Улсын дээд шүүхийн Тогтоол

2016 оны 05 сарын 10 өдөр

Дугаар 125

 

    Ж.Ч-т холбогдох эрүүгийн

хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг

Танхимын тэргүүн Т.Уранцэцэг даргалж,

шүүгч Б.Батцэрэн, Д.Ганзориг, Ч.Хосбаяр, Б.Цогт нарын бүрэлдэхүүнтэй,

прокурор Ц.Бурмаа,

нарийн бичгийн дарга Б.Дүүрэнжаргал нарыг оролцуулан,

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 2 дугаар сарын 16-ны өдрийн 155 дугаар шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 3 дугаар сарын 24-ний өдрийн 186 дугаар магадлалтай, Ж.Ч-т холбогдох 2014260004453 дугаартай хэргийг шүүгдэгчийн гомдлоор хянан хэлэлцэв.

1.Монгол Улсын иргэн, 1966 онд төрсөн, эрэгтэй, 1995 онд Эрүүгийн хуулийн 127 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 1 жилийн хорих ял,

1996 онд Эрүүгийн хуулийн 127 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хорих ял,

1999 онд Эрүүгийн хуулийн 127 дугаар зүйлийн 3, 131 дүгээр зүйлийн 2, 211 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар 4 жил, 4 сар, 15 хоногийн хорих ял,

2004 онд Эрүүгийн хуулийн 148 дугаар зүйлийн 148.3 дахь хэсэгт зааснаар 6 жилийн хорих ял,

2008 онд Эрүүгийн хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1 дэх хэсэгт зааснаар Ж.Ч-ийг онц аюултай гэмт хэрэгтнээр тооцож, Эрүүгийн хуулийн 261 дүгээр зүйлийн 261.2 дахь хэсэгт зааснаар 5 жил 1 сарын хорих ял, өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн 2 жил 5 сар 11 хоногийн хорих ялыг нэмж нэгтгэн 7 жил 6 сар 11 хоногийн хорих ялаар тус тус шийтгүүлж байсан, Х овогт Ж-ийн Ч нь Эрүүгийн хуулийн 148 дугаар зүйлийн 148.4 дэх хэсэгт заасан “Онц аюултай гэмт хэрэгтнээр тооцогдсон байхдаа бусдын эд хөрөнгийг итгэл эвдэх аргаар хуурч мэхлэн авсны улмаас бага бус хэмжээний хохирол учруулах” гэмт хэрэгт холбогджээ.     

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх Ж.Ч-ийг онц аюултай гэмт хэрэгтнээр тооцогдсон байхдаа бусдын эд хөрөнгийг хуурч мэхлэх, итгэл эвдэх аргаар залилан мэхлэж, бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 148 дугаар зүйлийн 148.4 дэх хэсэгт зааснаар 50.000  төгрөгийн эд хөрөнгө хурааж, 10 жил 1 сарын хорих ялаар шийтгэж, уг ялыг онцгой дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлэхээр шийдвэрлэжээ.

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Ж.Ч-ийн гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.  

Илтгэгч шүүгч Ч.Хосбаярын хэргийн талаарх танилцуулга, шүүх хуралдаанд оролцсон прокурор Ц.Бурмаагийн саналыг сонсоод

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Ж.Ч хяналтын шатны шүүхэд гаргасан гомдолдоо: “...Энэ хэрэгт хамтран оролцогчоор Ч.Б-ыг татах ёстой байсан ба түүнээс мэдүүлэг аваагүйд гомдолтой байна. Онц аюултай гэмт хэрэгтнээр яллагдаж байхад өмгөөлүүлэх эрхээр хангаагүй, биеийн байдлыг харгалзан ялын дэглэмийг өөрчилж өгнө гэж өмгөөлөгч өмнөх шатны шүүх хуралдаанд мэдүүлсээр байхад шүүх анхаарч үзээгүй. Энэ хэрэгт Ч.Б хамтран оролцсон талаар мөрдөн байцаалтын шатанд удаа дараа хэлсэн боловч энэ талаар шалгаагүй. Иймд хэргийг мөрдөн байцаалтад буцааж өгнө үү...” гэжээ.

Прокурор Ц.Бурмаа хяналтын шатны шүүхэд хэлсэн саналдаа: “...Ж.Ч-т холбогдох хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа бүрэн хийгдсэн, хэргийн зүйлчлэл тохирсон, шүүх хэргийг шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчөөгүй тул шийтгэх тогтоол, магадлалыг хэвээр үлдээж, шүүгдэгчийн гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна...” гэв.

Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийтгэх тогтоол, магадлал нь хууль ёсны ба үндэслэлтэй байх Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 284 дүгээр зүйлд заасан шаардлагад нийцсэн байна.

 Шүүгдэгч Ж.Ч  нь онц аюултай гэмт хэрэгтнээр тооцогдсон байхдаа “засал хийж өгнө, эмчилгээний мөнгө хэрэгтэй байна” гэж хохирогч Х.Ц-аас 2014 оны 06 дугаар сарын 30-ны өдөр 2.000.000 төгрөг, 2014 оны 8 дугаар сарын 26-ны өдөр 80.000 төгрөгийг тус тус залилан мэхэлж авсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хохирогч Х.Ц-ын мэдүүлэг болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдож, тогтоогдсон талаар анхан болон давж заалдах шатны шүүхийн дүгнэлт хууль зүйн үндэслэлтэй байна гэж үзэв.

 Шүүх хэрэгт цугларсан нотлох баримтад тулгуурлан хэргийн жинхэнэ байдалд нийцсэн дүгнэлт хийж, Ж.Ч-ийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн хор аюулын хэр хэмжээ, хувийн байдалд нь тохирсон Эрүүгийн хуулийн 148 дугаар зүйлийн 148.4 дэх хэсэгт заасан төрөл, хэмжээний ял оногдуулж, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэн, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчөөгүй байна.                                        

Энэ хэрэгт Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 80 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан байх тул шүүгдэгч Ж.Ч-ийн “...Ч.Б-ыг хамтран оролцогчоор шалгах шаардлагатай тул хэргийг мөрдөн байцаалтад буцааж өгнө үү...” гэсэн гомдлыг хэрэгсэхгүй болгож, анхан болон давж заалдах шатны шүүхийн шийтгэх тогтоол, магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

            Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 350 дугаар зүйлийн 350.1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

1.Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 2 дугаар сарын 16-ны өдрийн 155 дугаар шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 3 дугаар сарын 24-ний өдрийн 186 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж, шүүгдэгч Ж.Ч-ийн гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

 

 

ДАРГАЛАГЧ

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                                  Т.УРАНЦЭЦЭГ

 

ШҮҮГЧ                                                                             Ч.ХОСБАЯР