| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Батбаярын Цолмонбаатар |
| Хэргийн индекс | 102/2016/01753/И |
| Дугаар | 184/ШШ2016/00174 |
| Огноо | 2016-06-27 |
| Маргааны төрөл | Түрээсийн гэрээ, |
Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2016 оны 06 сарын 27 өдөр
Дугаар 184/ШШ2016/00174
2016 оны 6 сарын 27 өдөр Дугаар184/ШШ2016/00174 Улаанбаатар хот
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Цолмонбаатар даргалж тус шүүхийн танхимд хуралдсан шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, *****-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Улаанбаатар хот, *****-д холбогдох,
“1,407,850 төгрөг гаргуулах тухай” нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Эрдэнэцэцэг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “******* *******” ХХК нь ******* тауэр барилгад үйл ажиллагаа явуулдаг ******* рестораны өдөр тутмын үйл ажиллагаанд хэрэглэх зорилгоор “******* ******* *******” ХХК-иас 2014 оны 8 дугаар сараас 2014 оны 12 дугаар сарыг дуустал гарын цаас, нэг удаагийн аяга, сэрээ хүнсий аяга зэрэг бараа бүтээгдэхүүнийг худалдсан авсан.
Худалдсан авсан барааны үнэд 5,466,900 төгрөгийг “******* ******* *******” ХХК-ийн Хаан банкны эзэмшлийн 5116013333 тоот дансанд шилжүүлэх ёстой байтал тус шилжүүлэгийг хийсэн манай байгууллагын ажилтны ажлын хариуцлаггүй үйлдлээс болж 2 удаагийн төлбөрийг давхардуулан олгож тус байгууллагад илүү 1,374,050 төгрөгийг шилжүүлсэн юм.
Байгууллагын зүгээс бэлэн болон бэлэн бусаар нийт 6,840,950 төгрөгийг “******* ******* *******” ХХК-д төлсөн. Давхардуулан төлбөр шилжүүлсэн тухайгаа мэдсэн даруйд “******* ******* *******” ХХК-ийн захирал ******* холбогдоход эхэндээ өгнө гэдэг байсан боловч сүүлдээ худал хэлж зуттаасаар өнөөдрийг хүрээд байгаа тул шүүхэд хандаж байна.
Иймд “******* ******* *******” ХХК-иас бараа худалдан авсан үнэд илүү шилжүүлсэн 1,374,050 төгрөг болон нотариатын үйлчилгээний хөлсөнд төлсөн 53,800 төгрөг, нийт 1,407,850 төгрөгийг гаргуулж “******* *******” ХХК-д олгуулж өгнө үү” гэв.
Хариуцагч “******* ******* богд” ХХК-ийн захирал ******* шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “******* Гурван *******” ХХК нь гадаад худалдааны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг бөгөөд 2014 онд бар, рестораны өдөр тутмын үйл ажиллагаанд шаардагдах ахуйн хэрэглээний бараа материалыг “******* скүэр” ХХК-д гэрээний дагуу нийлүүлсэн билээ.
Уг борлуулалтыг хийхэд бараа бүтээгдэхүүнийг “******* скүэр” ХХК-ийн захиалсан захиалгын дагуу нийлүүлдэг байсан бөгөөд тухайн нийлүүлсэн барааны дагалдах баримт болох зарлагын падаан, нэхэмжлэхийг тус бүр дагалдуулж өгдөг байсан. Уг нэхэмжлэлийн дагуу манай дансанд барааны өртгийг тухайн долоо хоногтоо шилжүүлдэг байсан. Тухайн 2014 оны эцэст “******* скүэр” ХХК-тай тооцоо нийлсэн бөгөөд 2 байгууллага ямар ч өглөгө авлага байхгүйгээр тооцоо нийлсэн.
Гэтэл тооцоо нийлсэнээс хойш ******* тайлангын хугацаа өнгөрсний дараа буюу 2015 оны 08 дугаар сард “******* скүэр” ХХК-иас утсаар ярьж 1,374,050 төгрөгийг давхардуулж буюу 2 удаа шилжүүлсэн байна гэж хэлсэн. Дансны хуулгаа шалгаад үзтэл тийм дүнтэй мөнгө орж ирээгүй байсан. Хоёр компани хоорондын байгуулсан худалдах, худалдаж авах гэрээ ёсоор нийлүүлсэн барааны төлбөрийг тухайн долоо хоногтоо манай дансанд шилжүүлнэ гэсэн байдаг. Гэтэл дансны хуулган дээрх шилжүүлэг дунд нэг долоо хоногт 2 удаа мөнгө шилжүүлсэн шилжүүлэг байхгүй байна.
Иймд “******* *******” ХХК-ийн нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул нэхэмжлэлийг бүхэлд нь хүчингүй болгож өгнө үү” гэжээ
Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудаас талуудын хүсэлтээр шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч “******* скүэр” ХХК нь хариуцагч “******* ******* богд” ХХК-д холбогдуулан худалдах, худалдан авах гэрээний дагуу илүү төлсөн 1,374,050 төгрөг, нотариатын зардал 33,800 төгрөг, нийт 1,407,850 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргажээ.
Нэхэмжлэгч “******* скүэр” ХХК нь хариуцагч “******* ******* богд” ХХК-иас рестораны өдөр тутмын зориулалттай бараа бүтээгдэхүүн худалдан авч, улмаар барааны үнийг төлж байсан болох нь хэрэгт авагдсан бараа бүтээгдэхүүний нэхэмжлэхүүд, төлбөрийн даалгавар, орлогын баримтууд болон зохигчдын шүүхэд бичгээр гаргасан тайлбараар тогтоогдож байна.
Нэхэмжлэгч “******* скүэр” ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “... ажилтны ажлын хариуцлаггүй үйлдлээс болж 1,374,050 төгрөгийг илүү шилжүүлсэн ...” гэж тайлбарладаг бөгөөд хариуцагч “******* ******* богд” ХХК нь нэхэмжлэлийг татгалзаж үндэслэлээ “... дансны хуулган дээрх шилжүүлэг дунд нэг долоо хоногт 2 удаа мөнгө шилжүүлсэн шилжүүлэг байхгүй ...” гэж тайлбарлажээ.
Хэрэгт авагдсан баримтаар хариуцагч “******* ******* богд” ХХК нь нэхэмжлэгч “******* скүэр” ХХК-д нийт 5,466,850 төгрөгийн бараа бүтээгдэхүүн нийлүүлсэн бөгөөд “******* скүэр” ХХК нь бараа бүтээгдэхүүний үнэд “******* ******* богд” ХХК-д 8,812,700 төгрөгийг төлсөн болох нь хэрэгт авагдсан нэхэмжлэх, төлбөрийн даалгавар, зарлагын болон орлогын баримт зэрэг санхүүгийн баримтуудаар тогтоогдож байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь өөрийн шаардлага ба татгалзлын үндэс болж байгаа байдлын талаархи нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй бөгөөд зохигчдоос хэрэгт ирүүлсэн бичгийн нотлох баримтуудаар дээр дурдсан худалдан авсан бараа бүтээгдэхүүний үнэ болон төлбөр төлсөн үнүүд тодорхойлогдсон болно.
Хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдсон байдлаас үзвэл нэхэмжлэгч “******* скүэр” ХХК-иас хариуцагч “******* ******* богд” ХХК-д төлсөн төлбөр нь худалдан авсан бараа бүтээгдэхүүний үнийн дүнгээс нэхэмжлэлийн шаардлагын хэмжээнээс илүү хэмжээгээр зөрүүтэй байгаа болох нь тогтоогдож байна.
Нэхэмжлэгч “******* скүэр” ХХК нь хариуцагч “******* ******* богд” ХХК-д нэхэмжлэлийн шаардлагад дурдсан илүү төлсөн 1,374,050 төгрөгийн хэмжээгээр төлбөр төлөх үүрэгтэй болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдоогүй тул Иргэний хуулийн 492 дугаар 492.1.1-д бусдын өмнө хүлээсэн үүргээ гүйцэтгэхээр хэн нэгэн этгээдэд хөрөнгө шилжүүлсэн этгээд нь уг зүйлийг олж авсан этгээдээс хөрөнгө олж авсан этгээд болон үүрэг гүйцэтгэгч этгээдийн хооронд үүрэг үүсээгүй бол буцаан шаардах эрхтэй гэж зааснаар нэхэмжлэлийн уг шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна.
Нэхэмжлэгч “******* скүэр” ХХК-ийн нотариатын зардал 33,800 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх хууль зүйн үндэслэлгүй бөгөөд энэхүү зардал нь төлбөр илүү шилжүүлсэнтэй холбоотой гарсан хохирол гэж үзэх боломжгүй байна.
Шүүх хариуцагч “******* ******* богд” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Баярмаад 2016 оны 06 дугаар сарын 27-ны өдөр товлон зарлагдсан шүүх хуралдааны товыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 77 дугаар зүйлийн 77.2-т заасан журмын дагуу 2016 оны 06 дугаар сарын 24-ний өдөр мэдэгдэж, мэдэгдэх хуудсанд гарын үсэг зуруулсан боловч тэрээр шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирээгүй тул нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан хүсэлтийн дагуу Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т зааснаар хариуцагч талыг эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн болохыг дурьдаж байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д зааснаар хариуцагч “******* ******* богд” ХХК-иас 1,374,050 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч “******* скүэр” ХХК-д олгож, нэхэмжлэлийн үлдэх хэсэг болох 33,800 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч “******* скүэр” ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 37,500 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч “******* ******* богд” ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 36,934 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч “******* скүэр” ХХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ЦОЛМОНБААТАР