| Шүүх | Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Өлзийн Уянга |
| Хэргийн индекс | 181/2016/00103/и |
| Дугаар | 268 |
| Огноо | 2016-07-05 |
| Маргааны төрөл | Гэрлэлт цуцалсан, |
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2016 оны 07 сарын 05 өдөр
Дугаар 268
2016 оны 07 сарын 05 өдөр Дугаар 181/ШШ2016/00268 Улаанбаатар хот
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ө.Уянга даргалж, шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүрэг, 7-р хороо, 11-р хороолол, Эрхүүгийн гудамж 29-р байр 34 тоотод оршин суух, Пүрэв овогт Цолмонгийн Болормаа /РД:ХБ72010169/-ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Сүхбаатар дүүрэг, 7-р хороо, 11-р хороолол, Эрхүүгийн гудамж 29-р байр 34 тоотод оршин суух бүртгэлтэй, Лантуу овогт Хайчинхүүгийн Үнэнхүү /РД:ХН70111179/-д холбогдох
Гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж тогтоолгох, тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Ц.Болормаа, хариуцагч Х.Үнэнхүү, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Даваахишигмаа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарт:
Би Х.Үнэнхүүтэй 1996 оны 3 сард танилцаж, 1997 оны 7-р сарын 3-ны өдөр гэрлэлтээ албан ёсоор бүртгүүлсэн. Бидний дундаас 1997 оны 11-р сарын 27-нд охин Ү.Уртнасан, 2008 оны 8-р сарын 15-нд хүү Ү.Насанбат нар төрсөн. Бид үзэл бодол, зан харилцааны хувьд таарч тохирохгүйгээс болж, 2015 оны 12 сараас тусдаа амьдарч байна.
Яг үнэндээ бол архины асуудлаас болж л гэр бүл салахад хүрч байна. Гэр бүлд архинаас болж хэрүүл маргаан, зодоон цохион тасардаггүй. Хүүхдүүд архины хамаарлаас болж айдас хүйдэстэй байх болсон. Х.Үнэнхүү намайг зодох нь олон, бас амархан болсон. Бидний дунд хайр сэтгэл, үнэнч шудрага байдал алдагдсан.
2015 оны 12 сард том асуудал гарч бид тусдаа амьдрах болсон. Би 2 хүүхдээ бодож өдийг хүрсэн. Цаашид архины асуудал гэрт үргэлжилсээр байхыг ойлгосон. Иймд гэрлэлтээ цуцлуулахыг хүссэн.
Нэхэмжлэлийг хангаж гэрлэлтийг цуцлаж, насанд хүрээгүй хүүг миний асрамжид үлдээж, эцгээс нь хүүхдийн тэтгэлэг гаргуулж өгнө үү. Бид эд хөрөнгийн маргаангүй. Бидний дундын хөрөнгө болох ганц орон сууцаа хэрхэх талаар тохирсон. Одоо миний нэр дээр байдаг, банкны барьцаанаас чөлөөлөгдөхөөр нь 2 хүүхдээ нэмж бүртгүүлэхээр болсон гэв.
Хариуцагч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Нэхэмжлэлийг зөвшөөрнө. Би архи дарс уух асуудал гаргадаг тул орон сууцыг Ц.Болормаа ганцхан өөрийнхөө нэр дээр авсныг буруутгахгүй. Эхнэр өөр хүнтэй болсныг би ч, охин ч мэднэ. Гэхдээ би мэдээгүй юм шиг өнгөрдөг байсан. Энэ асуудалд жаахан гомдолтой байдаг. Хүүхдүүдийг орон байранд нь байлгаж л байвал надад хэлэх зүйл алга. Хүүдээ тэтгэлэг төлнө. Би шүүх шийдсэн шийдээгүй хүүгээ хүний зэрэгтэй байлгахыг хичээнэ. Гэрлэлтийн баталгаа салсан ч эцэг эх хэвээр байх тохиролцоонд хүрсэн гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Ц.Болормаа нь хариуцагч Х.Үнэнхүүд холбогдуулан гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж тогтоолгох, тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн тайлбарыг шүүхэд гаргаж байна.
Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.
Гэрлэгчид 1997 оны 2 дугаар сарын 03-ны өдөр гэрлэлтээ бүртгүүлж, тэдний дундаас 1997 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр охин Ү.Уртнасан, 2008 оны 8 дугаар сарын 15-ны өдөр хүү Ү.Насанбат нар төржээ.
Зохигчид хоорондын таарамжгүй харилцааны улмаас 2015 оны 12 сараас тусдаа амьдарч байгаа бөгөөд одоо хэн аль нь эвлэрч хамт амьдрахыг хүсэхгүй, тэдний тайлбарлаж байгаагаар гэрлэлт цааш үргэлжлэх нь хүүхдийн хүмүүжилд сөргөөр нөлөөлөх хандлагатай байх тул шүүх гэрлэгчдэд эвлэрүүлэх арга хэмжээ авах шаардлагагүй гэж үзэж, гэрлэлтийг цуцлав.
Гэрлэгчдийн дундаас төрсөн охин Ү.Уртнасан нь насанд хүрсэн тул шүүх гагцхүү хүү Ү.Насанбатын асрамжийн асуудлыг шийдвэрлэх бөгөөд түүний өөрийнх нь санал болон нэхэмжлэгчийн шаардлага, хариуцагчийн зөвшөөрөлд үндэслэн хүүг эхийнх нь асрамжид үлдээлээ.
Хариуцагч нь хүү Ү.Насанбатад тэтгэлэг төлөхийг зөвшөөрсөн хэдий ч талууд тэтгэлгийн хэмжээн дээр эвлэрч гэрээ байгуулаагүй тул шүүх хуульд заасан хувь хэмжээгээр тэтгэлэгийн хэмжээг тогтоож, тэр хэмжээгээр Ү.Насанбатыг сар бүр эцэг Х.Үнэнхүүгээр нь тэжээн тэтгүүлэхээр шийдвэрлэв.
Зохигчид гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын хөрөнгө болох Ц.Болормаагийн өмчлөлд бүртгэлтэй Сүхбаатар дүүргийн 7 дугаар хороо, 11 дүгээр хороолол, 29 дүгээр байрны 34 тоотод байрлах /одоогоор “Төгөл инвест” ББСБ-ын барьцаанд байгаа гэх/ орон сууцыг барьцаанаас чөлөөлөгдсөний дараа Ц.Болормаа, Ү.Уртнасан, Ү.Насанбат нарын өмчлөлд бүртгүүлэхээр харилцан тохиролцож, гэрээ байгуулсан нь Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д нийцэж байх тул шүүх энэ дагуу шийдвэрлэх үндэслэлтэй.
Гэрлэлт хэдийгээр цуцлагдсан боловч хүүхдүүдийн хувьд Х.Үнэнхүү, Ц.Болормаа нар эцэг, эх байх эрх, үүрэг хэвээр хадгалагдахыг дурдах нь зүйтэй байна.
Иргэний хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 132 дугаар зүйлийн 132.6, 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт зааснаар Пүрэв овогт Цолмонгийн Болормаа /РД:ХБ72010169/, Лантуу овогт Хайчинхүүгийн Үнэнхүү /РД:ХН70111179/ нарын гэрлэлтийг цуцалсугай.
2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5, 14.7-д зааснаар 2008 оны 8 дугаар сарын 15-ны өдөр төрсөн хүү Ү.Насанбатыг эх Ц.Болормаагийнх нь асрамжид үлдээсүгэй.
3. Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.3, 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т заасныг тус тус баримтлан 2008 оны 8 дугаар сарын 15-ны өдөр төрсөн хүү Ү.Насанбатыг 11 нас хүртэл тухайн бус нутагт тогтоосон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/ хүртэл амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр сар бүр эцэг Х.Үнэнхүүгээр нь тэжээн тэтгүүлсүгэй.
4. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д заасны дагуу зохигчид Ц.Болормаагийн өмчлөлд бүртгэлтэй Сүхбаатар дүүргийн 7 дугаар хороо, 11 дүгээр хороолол, 29 дүгээр байрны 34 тоотод байрлах орон сууцны хамтран өмчлөгчөөр Ү.Уртнасан, Ү.Насанбат нарыг нэмж бүртгүүлэхээр тохиролцсоныг дурдсугай.
5. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-т зааснаар зохигчдод хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, асран хамгаалах, тэжээн тэтгэх, хүүхдийн эрхийг хамгаалж, үүргээ биелүүлэхэд нь туслах, суурь боловсрол эзэмшүүлэх, хөдөлмөрийн анхны дадлага олгох зэрэг эцэг, эхийн үүрэг хэвээр үлдэх болохыг тайлбарласугай.
6. Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
7. Шүүхийн шийдвэрийн хувийг хүчин төгөлдөр болсноос хойш ажлын 3 өдрийн дотор гэрлэлтийг бүртгэсэн иргэний гэр бүлийн бүртгэлийн байгууллагад явуулахыг шүүгчийн туслах Г.Ариунзулд даалгасугай.
8. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шүүх хуралдаанд оролцсон тал нь энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл мөн зүйлийн 119.4-т заасан хугацааны дотор шийдвэрийг гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.
ДАРГАЛАГЧ Ө.УЯНГА