Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2019 оны 07 сарын 02 өдөр

Дугаар 111

 

Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Нолхоосүрэн даргалж, тус шүүхийн шүүх хурлын танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд: Улсын яллагч Г.Энхмаа Хохирогч П.Урангоо Шүүгдэгчийн өмгөөлөгч Р.Баярхүү Нарийн бичгийн даргаар Б.Түвшинтуул нар оролцов. Сэлэнгэ аймгийн Цагдаагийн газраас мөрдөн байцаалт явуулж, амйгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигон овогт Цэрэндагвын Улаанцэцэгт холбогдох 1931001160084 тоот хэргийг хянан хэлэлцэв. Үндсэн захиргаа; Монгол улсын иргэн, Сэлэнгэ аймгийн Цагааннуур суманд төрсөн 1989 оны 05 дугаар сарын 01-ний өдөр төрсөн, 30 настай, эмэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, Сэлэнгэ аймгийн Цагааннуур сумын Тийрэг 1-р баг хөдөө оршин суух, эрхэлсэн тодорхой ажилгүй, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэл эдэлж байгаагүй, бие эрүүл, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай гэх Боржигон овогт Цэрэндагвын Улаанцэцэг, /РД:МХ-889050109/ Шүүгдэгч Ц.Улаанцэцэг нь өөрийн нөхөр Т.Баянзулын хамт 2019 оны 03 дугаар сарын 30-ны өдөр “Гацуурт” ХХК-ний салбар “Баяндулаан Уул” ХХКний Сэлэнгэ аймгийн Цагааннуур сум дахь малын бэлчээрийн модон хашааны банзыг 02-83 СЭА улсын дугаартай “Хьюндай протер” маркийн тээврийн хэрэгсэл ашиглан тээвэрлэхийг завдсан гэх гэмт хэрэгт холбогджээ. Тодорхойлох нь: Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд; ...1. Шүүгдэгч Ц.Улаанцэцэг нь мөрдөн байцаалтын шатанд 2019 оны 05 дугаар сарын 21-нд яллагдагчаар өгсөн: ...Надад сонсгож байгаа зүйл заалтыг хүлээн зөвшөөрч байна. Би Сэлэнгэ аймаг Цагааннуур сумын Тийрэг 1 дүгээр багт хөдөө нөхөр, 4 хүүхдийн хамт амьдардаг. Манай нөхөр Т.Баянзул хөгжлийн бэрхшээлтэй, унаж татдаг, өвчтэй, өмнө нь групп авдаг байж байгаад сунгалтаа хийлгэж чадахгүй байсаар байгаад хасагдсан. Манай хүүхдүүдийн хамгийн том нь 12 настай, бага нь 1 ой 6 сартай. Би өөрөө одоо 5 сартай жирэмсэн 5 дахь хүүхдээ хүлээж байгаа. Манайх өөрийн гэсэн мал байхгүй, хүний хуц, ухна маллаж амьдардаг. Манай гэр бүлийн ахуй амьдрал тааруу амьдралтай. Тогтсон ажил төрөл гэж байхгүй, нөхөр бид 2-уулаа мэдлэг боловсрол гэж байхгүй. Би одоо 2019 оны 06 дугаар сарын 01-ний өдөр Цагааннуур сумаас намайг шагналд тодорхойлсон Би “алдарт эхийн 2 дугаар одон”-г авах гэж байгаа. Би хулгайн гэмт хэрэг үйлдэж байгаагаа мэдээгүй. Надад хулгай хийх зорилго ч байгаагүй. Болсон явдлын талаар ярихад бол 2019 оны 03 дугаар сарын 30-ны өдөр Цагаануур сумын “Нам даваа” нэртэй газарт өдрийн 13 цагийн үед хонио эргүүлээд явж байхад хураалгаатай банз байсан. Энэ талаараа нөхөр Т.Баянзулд эргэж очиж “Хураалгатай банз, замын хажуухан талд байна, хүн авах гээд бэлдсэн юм уу ямар учиртайг нь сайн мэдэхгүй байна” гэж хэлж тайлбарласан. Тухайн банз хураалгаатай байсан газарт, шонгууд зоосон байсан бөгөөд, хашааны шонгууд байсан. Харин шонгууд дээр нэг ч хашааны хадсан мод, нэг ч банз байгаагүй. Манай нөхөр бид 2 хамт эргээд очиж хураалгаатай банзыг харсан чинь хуучин, хашаанд хэрэглэж байсан гэмээр, хадаастай банзнууд байсан. Ингээд эргэж гэртээ ирээд хамаатны ах болох М.Мөнхнайрамдал руу утасдаж “Та машинтайгаа хүрээд ирээч, мод ачаад тус болоод өгөөч” гэж хэлсэн чинь Мөнхнайрамдал хэлэхдээ “ах нь ажилтай байна. Ямар ч байсан орой дахиад яриарай” гэж хэлээд утсаа салгасан. Ингээд өдөр гэрийнхээ ойр зуурын ажлаа хийж байгаад орой 18 цагийн үед Мөнхнайрамдал ах руу дахин утасдаж “Та хүрээд ирэх үү” гэж хэлсэн чинь “за за ах нь удахгүй яваад очьч” гэж хэлсэн. Орой 20 цаг болж байхад М.Мөнхнайрамдал ах өөрийнхөө “Портер” маркийн хөх цэнхэр өнгийн машинтай манайд ирсэн. Манайд ирээд хоол идчихээд нөгөө хураалгаатай байсан банзыг авах гээд би нөхөр Т.Баянзул, М.Мөнхнайрамдал ах, манай 1 ой 6 сартай нялх хүүхэдтэй явахаар болсон. Тухайн мод хураалгаатай байсан газарт очоод Мөнхнайрамдал ах, нөхөр Т.Баянзул нь машинд хураалгаатай байсан банзнуудыг ачиж дуусгах үед гэнэт хаанаас ч юм машин гараад ирсэн. Уг ирсэн машинаас хэдэн хүн бууж ирсэн талаар анзаарч хараагүй, хэсэг хүмүүс Мөнхнайрамдал ахтай уулзаж байх үед, дахиад 5 минутын дараа машинтай хүмүүс ирсэн. Нилээн олон хүмүүс байсан бөгөөд би тухайн хүмүүстэй уулзахад “Манай усжуулахын банз, та нар хулгайлж авах гээд хураагаад тавьсан байна” гэж надад хэлэхээр нь би “энэ хураалгаатай байсан банзнуудыг би ахыгаа дуудаад ачуулж байсан юм, хэрэггүй юм болов уу гэж бодоод ачиж байсан. Би өөрийгөө хулгай хийж байгаа гэж бодоогүй юм. Хүн хэрэглэхгүй юм болов уу л гэж бодоод авчихсан” гэж хэлээд “энд нь буулгачихая” гэж хүртэл хэлсэн. Гэвч тэр хүмүүс “цагдаад мэдэгдэнэ” гэж хэлээд нөхөр Т.Баянзул, М.Мөнхнайрамдал нарыг машинтай нь аваад явсан. Намайг гэрт хүргэж өгсөн. Тухайн хураалгаатай байсан банзнуудаар том хүү Баярцогт Цагааннуур сумын ерөний боловсролын сургуулийн 5а ангид суралцдаг. Манай хүү хичээлтэй үедээ сумын төвд эмээгийндээ байдаг болохоор нь хураалгаатай байсан банзнуудаар хүүхэддээ жижиг өөрт нь таарсан амбаар эмээгийн хашаанд барьж өгье гэсэн бодолтой байсан юм. Энэ банзыг өөр зүйлд ашиглах, ашиг олох санаа бодол, зорилго байгаагүй. М.Мөнхнайрамдал, Т.Баянзул нар намайг хулгай хийж байсан талаар мэдээгүй. Би ч өөрөө хулгай хийж байгаагаа мэдээгүй, ойлгоогүй. М.Мөнхнайрамдал ахад бол өдөр утсаар “Надад туслаад мод ачаад өгөөч” л гэж хэлсний дагуу надад тусалж мод ачиж өгсөн хүн. Тэрнээс намайг хулгай хийж байсан талаар асуугаагүй. Энэ хэргийг хийхэд надад тусалсан дэмжсэн хүн байхгүй. Т.Баянзул бол манай гэр бүлийн хүн болохоор би хэлээд дагуулаад явчихсан юм. Би анх өдөр хонио эргүүлээд явж байхдаа банзыг харсан. Тэр үед хураалгаатай байсан банзнуудыг хүн бөөгнүүлээд орхисон юм байна гэж бодсон. Ачсан банзны хэмжээг мэдэхгүй байна, би ачаагүй болохоор хичнээн ширхэгийг бас мэдэхгүй байна, намайг машинд сууж байхад ах, нөхөр 2 ачаад явах гэтэл машинтай хүмүүс гараад ирсэн. Тухайн банз ачсан газрын ойр орчим айл өрх байхгүй, хамгийн ойрхон нь манайх бөгөөд, манайхаас 1,2 км орчим зайтай газар уг хураалгатай банзнууд байсан. Хураалгаатай байсан банзнууд “Гацуур” компаний худагны хажуухан талд байсан. Сайжруулсан шороон замын зүүн талд байсан. Уг банзнуудыг ямар зүйлд ашиглаж байсан талаар мэдэхгүй байна. Зүгээр хураалгаатай байсан. Хураалгатай байсан газарт би өмнө нь ирж байгаагүй, харин хонио өөр газар руу бэлчээд тухайн газарт очсон чинь байсан. Тэгээд хонио эргүүлэх үед банз хураалгаатай байсныг харсан. Тэрнээс өмнө миний банз ачсан газарт банз хураалгаатай байсан үгүйг мэдэхгүй байна. Хэзээнээс хойш уг банз энэ газарт байсныг ч мэдэхгүй байна. 2019 оны 03 дугаар сарын 30-ны өдөр 13 цагийн үед намайг харах үед байсан. Би өөрөө анх холоос очиж хараад, эргэж нөхөртэй энэ талаар хэлж дагуулаад хураалгаатай байсан банзнууд дээр очиж үзсэн. Орой нь тээврийн хэрэгсэл ашиглан тээвэрлэх болсон юм. Миний нөхөр Т.Баянзул нь үнэн зөв мэдүүлэг өгөх чадваргүй, Т.Баянзул эмнэлгийн карттай, ганцаараа байх юм бол унаж, татдаг. Сэтгэцийн өвчтэй, бие муутай хүн байдаг. Тухайн орой машинтай ирсэн хүмүүсийг таньж мэдэхгүй, ямар учиртай юун хүмүүс ирсэн болохыг мэдэхгүй байна. Ямар ч байсан “манай компаний хашааны мод байна, та нар хулгай хийгээд байна” гэж хэлж байсан. Гадаа харанхуй байсан болохоор ямар машин ирсэн байсныг анзаарч хараагүй, гэнэт л машин гараад ирсэн. Удаагүй ардаас нь дахин нэг машин ирсэн. Би хулгай хийж байсан аа мэдээгүй, би мэдээгүй байж байгаад хүний юм авсандаа уучлалт гуйж байна. ...гэх мэдүүлэг, /хх-ийн 100-102-р ху/, 2.Шүүгдэгч Ц.Улаанцэцэгийн шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн: ...Би хонио хариулаад явж байсан. Тэгэхэд хэсэг газар банз бөөгнүүлсэн байсан. Тэгээд очоод харсан чинь хэдхэн ширхэг банз байхаар нь дээрээс нь унасан байсан банзнаас нь ховхолж аваад бөөгнүүлж тавиад гэртээ очиж нөхөртөө хэлсэн. Тэгээд авахаар очоод баригдсан. Тухайн банз байсан газар манай гэрээс зайтай байдаг. Би эхлээд зарим банзыг овоолсон байсан. Бусад банз нь газар унасан байсан. Зарим банз нь нэг тал нь сугарсан нөгөө тал нь хадаатай байсныг чулуугаар салгаж авсан. Манай том хүүхэд хадамын гэрт байдаг. Тэгээд “айлд байх хэцүү байна” гэдэг. Тэгээд тэр банзаар амбаар барьж өгье гэж бодоод авсан. Бусдын эд зүйлийг аваад өөрийн эзэмшлийн зүйл шиг ашиглаж болохгүй. Тэр банзнуудыг ямар нэг байдлаар надад өгсөн зүйл байхгүй. Орой нь Мөнхнайрамдал гэх хүргэн ах руугаа яриад “хэдэн банз ачаад өгөөч” гэж хэлсэн. Тухайн банзыг Цагааннуур сумын хороололд байх хадамын хашаанд буулгах бодолтой байсан. Манай гэрээс төв ортол 20 км орчим зайтай. Тухайн банз хуучин байсан. Манайх тэнд 4-5 жил нутагдлаж байгаа. Тэр хавьд тийм хашаа байгаагүй. Би өмнө нь ийм зүйл хийж байгаагүй. ...гэх мэдүүлэг, 3.Хохирогч П.Урангоогийн мөрдөн байцаалтын шатанд 2019 оны 05 дугаар сарын 02-ны өдөр өгсөн: ...Би Улаанбаатар хотын “Гацуурт” ХХК-ний хуулийн мэргэжилтнээр 2017 оны 05 дугаар сард ажилд ороод өнөөдрийг хүртэл ажиллаж байна. Мөн Сэлэнгэ аймгийн Цагааннуур сумын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Баяндулаан Уул” ХХК-нь “Гацуурт” ХХК-нд хамаарал бүхий нэг эзэнтэй учир “Баяндулаан Уул” ХХК-нийг төлөөлөн хохирогчоор томилогдон энэ хэрэгт хохирогчоор оролцож байна. “Гацуурт” ХХК-ний хамаарал бүхий “Баяндулаан Уул” ХХК нь Сэлэнгэ аймгийн Цагааннуур сумын нутаг дэвсгэрт газар тариалан, мал аж ахуйн үйл ажиллагаа явуулдаг ба тус сумын "Нам даваа” гэдэг газраас малын бэлчээрийн модон банзыг 2019 оны 03 дугаар сарын 30-ны өдөр Цагааннуур сумын малчид хулгайлсан тухай “Баяндулаан Уул” ХХК-ний салбарын орлогч дарга Т.Энхтуяа гэдэг хүн Сэлэнгэ аймгийн Цагдаагийн газарт гомдол гаргасан. Ингээд “Баяндулаан Уул” ХХК-ний захирал Л.Чинбат намайг 2019 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр энэ хэрэгт хохирогчоор томилсон. Манай “Баяндулаан Уул” ХХК нь “Хөх сэрх буудай” гэрээт харуул хамгаалалтын албатай хамтарч ажжилладаг ба уг компаний харуулууд “Нам даваа”-ны хашаа болон бусад обьектыг тогтмол эргэж шалгадаг юм. Ингэж шалгаж явах хугацаандаа уг малын бэлчээрийн хашааны банз хулгайлсан Цагааннуур сумын 3 иргэнийг барьж Цагааннуур сумын Цагдаагийн хэсэгт хүлээлгэн өгсөн. Манай компаний малын бэлчээрийн модон банзнаас үйлдэл дээрээ хулгайлж байгаад баригдсан банз нь 5 см зузаантай, 4 метрийн урттай 72 ширхэг банз авч байгаад баридсан. “Баяндулаан Уул” ХХК нь уг хашааг 2017 оны 8 дугаар сард Улаанбаатар хотын “Хөх Морьт трейд” ХХК нь ашиглалтанд оруулсан. Үүнээс хойш манай компаний малын бэлчээрийн модон хашааны банз хэд хэдэн удаа алга болж байсан удаатай. Иймд банз хулгайлж байгаад баригдсан 3 иргэнийг цувуулан авсан байх магадлалтай гэж үзэж байна. Манай компанид 1.058.880 төгрөгний хохирол учирсан. Манай компани Цагааннуур сумын “Нам даваа” гэх газарт малын бэлчээрийн модон хашааны банзнаас 2017 оны 12 дугаар сараас хойш цувуулан 682 ширхэг 5 см зузаантай, 4 метрийн урттай банзыг хулгайлсан байх магадалтай гэж сэжиглэж байгаа тул эдгээр гурван иргэнийг шалгуулах саналтай байна. Энэ талаар хохирлын актыг шинэчлэн гаргаж өгч байна. Сая хулгай хийсэн хүмүүсийг хулгайлсан байж болзошгүй гэж үзэж байна. ...гэх мэдүүлэг, /хх-ийн 24-25-р ху/, 4.Хохирогч П.Урангоогийн шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн: ...Манай ажилчид салбар руу 2019 оны 03 дугаар сарын 30-ны өдөр “Баян Дулаан Уул” ХХК-ний Тийрэг гэх газар байрлах хашааны банзуудыг овоолоод тавьсан байхыг хараад. Хэн ирж авахыг хараад байж байхад. 3 хүн ирээд ачих гэж байхад нь барьж авсан юм. Манай компани 72 ширхэг банзыг буцаан тоо ёсоор авсан. Банз модонд хохирол төлбөр байхгүй. Харин хашаа барьсан, хашааны мод тээвэрлэсэн зардал, материалын зардал гээд 206.800 төгрөг нэхэмжилж байна. Баримт байхгүй. Нөхөн төлөх акт гарган өгсөн. Маш олон сумдад үйл ажиллагаа явуулдаг. Сүүлийн үед хулгай гараад байгаа болохоор харуул хамгаалалтаа сайжруулан анхаарч ажиллаж байгаа. Шүүгдэгчид гомдол санал байхгүй. ...гэх мэдүүлэг, 5.Иргэний нэхэмжлэгч М.Мөнхнайрамдалын 2019 оны 05 дугаар сарын 21-ний өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ...Миний өөрийн нэр дээр хөх цэнхэр өнгийн 02-83 СЭА улсын дугаартай ачааны “Портер” маркийн тээврийн хэрэгсэл байдаг. Энэ тээврийн хэрэгслийг 2018 онд хувь хүнээс худалдан авч байсан. Анх худалдан авахдаа 2,500,000 төгрөгөөр худалдан авч байсан. Би унаж хэрэглээд 1 жил гаран болж байна. 2019 оны 03 дугаар сарын 30-ны өдөр 13 цагийн үед гэртээ хашаандаа гэрийнхээ ажлыг хийгээд байж байхад манай хамаатны дүү болох Ц.Улаанцэцэг нь над руу утасдаж “Ахаа та банз мод ачаад өгөөч” гэж гуйсан. Би тэгэхээр нь “жоохон ажилтай байна ах руугаа өдөр залгаарай” гэж хэлээд утсаа салгасан. Ингээд орой 18 цаг өнгөр байхад Улаанцэцэг над руу дахин залгаж “ Ахаа та хүрээд ирээч, мод ачаад өгөөч” гэж хэлэхээр нь “за ах нь одоо завтай болсон одоо очье” гэж хэлээд өөрийн машинтай Ц.Улаанцэцэгийн гэр рүү явсан. Надтай хамт манай хүү Ганзам хамт явсан, манай хүү 9 дүгээр ангид суралцдаг. Ингээд Цагааннуур сумын “Нам даваа” нэртэй газар Улаанцэцэгийн гэрт очиж хоол идчихээд 20 цаг өнгөрч байхад Улаанцэцэг, 1 ой 6 сартай нялх хүүхэдтэйгээ, нөхөр Баянзул нарын хамт нөгөө мод ачих гэж байсан газар руу нь хамт явсан. Тухайн газар Улаанцэцэгийн гэрээс нь 1-2 км гаран зайтай, Цагааннуур сумаас Түшиг сум руу явах төв сайжруулсан шороон замаас 10 метр зайд хураалгаатай хадаастай хар модон банзнууд байсан. Уг банзнуудыг хажууд очиж зогсоод Баянзулын хамт уг моднуудыг миний машинд ачиж дуусах үед гэнэт л машин гарч ирээд хүмүүс бууж ирсэн. Тэр үед Улаанцэцэг нялх хүүхэдтэйгээ машинд сууж байсан. Машинтай ирсэн ирсэн хүмүүс бууж ирээд “ яагаад манай компаний модыг ачиж байгаа юм бэ” гэж хэлэх үед нь би хулгайн мод ачиж байна гэж мэдээд тухайн хүмүүстэй Улаанцэцэг уулзаад байсан. Тэр хүмүүс Баянзул бид 2-г машинтай нь Цагааннуур сумын төв рүү аваачиж, Улаанцэцэгийн гэрт нь буулгасан. Ийм зүйл болсон. Мод ачиж дуусах үед машин ирээд хүмүүс “яагаад манай компаний мод ачаад байгаа юм бэ” гэж хэлэх үед л хулгайн юм байна гэж мэдээд, Улаанцэцэг, Баянзул нарт уурлаж, бухимдсан юм. Улаанцэцэг, Баянзул нарын амьдрал хүнд хэцүү болохоор нь ойр зуурын зүйлд нь туслая гэсэн бодолтой явж байгаад ийм байдалд орчихлоо. 70 ширхэг хар модон хуучин, хадаастай банз байсан. Уг банзнууд 4 метрийн урттай байсан. Тухайн газарт хашааны шонгууд хоорондоо зайтай байдалтай зоосон байсан бөгөөд уг шонгууд дээр нэг ч хашааны банз байгааүй, ойр орчим ч хураалгаатай модноос өөр мод байхгүй байсан. Тухайн газарт ”Гацуурт” ХХК-ний үйл ажиллагаа явуулдаг гэдгийг мэддэг. Харин мод хураалгаатай байсан “Нам даваа” нэртэй газарт ямар нэгэн компани үйл ажиллагаа явуулдаг талаар мэдэхгүй. Тухайн газарт ямар ч байсан л шонгууд байсан боловч ямар учиртайг нь мэдээгүй, гадаа харанхуй үзэгдэх орчин муу байсан, машины гэрэлд урдах зүйлийг харах боломжтой. Би өмнө нь мод хураалгаатай байсан газрын ойр орчмоор явж байгаагүй, явах ч шаардлага байдаггүй байсан. Намайг дагуулж мэдүүлгийг газар дээр шалгах өдөр тухайн газарт очиж нөхцөл байдалтай танилцаж, харсан байгаа. Улаанцэцэг надад мөнгө төгрөг амласан зүйл байхгүй. Улаанцэцэг, Баянзул нарын амьдралыг мэдэх учраас энэ хүмүүс надад мөнгө төгрөг, бензиний ч мөнгө өгөх чадваргүй, зүгээр туслая гэсэн бодолтой юу ч авалгүй очиж модыг нь ачиж өгч байсан юм. Миний хувьд тээврийн хэрэгслийг нэхэмжпэх хүсэлтэй байна. Өөр надад нэхэмжпэх зүйл байхгүй. Миний тээврийн хэрэгслийг надад эргүүлэн олгож өгнө үү гэж хүсмээр байна. ...гэх мэдүүлэг, /хх-ийн 27-28-р ху/, 6.Гэрч У.Амгаланбаатарын 2019 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ...2019 оны 03 дугаар сарын 30-ны өдөр “Гацуурт” ХХК-ний жолооч Баатар, нярав Мөнхтулга, нар “Сайхан толгой”-руу хүнсэндээ явууд буцаад явж байхад “Нам даваа” дахь малын бэлчээрийн хашааг буулгаж овоолчихсон гэж ярьж байсан. Тэгээд тэр орой 21 цагийн орчим би зээрэнгийн харуулын байранд байхад хамгаалагч авч явна гээд намайг аваад явсан. Тэгтэл “Нам даваан” дээр нярав Мөнхтулга, Баатар Мөнхбулган бид дөрөв ирж, уг малын бэлчээрийн хашааг үзэж харахад банз овоолгоотой байсан. Тэгээд хэн ирж авахыг хараад модон дотор нуугдаж хүлээж байхад цаанаас нэг гэрэл гараад машин ирж, тэнд байх нэг айл руу ороод 20 орчим минут болоод буцаж гараад хөдөлсөн. Тэгээд “Нам даваа чигтэй явж байгаад малын бэлчээрийн хашаа руу иргэж овоолгоотой банзан дээр ирж банз ачаад байхаар нь бид хэд машинтай явж очсон. Тэгтэл банзыг цэнхэр өнгийн “портер” дээр бүгдийг нь ачсан байдалтай хөдлөх гэж байсан. Тэгээд бид нар уулзахад 3 том хүн, 1 хүүхэд байсан. Ингээд тэр улсуудтай уулзаад Цагааннуурын Цагдаагийн хэсэг рүү манай ахлах Алтангэрэл ирж аваад явсан. Бид нар буцаад явсан. ...гэх мэдүүлэг, /хх-ийн 29-30-р ху/, 7.Гэрч Б.Алтангэрэлийн 2019 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ...2019 оны 03 дугаар сарын 30-ны өдөр “Гацуурт” ХХК-ны “Сайхан толгой” мал аж ахуй хариуцсан орлогч Энхтуяа, “Цагааннуурын Нам даваа гэх газар хашааны банз ачихад бэлдээд овоолж тавьсан байна. Зээрэн салбарын нярав Булган хэллээ, эндээс жолооч Алтанболдыг авч явж харж хоно” гэсний дагуу би хамгаалагч Гэрэлт-од, жолооч Алтанболд бид гурав “Сайхан толгой” салбараас 21 цагийн үед гарч 22 цагийн үед нам даваан дээр очсон. Тэгтэл тэнд зээрэнгийн нярав Булган, жолооч Баатар, хамгаалагч Амгаланбаатар нар банз ачсан “портер” машины жолооч нартай нь хамт саатуулсан байдалтай байсан. Ингээд бид нар банз ачсан машиныг жолоочтой нь аваад Цагааннуурын цагдаагийн хэсэг дээр ирж цагдаа Цэнддоржид хүлээлгэж өгсөн. Банз хулгайгаар ачсан гэх жолооч болон өөр 2 хүн өөр бага насны хүүхэд зэрэг байсан. Бид нарыг очиход “Нам даваа” давдаг замын хажууд компаний хашааны тэнд байсан энэ “портер”оос өөр машин байхгүй Зээрэнгийн бонго машин байсан. Банз авч байсан малчны эхнэр нь надад “энд банз ачиж явсан машин банзаа асгачихаж гэж бодоод сумын төвөөс жолооч дуудаж ачиж байсан” гэж хэлсэн. “Нам даваа”- ны орчмоос хичнээн хэрийн хэмжээний банз хэзээ алга болсон талаар мэдэхгүй. Би сая 2019 оны 03 дугаар сарын 20-нд ирсэн харуул солилцож нэг удаа энэ орчмоор явсан. Энэ газрыг би сайн мэдэхгүй. “Нам даваа”-ны орчимд хашаа хороог хамгаасан харуул байхгүй, цаашаа Түшиг сумын “10 нас” гэх газарт 2 харуул ажилладаг, үндсэндээ хашааны банз алга болсон газар харуул хамгаалалт байхгүй эзгүй байдаг юм. ...гэх мэдүүлэг, /хх-ийн 31- 32-р ху/, 8.Гэрч Ц.Алтанболдын 2019 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ...Тэр орой 21 цагийн үед “Сайхан толгой” мал аж ахуй хариуцсан орлогч Энхтулга “хашааны банз алга болоод байна харуулын даргатай харуул аваад яв банзнуудыг бүгдийг нь хураагаад тавьчихсан байна” гэж хэлсэн. Ингээд би харуулын ахлах Алтангэрэл харуул Гэрэлт-од нарын хамт жижиг машинтай явж 21 цаг 50 минутын орчимд Цагааннуураас Түшиг сумруу давдаг “Нам даваа”-ны доор байх, манай салбарын малын өвөлжөө тойрсон банзан хашааны дай мод болгож шонд хадсан банзнаас 1 “портер” машин банз ачсан байдалтай 3 хүнтэй байсан. Мөн манай Зээрэн салбарын нярав Булган жолооч Баатар, хамгаалагч Амгаланбаатар нар ирчихсэн байсан. Тэгээд харуулын ахлах нөгөө банз ачсан “портер”ийг жолоочтой нь авч Цагааннуур сумын цагдаагийн хэсэг дээр ирсэн, нэг хүн нь миний машинд сууж ирсэн. Банз ачсан хүмүүс “Нам даваа”-ны урд талд хаварждаг хүмүүс гэж байсан. ...гэх мэдүүлэг, /хх-ийн 33-р ху/, 9.Гэрч Т.Баянзулын 2019 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ... Би бичиг үсэг мэдэхгүй. Би өмгөөлөгч авахгүй. Ямарч байсан банз ачсанаа хэлээд өгье. Би мэдүүлэг өгнө бичиг үсэг мэдэхгүй ч гэсэн өгье. Эхнэрийг хажууд байлгаж өгнө үү. /Нэлээд салгалаад сандраад байна/. Би эмнэлгийн хяналтанд одоо байхгүй урьд нь сэтгэцийн өвчний группэд байж байгаад 2 жилийн өмнөөс сунгуулж чадахгүй байсаар байгаад хасагдсан. /Мөн сандраад байна/. Манай авгай хонь хариулж яваад хадам дүүтэй хамт явсан. Тэгээд “тэнд хураачихсан банз байна” гээд ирсэн. Би тэгээд “хаана юун банз байдаг юм” гээд явж харсан. Очиход хураалгаатай банз байсан. Тэгээд гэрт очоод авгай “хоёулаа яах уу” гээд ярилцаад Мөөнөөг дуудсан, портер машинтай орой ирсэн. Тэгээд явж ачаад яг хөдлөх гэж байтал “Гацуурт” ХХК-ны хүмүүс ирсэн. Би сандраад гүйгээд байсан. ...гэх мэдүүлэг /хх-ийн 36-р ху/, 10.Гэрч Т.Мөнхтуяагийн 2019 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ...Би “Гацуурт” ХХК-ны “Баяндулаан уул” ХХК-ний Газар тариалан мал аж ахуй хариуцсан орлогч даргын ажлыг 2019 оны 02-р сарын 23-наас эхэлж хийж байна. Энэ компанид нийт 10 жил ажиллаж байна. Манай компани тариалангийн талбай болон малын бэлчээрийн хөрсийг авто машин, малаас хамгаалж Цагааннуураас Түшиг сумруу явах замд байх “Нам даваа” гэдэг газар байдаг хашааны банз алга болсон. Ингээд Цагдаагийн байгууллагад хандаж байна. 2019 оны 03-р сарын 23-ны орчим Нам даваанд байх хашаанаас 24 ширхэг 4 метрийн урттай банз алга болсон байсан. Ингээд 2019 оны 03-р сарын 30-нд Зээрэнгийн нярав Мөнхбулган жолооч Баатар нар 17 цагийн орчим надруу утсаар “”Нам давааны” энгэрт байх малын бэлчээрийн хашааны банзыг хүн авахаар хураагаад тавьсан байна. Одоо яах уу би хүнсээ буулгачхаад хараад байж байхуу” гэж хэлэхээр нь “би эндээс би хамгаалалт аваад гарна” гэж хэлсэн. Тэгээд Мөнхбулган Баатар нар хүнсээ буулгачхаад хамгаалагч Амгаланбаатарыг аваад ирсэн гэж мэдэгдсэн. Тэгээд бид нартай станцаар холбогдож “машин ирж ачихыг нь хүлээж байна” гээд, тэгээд машин ирэхээр нь надруу ярьж яах талаараа асуусан. Тэгэхээр нь би “ачаад яг баримттай болохоор нь очиж зургийг нь авч баримтжуул” гэж хэлсэн. Тэд нар очоод нөгөө хүмүүсээ бариад авсан байна лээ. Би Цагааннуураас сумын цагдаад мэдэгдсэн чинь “машин эвдэрсэн” гэсэн. Энэ үед манай харуулын ахлах Алтангэрэл нар очоод Баатар, Мөнхбулган хоёрыг цааш нь явуулаад тэр банз ачсан машиныг аваад цагдаад авчирж өгсөн. Яг тэр обьектэд малын бэлчээрийн хашаа болон худаг өвөлжөө зэргийг хардаг харуул манаач байхгүй.Зун намарт мал гарахаар малчид очдог. Уг малын бэлчээрийн хашааг хэзээ хичнээн төгрөгний материал зарцуулсанг би мэдэхгүй байна. Энэ хашааг 2018 оны намар барьсан байх би сайн мэдэхгүй байна. Малын бэлчээрийн хашааны банз алга болсонд хичнээн төгрөгний хохирол учирсан талаар нарийн гаргасан зүйл алга. ...гэх мэдүүлэг, /хх-ийн 39-40-р ху/, 11.Гэрч Н.Мөнхбулганы мөрдөн байцаалтын шатанд 2019 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр өгсөн: ...Би одоо “Гацуурт” ХХК-ны Зэлтэр буюу “Зээрэн” салбарын нярав ажилтай. 2019 оны 03-р сарын 30-ны өдөр 11 цагийн үед Түшиг суманд байх Зээрэнгийн салбараас хүнсээ авахаар “Сайхан толгой”н салбар луу явсан. Ингэж явахдаа нам даваагаар давж явахад нам даваанд байдаг малын бэлчээрийн хашааны шонгийн хоорондох банзнууд бүтэн байсан доошлох тусмаа энд тэндээ нэг хоёр газар хэд хэдэн банз байхгүй байсан. Ингээд “Сайхан толгой”гоос хүнсээ аваад 18 цагийн орчим Зээрэн салбарлуу буцахад “Нам даваа”-ны орчмын өдөр бүтэн байсан малын бэлчээрийн хашаа алга болчихсон, харин хажууд нь гурван хэсэг болгоод хураагаад тавьчихсан байсан. Тэгээд би Энхтуяа дарга луу яриад “Нам давааны хашааны банзыг буулгаж хураасан байна. Манайх өөрсдөө татаж авч байгаа юм уу” гэж асуухад “үгүй тийм юм байхгүй, наадах чинь аягүй бол хулгай авах гэж байгаа юм байна. Эндээс машин гаргаж шалгуулъя” гэж хэлсэн. Жолооч бид хоёр юу ч гэсэн “хүнсээ буулгая” гээд Зээрэн салбар орсон. Тэгтэл Энхтуяа дарга “та хоёр хамгаалагч аваад юу ч гэсэн очоод байж бай, эндээс хүмүүс гаргана” гэхээр нь хамгаалагч Амгаланбаатарыг аваад жолооч Баатар бид хэд 20 цаг өнгөрч байхад “Нам даваан” дээр очоод банзаа шалгаж үзэхэд, гурван хэсэг хураалттай хэвэндээ байсан. Тэгэхээр нь “Сайхан толгой”гоос ирэх харуул, хамгаалалтын машинаа хүлээгээд зогсож байтал урдуур цэнхэр портер нэлээд хурдтай явж өнгөрсөн. Тэгээд нам давааны доор байх гэртэй айлд очоод удалгүй нөгөө портер Нам даваа чигтэй Түшиг сумруу чиглэж явж байгаад малын бэлчээрийн хашаа руу салаад иргээд тэнд гэрлээ унтрааж удсан. Ингээд бид нар станцаар ярих гэтэл холбогдохгүй байсан. Ингээд “шууд нөгөө машин руугаа очьё” гээд очтол банзнуудыг бүгдийн ачаад хөдлөх гэж байсан. Тэгээд удалгүй “сайхан толгой”гоос харуулын ахлах Алтангэрэл гэж хүн, нөгөө машиныг Цагааннуурын цагдаа луу авч явсан. Бид хэд буцаад Зээрэн лүү явсан. Яг очиход бүх банзыг портер дээр ачсан байдалтай мөн олсоор банзаа уяах гээд байж байсан. 2 эрэгтэй хүн машины гадна байсан, машин дотор нь нэг эмэгтэй хүн 7-р, 5-р ангийн гэмээр хүүхэд байсан өөр хүн байгаагүй. Ачихдаа гэрэлгүйгээр гурван газраас ачсан. Анх очихдоо зам салахдаа гэрлээ унтраасан, тэрнээс дахиж асаагаагүй ингэхдээ шороон замаас салаад малын бэлчээрийн хашааруу салаад 100 орчим метр газар гэрэлгүй явсан. Мөн гурван хэсэг газраас банзаа ачихдаа гэрэлгүй явсан. Би “та нар яагаад банз ачиж байгаа юм бэ” гэж асуухад, нэг нь “манай энд сул хураагаад тавьсан банз байна. Ирээд аваач гэж энэ хэлсэн” гээд нөгөөдөх рүүгээ зааж байсан. Мөн “би хулгайн юм гэдгийг мэдээгүй” гэж хэлсэн. Би тэгэхээр нь “та хулгайн юм гэдгийн мэдээгүй байж зам салаад гэрэл унтраагаад харанхуйгаар ачдаг юм уу” гэтэл “энэ муугаас болж байгаа юм” гээд нөгөөхөө цамцаараа цохиод байсан дахиж юм хэлээгүй. Миний харснаар тухайн өдөр 11 цагийн орчим уг банзыг хурааж тавиагүй байсан. Харин буцаж 18 цагийн орчим явахад хураагаад тавьчихсан байсан. Би буцахдаа яг очиж хараагүй зам дээрээс гурван газар хураасан харагдаж байсан. ...гэх мэдүүлэг, /хх-ийн 41-42-р ху/, 12.Насанд хүрээгүй гэрч Б.Ганзамын 2019 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ...2019 оны 03 дугаар сарын 30-ны өглөө 07 цаг гэж хичээлдээ яваад өдөр 13 цагт тарсан. Хичээл тарснаас хойш гэртээ байсан. Аав Мөнхнайрамдал өдөржин гэртээ ойр зуурын ажил хийж байгаад орой 18 цагийн үед намайг “хамт хөдөө явах уу” гэж асуусан. Тэгэхээр нь аавтай хамт явахыг зөвшөөрсөн. Аав бид 2, аавын цэнхэр өнгийн “Портер” маркийн машинтай 18 цаг өнгөрч байхад гарч Улаанцэцэг эгчийнх рүү явсан. Улаанцэцэг эгчийнд очиход, Улаанцэцэг, нөхөртэйгөө, 3 хүүхэд нь байсан. Ингээд гэрт нь хоол идчихээд 20 цагийн үед Улаанцэцэг эгч, нөхөр болох Баянзул, жоохон хүүхэдтэйгээ бид нар хамтдаа нэг газар руу явсан. Би ямар нэртэй газарт машинтайгаа явж очсон талаар мэдэхгүй байна. Аав, Баянзул ах нар машинд мод ачаад байсан. Би Улаанцэцэг эгчийн хамт хүүхэдтэй нь машинд сууж байсан. Би хэсэг зүүрмэглээд нойрмоглоод байж байхад гэнэт л машины гэрэл харагдаад машинтай хүмүүс ирсэн. Машинтай ирсэн хүмүүс аав, Баянзул нартай уулзаж байгаад тэр хүмүүстэй хамт явахаар болсон. Улаанцэцэг эгчийг хүүхэдтэй нь гэрт нь буулгаж, аав, Баянзул бид 3 Цагааннуур сумын цагдаагийн хэсэг рүү явсан. Анх бол гэрээсээ аавын хамт Улаанцэцэгийн эгчийнх рүү явсан. Улаанцэцэг эгчийнд очоод бид нар ямар нэртэй хашаа очсон газраа мэдэхгүй байна, гадаа харанхуй болсон, цаг хэд болж байсаныг мэдэхгүй байна. Аав, Баянзул ах, Улаанцэцэг эгч нар хоорондоо ойр зуурын зүйл ярьж явсан. Ажил, төрөл, хүүхдүүд мал гээд зүйлүүд ярилцаж байсан. Би хэдэн ширхэг мод ачсан талаар мэдэхгүй байна. Би огт машинаас буугаагүй, нойрмоглоод зүүрмэглээд сууж байсан. Улаанцэцэг эгч ой 1 сартай хүүхэдтэйгээ хамт машинаас буугаагүй. Машинтай хүмүүс гарч ирсний дараа аав, Баянзул, Улаанцэцэг нар руу жоохон уурлаад байсан. Аав “Та нар надаар хулгайн мод ачуулаад байсан юм уу” гэж уурлаж байсан. Би бас сайн анзаарч хараагүй, хүмүүс гадаа хоорондоо ярилцаж байхад нь машинаасаа гараагүй, ямар ч байсан аав, эгч нарын яриаг сонссон юм. Аав, Баянзул ах нар машин дээр мод ачиж байхад ойр хавьд нь өөр машинтай хүмүүс байгаагүй. Гадаа харанхуй байсан болохоор ямар газарт очсон оо мэдэхгүй байгаа. ...гэх мэдүүлэг, /хх-ийн 43-р ху/, 13.Гэрч Б.Чулуунцэцэгийн 2019 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ... Манай хадам ах Т.Баянзул нь ам бүл 6, эхнэр, 4 хүүхдийн хамт амьдардаг. Баянзулын хамгийн том хүү Б.Баянцогт 11 настай, 5 дугаар ангид сурдаг. Түүний дараа 5 настай хүү Б.Бүрэнсамбуу, дараа нь Б.Баярмаа 4 настай охин, Б.Мөнхбаяр 1 нас 6 сартай хүү байгаа. Б.Баянцогтоос бусад хүүхэд нь хөдөө гэртээ ээж, аавын хамт байдаг. Манай хадам ах сумын эмнэлэгт сэтгэцийн хяналтанд байдаг ба группт байдаг байсан. Гэхдээ одоо байгаа үгүйг нь би мэдэхгүй байна. Манай хадам ах Баянзул амьдралын түвшин доогуур нэн ядуу айл байгаа юм. Манай хадам ах Баянзул эхнэрийн хамт хувьдаа малгүй, малчдын хуц, ухна маллаж амьдардаг. Сумын халамжаас хүүхдийн 20.000 төгрөгөөр амьдралаа залгуулан амьдардаг, маш хэцүү амьдралтай айл өрх байгаа юм. Бид нар өөрсдөөсөө бага зэрэг юм илүү гарвал хадам ах Баянзулд илүүчилж амьдарч байна даа. Манай хадам ах Баянзул нь бичиг үсэг мэдэхгүй, татаж унадаг, ээрч гацаж ярьдаг, зүрх муу, аймхай, нийтэч биш, хүнд ойлгуулж ярихдаа муу хүн байгаа юм. Ой ухаан нь орж гардаг. Улаанцэцэг бид хоёр нэг айлын бэрүүд, эхнэр нь Баянзул ахыг нааш цааш нь дагуулан авч явдаг. Баян зул ах архи уудаггүй. Манай хадам ах их дуугүй, хүнтэй хэр бараг ярилцахгүй, хүнд өөрийгөө ойлгуулж чаддаггүй, ойлгохдоо муу, бичиг үсэг мэдэхгүй, сэтгэцийн өвчтэй хүн байгаа юм. Манай хадам ах амьдрал маш хүнд нэн ядуу айл өрхийн судалгаанд байдаг ба багийн засаг дарга Б.Ууганбаяр нэн ядуу айлын өрхөд хамруулна гэсэн сурагтай байсан. Сумын халамжаас картын бараанд хамрагддаг талаар надад мэдэх зүйл байхгүй байна. .... гэх мэдүүлэг, /хх-ийн 44-45-р ху/, 14.Гэрч Т.Ариунтунгалагийн 2019 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ... Манай дүү Т.Баянзул нь ам бүл 6, эхнэр, 4 хүүхдийн хамт амьдардаг. Баянзулын хамгийн том хүү Б.Баянцогт 11 настай, 5 дугаар ангид сурдаг. Түүний дараа 5 настай хүү Бүрэнсамбуу, Б.Баярмаа 4 настай, Б.Мөнхбаяр 1 нас 6 сартай хүү байгаа. Б.Баянцогтоос бусад хүүхэд хөдөө гэртээ ээж, аавын хамт байдаг. Манай дүү сумын эмнэлэгт сэтгэцийн хяналтанд байдаг ба группт байдаг. Манай дүү Баянзул амьдралын түвшин доогуур нэн ядуу айл байгаа юм. Манай Баянзул эхнэрийн хамт хувьдаа малгүй, малчдын хуц, ухна маллаж амьдардаг. Сумын халамжаас хүүхдийн 20.000 төгрөгөөр амьдралаа залгуулан амьдардаг, маш хэцүү амьдралтай айлын нэг байгаа юм. Бид нар өөрсдөөсөө бага зэрэг юм илүү гарвал дүүдээ илүүчилж амьдарч байна даа. Манай дүү Баянзул нь бичиг үсэг мэдэхгүй, татаж унадаг, ээрч гацаж ярьдаг, зүрх муу, аймхай, нийтэч биш, хүнд ойлгуулж ярихдаа муу хүн байгаа юм. Ой ухаан нь орж гардаг. Манай дүүгийн эхнэр Улаанцэцэг мөнхийн дагаж явдаг. Манай дүү архи уудаггүй. Манай дүү уг нь их дуугүй, хүнтэй хэр бараг ярилцахгүй, хүнд өөрийгөө ойлгуулж чаддаггүй, ойлгохдоо муу, бичиг үсэг мэдэхгүй, сэтгэцийн өвчтэй хүн байгаа юм. Манай дүүгийн амьдрал маш хүнд нэн ядуу айл өрхийн судалгаанд байдаг ба багийн засаг дарга Б.Ууганбаяр нэн ядуу айлын өрхөд хамруулна гэж байсан. Сумын халамжаас картын бараанд хамрагддаг талаар надад мэдэх зүйл байхгүй байна. ...гэх мэдүүлэг, /хх-ийн 46-47-р ху/, 15.Гэрч Б.Ууганбаярын 2019 оны 05 дугаар сарын 27-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ...Би Т.Баянзул, Д.Улаанцэцэг нарыг танина, манай багийн малчид байгаа юм. Би энэ хоёртой төрөл садангийн холбоо байхгүй, миний зүгээс мэдүүлэг өгөхөд татгалзах зүйлгүй. Би Сэлэнгэ аймгийн Цагааннуур сумын 1 дүгээр багийн засаг даргын ажил хийдэг. 2013 оноос хойш өнөөдрийг хүртэл ажиллаж байна. Манай багийн малчин Т.Баянзул, Д.Улаанцэцэг нар нь даруухан, янз бүрийн ааш араншин гаргаад байдаггүй хүмүүс. Манай багийн “ноёны булаг” гэх газарт зусдаг, малчдын хуц, ухна хариулдаг. Өөрсдөө цөөхөн малтай, тооллогын үеэр цөөхөн хэдэн мал тоологдсон. Бусадтай гайгүй нээлттэй байдаг. Манай багийн нийтийн ажилд бага зэрэг хойрго ханддаг. Т.Баянзул, Д.Улаанцэцэг нарын ар гэрийн амьдрал тааруу, амьжиргааны баталгаажих төвшингөөс доогуур орлоготой айл өрхөд хамрагддаг. Олон нялх хүүхэдтэй, мал гээд байх зүйл байхгүй малчин байгаа юм. Ер нь даруухан, янз бүрийн ааш гаргаад байдаггүй. Т.Баянзул нь манай сумын эмнэлэгт сэтгэцийн өөрчлөлттэй хүмүүсийн бүртгэл судалгаанд байдаг. ...гэх мэдүүлэг /хх-ийн 48-р ху/, 16.Гэрч Т.Галбадрахын 2019 оны 05 дугаар сарын 27-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ... Би Сэлэнгэ аймгийн Цагааннуур суманд эхнэр, 4 хүүхдүүдийн хамт хувиараа алт, мөнгөний дарханы ажил хийж амьдардаг. Манай эхнэр ерөнхий боловсролын сургуульд манаачийн ажил хийдэг. Би Д.Улаанцэцэгийг танина. Манай Цагааннуур сумын иргэн. Улаанцэцэг, Баянзул нар нь 4 хүүхдийн хамт Сэлэнгэ аймгийн Цагааннуур суманд хувиараа хүний мал маллаж амьдардаг. Мөнхнайрамдалын хадмын талын хамаатан хүмүүс, би Мөнхнайрамдалтай найз нөхдийн холбоотой. Тэрүүгээрэй Улаанцэцэг түүний нөхөр Баянзул нарыг танина. Улаанцэцэг нь даруухан, мэндтэй, устай явдаг байгаа юм. Энэ хоёр хувиараа малчдын хуц, ухна хариулдаг, өөрсдөө цөөхөн хэдэн малтай. Улаанцэцэг, Баянзул нар нь даруухан хүмүүс байдаг. Баянзулын эхнэр Улаанцэцэг гайгүй, харин Баянзул нь нь бичиг үсэг мэдэхгүй, татаж унадаг, ээрч гацаж ярьдаг, зүрх муу, аймхай, нийтэч биш, хүнд ойлгуулж ярихдаа муу хүн байгаа юм. Ой ухаан нь орж гардаг нөхөр дөө. Энэ хоёр архи дарс уугаад байдаггүй. Баянзул, Улаанцэцэг нарын амьдрал маш хүнд нэн ядуу айл өрхийн судалгаанд байдаг гэсэн. Сумын халамжаас картын бараанд хамрагддаг талаар надад мэдэх зүйл байхгүй байна. ...гэх мэдүүлэг, /хх-ийн 49-50-р ху/, 17.Шүүх сэтгэц эмгэг судлалын эмнэлгийн 2019 оны 04 дүгээр сарын 12- ны өдрийн №40/19 дугаартай магадлагааны дүгнэлт хэсэгт: 1.Т.Баянзул нь тархины өвчин, гэмтэл үйлийн шалтгаант бие хүний ба төрх үйлийн бусад органик эмгэгтэй болно. 2.Т.Баянзул нь тархины өвчин, гэмтэл үйлийн шалтгаант бие хүний ба төрх үйлийн бусад органик эмгэг удамшлын байх магадлалтай. 3.Т.Баянзул нь тархины өвчин, гэмтэл үйлийн шалтгаант бие хүний ба төрх үйлийн бусад органик эмгэгтэй тул хэрэг хариуцах чадваргүй болно. 4. Т.Баянзул нь тархины өвчин, гэмтэл үйлийн шалтгаант бие хүний ба төрх үйлийн бусад органик эмгэгтэй боловч албадан эмчилгээ шаардлагагүй болно. ...гэх дүгнэлт /хх-ийн 59-р ху/, 18.“Ашид Билгүүн” ХХК-ний 2019 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн үнэлгээний дүгнэлтийн дүгнэлт хэсэгт: Сэлэнгэ аймаг дахь Цагдаагийн газрын хэсгийн төлөөлөгч цагдаагийн хошууч М.Гантөмөрийн ирүүлсэн тогтоолын дагуу 02-83 СЭА улсын дугаартай 2002 онд Солонгос улсад үйлдвэрлэгдэж 2018 онд Монгол улсад орж ирсэн Hyundai porter маркын автомашины өнгө үзэмж техникийн байдлаас хамаарч 2019 оны 04 дүгээр сарын байдлаар 2,000,000 /хоёр сая/-н төгрөг болохыг тодорхойлов. ...гэх дүгнэлт, /хх-ийн 67-р ху/, 19.Сэлэнгэ аймгийн “Сэлэнгэ” бүсийн сум дундын ойн ангийн экологи эдийн засгийн үнэлгээний тогтоосон дүгнэлтэнд: Нийт 70 ширхэг урд нь ашиглаж байсан хуурай шинэс зүсмэл материал, цэвэр банзны зузаан 4.5 см, өргөн 15 см, урт 3.98 метр, бөгөөд 1.883 метр куб, модыг БОАЖ-ын Сайдын 2009 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 394 дугаар тушаалын 1 дүгээр хавсралт "Ойн сангийн нэг шоометр модны экологи эдийн засгийн үнэлгээг үндэслэн тогтооход Сэлэнгэ аймгийн ойн сан 3-р мужид хамрагддаг бөгөөд Ойн нөөцийн төлбөрийн үнэлгээгээр: 1.883 метр куб шинэсэн хуурай банз модыг х 96000= 180.768 төгрөг болж байна. гэх дүгнэлт, /хх-ийн 74-75-р ху/, 20.“Ашид Билгүүн” ХХК-ний 2019 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн үнэлгээний дүгнэлтийн дүгнэлт хэсэгт: № Нэр төрөл Хэмжих нэгж Тоо Нэгжийн үнэ, төгрөгөө р Нийт үнэ төгрөгөө р Тайлбар 1 5см зузаантай 15см өргөнтэй 4 метрийн урттай хуурай банз М3 1.883 500.000 941.500 94262514, 88335175гэсэ н дугаар дээр нэг ширхэг нь 15000 гэв Нийт дүн 941.500 Тайлангаар үнэлэгдэж буй хөрөнгийн 2019 оны 04 сарын байдлаар зах зээлийн үнэ цэнэ нийт 941.500/есөн зуун дөчин нэгэн мянга таван зуу/-н төгрөгөөр тогтоов. ...гэх дүгнэлт, /хх-ийн 80-р ху/, 21.Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /ххийн 04-07-р ху/, эд мөрийн баримтаар банз авсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 09-10-р ху/, тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, /ххийн 11-13-р ху/, эд хөрөнгө битүүмжилсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, /хх-ийн 17-20-р ху/, “Баяндулаан Уул” ХХК-ний итгэмжлэл /хх-ийн 22-р ху/, мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, /хх-ийн 51-56-р ху/, шинжээч томилж шинжилгээ хийлгэх тухай мөрдөгчийн тогтоол, /хх-ийн 58, 66, 73, 78-р ху/, иргэний нэхэмжлэгчид шинжээчийн дүгнэлт танилцуулсан тэмдэглэл, /ххийн 69-р ху/, хохирогчид шинжээчийн дүгнэлт танилцуулсан тэмдэглэл, /ххийн 71, 76, 83-р ху/, шүүгдэгчид шинжээчийн дүгнэлт танилцуулсан тэмдэглэл, /хх-ийн 70, 77, 84-р ху/, эд зүйл, баримт бичиг, гомдол мэдээлэл, бусад баримтыг хүлээн авсан тухай тэмдэглэл, /хх-ийн 86-91, 117-122-р ху/, шүүгдэгчийн хувийн байдлын талаархи баримтууд, /хх-ийн 112-113-р ху/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, /хх-ийн 115-р ху/, шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч нарт хавтаст хэргийн материал танилцуулсан тухай тэмдэглэл, /хх-ийн 143-146-р ху/, мөн гэрч, хохирогч нараас мэдүүлэг авсан тэмдэглэл зэрэг тухайн хэрэгт хамааралтай, хуулийн дагуу цуглуулж авсан нотлох баримтуудыг шинжлэн судлав. Сэлэнгэ аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Ц.Улаанцэцэгийг 2019 оны 03 дугаар сарын 30-ны өдөр өөрийн нөхөр Т.Батзулын хамт “Гацуурт” ХХК-ний салбар “Баяндулаан уул” ХХК-ний малын бэлчээрт модон хашааны банзыг 02-83 СЭА улсын дугаартай Hyundai porter маркийн тээврийн хэрэгсэл ашиглан тээвэрлэхийг завдсан гэх гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлсэн байна. Шүүгдэгч Ц.Улаанцэцэгийг учрах саадыг арилгах зорилгоор тээврийн хэрэгсэл ашиглан хулгайлж, тээвэрлэхийг завдсан гэмт хэрэг үйлдсэн гэж хүндрүүлэн зүйлчлэх нь үндэслэлгүй бөгөөд автомашин ашиглан тээвэрлэхээр бэлтгэснийг гэмт хэргийн хүндрүүлэх шинжид хамруулах эсэхийг хэргийн нөхцөл байдлыг харгалзан үзэх нь зүйтэй байна. Шүүгдэгч нь малаа хариулж явахдаа тохиолдлоор эзэнгүй байгаа бусдын эд хөрөнгө болох банзыг харснаар энэ гэмт хэрэг үйлдэгдэж, улмаар М.Мөнхнайрамдалыг дуудаж машины тэвшин дээр нь тавьж байхдаа баригдсаныг учрах саадыг арилгах зорилгоор машин механизм ашиглан хулгай хийж тээвэрлэхийг завдсан гэж дүгнэх боломжгүй юм. “Машин механизм ашиглан хулгайлах” гэдэг нь төрөл бүрийн тээврийн хэрэгслийг хулгай хийх арга болгон хэрэглэхийг ойлгох ба харин нэгэнт хулгайлсан зүйлээ машин механизм ашиглан тээвэрлэхээр сонгосныг хулгай хийх арга болгон ашигласан гэж үзэхэд учир дутагдалтай болно. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч, хохирогч нарын өгсөн мэдүүлэг болон хэрэгт авагдсан нотлох баримтаас харахад “хулгайлах” гэмт хэргийг үйлдэхдээ машин механизм ашигласан гэх үйл баримт харагдахгүй, харин банз хулгайлсан газраас Мөнхнайрамдалын машиныг дуудан ирүүлж хулгайлсан банзыг ачиж байгаад баригдсан байна. Хулгайн зүйлийг авахдаа машин механизм ашиглан тээвэрлэхийг завдсан гэж хүндрүүлэн үзэх боломжгүй тул зүйлчлэлийг зөвтгөн Сэлэнгэ аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.4-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1. болгон өөрчлөн шийдвэрлэх нь зүйтэй байна. Шүүгдэгч нь хулгайн гэмт хэргийг нөхөх Т.Баянзулын хамт үйлдсэн боловч Шүүх эмгэг сэтгэц судлалын үндэсний төвийн 2019 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн 40/19 тоот магадлалаар нөхөр Т.Баянзулыг хэрэг хариуцах чадваргүй гэж тогтоогдсон тул Прокурорын шатанд нөхөр Т.Баянзулд холбогдох үйлдлийг нь хэрэгсэхгүй болгосон нь үндэслэлтэй байна. Шүүгдэгч Ц.Улаанцэцэг нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрсөн, 1.6 наснаас 12 насны 4 хүүхэдтэй, шүүгдэгч нь одоо 5 сартай жирэмсэн байгаа бусдад төлөх төлбөргүй, зэргийг харгалзан .Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1-р зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1-р зүйлийн 1-д зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 1 жил тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1-р зүйлийн 2.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Улаанцэцэгт оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэхийг даалгах нь зүйтэй. Шүүгдэгч нь энэ гэмт хэргийн улмаас бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт хураагдан ирсэн эд мөрийн баримтгүй, 02-83 СЭХ улсын дугаартай “Хюндай портер” маркийн тээврийн хэрэгсэл битүүмжлэгдэн ирсэн болохыг тус тус дурьдав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14-р зүйлийн 1,2, 36.2-р зүйлийн 4, 36.6-р зүйлийн 1, 36.7-р зүйлийн 2,3, 36.8-р зүйлийн 1-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь: 

1.Шүүгдэгч Боржигон овогт Цэрэндагвын Улаанцэцэгт холбогдох эрүүгийн хэргийг Сэлэнгэ аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 болгон өөрчилсүгэй. 

2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4-р зүйлийн 1 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1-р зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Боржигон овогт Цэрэндагвын Улаанцэцэгийг “хулгайлах” гэмт хэрэгт гэм буруутайд тооцсугай. 

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1-р зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан мөн хуулийн тусгай ангийн 17.1-р зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Боржигон овогт Цэрэндагвын Улаанцэцэгт хорих ял оногдуулахгүйгээр 1/нэг/ жилийн хугацаагаар тэнссүгэй. 

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1-р зүйлийн 2.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Улаанцэцэгт оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэхийг үүрэг болгосугай. 

5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1-р зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг мэдэгдсүгэй. 

6. Хавтаст хэргийн 15-р хуудсанд эд хөрөнгө битүүмжлэх Прокурорын тогтоолыг шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгож, битүүмжлэгдсэн 02-83 СЭА улсын дугаартай “Huyndai porter” маркийн тээврийн хэрэгслийг жинхэнэ эзэмшигч Мэндбаярын Мөнхнайрамдалд олгосугай. 

7.Шүүгдэгч Ц.Улаанцэцэг нь энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг дурьдсугай. 

8.Шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ц.Улаанцэцэгт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй. 

9.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10-р зүйлийн 4-дэх хэсэгт зааснаар шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурьдсугай. 

10.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.13 дугаар зүйлийн 1-дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншин сонсгосноос хойш 15 хоногийн дотор шийдвэрийн агуулгыг бүрэн эхээр бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, түүний өмгөөлөгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч нарт гардуулахыг шүүгчийн туслахад даалгасугай. 

11.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.13 дугаар зүйлийн 4-дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг энэ зүйлийн 1.2. дахь хэсэгт зааснаар гардаж аваагүй бол шүүгчийн туслах уг шийдвэрийг хүлээн авах хүнд гардуулах, эсхүл шуудангийн хаягаар нь хүргүүлж, энэ тухай баталгаажуулсугай. 

12.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2-р зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг прокурор, дээд шатны прокурор, хохирогч, шүүгдэгч, түүний өмгөөлөгч, иргэний нэхэмжлэгч нар эс зөвшөөрвөл шийдвэрийн хувийг гардуулснаас хойш, эсхүл шийдвэрийг хүлээн авах хүнд гардуулсан, эсхүл шуудангийн хаягаар нь хүргүүлснээс 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч болон дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурьдсугай. 

13.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1-р зүйлийн 2-т зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол эсэргүүцэл бичсэн тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлсүгэй. 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                               С.НОЛХООСҮРЭН