Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 02 сарын 01 өдөр

Дугаар 07

 

Э.*******од холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Эрүүгийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Н.Насанжаргал даргалж, шүүгч Т.Бямбажав, Х.Гэрэлмаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд

          Прокурор Н.Ундрах

         Шүүгдэгч Э.*******

          Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Ганпүрэв, Ц.Баярмаа

          Нарийн бичгийн дарга Э.Дөлгөөн нарыг оролцуулан,

          Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Т.Дэлгэрмаа даргалж, шүүгч З.Төмөрхүү, шүүгч Э.Оюун-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй хийсэн 2017 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 03 дугаар шийтгэх тогтоолтой, Э.*******од холбогдох эрүүгийн 201616000077 тоот хэргийг ялтан Э.*******, түүний өмгөөлөгч Б.Ганпүрэв нарын давж заалдах гомдлоор 2017 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр хүлээн авч, шүүгч Х.Гэрэлмаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Э.******* нь Өмнөговь аймгийн Цогт-Овоо сум дахь Цагдаагийн газрын хэсгийн төлөөлөгчөөр ажиллаж байхдаа 2016 оны 03 дугаар сарын 26-ны өдөр 17 цаг 30 минутаас 22 цаг хүртэл хугацаанд согтуугаар Өмнөговь аймгийн Цогт-Овоо сумын төвд иргэн Ц.*******, Ё.******* нарыг “2 муу хулгайч орон нутаг бузарлаад юу хийгээд байгаа юм бэ” гэж хэлээд Ц.*******ийг "нохой явдлаар яв гэж 4 хөллүүлж мөлхүүлээд, шороо долоо гэж шороо долоолгоод, газраас чулуу авч амандаа зуу гэж зуулгаад, тэрийгээ хая гэж хаяулаад, дахиж нөгөө чулууг амаараа ав гэж амаар нь зуулган, газар байсан тоосгоны хэлтэрхийг амаараа зуу гэж зуулгуулан дөрвөн хөллүүлж мөлхүүлэн хэсгийн байрандаа оруулах" зэргээр бусдыг илтэд үл хүндэтгэн хүч хэрэглэн нийгмийн хэв журмыг ноцтой зөрчиж, Ё.*******гийн толгой, дагз, шанаа руу нь гараараа цохин, цээж, баруун хөлийн гуя руу өшиглөн, газар хэвтсэн байхад нь дээрээс нь дэвсэх зэргээр зодож бие махбодид нь баруун хөхний хэсэг, баруун гуяны хэсэгт нөсөө бүхий гэмтэл, иргэн Ц.*******ийн зүүн гуяруу өшиглөн, хөлөөрөө өвдөглөж, нүүр рүү алгадаж, толгой руу гараараа цохих зэргээр зодож бие махбодид нь тархи доргилт, зүүн нүдний зовхи, зүүн гуянд цус хуралт бүхий хөнгөн зэргийн гэмтэл учруулан Ц.*******, Ё.******* нарыг цагдаагийн хэсгийн байрны үүднийхээ өрөөнд нүдээ том нээ гэж нүдийг нь том харуулж байгаад нулимс асгаруулагч нүд рүү нь цацаж зэвсгийн чанартай зүйл хэрэглэн танхайрсан гэмт хэрэгт холбогджээ.

Өмнөговь аймгийн Прокурорын газраас Э.*******од Эрүүгийн хуулийн 181 дүгээр зүйлийн 181.3 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж хэргийг Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлсэн байна.

Анхан шатны шүүх Э.*******ыг зэвсгийн чанартай зүйл хэрэглэн танхайрах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 551 дүгээр зүйлийн 5511-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн  181 дүгээр зүйлийн 181.3 дахь хэсэгт зааснаар түүнд 3 /гурав/ жил 4 /дөрөв/ сарын хугацаагаар хорих ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.10, 52.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.*******од оногдуулсан хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлж, Э.*******ын биеийн байцаалттай холбоотой баримт бичиг шүүхэд ирээгүй, шүүгдэгч нь хохирогч нарт 2000000 төгрөг төлсөн, бусдад төлөх төлбөр, хохиролгүй, цагдан хоригдсон хоноггүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдаж, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.2 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн Lice гэсэн бичигтэй хар өнгийн 14.5 см урттай 3 см 4 мм-ийн өргөнтэй нулимс асгаруулагчийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Өмнөговь аймаг дахь Цагдаагийн газарт шилжүүлэхийг Өмнөговь аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд даалгаж шийдвэрлэжээ.

Ялтны өмгөөлөгч Б.Ганпүрэв давж заалдсан гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолоор шүүгдэгч Э.*******ыг Эрүүгийн хуулийн 181 дүгзэр зүйлийн 181.3-д заасан гэмт хэрэг үйлдсэн гэж үзэж ял шийтгэл оногдуулсан шийтгэх тогтоол нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болж чадаагүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэж байна. Э.******* нь хэрэгт холбогдох үедээ Өмнөговь аймгийн Цогт-Овоо сумын хэсгийн төлөөлөгчөөр ажиллаж байсан бөгөөд сумын хэсгийн төлөөлөгч нь хэрэг бүртгэх эрх бүхий албан тушаалтан бөгөөд Цагдаагийн албан хаагчийн хувьд Цагдаагийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1.5-д зааснаар “гэмт хэргийн тухай мэдээллийг хойшлуулшгүй шалгах, гэмт хэрэгтнийг баривчлах шаардлага гарсан тохиолдолд зорчигч тээврийн хэрэгслээр дараалал харгалзахгүйгээр үйлчлүүлэх” эрх бүхий этгээд юм.

Хэрэгт авагдсан баримтаар хохирогч Ц.*******, Ё.******* нар нь Дундговь аймагт хуурамч алт зарж борлуулан бусдыг залилан мэхлэх гэмт хэрэг үйлдээд зугтсан бөгөөд уг гэмт хэргийн хохирогчоос гаргасан гомдлын дагуу хохирогч нарыг эрэн сурвалжлах ажиллагаа явагдаж улмаар сэжиг бүхий этгээдүүдийг саатуулан шалгасан болох нь гэрч Г.*******, Д.******* нарын мэдүүлгээр тогтоогддог.

Хэдийгээр Э.*******ын үйлдэл нь танхайрах гэмт хэргийн шинжийг хэлбэрийн төдий агуулсан боловч Эрүүгийн хуулийн тусгай ангийн 251 дүгээр зүйлд заасан “Эрүү шүүлт” тулгах гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг илүүтэй агуулж байгаа бөгөөд Э.*******ын үйлдэлд эрүү шүүлт тулгах гэмт хэргийн бүрэлдэхүүн байгаа эсэхийг мөрдөн байцаалтад буцааж шалгуулах шаардлагатай юм.

Танхайрах болон эрүү шүүлт тулгах гэмт хэргүүд нь гэмт хэргийн бүрэлдэхүүний объектив талын хувьд төсөөтэй боловч гэмт хэргийн бүрэлдэхүүний субъектив талын шинж болох гэмт хэрэг үйлдэх зорилгоороо ялгагдах бөгөөд Э.******* нь хуулиар олгогдсон хойшлуулшгүй ажиллагааны хүрээнд тайлбар авах, хүний бие, эд зүйл, тээврийн хэрэгсэлд үзлэг хийх, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан эд зүйлийг хураан авах зэрэг ажиллагааны хүрээнд мэдүүлэг авах зорилгоор хүч хэрэглэсэн болох нь тогтоогддог.

Эрүү шүүлт тулгах гэмт хэрэг нь төрлийн объектын хувьд шүүн таслах ажиллагааны эсрэг гэмт хэргийн бүлэгт хамаардаг бөгөөд шүүн таслах ажиллагаа гэдэгт гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авах, шалгах, гэмт хэрэг үйлдсэн этгээдийг илрүүлэх, саатуулах, гэмт хэргийг нотлох, шийдвэрлэх бүхий л ажиллагааг хамарсан ойлголт юм.

Иймээс эрүү шүүлт тулгах гэмт хэрэг нь зөвхөн эрүүгийн хэрэг үүсгэснээс хойшхи ажиллагаанд хамаарна гэж ойлгох боломжгүй юм.

Хавтаст хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд хохирогч нар бичгээр гаргасан гомдолдоо тэднийг Дундговь аймгийн эрүүгийн төлөөлөгч Эрка /*******/ гэгч Дундговь аймагт очсоны дараа зодсон тухай дурдсан атлаа мэдүүлэг өгөхдөө өөр өөр мэдүүлэг өгсөн байдаг. Дээрх мэдүүлгийн зөрүү болон Э.*******ын гэмт хэрэг үйлдэх зорилгыг мөрдөн байцаалтын ажиллагаагаар тогтоох шаардлагатай гэж үзэж байна.

Иймд Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 03 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцааж өгнө үү гэжээ. 

Ялтан Э.******* давж заалдсан гомдолдоо: Анхан шатны шүүхийн 03 дугаартай шийтгэх тогтоолд гомдолтой байна. Би хохирогч *******, ******* нарт танхайрах үйлдлээр эрх, эрх чөлөөнд нь халдаагүй. Зөвхөн хийсэн хэргийг нь хүлээлгэх гэж гар хүрсэн. Ийд давж заалдах шатны шүүх хуралд өөрийн биеэр оролцох хүсэлтийг минь хангаж өгнө үү гэжээ.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокуророос: Шүүгдэгч *******ыг хэрэг бүртгэх эрхтэй байсан уу, үгүй юу гэдгийг тодруулах шаардлагатай гэсэн үндэслэлээр нэмэлт мөрдөн байцаалтанд буцаах үндэслэлийг шүүгдэгчийн өмгөөлөгч гаргаж байгаа юм байна. Хэрэг бүртгэх эрхтэй юу, хэрэг бүртгэгчээр ажиллаж байсан уу гэдэг дээр хэн ч маргаагүй. Хэргийн материал дотор хэсгийн байцаагчаар ажиллаж байсан нь тогтоогдсон баримт байж байдаг. Гагцхүү үйлдэл нь ямар байсан бэ гэдэг дээр л хуульч бид нар эрх зүйн болоод хуулийн тайлбарыг хийх ёстой. Анхан шатны шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийсэн. Дундговь аймгийн нутаг дэвсгэр дээр хуурамч алт зарагдсан гэсэн гэмт хэргийг шалгаж байгаа субъект нь ******* мөн үү гэдэг асуудал байгаа. Тэгэхээр ******* нь тухайн хэргийг шалгаагүй, шалгаж байгаа албан тушаалтан нь ******* гээд мөрдөн байцаагч байдаг. Хойшлуулшгүй ажиллагаа явуулсан уу гэхээр явуулаагүй байдаг. Зүгээр л нутаг орон бузарлаад хаа юу хийж яваа юм, ямар гэмт хэрэг үйлдсэн бэ гэх мэтчилэн. Хойшлуулшгүй ажиллагаа явуулж асуусан тайлбар байдаггүй. Анхны тайлбар дээр намайг зодсон юмаа гэдгийг *******, ******* нарын хэн нь ч мэдүүлдэггүй. Анхан шатны шүүх хурал дээр ч шүүгдэгч, хохирогч нараас асуухад тайлбар аваагүй гэж хэлдэг. Ийм учраас хойшлуулшгүй ажиллагаа явагдаагүй юм. Өмгөөлөгчийн хувьд шүүн таслах ажиллагааны журам зөрчигдсөн гэж үзээд байна. Хүнийг шалдан, нүцгэн, цагдаагийн байгууллагын гадаа гавлаад байгаа үйлдэл нь өөрөө шүүн таслах ажиллагаа мөн үү? гадуур явж байгаа хүмүүс нь энд хүн нүцгэн шалдан байна, фэсэбүүк дээр нийгмийн ёс зүй болохоо байлаа гэсэн зүйл Засаг дарга нь яриад үүнийгээ болиулаач ээ, ямар муухай ичгүүргүй юм бэ гэсэн зүйл яриад байдаг. Гадаа хүнийг шалдлаад гавлаад байгаа энэ үйлдэл чинь шүүн таслах ажиллагаа мөн юм уу. Энэ бол нийгмийн ёс журмыг бүдүүлгээр зөрчиж байгаа үйлдэл юм. Тэгэхээр анхан шатны шүүх объект, субъектийг зөв тодорхойлон шийдвэрлэсэн гэж үзэж байна. Танхайрах гэмт хэргийн үндсэн шинжүүдийг бүгдийг нь агуулсан байдаг. Хэргийг хүлээлгэх ямар ч шалтгаан байгаагүй. Нутаг орон бузарлаад гэсэн шалтгаан л байсан. Зэвсгийн чанартай зүйл хэрэглэсэн нь тогтоогддог. Нүдрүү нь нулимс асгаруулагчийг ашигласныг гэрчүүд бүгд мэдүүлдэг. Ямар нэгэн байдлаар хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын ажиллагааг явуулсан үйлдэл ерөөсөө харагддаггүй. Хойшлуулшгүй ажиллагаа явуулсаныг зайлшгүй тогтоох шаардлага байхгүй. Мөрдөн байцаалтын шатанд хийгдэх ажиллагаанууд бүгд хийгдсэн. *******ын гаргасан үйлдэл нь танхайн гэмт хэргийн шинжийг агуулсан танхайн гэмт хэрэг мөн. Хэрэг учрал болох үед хэн хамт байсан юм бэ. *******, Сэлэнгэ, тухайн үед байсан хохирогч нар өөрсдөө мөн мэдүүлж байгаа нь хэргийг хүлээлгэх зорилгоор зодсон талаар хэн нь ч ярьдаггүй. Эрүүгийн хэрэг үүсгэх тогтоол гарсны дараа  хэрэг бүртгэх, мөрдөн байцаах байгууллага, байцаан шийтгэх ажиллагааг явуулж эхлэхээр хуульчилсан байдаг. Байцаан шийтгэх ажиллагаа явуулж эхлээгүй байхад шүүн таслах ажиллагаа ямар ч зүйл яригдахгүй. Байцаан шийтгэх ажиллагаа гэдгийг хуульчлаад журамлаад заагаад өгчихсөн ийм ажиллагаа байдаг. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, ялтан Э.*******, түүний өмгөөлөгч П.Ганпүрэв нарын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон ялтан Э.*******оос: Би *******, ******* нараас үйлдсэн хэргийнх нь талаар асуусан. Тэр хоёр Өмнөговьруу ахынхруугаа оччихоод буцаад явж байгаа юм гэсэн тайлбар өгсөн. Дундговь аймгаас дэлгүүрт хуурамч алтаа зараад гарсан байсан. Камерийн бичлэгтэй гээд та хоёрыг саатуулж байна гэсэн чинь тийм зүйл байхгүй гээд хэрэлдэж, маргалдсан. Түүнээс болж ийм асуудал болсон гэв.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон ялтаны өмгөөлөгч Б.Ганпүрэвээс: Давж заалдах шатны шүүх хэргийг бүхэлд нь хянаж үзэх учраас гомдлынхоо гол үндэслэлийг тайлбарлая. Анхан шатны шүүхээс Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хэрэглэх ёстой хуулийг хэрэглээгүй гэсэн үндэслэлээр давж заалдах гомдлоо гаргасан. Энэ хэргийн зүйлчлэл дээр Эрүүгийн хуулийн ерөнхий анги дээр миний бие маргаж байгаа юм. Анхан шатны шүүхээс Э.*******од Эрүүгийн хуулийн 181 дүгээр зүйлд заасан зэвсгийн чанартай зүйл ашиглаж танхайрсан гэсэн зүйл ангиар ял халдаасанд зөвшөөрөхгүй байна. Учир нь энэ Э.*******ын үйлдлийг Эрүүгийн хуулийн 181 дүгээр зүйл, мөн хуулийн 251 дүгээр зүйл ангиуд бол өрсөлдөх зүйл ангиуд байгаа юм. Хэргийн үйл баримтаас харахад хэрэгт холбогдох үедээ хэсгийн төлөөлөгч гэсэн цагдаагийн албан хаагч байсан. Хэсгийн төлөөлөгч гэдэг бол Цагдаагийн албаны тухай хуулиар гэмт хэрэг үйлдсэн этгээдийг саатуулах, оргон зайлсан этгээдийг баривчлах, бие болон тээврийн хэрэгсэлд нь үзлэг хийх гэх мэт хойшлуулшгүй ажиллагаануудыг Эрүүгийн байцаан шийтгэх хууль болон, Цагдаагийн байгууллагын тухай хуулиар дээрх ажиллагааг хийх эрхтэй субъект юм. Хэсгийн төлөөлөгч гэдэг нь хэрэг бүртгэх эрхтэй юмаа гэдгийг шүүхийн хэлэлцүүлгийн шатанд тогтоогддог. Субъектийн хувьд эрүү шүүлт тулгах шинжийг агуулж байгаа боловч давж заалдах шатны шүүх өмнөх хурлаар хэрэг бүртгэх эрхтэй субъект мөн эсэх талаар тодруулах талаар магадлалдаа тусгаж анхан шатны шүхэд хэргийг буцаасан байдаг. Гэтэл анхан шатны шүүх *******ыг хэрэг бүртгэх эрхтэй субъект мөн эсэхийг 03 дугаартай шийтгэх тогтоол гаргахдаа хэлэлцэлгүйгээр шууд Эрүүгийн хуулийн 181 дүгээр зүйлд зааснаар ялласан нь үндэслэлгүй болсон байна гэж үзэж байна. Тийм учраас ******* нь хэрэг бүртгэх эрхтэй субъект мөн эсэх, мөн тухайн өдөр *******, ******* нарын үйлдсэн гэх хуурамч алт зарж борлуулаад оргон зайлсан гэх хэрэгт хойшлуулшгүй ажиллагаа явуулах эрхтэй этгээд мөн байсан эсэхийг Цагдаагийн байгууллагын дотоодод үйлчилж байгаа дүрэм, журам, өөр бусад эрх зүйн актаар олж тогтоох, шүүх хуралдаанаар нөхөн тогтоох боломжгүй нөхцөл байдал байхад дүгнэлт хийгээгүй хэргийг шийдвэрлэсэн байдаг. Эрүүгийн хуулийн 251 дүгээр зүйлд эрүү шүүлт тулгах гэмт хэрэг бол хуульд хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч гэж заасан байгаа боловч хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч гэдгийг зөвхөн эрүү шүүлт тулгах гэмт хэргийн хувьд бол зөвхөн эрүүгийн хэрэг үүсгэснээс хойш хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт хийж байгаа, мөн цаашлаад түүнд хяналт тавьж байгаа прокурор, тэр хэргийг хянан шийдвэрлэж байгаа шүүгч гэж явцууруулж ойлгох юм бол хууль тогтоогчийн зүгээс эрүү шүүлт тулгах гэмт хэргийг хуульчилсан хуулийн жинхэнэ агуулгаас зөрнө. Яагаад гэхээр эрүү шүүлт тулгах гэмт хэрэг нь олон улсын конвенци болон Үндсэн хууль, Эрүүгийн хуульд зааснаар гол агуулга бол зөвхөн эрүүгийн хэрэг үүсгэснээс хойшхи ажиллагаа хамаардаг, зөвхөн тухайн хэргийг мөрдөж байгаа харъяалалтай субъектүүд л хамаарна гэдэг бол хэтэрхий явцууруулж тайлбарлах нөхцөл байдал үүснэ. Эрүүгийн хуулийн 251 дүгээр зүйлд заасан гэмт хэрэг бол Эрүүгийн хуулийн 27 дугаар зүйлд заасан шүүн таслах ажиллагааны эсрэг гэмт хэрэг гэсэн бүлэгт хамаарч орсон байдаг. Хэрвээ энэ зүйл заалтыг явцууруулж тайлбарлах юм бол Үндсэн хууль болоод Эрүүдэн шүүхийн эсрэг олон улсын конвенцтой зөрчилдөх нөхцөл байдал үүсээд байгаа юм. Объектийн хувьд энэ гэмт хэрэг нь объектив талын хувьд зовоон тарчлаасан, тохуурхан даажигнасан гэх үйлдлүүд хэлбэрийн төдий харагдаж байгаа боловч объектийн хувьд энэ гэмт хэрэг анхнаасаа шүүн таслах ажиллагаанд халдсан, шүүн таслах ажиллагааны дүрэм, журмыг биелүүлээгүй зүйл юм. Эрүү шүүлт тулгах гэсэн үндсэн объектийн хүрээнд тэр бусдын амь бие, эрүүл мэндэд нэмэгдэл хэлбэрээр орж ирж байгаа дээр анхан шатны шүүх ялгаж салгаж харалгүйгээр шууд Эрүүгийн хуулийн 181 дүгээр зүйлээр ялласан нь буруу юм. Танхайрах гэмт хэрэг бол объектив талын хувьд төсөөтэй мэт боловч гэмт хэрэг үйлдэх зорилгоороо ялгардаг. Өөрөөр хэлбэл мэдүүлэг өгөхийг албадах гэдгийн цаана ямар санаа зорилго агуулагдаж байдаг вэ гэхээр тухайн иргэнийг өөрийг нь хүсээгүй байхад нь хэрэгт холбогдсон этгээд юм уу, хохирогч ямар нэгэн байдлаар хүчээр тулгаж юм уу, хууран мэхлэх замаар мэдүүлэг авах нь гэмт хэргийг илрүүлэх арга байдаг. Сэдэлтийн хувьд танхайн сэдэлттэй, шунахайн сэдэлттэй ч байж болно. Яагаад гэхээр Эрүүгийн хуулийн 251 дүгээр зүйлд сэдэлт нөлөөлдөггүй. Хамгийн гол зүйл бол зорилго байдаг. Гэрч *******ын мэдүүлгээр Ариунаагийн гомдлын дагуу Цогт-Овоо руу эрэн сурвалжлах зарласан. Яваад очиход нөгөө хоёр хүн нь хэргээ хүлээчихсэн байсан гэсэн мэдүүлэг өгдөг. Энэ мэдүүлгийг цааш нь нягтлах ёстой. Ямар байдлаар Даваажамцан, ******* хоёр хэргээ хүлээсэн байсан юм. Өөрөөр хэлбэл хэргээ хүлээсэн гэдэг ойлголтын цаана хэргийг нь хүлээлгэсэн байсан гэдэг ойлголт давхар явж байна. Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 03 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг нэмэлт мөрдөн байцаалтанд буцааж өгнө үү гэсэн саналтай байна гэв.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон ялтаны өмгөөлөгч Ц.Баярмаагаас: П.Ганпүрэв өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг бүрэн дүүрэн дэмжиж байна. Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 03 дугаар шийтгэх тогтоол нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болж чадаагүй байна. Тийм учраас 03 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, нэмэлт мөрдөн байцаалтанд буцааж өгнө үү гэсэн саналыг шүүх бүрэлдэхүүнд оруулж байна. Эрүүгийн хуулийн 5 дугаар зүйлд заасан ерөнхий заалт, мөн Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 16 дугаар зүйлийн 16.1 дэх заалтад хэргийн байдлыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор нотлохын тулд хуульд заасан бүх арга хэмжээг авч тухайн сэжигтэн, яллагдагчийг хөнгөрүүлэх нөхцөл байдлыг эрх бүхий албан тушаалтан бүрэн тогтоох үүрэгтэй байдаг. Гэмт хэрэг хаана, хэрхэн үйлдэгдсэн талаар хавтаст хэрэгт бүрэн тогтоогоогүй байна гэж үзэж байна. Хавтаст хэргийн хүрээнд хохирогч нараас гаргасан гомдолдоо бид нарыг авч явж байхдаа замын гуанзанд Батбаатар биднийг өшиглөж байсан. Сумын төвөөс 2 км-т мөн зогсоод ахиад зодсон гэсэн байдаг. Дундговьд ирсэний дараа *******, Эрка нар зодсон. Нилээд зодож байгаад гар өвдөөд байна, боксын бээлий хийж байгаад балбая, заалны түлхүүр байна уу, цахилгаан бороохой сураад заал түгжээтэй байна гэхээр нь больсон. Дараа нь элдэв юм ярихгүй юм байгаа биз дээ гэж хэлж байсан гэсэн. Тухайн үед байсан эрх бүхий албан тушаалтнууд энэ хохирогч нарын эрх чөлөөнд халдаад байсан үйлдлийг хэргийн хүрээнд тогтоогоогүй байдаг. Хавтаст хэрэгт авагдсан *******, ******* хоёроос таныг ******* зодож цохьсон уу гэсэн асуултад  ******* зодсон юм, өөр хүмүүс зодоогүй юм гэж хариулсан байдаг. Эдгээр мэдүүлгээс харахад хавтаст хэргийн хүрээнд бусад эрх бүхий албан тушаалтнууд хохирогч *******, ******* нарын эрх чөлөөнд халдаад яваад байдаг. Сүүлдээ мэдүүлгээ өөрчлөөд таныг зодсон уу гэсэн удаа дараагийн мэдүүлэгт *******, ******* нар үгүй ээ нэг ч хүн зодоогүй. Харин ******* л бид нарыг зодоод байсан юм гэж мэдүүлээд байгаа нь хүн бүр хууль, шүүхийн өмнө тэгш байна гэсэн зарчим алдагдаж байна гэж үзэж байна. Эдгээр хүмүүс эргээд худал мэдүүлэг өгөөд байгаа нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 254 дүгээр зүйлийн 254.1 дэх хэсэгт зааснаар татагдах ёстой. Мөн *******, Эрка гэж эдгээр хүмүүс хүний эрх чөлөөнд халдаад байхад яагаад түүнийг шалган тогтоох, байцаан шийтгэх ажиллагаа явуулаагүй байна вэ. Тэгэхээр гэмт хэрэг гарсан нөхцөл байдлыг бүрэн дүүрэн тогтоогоогүй байхад энэ хэргийг 03 дугаартай шийтгэх тогтоолоор эцэслэн шийдсэн байгаа нь тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байна гэж үзэж байна. Иймд Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 03 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг нэмэлт мөрдөн байцаалтанд буцааж өгөх саналыг шүүх бүрэлдэхүүнд оруулж байна гэв.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол  нь хууль ёсны ба үндэслэлтэй байх Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 284 дүгээр зүйлийн шаардлагыг хангасан байна.

Шүүгдэгч Э.******* нь Өмнөговь аймгийн Цогт-Овоо сум дахь Цагдаагийн газрын хэсгийн төлөөлөгчөөр ажиллаж байхдаа 2016 оны 03 дугаар сарын 26-ны өдөр 17 цаг 30 минутаас 22 цаг хүртэл хугацаанд согтуугаар Өмнөговь аймгийн Цогт-Овоо сумын төвд иргэн Ц.*******, Ё.******* нарыг “2 муу хулгайч орон нутаг бузарлаад юу хийгээд байгаа юм бэ” гэж хэлээд Ц.*******ийг "нохой явдлаар яв гэж 4 хөллүүлж мөлхүүлээд, шороо долоо гэж шороо долоолгоод, газраас чулуу авч амандаа зуу гэж зуулгаад, тэрийгээ хая гэж хаяулаад, дахиж нөгөө чулууг амаараа ав гэж амаар нь зуулган, газар байсан тоосгоны хэлтэрхийг амаараа зуу гэж зуулгуулан дөрвөн хөллүүлж мөлхүүлэн хэсгийн байрандаа оруулах" зэргээр бусдыг илтэд үл хүндэтгэн хүч хэрэглэн нийгмийн хэв журмыг ноцтой зөрчиж, Ё.*******гийн толгой, дагз, шанаа руу нь гараараа цохин, цээж, баруун хөлийн гуя руу өшиглөн, газар хэвтсэн байхад нь дээрээс нь дэвсэх зэргээр зодож бие махбодид нь баруун хөхний хэсэг, баруун гуяны хэсэгт нөсөө бүхий гэмтэл, иргэн Ц.*******ийн зүүн гуяруу өшиглөн, хөлөөрөө өвдөглөж, нүүр рүү алгадаж, толгой руу гараараа цохих зэргээр зодож бие махбодид нь тархи доргилт, зүүн нүдний зовхи, зүүн гуянд цус хуралт бүхий хөнгөн зэргийн гэмтэл учруулан Ц.*******, Ё.******* нарыг цагдаагийн хэсгийн байрны үүднийхээ өрөөнд нүдээ том нээ гэж нүдийг нь том харуулж байгаад нулимс асгаруулагч нүд рүү нь цацаж зэвсгийн чанартай зүйл хэрэглэн танхайрсан гэмт хэргийн үйл баримтыг анхан шатны шүүх хуульд заасан журмын дагуу цугларсан, шүүх хуралдаанд шинжлэн судлагдсан нотлох баримтуудад үндэслэн тогтоож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3 дахь хэсэгт зааснаар хэргийг зүйлчилж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 551 дүгээр зүйлийн 551. 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн  181 дүгээр зүйлийн 181.3 дахь хэсэгт заасан хэмжээний дотор хорих ял оногдуулж Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн байна.

Давж заалдах шатны шүүх гомдолд дурдсан зүйлээр хязгаарлахгүйгээр хэргийг бүхэлд нь хянахад Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 80 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан шаардлагыг зөрчсөн ноцтой зөрчил тогтоогдоогүй.

Иймд шүүгдэгчийн өмгөөлөгч нарын “хэргийг мөрдөн байцаалтад буцааж өгнө үү” гэх гомдлыг хэрэгсэхгүй болгож, шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх хуралдаанаас шийдвэрлэв.

       Монгол улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 315 дугаар зүйлийн 315.1.1, 325 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

       1.  Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 03 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, ялтан Э.*******, ялтны өмгөөлөгч Б.Ганпүрэв нарын давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

       2. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 342 дугаар зүйлийн 342.1 дэх хэсэгт зааснаар Давж заалдах шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчсөн, Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзвэл магадлалыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор хяналтын шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч болон тэдгээрийн өмгөөлөгч гомдол гарах, улсын ерөнхий прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

                                    ДАРГАЛАГЧ                                        Н.НАСАНЖАРГАЛ

                                       ШҮҮГЧИД                                             Т.БЯМБАЖАВ

                                                                                                  Х.ГЭРЭЛМАА