Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 05 сарын 26 өдөр

Дугаар 210/МА2025/00900

 

  

*******гийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

  Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Э.Энэбиш даргалж, шүүгч Ч.Цэнд, Д.Золзаяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн 191/ШШ2025/02078 дугаар шийдвэртэй

Нэхэмжлэгч *******гийн нэхэмжлэлтэй

Хариуцагч *******ХХК-д холбогдох

Хохирол 930,237,370 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Д.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч *******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, *******, хариуцагчийн өмгөөлөгч *******, бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Нинжбадгар нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга:

1.1.Нэхэмжлэгч ******* нь Чингэлтэй дүүрэг, 11 дүгээр хороо, Нуурын ******* дүгээр гудамж, ******* тоот хаягт байрлах, 700 м.кв талбайтай газрыг Чингэлтэй дүүргийн Засаг даргын 2006 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 232 дугаар захирамжаар эзэмшиж, 2008 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр түүнд газар өмчлүүлэх шийдвэр гарч, Нийслэлийн Засаг даргын 2008 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн 159 дүгээр захирамжаар дээрх газрыг өмчлөх эрхтэй болсон. 2021 оны 03 дугаар сарын 12-ны өдөр ******* дугаар газар өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээг шинэчилж авсан. Тус газрыг 2024 оны 02 дугаар сарын 21-ний өдрийг хүртэл өмчилж байсан болно.

1.2.Гэтэл *******гийн өмчлөх эрх бүхий газрыг 2008 оны 04 дүгээр сараас эхлэн 2024 оны 02 дугаар сар хүртэлх хугацаанд *******ХХК нь автозогсоол болгон асфальтан хучилт хийж, мах зардаг бүхээгтэй автомашинууд бүхий иргэдээс зогсоол ашигласны төлбөр авч ашиг олсоор ирсэн. Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1.1-д зааснаар газар өмчлөгч нь бусад этгээдэд хууль буюу гэрээгээр олгогдсон эрхийг зөрчихгүйгээр хуулиар олгогдсон хэмжээ, хязгаарын дотор өмчийнхөө газрыг эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхтэй гэж заасан. Иргэний хуулийн 229 дүгээр зүйлийн 229.1-д Үүрэг бүхий этгээд нь гэм хорыг арилгахдаа эд хөрөнгөд учруулсан бодит хохирол болон олох ёстой байсан орлогыг нөхөн төлөх үүрэгтэй гэж заасан бөгөөд энэ талаар хөрөнгийн үнэлгээний *******ХХК-аар үнэлгээ гаргуулахад 2011 оноос 2024 оны 02 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл хугацаанд тус газрыг автозогсоолын хэлбэрээр бусдад түрээслэхэд зах зээлийн үнэ орлогын хандлагаар 930,237,370 төгрөгийн тооцоо гарсан бөгөөд *******ХХК нь *******гийн газрыг ашиглаж дээр дурдсан хэмжээний орлогыг олж байсан гэж үзэхээр байна.

Өмнө нь нэхэмжлэгчийн зүгээс тус өмчлөх эрх бүхий газрыг 2008 оны 04 дүгээр сараас эхлэн 2024 оны 02 дугаар сар хүртэлх хугацаанд нийт 13 зогсоол болгон ашиглаж ойролцоогоор нэг сарын төлбөр 150,000 төгрөгөөр түрээсэлсэн бол нийт 372,450,000 төгрөгийн орлого олох боломжтой байсан гэж үзэж 372,450,000 төгрөг гаргуулахаар нэхэмжилж байсан бөгөөд тус дүнг нэмэгдүүлж нийт 930,237,370 төгрөг гаргуулахаар нэхэмжилж байгаа болно.

Иймд хариуцагчаас олох ёстой байсан орлого 930,237,370 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгож өгнө үү гэжээ.

 

2.Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга:

2.1.Нэхэмжлэгч болон хариуцагч талуудын хооронд ямар нэгэн гэрээний харилцаа үүсээгүй, гэрээ байхгүй. Тодруулбал, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 497.2 дахь хэсэгт заасан нөхцөлүүд бүрдсэн тохиолдолд шаардах эрх үүснэ. Хуульд тодорхойлсон урьдчилсан нөхцөлүүд буюу гэм хор учруулагчийн хууль бус үйлдэл, эс үйлдэл, бусдын эд хөрөнгөд гэм хор учирсан байх, үйлдэл, эс үйлдэл болон учирсан хохирлын хоорондох шалтгаант холбоо, гэм хор учруулсан этгээдийн гэм буруу /санаатай буюу болгоомжгүй/ байх шинжүүдийг хууль тогтоосон. Энэхүү 4 нөхцөл бүрдэж байж хариуцагчийн хувьд гэм хор арилгах үүрэг үүсэх үндэслэлтэй. Иргэний хуулийн 228-230 дугаар зүйлд гэм хорын хохирол арилгах тодорхой дараалал журмыг зохицуулсан. Иргэний хуулийн 228 дугаар зүйлээс үзэхэд эхлээд эвдэрсэн зүйлийг засаж болох эсэх, харин хуучин байдалдаа сэргээгдэх боломжгүй тохиолдолд хохирлыг мөнгөөр нөхөн төлүүлэх дарааллыг шууд заасан. Иргэний хуулийн 229 дүгээр зүйлд гэм хорын хохирлын хэмжээг зохицуулсан.

а.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д заасан урьдчилсан нөхцөлүүдийг шалгавал: бусдын эд хөрөнгөд гэм хор учирсан байх - Эд хөрөнгөд учруулсан гэм хор гэдэг нь эд хөрөнгийг устгасан, гэмтээсэн буюу үнэлгээний хэлбэр бүхий зөрчлийн материаллаг, эдийн засгийн үр дагаврыг ойлгоно. Нэхэмжлэлд дурдсан 700 м.кв газар нь эвдэрсэн, гэмтсэн, алга болсон, ашиглагдахгүй болсон ямар нэгэн үйл баримт, нотлох баримт байхгүй. Газар байдгаараа байгаа, харин хогийн цэг, нийтийн ариун цэврийн газар байсныг цэвэрлэж арчлах, эрх бүхий байгууллагын шаардлагаар цементэлж асфальтлах ажлыг *******ХХК хийсэн. Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, Иргэний хуулийн 84 дүгээр зүйлийн 84.3, 109, 110 дугаар зүйлийн зохицуулалтаас үзэхэд, *******гийн 700 м.кв газар өмчлөх эрх нь Нийслэлийн Засаг даргын газар өмчлүүлэх тухай захирамжийг 2008 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр гаргасан өдрөөс биш харин уг захирамжийг үндэслэн түүнийг улсын бүртгэлд бүртгүүлсэн өдрөөс эхлэн үүсэхээр байна. Тодруулбал, ******* нь хожим буюу 2021 оны 03 дугаар сарын 12-ны өдөр улсын бүртгэлд бүртгүүлж, газар өмчлөх эрхийн гэрчилгээ авсан гэж шүүхэд мэдүүлж, газар өмчлөх эрхийн гэрчилгээг шүүхэд нотлох баримтаар гаргаж өгснөөс дүгнэвэл, нэхэмжлэгч нь 2008 оны 04 дүгээр сараас гэм хорын хохирол учирсан гэж үзэж нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй, нөгөө талаас тухайн газарт яг ямар гэм хор учирсан болох талаар ямар ч тайлбар нотлох баримт гаргаж өгөөгүй учраас нэхэмжлэгчийн эд хөрөнгөд буюу газар гэм хор учирсан гэж үзэх үндэслэлгүй байна.

б.Гэм хорыг хариуцан арилгах үүрэг бүхий этгээдийн зүгээс хүуль бус үйлдэл, эс үйлдэл гаргасан байх - Нэхэмжлэгчид хариуцагчийн ямар хууль бус үйлдэл, эс үйлдлийн улмаас гэм хорын хохирол учирсан болох нь тодорхойгүй, нэхэмжлэлд дурдаагүй. *******ХХК-ийн хууль бус үйлдэл, эс үйлдлийг тогтоосон ямар нэгэн баримт хэрэгт байхгүй. Өөрөөр хэлбэл маргаан бүхий 700 м.кв газрыг тусгайлан хашиж хамгаалсан хашаа байхгүй, *******ХХК нь эзэмшлийн хүнсний захын том хашаан дотор, ил талбай байдлаар энэ газар байдаг. Маргаан бүхий газрыг иргэн ******* гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар өмчилдөг гэдгийг 2022 оны 06 дугаар сард шүүхэд нэхэмжлэл гаргахад мэдсэн, өнөөдрийг хүртэл хугацаанд энэ газар дээр ******* болон хэн нэгэн хүн, айл огт амьдарч байгаагүй. Харин УБЦТС ТӨХК-ийн эзэмшил ашиглалтад байдаг S11-400 kВА хүчин чадалтай АТП-063 цахилгааны дэд өртөө, түүний хамгаалалтын зурвас байрладаг. Нэхэмжлэгч газраа ашиглаагүй байдал нь түүний өөрийн хүсэл зоригийн дагуу болоод байгаа юм уу эсхүл хэн нэгэн ашиглуулахгүй байгаа юм уу гэдгийг нотлох баримтаар тогтоох ёстой. Тус дэд өртөө нь ойр хавийн айл өрхүүд, аж ахуйн нэгжүүдийг цахилгаанаар хангадаг том хүчин чадалтай. Бидний хувьд эрхий бүхий байгууллагаас тавьсан шаардлагыг биелүүлж, тухайн газрыг харж хамгаалах ажлуудыг зохион байгуулдаг, УБЦТС ТӨХК-ийн тавьсан шаардлагын дагуу эрчим хүчний байгууламжийн хамгаалалтын зурвасыг тогтоосон хашлага хийсэн, эрчим хүчний байгууламжийн аюулгүй найдвартай байдлыг хангах орц гарцын тэмдэглэгээ тавьсан бөгөөд энэ талбай дээр автомашин тавиулж, түрээсийн үйл ажиллагаа явуулж орлого олдог үйл баримт байхгүй.

в.Гэм хор учруулсан этгээдийн гэм буруу /санаатай буюу болгоомжгүй/ байх - Хариуцагчийн зүгээс бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан хууль бус үйлдэл байхгүй учраас ямар нэгэн гэм буруугийн асуудал байхгүй, түүнийг тогтоосон ямар нэгэн баримт байхгүй болно.

г.Гэм хор учруулсан үйлдэл болон гэм хорын хохирол хоорондын шалтгаант холбоо байхгүй, хариуцагчийн зүгээс гэм хор учруулсан үйлдэл, эс үйлдэл байхгүй, нэхэмжлэгчийн газар буюу эд хөрөнгөд учруулсан гэм хор байхгүй тохиолдолд шалтгаант холбоо гэдэг асуудал яригдах, тогтоогдох учиргүй болно.

2.2.Иргэний хуулийн 229 дүгээр зүйлийн 229.1-д заасан зохицуулалт нь юуны түрүүнд гэм хорыг арилгах хэмжээг зохицуулсан заалт буюу гэм хорын хохиролд юу юуг тооцож болохыг зохицуулсан. Тодруулбал, эд хөрөнгөд учирсан бодит хохирол болон олох ёстой байсан орлогыг гэм хорын хохиролд тооцно гэж заасан байна. Юуны түрүүнд болон гэдэг холбоос нь энэ хоёр хэсэг хоорондоо холбоотой болохыг тодорхойлж байна, өөрөөр хэлбэл, эд хөрөнгөд бодит хохирол учирсны улмаас тухайн эд хөрөнгөөр олдог байсан орлогоо олж чадаагүй буюу олох ёстой байсан орлого алдсаныг гэм хорын хохирол гэж тооцох хууль тогтоогчийн гол агуулга, үзэл санаа байгаа болно. Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ бодит хохирлын талаар юу ч дурддаггүй, зөвхөн олох ёстой байсан орлого гэж шаарддаг. Хөрөнгийн үнэлгээний *******ХХК-ийн тайлан үүнийг нотлохгүй бөгөөд тэрээр хууль ёсны орлого олж байгаагүй.

2.3.Нэхэмжлэгч нь газраа гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар төрөөс үнэгүй өмчилж авах шийдвэрийг гаргуулсан. Ийм бол газрыг автомашины зогсоол болгон ашигласан бол олох ёстой байсан орлого гэж нэхэмжилж байгаа нь Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн холбогдох заалтыг шууд зөрчиж байна. Иргэний хуулийн 102 дугаар зүйлийн 102.1-д зааснаар газраа гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар ашиглах ёстой.

2.4.Мөн тухайн газар дээр цахилгааны дэд өртөө буюу эрчим хүчний байгууламж байдаг талаар дурдсан, үүнийг нотлох баримтыг хавтаст хэрэгт гаргаж өгсөн. Эрчим хүчний тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1-д Эрчим хүчний шугам сүлжээ нь аюулгүй байдлыг хангах хамгаалалтын зурвастай байна. Хамгаалалтын зурвасын дотор гэр, орон сууц, барилга байгууламж барих, шугам сүлжээ өмчлөгч, эзэмшигчийн зөвшөөрснөөс бусад үйл ажиллагаа явуулахыг хориглоно гэж заасныг мөн зөрчиж, ******* газраа аж ахуйн зориулалтаар буюу автомашины зогсоол болгон ашиглавал их хэмжээний орлого олох ёстой байсан гэж нэхэмжилж байгааг хүлээн зөвшөөрөх үндэслэлгүй.

Иймд нэхэмжлэгчид шаардах эрх үүсээгүй, нэхэмжлэл үндэслэлгүй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

3.Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд *******, *******, *******, *******, *******, *******нарын тайлбарын агуулга:

*******ХХК нь 2015 оноос эхлээд зай талбай багассан тул одоо маргаад байгаа газрыг буюу нийтийн ариун цэврийн газар, хогийн цэг байсан газрыг засаж янзлаад, орц гарц гаргасан. 2019 оноос эхлэн түрээслэгч нарын хүсэлтээр нэмж засварлаад асфальт болгосон. Хэрэв ******* гэх хүн 2006 оноос хойш тухайн газрыг эзэмшиж, өмчилж байсан юм бол түүнээс хойш олон маргаан үүсэх байсан байх. Гэтэл саяхныг хүртэл ямар ч маргааны асуудал байгаагүй. Энэ асуудалтай холбоотойгоор зөвхөн бидний биш тухайн төвд үйл ажиллагаа явуулж байгаа бүх түрээслэгч нарын эрх ашиг хөндөгдөнө гэж харж байна. Бидний борлуулж байгаа бүтээгдэхүүн бол маш хурдан муудах, чанараа алдах мах махан бүтээгдэхүүн байдаг учраас ойр орчинд нийтийн ариун цэврийн газар, хогийн цэг байх нь тохиромжгүй гэж үзээд засаж янзалсан. Мөн маргаад байгаа газарт өндөр хүчдэлийн шонтой. Тийм байхад энэ газрыг авна, ашиглана гэдэг боломжгүй юм. Газрын ойролцоо захын түрээслэгч нарын автомашин байрладаггүй. Худалдан авагч нарын автомашин түр зогсоод орж, гарч харагддаг. Түүнээс биш тэр газрыг түрээслүүлээд ийм их хэмжээний ашиг орлого олдог зүйл бол байхгүй гэжээ.

 

4.Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 229 дүгээр зүйлийн 229.1-д зааснаар хариуцагч *******ХХК-аас 385,735,341 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч *******д олгож, нэхэмжлэлээс үлдэх 544,502,029 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.2-т зааснаар нэхэмжлэгч *******гийн тэмдэгтийн хураамжид төлсөн 4,947,150 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч *******ХХК-аас 2,086,627 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч *******д олгож шийдвэрлэжээ.

 

5.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгчийн давж заалдах гомдол, тайлбарын агуулга:

5.1.Анхан шатны шүүх Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1.1-т зааснаар хариуцагч *******ХХК нь нэхэмжлэгчийн өмчлөлийн газрыг чөлөөлж өгөөгүй, хууль бусаар ашиглан, бусдад түрээслэж орлого олсон үйлдлийн улмаас нэхэмжлэгч нь өөрийн өмчлөлийн газраа ашиглаж, үр шимийг нь хүртэх боломжийг нь хязгаарласан, улмаар хариуцагчийн олсон орлогыг нэхэмжлэгч олох байсан гэж үзэх ба энэхүү үйлдэл, хохирол хоёрын шалтгаант холбоо тогтоогдсон" гэсэн үндэслэлгүй дүгнэлт хийж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д заасныг буруу хэрэглэсэн. Тодорхой этгээд хууль бус үйлдэл эсхүл эс үйлдэхүй гаргасан нь нотлогдож тогтоогдсон байх, хохирол учирсан байх, мөн хууль бус үйлдэл, хохирол хоёрын хооронд шууд шалтгаант холбоо гэсэн маш тодорхой харилцан хамааралтай нөхцлүүд зэрэг бүрдсэн тохиолдолд гэм хорыг арилгах үүрэг үүснэ. Эд хөрөнгөд учруулсан гэм хор гэдэг нь эд хөрөнгийг устгасан, гэмтээсэн буюу үнэ, үнэлгээ бүхий хэлбэр бүхий зөрчлийн материаллаг, эдийн засгийн үр дагаврыг ойлгоно. Нэхэмжлэлд дурдсан 700 м.кв газар нь эвдэрсэн, гэмтсэн, алга болсон, ашиглагдахгүй болсон ямар нэгэн үйл баримт тогтоогдоогүй, түүнийг нотлох баримт хэрэгт байхгүй. *******ХХК-ийн ямар үйлдлийг хууль бус, гэм хор учруулсан үйлдэл гэж үзэж байгаагаа нэхэмжлэгч тодорхойлж, тайлбарлаж, нотолж чадаагүй. Үүнийг шүүх хуралдаан дээр тодруулж асуухад "газрыг нь чөлөөлж өгөөгүй, цементлэсэн, бусдад түрээслэж, орлого олдог" гэж тайлбарласан. Газар нь *******ХХК-ийн худалдааны төвийн хашаан дотор ил задгай талбай байдлаар байдаг, уг газрыг хашсан ямар нэгэн хашаа байхгүй, уг газар хариуцагч ямар нэгэн барилга байгууламж бариагүй, газар руу орох, гарах боломжтой, чөлөөтэй байхад "газрыг нь чөлөөлж өгөөгүй" гэм хор учруулсан үйлдэл гэж үзэх үндэслэлгүй.

Мэргэжлийн хяналтын байгууллагаас тавьсан шаардлагын дагуу хүнсний захын эрүүл ахуй, аюулгүй байдлыг хангах үүднээс тухайн маргаан бүхий газрыг *******ХХК нь асфальталж цементлэсэн бөгөөд энэ нь тухайн газрыг засан сайжруулсан үйлдэл болохоос гэм хор учруулсан биш болно. Газрыг цементлэж, хучилт хийн засан сайжруулсан гэдэг тайлбарыг нэхэмжлэгч өөрөө хийдэг.

Маргаан бүхий газрыг бусдад түрээслэж орлого олж байсан гэж хариуцагчийг буруутгаж байгаа нэхэмжлэгчийн тайлбар болон анхан шатны шүүхийн дүгнэлтэд дурдсан үйлдлийг Иргэний хуулийн 497.1-д заасан гэм хор учруулсан үйлдэл гэж үзэх үндэслэлгүй. Үнэхээр бусдад түрээслэж орлого олдог байсан нь нотлох баримтаар тогтоогдсон тохиолдолд Иргэний хуулийн 492 дугаар зүйлд заасан үндэслэлгүйгээр хөрөнгөжих тухай заалтад хамаарах боломжтой байж болно. Өөрөөр хэлбэл, бидний маргааны тохиолдлыг анхан шатны шүүхээс гэм хорын хохирол барагдуулах агуулгаар ойлгож, дүгнэн хууль хэрэглэсэн нь өөрөө хэрэгт баримтаар нотлогдоогүй төдийгүй хууль хэрэглээний алдаатай дүгнэлт юм. Товчдоо хариуцагчийн олсон гэх түрээсийн орлого өөрөө гэм хорын хохирол байх боломжгүй, мөн нэхэмжлэгчийн олох байсан орлого "сансрын зургаас зогсож буй машины тоолох байдлаар тоо, үнэлгээ гаргасан үнэлгээний тайлан-гаар тодорхойлогдох боломжгүй.

Анхан шатны шүүх хуралдаан дээр хариуцагчийн өмгөөлөгчийн зүгээс "нэхэмжлэлийн шаардлагын бодит болон хууль зүйн үндэслэл юу вэ" гэдэг асуултад тодорхой хариулт өгөхийг нэхэмжлэгчээс хүссэн, нэхэмжлэгчийн тодорхойлсон нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн хүрээнд хариуцагч хариу тайлбар өгч, шүүх шийдвэрээ гаргана гэдгийг тайлбарлаж асуусан боловч Иргэний хуулийн 229.1 дэх заалт гэхээс өөр хариу тайлбар өгөөгүй. Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийг тодруулах ажиллагаа хийгээгүй, иймээс үндэслэлгүйгээр хөрөнгөжих хууль зүйн үндэслэлээр талуудыг мэтгэлцэх ямар ч боломж бололцоо олгоогүй.

Иймд Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д заасан гэм хор учруулсан үйлдэлд огт хамаарахгүй, баримтаар нотлогдоогүй "газрыг бусдад түрээслэж, орлого олж байсан" гэх үйлдлийн улмаас хохирол гаргуулах асуудал яригдаж байхад нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийг тодруулаагүй нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил буюу хуульд заасан мэтгэлцэх зарчмыг хангаагүй гэж үзэж байна. Иймээс анхан шатны шүүхийн шийдвэрийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.1, 168.1.3, 168.1.4-т заасан үндэслэлээр хүчингүй болгох үндэслэлтэй байна.

5.2.*******ХХК иргэн *******гийн өмчлөлийн 700 м.кв газар дээр автомашин зогсоож махны бөөний худалдаа эрхлэж орлого олоогүй бөгөөд тэгэх ч боломж байхгүй юм. Учир нь: дээрх 700 м.кв газрын 50 орчим хувь буюу 331 м.кв нь эрчим хүчний хамгаалалтын зурваст (Кадастрын зураг. 3 дахь хавтас хэрэг) хамаарах бөгөөд Эрчим хүчний тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1 дэх хэсэгт Эрчим хүчний шугам сүлжээ нь аюулгүй байдлыг хангах хамгаалалтын зурвастай байна. Хамгаалалтын зурвасын дотор гэр, орон сууц, барилга байгууламж барих, шугам сүлжээ өмчлөгч, эзэмшигчийн зөвшөөрснөөс бусад үйл ажиллагаа явуулахыг хориглоно" гэсний дагуу үйл ажиллагаа явуулж ямар нэгэн орлого олохыг хуулиар хориглодог. Иймд хавтас хэрэгт орлого олсон талаар ямар нэгэн нотлох баримт байхгүй. Үлдсэн 369 м.кв газар нь 3 тусдаа жижиг налуу хэсэгт хуваагдах бөгөөд ашиглах боломжгүй гэдгийг кадастрын зургаас харж болно. Шүүхийн шийдвэрийн гол үндэслэл болсон *******ХХК-ийн үнэлгээний тайлан нь үйл ажиллагаа явуулахыг хуулиар хориглосон газарт хууль зөрчиж орлого олж болно хэмээн Хөрөнгийн тухай хуулийн 4 дүгээр зүйлд заасан үндсэн зарчмыг зөрчсөн үнэлгээ хийсэн байх тул нотлох баримтын шаардлага хангахгүй байна. Иймд Иргэн ******* махны бизнес эрхлэх тусгай зөвшөөрөлгүй, мөн хуулиар хориглосон газар хууль зөрчиж 930,237,370 төгрөгийн орлого олох байсан хэмээн нэхэх нь ямар ч хууль зүйн үндэслэлгүй.

5.3.Анхан шатны шүүх Иргэний хуулийн 229 дүгээр зүйлийн 229.1-д заасныг буруугаар хэрэглэж, хариуцагчаас 385,735,341 төгрөг гаргуулахаар шийдвэрлэсэн нь үндэслэлгүй. Дээр дурдсанаар нэхэмжлэгчийн газарт гэм хор учруулсан хариуцагчийн үйлдэл байхгүй, нотлогдохгүй байгаа учраас гэм хорын хохирлын хэмжээ буюу гэм хорын хохиролд юу юуг тооцож болохыг зохицуулсан Иргэний хуулийн 229.1 дэх заалт хэрэглэгдэхгүй. Иргэний хуулийн 229 дүгээр зүйлийн 229.1-д "эд хөрөнгөд учирсан бодит хохирол болон олох ёстой байсан орлого"-ыг гэм хорын хохиролд тооцно гэж заасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлдээ "бодит хохирол"-ын талаар юу ч дурддаггүй /хариуцагчийн зүгээс түүний эд хөрөнгө буюу газарт ямар ч хохирол учруулсан үйлдэл, эс үйлдэл гаргаагүй учир бодит хохирол байхгүй нь тодорхой/, зөвхөн "олох ёстой байсан орлого" гэж 930,237,370 төгрөг гаргуулахыг шаарддаг. Олох ёстой байсан орлого гэдэг нь эд хөрөнгө эвдэрч гэмтээгүй байсан бол зайлшгүй, хууль ёсны дагуу олох ёстой орлого байх ёстой. "Зайлшгүй" гэдэг нь нэхэмжлэгч өөрөө махны худалдаа эрхэлдэг автомашинд зогсоол, талбай түрээслэх үйл ажиллагаа эрхэлж байгаад хариуцагчийн гэм хор учруулсан үйлдлийн улмаас энэ бизнесийн үйл ажиллагаа нь тасалдаж, улмаар орлогоо алдах нөхцлийг хэлнэ. Гэтэл нэхэмжлэгч зогсоол талбай түрээслэх ямар ч бизнесийн үйл ажиллагаа эрхэлдэггүй, *******ХХК-ийн үнэлгээчин тайлан гаргахдаа *******гийн санхүү болон татварын тайлан, анхан шатны ямар ч баримтыг шалгаж үзээгүй болохоо гэрчийн мэдүүлэгтээ хэлдэг.

Анхан шатны шүүх шийдвэртээ *******ХХК нь 2023 онд гадна талбайн түрээсийн төлбөрөө нэмэгдүүлсэн нь, ...нэхэмжлэгчийн өмчлөлийн газар дээр маргаан бүхий цаг хугацаанд том оврын машинууд зогсож байсан болох нь,... улмаар захаар орж гарсан машин бүрээс хураамж авч, орлого олдог болох нь нотлогдсон" гэж дүгнэсэн нь нэхэмжлэгч *******гийн олох ёстой байсан орлого биш, харин хариуцагчийн олох, олж байсан орлогыг нотлох, дүгнэхэд чиглэж шийдвэрээ гаргасан байна. Хэрэв үнэхээр хариуцагчийн олсон, олж болох байсан орлогыг дүгнэж шийдвэрлэх гэж байсан бол нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийг дээр дурдсанаар тодруулж, түүнтэй холбоотой нотлох баримтыг талуудаас гаргуулах байсан.

Анхан шатны шүүх нь дээрх байдлаар *******ХХК-ийн олсон орлого дүгнэж, 385,735,341 төгрөгийг түүнээс гаргуулж шийдвэрлэхдээ нэхэмжлэгчийн захиалгаар хийлгэсэн *******ХХК-ийн үнэлгээний тайланг гол нотлох баримт гэж шийдвэртээ дурдсан байна. Гэтэл энэ үнэлгээний тайл гаргасан үнэлгэчин *******нь гэрчийн мэдүүлэг өгөхдөө үнэлгээний тайлангийн зорилго, үнэлгээний зүйл нь захиалагчийн буюу *******гийн олох ёстой байсан орлогыг тодорхойлох, *******ХХК-ийн санхүүгийн тайлан, анхан шатны баримтыг үзээгүй судлаагүй гэж хэлдэг. Гэсэн атлаа эх сурвалж нь тодорхойгүй сонин, сайтын мэдээллээс иш татан авч, тухайн маргаан бүхий газарт зогссон гэх машины тоо өөрийн төсөөллөөр олон он, сар, өдрөөр үржүүлэн тавьсан байдал нь Хөрөнгийн Үнэлгээний тухай хуулийн 4.4, 8.3.7-д заасныг зөрчсөн болохыг анхан шатны шүүх хуралдаан дээр маш тодорхой тайлбарласан. Иймд хуульд заасан нотлох баримт үнэлэх зарчмыг зөрчсөн гэж үзэж байна.

Хууль ёсны дагуу олох ёстой гэдэг нь хууль зөрчөөгүй, хуулийн дагуу үйл ажиллагаа явуулах замаар олох ёстой байсан орлогыг хэлнэ. ******* нь төрөөс гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар 700 м.кв газрыг үнэгүй өмчилж авсан гэж байгаа бол "өмчлөлийн газраа автомашины зогсоол болгон ашигласан бол олох ёстой байсан орлого" гэж нэхэмжилж байгаа нь Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуульд заасан "газрыг зөвхөн хуульд заасан зориулалтын дагуу иргэнд өмчлүүлнэ", "өмчлөгч нь газрыг зориулалтын дагуу эзэмшиж, ашиглана" гэсэн зохицуулалт, Иргэний хуулийн 102 дугаар зүйлийн 102.3-т "Газар өмчлөгч өмчлөлийн газраа бусдад ашиглуулахдаа түүний зориулалтыг заана. Ийнхүү тодорхой зориулалтаар олгосон газрыг оор зориулалтаар ашиглахыг хориглоно" гэж заасантай нийцэхгүй байна.

Мөн тухайн газар дээр цахилгааны дэд өртөө буюу эрчим хүчний байгууламж байдаг нь нотлогддог, талууд маргадаггүй бөгөөд Эрчим хүчний тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1-д "Эрчим хүчний шугам сүлжээ нь аюулгүй байдлыг хангах хамгаалалтын зурвастай байна. Хамгаалалтын зурвасын дотор гэр, орон сууц, барилга байгууламж барих, шугам сүлжээ өмчлөгч, эзэмшигчийн зөвшөөрснөөс бусад үйл ажиллагаа явуулахыг хориглоно" гэж заасныг мөн зөрчиж, ******* тухайн газраа аж ахуйн зориулалтаар буюу автомашины зогсоол болгон ашиглавал их хэмжээний орлого олох ёстой байсан гэж нэхэмжлэлийн шаардлагыг хангаж байгаа нь хуульд нийцэхгүй байна.

5.4.Анхан шатны шүүх нэхэмжлэгчийн гаргаж өгсөн *******ХХК-ийн хийсэн үнэлгээний тайланг нотлох баримтаар үнэлэн, нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.5, 38.7, 40.2, 40.3-т заасныг шууд зөрчсөн. Учир нь хавтас хэрэгт авагдсан үнэлгээний тайлан нь 4 дэх хуудас дутуу, хуудас дутуу учраас үнэлэгдэж буй хөрөнгийн тодорхойлолт дутуу, мөн уг үнэлгээг хуульд заасан ямар арra, аргачлалаар хийсэн нь байхгүй, тодорхойгүй байсан. Анхан шатны шүүх хуралдааны явцад нотлох баримт шинжлэн судлах үе шатны үед үнэлгээний тайлан нь хуульд заасан шаардлага хангаагүй, хуудас дутуу болохыг мэдсэн. Нэхэмжлэгч нотлох баримт гаргаж өгөх эрх, үүргээ хангалттай зохих ёсоор биелүүлээгүй байдлыг анхан шатны шүүх мэдсээр байж, түүнд давуу байдал олгож, түүнийг нь нөхөн хангах зорилгоор хэрэгт нотлох баримтаар ороогүй баримт буюу 4 дэх хуудсыг нэхэмжлэгч талын ширээн дээр байсан үнэлгээний тайлангийн хувиас шинжлэн судалж, буцаан өгсөн гэж шийдвэртээ бичиж байгаа нь оролцогчийн гаргаж өгсөн, хавтаст цугларсан баримтыг үнэлэх зарчмыг шууд, ноцтойгоор зөрчиж байна. *******ХХК-ийн гаргасан үнэлгээ тайлан нь зах зээлийн бодит нөхцөл, бизнесийн орлого зэргийг баримтаар нотлоогүй, субъектив таамаглал, төсөөлөл буюу зөвхөн машин зогссон байх боломжтой гэх тоо, оногдох төлбөрийн "таамаглал"-аар дүгнэж, тайлан гаргасан нь Хөрөнгийн үнэлгээний тухай хуульд нийцээгүй, нотлох чадвараа алдсан байхад түүнийг үнэлэн нэхэмжлэлийн шаардлагыг зарим хэсгийг хангаж шийдвэрлэсэн нь хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн гэж үзэж байна. Иймээс Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.7-т "энэ хуулийн 38.6-д заасан тохиолдолд нотлох баримтыг шүүх дутуу бүрдүүлж хэргийг хянан шийдвэрлэсэн" гэж заасан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох үндэслэлтэй байна.

Дээр дурдсаныг үндэслэн шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү гэжээ.

 

6.Давж заалдах гомдолд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын гаргасан тайлбарын агуулга:

6.1.Хариуцагч компани нэхэмжлэгчийн газрыг хашаалж орлого олсон учраас нэхэмжлэгч олох ёстой байсан орлогоо шаардсан. *******захын хашаанд нэхэмжлэгчийн газар байрладаг. Нийтийн эдэлбэрийн талбай болон нэхэмжлэгчийн газар, хамаарал бүхий этгээдүүдийн өмчилж байсан газрыг олон жил дараалан хашаалж ашигласан. Газрыг тордсон, гэмтэл учруулаагүй гэж хариуцагч тайлбарладаг. Тухайн газар нь гэр бүлийн хэрэгцээний зориулалттай, иргэний 0.07 га газар. 2006 онд эзэмших эрхийн гэрчилгээг авч, 2008 оны төлөвлөгөөнд тусгагдсаны дагуу Нийслэлийн Засаг даргын захирамжаар өмчлөх эрхийн гэрчилгээг авсан боловч 2022 оны 02 дугаар сард ******* шилжүүлэх хүртэлх хугацаанд өмчлөх эрхээ хэрэгжүүлж чадаагүй.

6.2.Дээрх хугацаанд маргаан бүхий газарт мах худалдаалдаг автомашинууд байрладаг байсан. Энэ талаар Геодези, зураг зүйн газраас гаргаж өгсөн баримт болон гүүгл майп, сансрын зургаар тогтоогдоно. Бодит байдалд тухайн газарт үүрийн 04 цагаас эхлэн нэг автомашинаас 85,000 төгрөгийг авч байршуулдаг атлаа хариуцагчийн өмгөөлөгч Эрчим хүчний тухай хуульд заасан хамгаалалтын зурвас тогтоосон гэж тайлбарлаж байгаа нь үндэслэлгүй. Уг хуулийн 33 дугаар зүйлийн 33.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн газрын баруун хойд хэсэгт байрлаж буй трансформатор нь иргэний хэрэглэдэг 380 вольтын трансформатор байдаг. Энэ нь дээрээс ордог шугамнаас 10 метрийн хамгаалалтын зурвастай. Доод хэсгийг хүрээлж хашаалахад хамгаалалтын зурвас нь хамгаална. Гэтэл газрын 70 гаруй хувийг хамгаалж байгаа мэтээр тайлбарлаж байгаа нь үндэслэлгүй. Трансформатор нь УБЦТС төрийн өмчит хувьцаат компанийн хамгаалалтад байдаг. Тус компанийн хамгаалалтад байлгах тухай нэхэмжлэлийг Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд гаргасан. Энэ талаар талууд маргасан. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 713 дугаартай шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 728 дугаартай магадлалаар үйл баримтыг тогтоож шийдвэрлэсэн. Мөн нэхэмжлэгчийн газрыг хариуцагч *******ХХК-ийн газартай давхацалгүй байгаа талаар болон автомашины зогсоолын үйл ажиллагаа эрхэлсэн болохыг тогтоосон.

6.3.Маргаан бүхий газарт нэхэмжлэгч өөрийн хашаа байшинг барьж амьдарч байх ёстой. Шороо овоолсон газар байсан бол газрыг асфальталсан гэж ярих нь зөв. Иргэний хуулиар олгосон газрыг асфальталж шаардлага тавихаар газрыг өгдөггүй. *******ХХК-ийн үнэлгээний тайлангийн 4 дэх хуудсыг дутуу гэж тайлбарласан. Тайлангийн хуудас дутуу байгаатай холбогдуулан үнэлгээчин *******гэрчээр асуусан. Дутуу байсан гэх 4 дэх хуудсанд зөвхөн үнэлгээний аргачлалын талаар тусгасан байсан. Шүүх нотлох баримтыг шинжлэн судалж нэг бүрчлэн тайлбарлан хэлж шүүх хуралдааны тэмдэглэлд тусгуулсан. Үнэлгээчин *******ямар аргачлалын хүрээнд үнэлгээг хийсэн талаар тодруулсан. Нэхэмжлэгчийн олж болох байсан орлоготой холбоотойгоор шинжээч томилуулах хүсэлт гаргасан. Анхан шатны шүүх шинжээчийг томилсон. Газрыг өмчилсөн хугацаанаас хойшхи олох ёстой байсан бодит орлогыг нэхэмжилсэн. Газар дээрх нөхцөл байдал болон хариуцагч компанийн үйл ажиллагааны талаар гэрч хангалттай мэдүүлсэн.

6.4.Иргэний өмчлөх эрхтэй газрыг өөрийн хамаарал бүхий этгээдүүдийн газрын хамт хашаалсан. Нэхэмжлэгчийн өмчлөх эрхээ хэрэгжүүлэх боломжийг олгоогүй. Дараагийн өмчлөгч болох *******нь газар өмчлөх эрхээ хэрэгжүүлэхээр шаардлага тавьсан. Хариуцагч компанид удаа мэдэгдэл өгч байсан. Өгсөн мэдэгдлийг хуурамч байна гэж хэлээд хариуцагч тал цагдаагийн байгууллагад гомдол гаргасан. Үндсэн хуульд заасан хүний эрхийг ноцтой зөрчсөн. Хариуцагч компанийн хувьцаа эзэмшигч нь Эрүүл мэндийн сайд байдаг. Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангасан тул шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

1.Давж заалдах шатны шүүх хариуцагч талын давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзээд, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэв.

 

2.Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******ХХК-д холбогдуулан хохирол 930,237,370 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ нэхэмжлэгчийн өмчлөлийн газрыг *******ХХК хашаалж, хучилт хийн засан сайжруулж, бусдад түрээслэн орлого олж байгаа, газар чөлөөлөх шаардлагыг удаа дараа өгсөн боловч биелүүлээгүйгээс нэхэмжлэгч эзэмшиж, ашиглаж, үр шимийг нь хүртэж чадаагүй, олох байсан орлогоор хохирсон, 2011 оноос 2024 оны 02 дугаар сард бусдад худалдах хүртэлх хугацааны хохирлыг гаргуулна гэж тодорхойлжээ.

Хариуцагч нь татгалзлын үндэслэлээ хариуцагч байгууллагын ямар гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас нэхэмжлэгч олох ёстой байсан орлогоороо хохирсон нь тодорхойгүй, газрыг хашсан зүйл байхгүй, өмнө нь хогийн цэг, ариун цэврийн газар байсан газрыг эрх бүхий байгууллагын шаардлагын дагуу цэвэрлэж, хучилт хийж сайжруулсан, бусдад түрээсэлж ашиг олсон зүйл байхгүй, нэхэмжлэгч нь гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар өмчилсөн газарт аж ахуйн үйл ажиллагаа явуулж орлого олох байсан гэсэн нь хуульд нийцэхгүй, тус газарт өндөр хүчдэлийн цахилгааны дэд өртөө байрлаж хамгаалалтын зурвас тогтоогдсон гэж тайлбарласан.

 

3.Хэрэгт авагдсан нотлох баримтуудаар дор дурдсан үйл баримт тогтоогдсон байна.

3.1.******* нь эрхийн улсын бүртгэлийн Г-******* дугаартай, нэгж талбарын *******дугаартай, Чингэлтэй дүүрэг, 11 дүгээр хороо, ******* дүгээр гудамж, ******* тоотод байрлах, 699 м.кв талбайтай, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газрын өмчлөгчөөр 2021 оны 03 дугаар сарын 12-ны өдөр бүртгэгдсэн.

*******д дээрх газрыг Чингэлтэй дүүргийн Засаг даргын 2006 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 232 дугаар захирамжаар эзэмшүүлэх, Нийслэлийн Засаг даргын 2008 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн 159 дүгээр захирамжаар өмчлүүлэхээр тус тус шийдвэрлэсэн боловч тухайн цаг хугацаанд нэгж талбар, түүний дугаар тодорхойгүй байсан ба 2009 онд нэгж талбарын ******* дугаараар мэдээллийн санд нэхэмжлэгчийн нэр дээр бүртгэгдэж, 2023 онд уг дугаар *******болж өөрчлөгдсөн болох нь Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газрын лавлагаагаар тогтоогдсон.

3.2.*******ХХК нь Нийслэлийн Засаг даргын 2022 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн 4/749 дүгээр захирамжийн дагуу Чингэлтэй дүүргийн ****** дүгээр хорооны нутаг дэвсгэрт 1127 м.кв талбайтай газрыг худалдаа, үйлчилгээний зориулалтаар эзэмшсэн байх ба уг газар нь *******гийн газартай хил залгаа байрладаг байна.

3.3.Мөн *******гийн газарт УБЦТС ТӨХК-ийн эзэмшлийн S11-400 kВА хүчин чадалтай АТП-063 цахилгааны дэд өртөө 1975 онд баригдан ашиглалтад орсон байх ба үүнтэй холбоотойгоор дэд өртөөнөөс тал бүр тийш 10 метрт хамгаалалтын зурвас чөлөөлүүлэх агуулга бүхий УБЦТС ТӨХК-ийн 2024 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн 31/236 дугаар албан бичиг, улсын ахлах байцаагчийн 2024 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн 11-13-02/052/136 дугаар дүгнэлт тус тус хэрэгт авагджээ.

3.4.*******ХХК-ийн үйл ажиллагаа явуулдаг хүнсний захын хашаан дотор *******гийн өмчлөх эрх үүссэн газрын талбай байрлаж байгаа, зохигчийн газрууд хоорондоо давхцаагүй болох нь Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн 128/ШШ2023/0711 дугаар шийдвэрээр тогтоогдсон байна.

 

4.Иргэний хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1 дэх хэсэгт зааснаар газар өмчлөгч ******* нь бусад этгээдэд хууль буюу гэрээгээр олгогдсон эрхийг зөрчихгүйгээр, хуулиар тогтоосон хэмжээ, хязгаарын дотор өмчлөлийн зүйлээ өөрийн үзэмжээр чөлөөтэй эзэмшиж, ашиглаж, захиран зарцуулах бөгөөд аливаа халдлагаас хамгаалах эрхтэй.

Гэвч нэхэмжлэгчийн өмчлөлийн газрыг тойруулж хариуцагч *******ХХК-ийн үйл ажиллагаа явуулдаг хүнсний захын хашаа баригдсан байх ба *******ХХК-ийг нэхэмжлэгчийн газрыг шударгаар эзэмшдэг гэж дүгнэх үндэслэлгүй байна.

Учир нь, Иргэний хуулийн 89 дүгээр зүйлийн 89.1 дэх хэсэгт зааснаар хүсэл зоригийн дагуу эрх, эд юмсыг хууль ёсоор мэдэлдээ авах замаар эзэмшил үүсэх бөгөөд хөрөнгийг хууль ёсоор эзэмшиж байгаа буюу түүнийг эзэмших эрхтэй болох нь тодорхой байгаа этгээдийг шударга эзэмшигч гэж үзнэ.

Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1 дэх хэсэгт зааснаар газрыг хуульд заасан зориулалт, хугацаа, болзолтойгоор гэрээний үндсэн дээр эрхийн гэрчилгээгээр эзэмшүүлэх бөгөөд маргаан бүхий газрыг эзэмших эрх хариуцагчид олгогдоогүй байна.

 5.Иргэний хуулийн 95 дугаар зүйлийн 95.1 дэх хэсэгт Шударга бус эзэмшигч нь эрх бүхий этгээдэд эд хөрөнгө, эсхүл эрхийн үр шимийг буцааж өгөх, хэрэв өөрийн буруугаар үр шимийг олж авч чадаагүй бол олох ёстой байсан үр шимийг нөхөн төлөх үүрэгтэй гэж заасан.

Нэхэмжлэгч нь өмчлөлийн газраас олох ёстой байсан орлого 930,237,370 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар нэхэмжлэл гаргасан ба үндэслэлээ 2011 оноос 2024 оны 02 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл хугацаанд тус газрыг автозогсоолын хэлбэрээр бусдад түрээслэхэд зах зээлийн үнэ орлогын хандлагаар 930,237,370 төгрөгийн орлогын тооцоо гарсан, хариуцагч нь нэхэмжлэгчийн газрыг ашиглаж дээр дурдсан хэмжээний орлогыг олж байсан гэж тайлбарласныг хариуцагч нь уг газарт бусдад түрээслэх, ашиг олох үйл ажиллагаа явуулаагүй гэж маргажээ.

5.1.Нэхэмжлэгч нь 2022 оны 05 дугаар сарын 12-ны өдөр газар чөлөөлүүлэх тухай мэдэгдлийг хариуцагчид хүргүүлж, улмаар 2022 оны 06 дугаар сарын 22-ны өдөр шүүхэд нэхэмжлэлээ гаргасан байх ба үүнээс өмнө талуудын хооронд газар эзэмшихтэй холбоотой ямар нэгэн маргаан үүсч байгаагүй үйл баримтыг анхан шатны шүүх зөв тогтоосон хэдий ч нэхэмжлэгчийн өмчлөлийн газарт хариуцагчийг 2021-2024 онд нийт 10057 автомашины зогсоолоор түрээслэж 385,735,341 төгрөгийн орлого олсон гэж дүгнэсэн нь дор дурдсанаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт заасан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзэх, тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлэх журамд нийцээгүй байна.

а.Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт зааснаар иргэнд өмчлүүлэх газар нь гэр бүлийн хэрэгцээний, эсхүл аж ахуйн гэсэн зориулалттай бөгөөд нэхэмжлэгчид өмчлүүлсэн Чингэлтэй дүүрэг, 11 дүгээр хороо, ******* дүгээр гудамж, ******* тоотод байрлах, 699 м.кв талбайтай газар нь гэр бүлийн хэрэгцээний зориулалттай тул тус газарт автомашины зогсоолын түрээсийн үйл ажиллагаа явуулж орлого олох байсан гэж нэхэмжлэгч тайлбарласан нь хууль зүйн үндэслэлгүй.

б.Үүнээс гадна нэхэмжлэгч нь 2006 онд газар эзэмших эрх олгогдсон хэдий ч газрыг огт ашиглаагүй байх ба тус газарт УБЦТС ТӨХК-ийн эзэмшлийн S11-400 kВА хүчин чадалтай АТП-063 цахилгааны дэд өртөө 1975 оноос хойш байрладаг, уг байгууламж нь Эрчим хүчний тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1, Эрчим хүчний шугам сүлжээг хамгаалах дүрмийн 2.1 дэх хэсэгт зааснаар тал бүр тийш 10 метрын хамгаалалтын зурвастай тул тухайн газрыг гэрчилгээнд заасан 699 м.кв талбайн хэмжээнд бүрэн ашиглах боломжгүй нөхцөл байдал тогтоогдсон байна.

в.Түүнчлэн *******ХХК-ийг 2021 онд 2663, 2022 онд 3331, 2023 онд 3598, 2024 онд 465 автомашины зогсоолын хэлбэрээр дээрх газрыг ашигласан гэх орлогын хандлагаар гаргасан үнэлгээчний тооцооллыг шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон байх ба уг тооцоолол нь хэргийн бусад нотлох баримтаар хөдөлбөргүй тогтоогдоогүй.

Тодруулбал, бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд *******, *******, ******* нар нь маргаан бүхий нэхэмжлэгчийн өмчлөлийн газарт талбай түрээсэлдэг талаар тайлбар гаргаагүй, тэдний ажлын талбайн түрээс автомашины зогсоолоор тодорхойлогддоггүй, мөн Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газрын лавлагааны хавсралт болох 2013-2014, 2016-2017, 2019 оны сансрын зургууд нь газрын хил заагийг харуулах зорилготой үйлдэгдсэн бөгөөд цаг хугацааны хувьд тооцоонд хамааралгүйн зэрэгцээ автомашины зогсоолын тоо хэмжээг тодорхойлох нотлох баримт болохгүйг шүүх анхаараагүй байна.

 

5.2.Дээрх нөхцөл байдлуудыг талуудын тайлбартай харьцуулж дүгнэхэд, хариуцагч нь нэхэмжлэгчийн өмчлөлийн газрыг 2021 оны 03 дугаар сарын 12-ны өдрөөс нэхэмжлэгч шүүхэд нэхэмжлэл гаргаж шаардах эрхээ хэрэгжүүлсэн 2022 оны 06 дугаар сарын 22-ны өдрийг хүртэл 468 хоногийн хугацаанд эзэмшсэн нь хууль бус боловч 385,735,341 төгрөгийн хэмжээнд үр шим олж авсан нь бодитой тогтоогдсон гэж үзэхгүй. Гэвч энэ нь хариуцагчийн хууль бус эзэмшлийг зөвтгөхгүй тул газрын зориулалт, түүнчлэн газрын тодорхой хэсэгт эрчим хүчний байгууламж, түүний хамгаалалтын зурвас байрладаг зэргийг харгалзан олох ёстой байсан үр шимийг нэг хоногт 51,600 төгрөгөөр тооцож, хариуцагчаас 24,148,800 (468*51,600) төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэг, Иргэний хуулийн 95 дугаар зүйлийн 95.1 дэх хэсэгт заасанд нийцнэ гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Хариуцагч газрыг хууль бусаар эзэмшиж эхэлсэн цаг хугацааг нэхэмжлэгчид өмчлөх эрхийн гэрчилгээ олгогдсон 2021 оны 03 дугаар сарын 12-ны өдрөөр шүүх тооцсонд нэхэмжлэгч давж заалдах гомдол гаргаагүй тул давж заалдах шатны шүүх энэ хэмжээнд дүгнэлт хийсэн болно.

 

6.Анхан шатны шүүх талуудын хооронд үүссэн маргаантай харилцааг гэм хор учруулснаас үүсэх үүргийн зохицуулалт болох Иргэний хуулийн 497 дугаар зүйлээр зүйлчилсэн нь алдаатай болсныг давж заалдах шатны шүүхээс дээрх байдлаар залруулж, энэ талаарх хариуцагч талын гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрт хариуцагчаас 24,148,800 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлээс үлдэх 906,088,570 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосон өөрчлөлт оруулж, улсын тэмдэгтийн хураамжийн хуваарилалтыг өөрчилж шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн 191/ШШ2025/02078 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг Иргэний хуулийн 95 дугаар зүйлийн 95.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч *******ХХК-аас 24,148,800 төгрөг гаргуулж нэхэмжлэгч *******д олгож, нэхэмжлэлээс үлдэх 906,088,570 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай гэж, 2 дахь заалтын ...2,086,627... гэснийг 278,694 төгрөг гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч *******ХХК-аас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2025 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр төлсөн 2,086,630 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч мөн зүйлийн 172.2 дахь хэсэгт заасан үндэслэлээр энэ хуулийн 167 дугаар зүйлд заасан магадлалд гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацаа тоолохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ  Э.ЭНЭБИШ

 

  

ШҮҮГЧИД  Ч.ЦЭНД

 

 

Д.ЗОЛЗАЯА