг ах ганцаараа ачиж чадахааргүй юм байна даа гэж бодож явсан. Батзориг ах надтай өмнө нь хэд хэдэн удаа “Хадан хошуу” нэртэй энэ газарт тааралдаж уулзаж байсан. Би энүүгээр адуугаа манаж хонож байгаа талаар түүнд ярьж байсан болохоор шууд ирсэн байх гэж бодож байна. Би Батзоригийн утасны дугаарыг мэдэхгүй. Би Мобикомын 99596350 дугаартай утсыг 2014 оноос хойш ашиглаж байна. Батзориг гэх хүн худлаа яриад байна. Батзориг намайг өөрөө машинтайгаа ирж авч явсан. Батзориг ах яагаад худлаа яриад байгааг ойлгохгүй байна. Би 10 гаруй тооны адуутай надад хулгай хийх, тэр дундаа үхэр хулгайлах ямар ч хэрэгцээ шаардлага байхгүй. Би адуугаа маллаж, тэжээгээд уяаж, уралдаанд тэмцээнд оролцуулдаг. Би үхэр уясан гэх газрын ойр орчмоор явж байгаагүй, ойр орчим хэний үхэрнүүд бэлчдэг ямар айлууд байдаг талаар мэдэхгүй. Надад хулгай хийх ямар ч шалтгаан, шаардлага байхгүй. Батзориг гэх хүн бол малын ченж. Тэр хүнд мал хэрэгтэй, малын мах хэрэгтэй л болоод хулгай хийж байгаад баригдахаараа ямар ч хамааралгүй Сайнпүрэв бид 2-г хөлдөө чирж хамтран гэмт хэрэг үйлдсэн гээд гүтгээд байна. Батзориг ахтай 2018 оны 05 дугаар сарын 28,29-ний аль нэг өдөр Түшиг сумын төв дээр тааралдсан. Би хүүхдэд морь унуулах гээд хүнээс эмээл авах гээд явж байхад тааралдсан бөгөөд Батзориг ахаас би бензины мөнгө гэж 5,000 төгрөг авсан. Намайг Батзориг ах “хаашаа явах гэж байгаа юм бэ” гэж асуухаар нь “Ороох”, “Золуухан” нэртэй газар руу явах гэж байгаа талаар хэлсэн. Тэгсэн Батзориг ах “Ороох”, “Золуухан”-ны үхэрнүүд нь хаагуур бэлчдэгийг нь хараад ахдаа ирээд хэлээрэй” гэж надад хэлж байсан. Би энэ явдлаас хойш дахин Батзориг ахтай тааралдаж, уулзалдаагүй байж байгаад 2019 оны 05 дугаар сарын 31-ний орой над дээр ирсэн юм. Бид нар машины гэрлээ асаагаад явж байсан. Тэр үед машины гэрлийг хүн харахаар байсан. Сайнпүрэв, Батзориг бид 3-г ой мод руу юм ачихаар машинд морио ачаад явж байхыг өөр хүн мэдээгүй. Батзориг нь ирсэн газраа хэлээд машинаас 2 морио буулгаад Сайнпүрэв бид 2 морьтой, Батзориг модон доторх жалга руу явган орж явтал гэрэл асаж бууны дуу гарч бид нар зугатаасан. Бид нараас өөр машинтай хүн байгаагүй. Би Цэдэнбал гэгч хүнийг мэднэ. Энэ хүн нь “Гачуурт” ХХКомпаний малчнаар ажилладаг. Би энэ хүнийг буугаар буудсанг мэдээгүй. Гэрэл тусгаад буугаар буудах үед нь Сайнпүрэв бид 2 зугатаасан. Ой модонд уяатай байсан гэх үхрийг хараагүй. Ой модон дунд бид нараас өөр морьтой явган хүмүүс байгаагүй. Морьтой гэвэл Сайнпүрэв бид 2, явган гэвэл Батзориг ах явж байсан. Өөр хүмүүс явж байгаагүй. Би Мөнхөө гэгч “Гацуурт” компаний малчнаар өнгөрсөн оны 5-р сард ажиллаж байхад нь түүний хүү Хүслэн гэгч хүүхдээр хурдан морь унуулах зорилготой очиж уулзаж байсан. Мөнхөө гэгч “Золуухан” гэх газрын эхэнд өнгөрсөн оны зун зусаж байсан. Тэрнээс хойш би энэ хүнтэй уулзаагүй. Ой руу орох үед би мод хугарах чимээ сонссон. Би энэ чимээг Батзориг ахад хэлэх үед ”Энд юун чимээ байдаг юм зүгээр” гээд байсан. Сайнпүрэв мод хугарах чимээний талаар анзаарсан үгүйг мэдэхгүй байна. Ой руу орох үед буун дуун гарсан. Тэр үед айсандаа зугатаасан. Хэн гэдэг хүн хаанаас ямар буугаар буудсан талаар би огт мэдэхгүй. 2 удаа буун дуу гарсан. Тухайн үед буун дуун сонсоод айж балмагдаж, цочсондоо шууд л зугтаачихсан юм. Шөнө орой ойд буу дуугарах үед хэн ч айж цочирдож, аймаар санагдаж байсан. Батзориг гэх хүнийг сайн таньж мэдэхгүй, Түшиг сумын иргэн, малын ченж гэдгээр мэднэ. Батзориг ахтай мэндтэй л өнгөрдөг. Сайн ах дүү, дотно харилцаа холбоо байхгүй. Энэ хүнтэй ямар нэгэн хувийн өс хонзон, маргаан байхгүй. Батзориг ах “нөгөө юм аа машинд ачихаар та нар унаагүй болно, та нар гэр рүүгээ явахдаа морьтойгоо явна биз дээ” гэж хэлэхээр нь Сайнпүрэв бид хоёр морио ачсан юм. Бид нар сумын төвөөс гараад 10 гаруй км хиртэй газар явж очсон. ...гэх мэдүүлэг /хх-ийн 23-24-р ху/,
4.Шүүгдэгч С.Батзоригийн шүүх хуралдаанд өгсөн: ...2018 оны 05 дугаар сарын 31-нд Сэлэнгээс Түшиг сум руу явсан. Цэнд-Аюуш над руу ярьсан. “Арвайн нарс” гэх газар үхэр уяатай байна. Та орой манайд хүрээд ирээч” гэж хэлсэн. Тэгээд би Сэлэнгээс гарч Түшиг явсан. Очоод “үхэр чинь хаана байна” гэхэд “Арвайн нарсд байгаа” гэсэн. “Тийшээ машин явах уу?” гэж асуухад “явахгүй” гэхэд нь морь ачиж явсан. Цэнд-Аюуш бид хоёр үхэр авах гэж байгаагаа мэдэж байсан. Харин Сайнпүрэв үхрийн талаар юу ч мэдээгүй байсан. Хийсэн хэрэгтээ ихэд гэмшиж байна. ...гэх мэдүүлэг,
5.Шүүгдэгч О.Цэнд-Аюушийн шүүх хуралдаанд өгсөн: ...2018 оны 05 дугаар сарын 31-ний орой морио идүүлж байхад Батзориг ирж намайг авч явсан. Би “Арвайн нарс” гэх газар морио хайж яваад уяатай үхэр байхыг хараад С.Батзориг ах руу ярьсан. Тэр үхрийг хулгайлах санаа бодолтой яриагүй. Тийм үхэр байна гэж хэлсэн нь үнэн. Намайг морио идүүлээд байж байхад Батзориг ирээд “нөгөө үхэр чинь хаана байгаа юм бэ?” гээд дагуулаад явсан. Харин Сайнпүрэв үхрийн талаар юу ч мэдээгүй байсан. ...гэх мэдүүлэг,
6.Шүүгдэгч П.Сайнпүрэвийн шүүх хуралдаанд өгсөн: ...Би 2018 оны 05 дугаар сарын 31-ний орой өөрийн гэртээ Энхтөр, Одгэрэл гэх хүмүүсийн хамт байсан. 21-22 цагийн үед манай гэрийн гадаа машин ирээд зогссон. Намайг гарахад Цэнд-Аюуш, Батзориг ах 2 байсан. Мэнд ус мэдэлцээд юм ярьж байхад “ойрхон юманд яваад ирье гэсэн, би “морь мал харж байгаа маргааш наадамд явна завгүй байн”а гэхэд, Цэнд-Аюуш “ойрхон юм чинь хурдан яваад ирье. Ирээд морь малаа янзалчих” гэж хэлээд гуйгаад байсан. Тэгэхээр нь би гэрт орж Энхтөр ахаас асуугаад явсан. “Арван нарс” гэх газар очоод мод руу орох гэж байхад урдаас буун дуу гарч 2 удаа буудсан. Би зугтаад гэртээ ирсэн. Анх Батзориг ах “ойрхон яваад ирье ахын дүү” гэж хэлсэн гэсэн. Тэгэхээр нь мод түлээнд явах гэж байна гэж бодсон. Батзориг, Цэнд-Аюуш хоёр 21-22 цагийн үед ирсэн. Энэ хоёр надад үхрийн талаар хэлээгүй. Энэ талаар би юу ч мэдэхгүй. Хүн намайг “цуг юманд яваад өгөөч” гэхэд би дагаад явдаг. ...гэх мэдүүлэг,
7.Хохирогч Д.Энхтулгын 2018 оны 06 дугаар сарын 25-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ...Миний бие “Гацуурт” ХХК-д 2006 оноос хойд салбар хариуцсан даргаар ажиллаж байгаа юм. Би одоогоор Түшиг сумын “Зээрэн” бригад дээр салбар хариуцан ажиллаж байна. Манай “Гацуурт” ХХК-ны салбар “Баяндулаан-уул” ХХК-ны малчин Х.Дашцэрэнгийн үхэрнээс ягаан халзан үнээ хулгайд алдагдсан талаар мэдэж байна. Х.Дашцэрэн нь 2018 оны 05 дугаар сарьн 31-ний өдөр Түшиг сумын 1 дүгээр багийн нутагт орших “Арвайн нарс” гэх газарт ууланд ягаан халзан үнээ уясан байсныг олсон гэсэн ба тухайн өдрөө зэргэлдээх малчин Х.Цэдэнбалд хэлж уяатай үхрийн ойр орчинд нуугдан манаж байхад 1 явган, 2 морьтой хүн үхэр уясан газарт ирэхэд “зогс” гэсэн дохио өгч 2 удаа агаарт хий буудаж, явган явсан хүнийг нь барихад Түшиг сумын харъяат Батзориг гэж хүн байсан талаар дуулсан. 5 үхэр алдсан талаар би сайн мэдэхгүй байна. Эхнээсээ үхрүүд нь олдож байгаа гэж дуулсан. Яг хэдэн үхэр олдсон талаар мэдэхгүй байна. Манай компаний зүгээс миний бие эрүүгийн болон иргэний хэрэгт хохирогчоор оролцох итгэмжлэл хийж өгсөн. Бусдын малыг хулгайлсан этгээдүүдэд гомдолтой байна. Эдгээр нөхдүүдэд хуулийн дагуу арга хэмжээ авч өгнө үү. ... гэх мэдүүлэг, /хх-ийн 30-31-р ху/
8.Гэрч Х.Дашцэрэнгийн 2018 оны 06 дугаар сарын 08-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ...Миний бие” Гацуурт” ХХК-д 2017 оны 05 дугаар сараас хойш малчнаар" ажиллаж байгаа юм. Сэлэнгэ аймгийн Түшиг сумын “Жаргалант” гэх газарт монгол үхэр маллаж байгаад 5 дугаар сарын 23-нд санаж байна, “Жаргалант”-аас Түшиг сумын гахайн байр гэх газарт нүүж ирсэн юм. Миний бие нийт 254 үнээ, 1 эр үхэр, 148 тугал хариуцаж малладаг юм. Манайх “Жаргалант”аас гахайн байрлуу нүүж ирээд үхрээ тоолоход бүрэн байсан юм. Тэгээд 2018 оны 05 дугаар сарын 27-ны өдөр тоолоход 5 тооны үхэр 1 тооны охин шар тугал дутсан юм. Бусад 4 үхрийн зүсийг нь сайн мэдэхгүй байна, энэ үхрүүдийг аваад удаагүй байгаа юм. Урьд нь Гансүх гээд малчин маллаж байсан юм. Тэр хүн энэ үхрүүдийн зүсийг сайн мэдэх хүн юм. Миний мэдэх нуруу сэрвээ дээгүүр цагаантай, Г158 гэсэн бирктэй шар тарлан үхэр, тугалтайгаа цуг байхгүй байгаа. Би энэ үхрийг яагаад сайн мэдэж байна гэхээр өглөө болгон сааж, сүү авдаг байсан юм. Гахайн байранд ирээд “Баруун Тарвагатай” руу нүүх байсан тул нүүхийн хооронд гэж бодоод тугал малаа хашаагүй юм. Тэгээд үхэрнүүдээ хайгаад олохгүй байгаа юм. Тэгээд 2018 оны 05 дугаар сарын 31-ний өдөр 15 цагийн үед уналганы 2 морио уулаар алдсан байсан юм. Тэгээд 2 морио хайгаад модон дунд самнаад явж байхад нэг үхэр модон дунд хэвтэж байсан юм. Тэгэхээр нь дөхөөд очиход миний маллаж байсан ягаан халзан үнээг модноос 2 эвэрнээс нь бөхлөөд уясан байдалтай, чихний 9 гэсэн бичигтэй бирктэй байсан, биркийг нь аваад хаясан байсан юм. Тэгээд энэ талаар хажуу саахалт айлын Цэдэнбал гэх хүнд хэлж, цагдаа руу утсаар мэдэгдсэн юм. Тэгээд тухайн өдрөө бид 2 ууланд уясан 1 тооны ягаан халзан үхрийг хүн ирж авч магадгүй гэдэг үүднээс 40-50м зайтай ажигласан ба 2018 оны 06 дугаар сарын 01-ний 02 цагийн үед явган үл таних нэг хүн үхэр уясан газарт 2 морьтой хүнтэй цуг ирж харагдсан. Тухайн явган хүн нь үхэр уясан газрын цаахан явж, суугаад байсан. Тэгэхэд нь нөгөө морьтой 2 хүн нь ойр хавьд нь хүн байна уу үгүй юу гээд чимээ чагнаад яваад байх шиг байсан. Тухайн ирсэн хүмүүс нь үхэрний ойр хавиар хүн байна уу үгүй юуг шалгаж ажиглаад 20-оод минут болсон юм. Тэгээд бид 2-н сууж байсан газарт 2 морьтой хүн зэрэгцээд хүрээд ирсэн. Тэгэхээр нь бид 2 “зогс” гэтэл нөгөө 2 морьтой хүн зугтаад өгсөн. Тухайн үед Цэдэнбал ах тухайн хүмүүсээс өөрсдийгөө хамгаалах зорилгоор Дорвинк буугаар 2 удаа дээшээ буудсан. Тэгтэл доор үхэрний ойролцоо байсан явган хүнийг нь араас хөөж очоод барьж авахад үл таних махлаг бор царайтай хүн байсан юм. Тэр хүнийг Цэдэнбал ах “танина” гэж байсан юм. Тэгээд Цэдэнбал малчин “энд юу хийж явна’ гэж асуухад “дүү нь гэрэлтүүлэг хийж явна” гэж байсан юм. Тэгэхээр нь Цэдэнбал ах “буу ч байхгүй, доогуураа сандалтай, богино өмдтэй ан хийж явна гэж юу байдаг юм хүний мал хулгайлах гэж байгаа юмуу?” гэж асуусан юм. Тэгэхэд нөгөө үл таних хүн нь “би тэгэж явах хүн биш ээ” гээд байсан. Тэгэхээр нь би “цагдаад энэ талаар тэмдэглүүлсэн байгаа. Хамт явсан 2 хүнээ хэн байсан талаар хэл” гэхэд “тэр 2 морьтой хүнийг мэдэхгүй” гэж хэлж байсан. Тэгэхээр нь бид 2 “маргааш цагдаагийн газарт уулзана” гэж хэлээд бид 2 явах гэтэл араас үл таних хүн “гурвуулаа ярилцъя, учраа ололцъё” гэж хэлсэн юм. Тэгэхээр нь би “маргааш очдог газраа очиж хэлэх юмаа хэлээрэй” гэж хэлээд бид 2 явган яваад өгсөн юм. Миний анзаарснаас нэг нь хүрэн, нэг нь хээр морь шиг ажиглагдсан. Тухайн үед харанхуй үзэгдэх орчин муу байсан юм. Тэгээд яг бид 2-луу морьтой 2 хүн дөхөөд ирэхэд нь өөдөөс нь гар чийдэн тусгахад хүрэн, хээр морьтой 2 хүн явна гэж харсан. Нэг нь юүдэнтэй улаан хүрэн цамцтай хүн харагдсан, нөгөө хүнийг нь сайн анзаараагүй зугтаад өгсөн юм. Бид 2-н ойр хавьд машин анзаарагдаагүй. Батзориг нь явган 2 морьтой хүнтэй л ирсэн. Одоогийн байдлаар 2018 оны 05 дугаар сарын 27-нд тоолсноор 1 тугал 5 үхэр дутсан, 2018 оны 05 дугаар сарын 31-ны өдөр манай “Гацуурт” ХХК-ний мал зүйч Золбаяртай цуг тоолоход 27-нд тоолсон үхэрнээс гадна 4 тооны үхэр дутсан юм. Эдгээр дутсан гэх малын зүсийг нь сайн мэдэхгүй байна. Миний мэдэж байгаа нь 27-нд тоолоход сэрвээ цагаан шар тарлан үхэр, охин шар тугалтайгаа байхгүй болсон байсан. Тэгээд 2018 оны 05 дугаар сарын 31-ний өдөр ууланд морио хайж яваад 1 тооны ягаан алаг үнээг ууланд уясан байдалтай байхыг нь олсон юм. Одоогоор уулнаас олдсон 1 үнээг хасвал 1 тугал, 8 үхэр дутаж байна. Манай үхэрнүүд гахайн байр орчмоор л бэлчдэг байсан юм. Манайх үхэр тугалаа хашдаггүй байсан юм. ...гэх мэдүүлэг /хх-ийн 33-33-р ху/,
9.Гэрч А.Алтанхуягийн 2018 оны 06 дугаар сарын 03-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ...Би Батзориг гэх хүнийг танина. С.Батзориг бид хоёр нь арван жилдээ нэг ангид хамт сурч байсан. Манай сумын иргэн гэдгээр нь мэднэ. Батзориг нь надтай хамгийн сүүлд 2019 оны 05 дугаар сарын 31-ний өдөр 15 цагийн орчимд намайг гэртээ байхад өөрийн эзэмшлийн “Бонго-3” маркийн тээврийн хэрэгсэлтэй манай хашаанд орж ирсэн ба С.Батзориг нь “миний машины дохио нь хагарсан” гээд надаар машинаа янзлуулсан. Тэгээд орой 19 цаг өнгөрч байхад С.Батзориг нь машинаа янзлаад манайхаас явсан. Хаашаа явах гэж байгаагаа хэлээгүй, “аймаг ороход зүгээр үү” гэж асууж байсан. С.Батзориг манайд машинаа янзалж байхад манай сумын Цэндээ, морь хочтой Сайнпүрэв нар нь мотоциколтой ирээд С.Батзоригоос “бензиний мөнгө өгчих” гэж ярьж байсан өөр юу ярьсныг анзаараагүй. ...гэх мэдүүлэг, /хх-ийн 35-36-р ху/,
10.Гэрч Н.Цэдэнбалын 2018 оны 06 дугаар сарын 03-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ... Би Х.Дашцэрэн гэх малчинтай 2018 оны 05 дугаар сарын 23-нд манайх Түшиг” сумын “Гахайн байр” гэх газарт зусч байхад Дашцэрэн гээд малчин нь манай ойролцоо нүүж ирсэн юм. Тэгээд уг малчин залуутай танилцсан юм. 2018 оны 05 дугаар сарын 31-нд намайг гэртээ байж байхад Дашцэрэн нь ирээд “миний маллаж байсан ягаан халзан үхрийг арвайн нарсанд урд модонд уясан байна, би 2 морио хайж байгаад ууланд уясан байхыг нь харлаа” гэж байсан юм. Тэгээд энэ талаар би Дашцэрэн малчны хамт цагдаад утсаар тэмдэглүүлж, тухайн өдрөө Дашцэрэн малчинтай тухайн ууланд уясан үхрийг хүн ирж авах нуу үгүй юу гэж 23 цагаас хойш харж суусан юм. Тэгээд байж байхад 2018 оны 06 дугаар сарын 01-ний шөнийн 02 цагийн үед явган үл таних нэг хүн үхэр уясан газарт 2 морьтой хүнтэй цуг ирж харагдсан. Тухайн явган хүн нь үхэр уясан газрын цаахан явж, суугаад байсан. Тэгэхэд нь нөгөө морьтой 2 хүн нь ойр хавьд нь хүн байна уу үгүй юу гээд чимээ чагнаад яваад байх шиг байсан. Бид 2 үхэр уясан газраас 40-50 метр зайтай сууж байсан юм. Тухайн хүмүүс нь үхэрний ойр хавиар хүн байна уу үгүй юуг шалгаад ажиглаад 20-оод минут болсон юм. Тэгээд бид 2-н сууж байсан газарт 2 морьтой хүн зэрэгцээд хүрээд ирсэн. Тэгэхээр нь бид 2 “зогс” гэтэл нөгөө 2 морьтой хүн зугтаад өгсөн. Тэгэхээр нь нөгөө хүмүүсээс өөрсдийгөө хамгаалах зорилгоор миний бие агаарт хий 2 удаа Дорвинк буугаар хий буудсан юм. Тэгтэл доор үхэрний ойролцоо байсан явган хүнийг нь араас нь хөөж очоод барьж авахад ченж Батзориг гээд залуу байсан юм. Тэгээд энд юу хийж явна гэж асуухад “дүү нь гэрэлтүүлэг хийж явна” гэж байсан юм. Тэгэхээр нь би “чи буу ч байхгүй, доогуураа сандалтай, богино өмдтэй ан хийж явна гэж юу байдаг юм, хүний мал хулгайлах гэж байгаа юмуу?” гэж асуусан юм. Тэгэхэд Батзориг нь “би ингэж явах хүн биш ээ” гээд байсан. Тэгэхээр нь би “цагдаад энэ талаар тэмдэглүүлсэн байгаа хамт явсан 2 хүнээ хэл” гэхэд “тэр 2 морьтой хүнийг мэдэхгүй” гэж хэлж байсан. Тэгэхээр нь “маргааш цагдаагийн газарт уулзана” гэж хэлээд бид 2 явах гэтэл Батзориг ченж “3-уулаа ярилцъя, учраа ололцъё” гэж хэлсэн юм. Тэгэхээр нь “маргааш очдог газраа очиж хэлэх юмаа хэлээрэй” гэж хэлээд бид 2 явган яваад өгсөн юм. Миний анзаарснаас нэг нь хүрэн, нэг нь хээр морь шиг ажиглагдсан Тухайн үед харанхуй үзэгдэх орчин муу байсан юм. Тэгээд яг бид 2-луу морьтой 2 хүн дөхөөд ирэхэд нь өөдөөс нь гар чийдэн тусгахад хүрэн, хээр морьтой 2 хүн явна гэж харсан. Ямар хувцастай яваа талаар нь анзаараагүй. Үхрээ алдсан талаар 05 дугаар сарын 27-28-ны үеэр надаас асууж байсан юм. Бид 2 айл саахалт болохоор нэг нэгнээсээ алдсан малынхаа талаар ярилцаж, мэдэлцдэг юм. Бид 2-н ойр хавьд машин анзаарагдаагүй. Батзориг нь явган 2 морьтой хүнтэй л ирсэн. Би Батзоригийг суманд мал мах авдаг ченж гэдгээр нь танина. Дашцэрэн бид 2 ууланд очиж харахад модонд уясан байсан юм. Орой болсон болохоор сайн анзаараагүй. Бид 2 хүн ирж авч магадгүй гэдэг үүднээс үхэрлүүгээ ойртоогүй, холоос ажиглаж хоносон юм. Тухайн галт зэвсгийг тухайн хүмүүсээс өөрсдийгөө хамгаалах гэж ашигласан ба тухайн хүмүүсрүү буудаагүй, агаарт хий 2 удаа буудсан юм. Уг галт зэвсгийн гэрчилгээ бичиг баримт нь манай “Гацуурт” ХХК-д байдаг юм. ...гэх мэдүүлэг, /хх-ийн 37-38-р ху/,
11.Гэрч Э.Солонгын 2019 оны 05 дугаар сарын 14-ний өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ...Би нөхөр С.Батзориг, 5 хүүхдүүдийн хамтаар Сүхбаатар суманд амьдардаг. Миний хувьд эрхэлсэн тодорхой ажилгүй. С.Батзориг нь хувиараа хөдөлмөр эрхэлдэг бөгөөд махны ченж хийдэг. Малчдаас мал худалдан аваад бойнд оруулаад махыг нь хүнсний зах дээр зардаг юм. Батзоригийг 2018 оны 05 дугаар сарын 29-ний өдөр хаагуур хэнтэй юу хийж явсан талаар нь мэдэхгүй, харин 2018 оны 05 дугаар сарын 30-ны өдөр гэртээ ирсэн. Тухайн үед гэрт манай хүүхдүүд байсан. 2018 оны 05 дугаар сарын 29-ны өдрөөс өмнө С.Батзориг бид 2 гэр бүлийн маргаантай байсан болохоор нэг нэгнийгээ хаагуур хэнтэй юу хийж явсан талаар нь мэдэхгүй байгаа. Би энэ гэр бүлийн дотоод асуудлыг нууцлах хүсэлтэй байна. С.Батзоригтой ямар ч байсан маргалдаж, муудалцсан. 2018 оны 05 дугаар сарын 29-ны өдөр С.Батзориг ямар ч байсан гэрээсээ гарч явсан. Ингээд 2018 оны 05 дугаар сарын 30-ны өдөр намайг гэрт байхгүй үед өдөр ирсэн гэж манай хүүхдүүд хэлсэн. 2018 оны 05 дугаар сарын 29-ний өдрөөс 30-нд шилжих шөнө С.Батзориг нь хэнтэй хаана байсан талаар нь мэдэхгүй. 2018 оны 05 дугаар сарын 29-ны өдөр С.Батзориг гэрээсээ хэдэн цагт гарч явсан талаар мэдэхгүй, тухайн үед хэн хэндээ ууртай байсан болохоор нэг их нэгнийгээ ажиглаагүй. 2018 оны 05 дугаар сарын 29-ны өдөр С.Батзориг явган гарч явсан. Тухайн үед манай машин хаана байсан талаар ёстой анзаарч хараагүй юм байна. Би энэ талаар ажиглаж хараагүй. 2018 оны 05 дугаар сарын 31-ний өдөр би ажилтай байсан. Хүүхэдтэйгээ ярихад С.Батзориг нь 16 цаг хүртэл гэртээ байсан гэсэн. Харин дахин би хүүхэдтэйгээ ярихад С.Батзориг нь 16 цаг хүртэл гэртээ байсан гэсэн. Харин би дахин хүүхдүүдтэйгээ яриагүй болохоор С.Батзоригийг тухайн үед гэртээ хоносон үгүйг мэдэхгүй байна. Би хүүхдүүдээсээ хүртэл С.Батзоригийг гэртээ хоносон талаар асуугаагүй. Тухайн үед миний уур гараагүй. С.Батзоригийг гэртээ хоносон үгүйг асуугаагүй. С.Батзоригийг бараг тоогоогүй, хаана юу хийх нь надад хамаагүй гэсэн бодолтой байсан. Би хэргийн талаар мэдэхгүй. С.Батзориг бид хоёр 5 хүүхэдтэй болохоор амьдралын төлөө тэмцэж, өөрсдийн чадах чинээгээрээ л ажиллаж байна. Балжиннямын тээврийн хэрэгслийг авсан талаар мэдэхгүй. Түшиг сум руу явсан талаар нь мэдээгүй. Энэ асуудлыг цагдаагийн газар Батзориг шалгагдах үед л сонсож мэдсэн. Хүний тээврийн хэрэгсэл авч унаад Түшиг сум руу явсан талаар мэдэхгүй. Би энэ хэргийн талаар сайн мэдэх зүйл байхгүй болохоор өдий хугацаа хүртэл мэдүүлэг өгөөгүй юм. Цааш надаас асуусан асуултанд тодорхой хариулт өгч чадахгүй, яагаад гэхээр би энэ талаар мэдэхгүй болохоор мэдэхгүй л гэдэг хариулт өгөх байх. Батзоригтой 10 жилийн нэг ангийн хүүхдүүд багаас нь мэддэг. Зан аашийн хувьд даруу төлөв зантай, үг дуу цөөнтэй. Ажилсаг хөдөлмөрч зан чанартай. С.Батзоригтой анх 2001 онд нэг гэр бүл болж өдий хугацаанд 5 хүүхэдтэй хамт амьдарч байна. ...гэх мэдүүлэг, /хх-ийн 45-46-р ху/,
12.Гэрч О.Энхтөрийн 2018 оны 06 дугаар сарын 05-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ...Миний бие 2018 оны 05 дугаар сарын 31-ний өдөр 21 цагийн үед Түшиг сумын Ар нуга 2 дугаар багт гэртээ байж байгаад эсрэг гудамжинд амьдардаг Сайнпүрэв гээд залуугийн гэрлүү ороход Бамбуук гээд манай сумын залуу, Сайнпүрэв сууж байсан юм. Тэгээд Сайнпүрэвд өөрийнхөө хэдэн адууг хараад “цуг ханьдаа хоноод өгөөч” гэж ярилцаж байсан юм. Тэгээд байж байтал Сайнпүрэвийн гадна машин ирж зогсох шиг болсон. Тэгээд Сайнпүрэв гэрээсээ гараад явсан. Тэгээд Сайнпүрэв гэртээ буцаж орж ирээд “Батзориг ах байна” гэж хэлж байсан, өөр юу ярьсныг анзаараагүй, би тухайн үед Бамбуук гэх залуутай морь мал яриад сууж байсан. Тэгээд Сайнпүрэв гэрээсээ гарахад нь Бамбуук бид 2 хамт гэрээс нь гарсан. Сайнпүрэв хашааны гадна цагаан өнгийн өндөрлөгөөтэй “Портер” машин байсан. Тэгээд жолоочтой нь уулзахад Сэлэнгэ аймагт байдаг махны ченж гэх Батзориг нь нэг хүн байсан. Тэгээд Батзоригтой уулзаж “миний морь идүүлэх гэж байсан хүүхэд хаашаа явах гэж байна” гэж асуухад “маргааш аваад явчихгүй юу” гэж хэлсэн. Ингээд Сайнпүрэв нь Батзоригийн “Портер”т суугаад яваад өгсөн. Батзоригийн машин дээр мал ачсан байсан талаар бол анзаараагүй. Миний мэдэж байгаагаар намайг байхад Сайнпүрэвийн гадна манай сумын харъяат гэх одоо Сэлэнгэ аймагт махны ченж хийдэг Батзориг гэх залуу нь цагаан өнгийн “Портер” машинтай ирээд Сайнпүрэвийг аваад явахыг би харсан. ...гэх мэдүүлэг /хх-ийн 48-р ху/
13.Гэрч Б.Чинбатын 2018 оны 06 дугаар сарын 05-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ...Би Батсзориг гэх хүнийг танина. Миний ээжийн төрсөн дүү юм. Би Сайнпүрэв гэх хүнийг танина. Түшиг сумын иргэн гэдгээр нь мэднэ. 2018 оны 06 дугаар сарын 04-ний өдөр 21 цагаас 22 цагийн хооронд намайг Түшиг сумын төвд намайг тоглоомын талбайд тоглож байхад миний 99598159 дугаар руу С.Батзориг ах 96288884 дугаарын утсаар залгаж “хаана явна Зоригоо ах нь байна. Чи ахыгаа морь хочтой Сайнпүрэвтэй утсаар яриулаад өгөөч гэж хэлсэн. Тэгэхээр нь би “Сайнпүрэв ахынд очоод тань руу дохьё” гэж хэлээд сумын төвд Сайнпүрэв ахынд очиж С.Батзориг ахын залгасан 96288884 дугаар руу дохиж Сайнпүрэв ахыг гэрээс нь орж дуудаж “Батзориг ах таньтай яръя гэнээ” гэж хэлээд Сайнпүрэв ахад өөрийн утсыг өгч яриулсан. Тэгээд Сайнпүрэв ах 6-7 минут орчим хоорондоо утсаар яриад байсан. Батзориг ах Сайнпүрэв ахтай утсаар юу гэж ярьсан талаар сонсоогүй. Тэгээд Сайнпүрэв ахаас утсаа аваад явсан. ...гэх мэдүүлэг, /хх-ийн 448-49-р ху/,
14.Гэрч Ж.Оюунгэрэлийн 2018 оны 06 дугаар сарын 07-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ...С.Батзориг гэдэг хүнийг танина. Манай нутгийн хүүхэд гэдгээр нь танина. Миний бие Түшиг сумын “Өргөн намаг” гэх газарт өөрийн хоёр хүүгийн хамт мал маллаж амьдардаг юм. С.Батзориг нь хүүхдийн баярын өмнөхөн 2-3 хоногийн өмнө шиг санагдаж байна, манайд өөрийн “Бонго-3” машинтай ирээд манай хүү О.Цэнд-Аюуштай наадамт морь мал уяад завгүй байсан хүүхэд дээр ирээд Цэнд-Аюушийг дуудаад машин дотор нь уулзаад байсан юм. С.Батзориг нь өөрийн “Бонго-3” машинтай морь хочтой Сайнпүрэвтэй ирээд миний хүү Цэнд-Аюуштай 2-3 хоног манайхаар эргэлдээд байсан юм. Миний хүү Цэнд-Аюуш нь С.Батзориг ирээд явсан өдөр Шарка гэх залуутай цуг морио манахаар явсан. Би Батзориг гэх хүнийг ямар учраас миний хүүтэй уулзаад яваад байсныг мэдэхгүй байна. ...гэх мэдүүлэг, /хх-ийн 50-51-р ху/,
15.Гэрч Ц.Нанжидмаагийн 2018 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ...Миний бие Сайнпүрэв гэх залууг танихгүй. Харин Цэнд-Аюуш нь манай сумын Оюунгэрэл гэдэг хүний хүүхэд гэдгээр нь зүс танина. Хамаатан садан ах дүүгийн холбоо байхгүй. 2018 оны 05 дугаар сарын 31-ний өдөр манайх Түшиг сумын 1 дүгээр баг “Гахайн байр” гэх газарт зусч байхад О.Цэнд-Аюуш нь үл таних нэг залуутай цуг мотоциколтой манайд ирсэн юм. Тэгээд манайхаас гараад “Ороох” гэх газар руу явж харагдсан. Мотоциколь дээрээ олс ачсан талаар би анзаараагүй. ...гэх мэдүүлэг, /хх-ийн 83-р ху/,
16.Гэрч Б.Баньдхүүгийн мөрдөн байцаалтын шатанд 2018 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ...О.Цэнд-Аюушийг танина. Нэг нутгийн хүүхдүүд. 2018 оны 05 дугаар сарын сүүлээр би морь уях гээд Түшиг сумын “өргөн намагт” зусаж байсан О.Цэнд-Аюушийнд очсон. Тэднийд ойролцоогоор 4-өөс 5 хоног морь уяаж байсан. Би морь уяаж байхдаа Цэнд-Аюушийн хамт 1 өдөр “Хадан хошуу” руу явж морьдоо идүүлсэн. Тэгэхэд Зоригоо ах бид хоёр дээр ирээгүй. Тэр орой бид хоёр хоёулаа хээр хоносон. Өөр ямар нэгэн хүн ирээгүй. Морьдоо өглөө үүрээр 4-өөс 5 цагийн үед барьж уясан. Тэгээд 05 цагийн орчим буцаад “Өргөн намаг” руу Цэнд-Аюушийн гэр рүү явсан. Тэр өдөр Зоригоо ах ирээгүй морьдоо дахиж “хадан” хошууруу явуулж идээшлүүлээгүй. Гэрийн орчим намагт идүүлсэн. Надыг байхад С.Батзориг өдрөөр 1 удаа ирсэн. Тэр үед Цэнд-Аюушийн ээж дүү нар байсан. О.Цэнд-Аюуш надад Батзориг “үхэр мал үзээд ир” гэж ярьж хэлсэн зүйл мэдэгдээгүй. Нэг удаа Батзориг ирсэн, тэгээд яваад өгсөн, тэгэхэд Цэнд-аюуштай уулзсан байх. ...гэх мэдүүлэг, /хх-ийн 101-р ху/,
17.Гэрч С.Эрдэнэцэцэгийн мөрдөн байцаалтын шатанд 2018 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ... Би одоо Түшиг суманд 2 дугаар багийн Засаг даргын ажлыг сүүлийн жил хийж байна. Би 2-р багийн иргэн О.Цэнд-аюушийг танина. Манай багийн малчин “Бооц” гэдэг газар ээж Оюунгэрэл, дүү Сун нарын хамт мал маллаж амьдардаг. О.Цэнд-Аюуш нь гэрээгээр болон хувиараа бусдын малыг малладаггүй. Өөрийнхөө хэдэн малыг маллаж байдаг ямар нэгэн компани болон хувь хүнтэй гэрээгээр малыг нь малладаг зүйл байхгүй. Харин уржнан буюу 2016 онд айлуудын хуц ухна нэг жил малласан энэ нь малжих хөдөлгөөн гэсэн үг. Хавар хуц, ухна өгч маллуулаад намар буцааж авахдаа нэг, нэг төл өгч авдаг энэ жил тийм ажил хийгдээгүй. О.Цэнд-Аюуш айлуудын адуу мал харж уядаг байхгүй. О.Цэнд-Аюуш 12 тооны адуугаа өөр дээрээ тоолуулсан. Дүү Сундуй дээр нь хонь, үхэр зэрэг нь тоолуулсан. Ухаан санаа хэвийн. Цэргийн алба хаасан. Ямар нэгэн сэтгэцийн талаар юм мэдэхгүй эрүүл саруул ухаантай хүн гэж боддог
18.Гэрч О.Уранчимэгийн мөрдөн байцаалтын шатанд 2018 оны 12 дугаар сарын 17-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ...Би О.Цэнд-Аюушийг танина. Би төрсөн эгч нь. О.Цэнд-аюуш нь Сэлэнгэ аймгийн Түшиг суманд хувийн мал малладаг. Нэлээд хэдэн жилийн өмнө “Гацуурт” ХХК-ний салбар очиж байхад мал маллаж байсан. Түшиг суманд ээж Оюунгэрэл дүү Цэнд-Аюуш, дүү Сундуй нар нь нэг дор амьдардаг. Малыг дүү Сундуй Цэнд-аюуш нар дээр тоолдог манай дүү нар үхэр 40 орчим хонь ямаа 300 орчим, хэдэн адуу байдаг. Манай дүү иргэдтэй гэрээ хийж хөлс тохирч хувь хүний мал малладаггүй. Энэ зун иргэдийн хуц ухна хавар, авч байсан. ...гэх мэдүүлэг, /хх-ийн 103-104-р ху/,
19.Гэрч Ц.Баттулгаас мөрдөн байцаалтын шатанд 2019 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ...Би С.Батзориг, П.Сайнпүрэв, О.Цэнд-Аюуш нарыг нутгийн улсууд учир танина. Батзориг Сэлэнгэ аймгийн Түшиг сумын 2-р багт харьяалалтай байдаг. Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын 3-р дугаар багт амьдарч мал, махны ченж хийж явдаг. Голдуу мал махаа манай сумын иргэдээс авдаг. 19 нас хүртлээ Түшиг суманд байсан. С.Батзориг нь хувьдаа адуу 21, үхэр хонь 59, ямаа 84 зэрэг нийт 191 толгой малтай мал нь Түшиг сумын Улаалзганд гэх газар Б.Гийдамба гэх хүнээр маллуулж байгаа. Түшиг суманд Батзоригийн хувийн байшин гэх юм байхгүй. Эхнэр Солонго нь мөн манай сумын хүн. С.Батзориг одоогоор 70-68 СЭА улсын дугаартай бонго машинтай байгаа. С.Батзориг малчны зээл авч байдаг өөр юманд хамрагдаагүй. С.Батзориг зан байдлын хувьд дажгүй хүн гэж боддог нэлээд дуугайдуу талдаа хүн урьд өмнө залиллаж хулгай зэлгий хийлээ гэж дуулддаггүй байсан харин өнгөрсөн жил “Гацуурт” ХХК-ний мал хулгайлах гэж байгаад баригдан шалгагдаж байна гэж дуулсан. ...гэх дүгнэлт, /хх-ийн 126-р ху/,
20.Гэрч Н.Од-Эрдэнийн мөрдөн байцаалтын шатанд 2019 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ...Би С.Батзориг, П.Сайнпүрэв, О.Цэнд-Аюуш нартай төрөл садангийн холбоо сүлбээ байхгүй нэг нутгийн улсууд. Тэр өдөр яг хэдний өдрийг одоо санахгүй байна, ямарч байсан О.Энхтөр ах бид хоёр замд таараад орой 22-23 цагийн орчим байх явж байгаа морь хочтой П.Сайнпүрэвийнд орсон. Гэрт нь Сайнпүрэв ганцаараа байсан. Тэгээд юм яриад байж байтал Сайнпүрэвийн утас дугараад “одоо гарлаа” гээд гарахад нь “хэн юм” гэж асуухад “Батзориг ах байна” гээд гараад явсан. Энхээ ах бид хоёр гэрт нь үлдсэн Сайнпүрэв удалгүй буцаад орж ирсэн. Тэгээд “Батзориг ах бид хоёр юманд явахаар боллоо” гэсэн. Тэгээд Энхээ ах бид хоёр гэрээс цуг гарсан. Тэгтэл гадаа нь нэг ачааны машин байсан ба дотор нь Батзориг ах байсан. Өөр ямар хүн байсныг мэдээгүй. Би Батзориг ахтай юм яриагүй. Энхээ ахыг Батзориг ах “сайнуу Энхээ ах” гэж байсан. Би юм яриагүй. Тэгээд Сайнпүрэв машинд нь суусан. Тэгээд хойшоо хөдлөөд явсан машины ачаан өндөрлөгөөтэй ба өнгийн би сайн мэдэхгүй байна. Тэгээд Энхээ ах мотоциколтой явсан би морьтой гэрлүүгээ явсан. Тэгэхэд хашаанд нь морь нь байсан үгүйг би мэдэхгүй Сайнпүрэвийг цавьдар халзан морьтойг мэднэ. Сайнпүрэв морь унаж яваагүй машинд сууж явсан. Цэнд-Аюуш болон өөр хүмүүс С.Батзоригтой хамт байсныг мэдэхгүй, сайн хараагүй. С.Батзориг жолоочийн эсрэг талд суучихсан байсан машин дотор өөр хүн харагдаагүй. Маргааш нөгөөдөр нь Сайнпүрэв үхэр уясан энэ талаар ярьсан эсэхийг би сайн санахгүй байна. С.БатзоригиЙн унаж ирсэн машин яг ямар өнгийн машин байсныг сайн анзаараагүй. Цэнд-аюуш нь Сайнпүрэвийн цавьдар халзан морь унасан эсэхийг би мэдэхгүй Цэнд-Аюуш харагдаагүй тэр орой харанхуй байсан. Хашаанд нь морь болон хүн байгаа эсэхийг би мэдээгүй. ...гэх мэдүүлэг, /хх-ийн 143-144-р ху/,
21.Гэрч Б.Хүрэлбаатарын 2019 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ...Би С.Батзоригийг нутгийн хүн учир танина. Батзоригийн унаж хэрэглэж байгаа 70-68 СЭҮ улсын дугаартай Бонго-3 маркийн машин бол миний эзэмшлийн машин би энэ машиныг Сэлэнгэ аймгийн төвөөс Батаагийн Адъяа гэдэг хүнээс 2016 онд худалдаж авсан. Тээврийн хэрэгслийн гэрчилгээнд өөрийнхөө нэр дээр шилжүүлэг хийсэн ингээд эзэмшиж байгаа. 2018 оны 01 сарын 20 орчим мал, махны ченж хийдэг С.Батзоригт 6 сая төгрөгөнд бодож зарсан. 3 сая төгрөгөнд нь бодож мал авсан. Ингэхдээ 3 унагатай гүү нэг морь авсан. Одоо үлдэгдэл 3 сая төгрөгний авцаатай байгаа. Мөнгөө одоо хүртэл өгөөгүй “энэ хавраас өгнө” гэж байгаа. Би мөнгөө бүрэн төлсөн тохиолдолд шилжүүлэг хийнэ гээд тээврийн хэрэгслийг шилжүүлээгүй байгаа. С.Батзориг уг 70-68 СЭҮ улсын дугаартай Бонго-3 маркийн машиныг 2018 оноос авч унаж ашиглаж байгаа. Ямар нэг маргааны зүйл байхгүй. Энэ хавар малаасаа төл авчихаад үлдэгдэл төлбөрөө дуусгана гэж ярьсан. ...гэх мэдүүлэг /хх-ийн 146-р ху/,
22.Гэрч Б.Балжиннямын 2019 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ...Би Батзориг ахыг танина, манай ээжийн талын холын хамаатан. Би ноднин буюу 2017 оны 11 сард Улаанбаатар хотоос Амарбаяр гэх хүнээс 7 сая төгрөгөөр худалдаж авсан. Тэгээд энэ хүнээс шилжүүлэг хийлгэж аваагүй, хийлгэж амжаагүй. Надад ирээд ямар ч байсан өөр хүнд зарагдаагүй байгаа. Батзориг ах 2018 оны 05 дугаар сарын 30-нд билүү 31-ний өдөр нэг удаа авч байсан. Тэрнээс өмнө болон дараа авч байгаагүй. Би өөр хүнд өгч байгаагүй. Надаас Батзориг ах машин авахдаа Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын хороололд Д.Бадрахын морины зүчээнд байшин барьж байхад өдөр 14-15 цагийн орчим “машинаа өгч байгаач ах нь хөдөө яваад ирээд өгье” гэхээр нь би өгсөн. Тэгээд машиныг ганцаараа аваад явсан. Яг хаашаа явсан талаар мэдэхгүй, надад энэ талаар хэлээгүй, би “дажгүй юу” гэж асуухад “дажгүй дажгүй” гээд явсан. Дахин машин надаас авч явсан зүйл байхгүй. “Өөрийнхөө машиныг яасан юм” гэж асуухад “эвдэрчихсэн” гэж байсан. Түшиг сум явсан талаар яриагүй. Батзориг миний машиныг 2019 оны 05 дугаар сарын 30, 31-ний өдрүүдэд авсан. 2019 оны 06 дугаар сарын 01-ний өдөр авч ирж өгсөн. ...гэх мэдүүлэг /хх-ийн 147-148-р ху/,
23.“Ашид Билгүүн” ХХК-ний 2018 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн үнэлгээний дүгнэлтийн дүгнэлт хэсэгт:
1.Тайлангаар үнэлэгдэж буй хөрөнгийн 2018 оны 07 дугаар сарын байдлаар зах зээлийн үнэ цэнэ нийт 800.000 төгрөгөөр тогтов. ...гэх дүгнэлт, /хх-ийн 72-р ху/,
24.Шүүх сэтгэц эмгэг судлалын эмнэлгийн магадлагааны 2018 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн №04/18 дугаартай дүгнэлтэнд:
1.Гэрч О.Цэнд-Аюуш нь гэмт хэрэг үйлдэх үедээ сэтгэцийн хувьд эрүүл өөрийн үйлдлээ хариуцах чадвартай байсан болно.
2.Гэрч О.Цэнд-Аюуш нь сэтгэцийн хувьд эрүүл удамшлын өвчингүй болно.
3.Гэрч О.Цэнд-Аюуш нь сэтгэцийн хувьд эрүүл учир хэрэг хариуцах чадвартай болно.
4.Гэрч О.Цэнд-Аюуш нь сэтгэцийн хувьд эрүүл учир түүнд албадан эмчилгээ шаардлагагүй болно. ...гэх дүгнэлт, /хх-ийн 117-р ху/,
25.“Ашид Билгүүн” ХХК-ний 2019 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн үнэлгээний дүгнэлтийн дүгнэлт хэсэгт:
Сэлэнгэ аймаг дахь цагдаагийн газрын Эрүүгийн цагдаагийн тасгийн хэсгийн төлөөлөгч цагдаагийн хошууч цолтой М.Гантөмөрийн ирүүлсэн тогтоолын дагуу 2005 онд Солонгос улсад үйлдвэрлэгдэж 2011 онд Монгол улсад орж ирсэн 70-68 СЭА улсын дугаартай “Kia Bongofrontier” маркийн авто машины өнгө үзэмж техникийн байдлаас хамаарч 2019 оны 01 дүгээр сарын байдлаар зах зээлийн дундаж үнийг судлан 5.500.000 төгрөгний үнэтэй болохыг тодорхойлов. ...гэх дүгнэлт /хх-ийн 150-р ху/
26.“Ашид Билгүүн” ХХК-ний 2019 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн үнэлгээний дүгнэлтийн дүгнэлт хэсэгт:
Сэлэнгэ аймаг дахь цагдаагийн газрын Эрүүгийн цагдаагийн тасгийн хэсгийн төлөөлөгч цагдаагийн хошууч цолтой М.Гантөмөрийн ирүүлсэн тогтоолын дагуу 2002 онд Солонгос улсад үйлдвэрлэгдэж 2017 онд Монгол улсад орж ирсэн 21-52 УНЯ улсын дугаартай “Hyundai porter” маркын авто машины өнгө үзэмж техникийн байдлаас хамаарч 2019 оны 01 дүгээр сарын байдлаар зах зээлийн дундаж үнийг судлан 7.300.000 төгрөгний үнэтэй болохыг тодорхойлов. ...гэх дүгнэлт, /хх-ийн 155-р ху/,
27.Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, /хх-ийн 14-20-р ху/, эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, /хх-ийн 21-22, 25-27-р ху/, эд мөрийн баримтаар хураан авах тухай мөрдөгчийн тогтоол, /хх-ийн 23-р ху/, мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, /хх-ийн 39-44, 56-61, 64-68-р ху/, шинжээч томилж шинжилгээ хийлгэх тухай мөрдөгчийн тогтоол, /хх-ийн 69-70,116-р ху/, шинжээчийн дүгнэлт, /хх-ийн 72-р ху/ хохирогчид шинжээчийн дүгнэлт танилцуулсан тэмдэглэл, /2-р хх-ийн 26-р ху/, шүүгдэгч С.Батзоригт шинжээчийн дүгнэлт танилцуулсан тэмдэглэл, /хх-ийн 74, 152, -р ху/, шүүгдэгч О.Цэнд-Аюушт шинжээчийн дүгнэлт танилцуулсан тэмдэглэл, /хх-ийн 75, 121-р ху/, шүүгдэгч П.Сайнпүрэвт шинжээчийн дүгнэлт танилцуулсан тэмдэглэл, /хх-ийн 76-р ху/, эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай мөрдөгчийн санал, /хх-ийн 86-88-р ху/, таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл гэрэл зургийн үзүүлэлт, /хх-ийн 107-111, 190-193-р ху/, тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 112-114-р ху/, эд зүйл, гомдол мэдээлэл, бусад баримтыг хүлээн авсан тухай тэмдэглэл /хх-ийн 161-175-р ху/, эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол /хх-ийн 205-206, 211-212, 218-219-р ху/, шүүгдэгч О.Цэнд-Аюушийн ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /2-р хх-ийн 6-р ху/, шүүгдэгч П.Сайнпүрэвийн ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /2-р хх-ийн 8-р ху/, шүүгдэгч С.Батзоригийн ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /2-р хх-ийн 7-р ху/, шүүгдэгч О.Цэнд-Аюушт хавтаст хэргийн материал танилцуулсан тэмдэглэл /хх-ийн 26-р ху/, шүүгдэгч П.Сайнпүрэвт хавтаст хэргийн материал танилцуулсан тэмдэглэл /хх-ийн 27-р ху/, шүүгдэгч С.Батзоригт хавтаст хэргийн материал танилцуулсан тэмдэглэл /хх-ийн 28-р ху/, хохирогчид хавтаст хэргийн материал танилцуулсан тухай тэмдэглэл /хх-ийн 29-р ху/, гэрч, хохирогч нараас мэдүүлэг авсан тэмдэглэл зэрэг тухайн хэрэгт хамааралтай, хуулийн дагуу цуглуулж авсан нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Сэлэнгэ аймгийн Прокурорын газраас шүүгдэгч С.Батзориг, П.Сайнпүрэв, О.Цэнд-Аюуш нар нь 2018 оны 05 дугаар сарын 31-ний өдрөөс 2018 оны 06 дугаар сарын 01-нд шилжих шөнө Сэлэнгэ аймгийн Түшиг сумын 1 дүгээр баг “Арвайн нарс” гэх газраас “Баяндулаан-уул” ХХК-ний өмчлөлийн ягаан халзан зүсний 1 тооны үхрийг хулгайлсан гэх гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч нарын үйлдсэн гэмт хэргийн талаар мэдүүлсэн мэдүүлэг болон хавтаст хэрэгт авагдсан хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, эд мөрийн баримтаар хураан авах тухай мөрдөгчийн тогтоол, мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тогтоол, яллагдагч нарыг байцаасан тэмдэглэл, зэрэг нотлох баримтуудыг харгалзан шүүгдэгч С.Батзориг, шүүгдэгч О.Цэнд-Аюуш нарыг 2018 оны 05 дугаар сарын 31-ний шөнө Сэлэнгэ аймгийн Зэлтэр сумын 1-р багийн нутаг дэвсгэр болох “Арвайн нарс” гэх газраас “Баян Дулаан Уул” ХХК-ний өмчлөлийн ягаан халзан зүсмийн нэг тооны үхрийг хулгайлахаар завдсан гэмт хэрэгт гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1-р зүйлийн 1-д зааснаар хорих ял оногдуулахгүйгээр тус бүр 8 сарын хугацаагаар тэнсэх шийтгэл оногдуулж, оршин суугаа газар, ажлаа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж буй байгууллагад урьдчилан мэдэгдэх үүргийг хүлээлгэх нь зүйтэй.
Шүүгдэгч П.Сайнпүрэвийн хувьд тухайн үед үхэр хулгайлах талаар мэдээгүй. Энэ талаар шүүхийн хэлэлцүүлэгт үхэр хулгайлах гэж байгаагаа хэлээгүй гэдгээ нотолсон. Мөн шүүгдэгч П.Сайнпүрэв нь хулгайн гэмт хэрэг үйлдэхээр явж байгаагаа мэдээгүй болох нь бусад нотлох баримтаар нотлогдож байх тул шүүгдэгч П.Сайнпүрэвийг энэ гэмт хэрэгт гэмт буруутай эсэхэд эргэлзээ төрж байгаа тул шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэж, хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй.
Шүүгдэгч С.Батзориг, шүүгдэгч О.Цэнд-Аюуш, шүүгдэгч П.Сайнпүрэв нар нь нь бусдад төлөх төлбөргүй, энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар СДИ 1 ширхэг хураагдаж ирсэн болон битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурьдах нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14-р зүйлийн 1, 36.2-р зүйлийн 4, 36.6-р зүйлийн 1, 36.7-р зүйлийн 2,3, 36.8-р зүйлийн 1,2, 4-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15-р зүйлийн 2-д заасныг баримтлан Сэлэнгэ аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12-р зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 1831001750074 тоот эрүүгийн хэргээс Их мянгад овогт Пүрвээгийн Сайнпүрэвт холбогдох үйлдлийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4-р зүйлийн 1, 2.8-р зүйлийн 1-д заасныг тус тус журамлан шүүгдэгч Боржигин овогт Сэрээнэнгийн Батзориг, шүүгдэгч Их зуутраг овогт Оюунгэрэлийн Цэнд-Аюуш нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1-д заасан “Мал хулгайлахыг завдсан” гэмт хэрэгт гэм буруутайд тооцсугай.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1-р зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Боржигин овогт Сэрээнэнгийн Батзориг, шүүгдэгч Их зуутраг овогт Оюунгэрэлийн Цэнд-Аюуш нарыг хорих ял оногдуулахгүйгээр тус бүрийг 8 сарын хугацаагаар тэнсэж, тэнссэн хугацаанд хяналт тавихыг Сэлэнгэ аймгийн шүүхийн Шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3-р зүйлийн 2.5-д зааснаар оршин суугаа газар, ажил, сургуулиа өөрчилж зорчин явахдаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэхийг шүүгдэгч С.Батзориг, шүүгдэгч О.Цэнд-Аюуш нарт үүрэг болгосугай.
5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1-р зүйлийн 4-д зааснаар шүүгдэгч нар тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг ялтан С.Батзориг, ялтан О.Цэнд-Аюуш нарт мэдэгдсүгэй.
6.Шүүгдэгч С.Батзориг, О.Цэнд-Аюуш, нар нь энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, П.Сайнпүрэв нь 7 хоног цагдан хоригдсон, мөн шүүгдэгч нар нь бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурьдсугай.
7.Эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг СДИ-г хавтаст хэрэгт нь хавсарган үлдээсүгэй.
8.Шүүгдэгч С.Батзориг, О.Цэнд-Аюуш, П.Сайнпүрэв нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийдвэрийг хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.
9.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10-р зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурьдсугай.
10.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.13 дугаар зүйлийн 1-дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншин сонсгосноос хойш 15 хоногийн дотор шийдвэрийн агуулгыг бүрэн эхээр бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч нар болон тэдгээрийн өмгөөлөгч, хохирогч нарт гардуулахыг шүүгчийн туслахад даалгасугай.
11.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.13 дугаар зүйлийн 4-дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг оролцогч нар энэ зүйлийн 1.2 дахь хэсэгт зааснаар гардаж аваагүй бол шүүгчийн туслах уг шийдвэрийг хүлээн авах хүнд гардуулах, эсхүл шуудангийн хаягаар нь хүргүүлж, энэ тухай баталгаажуулсугай.
12.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2-р зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг прокурор болон дээд шатны прокурор шүүгдэгч нар болон тэдгээрийн өмгөөлөгч нар, хохирогч нар эс зөвшөөрвөл шийдвэрийг гардуулснаас хойш, эсхүл шийдвэрийг хүлээн авах хүнд гардуулсан, эсхүл шуудангийн хаягаар нь хүргүүлснээс 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч болон дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.
13.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1-р зүйлийн 2-т зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол эсэргүүцэл бичсэн тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ С.НОЛХООСҮРЭН