Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 05 сарын 30 өдөр

Дугаар 210/МА2025/00931

 

 

 

*******ХХК, *******, *******

нарын нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Г.Даваадорж даргалж, шүүгч Д.Нямбазар, Д.Золзаяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 192/ШШ2025/01278 дугаар шийдвэртэй

Нэхэмжлэгч *******ХХК, *******, *******нарын нэхэмжлэлтэй

Хариуцагч ******* газарт холбогдох

Хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгч *******ын өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлоор шүүгч Д.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд *******ХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Минжин нар оролцов. 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нэхэмжлэгч нарын нэхэмжлэл, тайлбарын агуулга:

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2023 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн 102/ШШ2023/00596 дугаар захирамжаар ******* ХХК, *******, *******нараас 379,039,881 төгрөг гаргуулж *******ХК-д олгохоор шийдвэрлэсэн. Уг шүүгчийн захирамжийн дагуу шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагаас албадан гүйцэтгэх ажиллагаа явуулж, *******ын өмчлөлийн Баянзүрх дүүрэг, 20 дугаар хороо, *******гудамж, *******тоотод байршилтай, эрхийн улсын бүртгэлийн Ү-******* дугаартай, 585 м.кв талбайтай, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, Баянзүрх дүүрэг, 20 дугаар хороо, Хаан банкны хойно байршилтай, нэгж талбарын ******* дугаартай, 699 м.кв талбайтай, худалдаа үйлчилгээний зориулалттай газар зэргийг битүүмжилж, хураах ажиллагаа явуулсан.

Мөн шийдвэр гүйцэтгэгч нь *******ХХК-ийг шинжээчээр томилж, үнэлгээ хийлгэсэн ба ******* нь дээрх хөрөнгийн үнийн саналаа 1,350,000,000 төгрөгөөр өгсөн байхад шинжээч 1,016,381,000 төгрөгөөр үнэлсэн болохыг 2024 оны 06 дугаар сарын 18-ны өдөр шийдвэр гүйцэтгэгч мэдэгдсэн. Бид уг үнэлгээг хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь үл хөдлөх эд хөрөнгө болон газрыг зах зээлийн үнэ ханшаас хэт доогуур үнэлсэн, адил төстэй, ойролцоо байрлалтай үл хөдлөх эд хөрөнгө болон газартай адилтгаж жишиж, харьцуулж үзээгүй, хөрөнгийг үнэгүйдүүлж байна. Түүнчлэн төлбөр төлөгч, үүрэг гүйцэтгэгч болох *******дээрх үл хөдлөх хөрөнгийн үнэлгээний санал өгөх тухай мэдэгдсэн баримтгүй, түүнээс үнийн санал аваагүй, үнэлгээний тайланг танилцуулаагүй байгаа нь түүний эрхийг зөрчсөн.

Иймд үнэлгээг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

2.Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга:

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2023 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн 102/ШШ2023/00596 дугаар шийдвэрээр *******ХХК, *******, *******нараас 379,039,881 төгрөг, улсын тэмдэгтийн хураамж 2,123,349 төгрөгийг тус тус гаргуулах, төлбөрийг сайн дураар төлөөгүй тохиолдолд төлбөр төлөгч *******ын өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-******* дугаартай, Баянзүрх дүүрэг, 20 дугаар хороо, Төвийн хэсэг гудамж, *******тоот хаягт байрлах, 585 м.кв талбайтай, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, нэгж талбарын ******* дугаартай, 699 м.кв талбайтай, худалдаа үйлчилгээний зориулалттай газар, эрхийн улсын бүртгэлийн Ү-******* дугаартай, Чингэлтэй дүүрэг, 19 дүгээр хороо, *******гудамж, ******* тоот хаягт байрлах, 56 м.кв талбайтай хувийн орон сууц, нэгж талбарын ******* дугаартай, 600 м.кв талбайтай, зуслангийн зориулалттай газруудаар үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэсэн.

Шийдвэр гүйцэтгэх ажиллагаагаар төлбөр төлөгч *******ХХК, *******, *******нарт шүүхийн шийдвэр биелүүлэх мэдэгдлийг гардуулж, шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийг биелүүлэхийг мэдэгдсэн боловч шүүхийн шийдвэрийг биелүүлээгүй тул үүргийн гүйцэтгэлд барьцаалсан *******ын өмчлөлийн, эрхийн улсын бүртгэлийн Ү-******* дугаартай, Баянзүрх дүүрэг, 20 дугаар хороо, Төвийн хэсэг гудамж, *******тоотод байрлах, 585 м.кв талбайтай үл хөдлөх эд хөрөнгийг 2024 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн *******, 2024 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн *******дугаар тогтоолоор битүүмжлэн шүүхийн шийдвэр биелүүлэх тухай мэдэгдэл гардуулсан боловч шүүхийн шийдвэрт заасан төлбөрийг төлөөгүй тул 2024 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн 24360677/10 дугаар тогтоолоор хураан, талуудаас үнийн санал ирүүлэх тухай 2024 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн мэдэгдлийг төлбөр төлөгч *******од гардуулсан.

Талууд харилцан тохиролцож үнийн санал ирүүлээгүй тул Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2-т заасны дагуу 2024 оны 06 дугаар сарын 06-ны өдөр шинжээч томилж, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.3-т заасны дагуу үнэлгээний тайланг танилцуулж, үнэлгээний мэдэгдлүүдийг хүргүүлсэн. Төлбөр төлөгчийн үүргийн гүйцэтгэлд барьцаалагдсан дээрх үл хөдлөх хөрөнгүүдийг 2024 оны 07 дугаар сарын 19-ний өдөр анхны албадан дуудлага худалдаан оруулахаар нийтэд зарласан бөгөөд Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2024 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн 102/Ш32024/13561 дугаар захирамжаар шийдвэр гүйцэтгэх ажиллагааг түдгэлзүүлсэн.

Иймд шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

3.Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн тайлбарын агуулга:

Төлбөрт хураагдсан хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгох үндэслэлгүй. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуульд заасан журмын дагуу явагдсан гэжээ.

 

4.Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:

Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7-д зааснаар Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харъяа *******т холбогдох төлбөр төлөгч *******ын өмчлөлд бүртгэлтэй, улсын эрхийн бүртгэлийн Ү-******* дугаарт бүртгэлтэй, Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо, *******гудамж, *******тоотод байршилтай 585 м.кв талбай бүхий үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, Баянзүрх дүүрэг, 20 дугаар хороо, Хаан банкны хойно байрлалтай, нэгж талбарын ******* дугаартай 699 м.кв талбай бүхий худалдаа үйлчилгээний зориулалттай газар зэрэг үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэгч *******, *******, *******ХХК-ийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэсэн.

 

5.Нэхэмжлэгч *******ын өмгөөлөгчийн давж заалдах гомдлын агуулга:

5.1.Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 02 дугаар сарын 03- ны өдрийн 596 дугаар шүүгчийн захирамжийг гүйцэтгэлийн ажиллагааг Банкны төлбөр барагдуулах газраас явуулахдаа төлбөр төлөгч *******ын өмчлөлийн Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо, *******гудамж, *******тоотод байршилтай, эрхийн улсын бүртгэлийн Ү-******* дугаартай, 585 м.кв талбайтай, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, мөн хаягт байрлах нэгж талбарын ******* дугаартай, 699 м.кв талбайтай, худалдаа үйлчилгээний зориулалттай газар зэргийг битүүмжилж, хураах ажиллагаа явуулсан.

Мөн дээрх үл хөдлөх хөрөнгийн үнэлгээ хийлгэхээр "*******" ХХК-ийг шинжээчээр томилж 2024 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн хөрөнгийн үнэлгээний тайлангаар дээрх хөрөнгийг 1,016,381,000 төгрөгөөр үнэлсэн. Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-д үл хөдлөх эд хөрөнгийн санал болгох доод үнийг дуудлага худалдаа явуулахаас өмнө үүрэг гүйцэтгэгч, үүрэг гүйцэтгүүлэгч, өмчлөгч харилцан тохиролцож тогтоох бөгөөд хэрэв тохиролцоогүй бол хараат бус мэргэжлийн үнэлгээчний саналыг үндэслэн тогтооно, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1-д "Төлбөр төлөгч, төлбөр авагчийг иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааны талууд гэнэ", 32.4-т "Иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд хэд хэдэн төлбөр авагч, төлбөр төлөгч оролцож байгаа тохиолдолд тэдгээр нь иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд бие даан оролцох эрхтэй, 55 дугаар зүйлийн 55.3-т "Шийдвэр гүйцэтгэгч хөрөнгийн үнэлгээг үнэлгээчнээр тогтоолгосон бол үнэлгээчний тайланг хүлээн авснаас хойш ажлын 3 өдрийн дотор талуудад мэдэгдэж, тайланг танилцуулж, санал хүсэлтийг авч тэмдэглэл хөтөлнө" гэж тус тус заасан.

Гэтэл төлбөр төлөгч, үүрэг гүйцэтгэгч болох *******барьцааны зүйл болох дээрх үл хөдлөх хөрөнгийн үнэлгээний санал өгөх тухай мэдэгдсэн баримтгүй, түүнээс үнийн санал аваагүй, мөн үнэлгээний тайланг танилцуулаагүй байгаа нь түүний эрхийг зөрчсөн. Анхан шатны шүүхээс шийдвэр гүйцэтгэгчийн *******утсаар ярьсан тэмдэглэлийг үнийн санал авах тухай мэдэгдсэн гэж дүгнэсэн нь үндэслэлгүй. Шийдвэр гүйцэтгэгчийн зүгээс *******үнийн санал өгөх тухай огт мэдэгдээгүй, үнийн санал дээр тохиролцох боломжтой байсан.

5.2.Шинжээчийн дүгнэлт бодит байдалд нийцээгүй, зах зээлийн судалгааг бодитой хийгээгүй, харьцуулалт хийж буй хөрөнгийн мэдээлэл дутмаг, зах зээлийн хандлагын аргаар тодорхойлсон үндэслэл тодорхойгүй, ижил төрлийн объекттой харьцуулалт хийсэн гэх боловч тэдгээр объектод биет үзлэг хийгээгүй, 3 өөр хөрөнгөтэй харьцуулсан байх боловч уг харьцуулсан үл хөдлөх эд хөрөнгүүд нь хэдэн онд ашиглалтад орсон нь тодорхойгүй, элэгдэл хорогдол тооцоогүй, байрлал, зориулалт тодорхойгүй, барилгын чанар хийцийн шинж зэрэг харьцуулж болох эсэх зэрэг нөхцөл байдал шинжээчийн үнэлгээнд тусгагдаагүй тул хөрөнгийг зах зээлийн үнэ ханшаар үнэлсэн гэж үзэх боломжгүй юм. Гэтэл анхан шатны шүүхээс эдгээр байдлыг харгалзан үзэж үнэлэлт дүгнэлт хийхгүй нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг хүлээн зөвшөөрөхгүй байна.

Иймд шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийг хангаж өгнө үү гэжээ.

6.Давж заалдах гомдолд бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан тайлбарын агуулга:

Нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулгын хүрээнд анхан шатны шүүх шийдвэрлэсэн ба шүүх хуралдаанд холбогдох нотлох баримтыг шинжлэн судалсан. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

1.Давж заалдах шатны шүүх хэргийг нэхэмжлэгч *******ын өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр хянаад, гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээв.

 

2.Нэхэмжлэгч *******ХХК, *******, *******нар нь хариуцагч ******* газарт холбогдуулан хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулсан гэж маргажээ.

Төлбөр авагч *******ХК нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдээр оролцож, хариуцагчийн байр суурийг дэмжсэн тайлбар гаргасан байна.

 

3.Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2023 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн 102/ШШ2023/00596 дугаар захирамжаар *******ХХК, *******, *******нар 379,039,881 төгрөгийг хуваарийн дагуу *******ХК-д төлөх, төлбөрийг тогтоосон хугацаанд төлөөгүй тохиолдолд 4 барьцаа хөрөнгөөр хангуулахаар тохиролцсон зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

3.1.******* нь шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгэх баримт бичгийг үндэслэн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг 2024 оны 03 дугаар сарын 15-ны өдөр үүсгэсэн.

3.2.Барьцаа хөрөнгө болох *******ын өмчлөлийн, эрхийн улсын бүртгэлийн Ү-******* дугаартай, Баянзүрх дүүрэг, 20 дугаар хороо, *******гудамж, *******тоотод байрлах, 585 м.кв талбайтай, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, мөн нэгж талбарын ******* дугаартай, Баянзүрх дүүрэг, 20 дугаар хороо, Хаан банкны хойно байрлах, 699 м.кв талбайтай, худалдаа, үйлчилгээний зориулалттай газар эзэмших эрхийг шийдвэр гүйцэтгэгчийн 2024 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 24360677/06, 2024 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн *******дугаар тогтоолоор битүүмжилж, 2024 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн 24360677/10 дугаар тогтоолоор хураан авсан, эдгээр ажиллагаанд талууд гомдол гаргаагүй байна.

3.3.Төлбөр төлөгч *******ХХК-ийн гүйцэтгэх захирал ******* нь дээрх газар болон үл хөдлөх эд хөрөнгийг 1,350,000,000 төгрөгөөр үнэлсэн, төлбөр авагч *******ХК хөндлөнгийн үнэлгээчнээр үнэлүүлэх тухай хүсэлт ирүүлсэн байна.

Төлбөр төлөгч *******д үнийн санал ирүүлэх талаар шийдвэр гүйцэтгэгчийн 2024 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн 3/2635 дугаар мэдэгдэл үйлдэж, төлбөр төлөгчийн 86000201 дугаарт мэдэгдсэн болох нь шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэлээр тогтоогдсон тул уг ажиллагааг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт нийцсэн гэж үзнэ. Иймээс төлбөр төлөгч *******аас үнийн санал аваагүй гэх нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хүлээн авах үндэслэлгүй.

3.4.Төлбөр төлөгч, төлбөр авагч, өмчлөгч талууд Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэгт зааснаар үнийн талаар тохиролцоогүй байх ба шийдвэр гүйцэтгэгчийн 2024 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн 6/54 дугаар тогтоолоор *******ХХК-ийг шинжээчээр томилсон нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1, 55 дугаар зүйлийн 55.2.2-т заасантай нийцсэн.

 

4.Хөрөнгийн үнэлгээний тайланд үл хөдлөх эд хөрөнгө, газар эзэмших эрхийг нийт 1,016,381,000 төгрөгөөр үнэлсэн.

4.1.Шийдвэр гүйцэтгэгчийн 2024 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн 3/3002, 3/3003, 3/3005 дугаар мэдэгдлүүдийг төлбөр төлөгч нарт, 3/3004 дугаар мэдэгдлийг төлбөр авагчид тус тус шуудангаар хүргүүлж мэдэгдсэн тул үнэлгээний талаар төлбөр төлөгч *******д мэдэгдээгүй гэх нэхэмжлэгчийн тайлбар үндэслэлгүй байна.

4.2.Үнэлгээний тайланд хөрөнгийн шинж байдлыг тодорхойлон тусгаж, зах зээлийн, орлогын болон өртгийн хандлагын аргуудаар тус тус үнэлж, эдгээрээс зах зээлийн хандлагын аргын үнэлгээг баримталсан байна. Үнэлгээнд үнэгүй.мн /unegui.mn/ сайтад байршсан мэдээллүүдэд үндэслэн, 3 хөрөнгийг сонгож, тэдгээрийн зарлагдсан үнэд тохируулга хийж, байрлал, инженерийн шугам сүлжээ, хийц, газрын болон барилгын хэмжээ, гадна тохижилт гэсэн хүчин зүйлүүдийг тооцон, нэгж талбайн дундаж үнийг 1,737.0 мянган төгрөгөөр тодорхойлж, 585 м.кв талбайгаар тооцон 1,016,381,000 төгрөгөөр үнэлсэн байна.

4.3.Дээрх үнэлгээний тайлан нь Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.4-т заасан үнэлгээ бодитой байх зарчимд нийцсэн, мөн хуулийн 8 дугаар зүйлийн 8.2.3, 8.3.6, 8.3.10-т тус тус заасан хөрөнгийн үнэлгээний зүйлийн тогтоосон үнэ цэнэ зохих үндэслэлтэй, тодорхой байх, хөрөнгийн үнэлгээний зүйлийн төрөл, түүний шинж байдлын тодорхойлолтыг тусгах, хөрөнгийн үнэлгээний зүйлийн үнэ цэнийг тогтооход хэрэглэсэн арга, тэдгээрийн нийцтэй байдлыг заах шаардлагыг тус тус хангасан.

4.4.Нэхэмжлэгч нар нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар шинжээчийн тогтоосон үнийг зах зээлийн үнээс хэт доогуур үнэлсэн, харьцуулсан хөрөнгийн зориулалт, байрлал, шинж чанар зөрүүтэй гэх нэхэмжлэлийн үндэслэлээ баримтаар нотлоогүйг анхан шатны шүүх зөв дүгнэсэн байна.

 

5.Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч *******ын өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 192/ШШ2025/01278 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч *******ын өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Г.ДАВААДОРЖ

 

ШҮҮГЧИД Д.НЯМБАЗАР

 

Д.ЗОЛЗАЯА