Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 08 сарын 26 өдөр

Дугаар 659

 

  2019         08          26                                   2019/ШЦТ/659

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Халиун даргалж,

            шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Энхгэрэл,

            улсын яллагч Ж.Энхжаргал,

            шүүгдэгч Ц.Б /өмгөөлөгчгүй оролцох хүсэлт гаргасан/ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар, 

Тээврийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Баарин овгийн Ц.Б холбогдох эрүүгийн 1903006380291 дугаартай хэргийг 2019 оны 08 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Баарин овгийн Ц.Б, 1968 оны 03 дугаар сарын 27-ны өдөр Говь-Алтай аймагт төрсөн, 51 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, арьс ширний технологич мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт Баянзүрх дүүргийн 2 дугаар хороо, 2 дугаар хэсэг их дарь-эх 1 дүгээр гудамж 92 тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, регистрийн дугаар

Холбогдсон хэргийн талаар /Яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/;

Шүүгдэгч Ц.Б нь 2019 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн 14 цаг 55 минутын орчимд Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэр, Улсын их дэлгүүрийн зүүн урд замд “Тайгын булаг кредит” ХХК-ний эзэмшлийн “Тоёота Приус” маркийн 68-74 УНГ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 10.9-д заасан “ Уулзвараас бусад газарт жолооч зүүн гар тийш буюу буцаж эргэхдээ өөдөөс чигээрээ яваа болон баруун гар тийш эргэх тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө”, мөн дүрмийн 2 дугаар хавсралт 1.3 тэмдэглэл буюу “үргэлжилсэн хос шугам” дөрөв буюу түүнээс олон эгнээгээр зорчдог замд хөдөлгөөний эсрэг урсгалыг тусгаарлана, үргэлжилсэн хос шугамыг тээврийн хэрэгслээр давахыг хориглоно” гэсэн заалтуудыг тус тус зөрчсөний улмаас А.Хын жолоодож явсан “Кавасаки” маркийн 39-29 УБ улсын дугаартай мотоциклтой мөргөлдөж, жолооч А.Хын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол, “Кавасаки” маркийн 39-29 УБ улсын дугаартай мотоциклийн эзэмшигчид нийт 928.200 төгрөгийн хохирол тус тус учруулсан гэмт хэрэгт холбогджээ. 

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Ц.Б нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “…Мөрдөн шалгах ажиллагааны үед бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Би өөрийн буруутай үйлдлээс болж мотоцикл мөргөж гэмтээсэн. Энэ үйлдэлдээ маш их харамсаж байна. Миний бие Банк бус санхүүгийн байгууллагаас зээл авч тухайн приус маркийн машиныг авсан юм. Уг машинаар такси үйлчилгээнд явж ар гэрээ авч явдаг. Миний энэ нөхцөл байдлыг харгалзан хөнгөн ял оноож өгнө үү...” гэв.

Мөн шүүх хуралдаанаар хавтаст хэргийн материалаас дараах бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав. 

Зам тээврийн осол, хэргийн газарт газарт үзлэг хийсэн тэмдэглэл: “...Уг осол нь Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хороо, Улсын их дэлгүүрийн зүүн замд гарсан байна. Уг зам нь асфальт, шулуун тэгш, хуурай, суурингийн доторх, үзэгдэх орчин чөлөөтэй, тогтуун, эсрэг хөдөлгөөнтэй, тусгаарлах зурвасгүй, 6 эгнээ, явган хүний замтай, хашлагатай, хайстай 9 метрийн өргөн байв. Үзлэгийн бүрэлдэхүүн хэргийн газарт очиход 68-74 УНГ улсын дугаартай Приус маркийн автомашин зүүнээс баруун чиглэлтэй зорчих хэсгийн 2-3 дугаар эгнээнд урдаас хойш харсан байрлалтай, 39-29 УБ улсын дугаартай кавасаки маркийн мотоцикл зорчих хэсгийн 2 дугаар эгнээнд зүүнээс баруун чиглэлтэй зогсож байв. ...мотоциклын урд хэсэг эвдэрсэн, хагарсан...” гэх тэмдэглэл \хх 8-9\

Зам тээврийн осол, хэргийн үзлэгээр тогтоосон байдал, осол хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч зураглал, үзлэгийн явцад бэхжүүлж авсан гэрэл зургийн үзүүлэлт \хх 10-14\

Хохирогч А.Х нь мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “...2019 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн 15 цаг 15 минутын үед Мөнгөн завъяагийн урд замаар өөрийн эзэмшлийн Кавасаки маркийн 39-29 УБ улсын дугаартай мотоциклыг жолоодон 50 орчим километрийн хурдтай зорчих хэсгийн 2 дугаар эгнээгээр явж байтал эсрэг урсгалд явж байсан автомашин гэнэт зүүн гар тал руугаа дараад хурдтай ороод ирсэн би тухайн үед мотоциклынхоо хурдыг хасч торомз дарсан боловч уг автомашин хурдтай дээр нь 2-3 метрийн зайтай байсан болохоор зогсож чадалгүй уг автомашины баруун урд талыг мотоциклоороо мөргөж, дээш нисэн автомашины зам дээр толгой, мөр, нуруугаараа унасан. Би хамгаалалтын хувцастай явж байсан. Зүүн гарын 4 дэх хуруу хугарсан. Толгой хавагначихсан, хүзүү бэртэлтэй, нуруу далийсан, хөлөнд зөөлөн эдийн гэмтэлтэй байна гэсэн. Яг тодорхой сайн хэлж мэдэхгүй байна. ...Би ямар нэгэн гомдол саналгүй болсон. Хохирлыг бүрэн барагдуулсан. Шүүх хуралд оролцохгүй...” гэх мэдүүлэг \хх 22-23\

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмчийн 2019 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн №7028 дугаар дүгнэлт: “...А.Хын биед зүүн сарвууны 4-р хурууны дунд шивнүүр ясны хугарал, зүүн шаант ясны доод булууны сэлтэрсэн хугарал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгджээ. Уг гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д заагдсанаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй. Дээрх гэмтлүүд нь тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой байна...” гэх дүгнэлт \хх 40\

“Хас үнэлгээ” ХХК-ны хөрөнгө, даатгалын хохирлын 2019 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн СХД №124 дүгээр үнэлгээ: “...Kawasaki 250 R маркийн 39-29 УБ улсын дугаартай автомашины эвдрэл, хохирлын үнэлгээ нийт 928.200 төгрөг, гэрэл зургийн үзүүлэлт...” гэх тайлан \хх 55-56\

Мөрдөгчийн 2019 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн №250 дугаар магадалгаа: “...Т.Приус маркийн 68-74 УНГ улсын дугаартай автомашиныг жолоодож явсан жолооч Цэдэндамба овогтой Баттулга нь Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 10.9-д заасан “Уулзвараас бусад газарт жолооч зүүн гар тийш буюу буцаж эргэхдээ өөдөөс чигээрээ яваа болон баруун гар тийш эргэх тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө”, 3амын хөдөлгөөний дүрмийн 2 дугаар хавсралт 1.3 тэмдэглэл буюу үргэлжилсэн хос шугамыг тээврийн хэрэгслээр давахыг хориглоно” гэсэн заалтуудыг тус тус зөрчсөн байх үндэслэлтэй байна. ...Мотоциклийн жолооч А.Х нь Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн заалт зөрчсөн гэх үндэслэлгүй байна. ...Зам тээврийн осол нь замын байгууламж, замын тэмдэг тэмдэглэгээ болон бусад нөхцөл байдлаас болсон гэх үндэслэлгүй байна...” гэх магадалгаа \хх 60\

Шүүгдэгч Ц.Б нь мөрдөн шалгах ажиллагааны үед яллагдагчаар мэдүүлэхдээ: “...2019 оны 06 дугаар сарын 04-ний өдөр өөрийнхөө Т.Приус маркийн 68-74 УНГ дугаартай автомашиныг жолоодон яваад Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хороо Улсын их дэлгүүрийн зүүн урд замд зүүн тийш түгжирсэн байхаар нь үргэлжилсэн цагаан шугам давж буцаж эргэх үйлдэл хийхдээ зүүнээс баруун тийш чигээрээ явж байсан Кавасаки маркийн мотоциклтой мөргөлдөн осол гаргасан. Осол хэрэг гарсны дараа цагдаа нар ирж хэмжилт хийсэн. Миний буруу. Би осол гарснаас хойш одоогоор 1.344.200 төгрөг гаргаж өгч санал гомдолгүй болгосон. Би гаргасан алдаагаа ухамсарлаж байна. Зам тээврийн осол хэрэг анхаарал болгоомж алдах ганц хоромд л гардаг юм байна...” гэх мэдүүлэг /хх 66-67/

Шүүгдэгчийн урьд ял шийтгэгдэж байсан эсэхийг шалгах хуудас /хх 68/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх 69/, жолоочийн лавлагаа, мэдээлэл /хх 70/, оршин суугаа газрын тодорхойлолт /хх 71/, хохирогч А.Хын эмчилгээнд зарцуулсан хохирлын баримт /хх 27-29/, хохирогч А.Хын эрүүл мэндийн байдлыг тодорхойлсон баримтууд /хх 41-44/, “Автотээрийн үндэсний төв”-ийн шинжээчийн дүгнэлт /хх 49-51/, хохирогч А.Хын Миг даатгал ХХК-д гаргаж өгсөн тодорхойлолт /хх 79/ зэргийг шинжлэн судлалаа.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтууд нь хэргийг шийдвэрлэхэд хангалттай, хэргийн бүрдэл хангагдсан, шүүгдэгчийн үйлдэлд прокуророос зүйлчилсэн хуулийн зүйл хэсэг тохирсон байна гэж шүүх дүгнэлээ.

Шүүгдэгч Ц.Б нь 2019 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн 14 цаг 55 минутын орчимд Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэр, Улсын их дэлгүүрийн зүүн урд замд “Тайгын булаг кредит” ХХК-ний эзэмшлийн “Тоёота Приус” маркийн 68-74 УНГ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 10.9-д заасан “ Уулзвараас бусад газарт жолооч зүүн гар тийш буюу буцаж эргэхдээ өөдөөс чигээрээ яваа болон баруун гар тийш эргэх тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө”, мөн дүрмийн 2 дугаар хавсралт 1.3 тэмдэглэл буюу “үргэлжилсэн хос шугам” дөрөв буюу түүнээс олон эгнээгээр зорчдог замд хөдөлгөөний эсрэг урсгалыг тусгаарлана, үргэлжилсэн хос шугамыг тээврийн хэрэгслээр давахыг хориглоно” гэсэн заалтуудыг тус тус зөрчсөний улмаас А.Хын жолоодож явсан “Кавасаки” маркийн 39-29 УБ улсын дугаартай мотоциклтой мөргөлдөж, жолооч А.Хын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол, “Кавасаки” маркийн 39-29 УБ улсын дугаартай мотоциклийн эзэмшигчид нийт 928.200 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь мөрдөн шалгах ажиллагааны явцад хавтаст хэрэгт цуглуулж бэхжүүлэгдсэн зам тээврийн осол, хэргийн газарт газарт үзлэг хийсэн тэмдэглэл \хх 8-9\, зам тээврийн осол, хэргийн үзлэгээр тогтоосон байдал, осол хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч зураглал, үзлэгийн явцад бэхжүүлж авсан гэрэл зургийн үзүүлэлт \хх 10-14\, хохирогч А.Хын “...автомашины баруун урд талыг мотоциклоороо мөргөж, дээш нисэн автомашины зам дээр толгой, мөр, нуруугаараа унасан...” гэх мэдүүлэг \хх 22-23\, шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмчийн 2019 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн №7028 дугаар дүгнэлт \хх 40\, “Хас үнэлгээ” ХХК-ны хөрөнгө, даатгалын хохирлын 2019 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн СХД №124 дүгээр үнэлгээ \хх 55-56\, мөрдөгчийн 2019 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн №250 дугаар магадалгаа \хх 60\, шүүгдэгч Ц.Б“...үргэлжилсэн цагаан шугам давж буцаж эргэх үйлдэл хийхдээ зүүнээс баруун тийш чигээрээ явж байсан Кавасаки маркийн мотоциклтой мөргөлдөн осол гаргасан. ...Миний буруу. Би осол гарснаас хойш одоогоор 1.344.200 төгрөг гаргаж өгч санал гомдолгүй болгосон. Би гаргасан алдаагаа ухамсарлаж байна...” гэх мэдүүлэг /хх 66-67/ зэрэг шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.   

Иймд шүүгдэгч Ц.Бавтотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж дүгнэв.

Шүүх шүүгдэгч Ц.Бд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хувь хүний байдал зэрэг нөхцөл байдлуудыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгийн торгох ял оногдуулав.  

Ингэхдээ түүнийг тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд харгалзан үзэв, харин хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг сануулав.

Хохирогч А.Х “...Ц.Бас 1.344.200 төгрөгийг хүлээн авсан болно. Цаашид ямар нэгэн гомдол, санал байхгүй...” гэх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Хэрэгт хураагдан ирсэн шүүгдэгч Ц.БBCD ангиллын жолоочийн №30221 үнэмлэхийг түүнд буцаан олгож шийдвэрлэв. 

Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд хөрөнгө битүүмжлээгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдав.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Баарин овгийн Ц.Б-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Бд 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгийн торгох ял шийтгэсүгэй.

3 Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Бд оногдуулсан торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг сануулсугай.

4. Шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд хөрөнгө битүүмжлээгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай. 

5. Хэрэгт хураагдан ирсэн BCD ангиллын жолоочийн №30221 үнэмлэхийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц шүүгдэгч Ц.Бд буцаан олгосугай.

6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ц.Бд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

7. Шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, тэдгээрийн өмгөөлөгч нар гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тус тус дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                             Б.ХАЛИУН