Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 01 сарын 16 өдөр

Дугаар 221/МА2020/0051

 

2020 оны 01 сарын 16 өдөр           Дугаар 221/МА2020/0051                          Улаанбаатар хот

Л.Ж-ын нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Батбаатар даргалж, шүүгч О.Номуулин, Ц.Цогт нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Өнө-Эрдэнэ, нэхэмжлэгч Л.Ж, өмгөөлөгч Г.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.У нарыг оролцуулан Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 128/ШШ2019/0805 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч гаргасан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын дагуу Л.Ж-ын нэхэмжлэлтэй, Нийслэлийн боловсролын газрын даргад холбогдох захиргааны хэргийг шүүгч Ц.Цогтын илтгэснээр хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 128/ШШ2019/0805 дугаар шийдвэрийн 1 дэх заалтаар: Төрийн албаны тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1, 48.1.3-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Нийслэлийн боловсролын газрын даргын 2019 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн Б/81 дүгээр тушаалыг хүчингүй болгож, Л.Ж-ыг урьд эрхэлж байсан Баянгол дүүргийн Боловсролын хэлтсийн даргын албан тушаалд эгүүлэн тогтоож,

2 дахь заалтаар: Төрийн албаны тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.3, 57 дугаар зүйлийн 57.2.2, 57.12, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Л.Ж-ын ажилгүй байсан хугацааны үндсэн цалин, нэмэгдэлтэй тэнцэх хэмжээний 4,568,120 төгрөгийн нөхөн олговрыг хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид олгуулж, эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийхийг хариуцагчид даалгаж шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдолдоо: Анхан шатны шүүх “Нийслэлийн боловсролын газрын дарга дүүргийн Боловсролын хэлтсийн даргыг Нийслэлийн Засаг даргатай “зөвшилцөн” томилж чөлөөлөхөөр байна. Тэгвэл хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч “... Нийслэлийн боловсролын газрын дарга Нийслэлийн Засаг даргатай бичиг цаасаар зөвшилцөөгүй, амаар ярилцсан ...” гэсэн тайлбар гаргаж байгаа бөгөөд үүнийг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна” гэсэн байна.

Монгол хэлний их тайлбар тольд “зөвшилцөх” гэдгийг тодорхой асуудлыг нэгдмэл санаа бодлоор шийдвэрлэх гэж тайлбарласан байдаг бөгөөд Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.1-д “Захиргааны акт гэж захиргааны байгууллагаас тодорхой нэг тохиолдлыг зохицуулахаар нийтийн эрх зүйн хүрээнд гадагш чиглэсэн, эрх зүйн шууд үр дагавар бий болгосон амаар, бичгээр гаргасан захирамжилсан шийдвэр болон үйл ажиллагааг ойлгоно” гэж заасан. Гэтэл үүнийг хүлээн зөвшөөрөх боломжгүй гэж байгаа нь хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн гэж үзэж байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.2-т “Нотлох баримт нь хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчийн тайлбар, гэрчийн мэдүүлэг ... зэрэг нотолгооны хэрэгслээр тогтоогдоно”, 32 дугаар зүйлийн 32.1, 32.2-т зааснаар захиргааны хэргийг шүүх хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтыг Нийслэлийн Засаг даргаас эсвэл гэрчийн мэдүүлэг авах боломжтой байсан. Гэтэл анхан шатны шүүх энэ үүргээ хэрэгжүүлээгүй гэж үзэж байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 88 дугаар зүйлийн 88.2-т “Шүүх хуралдааныг дуу-дүрсний бичлэгээр баталгаажуулна” гэж заасан бөгөөд шүүх хуралдааныг дуу, дүрс бичлэгээр баталгаажуулаагүй хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзэж байна.

Мөн шүүхийн үзлэг явуулахдаа Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-д “Шүүх эрх мэдлийг хуулийн дагуу байгуулагдсан шүүх хэрэгжүүлнэ”, 41 дүгээр зүйлийн 41.1-д “Хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нөхцөл байдлыг тодруулахын тулд шүүх үзлэг, туршилт, таньж олуулах ажиллагааг хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчийг оролцуулан хийх бөгөөд энэ тухай тэмдэглэл үйлдэж, уг ажиллагаанд оролцогчдоор гарын үсэг зуруулна”, 41.3-д “Хөндлөнгийн гэрчээр хэрэгт хувийн болон албаны сонирхолгүй, эрх зүйн бүрэн чадамжтай хүнийг оролцуулна”, 41.4-д “Хөндлөнгийн гэрч түүнийг байлцуулан хийсэн ажиллагааны явц, агуулга, дүнг баталж өгөх үүрэгтэй” гэж заасныг тус тус зөрчсөн. Үзлэгийг шүүгч өөрөө явуулаагүй туслах үзлэг явуулсан, хөндлөнгийн гэрч оролцуулаагүй явуулсан зэрэг нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзэж байна.

Анхан шатны шүүхийн шийдвэрт “... нэхэмжлэгчийн “Монгол Улсын Үндсэн хууль, бусад хуулийг дээдлэн хүндэтгэж сахин биелүүлэх” үүргээ биелүүлээгүй, “хуульд нийцээгүй шийдвэр гаргах” гэсэн хориглосон заалтыг зөрчсөн гэж үзэхгүй” гэсэн нь үндэслэлгүй гэж үзэж байна.

Учир нь цэцэрлэгийн эрхлэгч нарыг Боловсролын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1.15-д зааснаар Нийслэлийн Засаг дарга томилж чөлөөлдөг, өөрөөр хэлбэл ажил олгогч нь Нийслэлийн Засаг дарга юм. Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1-д “Ажил олгогч нь ажилтанд түүний хүсэлтээр чөлөө олгож болно” гэж хуульчилсан.

Нэхэмжлэгч нь 2019 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн “Чөлөө олгох тухай” тушаалаар цэцэрлэгийн эрхлэгч нарт чөлөө олгож байгаа нь хуульд нийцээгүй шийдвэр гаргаж, хуулийг хүндлэн сахин биелүүлэх үүргээ хэрэгжүүлээгүй байгаа нь тодорхой байна.

Цэцэрлэгийн эрхлэгч нар нь албан ажлаар гадаадад 2019 оны 05 дугаар сарын 03-ны өдрөөс болон 05-ны өдрөөс 05 дугаар сарын 10-ны өдөр явсан нь тогтоогддог. Нийслэлийн боловсролын газрын даргын 2017 оны А/91 тоот тушаалын хавсралтаар батлагдсан “Нийслэлийн төрийн өмчийн ерөнхий боловсролын сургуулийн захирал, цэцэрлэгчийн эрхлэгч гадаад улс, оронд албан томилолтоор ажиллах журам”-ын 3.1-д “Нийслэлийн төрийн өмчийн ерөнхий боловсролын сургуулийн захирал, цэцэрлэгчийн эрхлэгч нар нь албан томилолт, сургалт, семинар, хурал, чуулган, уулзалт, соёлын арга хэмжээ болон бусад албан ажлаар /цаашид албан томилолт гэх/ гадаад улсад зорчихдоо Нийслэлийн боловсролын газрын даргын тушаал гаргуулж, албан томилолтоор ажиллана” гэж заасан. Гэтэл шүүх Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1, 34.2-т зааснаар үнэлж дүгнээгүй гэж үзэж байна.

Анхан шатны шүүхийн шийдвэрт “... Өөрөөр хэлбэл, дүүргийн Боловсролын хэлтсийн даргын ажлын байрны тодорхойлолтоор чөлөө хүссэн өргөдлийг шийдвэрлэх болохоос байгууллагын өргөдлийг бүртгэлийн программд оруулах үүргийг хүлээхгүй, өргөдөл гомдол хүлээн авсан ажилтан оруулах үүрэгтэй” гэсэн байна. Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай хуулийн 15 дугаар зүйлийн 1-д “Өргөдөлд дурдсан асуудлыг шууд шийдвэрлэх боломжтой бол зохих шийдвэрийг гаргана”, 13 дугаар зүйлийн 2-т “өөрийн эрх хэмжээнд хамаарахгүй бөгөөд албан ёсоор нийтэд зарласан асуудлаар гаргаагүй өргөдөл, гомдлыг харьяалах газар нь З хоногийн дотор шилжүүлнэ” гэж зааснаар нэхэмжлэгч өргөдлийг шийдвэрлэх биш харьяалах байгууллагад шилжүүлэх ёстой байсан болохоос чөлөө олгох эрхийг ажил олгогчоос нэхэмжлэгчид шилжүүлээгүй зэргийг шүүх үнэлж дүгнээгүй.

Нэхэмжлэгчийг дүүргийн Боловсролын хэлтсийн даргаар ажиллаж байхдаа 2019 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн “Чөлөө олгох тухай” тушаалыг нөхөж үйлдсэн гэж хариуцагчийн зүгээс маргасан. Гэтэл шүүх нотлох баримтуудыг цуглуулж, дүгнэлт өгөөгүй.

Анхан шатны шүүх “... Хүрээ тулга сургуулийн 2019 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн 19/11 дүгээр албан бичиг, чөлөө хүссэн цэцэрлэгийн эрхлэгч нарын өргөдөл зэрэг материалуудаас үзвэл нэхэмжлэгчийн эрх дур мэдэн чөлөө олгосон гэж үзэхгүй” гэж дүгнэсэн. Гэтэл 2019 оны 05 дугаар сарын 07-ны өдөр эрхлэгч нар Монгол Улсад байхгүй байсан бөгөөд хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтыг Хил хамгаалах ерөнхий газраас лавлагаа авах хүсэлтийг хангаагүй зэрэг нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1-д заасан үүргээ хэрэгжүүлээгүй гэж үзэж байна.

Төрийн албаны тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д зааснаар төрийн жинхэнэ албан хаагчийн нийтлэг үүрэг, тэдгээрийн үйл ажиллагаанд хориглох зүйлийг зөрчсөн, албан үүргээ биелүүлээгүй тохиолдолд тухайн зөрчлийн шинж байдал, түүнийг анх буюу давтан үйлдсэнийг харгалзан сахилгын шийтгэл ногдуулах хуулийн зохицуулалтыг хариуцагч анхаарч үзээгүй байна гэсэн байх ба хариуцагчийн гаргаж өгсөн баримтуудаар дээрх зөрчлийн шинж байдлыг анхаарч үзээд шийдвэрлэсэн болох нь тогтоогддог. Гэтэл анхан шатны шүүх нотлох баримтыг тал бүрээс нь бодитой харьцуулж үзээгүй, хэрэгт ач холбогдолтой үнэн зөв талаас нь үнэлж дүгнээгүй гэж үзэж байна.

Иймд Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 128/ШШ2019/0805 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Нийслэлийн Засаг даргын 2019 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн А/521 дүгээр захирамжаар баталсан Нийслэлийн дүүргийн боловсролын хэлтсийн дүрмийн 2.2-т “Дүүргийн боловсролын хэлтсийн бүтэц, орон тооны хязгаарыг Нийслэлийн Засаг дарга тогтооно” гэж заасныг Нийслэлийн Засаг даргын 2019 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн А/604 дүгээр захирамжаар “Дүүргийн боловсролын хэлтсийн даргыг Нийслэлийн Засаг даргатай зөвшилцөн Нийслэлийн боловсролын газрын дарга томилж, чөлөөлнө” гэж өөрчилжээ.

Шүүхээс хийсэн 2019 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн үзлэгт хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.У оролцсон, уг үзлэгээр тогтоосон “цэцэрлэгийн эрхлэгч нарын болон “Х” сургуулийн хүсэлт Баянгол дүүргийн боловсролын хэлтсийн өргөдөл, гомдлын дэвтэр болон цахим системд бүртгэгдээгүй” гэх үйл баримтын тухайд хэргийн оролцогчдоос маргаагүй байх тул уг үндэслэлийг хүлээн авах боломжгүй байна.

ХЯНАВАЛ:

Нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр зөв байх тул хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхив.

Нийслэлийн боловсролын газрын даргын 2019 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн Б/81 дүгээр тушаалаар “Баянгол дүүргийн Боловсролын хэлтсийн дарга Л.Ж нь харьяа дээд шатны албан тушаалтны хуульд нийцсэн шийдвэрийг биелүүлэх, цаг үеийн асуудлаар өгөгдсөн үүрэг даалгаврыг зохион байгуулах, хэрэгжилтийг хангах, дүүргийн цэцэрлэгүүдийн үйл ажиллагаанд хяналт тавих зэрэг үүргээ биелүүлээгүй, хуульд нийцээгүй шийдвэр гаргасан зэрэг зөрчил нь ... тогтоогдсон тул ... үүрэгт ажлаас нь халах сахилгын шийтгэл” ногдуулсныг хүчингүй болгуулж, урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгохоор нэхэмжлэгч Л.Ж маргажээ.

1. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын “Боловсролын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1.15-д зааснаар ... ажил олгогч нь Нийслэлийн Засаг дарга юм. Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1-д “ажил олгогч нь ажилтанд түүний хүсэлтээр чөлөө олгож болно хуульчилсан. Нэхэмжлэгч ... цэцэрлэгийн эрхлэгч нарт чөлөө олгож байгаа нь хуульд нийцээгүй шийдвэр гаргаж, хуулийг хүндлэн сахин биелүүлэх үүргээ хэрэгжүүлээгүй” гэх үндэслэлийн тухайд:

Нийслэлийн Засаг даргын 2017 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн А/998 дугаар захирамжаар “Нийслэлийн ерөнхий боловсролын сургуулийн захирал, цэцэрлэгийн эрхлэгчтэй хөдөлмөрийн гэрээ байгуулах, ... түр чөлөө ... олгох ... Нийслэлийн Засаг даргын бүрэн эрхийг Нийслэлийн боловсролын газрын дарга Ж.Г-д шилжүүлсэн” байна.

Баянгол дүүргийн 66 дугаар цэцэрлэгийн эрхлэгчтэй Нийслэлийн боловсролын газрын даргын байгуулсан 2018 оны Хөдөлмөрийн гэрээний 2.4-д “Ажилтан чөлөө авах тухайгаа урьдчилан мэдэгдэх ба ажлын 3 хүртэлх хоногийн чөлөөг дүүргийн боловсролын хэлтсийн дарга, түүнээс дээш хоногийн чөлөөг Нийслэлийн боловсролын газрын дарга шийдвэр гаргаж олгоно” гэжээ.

 Нэхэмжлэгч нь Баянгол дүүргийн боловсролын хэлтсийн даргаар ажиллаж байхдаа 2019 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн А/08 дугаар тушаалаар Нийслэлийн ерөнхий боловсролын “Хүрээ тулга” бүрэн дунд сургуулийн 2019 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн 19/11 дугаартай хүсэлт мөн “... -- дугаар цэцэрлэгийн эрхлэгч Д.О, --- дүгээр цэцэрлэгийн эрхлэгч М.С, --- дүгээр цэцэрлэгийн эрхлэгч Б.Н” нарын хүсэлтийг тус тус үндэслэн уг цэцэрлэгийн эрхлэгч нарт ажлын 3 өдрийн чөлөөг хүсэлтийнх нь дагуу олгосон нь дээрх гэрээнд нийцсэн, нэхэмжлэгч уг чөлөөг олгох эрх хэмжээтэй байжээ.

Гэтэл хариуцагчаас дээрх үйл баримтыг нэхэмжлэгчид ажлаас халах сахилгын шийтгэл ногдуулах үндэслэл болгосон нь буруу байна.

Нэхэмжлэгчид сахилгын шийтгэл ногдуулсан маргаан бүхий актад заасан бусад үндэслэл болох “харьяа дээд шатны албан тушаалтны хуульд нийцсэн шийдвэрийг биелүүлэх, цаг үеийн асуудлаар өгөгдсөн үүрэг даалгаврыг зохион байгуулах, хэрэгжилтийг хангах, дүүргийн цэцэрлэгүүдийн үйл ажиллагаанд хяналт тавих зэрэг үүргээ биелүүлээгүй” зэрэг үндэслэлүүдийг заасан боловч уг үндэслэлүүдийг хэрхэн шалган тогтоож уг актыг гаргасан нь тодорхойгүй байна.

Үүнээс үзвэл Төрийн албаны тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д “Хуульд өөрөөр заагаагүй бол энэ хуулийн 37, 39 дүгээр зүйлд заасныг зөрчсөн, албан үүргээ биелүүлээгүй болон энэ хуульд заасан бусад тохиолдолд тухайн зөрчлийн шинж байдал, түүнийг анх буюу давтан үйлдсэнийг нь харгалзан төрийн жинхэнэ албан хаагчид дараахь сахилгын шийтгэлийн аль нэгийг ногдуулна”, 48.1.З-д “төрийн албанаас халах” гэж тус тус заасны дагуу нэхэмжлэгчид төрийн албанаас халах сахилгын шийтгэл ногдуулах үндэслэл бүрдсэн гэж үзэх үндэслэлгүй.

Хариуцагчийн гомдлын “2019 оны 05 дугаар сарын 07-ны өдөр эрхлэгч нар Монгол Улсад байхгүй байсан бөгөөд хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдох бүхий нотлох баримтыг ... авах хүсэлтийг хангаагүй” гэх үндэслэлийг хүлээн авах боломжгүй. Учир нь нэхэмжлэгч цэцэрлэгийн эрхлэгч нарт чөлөө олгосон нь түүнд төрийн албанаас халах сахилгын шийтгэл ногдуулах үндэслэл болох эсэх, чөлөө олгох эрх хэмжээтэй байсан эсэхийг хянан шийдвэрлэхэд дээрх нотлох баримт ач холбогдолтой гэж үзэхээргүй байна.

2. Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэх тухайд:

Анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн шүүх хуралдааны тэмдэглэлээс үзвэл шүүх хуралдаан даргалагч шүүгчээс “тог, цахилгааны хязгаарлалт хийсэнтэй холбоотойгоор шүүх хуралдааныг дүрс бичлэгээр баталгаажуулах боломжгүй тул дуу бичлэгээр баталгаажуулна. Шүүх хуралдааныг үргэлжлүүлэхэд татгалзах зүйл байна уу” гэхэд хэргийн оролцогчдын зүгээс ямар нэг санал гаргаагүй, татгалзаагүй байгаа тул энэ талаарх гомдол үндэслэлгүй.

Мөн шүүгч өөрөө үзлэг хийгээгүй нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1-д нийцээгүй байх боловч энэ нь шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох үндэслэл болохооргүй байна.

Иймд дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.1-д заасныг баримтлан

ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 805 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Ууганбаярын давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5-д зааснаар шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн нь шүүхийн шийдвэр гарахад нөлөөлсөн гэж үзвэл хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                      Д.БАТБААТАР

ШҮҮГЧ                                                         О.НОМУУЛИН

ШҮҮГЧ                                                         Ц.ЦОГТ