| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дашдорж Золзаяа |
| Хэргийн индекс | 101/2024/01960/И |
| Дугаар | 210/МА2025/00894 |
| Огноо | 2025-05-26 |
| Маргааны төрөл | Ажил гүйцэтгэх, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 05 сарын 26 өдөр
Дугаар 210/МА2025/00894
*******ХХК-ийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Нямбазар даргалж, шүүгч Э.Энэбиш, Д.Золзаяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн 191/ШШ2025/02847 дугаар шийдвэртэй
Нэхэмжлэгч *******ХХК-ийн нэхэмжлэлтэй
Хариуцагч *******ХХК-д холбогдох
Ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 37,780,050 төгрөг гаргуулах, орон сууц өмчлөлд шилжүүлэхийг даалгах тухай нэхэмжлэл, дутуу гүйцэтгэлд болон доголдол арилгахад гарсан зардал 72,748,405 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Д.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Минжин нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга:
1.1.*******ХХК нь *******ХХК-тай 2020 оны 05 сарын 07-ны өдрийн 20/06 тоот Гадна фасадны ажил гүйцэтгэх гэрээгээр Баянзүрх дүүргийн 22 дугаар хорооны нутаг дэвсгэрт баригдаж буй ******* апартмент хотхоны 13 давхар үйлчилгээтэй орон сууцны барилгын гадна фасадны ажлыг хийж гүйцэтгэхээр тохиролцсон.
1.2.Нэхэмжлэгчийн гүйцэтгэсэн гадна фасадны ажил 5,762 м.кв, цонхны амалгаа 277 м.кв, үнэлгээ 501,584,050 төгрөг болсон. Гэрээний 3.2-т Гэрээгээр м.кв талбайн гадна фасадны ажлыг гүйцэтгэх ба нийт гэрээний үнийн дүн урьдчилсан тооцоогоор 463,804,000 төгрөг байна гэж тохиролцоод уг төлбөрт орон сууцуудыг авсан боловч зөрүү 37,780,050 төгрөгийг нэхэмжилж байгаа болно.
1.3.Гэрээний нийт ажлын хөлсийг 100 хувь бартераар төлөхөөр тохиролцож бартерт 258.55 м.кв бүхий 5 ширхэг орон сууцыг *******ХХК-ийн өмчлөлд шилжүүлэхээр тохиролцсон боловч талуудын хооронд байгуулсан гэрээний 3.3.5-д заасан 67,080,000 төгрөгийн үнэ бүхий ******* апартмент орон сууцны хотхоны 13 давхар үйлчилгээтэй орон сууцны 2 дугаар орцны 13 давхрын G загварын 37.6 м.кв орон сууцыг өнөөдрийг хүртэл манай өмчлөлд шилжүүлээгүй. Тухайн орон сууцны өмчлөх эрхийн гэрчилгээг гаргаж өгөхгүй байгаа шалтгаанаа гэрээний 6.2-т заасны дагуу ажлын баталгаат хугацаа 3 жилийн хугацаа өнгөрөхөд шилжүүлж өгнө гэдэг. Баталгаат хугацаанд гарсан зөрчлийг манайх хариуцах боловч барьцаа хөрөнгө авч үлдэх талаар гэрээнд тусгагдаагүй. ******* апартмент хотхоны барилга байгууламжийг улсын комисс 2021 оны 12 дугаар сарын 24, 2022 оны 07 дугаар сарын 22-ны өдөр тус тус хүлээн авсан.
Иймд талуудын хооронд байгуулсан гэрээний 3.3.5-д заасан 67,080,000 төгрөгийн үнэ бүхий Баянзүрх дүүрэг, 22 дугаар хороо, ******* апартмент хотхон, ******* байр, 2 дугаар орц, ******* давхар, G загварын 37.6 м.кв талбай бүхий /2103 тоот/ орон сууцыг нэхэмжлэгчийн өмчлөлд шилжүүлэхийг хариуцагчид даалгаж, хариуцагчаас 37,780,050 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож өгнө үү гэжээ.
2.Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга:
2.1.Талууд 2020 оны 05 дугаар сарын 07-ны өдөр 20/06 тоот Гадна фасадны ажил гүйцэтгэх гэрээг байгуулан хамтран ажилласан.
Тус гэрээний дагуу *******ХХК нь ажлыг 2020 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн 2020 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн дотор хийж гүйцэтгэж хүлээлгэн өгөх байсан боловч 13 сарын дараа буюу 2021 оны 10 дугаар сарын 06-ны өдөр хүлээлгэж өгсөн.
Гэрээний 5.1-д Гэрээгээр хүлээсэн ажил, үүргийг холбогдох хууль тогтоомж, дүрэм журам, заавар стандартын дагуу мэргэжлийн өндөр түвшинд хийж гүйцэтгэн гэрээнд заасан хугацаанд нь захиалагчид хүлээлгэн өгөх үүрэгтэй гэж заасныг *******ХХК нь биелүүлээгүй, чанарын доголдолтой буюу барилгын ******* тал ******* өөр өнгөтэй болсон ба засах шаардлага тавихад хийгээгүй тул өөрсдийн хөрөнгөөр зассан, зарим хэсэг нь одоо ч засагдаагүй.
2.2.Мөн талууд 2021 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр 20/06-1 тоот Гадна фасадны ажил гүйцэтгэх гэрээний нэмэлт гэрээг байгуулж, уг гэрээгээр *******ХХК нь 1 дүгээр давхрын 162.2 м.кв талбайн, техникийн давхрын 240 м.кв талбайн ажлыг 34,187,000 төгрөгт гүйцэтгэх, *******ХХК нь ажлын төлбөрт ******* апартмент хотхоны 2 дугаар орцны 12 давхрын Н загварын 47.75 м.кв талбайтай орон сууцаар өгөхөөр харилцан тохиролцсон. Үүний дагуу талууд 2021 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр ОСЗГ-19174 /BAR/ХХАГ21/01/ тоот Орон сууц захиалгын гэрээ байгуулсан бөгөөд гэрээний 3.3-т Энэхүү гэрээний 3.1-т заасан төлбөрийн 34,187,000 төгрөгийг 20/06/1 тоот Гадна фасадны ажил гүйцэтгэх гэрээний нэмэлт гэрээ-ний дагуу ажил гүйцэтгэж төлнө. 51,763,000 төгрөгийг ХХАГ21/01 тоот Бараа материал захиалгаар нийлүүлэх гэрээ-ний дагуу бараа материал нийлүүлж төлөхөөр харилцан тохиролцсон гэж заасан. Тус орон сууцыг нэхэмжлэгчид хүлээлгэн өгч талууд төлбөр тооцоогүй болсон.
Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
3.Хариуцагчийн сөрөг нэхэмжлэл, тайлбарын агуулга:
3.1.Талуудын байгуулсан 2020 оны 05 дугаар сарын 07-ны өдөр 20/06 тоот Гадна фасадны ажил гүйцэтгэх гэрээ, 2021 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр 20/06-1 тоот Гадна фасадны ажил гүйцэтгэх гэрээний нэмэлт гэрээгээр нийт 5762 м.кв гадна фасад, 277 м.кв цонхны амалгаа хийж нийт гэрээний үнийн дүн 501,584,050.00 төгрөг болсон.
Тус гэрээний дагуу 2020 оны 07 джгаар сарын 01-ний өдрөөс эхлэн 2020 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн дотор хийж гүйцэтгэж хүлээлгэн өгөх байсан. Гэтэл гэрээгээр тохиролцсон хугацаанаас 13 сарын дараа буюу 2021 оны 10 сарын 06-ны өдөр хүлээлгэж өгсөн. Гэрээний 5.1-д "Гэрээгээр хүлээсэн ажил, үүргийг холбогдох хууль тогтоомж, дүрэм журам, заавар стандартын дагуу мэргэжлийн өндөр түвшинд хийж гүйцэтгэн гэрээнд заасан хугацаанд нь захиалагчид хүлээлгэн өгөх үүрэгтэй" гэж заасныг биелүүлээгүй, гэрээт ажлыг чанарын доголдолтой буюу 90 хувийн чанартай хүлээлгэн өгсөн. Барилгыг байнгын ашиглалтад хүлээлгэн өгөх комисс ажиллах үед нэхэмжлэгч байгууллагын төлөөлөгч, инженер ирээгүй бөгөөд тухайн үед чанарын доголдлоо засахыг удаа дараа шаардаж байсан ч өнөөдрийг хүртэл чанарын доголдлын асуудал буюу барилгын гадна фасадны өнгө зөрсөн, орон сууцны айл өрхүүд гадна фасадаас сийгэж хүйтэн байдаг зэрэг доголдол засагдаагүй.
*******ХХК нь 100 хувийн чанартай ажил гүйцэтгэхээс 90 хувийн чанартай ажил гүйцэтгэсэн тул гэрээний үнийн дүнгийн 10 хувь буюу 50,158,405 төгрөгийг гаргуулж өгнө үү.
3.2.Гэрээний 6.4-т Хэрэв захиалагч нь баталгаат хугацаанд үүссэн эвдрэл гэмтлийг хугацаа хэмнэх үүднээс өөрийн хүч, хөрөнгөөр зассан тохиолдолд уг ажилд зарцуулагдсан ажлын төлбөрийг гарсан зардлын баримтын дагуу гүйцэтгэгч нь захиалагчид төлөх үүрэг хүлээнэ. Гарсан эвдрэл гэмтлийг зурган актаар баталгаажуулна гэж заасны дагуу *******ХХК-ийн зүгээс гадна фасадаас дулаан алдагдаж, хүйтэй байна гэх гомдол гаргасан айл, өрхийн гадна фасадыг засаж янзалсан. *******ХХК-аас ажлын чанар доголдол арилгахтай холбоотой манай компаниас гарсан зардал 22,590,000 төгрөг, 100 хувийн чанартай ажил гүйцэтгэхээс 90 хувийн чанартай ажил гүйцэтгэсэн тул гэрээний үнийн дүнгийн 10 хувь буюу 50,158,405 төгрөг, нийт 72,748,405 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
4.Сөрөг нэхэмжлэлд нэхэмжлэгчийн гаргасан татгалзал, тайлбарын агуулга:
4.1.*******ХХК нь *******ХХК-тай байгуулсан Гадна фасадны ажил гүйцэтгэх гэрээний дагуу гадна фасадны 5762 м.кв, цонхны амалгаа 277 м.кв ажлыг тус тус хийж гүйцэтгэж, нийт үнэлгээ 501,584,050 төгрөг болсон ба уг үнийн дүнгийн 10 хувь 50,158,405 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй.
4.2.*******ХХК өнгө зөрсөн асуудлыг засварласантай холбоотой 16,082,000 төгрөгийн зардал гарсан гэж тайлбарласныг манайх хүлээн зөвшөөрсөн. Мөн хугацаа хэтрүүлсний алданги 50,000,000 төгрөг нэхэмжилснийг харилцан тохиролцоод 28,000,000 төгрөг, нийт 44,082,000 төгрөгийн бараа материалыг *******ХХК нь *******ХХК-д хүлээлгэж өгсөн.
Иймд сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
5.Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:
Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 352 дугаар зүйлийн 352.1, 352.2.2-т тус тус заасныг баримтлан Баянзүрх дүүрэг, 22 дугаар хороо, ******* апартмент хотхон, ******* байр, 2 дугаар орц, ******* давхар, ******* загварын 37.6 м.кв талбай бүхий /2103 тоот/ орон сууцыг нэхэмжлэгч *******ХХК-ийн өмчлөлд шилжүүлэхийг хариуцагч *******ХХК-д даалгаж, хариуцагч *******ХХК-аас 37,780,050 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч *******ХХК-д олгож, хариуцагч *******ХХК-ийн 72,748,405 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар улсын тэмдэгтийн хураамжинд нэхэмжлэгч *******ХХК-ийн төлсөн 843,201 төгрөг, хариуцагч *******ХХК-ийн төлсөн 679,650 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч *******ХХК-аас 843,201 төгрөг гаргуулан нэхэмжлэгч *******ХХК-д олгож шийдвэрлэжээ.
6.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын давж заалдах гомдол, тайлбарын агуулга:
6.1.Анхан шатны шүүх "*******" ХХК-ийн гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг зөрчсөн, хэрэгт авагдсан нотлох баримтыг тал бүрээс нь эргэлзээгүй байдлаар үнэлээгүй, хэт нэг талыг барьсан үндэслэлгүй шийдвэр болсон.
Нэхэмжлэгчийн хүсэлтийн дагуу "******* *******" ХХК-ийн 2020 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн 20/13 тоот албан бичгээр 37.6 м.кв орон сууцыг бусдад худалдан борлуулах зөвшөөрлийг *******" ХХК-д олгосон. Уг зөвшөөрлийн дагуу нэхэмжлэгч нь 2021 оны 08 дугаар сарын 04-ний өдөр иргэн *******Орон сууц захиалгын гэрээний эрх шилжүүлэх тухай гэрээ байгуулсан.
Улмаар "*******" ХХК-ийн 2022 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн 22/58 тоот албан бичиг болон "******* *******" ХХК-ийн 2022 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн 22/60 тоот албан бичгийг үндэслэн ******* тоот 37.6 м.кв орон сууцыг 2022 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр Орон сууц хүлээлцэх акт үйлдэн *******хүлээлгэн өгсөн ба *******уг орон сууцандаа өнөөдөр ч амьдарсан хэвээр байна.
Гэтэл шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт "Нэхэмжлэгч нь иргэн *******гэрээний дагуу төлөх төлбөрөө төлөөгүй байгаа гэж тайлбарласан тул уг орон сууцтай холбоотой иргэн *******шаардах эрх *******шилжсэн гэж үзэхгүй" гэж дүгнэсэн нь үндэслэлгүй, хэрэгт авагдсан нотлох баримтыг үнэлээгүй алдаатай дүгнэлт болсон. Иргэний хуулийн 123 дугаар зүйлийн 123.1, 123.6-д заасны дагуу мөн "*******" ХХК-аас *******Орон сууцны захиалгын эрх шилжүүлэх гэрээ байгуулж төлбөр тооцоо нь дууссан тухай болон орон сууцыг түүнд хүлээлгэн өгөхийг манайд мэдэгдсэнээр захиалагчийн эрх нь бусдад шилжсэн байтал уг орон сууцыг өөрийн өмчлөлд шилжүүлэхээр шаардаж буй нь үндэслэлгүй, нэхэмжлэгч нь уг орон сууцыг шаардах эрхгүй этгээд юм.
6.2.Гадна фасадны ажил гүйцэтгэх гэрээгээр талууд хийж гүйцэтгэх гадна фасад болон амалгааны ажлын хэмжээг урьдчилсан байдлаар тооцож гэрээний 1.1-д заасан, харин ажлын хөлс тооцох нэгж үнийг гэрээний 3.1-д тусгасан. Улмаар уг 20/06 тоот Гадна фасадны ажил гүйцэтгэх гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулж 2021 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр 20/06-1 тоот Гадна фасадны ажил гүйцэтгэх гэрээний нэмэлт гэрээ байгуулан техникийн /14 дүгээр давхар/ болон нэгдүгээр давхрын гадна фасадны ажлыг нэмж тусгасан болно. Улмаар 2021 оны 10 дугаар сарын 06-ны өдөр талууд Гүйцэтгэсэн ажил хүлээлцэх акт үйлдэж, *******" ХХК-ийн нийт хийж гүйцэтгэсэн ажлын хэмжээг эцсийн байдлаар тогтоосон.
Гэтэл шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт дээрх 2 гэрээг хоорондоо харилцан хамааралгүй, тусдаа гэрээ мэтээр дүгнэж, Гүйцэтгэх ажил хүлээлцэх актад тусгагдсан нэхэмжлэгчийн хийж гүйцэтгэсэн ажлын хэмжээнээс 20/06 тоот гэрээгээр урьдчилсан байдлаар тооцсон хэмжээг хасч, зөрүүг тооцон төлүүлэхээр шийдвэрлэсэн нь илт үндэслэлгүй юм. Өөрөөр хэлбэл, 2021 оны 01 дүгээр сарын 22-ны 20/06-1 тоот Гадна фасадны ажил гүйцэтгэх гэрээний нэмэлт гэрээнд тусгасан нэмэлт ажил болон үүнтэй холбоотой төлбөр төлөгдсөн талаар зөв дүгнэсэн боловч уг нэмэлт гэрээний дагуу хийж гүйцэтгэсэн ажлын хэмжээ нь 2021 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн ажил хүлээлцэх актад тусгагдсан болохыг анзаараагүйгээс шийдвэрийн энэ хэсэг үндэслэлгүй болсон. 20/06-1 тоот гэрээ нь 20/06 тоот гэрээнээс тусдаа гэрээ биш, харин уг гэрээнд нэмэлт оруулсан агуулгатай бөгөөд нэмэлт ажлын төлбөрт шилжүүлэхээр тохирсон 2 дугаар орцны 12 давхрын Н загварын 47.75 м.кв орон сууц нь 2020 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн 20/06 дугаартай гэрээний дагуу шилжин тооцогдож байгаа нь нэхэмжлэгчийн 2021 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн 21/38 тоот албан бичгээс ч тодорхой харагдах юм.
Иймд талуудын хооронд байгуулсан гэрээний дагуу нийт 6 орон сууцыг нэхэмжлэгчид хүлээлгэн өгсөн ба талуудын хоорондын төлбөр тооцоо бүрэн дууссан.
6.3.Гүйцэтгэсэн ажил хүлээлцсан актаар гадна фасад болон цонхны амалгааны ажил тус бүрийн чанарын үнэлгээ 90 хувь болохыг талууд харилцан тогтоосон. Гэтэл шийдвэрийн үндэслэх хэсэгт фасадны өнгө зөрсөнтэй холбоотой чанарын гүйцэтгэл 90 хувь гэж дүгнэсэн хэмээн нэхэмжлэгч тал тайлбарласныг хариуцагч тал эсэргүүцээгүй гэж, мөн талууд чанарыг гадна фасадны өнгө зөрсөнтэй холбоотой 90 хувь гэж дүгнэсэн гэж илт үндэслэлгүй дүгнэлт хийн гадна фасадны өнгө зөрсөнтэй холбоотой хариуцагч компаниас 16,082,000 төгрөгийн зардал гаргасныг нэхэмжлэгч төлсөн гэж үзэн сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгожээ. Ийнхүү шийдвэрлэхдээ Гүйцэтгэсэн ажил хүлээлцэх актаар нэхэмжлэгчийн хийж гүйцэтгэсэн гадна фасад болон амалгаа /цонхны гадна талын/-ны ажлууд аль аль нь 90 хувийн чанарын гүйцэтгэлтэй болохыг, ийнхүү тогтоосон актад нэхэмжлэгч ямар нэг гомдол гаргалгүй хүлээн зөвшөөрсөн байдлыг, хийгдсэн ажлын чанарын доголдол нь зөвхөн өнгө зөрөх асуудал биш, харин бүхэлдээ 90 хувийн чанарын гүйцэтгэлтэй байгааг, мөн чанарын доголдлын улмаас үүссэн нэг үр дагавар болох орон сууцны дулааны алдагдал хэт өндөр байгааr болон үүнийг оршин суугч эрх бүхий этгээдээр хэмжилт хийлгэн тогтоож гомдол гаргасны дагуу хариуцагч уг доголдлыг өөрийн зардлаар засч нэмэлт зардал гаргасан хэргийн бодит нөхцөл байдал болон хэрэгт авагдсан нотлох баримтуудыг үнэн зөв үнэлээгүйгээс хариуцагчийн гаргасан сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг үндэслэлгүйгээр хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн.
Ажил гүйцэтгэх гэрээний гол зүйл нь хийгдсэн ажлын үр дүн бөгөөд нэхэмжлэгч гэрээгээр тохирсон ажлыг 90 хувийн чанарын гүйцэтгэлтэйгээр ажлын үр дүнг хүлээлгэн өгсөн, уг үр дүнгээс шалтгаалсан нэмэлт зардал гарсан тул Иргэний хуулийн 352 дугаар зүйлийн 352.2.2, 352.2.3-т заасны дагуу 72,748,405 төгрөгийн сөрөг нэхэмжлэл гаргасан.
Иймд гомдолд дурдсан дээрх тайлбар, үндэслэлээр хэргийг бүхэлд нь хянан үзэж шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож, "*******" ХХК-ийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгон, "******* *******" ХХК-ийн гаргасан сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг ханган шийдвэрлэж өгнө үү гэжээ.
7.Давж заалдах гомдолд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан тайлбарын агуулга:
7.1.Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангасан. Хариуцагч тал 3 үндэслэлээр давж заалдах гомдол гаргасан байх бөгөөд *******болон *******ХХК нь орон сууц авах эрхтэй тухай гомдолдоо дурдсанд баяртай байна. Ажил гүйцэтгэсний төлбөр болох орон сууцаа авах гэтэл хариуцагч компани 2022 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн албан бичгээр орон сууц өгөх боломжгүй гэх агуулга бүхий хариу өгсөн. Анхан шатны шүүхийн шүүх хуралдаанд ажлаа дутуу гүйцэтгэсэн төлбөрт орон сууц суутгаж авсан, орон сууцыг барьцаанд тавьсан гэх мэтээр хариуцагчийн 2 итгэмжлэгдсэн төлөөлөгч өөр, өөр байдлаар тайлбарласан. *******ХХК-аас Иргэний хуулийн 123 дугаар зүйлд заасан шаардах эрхээ *******шилжүүлэхээр хариуцагч талд хүсэлт гаргасан ч өнөөдрийг хүртэл тус хүсэлтийг хүлээж аваагүй. Орон сууцыг улсын комисс хүлээн авч, үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ гараад 3 жилийн хугацаа өнгөрч байгаа ч *******өнөөдрийг хүртэл хугацаанд үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээгээ авч чадаагүй байна. Талуудын хооронд үл ойлголцол үүсэж одоог хүртэл шийдвэрлэгдээгүй тул *******ХХК шаардах эрхээ хэрэгжүүлж хариуцагч компаниас орон сууцны өмчлөх эрхийг шаардсан бөгөөд үүнийг шүүхээс үндэслэлтэй гэж үзсэн.
7.2.Шүүхээс гүйцэтгэсэн ажлын үлдэгдэл төлбөр 37 сая төгрөг нэхэмжилснийг хангаж шийдвэрлэсэн. Талуудын хооронд байгуулагдсан гэрээний дагуу 501 сая төгрөгийн ажил хийж гүйцэтгэсэн бөгөөд талууд үүнд маргадаггүй. 20/06 тоот гэрээг байгуулахдаа урьдчилсан байдлаар 463 сая төгрөгийн ажил гүйцэтгэж, төлбөрт 5 орон сууц авахаар тохиролцсон. 2022 оны 10 дугаар сард тооцоо нийлсэн актаар үндсэн гэрээний дагуу гүйцэтгэсэн ажлыг хүлээж авсан. 20/06-01 тоот нэмэлт гэрээ нь тусдаа байгуулагдсан гэрээ бөгөөд төлбөрт 6 дахь орон сууцыг авахаар харилцан тохиролцсон. Анхан шатны шүүх үүнийг зөвөөр дүгнэж шийдвэрлэсэн. 20/06-01 тоот нэмэлт гэрээг биш, 20/06 тоот гэрээг дүгнэж үйлдсэн актыг давж заалдах шатны шүүх тодотгож хараасай гэж хүсэж байна.
7.3.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч гүйцэтгэлийн үнэлгээ 90 хувь гэж тайлбарласан бөгөөд ажлын гүйцэтгэлийг манай байгууллага 100 хувь хийж гүйцэтгэсэн, ажлын чанар 90 хувь байсан. Гадна фасадны будгийн өнгийг гаргахдаа өнгөний зөрүү үүсгэсэн тул чанарын 10 хувийг хасаж тооцсон. Гадна фасадны өнгө зөрснийг хүлээн зөвшөөрч, 16,082,000 төгрөгийг хариуцагч компанид төлсөн. Хариуцагч компани алдангид 50,000,000 төгрөг шаардсаныг талууд харилцан тохиролцож 28,000,000 төгрөг төлөхөөр тохиролцсон. Үүний дагуу нэхэмжлэгч нийт 44,082,000 төгрөгийн бараа материалыг хариуцагчид хүлээлгэж өгсөн.
Хариуцагчийн гаргасан давж заалдах гомдол үндэслэлгүй байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
1.Давж заалдах шатны шүүх хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр хянан үзээд, гомдлын зарим хэсгийг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах үндэслэлтэй гэж дүгнэв.
2.Нэхэмжлэгч *******ХХК нь хариуцагч *******ХХК-д холбогдуулан ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 37,780,050 төгрөг гаргуулах, Баянзүрх дүүрэг, ******* дугаар хороо, ******* апартмент хотхон, ******* байр, 2 дугаар орц, ******* давхар, G загварын 37.6 м.кв талбайтай /2103 тоот/ орон сууц өмчлөлд шилжүүлэхийг даалгах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, дутуу гүйцэтгэлд болон доголдол арилгахад гарсан зардал 72,748,405 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэл гаргаж маргажээ.
3.Хэрэгт цугларсан нотлох баримтуудаар дор дурдсан үйл баримт тогтоогдсон. Үүнд:
3.1.*******ХХК болон *******ХХК-ийн хооронд 2020 оны 05 дугаар сарын 07-ны өдөр 20/06 тоот Гадна фасадны ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдаж, уг гэрээгээр гүйцэтгэгч *******ХХК нь Баянзүрх дүүргийн 22 дугаар хороонд баригдаж буй ******* апартмент 13 давхар үйлчилгээтэй орон сууцны барилгын гадна фасадны ажил /урьдчилсан тооцоогоор 5025 м.кв гадна фасад, 860 м.кв амалгаа/-ыг хийж гүйцэтгэж захиалагчийн өмчлөлд шилжүүлэх, гадна фасадны ажлын хөлс нэг м.кв нь 85,000 төгрөг, амалгааны ажлын хөлс нэг м.кв нь 42,650 төгрөг, гэрээний нийт үнийн дүн урьдчилсан тооцоогоор 463,804,000 төгрөг байх, захиалагч *******ХХК нь ажлын хөлсөнд уг барилгаас 5 орон сууц шилжүүлэхээр тус тус харилцан тохиролцжээ.
Тус гэрээнд 5 орон сууцны байршил, талбайн хэмжээг тодорхой тусгажээ.
3.2.Мөн талууд 2021 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр 20/06-1 тоот Гадна фасадны ажил гүйцэтгэх гэрээний нэмэлт гэрээг байгуулж, уг гэрээгээр гүйцэтгэгч *******ХХК нь 1 дүгээр давхар 162,2 м.кв, нэгж үнэ 85,000 төгрөг, нийт үнэ 13,787,000 төгрөг, техникийн давхар 240 м.кв, нэгж үнэ 85,000 төгрөг, нийт үнэ 20,400,000 төгрөг, бүгд 34,187,000 төгрөгийн ажил гүйцэтгэх, захиалагч *******ХХК нь ажлын хөлсөнд ******* апартмент хотхоны ******* дугаар орцны ******* давхрын Н загварын 47.75 м.кв талбайтай орон сууцыг 85,950,000 төгрөгт тооцон шилжүүлэх, зөрүү 51,763,000 төгрөгт гүйцэтгэгч нь барилгын материал нийлүүлэхээр тус тус харилцан тохиролцжээ.
3.3.Талууд 2021 оны 10 дугаар сарын 06-ны өдөр Гүйцэтгэсэн ажил хүлээлцсэн акт үйлдсэн байх ба уг актад гүйцэтгэсэн ажлын тоо хэмжээ гадна фасад 5762 м.кв, цонхны амалгаа 277 м.кв, 2 ажил тус бүрийн гүйцэтгэл 100%, чанарын үнэлгээ 90% гэж тусгажээ.
3.4.*******ХХК нь ажлын хөлсөнд нэхэмжлэлд дурдагдсан ******* апартмент орон сууцны барилгын 2 дугаар орцны 13 давхрын G загварын 37.6 м.кв орон сууцаас бусад орон сууцыг *******ХХК-д шилжүүлсэн талаар талууд маргаагүй.
4.Анхан шатны шүүх талуудын хооронд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасан ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдсан, гэрээ хүчин төгөлдөр талаар зөв дүгнэсэн.
4.1.Харин 2021 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн Гүйцэтгэсэн ажил хүлээлцсэн актыг зөвхөн 2020 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн гэрээнд хамааралтай гэж буруу дүгнэснийг дор дурдсанаар залруулна.
а.Тус акт нь цаг хугацааны хувьд, 2020 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн болон 2021 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн нэмэлт гэрээ байгуулагдсаны дараа үйлдэгджээ.
б.Түүнчлэн гэрээний гүйцэтгэлтэй холбоотой үүссэн асуудлаар талууд хоорондоо харилцсан албан бичгүүд хэрэгт авагдсан байх ба захиалагч нь гадна фасадны өнгө зөрсөнтэй холбоотойгоор гаргасан зардал 16,082,000 төгрөг, мөн хугацаа хэтрүүлсний алданги 50,000,000 төгрөгийг тус тус гүйцэтгэгчээс нэхэмжилж, талууд зардал 16,082,000 төгрөг, алданги 28,000,000 төгрөг, нийт 44,082,000 төгрөгийн үнийн дүнд гүйцэтгэгчээс бараа материал нийлүүлэхээр тохиролцож, гүйцэтгэгч тус тооцоог 2022 оны 04 дүгээр сарын 11-ний өдрөөр дуусгасан байна.
Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч нь ажлын хөлсний хэмжээний талаар хариуцагчид холбогдуулан ямар нэгэн санал, хүсэлт, шаардлага гаргаж байгаагүй болох нь тогтоогдсон.
в.Иймээс нэхэмжлэгч нь 2020 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн үндсэн гэрээ болон 2021 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн нэмэлт гэрээгээр нийт 5762 м.кв гадна фасадны ажил, 277 м.кв амалгааны ажлыг гүйцэтгэсэн гэж дүгнэнэ.
г.Гэрээний нөхцөлөөр 5762 м.кв гадна фасадын ажлын хөлс 489,770,000 төгрөг, 277 м.кв амалгааны ажлын хөлс 11,814,050 төгрөг болох ба үндсэн гэрээгээр нийт 258.55 талбай бүхий 5 орон сууцыг нэг м.кв-ыг 1,800,000 төгрөгөөр тооцож 465,390,000 төгрөг, нэмэлт гэрээгээр 47.75 м.кв талбайтай орон сууцын үнэ 85,950,000 төгрөгөөс 34,187,000 төгрөгийг ажлын хөлсөнд тооцох нөхцөлийг тохиролцсон.
Иймээс хариуцагч 37,780,050 төгрөгийн ажлын хөлс нэхэмжлэгчид дутуу төлсөн болох нь хэргийн баримтаар тогтоогдоогүй тул нэхэмжлэлийн уг шаардлагыг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй. Энэ талаар гаргасан хариуцагчийн давж заалдах гомдлыг хангана.
4.2.Талуудын байгуулсан ажил гүйцэтгэх гэрээний 3.3.5-д захиалагч нь Баянзүрх дүүрэг, 22 дугаар хороо, ******* апартмент 13 давхар үйлчилгээтэй орон сууцны 2 дугаар орц, ******* давхар, G загварын 37.6 м.кв талбайтай орон сууцыг ажлын хөлсөнд тооцон гүйцэтгэгчид шилжүүлэхээр тохиролцсон. Үүний дагуу талууд 2020 оны 05 дугаар сарын 07-ны өдөр уг орон сууцанд захиалгын гэрээ байгуулжээ.
Нэхэмжлэгч нь 2021 оны 08 дугаар сарын 04-ний өдөр тус орон сууцыг *******шилжүүлэхээр Орон сууц захиалгын гэрээний эрх шилжүүлэх гэрээг байгуулж, орон сууцыг *******шилжүүлүүлэхээр 2022 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 22/04, 2022 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн 22/50 тоот албан бичгүүдийг хариуцагчид хүргүүлсэн боловч хариуцагч нь 2022 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 22/36 тоот албан бичгээр тус орон сууцыг алдангид тооцон суутган авах талаар мэдэгдсэн, улмаар дээр дурдсанаар алданги хожим төлөгдсөн боловч орон сууцны өмчлөх эрхийг шилжүүлээгүй байна.
Иймд нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт зааснаар уг орон сууцыг өмчлөлд шилжүүлэхийг хариуцагчаас шаардсан нь үндэслэлтэй.
Хариуцагчийн давж заалдах гомдолд нэхэмжлэгч орон сууцыг шаардах эрхийг *******шилжүүлсэн учир *******шаардах эрхтэй гэсэн агуулга дурдагдсан байх боловч хариуцагч уг орон сууцны талаар *******хэлцэл хийгээгүйн зэрэгцээ нэхэмжлэгч болон *******нарын хоорондын харилцаа нь маргаан бүхий ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт нөлөөлөхгүй тул гомдол үндэслэлгүй.
5.Хариуцагч нь нэхэмжлэгчээс дутуу гүйцэтгэлд болон доголдол арилгахад гарсан зардал 72,748,405 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэл гаргаж, үндэслэлээ нэхэмжлэгч гэрээний дагуу ажлын чанарыг 90 хувьтай хүлээлгэн өгсөн учир гэрээний нийт үнийн дүн 501,584,050 төгрөгийн 10 хувь болох 50,158,405 төгрөгийг гаргуулна, мөн гадна фасад сийгсэн гэсэн иргэдийн гомдлын дагуу засаж 22,590,000 төгрөгийн материалын зардал гаргасан гэж тайлбарлажээ.
Захиалагч нь Иргэний хуулийн 352 дугаар зүйлийн 352.2.2-т зааснаар доголдлыг арилгуулахаар тогтоосон хугацаанд ажил гүйцэтгэгч ямар нэгэн арга хэмжээ аваагүй бол уг доголдлыг арилгаж, түүнтэй холбогдсон зардлаа нөхөн төлүүлэх эрхтэй.
Талуудын үйлдсэн Гүйцэтгэсэн ажил хүлээлцсэн актад ажлын гүйцэтгэлийн чанарын үнэлгээ 90% гэсэн хэдий ч ямар доголдлын улмаас ийнхүү 90% гэж дүгнэсэн талаар тодорхой тусгаагүй байна. Хэргийн баримтаас үзэхэд, хариуцагч нь гадна фасадны өнгө зөрсөнтэй холбоотойгоор гаргасан зардал 16,082,000 төгрөгийг нэхэмжлэгчээр төлүүлсэн байх бөгөөд гадна фасад сийгэж дулаан алдах доголдол илэрч, улмаар хариуцагч уг доголдлыг засварласан гэх байдал нотлогдоогүй гэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт заасан нотлох баримт үнэлэх журамд нийцжээ.
Иймээс нэхэмжлэгчээс 72,748,405 төгрөг гаргуулах тухай хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийг шүүх хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлтэй.
6.Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт нэхэмжлэгчийн нэхэмжлэлээс 37,780,050 төгрөг гаргуулах шаардлагад холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосон өөрчлөлтийг оруулж, улсын тэмдэгтийн хураамжийн хуваарилалтыг өөрчилж, хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг хангахаар шүүх бүрэлдэхүүн тогтов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн 191/ШШ2025/02847 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн
1 дэх заалтын ...хариуцагч *******ХХК-аас 37,780,050 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч *******ХХК-д олгож,... гэснийг нэхэмжлэлээс үлдэх 37,780,050 төгрөг гаргуулах шаардлагад холбогдох хэсгийг болон гэж,
2 дахь заалтын ...843,201 төгрөг гаргуулан нэхэмжлэгч *******ХХК-д олгосугай гэснийг 496,350 төгрөг гаргуулан нэхэмжлэгч *******ХХК-д олгосугай гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч *******ХХК-аас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2025 оны 05 дугаар сарын 13-ны өдөр төлсөн 1,364,894 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч мөн зүйлийн 172.2 дахь хэсэгт заасан үндэслэлээр энэ хуулийн 167 дугаар зүйлд заасан магадлалд гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацаа тоолохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.НЯМБАЗАР
ШҮҮГЧИД Э.ЭНЭБИШ
Д.ЗОЛЗАЯА