Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 05 сарын 26 өдөр

Дугаар 210/МА2025/00895

 

 

*******ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ч.Цэнд даргалж, Ерөнхий шүүгч Г.Даваадорж, шүүгч Д.Золзаяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

  Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн 191/ШШ2025/02549 дугаар шийдвэртэй

Нэхэмжлэгч *******ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч *******ХХК-д холбогдох

4,735,760,074 төгрөг гаргуулах, зээлдэгч нараас зээлийн гэрээний үүргийг шаардах эрхийг шилжүүлэн авахыг даалгуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлоор шүүгч Д.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

  Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, хариуцагчийн өмгөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга И.Эрдэнэжаргал нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга:

1.1.*******" ХХК-аас *******ББСБ ХХК-д хамтран ажиллах санал тавьсан. *******ХХК нь зээлийн гэрээний үүргээ биелүүлж байгаа эсэхийг зээлдэгчид хамт утсаар сануулах, мөн төлүүлэх үүргийг бүрэн хариуцах, түүнтэй холбоотой бүх эрсдэл, хор, хохирлыг хариуцна гэж тусгайлан тохиролцсон учраас бид 2020 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр Г-20/09/88 тоот Хамтран ажиллах гэрээг бичгээр байгуулсан.

Бид гэрээний дагуу 2020 оны 09 дүгээр сараас Сүхбаатар дүүрэг, 1 дүгээр хороо, Сүхбаатарын талбай-4, *******төвийн байранд байрлаж, иргэдэд зээл олгож эхэлсэн. Ингэхдээ *******ХХК-ийн ажилчид иргэдэд бараа, бүтээгдэхүүнээ танилцуулан зээлийн үйлчилгээний нөхцөл хангасан тохиолдолд манай байгууллагатай уулзуулж, бид зээлийн асуудлыг түргэн шуурхай шийдэж, зээлдэгчтэй байгуулсан зээлийн гэрээний дагуу олгох зээлийг *******ХХК-ийн ХААН банкны ******* тоот дансанд бэлэн бусаар шилжүүлсэн. *******ББСБ ХХК нь Хамтран ажиллах гэрээний дагуу 17845 зээлдэгчид нийт 29,656,668,903 төгрөгийн зээлийг олгож, *******ХХК нь нийт 29,656,668,903 төгрөгийн бараа, бүтээгдэхүүнийг иргэдэд худалдан борлуулсан, хангалттай хэмжээний ашиг олж, хариуцагч *******ХХК-д ямар ч алдагдал, хохирол учраагүй.

Гэтэл 2022 оны хагас жилийн байдлаар 16838 зээлдэгчид олгосон нийт 27,768,652,355 төгрөгийн зээлээс 13285 зээлдэгчийн чанаргүй 1,477,830,917 төгрөгийн зээлийн үлдэгдэлтэй, энэ нь Хамтран ажиллах гэрээний хүрээнд олгосон зээлийн үлдэгдлийн 9.8 хувийг эзлэж байсан. Зээлдэгч нас барсан, хоригдсон, сураггүй алга болсон, ажилгүй, архичин зэрэг шалтгаанаар зээлийн муу, маш муу ангилалд хамаарч байсан. Манай байгууллагын нийт 2,769,4397,706.57 төгрөгийн эрсдэлтэй зээлийн 87.8 хувийг эзлэж, санхүүгийн үйл ажиллагаа эрхлэхэд маш хүнд нөхцөл байдалд хүргэсэн.

1.2.Бидний хооронд байгуулсан гэрээний 2.20-т "Зээлийн гэрээний үүргээ биелүүлж байгаа эсэхийг зээлдэгчид утсаар сануулах мөн төлүүлэх үүрэгтэй", 2.21-т "Зээлийн гэрээний үүргээ биелүүлээгүй хугацаа хэтэрч эрсдсэн тохиолдолд шүүх болон холбогдох хуулийн байгууллагад зээлийг төлж дуустал ББСБ-г төлөөлнө", 4 дүгээр зүйлийн 4.2-т Гэрээгээр хүлээсэн үүргээ талууд биелүүлээгүйн улмаас учирсан хохиролыг буруутай тал хариуцна" гэж тус тус заасан. Гэтэл *******ХХК нь зээлдэгч нарын зээл төлүүлэх ажиллагааг цаг алдуулж, зээлийн эргэн төлөлтийн асуудлыг анхаарахгүй орхигдуулсан, өөрсдийн буруутай үйлдэл, шийдвэрээс шалтгаалан зээлийн эрсдлийг бууруулах тусгай мэргэжилтнүүдээ алдаж, зээлийн эргэн төлөлтийг хийлгэх ажиллагаа удааширсан. Иргэний хуулийн 206 дугаар зүйлийн 206.1-д Үүргийг тогтоосон газар, хугацаанд нь, зохих ёсоор, шударгаар гүйцэтгэнэ, 478 дугаар зүйлийн 478.9-д Гэрээний тал бүр аливаа оролцогч талаас гэрээний үүргээ зохих ёсоор биелүүлэхийг шаардах эрхтэй" гэж тус тус заасан. Үүний дагуу манай байгууллага нь *******ХХК-д 2022 оны 09 дүгээр сараас эхлэн албан шаардлага хүргүүлсний дагуу Хамтран ажиллах гэрээний нэмэлт гэрээг 2 удаа байгуулсан. Нэмэлт гэрээний зорилго нь *******ББСБ ХХК-ийн эргэлзээтэй болон муу ангилалд хамаарах 90-ээс дээш хоногийн хугацаа хэтрэлттэй зээлдэгч нараас зээлийг төлүүлэх ажиллагааг *******ББСБ ХХК-ийн ажилчид гүйцэтгэж, холбогдох зардлыг *******ХХК нь сар бүр төлөх байсан. Энэхүү хамтран ажиллах гэрээний хугацааг дахин ярилцаж, цаашид сунгах талаар тодорхой зааж өгсөн, зээлийг төлүүлэх ажиллагааг нэхэмжлэгч тал авна гэсэн заалт байхгүй. Өр авлагын ажилтнууд нэмж 2023 оны 12 дугаар сарыг дуустал ажиллуулж байж, 8000 найдваргүй зээлдэгчээс 2544 зээлдэгч үлдсэн. Гэтэл *******ХХК нь эрсдэлтэй зээл төлүүлэх, эрсдэлтэй зээлээс учирч болох бүх зардал, хохирлыг дахин хуваалцах боломжгүй гэсэн хариуг ирүүлсэн.

Бидний хооронд байгуулагдсан гэрээ нь Иргэний хуульд нийцсэн, хууль ёсны хүчин төгөлдөр гэрээ юм. *******ХХК нь гэрээнд заасан үүргээ биелүүлээгүй, өөрөөр хэлбэл хариуцагчийн гэрээний үүргийн зөрчил, хохирлын хооронд шалтгаант холбоотой болох нь тогтоогдсон, хариуцагч компани үүнийгээ хүлээн зөвшөөрсөн учир хохирлыг арилгах, нөхөн төлөх ёстой. Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1, 227.2-т зааснаар гэрээний нэг тал үүргээ зөрчсөн бол учирсан хохирлыг арилгуулахаар шаардах эрхтэй. Хариуцагч гэрээнд зааснаар зээлийн гэрээний үүргээ биелүүлж байгаа эсэхийг зээлдэгчид утсаар сануулах, мөн төлүүлэх үүргээ биелүүлээгүй нь үүргийн зөрчил, мөн хариуцагчийн буруутай үйлдлээс манай компанид их хэмжээний хохирол учирсан. Иргэний хуулийн 227.3-т зааснаар хохирол, олох ёстой байсан орлого гэж шаардаж байгаа.

Иймд хариуцагч *******ХХК-аас Хамтран ажиллах гэрээ болон Иргэний хуулийн 227 дугаар зүйл, 476 дугаар зүйлд тус тус заасны дагуу 2024 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн байдлаар нийт 2544 зээлдэгчийн үндсэн зээлийн үлдэгдэл 2,817,488,062 төгрөг, хүүний үлдэгдэл 1,703,013,447 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 215,258,565 төгрөг, нийт 4,735,760,074 төгрөг гаргуулж, зээлдэгч нараас зээлийн гэрээний үүргийг шаардах эрхийг шилжүүлэн авахыг даалгаж өгнө үү гэжээ.

 

2.Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга:

2.1."*******" ХХК нь цахилгаан бараа импорт, худалдааны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг хуулийн этгээд юм. Хамтран ажиллах гэрээгээр "*******ББСБ ХХК нь цахилгаан бараа худалдан авах зориулалтаар зээл хүсч буй зээлдэгчийн материалыг судлан, зээлийн шалгуур нөхцөл хангасан тохиолдолд холбогдох хуулийн дагуу зээлийн гэрээгээ байгуулж зээл олгох, "*******" ХХК нь тухайн зээлдэгчид биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй компьютер, гар утас, гэр ахуйн цахилгаан барааг худалдан борлуулах зэрэг үүргийг тус тус хүлээсэн. Банк бус санхүүгийн байгууллага нь харилцагч олох буюу үйлчлүүлэгч татахын тулд маркетингийн өндөр зардал гаргах шаардлагатай болдог бол "*******ББСБ ХХК нь манай компанитай хамтран ажилласнаар ямар ч маркетингийн зардал гаргалгүйгээр манай байгууллагаас цахилгаан бараа худалдан авч буй харилцагч нарт зээл олгож, хүүгийн ашиг хүртэж байсан. Зээлдэгчийн тоогоо төдий хэмжээгээр тэлж, үйл ажиллагаагаа өргөжүүлсэн. Өөрөөр хэлбэл гэрээг талууд аль аль нь харилцан ашигтай хамтран ажиллах зорилгоор байгуулсан байдаг.

Хамтран ажиллах гэрээний дагуу *******ББСБ ХХК нь 17845 харилцагчид нийт 29,656,666,903 төгрөгийн зээлийг сарын 2.9-3.2 хувийн хүүтэй олгосон. Хэрэв *******ББСБ ХХК-иас зээл авсан зээлдэгч нь гэрээний үүргээ биелүүлээгүй бол Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуульд заасан журмын дагуу төлүүлэх ёстой гэж үзэж байна. "*******ХХК нь Хамтран ажиллах гэрээгээр *******ББСБ ХХК-ийн өр авлагыг худалдан авах үүрэг хүлээгээгүй тул нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна.

2.2."*******" ХХК нь Хамтран ажиллах гэрээний дагуу иргэдэд цахилгаан бараа худалдах, мөн "*******ББСБ ХХК-аас зээл авсан зээлдэгч нар зээлээ төлөхгүй хугацаа хэтрэлт гаргасан тохиолдолд утсаар болон мессежээр сануулах үүрэг хүлээж байсан. "*******" ХХК нь ******* компаниас масс месежний үйлчилгээ авч, олон тооны хэрэглэгч рүү мессеж явуулах эрх авч, "*******ББСБ ХХК-ийн зээлдэгч нарт сануулах мессежийг өөрийн зардлаар явуулж, энэ үүргээ бүрэн биелүүлсэн. Мөн манай байгууллага нь зээлдэгчтэй утсаар холбогдож, зээлийн төлбөрийг сануулах ажлыг хийж гүйцэтгэдэг чиг үүрэг бүхий алба байгуулан 85-95 хувь нь төлөгдсөн. Мөн 2023 оны 03, 05 дугаар сард манай байгууллага нь санхүүгийн хүндрэлтэй үеийг даван туулахад дэмжлэг үзүүлэх зорилгоор 399,000,000 төгрөгийн үнийн дүн бүхий муу ангилалд хамаарах зээлдэгч нарын зээлийг "*******ББСБ ХХК-аас худалдан авсан. Түүнчлэн "*******" ББСБ ХХК нь хугацаа хэтэрсэн зээлдэгчийг шүүхэд шилжүүлэх асуудлыг "*******" ХХК-иар гүйцэтгүүлэхгүй, өөрийн ажилтнуудаар гүйцэтгүүлнэ гэж зардал нэхэмжилсэн ба удаа дараа хүсэлт тавьсныг харгалзан, хэдийгээр манай байгууллага Хамтран ажиллах гэрээгээр үүрэг хүлээгээгүй боловч бизнесийн ёс зүй, цаашдын хамтын ажиллагааг эрхэмлэж, зээл төлүүлэх ажиллагаанд нь туслалцаа үзүүлж, зарим төлбөр нэмж олгосон. 2023 оны 07 дугаар сарын 03-ны өдөр талууд Хамтран ажиллах тухай хэлцэл байгуулж, *******ББСБ ХХК-ийн зээл төлүүлэх ажиллагаанд оролцдог гэх 14 ажилтны цалин, бичиг хэрэг, түрээсийн зардал гэж 160,020,000 төгрөгийг "*******" ХХК-аас шилжүүлсэн, үүнийг хэрхэн зарцуулсан нь тодорхойгүй.

Эндээс үзвэл манай байгууллага нь зөвхөн 2023 оны 01 дүгээр сараас хойшхи зардлаа тооцвол *******ББСБ ХХК-ийн зээл төлүүлэх ажиллагаанд 607,000,000 төгрөгийн зардлыг гаргасан. Мөн "*******ББСБ ХХК-ийн эдийн засагчийн ажиллах нөхцөл, өрөө тасалгаа, ажлын хэрэгцээнд шаардлагатай зүйлсээр хангасаар ирсэн, зээлийн хяналттай холбоотой ажиллах хүчний, түрээсийн, интернэт, унаа тээвэр, шатахуун, цалин хөлсний зардлыг манай тал дангаар хариуцан гаргаж санхүүгийн өндөр ачаалал үүрч ажилласан, гэрээний үүргээ бүрэн дүүрэн, хангалттай хэмжээнд биелүүлсэн гэж үзэж байна.

2.3.Аливаа бизнес ёс зүйд суурилсан хэн алиндаа харилцан ашигтай байх учиртай ба зөвхөн өөрийн нөхцөлөө тулгаж, шахалт үзүүлэх замаар өөрөө ямар ч хариуцлага үүрэлцэхгүй байж болохгүй. Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны хуулийн 19, 20 дугаар зүйлд заасны дагуу зээлдэгчид зээл олгох шийдвэр гаргах, зээлийн гэрээ байгуулах эрх нь гагцхүү зээлийн үйл ажиллагаа явуулах тусгай зөвшөөрөл бүхий ББСБ-д хадгалагддаг эрх ба нэхэмжлэлд ажилгүй, архичин гэх хүмүүст биднийг зээл олгосон мэтээр бичсэн нь ойлгомжгүй байна. "*******ББСБ ХХК нь харилцагчид хүүтэй зээл олгож, хүү, нэмэгдүүлсэн хүүгийн ашиг хүртдэг бизнесийн байгууллагын хувьд эрсдэл гарсан тохиолдолд мөн адил үүрэх ёстой. *******ББСБ ХХК нь хамтран ажиллах хугацаанд олон тэрбум төгрөгийн зээл олгож, түүний хэрээр хүү, нэмэгдүүлсэн хүүгийн ашиг хүртэж, харилцагчийн тоо хэмжээгээ төдий чинээ тэлж, ажилласан. Ашиг олохын хажуугаар мөн эрсдэлээ үүрэх нь аль ч бизнесийн үндсэн зарчим. Ямар ч эрсдэл үүрдэггүй, зөвхөн ашиг хүртдэг бизнес гэж байхгүй бөгөөд манай байгууллага нь *******ББСБ ХХК-ийн олгосон зээлийг худалдан авах үүрэг хүлээгээгүй тул нэхэмжлэл бүхэлдээ хууль зүйн үндэслэлгүй. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:

Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1, 208 дугаар зүйлийн 208.2, 219 дүгээр зүйлийн 219.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч *******ББСБ ХХК-ийн хариуцагч *******ХХК-аас нийт 4,735,760,074 төгрөг гаргуулж, зээлдэгч нараас зээлийн гэрээний үүргийг шаардах эрхийг шилжүүлэн авахыг даалгах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2 дахь заалтад зааснаар нэхэмжлэгч *******ББСБ ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 23,906,951 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэсэн.

  4.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдол, тайлбарын агуулга:

4.1.Анхан шатны шүүх манай компанийн нэхэмжлэлтэй "*******" ХХК-д холбогдох иргэний хэргийг хянан шийдвэрлээд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон нь хууль зүйн болон бодит байдлын үндэслэлгүй хэт нэг талыг барьсан шийдвэр болсон байна.

Талуудын 2020 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр байгуулан ажилласан Хамтран ажиллах гэрээний зохицуулах зүйл нь хариуцагч "*******" ХХК-ийн худалдан борлуулж байгаа цахилгаан барааг зээлээр худалдан борлуулах, зээлээр бараа авах сонирхолтой иргэдэд нэхэмжлэгч "*******ББСБ" ХХК зээл олгох, зээлийн мөнгийг "*******" ХХК-д шилжүүлэх, бараагаа иргэдэд өгөх, зээлдэгч зээлээ хугацаанд нь төлөөгүй нөхцөлд хариуцагч "*******" ХХК зээлийг эргэн төлүүлэх арга хэмжээг шат шатанд нь авах, зээлийг төлөөгүй нөхцөлд "*******ББСБ" ХХК-ийн өмнөөс ажиллаж зээлийг төлж хохиролгүй болгох үүргийг хүлээсэн. Гэтэл хариуцагч "*******" ХХК-аас бараа зээлээр авсан иргэдийн зээлийн төлбөр хугацаандаа хийгдэхгүй, банк бус санхүүгийн байгууллагын зээлийн эрсдэлийн үзүүлэлтэнд маш муугаар нөлөөлж байсан учир зээлийн өрийг барагдуулах зорилгоор манай зүгээс хариуцагч талд маш олон удаагийн шаардлага бичиг хүргүүлж, талуудын эрх бүхий төлөөллүүд хэд хэдэн удаагийн уулзалт хийсний үр дүнд үүссэн асуудлыг Хамтран ажиллах гэрээний дагуу шийдвэрлэх зорилгоор 2 удаа нэмэлт хэлцэл байгуулан хариуцагч "*******" ХХК-ийн хүлээсэн үүргийг гүйцэтгүүлэх зорилгоор хамтран ажилласан ба үүний үр дүнд 8366 зээлдэгчийн 6,639,520,031 төгрөгөөс нэхэмжлэлд дурдсан хэмжээнд хүртэл бууруулж чадсан. Гэтэл нэхэмжлэл гаргах үеийн байдлаар 2544 иргэдийн 4,735,760,074 төгрөгийн зээл төлөгдөөгүй байгаа ба нэхэмжлэгч өөрийн хүч боломж бололцоо, зардлаар зээлийн эргэн төлөлтийг шаардах ажиллагааг гүйцэтгэж байна. Үүнээс 2025 оны 03 дугаар сарын байдлаар 596 зээлдэгч огт холбоогүй, хаягтаа оршин суудаггүй учраас шүүхээс эрэн сурвалжлах шүүхийн шийдвэр гарсан, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт 200 орчим зээлдэгч төлбөрийн чадваргүй төлөгдөхгүй байгаа, 60 орчим иргэд нас барсан, шоронд ял эдэлж байгаа гэх зэргээр зээл эргэн төлөгдөхгүй байгаа тул цаашид талууд урьдын адил үүргээ биелүүлэх зарчмаар хамтран ажиллаж барагдуулах санал тавьсан боловч хариуцагч цаашид хамтран ажиллахаас татгалзсан. Үүнээс улбаалан хариуцагч *******" ХХК-ийн гэрээгээр хүлээсэн үүргийг нэхэмжлэгч "*******ББСБ" ХХК цаашид дангаар гүйцэтгэх боломжгүй болж шүүхэд нэхэмжлэл гаргасан болно.

4.2.Шүүх зохигчид 2020 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн Г-20/09/88 дугаартай Хамтран ажиллах гэрээ байгуулсан болох нь тогтоогдож байна гэсэн дүгнэлт хийсэн боловч Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.5-д заасан нэрлэгдээгүй гэрээ гэж үзжээ. Талууд хамтран ажиллах хүсэл зориг, түүнийгээ илэрхийлэн бичгээр баримтжуулж, талуудын өөрийн заяамал эрхийн хүрээнд илэрхийлж хүлээх үүргийг гэрээнд тодорхой зааж хамтарч ажиллана гэсэн бичгэн баримтыг "шууд нэрлэгдээгүй" гэж /ИХ 189 үгийн утгын эсрэг/ дүгнэлт хийсэн нь ойлгомжгүй бөгөөд хуульд захирагдах шүүгч хуулийн үгийн утгыг шууд үгүйсгэж арай дэндсэн дүгнэлт хийсэн байна. Мөн гэрээний хугацаа 2022 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр дуусгавар болгосон байна гэсэн дүгнэлт хийсэн байх бөгөөд талууд гэрээний харилцаанаас үүссэн үр дагаврыг арилгах зорилгоор үндсэн гэрээний нөхцөлийг хэвээр үлдээж, 2 удаа нэмэлт хэлцэл хийж 2 жил хамтран ажиллаж байгааг шүүх огт дүгнэлгүй зөвхөн нэг талыг барьж буюу хариуцагчийн талаас дүгнэлт хийсэн байна.

4.3.Хамтран ажиллах гэрээний 2.20-д "зээлийн гэрээний үүргээ биелүүлж байгаа эсэхийг зээлдэгчид утсаар сануулах мөн төлүүлэх үүрэгтэй", 2.21-т "Зээлийн гэрээний үүргээ биелүүлээгүй хугацаа хэтэрч эрсэдсэн тохиолдолд шүүх болон холбогдох хуулийн байгууллагад зээлийг төлж дуустал ББСБ-г төлөөлнө" гэж хариуцагч *******" ХХК-ийн үүргийг тодорхой заасан. Гэтэл анхан шатны шүүх хариуцагч талын зөвхөн тайлбарт хөтлөгдөн хариуцагчийг гэрээний 2.20-д заасан зээлийн гэрээний үүргээ биелүүлж байгаа эсэхийг зээлдэгчид утсаар сануулах, төлүүлэх үүргээ гүйцэтгэж байсан болох нь "*******" ХХК-д зээлийн талаар "масс зурвас/мессеж" явуулах төлбөр шилжүүлсэн нь тогтоогдож байна" гэж дүгнэсэн нь хариуцагчийн гэрээгээр хүлээсэн үүргүүдээс зөвхөн нэгийг онцолж, үүргээ бүрэн биелүүлсэн мэтээр дүгнэсэн нь мөн илт нэг талыг барьсан дүгнэлт гэж үзэж байна.

Мөн Иргэний хуулийн 219-д заасан үүрэг үүсээгүй гэсэн дүгнэлтийг ойлгохгүй юм. Энэхүү анхан шатны шүүхийн шийдвэр нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1-т заасан "Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг мэтгэлцэх үндсэн дээр хэрэгжүүлнэ" гэсэн заалтыг зөрчиж мэтгэлцээгүй асуудлаар дүгнэлт хийсэн. Шүүх хэргийн оролцогчийн гаргасан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр нотлох баримтыг өөрийн дотоод итгэлээр үнэлнэ гэсэн заалтыг зөрчиж хэлэлцээгүй шинжлэн судлаагүй баримтыг үндэслэн дүгнэлт хийсэн. Нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлнэ" гэсэн заалтыг зөрчиж хариуцагчийн үгийг тоть мэт давтаж бичсэнээ түүнийгээ шүүхийн шийдвэр гэж байгаа нь хэт нэг талыг барьсан. Мэтгэлцээн ба нотлох бартимтыг үнэлээгүй.

Зохигчийн шүүхэд гаргасан тайлбар бодит үнэнд нийцсэн байна. Зохигч нэг талын гаргасан тайлбар, нотлох баримтын талаар эсрэг тал өөрийн тайлбараа холбогдох нотлох баримтын хамт гаргаж болно гэж хуульчилсан байхад анхан шатны шүүх хариуцагч татгалзлаа нотолсон нотлох баримт гаргаагүй байхад зөвхөн түүний тайлбарт хөтлөгдөж шийдвэр гаргасан нь анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна гэсэн хуулийн шаардлагыг хангаагүй байна гэж үзэж байна гэжээ.

 

5.Давж заалдах гомдолд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан тайлбарын агуулга:

5.1.Нийт 17000 зээлдэгчдэд 29 тэрбум төгрөгийн зээл гарсан, энэ нь 2 жилийн үйл ажиллагаа. Бидний оролцоотойгоор 27 тэрбум төгрөгийн зээл төлөгдсөн. 27 тэрбум төгрөгийн зээл буюу 15,000 харилцагчийг бидэнд олж өгөхийн тулд нэхэмжлэгч тал маркетингийн зардал, ажиллах хүчний зардал, түрээсийн зардал гэж гаргаагүй бөгөөд хамтын үйл ажиллагааны хүрээнд бид энэ зардлыг даасан. Эхний ээлжинд харилцагч олж өгөөд зээлээ төлүүлсэн. 27 тэрбум төгрөгийн зээлийн эргэн төлөлт нь зөвхөн нэг сард ямар ч зарлагагүй 870,000,000 төгрөгийн хүүгийн орлого олсон. Хамтран ажиллах гэрээ хоёр жилийн хугацаатай байгуулагдаад 2022 оны 02 дугаар сарын 06-ны өдрөөс эхэлж зээл олголтоо зогсоосон. Үүнээс харахад гэрээний үйл ажиллагааг цааш үргэлжилсэн гэж үзэхэд эргэлзээтэй. Дараагийн үйл ажиллагаанд хамтын үйл ажиллагаа нь харагддаг. Харилцагчийн мэдээллийг бидэнд тайлангаар хүргүүлдэг. Зээлдэгчийн мэдээлэл нэхэмжлэгчид хадгалагддаг. Нэхэмжлэгч манайх руу хэрэглэгчийн тайлан ирүүлэнгүүт манайх хэрэглэгч рүү зурвас илгээх үйлчилгээ үзүүлдэг. Энэ үйл ажиллагаа нь харилцан хамааралтай үүрэг байдаг. Нэхэмжлэгч харилцан хамааралтай мэдээллээ ирүүлэхгүй бол бид үүргээ хэрэгжүүлэх боломжгүй нөхцөл байдалд ордог. Хариуцагч үүргээ биелүүлэхгүй хаяж явсан гэж тайлбарладаг. Бид зээл төлүүлэх үүргээ хэрэгжүүлэхтэй холбоотой тохироо байдаг.

Санхүүгийн зохицуулах хорооны тогтоосон зохист хэмжээ гэж байдаг. Нийт олгосон зээлийн 6 хувьд эрсдэл байгаа бол хэвийн гэж үздэг. Нэхэмжлэгч мөнгө нэхэмжилсэн үндэслэлээ тайлбарлахдаа Хамтран ажиллах гэрээ байсан бөгөөд алдагдал хүлээсэн гэдэг, гэтэл Хамтран ажиллах гэрээнээс ашиг олсон. Хамтран ажиллах гэрээгээр тохиролцсон нөхцөлөөс хальж зээлдэгчийн зээлийг төл гэж шахалт үзүүлдэг нь хууль зүйн үндэслэлгүй. Анхан шатны шүүх гэрээг дуусгавар болсон гэж дүгнэсэн нь үндэслэлтэй. Учир нь 2020 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр 2 жилийн хугацаатай гэрээ хийсэн хэр нь тухайн өдрөөс зээл олгох чиглэлээр үйл ажиллагаа хийгдээгүй буюу үндсэн зорилго хэрэгжээгүй. Мөн 2023 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхэлж зээлдэгчээр зээл төлүүлэх ажлыг өөрсдөө хариуцаж явъя гэж хоёр гэрээ хийсэн. Өөрөөр хэлбэл үүргээ өөрчилсөн. Хоёр гэрээ хийгээд 2023 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2023 оны 07 дугаар сарын 05-ны өдөр хүртэл бид сар бүр 60,000,000 төгрөгийг 6 сард хувааж, зээл төлүүлэх ажлыг хариуцах 4 ажилтан байна гэж нэхэмжлэгч тал тухайн ажилчдыг ажиллуулсан. Түүний дараагаар нэхэмжлэгч одоо нэг удаа сар сунгаад энэ сард тухайн зээл төлүүлэх ажлыг дуусгачихмаар байна гэх зүйлийг ярьсан. Ингээд 2023 оны 07 дугаар сарын 06-ны өдөр эргэн төлөлттэй холбоотой зардал гаргах 2 дахь хэлцлийг хийсэн. Уг гэрээнд ажилчдын тоо 14, бичиг хэрэг, принтерийн хор, ариун цэврийн цаасны зардал, кофены зардал, цэвэрлэгээний зардал гэх бүх зардлыг тооцоод 170,000,000 төгрөг болж байна. 6 сарын хугацаанд 14 хүн ажиллуулаад бид зээлийг шахаж төлүүлээд дуусгана гэж тайлбарладаг. Бид 2023 оны 06 дугаар сараас 2024 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл тухайн зардлыг шийдвэрлэсэн. Гэтэл 2024 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхэлж нэхэмжлэгч 300,000,000 төгрөг өг гэж нэхэмжилсэн учраас үүнийг хүлээн зөвшөөрөхгүй гэх агуулгаар гэрээнээс татгалзсан. Системийн дундаж дээр очсон гэж ойлгож байна. Өөрсдөө олж сонгосон харилцагчийн авсан зээлийг биднээр төлүүлэх гэдэг. Зээлдэгчид зээл олгох шийдвэрийг нэхэмжлэгч өөрөө гаргадаг. Зээлдэгчээ судлаад санхүүгийн эрсдэлээ өөрсдөө тооцож гаргасан хэр нь үүнээс үүсэх хариуцлагаа яагаад бидэнд хамаатуулаад байгаа нь ойлгомжгүй. 2023 оны 01 дүгээр сараас эхлээд шүүхэд төлөөлөх итгэмжлэл, зээлдэгчийн төлөөлөх эрхээ нотлох баримтын шаардлага хангуулаад өгчих, тэмдэгтийн хураамжаа төлчих гэхээр та нар зээл төлж барагдуул гээд үүргээ хэрэгжүүлдэггүй. нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдол, тайлбарыг харахаар дээрэнгүй, дарамталсан шинж ажиглагддаг.

Нийт 2544 зээлдэгчээс шүүхийн маргаан үүссэнээс хойш хэд нь төлөгдсөн гэдгийг тодорхойлоход төвөгтэй. Өөрсдөө эрэн сурвалжлуулаад явдаг, заримд нь шүүхийн шийдвэр гаргуулсан, зарим нь шоронд орсон байдаг. Зарим бичгийн нотлох баримтыг нэхэмжлэгч нууж, зарим баримтыг нь гаргаж өгдөг. Тухайн нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд гаргасан анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй гэжээ. 

 

ХЯНАВАЛ:

 

1.Давж заалдах шатны шүүх нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзээд гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулж шийдвэрлэв.

 

2.Нэхэмжлэгч *******ББСБ ХХК нь хариуцагч *******ХХК-д холбогдуулан хамтран ажиллах гэрээний үүргээ зөрчсөнөөс учирсан хохирол 4,735,760,074 төгрөг гаргуулах, зээлдэгч нараас зээлийн гэрээний үүргийг шаардах эрхийг шилжүүлэн авахыг даалгуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

3.Талуудын хооронд 2020 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр Г-20/09/88 тоот Хамтран ажиллах гэрээ байгуулагдаж, уг гэрээгээр "*******" ХХК нь бараа бүтээгдэхүүнийг зээлээр худалдан авахыг хүссэн иргэдэд компьютер, гар утас, гэр ахуйн цахилгаан бараа зэрэг бараа бүтээгдэхүүнийг худалдан борлуулах, *******ББСБ ХХК нь зээлийн үйлчилгээний нөхцөл хангасан иргэдэд зээлийг түргэн шуурхай шийдвэрлэж олгох, талууд зээлийн хяналт, эргэн төлөлтийг хамтран хэрэгжүүлэх, мөн гэрээ 2 жилийн хугацаатай байхаар харилцан тохиролцжээ.

Дээрх гэрээний агуулга, зорилго, талуудын эрх, үүргээс үзэхэд, нэр бүхий хуулийн этгээдийн хооронд Иргэний хуулийн 476 дугаар зүйлийн 476.1 дэх хэсэгт заасан хамтран ажиллах гэрээ байгуулагдсан гэж дүгнэх үндэслэлтэй байна. Тодруулбал, *******ХХК нь цахилгаан барааны худалдааг, *******ББСБ ХХК нь тусгай зөвшөөрлийн үндсэн дээр зээл олгох үйл ажиллагааг тус тус ашиг олох зорилгоор хэрэгжүүлдэг хуулийн этгээдүүд байх бөгөөд бараа бүтээгдэхүүнийг зээлээр худалдан авах хүсэлтэй иргэдэд нэг талаас *******ХХК бараа бүтээгдэхүүнээ худалдан борлуулах, нөгөө талаас *******ББСБ ХХК бараа бүтээгдэхүүний үнийг зээл олгож шийдвэрлэх хэлбэрээр харилцан үүрэг хүлээсэн нь хамтран ажиллах гэрээний шинжийг агуулж байна.

Анхан шатны шүүх тус харилцааг нэрлэгдээгүй гэрээ гэж дүгнэсэн нь оновчтой болоогүй байх тул дээрх байдлаар залруулж дүгнэнэ.

 

4.Хамтран ажиллах гэрээний дагуу талууд 17845 иргэнд 29,656,668,903 төгрөгийн зээл олгосон буюу бараа бүтээгдэхүүн худалдан борлуулсан талаар зохигч маргаагүй.

 

5.Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ 2544 иргэдийн 4,735,760,074 төгрөгийн зээл төлөгдөөгүй үлдсэн, хариуцагч нь зээл төлүүлэх ажиллагааг хамтран хэрэгжүүлэхээс татгалзсан учир зээлийн төлбөрийг хохиролд тооцож гаргуулна гэж тодорхойлсон ба хариуцагч нь гэрээгээр хүлээсэн үүргээ бүрэн гүйцэтгэсэн учир нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй гэж татгалзжээ.

 

5.1.Хариуцагч *******ХХК нь Хамтран ажиллах гэрээний 2.20-д заасан "зээлийн гэрээний үүргээ биелүүлж байгаа эсэхийг зээлдэгчид утсаар сануулах мөн төлүүлэх", 2.21-т заасан "зээлийн гэрээний үүргээ биелүүлээгүй хугацаа хэтэрч эрсэдсэн тохиолдолд шүүх болон холбогдох хуулийн байгууллагад зээлийг төлж дуустал ББСБ-г төлөөлөх" үүрэг хүлээсэн байна.

Тус гэрээний хавсралт 7-д зээлийн хяналтын талаар талуудын хамтран хэрэгжүүлэх үйл ажиллагааг тусгасан ба нэхэмжлэгч нь тухайн сард эргэн төлөлт хийх зээлдэгчийн, мөн хугацаа хэтэрсэн зээлдэгчийн жагсаалтыг хариуцагчид цахим шуудангаар илгээх, хариуцагч нь зээлдэгчид зээлийн эргэн төлөлтийг сануулах захидал мессежээр илгээх, хугацаа хэтэрсэн зээлдэгчтэй утсаар холбоо барьж тэмдэглэл үйлдэх, нэхэмжлэгчид цахим шуудангаар мэдээлэл хүргүүлэх, мөн 31-ээс дээш хоног хугацаа хэтэрсэн зээлдэгчтэй нэхэмжлэгч, хариуцагчийн хэн аль нь биечлэн уулзах, хариуцагч нь нэхэмжлэгчийн эдийн засагчид дэмжлэг үзүүлж хамтран ажиллахаар тохиролцжээ.

 

5.2.Талуудын тайлбар, хэрэгт авагдсан нэхэмжлэгчийн харилцах дансны хуулга, 2023 оны 01-05 дугаар саруудад зээл төлүүлэх асуудлаар харилцсан албан бичгүүд зэргээс үзэхэд, 2022 оны 10 дугаар сараас эхлэн хариуцагч нь тусгай нөхцөлийн цалин гэсэн утгаар нэхэмжлэгчид нийт 63,400,000 төгрөг шилжүүлсэн болох нь тогтоогдсон, мөн хариуцагч нь 2023 оны 03, 05 дугаар сард 399,000,000 төгрөгийн үнийн дүн бүхий муу ангилалд хамаарах зээлдэгч нарын зээлийг нэхэмжлэгчээс худалдан авсан гэж тайлбарласан. Энэ талаар зохигч маргаагүй.

 

5.3.Улмаар 2023 оны 07 дугаар сарын 03-ны өдөр талууд Хамтран ажиллах хэлцэл байгуулж дор дурдсан нөхцөлийг харилцан тохиролцсон. Үүнд:

- 2023 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн байдлаарх эргэлзээтэй болон муу ангилалд хамаарах 90-ээс дээш хоногийн хугацаа хэтрэлттэй хавсралт 1-аар баталгаажуулсан зээлдэгч нараас зээл төлүүлэх ажиллагааг *******ББСБ ХХК-ийн ажилчид нэмэлтээр үргэлжлүүлэн гүйцэтгэх,

- *******ХХК нь дээрх зээлдэгч нарын зээлийг төлүүлэхээр *******ББСБ ХХК-ийн 14 ажилтны цалин, түрээс, харилцаа холбоо, бичиг хэрэг, цэвэрлэгээ, сэлбэг хэрэгсэл, шатахууны зардлыг нэхэмжлэгчид 2024 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр хүртэл сар бүр төлөх, сард 26,670,000 төгрөг, 6 сард нийт 160,020,000 төгрөг төлөх,

- талууд хэлцлийн хугацааны эцэст ажилласан хугацааны тайлан мэдээ гаргаж, дүгнэж, хуралдаж, цаашид сунгагдах эсэхийг тухайн үед нь шийдвэрлэх,

- *******ХХК нь 90 хүртэлх хоногт багтаж байгаа хэвийн зээлийн ангилалтай зээлдэгч нарын зээлийг төлүүлэхтэй холбоотой ажиллагааг өөрийн зардлаар бүрэн хариуцаж явуулах,

- Хэрэв 90 хүртэлх хоногт багтах зээлүүдийг *******ХХК зээлдэгчээр төлүүлэхгүйгээр ангилал буурсан тохиолдолд талууд тухайн үед ярилцаж шийдвэрлэнэ.

Түүнчлэн нэмэлт гэрээний хавсралтаар 90 хүртэл хоногтой 6038 зээл, дүн 3,900,971,988 төгрөг; 90-ээс дээш хоногтой 2602 зээл, дүн 3,125,360,677 төгрөг гэж баталгаажуулжээ.

 

5.4.Дээрх нэмэлт гэрээний дагуу хариуцагч нь 160,020,000 төгрөгийг бүрэн шилжүүлсэн болох нь Хаан банк ХК дахь нэхэмжлэгчийн эзэмшлийн ******* тоот дансны хуулгаар тогтоогдсон ба гэрээнд заасан хугацаа дуусахад талууд 2024 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл ажилласан хугацааны тайлан мэдээ гаргаагүй, дүгнээгүй, хэлэлцээгүй, цаашид сунгах талаар шийдвэрлээгүй байна. Энэ тохиолдолд хариуцагч *******ХХК-ийг Хамтран ажиллах гэрээний үүргээ биелүүлээгүй гэж дүгнэх үндэслэлгүй.

Тодруулбал, үндсэн гэрээ болох 2020 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн Хамтран ажиллах гэрээний 2.20, 2.21-т зааснаар *******ХХК нь зээлийн гэрээний үүргээ биелүүлж байгаа эсэхийг зээлдэгчид утсаар сануулах мөн төлүүлэх, зээлийн гэрээний үүргээ биелүүлээгүй хугацаа хэтэрч эрсдсэн тохиолдолд шүүх болон холбогдох хуулийн байгууллагад зээлийг төлж дуустал банк бус санхүүгийн байгууллагыг төлөөлөх үүрэг хүлээсэн боловч 2023 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн нэмэлт гэрээгээр *******ББСБ ХХК-ийн ажилчид эргэлзээтэй болон муу ангилалд хамаарах 90-ээс дээш хоногийн хугацаа хэтрэлттэй зээлдэгч нараас зээл төлүүлэх ажиллагааг нэмэлтээр үргэлжлүүлэн гүйцэтгэх, *******ХХК нь тухайн зээлийг төлүүлэхээр ажиллах *******ББСБ ХХК-ийн 14 ажилтны цалин, түрээс, харилцаа холбоо, бичиг хэрэг, цэвэрлэгээ, сэлбэг хэрэгсэл, шатахууны зардлыг төлөхөөр тохиролцсоноор хариуцагчийн хүлээх үүргийн агуулга өөрчлөгдсөн байх ба хариуцагч уг үүргээ зохих ёсоор биелүүлсэн байна.

5.5.Мөн нэмэлт гэрээнд хариуцагч нь 90 хүртэлх хоногт багтаж байгаа хэвийн зээлийн ангилалтай зээлдэгч нарын зээлийг төлүүлэхтэй холбоотой ажиллагааг өөрийн зардлаар хариуцаж явуулахаар заасан ба үндсэн гэрээний хавсралт 7-д зааснаар хариуцагч нь зээлдэгчид зээлийн эргэн төлөлтийг сануулах захидал мессежээр илгээх, зээлдэгчтэй утсаар холбоо барьж мэдэгдэх ажиллагааг хийсэн болох нь ******* ХХК-ийн төлбөрийн нэхэмжлэх болон хариуцагчийн төлбөр төлсөн баримтуудаар нотлогдож байна.

 

5.6.Үүнээс гадна нэмэлт гэрээний хавсралтад тухайн гэрээ хийх үеийн байдлаар 90 хүртэл хоногтой 6038 зээл, 90-ээс дээш хоногтой 2602 зээл байсан гэж тусгасан ба талууд тайлангаа гаргаагүй, дүгнээгүй, хэлэлцээгүй учир нэхэмжлэлд дурдсан 2544 зээлдэгчийн 4,735,760,074 төгрөгийн өр төлбөрийн үлдэгдэл бодитой тогтоогдсон гэж үзэх боломжгүй.

 

6.Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1 дэх хэсэгт Үүрэг гүйцэтгэгч хүлээсэн үүргээ зөрчсөн тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгч учирсан хохирлоо арилгуулахаар шаардах эрхтэй гэж заасан ба хариуцагч нь хамтран ажиллах гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн байдал хэргийн баримтаар тогтоогдоогүй тул нэхэмжлэгч нь хариуцагчаас хохирол төлүүлэхээр шаардсан нь үндэслэлгүй. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийг хангуулах агуулгаар гаргасан нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хүлээн авах боломжгүй.

 

Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг шийдлийн хувьд хэвээр үлдээж, хууль хэрэглээний өөрчлөлт оруулан, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн 191/ШШ2025/02549 дугаар шийдвэрийн 1 дэх заалтын Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1, 208 дугаар зүйлийн 208.2 гэснийг Иргэний хуулийн 476 дугаар зүйлийн 476.1 гэж өөрчилж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч *******ББСБ ХХК-аас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2025 оны 05 дугаар сарын 08-ны өдөр төлсөн 23,836,750 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ч.ЦЭНД

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ   Г.ДАВААДОРЖ

 

ШҮҮГЧ  Д.ЗОЛЗАЯА