Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 06 сарын 02 өдөр

Дугаар 210/МА2025/00954

 

  

*******ТӨХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

  Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Э.Энэбиш даргалж, шүүгч Ч.Цэнд, Д.Золзаяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн 192/ШШ2025/01240 дугаар шийдвэртэй

Нэхэмжлэгч *******ТӨХХК-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч *******ХХК-д холбогдох

Гэрээний үүрэгт 82,312,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Д.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, хариуцагчийн өмгөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Минжин нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга:

1.1.Хөдөө аж ахуйг дэмжих сан нь 2023 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн 269 дүгээр тогтоолоор татан буугдаж, хөрөнгө өр авлага *******ТӨХХК-д шилжсэн. *******ТӨХХК-ийн хэрэгжүүлсэн урт хугацааны таатай нөхцөлтэй зээлийн дэмжлэгт *******ХХК хамрагдсан бөгөөд өнөөг хүртэл зээлээ төлөөгүй. Үүнд:

2014 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн УШ-2014/48 дугаар 2014 оны уринш боловсруулалтад дизелийн түлш олгох зээлийн гэрээ-ээр 4,575,000 төгрөгийг 2014 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн дотор,

2016 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн ТШ-2016/80 дугаар 2016 оны хаврын тариалалтад дизелийн түлш олгох зээлийн гэрээ-ээр 5,280,000 төгрөгийг 2016 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн дотор,

2016 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн ХӨ-Үр-2016-156 дугаар 2016 оны хаврын тариалалтад шаардагдах үрийн буудайг зээлээр олгох гэрээ-ээр 44,010,000 төгрөгийг 2016 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн дотор,

2016 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн УХБ-ХӨ-2016/36 дугаар 2016 оны хаврын тариалалтад олгох ургамал хамгааллын бодисын дамжуулан зээлдүүлэх зээлийн гэрээ-ээр 1,010,000 төгрөгийг 2016 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн дотор тус тус төлөөгүй, эдгээр 4 гэрээний нийлбэр дүн 54,875,000 төгрөг.

1.2.Гэрээнд зааснаар алданги тооцвол үндсэн үнийн дүнгээс хэтэрч байх тул Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4 дэх хэсэгт заасныг баримтлан анзыг 50 хувиар тооцоход 27,437,500 төгрөг, нийт 82,312,000 төгрөгийг нэхэмжилж байна гэжээ.

 

2.Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга:

2.1.Эдгээр 4 гэрээ байгуулсан нь үнэн боловч үнийн дүн зөрж байна.

2014 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн УШ-2014/48 дугаар гэрээгээр 4,575,000 төгрөгөөс урьдчилгаа 2,287,500 төгрөгийг төлж, үлдэгдэл 2,287,500 төгрөгийг 2014 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн дотор,

2016 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн ХӨ-Үр-2016-156 дугаар гэрээгээр 48,900,000 төгрөгөөс урьдчилгаа 4,890,000 төгрөгийг төлж, үлдэгдэл 44,010,000 төгрөгийг 2016 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн дотор,

2016 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн УХБ-ХӨ-2016/36 дугаар гэрээгээр 1,010,000 төгрөгөөс урьдчилгаа 303,000 төгрөгийг төлж, үлдэгдэл 707,000 төгрөгийг 2016 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн дотор,

2016 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн ТШ-2016/80 дугаар гэрээгээр 5,280,000 төгрөгөөс урьдчилгаа 2,850,000 төгрөгийг төлж, үлдэгдэл 2,430,000 төгрөгийг 2016 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн дотор төлөхөөр тус тус тохиролцсон.

2.2.Бид нэхэмжлэлийн шаардлагыг Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-д заасанчлан гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хугацаа нь дууссан гэж үзэж зөвшөөрөхгүй байна.

Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

3.Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:

Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1, 82 дугаар зүйлийн 82.1-т заасныг хариуцагч *******ХХК-аас 82,312,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч *******ТӨХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т тус тус зааснаар нэхэмжлэгчээс 569,510 төгрөгийг гаргуулан улсын төсөвт оруулж шийдвэрлэжээ.

 

4.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдол, тайлбарын агуулга:

4.1.Шүүх нэхэмжлэгчийн үндсэн эрхээ хэрэгжүүлэх боломжийг олгоогүй, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2 дахь хэсэгт заасан эрхийг эдлүүлээгүй. Уг эрхийн хүрээнд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаан болсон өдөр нэхэмжлэгчийн шаардлага нэмэгдүүлэх хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн ба уг эрхээ хэрэгжүүлэх үүднээс шүүх хуралдааныг нэг удаа хойшлуулах хүсэлтийг шүүхэд гаргасан. Хүсэлтийг шүүх хуралдааны үеэр хуралдаан даргалагч талуудаас шүүхэд гаргах аливаа хүсэлт байгаа эсэхийг асуух үед гаргасан боловч хуралдаан даргалагчийн зүгээс хүсэлтийг бичгийн хэлбэрээр гаргаагүй гэх үндэслэлээр хангахгүй орхисон. Нэхэмжлэгчийн зүгээс мэтгэлцэх эрхээ бүрэн хэрэгжүүлэх, маргааныг нэг мөр шийдвэрлэх зорилгоор нэхэмжлэлийн шаардлагыг нэмэгдүүлэх шаардлагатай байгааг тайлбарлан хэргийн оролцогчийн үндсэн эрхийг хэрэгжүүлэх боломж олгож нэг удаа хуралдааны товыг хойшлуулах хүсэлтийг гаргасан. Хүсэлтийг заавал бичгийн хэлбэрээр гаргах зохицуулалт байхгүй, мөн нэхэмжлэгчийн зүгээс гаргасан хүсэлтээр дэмжиж тухайн үед нь бичгийн хэлбэрт буулган өгөх боломжтой байсан. Гэсэн хэдий ч шүүх уг боломжийг олголгүй, хүсэлтийг хүлээн авахаас татгалзсан нь хэргийн оролцогчийн үндсэн эрхийг эдлүүлээгүй төдийгүй хэргийг тал бүрээс нь, бүрэн бодитой шийдвэрлэх үүргээ хэрэгжүүлээгүй гэж үзэх үндэслэлтэй байна.

4.2.Мөн шүүх хэрэглэвэл зохих хуулийн зохицуулалтыг хэрэглээгүй. Учир нь маргаан бүхий харилцаанд шүүх Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-т заасан гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа хамаарна гэж дүгнэсэн. Гэтэл талуудын хооронд байгуулагдсан зээлийн гэрээний 1.5-д "Барьцаалуулагч нь зээлээр авсан дизель түлшний гэрээний гүйцэтгэлийн баталгаанд өөрийн эзэмшлийн 104.1 га *******нэгж талбарын дугаартай газрын газар эзэмших эрхийг барьцаа болгов. Барьцаалуулагч нь гэрээний гүйцэтгэлийн баталгаанд барьцаа болгож тавьсан үл хөдлөх болон хөдлөх эд хөрөнгийг бусдад худалдах, барьцаалах, бэлэглэх болон шилжүүлэхийг хориглоно. Зээлдэгч нь барьцааны гэзрыг барьцаалсан тэмдэглэгээг Газрын тухай хуульд зааснаар тухайн сум орон нутгийн газрын даамлаар хийлгүүлсэн байна гэж заасан. Үүнээс харахад талуудын хооронд зөвхөн зээлийн гэрээний дагуу төлбөр төлөхтэй холбоотой харилцаа бус үл хөдлөх эд хөрөнгийн барьцаатай холбоотой харилцаа үүссэн гэж үзэх үндэслэлтэй. Иймд уг харилцаанд Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.2-т заасан үл хөдлөх эд хөрөнгөтэй холбоотой гэрээний үүрэгт шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацааг хэрэглэх боломжтой байсан.

4.3.Түүнчлэн шүүх хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн. Талуудын хооронд байгуулагдсан зээлийн гэрээний 1.6-д "Энэхүү гэрээ нь зээлийг бүрэн төлж, тооцоо нийлж, гэрээ дүгнэснээр дуусгавар болно" гэж заасан. Үүнээс харахад талууд зээлийн гэрээг хугацаагүйгээр байгуулсан байх бөгөөд үүрэг заавал биелэгдэх шинжийн хүрээнд зээлийг бүрэн төлж, тооцоо нийлснээр гэрээ дуусгавар болно. 2016 оноос хойш нэхэмжлэгч байгууллагын хуулийн мэргэжилтнүүд жил бүр "Саран-Арвай" ХХК-ийн гүйцэтгэх захиралтай уулзаж, тооцоо нийлэх гэхээр "цаг агаарын нөхцөл байдлын улмаас алдагдалд орсон, төлөх боломжгүй" гээд тооцоо нийлэхгүй, төлөхгүй байсан учраас 2024 онд шүүхэд нэхэмжлэл гаргасан.

Нэхэмжлэгч байгууллагын хувьд хөдөө аж ахуйн салбарт үйл ажиллагаа эрхлэгч байгууллага, иргэдэд зээл олгодог бөгөөд тухайн бизнесийн онцлог нь цаг агаарын байдал ихээр нөлөөлдөг буюу байгалийн давагдашгүй хүчин зүйлийн нөлөөлөлд автах эрсдэл өндөр байдаг. Түүнчлэн 2019 оноос хойш 2022 оныг дуустал хугацаанд дэлхий нийтийг хамарсан Ковид-19 цар тахлын улмаас зээлдэгч байгууллагууд үүргээ гүйцэтгэх боломжгүй болсон тул уг хугацаагаар үүрэг гүйцэтгэх нэмэлт хугацаа олгосон. Энэ байдлаар хариуцагч байгууллагыг дэмжиж, үйл ажиллагааг тасалдуулахгүйн тулд удаа дараа үүрэг гүйцэтгэх нэмэлт хугацаа тогтоосон бөгөөд хариуцагч байгууллагын хувьд хөдөө орон нутагт үйл ажиллагаа эрхэлдэг тул аливаа харилцаа бичгийн хэлбэрээр бус аман байдлаар явж ирснийг өөртөө давуу байдал болгон ашиглаж, үүргээ гүйцэтгэхээс зайлсхийж байгаа нь шударга ёсны зарчимд нийцэхгүй байна. Хариуцагч компанийн хариуцлагагүй үйлдэл, эс үйлдлээс шалтгаалж улсын төсөвт хохирол учирч байгаа бөгөөд татвар төлөгч нарын хүч хөдөлмөрийг үнэгүйдүүлсэн үйлдэл болж байна.

Дээрх нөхцөл байдлуудыг харгалзан шүүхийн зүгээс Иргэний хуулийн 82 дугаар зүйлийн 82.4 дэх хэсэгт "Шүүх, арбитр хөөн хэлэлцэх хугацаа өнгөрснийг хүндэтгэн үзэх шалтгаантай гэж үзвэл уг хугацааг сэргээж, зөрчигдсөн эрхийг хамгаалж болно" гэж заасныг баримтлан шударга ёсны зарчим, үүрэг заавал биелэгдэх зарчмын хүрээнд хөөн хэлэлцэх хугацааг сэргээх бүрэн эрхтэй. Гэтэл зөвхөн нэг талын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг давууд үзэж, хэргийн нөхцөл байдал, үүссэн болон үүсэж болох үр дагаврыг үл харгалзан гагцхүү хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байгаа гэсэн шаардлагыг хангаагүй гэж үзэх үндэслэлтэй байна.

Иймд дээрх нөхцөл байдлуудыг харгалзан үзэж анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.

 

5.Давж заалдах гомдолд хариуцагчийн өмгөөлөгчийн гаргасан тайлбарын агуулга:

5.1.Анхан шатны шүүхэд тус хэрэг шийдвэрлэгдсэнээс хойш *******ХХК-ийн хувьцаа эзэмшигч солигдсон. *******хувьцаа шилжүүлж авсан хүн нь шүүхэд хэрэг, маргаан үүссэн тухай мэдээгүй. 2025 оны 05 дугаар сард давж заалдах гомдол гаргасан тухай мэдсэн тул миний бие шинэ хувьцаа эзэмшигчийг төлөөлж уг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцож байна. Компанийн хувьцаа эзэмшигч солигдсонтой холбоотой талуудын хооронд үүссэн маргааны тухай нарийн мэдэхгүй, хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд ойлголт авсан.

5.2.Нотлох баримтаас үзэхэд талуудын хооронд 2014 онд 1 гэрээ, 2016 онд 3 гэрээ Иргэний хуулийн 262, 263, 264 дүгээр зүйлд тус тус зааснаар зээлээр худалдах-худалдан авах гэрээ байгуулагдсан байна. Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.4 дэх хэсэгт Мөнгө буюу эд хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээг байгуулсанд тооцно гэж заасан. Өөрөөр хэлбэл зээлээр олгосон бараа бүтээгдэхүүнийг *******ХХК-д хүлээлгэж өгсөн баримт хэрэгт нотлох баримтаар авагдаагүй, бараа бүтээгдэхүүнийг хүлээж авсан эсэх тухай мэдэхгүй байна. 2016 оны 11 дүгээр сарын 30, 2016 оны 11 дүгээр сарын 25, 2014 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр гэж гэрээний үүрэг гүйцэтгэх хугацааг тодорхойлсон байх бөгөөд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч гэрээг хугацаагүй байгуулсан гэж тайлбарласан нь үндэслэлгүй байна. Жишээ нь 2016 оны 05 дугаар сарын 21-ний өдөр байгуулсан үрийн будаа зээлээр олгох гэрээний 1.3-т 2016 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр эргэн төлөлт хийнэ гэж заасан байна. Гэрээний үүргийг биелүүлээгүй тохиолдолд эргэн төлөлт хийгдэх хугацаанаас эхлэн хөөн хэлэлцэх хугацааг тоолж эхэлнэ. Талуудын хооронд үүссэн маргаан нь Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-т заасан ердийн гэрээний хөөн хэлэлцэх хугацаанд хамаарч байгаа.

5.3.Барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулна гэж нэхэмжлэгч дурдсан. Барьцаа хөрөнгө нь эзэмших эрхтэй газар байдаг ч үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээгүй тул үл хөдлөх эд хөрөнгө гэж үзэхгүй. Хөөн хэлэлцэх хугацаа нь 2016 оны 11 дүгээр сараас эхэлсэн тул 2019 оны 11 дүгээр сард дууссан. Хөөн хэлэлцэх 3 жилийн хугацаанд гэрээний үүргийг биелүүлэхийг шаардсан зүйл байхгүй бөгөөд тус баримт хэрэгт авагдаагүй. Нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй байх тул шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

1.Давж заалдах шатны шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзээд, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулав.

 

2.Нэхэмжлэгч *******ТӨХХК нь хариуцагч *******ХХК-д холбогдуулан гэрээний үүрэгт үндсэн төлбөр 54,875,000 төгрөг, алданги 27,437,500 төгрөг, нийт 82,312,500 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

3.Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 16 дугаар тогтоолоор Тариалан эрхлэлтийг дэмжих сангийн хөрөнгө, өглөг, авлагыг Хөдөө аж ахуйг дэмжих сангийн Ажлын албанд шилжүүлсэн, мөн 2023 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн 269 дүгээр тогтоолоор Хөдөө аж ахуйг дэмжих сангийн Ажлын албыг татан буулгаж, түүний хөрөнгө, өр төлбөр, авлагыг *******ТӨХХК-д шилжүүлсэн бөгөөд *******ТӨХХК нь Тариалан эрхлэлтийг дэмжих сангийн байгуулсан гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргасан байна.

 

4.Талуудын хооронд дор дурдсан 4 гэрээ байгуулагджээ. Үүнд:

- 2014 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн УШ-2014/48 дугаар 2014 оны уринш боловсруулалтад дизелийн түлш олгох зээлийн гэрээ-ээр нэхэмжлэгч нь 4,575,000 төгрөгийн түлш олгох, хариуцагч нь урьдчилгаа 2,287,500 төгрөгийг төлсөн, үлдэгдэл 2,287,500 төгрөгийг 2014 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн дотор төлөх,

- 2016 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн ТШ-2016/80 дугаар 2016 оны хаврын тариалалтад дизелийн түлш олгох зээлийн гэрээ-ээр нэхэмжлэгч нь 5,280,000 төгрөгийн түлш олгох, хариуцагч нь урьдчилгаа 2,850,000 төгрөгийг төлсөн, үлдэгдэл 2,430,000 төгрөгийг 2016 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн дотор төлөх,

- 2016 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн ХӨ-Үр-2016-156 дугаар 2016 оны хаврын тариалалтад шаардагдах үрийн буудайг зээлээр олгох гэрээ-ээр нэхэмжлэгч нь 48,900,000 төгрөгийн буудай олгох, хариуцагч нь урьдчилгаа 4,890,000 төгрөгийг төлсөн, үлдэгдэл 44,010,000 төгрөгийг 2016 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн дотор төлөх,

- 2016 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн УХБ-ХӨ-2016/36 дугаар 2016 оны хаврын тариалалтад олгох ургамал хамгааллын бодисын дамжуулан зээлдүүлэх зээлийн гэрээ-ээр нэхэмжлэгч нь 1,010,000 төгрөгийн ургамал хамгааллын бодис олгох, хариуцагч нь урьдчилгаа 303,000 төгрөгийг төлсөн, үлдэгдэл 707,000 төгрөгийг 2016 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн дотор төлөх нөхцөлийг тус тус харилцан тохиролцжээ.

Анхан шатны шүүх талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсаныг зөв дүгнэсэн, эдгээр гэрээ хүчин төгөлдөр байна.

 

5.Гэрээний дагуу нэхэмжлэгч нь түлш, үрийн буудай, ургамал хамгааллын бодис тус тус хариуцагчид нийлүүлэх үүргээ биелүүлсэн, хариуцагч нь урьдчилгаа төлбөрийг зохих хэмжээгээр төлсөн болох нь талуудын тайлбараар тогтоогдсон, энэ талаар зохигч маргаагүй.

 6.Дээрх гэрээнүүдтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн эсэх нь талуудын маргааны зүйл болжээ.

Талууд УШ-2014/48, ТШ-2016/80, ХӨ-Үр-2016-156 дугаар гэрээнүүдийн 1.3 болон УХБ-ХӨ-2016/36 дугаар гэрээний 1.2-т тус тус тухайн жилийн 11 дүгээр сарын 25, 30-ны өдрийн дотор үлдэгдэл төлбөрийг төлөхөөр харилцан тохиролцсон байх ба уг хугацааг үүрэг гүйцэтгэх хугацаа гэж үзнэ.

Харин УШ-2014/48, УХБ-ХӨ-2016/36 дугаар гэрээнүүдийн 1.6, ТШ-2016/80, ХӨ-Үр-2016-156 дугаар гэрээнүүдийн 1.7-д Энэхүү гэрээ нь зээлийг бүрэн төлж, тооцоо нийлж, гэрээ дүгнэснээр дуусгавар болно гэж зааснаас үзвэл, гэрээний ерөнхий хугацааг төлбөрийг бүрэн төлж дуусах хүртэл гэх үйл явдлаар тодорхойлсон байна.

Хариуцагч нь гэрээтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэж, нэхэмжлэгч нь гэрээг хугацаагүй байгуулсан, хөөн хэлэлцэх хугацаа хэтрээгүй гэж тус тус маргаж буй нөхцөлд анхан шатны шүүх гэрээний ерөнхий хугацааг тогтоосон дээрх нөхцөлийг анхаарч, дүгнэх шаардлагатай байжээ.

Иймээс талуудын байгуулсан худалдах, худалдан авах гэрээний үүрэгтэй холбоотой нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацааг өнгөрөөгүй гэж үзнэ.

 

7.Анхан шатны шүүх дээрх 4 гэрээгээр хариуцагчийн хүлээх үүргийн хэмжээг нийт 49,434,500 төгрөг гэж тооцсон нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасанд нийцсэн. Нэхэмжлэгч нэхэмжлэлдээ гэрээнд заасан урьдчилгаа төлбөрийг буруу тооцоолж, үлдэгдэл төлбөрийг 54,875,000 төгрөг гэж алдаатай тодорхойлсон байна.

 

8.Мөн хариуцагч нь гэрээнд заасан хугацаанд үүргээ гүйцэтгээгүй тохиолдолд гүйцэтгээгүй үүргийн дүнгээс хугацаа хэтэрсэн хоног тутамд 0.3 хувийн алдангийг нэхэмжлэгчид төлөхөөр тохиролцсон нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт заасанд нийцсэн ба анзын нийт дүн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч болохгүй гэж мөн хуулийн 232.4 дэх хэсэгт заасан тул алдангийг энэ хэмжээнд хязгаарлах нь зүйтэй.

 

9.Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулсан байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлэх эрхтэй боловч 2025 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн шүүх хуралдаанд нэмэгдүүлсэн шаардлагаа гаргаагүй байна. Тодруулбал, нэхэмжлэгч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэлийг бичгээр гаргаж, мөн хуулийн 62 дугаар зүйлийн 62.1 дэх хэсэгт заасан бүрдүүлбэрийг хангаснаар шүүх хүлээн авах нөхцөл бүрдэх бөгөөд тухайн шүүх хуралдаанаас өмнө нэмэгдүүлсэн шаардлагаа гаргаагүй нь хүндэтгэн үзэх шалтгаантай гэх баримтгүй тул шүүх уг асуудлаар гаргасан хүсэлтийг хангахаас татгалзсан нь мөн хуулийн 105 дугаар зүйлийн 105.1 дэх хэсэгт заасныг зөрчөөгүй. Иймээс хэргийн оролцогчийн эрхийг эдлүүлээгүй гэх давж заалдах гомдол үндэслэлгүй.

 

10.Дээрх үндэслэлээр хариуцагчаас гэрээний үлдэгдэл төлбөр 49,434,500 төгрөг, алданги 24,717,250 төгрөг, нийт 74,151,750 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах үндэслэлтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Нэхэмжлэгч нь давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөөгүй, тэрээр төсвийн байгууллагад хамаарах хуулийн этгээд биш хэдий ч зохигчийн давж заалдах гомдол хангагдсан тохиолдолд улсын тэмдэгтийн хураамжийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар буцаан олгох тул нөхөн төлүүлэх шаардлагагүй болно.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн 192/ШШ2025/01240 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн

1 дэх заалтыг Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт зааснаар хариуцагч *******ХХК-аас 74,151,750 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч *******ТӨХХК-д олгож, нэхэмжлэлээс 8,160,250 төгрөгт холбогдох шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай гэж,

2 дахь заалтад ...569,510 төгрөгийг гэснийг 292,266.75 төгрөгийг, хариуцагчаас 528,708.75 төгрөгийг тус тус гаргуулан гэж өөрчилж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.

 

2.Нэхэмжлэгч *******ТӨХХК давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөөгүйг дурдсугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ  Э.ЭНЭБИШ

 

  

ШҮҮГЧИД  Ч.ЦЭНД

 

 

Д.ЗОЛЗАЯА