Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 08 сарын 26 өдөр

Дугаар 658

 

   2019        08         26                                   2019/ШЦТ/658

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Халиун даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Энхгэрэл,

улсын яллагч Г.Анармөнх,

шүүгдэгч Э.М, түүний өмгөөлөгч Ц.Тунгалаг,

өсвөр насны шүүгдэгч Б.Т, түүний хууль ёсны төлөөлөгч Б.Т, тэдгээрийн өмгөөлөгч Г.Сүхээ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанаар, 

            Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Бороон овгийн Э.М, Шарнууд овгийн Б.Т нарт холбогдох эрүүгийн 1911013290711 дугаартай хэргийг 2019 оны 08 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

1. Бороон овгийн Э.М, 2000 оны 08 дугаар сарын 29-ний өдөр Дорнод аймагт төрсөн, 18 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эх, 2 ахын хамт Дорнод аймаг, Хэрлэн 10 дугаар баг, 49 дүгээр байр 9 тоотод оршин суух хаягтай гэх боловч одоогоор Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо Цэргийн хотхон Наран гудамж 503 б тоотод түр оршин суух, ял шийтгэлгүй, регистрийн дугаар

2. Шарнууд овгийн Б.Т, 2002 оны 05 дугаар сарын 07-ны өдөр Дорнод аймагт төрсөн, 17 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эгч, хүргэн ах, дүүгийн хамт Дорнод аймаг, Хэрлэн, 2 дугаар баг бумбат, 47б байр 27 тоотод оршин суух хаягтай, Баянгол дүүргийн 18 дугаар хороо, 85А-88 тоотод төрсөн эгч Б.Тийн гэрт түр оршин суух, ял шийтгэлгүй, регистрийн дугаар

Холбогдсон хэргийн талаар /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/;

Шүүгдэгч Э.М, өсвөр насны шүүгдэгч Б.Т нар нь бүлэглэн 2019 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр Чингэлтэй дүүргийн 3 дугаар хороо, 22 дугаар байрны 8 давхарт насанд хүрээгүй хохирогч Х.Мийн /LG/ Эл Жи про-2 загварын гар утсыг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч 170.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Э.М нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “…Мөрдөн шалгах ажиллагааны үед бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй…” гэв.

Өсвөр насны шүүгдэгч Б.Т нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “…Мөрдөн шалгах ажиллагааны үед бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй…” гэв.

Мөн шүүх хуралдаанаар хавтаст хэргийн материалаас дараах бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав. 

Насанд хүрээгүй хохирогч Х.М нь мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “...гэрийн түлхүүр байгаагүй учраас гар утсаа гаргаж ирээд, ээжийгээ хүлээнгээ тоглож байя гээд утасны кодыг гаргах гэж байгаад доод давхраас хүн амьсгалаад ирсэн. Тэгээд хартал 16-20 орчим насны, 160-170 см орчим өндөртэй 2 ах гарч ирээд миний сууж байсан шатнаас дээшээ яваад хоорондоо юм шивнэлдээд байсан. Тухайн үед юу ярьж байсан талаар сонсож чадаагүй. Тэгээд тэр 2 ахын улаан өнгийн куртик өмссөн эрэгтэй нь миний барьж байсан гар утсыг ямар нэгэн зүйл хэлэлгүйгээр булаагаад доошоо шатаар гүйхэд нь цэнхэр өнгийн куртиктэй хүн нь хөөе чи хүүхдийн утас өгөөч гэх хэлээд араас нь гүйгээд гарсан. Тэгээд эргэж ирээгүй...” гэх мэдүүлэг /хх 26/,

Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх 11-13/,

Дүрс бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх 15-18/,

Өсвөр насны шүүгдэгч Б.Т нь мөрдөн шалгах ажиллагааны үед яллагдагчаар мэдүүлэхдээ: “...Цэцэг төвийн автобусны буудал орохоор явж байтал 4 юу 5 дугаар ангийн бололтой эрэгтэй хүүхэд гар утсаараа тоглоод алхаж байгааг хараад араас нь дагах уу гэж хоорондоо ярилцаад тэгье гээд араас нь дагасаар байгаад Мобикомын урд талын байр руу орсон. ...Тэгтэл тэр хүүхэд лифтэнд суугаад 8 давхарт буусан. Бид хоёр араас нь шатаар гүйгээд найман давхарт гарсан. Тухайн үед тэр хүүхэд орцонд утсаа оролдоод шатан дээр сууж байсан. Тэгэхээр нь бид хоёр хажуугаар нь дээшээ 9 давхарт гараад яах уу гэж ярилцсан. Тэгээд Мөнх-Оргил тэр хүүхдийн гар утсыг аваад зугтаана гэж хэлсэн. Харин намайг хүүхдийн утас өгөөч ээ гэж хэлээд араас хурдан гүйгээд гараад ирээрэй гэсэн. Тэгээд доошоо 8 давхарт шатаар буухад нөгөө хүүхэд байж байсан. Тэгэхэд тохирсон ёсоороо Мөнх-Оргил хүүхдийн хажуугаар гарахдаа утсыг булаагаад доошоо гүйчихсэн. Харин би араас нь хөөе утсыг нь өгөөч ээ гээд Мөнх-Оргилын араас гүйсэн. ...монител ороод танихгүй ахад гар утсаа 10.000 төгрөгөөр зарсан...” гэх мэдүүлэг /хх 42-45/,

Шүүгдэгч Э.М нь мөрдөн шалгах ажиллагааны үед яллагдагчаар мэдүүлэхдээ: “...автобусны буудал орохоор явж байгаад анх Тайванбат хохирогчийг хараад наана байж бай гээд гүйсэн. Би хаачих гэж байгаа талаар нь мэдээгүй. Тэгээд Тайвнааг байшингийн булан эргээд гүйхээр нь би араас нь гүйгээд очсон. Тэгээд бид хоёр хоорондоо ярилцаж байгаад тэр жаахан хүүхдийн гар утсыг булаая гэж ярьсан. Тэгээд орцондоо орсных нь дараа булаагаад зугтсан. ...бид 2 хохирогчтой юм яриагүй. ...би ажил хийж байсан боловч тухайн ажил цалингаа тавихгүй өлсөөд л ийм үйлдэл хийсэн...” гэх мэдүүлэг /хх 46-48/,

Шүүгдэгч нарын урьд ял шийтгэгдэж байсан эсэхийг шалгах хуудас /хх 53, 56/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх 51, 54/, оршин суугаа газрын тодорхойлолт /хх 97/ зэргийг шинжлэн судлалаа.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтууд нь хэргийг шийдвэрлэхэд хангалттай, хэргийн бүрдэл хангагдсан, шүүгдэгч нарын үйлдэлд прокуророос зүйлчилсэн хуулийн зүйл хэсэг тохирсон байна гэж шүүх дүгнэлээ.

Шүүгдэгч Э.М, өсвөр насны шүүгдэгч Б.Т нар нь бүлэглэн 2019 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр Чингэлтэй дүүргийн 3 дугаар хороо, 22 дугаар байрны 8 давхарт насанд хүрээгүй хохирогч Х.Мийн /LG/ Эл Жи про-2 загварын гар утсыг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч 170.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь мөрдөн шалгах ажиллагааны явцад хавтаст хэрэгт цуглуулж бэхжүүлэгдсэн насанд хүрээгүй хохирогч Х.Мийн “...тэр 2 ахын улаан өнгийн куртик өмссөн эрэгтэй нь миний барьж байсан гар утсыг ямар нэгэн зүйл хэлэлгүйгээр булаагаад доошоо шатаар гүйхэд нь цэнхэр өнгийн куртиктэй хүн нь хөөе чи хүүхдийн утас өгөөч гэх хэлээд араас нь гүйгээд гарсан...” гэх мэдүүлэг /хх 26/, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх 11-13/, дүрс бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх 15-18/, өсвөр насны шүүгдэгч Б.Тын “...Мөнх-Оргил хүүхдийн хажуугаар гарахдаа утсыг булаагаад доошоо гүйчихсэн. Харин би араас нь хөөе утсыг нь өгөөч ээ гээд Мөнх-Оргилын араас гүйсэн. ...монител ороод танихгүй ахад гар утсаа 10.000 төгрөгөөр зарсан...” гэх мэдүүлэг /хх 42-45/, шүүгдэгч Э.Мын “...бид хоёр хоорондоо ярилцаж байгаад тэр жаахан хүүхдийн гар утсыг булаая гэж ярьсан. Тэгээд орцондоо орсных нь дараа булаагаад зугтсан...” гэх мэдүүлэг /хх 46-48/ зэрэг шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.   

Иймд шүүгдэгч Э.М, өсвөр насны шүүгдэгч Б.Т нарыг бүлэглэн бусдын эд хөрөнгийг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, тэдгээрт эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Бага насны хохирогч Х.М, түүний хууль ёсны төлөөлөгч нар гомдол, саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг дурдав.

Шүүх шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хувь хүний байдал буюу тэдгээрийн анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирол төлбөргүй зэрэг нөхцөл байдлуудыг харгалзан шүүгдэгч Э.Мд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялаас чөлөөлж 01 /нэг/ жилийн хугацаагаар тэнсэж,

өсвөр насны шүүгдэгч Б.Тад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял оногдуулахыг тэнсэж, 01 /нэг/ жилийн хугацаагаар хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ авч шийдвэрлэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.7 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар өсвөр насны шүүгдэгч Б.Тыг хараа хяналтдаа байлгаж хүмүүжүүлэх үүргийг түүний хууль ёсны төлөөлөгчид даалгах нь зүйтэй байна.

Шүүгдэгч нь Э.Мд тэнссэн хугацаанд энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг сануулав.

Насанд хүрээгүй хохирогч Х.М нь “...ямар нэгэн хүсэлт гомдол байхгүй...” гэх тул шүүгдэгч нарыг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Шүүгдэгч нар нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, эд хөрөнгө битүүмжлээгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдав.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Бороон овгийн Э.М, өсвөр насны шүүгдэгч Шарнууд овгийн Б.Т нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялаас чөлөөлж, 01 /нэг/ жилийн хугацаагаар тэнсэж, түүнд хяналт тавихыг шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгаж,

өсвөр насны шүүгдэгч Б.Тад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял оногдуулахыг тэнсэж, 01 /нэг/ жилийн хугацаагаар хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ авсугай. 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.7 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар өсвөр насны шүүгдэгч Б.Тыг хараа хяналтдаа байлгаж хүмүүжүүлэх үүргийг эцэг, эхэд нь даалгаж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.М нь тэнссэн хугацаанд энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг сануулсугай.

4. Шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд хөрөнгө битүүмжлээгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай. 

5. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Э.М, өсвөр насны шүүгдэгч Б.Т нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

6. Шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, тэдгээрийн өмгөөлөгч нар гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тус тус дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                             Б.ХАЛИУН