| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дашдорж Золзаяа |
| Хэргийн индекс | 101/2023/03471/И |
| Дугаар | 210/МА2025/00955 |
| Огноо | 2025-06-02 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 06 сарын 02 өдөр
Дугаар 210/МА2025/00955
*******, *******нарын нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ч.Цэнд даргалж, шүүгч Д.Нямбазар, Д.Золзаяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн 191/ШШ2025/02148 дугаар шийдвэртэй
Нэхэмжлэгч *******, *******нарын нэхэмжлэлтэй
Хариуцагч *******ХХК, *******нарт холбогдох
Орон сууц захиалан бариулах гэрээний дагуу орон сууц хүлээлгэн өгөхийг даалгах, алданги 10,131,750 төгрөг, орон сууц хөлсөлсний төлбөр 15,750,000 төгрөг, нийт 25,981,750 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Д.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч нарын нэхэмжлэл, тайлбарын агуулга:
1.1.*******, эхнэр *******нар нь 2018 онд *******ХХК-ийн барьж байгаа Баянзүрх дүүргийн 16 дугаар хороонд байрлах ******* хотхон А блок ******* дугаар байр ****** дүгээр орцонд байрлах, 75.05 м.кв талбайтай, 3 өрөө орон сууцыг нэг м.кв талбайг 1,350,000 төгрөгөөр нийт 101,317,500 төгрөгөөр авахаар Орон сууц захиалгын гэрээ байгуулсан. Гэрээ байгуулсан даруйдаа гэрээнд заасан ************** тоот дансанд 2018 оны 12 дугаар сарын 31-ний өдөр 5,000,000 төгрөг, 2019 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр 14,521,000 төгрөг, нийт 19,521,000 төгрөгийн урьдчилгааг төлсөн. Гэрээнд зааснаар орон сууцыг 2019 оны 4 дүгээр улиралд ашиглалтад оруулах байсан боловч гэрээг тухай бүр сунгасаар ирсэн.
Сүүлд 2020 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн *******/7Ө тоот гэрээ байгуулж, хугацааг 2020 оны 3 дугаар улиралд оруулахаар сунгасан. *******данснаас *******ХХК-ийн ******* тоот данс руу 2021 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр 10,000,000 төгрөг, 2021 оны 10 дугаар сарын 24-ний өдөр 875,000 төгрөгийг тус тус шилжүүлсэн.
Нэхэмжлэгч нь гэрээний 2.2-т зааснаар урьдчилгаа төлбөр 19,521,000 төгрөгийг төлж, үлдэгдэл төлбөр 81,796,500 төгрөгийг байр ашиглалтад орсноор төлөхөөр тохиролцсон боловч хариуцагч нь байрыг ашиглалтад оруулж хүлээлгэж өгөөгүй, үлдэгдэл төлбөрөө төлөөд орохоо удаа дараа илэрхийлсэн боловч хүлээж аваагүй.
Иймээс *******, *******нар нь *******ХХК-д холбогдуулан гэрээний дагуу орон сууцыг нэхэмжлэгч нарын ашиглалтад хүлээлгэн өгөхийг даалгах нэхэмжлэл гаргаж байна. Тус орон сууцны улсын бүртгэлд бүртгэгдсэн албан ёсны хаяг нь Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг 40 дугаар хороо, ****** дугаар хороолол, ****** дугаар байр, ******* тоот болсон байна.
Нэхэмжлэлийн шаардлагад дурдагдсан орон сууц нь 2021 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 134/76-108 дугаартай орон сууц захиалан бариулах тухай шинэчилсэн гэрээний дагуу *******шилжүүлсэн болж, 2024 оны 03 дугаар сарын 05-ны өдөр Ү-******* улсын бүртгэлийн дугаартай өмчлөх эрхийн гэрчилгээ гарсан байна. Тус шүүхэд иргэний хэрэг маргаан үүсэж хянагдаж байх үед хамтран хариуцагч дээр гэрчилгээг гаргасан нь Иргэний хуулийг зөрчиж байгуулсан хүчин төгөлдөр бус хэлцэл, хууль зөрчиж хийсэн хэлцэл, эсхүл дүр үзүүлэн хийсэн хэлцэл гэж үзэж болохоор байх тул маргаан бүхий орон сууцны өмчлөл, эзэмшлийг хамтран хариуцагчаас гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн.
1.2.Гэрээний 6.3-т гүйцэтгэгч нь ашиглалтад оруулах гэрээнд заасан хугацаанаас 45 хоногоос дээш хугацаагаар хэтрүүлсэн тохиолдолд хугацаа хэтэрсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн ажлын гүйцэтгэлийн 0.7 хувьтай тэнцэх хэмжээний алдангийг захиалагчид төлнө, 6.4-т алдангийн дээд хэмжээ гэрээний үнийн дүнгийн 10 хувиас хэтрэхгүй байна гэж заасан тул алдангийн хэмжээг гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгээс тооцож 10,131,750 төгрөг нэхэмжилсэн. Бодит байдал дээр алдангийг сүүлд байгуулсан гэрээнээс тооцвол 101,317,500*0.7%*872хоног=618,442,020 төгрөг боловч гэрээнд 10 хувиас хэтрэхгүй гэсний дагуу хасаж тооцож нэхэмжилсэн.
1.3.Бид гэрээг тухай бүр сунгаж, байр ашиглалтад орохыг хүлээсэн 3 жил гаруй хугацаанд байр түрээсэлж амьдарсан бөгөөд сүүлийн гэрээ хийсэн 2020 оны 05 дугаар сарын 30-ны өдрөөс хойш 2024 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн байдлаар түрээсийн төлбөрт 15,750,000 төгрөг төлсөн нь Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1 дэх хэсэгт заасны дагуу үүрэг гүйцэтгэгч үүргээ хугацаандаа гүйцэтгээгүйн улмаас учирсан хохирол болно. Нэхэмжлэгч нь 2022 оны 07 дугаар сарын 16-ны өдрөөс эхлэн Баянзүрх дүүрэг, 4 дүгээр хороо, ******* байр, ******* тоот орон сууцыг сарын 500,000 төгрөгөөр хөлсөлж байна гэжээ.
2.Хариуцагч *******ХХК-ийн татгалзал, тайлбарын агуулга:
2.1.2020 оны 05 дугаар сарын 30-ны өдөр *******гэрээ байгуулсан байтал *******нь хамтран нэхэмжлэгчээр оролцож байгаа нь ойлгомжгүй. ******* нь анх 2018 оны 12 дугаар сарын 31-ний өдөр Орон сууц захиалан бариулах тухай гэрээг байгуулан компанид 5,000,000 төгрөг шилжүүлсэн. Гэрээг шинэчилж байгуулсан шалтгаан нь *******аас урьдчилгаа мөнгөө өгөлгүй удааснаас болсон бөгөөд манай компанийн зүгээс удаа дараа шаардлага тавьдаг байсан. Гэрээний 3.8-д Захиалагч энэхүү гэрээний 2.2-д заасан аль нэг төлбөр төлөх хугацааг 3 хоногоос дээш хугацаагаар хожимдуулсан тохиолдолд Гүйцэтгэгч нь энэ талаар 1 удаа сануулах ба сануулгыг утас, гар утасны мессеж, мэйлийн аль нэгээр мэдэгдсэнээс хойш төлбөрөө 3 хоногийн дотор төлөөгүй нөхцөлд гүйцэтгэгч нь захиалагчийг гэрээний үүргээ биелүүлээгүй гэж үзэж гэрээг дангаар цуцлах эрхтэй гэж заасан бөгөөд ******* нь урьдчилгаа төлбөрөө бүрэн гүйцэд өгөхгүй 1 жил хоцроосон. Ийнхүү нэхэмжлэгч нь өөрөө Дархан руу шилжсэн, ипотекийн зээл гарахгүй байна гэх шалтгаанаар гэрээг цуцлах асуудал ярьж байсан.
Нэхэмжлэгч нь Орон сууц захиалан бариулах тухай гэрээ байгуулсны дараа бусад этгээдэд үл хөдлөх хөрөнгө зуучлалын компаниар дамжуулан 1 м.кв-ыг 2,000,000 төгрөгөөр худалдахаар зарын сайтуудад зар тавьсан байсан. *******т гэрээний үлдэгдэл төлбөрөө хийх тухай шаардлага, гэрээнээс татгалзсан талаар удаа дараа мэдэгдсэн. Гэрээний 3.10-д Орон сууцны төлбөр бүрэн төлөгдөх хүртэл орон сууцны хууль ёсны өмчлөгч нь *******ХХК байна гэж заасан. Мөн Иргэний хуулийн 112 дугаар зүйлийн 112.1 дэх хэсэгт зааснаар орон сууцны урьдчилгаа 30 хувийг төлснөөр өмчлөх эрх шилжихгүй бөгөөд захиалагч нь бусад этгээдэд худалдан борлуулах эрхгүй. Тиймээс гэрээг ноцтой зөрчсөн учир Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1 дэх хэсэгт зааснаар гэрээнээс татгалзаж, дараагийн худалдан авагчид худалдсан болно.
2.2.Нэхэмжлэгч нь хариуцагчийн гэрээний үүргээ биелүүлээгүй хугацаанд учирсан хохирол гаргуулахаар шаардсаныг хүлээн зөвшөөрөхгүй. Учир нь хавсаргаж ирүүлсэн 2024 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн Орон сууц хөлслөх гэрээг Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.3, 318.4 дэх хэсэгт заасны дагуу улсын бүртгэлд бүртгэгдээгүй байх тул хүчин төгөлдөр бус гэж үзэхээр байна. Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1 дэх хэсэгт заасны дагуу гэрээнээс татгалзсан тохиолдолд хохирлыг шаардах эрхтэй. Гэтэл нэхэмжлэгч орон сууцыг нэхэмжлэгч нарын ашиглалтад шилжүүлэхийг даалгах шаардлага гаргасан атлаа давхар хохирлыг нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй гэжээ.
3.Хариуцагч *******татгалзал, тайлбарын агуулга:
Миний бие 2021 оны 10 дугаар сарын үед фэйсбүүкээр Баянзүрх дүүргийн 40 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Шинэ ****** дугаар хотхонд байр зарна гэсэн зарын дагуу *******ХХК-ийн нягтлан, захирал *******гэх хүнтэй уулзсан, байртай танилцсан. Ингээд бид тухайн байрыг худалдан авахаар шийдэж өөрсдийн амьдарч байсан байрыг 75,000,000 төгрөгөөр зарж, 2021 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр урьдчилгаа 80,000,000 төгрөг төлж, компанитай барилга захиалгын гэрээ байгуулсан. Гэрээнд байрыг 127,077,660 төгрөгөөр худалдан авахаар тохирсон, төлбөрийн хуваарийн дагуу 2021 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр 20,000,000 төгрөг төлсөн, 2022 оны 03 дугаар сарын 12-ны өдөр буюу түлхүүр гардаж авч, байрандаа орж, хүлээн авах өдөр 27,077,660 төгрөг төлсөн.
Байрандаа орсны дараа материал бүрдүүлж ордер авах хүсэлтээ гаргасан боловч тус компанийн захирал *******Ордероо авахын тулд төлсөн мөнгөн дүнгийнхээ 10 хувийг нэмж төлж авах шаардлагатай байна, компани банкинд өртэй байгаа тул танай байр барьцаанд орох гээд байна гэсний дагуу бид 2024 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр 12,707,660 төгрөгийг төлж ордероо 2024 оны 03 дугаар сарын 05-ны өдөр гаргуулж авсан. Баянзүрх дүүрэг, 40 дугаар хороо, ****** дугаар хороолол, Дандарбаатарын гудамж ******* дугаар байр, ******* тоот байр нь миний өмчлөлийнх болсон. Үүнээс хойш би гэр бүлийн хамт амьдарч байгаа бөгөөд өмчлөлтэй холбоотой ямар нэгэн гомдол санал бидэнд гаргаж байгаагүй. *******ХХК-ийн зүгээс бидэнд өөр этгээдтэй гэрээ байгуулсан тухай болон тус байр нь маргаантай байгаа талаар огт мэдэгдэж байгаагүй.
Иймд нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
4.Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:
Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 355 дугаар зүйлийн 355.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч *******ХХК, *******нарт холбогдох орон сууц захиалан бариулах 2020 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн *******/7Ө тоот гэрээний дагуу орон сууц хүлээлгэн өгөхийг даалгах, гэрээний үлдэгдэл төлбөрөөс алданги 10,131,750 төгрөг болон гүйцэтгэгчийн үүргээ гүйцэтгээгүй хугацаан дахь захиалагчийн орон сууц түрээсэлсэн түрээсийн төлбөрт нийт 25,981,750 төгрөг гаргуулах нэхэмжлэгч *******, *******нарын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.2 дахь хэсэгт зааснаар тус шүүхийн шүүгчийн 2024 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 101/ШЗ2024/02058, 2024 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 101/ШЗ2024/11818 захирамжаар авсан арга хэмжээ нь энэ хуулийн 120.2-т заасан хугацаа өнгөртөл буюу давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргасан бол түүнийг шийдвэрлэх хүртэлх хугацаанд хэвээр байхыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 916,647 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.
5.Нэхэмжлэгч *******ын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын агуулга:
5.1.Анхан шатны шүүх талуудын хооронд байгуулсан гэрээ хүчин төгөлдөр бус хариуцагчийн гэрээг цуцалсан нь үндэслэлтэй байна гэж дүгнэсэнд үнэхээр гомдолтой байна. Монгол улсын шүүх байгууллага хүний эрх, эрх чөлөөг хамгаалах, зөрчигдсөн эрхийг сэргээн эдлүүлэх, шударга ёсыг бэхжүүлэх эрхэм зорилготой. Гэтэл маргаан бүхий орон сууц 2022 оны 04 дугаар сарын 22-ны өдрийн барилга байгууламжийг ашиглалтад оруулах комиссын дүгнэлт хавтас хэрэгт авагдаж талууд тус үйл баримтын талаар маргаагүй байхад орон сууц нь 2021 оны 11 дүгээр сард ашиглалт орсон гэх үндэслэлээр нэхэмжлэгч нь гэрээнд заасан үлдэгдэл төлбөр төлөх үүргээ биелүүлээгүй байна гэж дүгнэсэн нь илт алдаатай, хуульд нийцээгүй байна. Учир нь Барилгын тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1 Барилгын ажлын зөвшөөрөлд заасан нөхцөл, зураг төслийн дагуу гүйцэтгэснийг баталгаажуулан энэ хуулийн 35 дугаар зүйлд заасан эрх бүхий байгууллага барилга байгууламжийг ашиглалтад оруулна, 48.3 Гэрчилгээ олгогдоогүй, дуусаагүй барилга байгууламжид үйл ажиллагаа эрхлэхийг хориглоно, Монгол Улсын Засгийн газрын 2021 оны 212 дугаар тогтоолын хавсралтаар баталсан Барилга байгууламжийг ашиглалтад оруулах дүрмийн 10 дугаар зүйлийн 10.3 Ашигласан нь тогтоогдсон барилга байгууламжид комисс ажиллуулахыг хориглох бөгөөд энэ асуудлыг шүүхээр шийдвэрлүүлсний үндсэн дээр ашиглалтад оруулах комисс ажиллуулна гэж тус тус заасан.
Гэрээ хуульд нийцсэн буюу хуулийн дагуу байгуулагдах ёстой. Талуудын хооронд байгуулсан гэрээний үлдэгдэл төлбөр төлөх нөхцөл буюу байраа ашиглалтад орох гэдэг нөхцөл нь тус орон сууцыг улсын комиссын дүгнэлт гарсан байхыг ойлгоно. Анхан шатны шүүхийн үндэслэх хэсгийн 4.2 дахь хэсэгт орон сууц ашиглалтад орсон хугацааг 2022 оны 04 сард гэж үзэх ...., хариуцагч *******ХХК-ийн хувьд орон сууц 2022 оны 04 дүгээр сард ашиглалтад орохоос өмнө 2021 оны 11 дүгээр сард гэрээний үлдэгдэл төлбөр шаардсаныг буруутгах үндэслэлгүй... гэж дүгнэсэн нь ямар ч үндэслэлгүй байна. Учир нь *******ХХК нь үлдэгдэл төлбөр төлөхийг шаардах эрх нь байраа ашиглалтад орох үед үүсэх ёстой, гэтэл байр ашиглалтад ороогүй байхад төлбөр нэхэмжлэх ёсгүй буюу Иргэний хуулийн 208 дугаар зүйлийн 208.1, 208.4-т тус тус заасны дагуу хариуцагч нь үлдэгдэл төлбөрийг нэхэмжлэх эрхгүй. Нөгөө талаас, хариуцагч нь орон сууц ашиглалтад орсон тул үлдэгдэл төлбөр төлөх тухай мэдэгдлийг нэхэмжлэгчид мэдэгдээгүй. Нэхэмжлэгч нь харин улсын комисс ажилласан тухай мэдэж улсын комиссын акт гарсны дараа буюу 2022 оны 04 дүгээр сард очиж уулзахад танай байрыг өгөхгүй, өөр хүнд зарсан гэсэн тул эрх ашгаа хамгаалах зорилгоор 2022 оны 05 дугаар сард шүүхэд нэхэмжлэл гаргасан.
5.2. Хариуцагч *******ХХК болон *******нар 2021 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр байгуулсан гэрээний 1.4-т байрны хаяг дугаар /*******/-ыг бичсэн байдаг. Гэтэл хавтаст хэрэгт авагдсан Хот байгуулалт, хөгжлийн газрын тодорхойлолт 2022 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн 03/05/1899 дугаартай албан бичгээр маргаан бүхий орон сууцны хаяг дугаарыг олгосон байдаг. Улмаар *******ХХК болон *******нар 2021 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр гэрээ байгуулахад орон сууцны хаяг дугаарыг мэдэх боломжгүй. Мөн *******ХХК болон *******нарын байгуулсан гэрээний үнийн дүн 139,785,426 төгрөг байхад талуудын төлбөр төлж тооцоо нийлсэн актад 127,077,660 төгрөг байдаг. Гэтэл анхан шатны шүүх эдгээр үйл баримтад хууль зүйн дүгнэлт хийгээгүй.
5.3.Нэхэмжлэгч нараас гомдолтой байгаа дахин нэг зүйл бол тус хэрэг маргаан үүсээд ажиллагаа хийгдэж байх үед буюу 2024 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр тус орон сууцыг битүүмжлэх арга хэмжээ авах хүсэлтийг анхан шатны шүүхэд гаргасан боловч хүсэлтийг хүлээн аваагүй. Үүний дараа буюу 2024 оны 03 дугаар сарын 05-ны өдөр *******нэр дээр өмчлөх эрхийн гэрчилгээ гарсан.
5.4.Иймд *******ХХК болон *******нарын хооронд байгуулсан 2021 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 134/76-108 дугаартай гэрээ Иргэний хуулийг зөрчиж байгуулсан хүчин төгөлдөр бус хэлцэл байх тул маргаан бүхий орон сууцны өмчлөл, эзэмшлийг хамтран хариуцагчаас гаргуулж, *******ХХК-аас гэрээний үүргээ хугацаандаа гүйцэтгээгүй алданги 10,131,750 төгрөг, гэрээнд заасан үүргээ биелүүлээгүй улмаас үүссэн хохирол буюу нэхэмжлэгчийн түрээсийн зардал 15,750,000 төгрөг, нийт 25,981,750 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.
6.Давж заалдах гомдолд хариуцагч нараас тайлбар гаргаагүй болно.
ХЯНАВАЛ:
1.Давж заалдах шатны шүүх хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй бүхэлд нь хянан үзээд, гомдлын зарим хэсгийг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэв.
2.Нэхэмжлэгч *******, *******нар нь хариуцагч *******ХХК, *******нарт холбогдуулан Орон сууц захиалан бариулах гэрээний дагуу орон сууц хүлээлгэн өгөхийг даалгах, алданги 10,131,750 төгрөг болон орон сууц хөлсөлсний төлбөр 15,850,000 төгрөг, нийт 25,981,750 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч нар эс зөвшөөрч маргажээ.
Нэхэмжлэгч тал орон сууц хөлсөлсний төлбөрт анх 6,100,000 төгрөг гаргуулахаар шаардаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 9,750,000 төгрөгөөр нэмэгдүүлж нийт 15,850,000 төгрөг нэхэмжилсэн ба нэмэгдүүлсэн шаардлагад 15,750,000 төгрөг алдаатай тусгасныг залруулж дүгнэх нь зүйтэй.
3.******* болон *******ХХК-ийн хооронд 2020 оны 05 дугаар сарын 30-ны өдөр *******/7Ө дугаартай Орон сууц захиалан бариулах тухай гэрээ байгуулагдаж, уг гэрээгээр гүйцэтгэгч *******ХХК нь Баянзүрх дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах орон сууцны зориулалттай барилгын ******* дугаар байр, 1 дүгээр орц, ******* давхар, А блок, ******* тоот хаягтай, 75.05 м.кв талбайтай, 3 өрөө орон сууцыг барьж гүйцэтгэх, захиалагч ******* нь орон сууцны үнэд 1 м.кв 1,350,000 төгрөг нийт 101,317,500 төгрөгийг хуваарийн дагуу төлөхөөр харилцан тохиролцжээ.
Талууд дээрх гэрээнээс өмнө 2018 онд анх гэрээ байгуулсан боловч орон сууцыг гэрээнд заасан хугацаанд ашиглалтад оруулаагүйгээс гэрээг шинэчилж байгуулсан гэж нэхэмжлэгч тал тайлбарласан ба хэрэгт 2018 оны 12 дугаар сарын 31-ний өдөр 5,000,000 төгрөг, 2019 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр 14,521,000 төгрөг, нийт 19,521,000 төгрөгийг Хаан банк ХК дахь *******эзэмшлийн ******* тоот дансанд шилжүүлсэн төлбөрийн баримтууд авагдсан тул уг тайлбар үндэслэлтэй.
Түүнчлэн 2020 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн гэрээний дараа *******2021 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр 10,000,000 төгрөг, 2021 оны 10 дугаар сарын 24-ний өдөр 875,000 төгрөгийг *******ХХК-д шилжүүлсэн байна.
Талуудын хооронд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасан ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдсан, гэрээ хүчин төгөлдөр талаар анхан шатны шүүх зөв дүгнэсэн.
4.Нэхэмжлэгч *******, *******нар нь хариуцагч *******ХХК-д холбогдуулан Орон сууц захиалан бариулах гэрээний үүрэгт орон сууц хүлээлгэн өгөхийг шаардсан ба хариуцагч нь уг гэрээг цуцалсан гэж маргасан.
4.1.*******ХХК нь 2021 оны 11 дүгээр сарын 01, 16-ны өдрийн 22/51, 22/54 дугаар албан бичгүүдээр *******т үлдэгдэл төлбөр 70,921,500 төгрөгийг 2021 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн дотор төлөх хугацаа тогтоосон, уг хугацаанд үлдэгдэл төлбөрийг төлөөгүй учир гэрээг цуцалсан талаар нэхэмжлэгчид мэдэгдсэн гэж тайлбарласан нь Иргэний хуулийн 355 дугаар зүйлийн 355.1 дэх хэсэгт Гэрээний аль нэг тал үүргээ ноцтой зөрчсөн бол энэ хуулийн 225, 226 дугаар зүйлүүдэд заасан үндэслэл, журмын дагуу нөгөө тал гэрээг цуцалж, учирсан хохирлоо нөхөн төлүүлэхээр шаардах эрхтэй гэж заасанд нийцээгүй байна.
Учир нь талуудын байгуулсан 2020 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн гэрээнд урьдчилгаа 19.3 хувь буюу 19,521,000 төгрөг төлөгдсөн, 80.7 хувь буюу 81,796,500 төгрөгийг байр ашиглалтанд ороход төлөх нөхцөлийг тохиролцсон ба барилга байгууламжийг ашиглалтад оруулах комиссын дүгнэлт 2022 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр гарсан.
Иргэний хуулийн 208 дугаар зүйлийн 208.1, 208.4 дэх хэсэгт зааснаар үүргийг хууль буюу гэрээнд заасан хугацаанд гүйцэтгэх ба үүрэг гүйцэтгэх хугацааг гэрээгээр тогтоосон бол үүрэг гүйцэтгүүлэгч хугацаанаас өмнө үүргийн гүйцэтгэлийг шаардах эрхгүй.
Иймээс *******ХХК нь үлдэгдэл төлбөр 70,921,500 төгрөгийг 2021 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн дотор төлөхийг *******аас шаардсан, уг шаардлагыг биелүүлээгүй үндэслэлээр гэрээг цуцалсан нь дээрх хуулийн зохицуулалтад нийцээгүй.
4.2.*******ХХК нь *******2021 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр Орон сууц захиалан бариулах тухай шинэчилсэн гэрээ байгуулж, Баянзүрх дүүрэг, 16 дугаар хороонд байрлах, ******* хотхоны ******* дугаар байр, Б орц, ******* өрөө, ******* тоот хаягтай, 78.44 м.кв талбайтай орон сууцыг 139,785,426 төгрөгөөр *******шилжүүлэхээр тохиролцжээ.
Нэхэмжлэгч нар нь дээрх гэрээг хууль зөрчсөн, дүр үзүүлэн хийсэн хүчин төгөлдөр бус хэлцэл гэж маргаж байх боловч уг гэрээний дагуу *******нь 2021 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр урьдчилгаа 80,000,000 төгрөг, 2021 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр 20,000,000 төгрөг, 2022 оны 03 дугаар сарын 12-ны өдөр 27,077,660 төгрөг тус тус төлж, 2022 оны 03 дугаар сард орон сууцыг эзэмшилдээ авсан, улмаар 2024 оны 03 дугаар сарын 05-ны өдөр түүнд үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ олгогдсон байна. Дээрх гэрээгээр талууд хүсэл зориг илэрхийлсэн нь хууль зөрчөөгүй, мөн гэрээ бодитой хэрэгжиж, үр дагавар бий болсон байх тул хууль зөрчсөн, дүр үзүүлэн хийсэн хүчин төгөлдөр бус хэлцэл гэж дүгнэх үндэслэлгүй.
Хариуцагч *******нь *******ХХК-ийн зүгээс бидэнд өөр этгээдтэй гэрээ байгуулсан тухай болон тус байр нь маргаантай байгаа талаар огт мэдэгдэж байгаагүй гэж шүүхэд тайлбарласан ба тэрээр *******ХХК нь уг орон сууцыг *******т шилжүүлэхээр гэрээ байгуулсан, тэдгээрийн хооронд маргаантай харилцаа байсан болохыг тухайн үед мэдэж байсан, эсхүл мэдэх боломжтой байсан гэж дүгнэх үндэслэл хэргийн баримтаар тогтоогдоогүй. Иймээс Т.Орхоныг Иргэний хуулийн 110 дугаар зүйлийн 110.1, 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар орон сууцны өмчлөх эрхийг шударгаар олж авсан гэж үзнэ.
Дээр дурдсанаас дүгнэхэд, *******ХХК нь *******, *******нартай байгуулсан Орон сууц захиалан бариулах тухай гэрээг цуцалсан нь хууль бус боловч тухайн орон сууцны өмчлөх эрхийг *******шударгаар олж авсан байх тул нэхэмжлэгч нар нь гэрээний үүрэгт орон сууц хүлээлгэн өгөхийг *******ХХК-аас шаардах боломжгүй болжээ.
5.Талуудын байгуулсан Орон сууц захиалан бариулах тухай гэрээний 6.3-т Гүйцэтгэгч нь ашиглалтад оруулахаар гэрээнд заасан хугацаанаас 45 хоногоос дээш хугацаагаар хэтэрсэн тохиолдолд хугацаа хэтэрсэн хоног тутамд гүйцэтгээгүй ажлын гүйцэтгэлийн үнийн дүнгийн 0.07 хувьтай тэнцэх алдангийг Захиалагчид төлнө, 6.4-т ...алдангийн дээд хэмжээ гэрээний үнийн дүнгийн 10 хувиас хэтрэхгүй байна гэж заасан нь Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт заасанд нийцсэн.
Хариуцагч *******ХХК нь тус гэрээний 3.1-д зааснаар орон сууцыг 2020 оны 3 дугаар улиралд багтаан барьж ашиглалтад оруулах үүрэг хүлээсэн боловч уг хугацааг хэтрүүлсэн байх тул нэхэмжлэгч нь гэрээний үнийн дүнгийн 10 хувиар тооцон алдангид 10,131,750 төгрөг төлүүлэхээр шаардсан нь үндэслэлтэй.
6.Түүнчлэн нэхэмжлэгч нь хариуцагч *******ХХК орон сууц шилжүүлэх үүргээ зөрчсөний улмаас бусад этгээдээс орон сууц хөлсөлж хөлс төлж хохирсон үндэслэлээр 2020 оны 05 дугаар сарын 30-ны өдрөөс хойш 2024 оны 01 дүгээр сарын 16-ны өдрөөр тооцон 15,750,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар шаардсан.
Хариуцагч үүргээ зөрчсөн үеэс хохирол шаардах эрх нэхэмжлэгчид үүсэх бөгөөд хэрэгт авагдсан орон сууц хөлслөх гэрээ, хөлс төлсөн талаарх дансны хуулгаар нотлогдсон хэмжээнд буюу 2021 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс гэрээ цуцлагдсан 2021 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийг хүртэл хугацаанд 4,740,000 төгрөгийн хохирол учирсан гэж тогтоох нь Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1, 227 дугаар зүйлийн 227.3 дахь хэсэгт заасанд нийцнэ.
7.Хариуцагч *******ХХК нь анхан шатны шүүх хуралдаанд Орон сууц захиалан бариулах тухай гэрээ цуцлагдсан тул уг гэрээгээр захиалагчийн шилжүүлсэн 30,396,000 төгрөгийг буцаан шилжүүлнэ гэж тайлбарласан байх тул уг мөнгийг хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид олгож гэрээ цуцлагдсаны үр дагаврыг нэг мөр шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.
Дээрх үндэслэлээр хариуцагч *******ХХК-аас 45,267,750 төгрөг (10,131,750+4,740,000+30,396,000) гаргуулан нэхэмжлэгч нарт олгож, нэхэмжлэлээс үлдэх 11,010,000 төгрөг гаргуулах болон орон сууц хүлээлгэн өгөхийг даалгах хэсгийг, мөн хариуцагч *******холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгосон өөрчлөлтийг анхан шатны шүүхийн шийдвэрт оруулж, нэхэмжлэгч талын давж заалдах гомдлын зарим хэсгийг хангах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн тогтов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн 191/ШШ2025/02148 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн
1 дэх заалтыг Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 355 дугаар зүйлийн 355.1, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт зааснаар хариуцагч *******ХХК-аас 45,267,750 төгрөг гаргуулан нэхэмжлэгч *******, *******нарт олгож, нэхэмжлэлээс үлдэх 11,110,000 төгрөг гаргуулах болон орон сууц хүлээлгэн өгөхийг даалгах шаардлагад холбогдох хэсгийг, мөн хариуцагч *******холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгосугай гэж,
3 дахь заалтын ...үлдээсүгэй гэснийг үлдээж, хариуцагч *******ХХК-аас 232,309 төгрөг гаргуулан нэхэмжлэгч *******, *******нарт олгосугай гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч *******ын давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2025 оны 05 дугаар сарын 05-ны өдөр төлсөн 916,647 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч мөн зүйлийн 172.2 дахь хэсэгт заасан үндэслэлээр энэ хуулийн 167 дугаар зүйлд заасан магадлалд гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацаа тоолохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ч.ЦЭНД
ШҮҮГЧИД Д.НЯМБАЗАР
Д.ЗОЛЗАЯА