| Шүүх | Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Боролзойн Халиун |
| Хэргийн индекс | 186/2019/0650/Э |
| Дугаар | 661 |
| Огноо | 2019-08-26 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Г.Ууганбаатар |
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 08 сарын 26 өдөр
Дугаар 661
2019 08 26 2019/ШЦТ/661
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Халиун даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Энхгэрэл,
улсын яллагч Г.Ууганбаатар,
шүүгдэгч Б.Д /өмгөөлөгчгүй оролцох хүсэлт гаргасан/ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд хялбаршуулсан журмаар нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн Хүрэлийхэн овгийн Б.Дд холбогдох эрүүгийн 1911019490831 дугаартай хэргийг 2019 оны 08 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Хүрэлийхэн овгийн Б.Д, 1990 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр Өвөрхангай аймагт төрсөн, 28 настай эрэгтэй, дээд боловсролтой, архитектур мэргэжилтэй, Нэгүн пресс ХК-д үйлдвэрийн ажилтан ажилтай, ам бүл 7, эцэг, эх, ах, дүү нарын хамт Өвөрхангай аймгийн Хужирт сумын 4 дүгээр баг, шивээт 9-158 тоотод оршин суух хаягтай,
урьд Өвөрхангай аймаг дахь сум дундын 2 дугаар шүүхийн 2007 оны 8 дугаар сарын 30-ны өдрийн 47 дугаар шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.3 дахь хэсэгт зааснаар 5 жил 1 хоног хорих ял шийтгэж, шийтгэх тогтоол биелүүлэхийг 2 жилийн хугацаагаар хойшлуулсан, регистрийн дугаар
Холбогдсон хэргийн талаар /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/;
Шүүгдэгч Б.Д нь 2019 оны 07 дугаар сарын 20-ноос 21-нд шилжих шөнө Чингэлтэй дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэр Усан сангийн 7-13 тоотод “Чи бацаан том болсон байна” гэж хэлэн аяга шидэж Д.Ан биед “Хуйханд шарх, нүүр, дээд уруулд зулгаралт” бүхий гэмтэл учруулж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Б.Д нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Мөрдөн байцаалтын шатанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй...” гэв.
Мөн шүүх хуралдаанаар хавтаст хэргийн материалаас дараах бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх 4/,
Хохирогч Д.А нь мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “...Би 2019 оны 07 дугаар сарын 21-ний өдөр Очироо, Булгаа, Дэмбээ, Чимдээ Авираа нарын хамт Чингэлтэй дүүргийн 8 дугаар хороо, хаягийг нь мэдэхгүй байна, Чимдээгийн амьдардаг нийтийн байранд архи уусан. Тэгээд архи уугаад сууж байтал Дэмбээ намайг алгадахаар нь та яагаад байгаа юм гэсэн чинь чи муу бацаан гээд миний дээрээс дэвсээд өшиглөөд байсан. Тэгтэл Чимдээ бид 2-ыг салгасан боловч Дэмбээ над руу дайраад намайг дараад хоолой боохоор нь би нүүр рүү нь нэг удаа цохисон. Тэгээд хүмүүс бид хоёрыг салгасан чинь Дэмбээ аяга аваад миний орой хэсэг рүү цохиж толгой хагалсан. Тэгэхээр нь хүргэн ах руугаа залгаад ах намайг ирж аваад гэмтлийн эмнэлэг орж оёдол тавиулсан. Би Авираа гэдэг хүнтэй юм яриад сууж байтал намайг цохихоор нь би та зүгээр байгаарай гэсэн чинь чи бацаан том болсон байна гээд бид хоёр маргалдсан. ...Ямар нэгэн санал хүсэлт байхгүй...” гэх мэдүүлэг /хх 7/,
Гэрч С.Алтан-Очир нь мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “...Тухайн өдөр найз Дэмбэрэлийн түрээслэн амьдардаг нийтийн байранд Чимэд, Булганбаатар, Авирмэд, Дэмбэрэл бид 4 архи уугаад сууж байх үед Алтаншагай сүүлд ирээд хамт архи уусан. Тэгсэн Алтаншагай согтоод Авирмэдтэй муудалцаад байсан ба энэ үед Дэмбэрэл Алтаншагай миний дүү боль битгий хүнтэй маргалдаад бай гэхэд Алтаншагай түүн рүү салаавч гаргаад нулимаад байсан. Үүнээс болж Дэмбэрэл түүнтэй маргалдаж нүүр рүү нь 2-3 удаа цохихоор нь би дундуур нь орж салгасан. Тэгсэн Дэмбэрэл газар байсан аяга авч шидээд Алтаншагайн толгойг хагалчихсан юм...” гэх мэдүүлэг /хх 9/,
Гэрч Э.Булганбаатар нь мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “...Алтаншагай нэлээд согтчихоод бид нар руу салаавч өгөөд агсраад байсан. Тэр үед Дэмбэрэл чи гэр оронд битгий агсраад бай, аятайхан бай гэж хэлэхэд үгэнд нь орохгүй салаавч гаргаад хэл амаар доромжлоод байсан. Тэгээд хоорондоо нэг нэгнийгээ ганц хоёр цохисон. Бид нар дундуур нь орж салгасан ба Алтаншагай болихгүй урдаас нь дайраад байсан. Энэ үед Дэмбэрэл газар байсан тавгийг аваад Алтаншагай руу шидэхэд толгойг нь оноод хагалчихсан...” гэх мэдүүлэг /хх 10/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмчийн 2019 оны 7 дугаар сарын 21-ний өдрийн №8942 дугаар дүгнэлтэд: “...Д.Ад хуйханд шарх, нүүр, дээд уруулд зулгаралт тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн цохих, үрэх үйлчлэлээр үүсгэгдэнэ. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй” гэх дүгнэлт /хх 14/,
Шүүгдэгч Б.Д нь мөрдөн шалгах ажиллагааны үед яллагдагчаар мэдүүлэхдээ: “...Д.А архинаас хамт хувааж ууж байгаад Авирмэдтэй маргалдаад гэрт агсам тавиад орилоод байхаар нь би түүнд хандаж “ингэж болохгүй” гэхэд миний үгэнд орохгүй хүмүүсрүү салаавч гаргаад хэл амаар доромжилоод чанга, чанга хашиграад байхаар нь газар байсан хоолны жижиг аяга аваад түүнрүү шидхэд толгойн тус газар нь онож толгойн хагарсан. Тэгээд тогойноос нь цус гараад байхаар нь угаалгаад ахыг нь дуудаад гэмтлийн эмнэлэгрүү явуулсан...” гэх мэдүүлэг /хх 21/,
Шүүгдэгчийн урьд ял шийтгэгдэж байсан эсэхийг шалгах хуудас /хх 24/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх 22/, оршин суугаа газрын тодорхойлолт /хх 23/, Чингэлтэй дүүргийн прокурорын газрын хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх тухай 2019 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн 230 дугаар тогтоол /хх 40/, шүүгдэгч Б.Дийн гаргасан хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлт /хх 39/, хохирогч Д.Агийн гаргасан хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлт /хх 37/, хохирогч Д.Агийн эмчилгээнд зарцуулсан хохирлын баримт /хх 15/, шүүгдэгч Б.Дийн цалингийн тодорхойлолт /хх 30/, шүүгдэгч Б.Дд холбогдох шийтгэх тогтоолын хуулбар /26-29/ зэргийг шинжлэн судлалаа.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтууд нь хэргийг шийдвэрлэхэд хангалттай, хэргийн бүрдэл хангагдсан, шүүгдэгчийн үйлдэлд прокуророос зүйлчилсэн хуулийн зүйл хэсэг тохирсон байна гэж шүүх дүгнэлээ.
Шүүгдэгч Б.Д нь 2019 оны 07 дугаар сарын 20-ноос 21-нд шилжих шөнө Чингэлтэй дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэр Усан сангийн 7-13 тоотод “Чи бацаан том болсон байна” гэж хэлэн аяга шидэж Д.Ан биед “Хуйханд шарх, нүүр, дээд уруулд зулгаралт” бүхий гэмтэл учруулж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт үйлдсэн гэм буруутай болох нь мөрдөн шалгах ажиллагааны явцад хавтаст хэрэгт цуглуулж бэхжүүлэгдсэн хохирогч Д.Ан “...Дэмбээ над руу дайраад намайг дараад хоолой боохоор нь би нүүр рүү нь нэг удаа цохисон. Тэгээд хүмүүс бид хоёрыг салгасан чинь Дэмбээ аяга аваад миний орой хэсэг рүү цохиж толгой хагалсан...” гэх мэдүүлэг /хх 7/, гэрч С.Алтан-Очирын “...Дэмбэрэл газар байсан аяга авч шидээд Алтаншагайгийн толгойг хагалчихсан юм...” гэх мэдүүлэг /хх 9/, гэрч Э.Булганбаатарын “...Дэмбэрэл газар байсан тавгийг аваад Алтаншагай руу шидэхэд толгойг нь оноод хагалчихсан...” гэх мэдүүлэг /хх 10/, шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмчийн 2019 оны 7 дугаар сарын 21-ний өдрийн №8942 дугаар дүгнэлт /хх 14/, шүүгдэгч Б.Дийн “...Д.А архинаас хамт хувааж ууж байгаад Авирмэдтэй маргалдаад гэрт агсам тавиад орилоод байхаар нь би түүнд хандаж “ингэж болохгүй” гэхэд миний үгэнд орохгүй хүмүүсрүү салаавч гаргаад хэл амаар доромжилоод чанга, чанга хашиграад байхаар нь газар байсан хоолны жижиг аяга аваад түүнрүү шидхэд толгойн тус газар нь онож толгойн хагарсан...” гэх мэдүүлэг /хх 21/ зэрэг шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Хохирогч Д.А нь “...өөрт учирсан эмчилгээний зардал болох 200.000 төгрөгийг гаргуулан авсан, ямар нэгэн гомдол, санал, нэхэмжлэх зүйлгүй...” гэх тул шүүгдэгч Б.Дийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Иймд шүүх шүүгдэгч Б.Дийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 /дөрвөн зуун тавь/ нэгж буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгийн торгох ял оногдуулав.
Шүүгдэгч Б.Дд ял шийтгэхдээ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан торгох ял оногдуулах талаар улсын яллагчийн санал буюу түүнийг зөвшөөрч гарын үсэг зурсан шүүгдэгчийн байдал болон шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, түүний хувийн байдал зэргийг харгалзав.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Дд оногдуулсан торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг тайлбарлав.
Шүүгдэгч Б.Д нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд хөрөнгө битүүмжлээгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 17.5 дугаар зүйлийн 1, 8, 9 дэх хэсэг, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Хүрэлийхэн овгийн Б.Дийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Дд 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Д нь торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг сануулсугай.
4. Шүүгдэгч Б.Д нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд хөрөнгө битүүмжлээгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай.
5. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Дд хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.
6. Шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ХАЛИУН