Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 06 сарын 06 өдөр

Дугаар 210/МА2025/00977

 

 

 

*******гийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Баясгалан даргалж, шүүгч Т.Бадрах, Б.Мандалбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн 191/ШШ2025/02107 дугаар шийдвэртэй,

 

*******гийн нэхэмжлэлтэй,

*******-д холбогдох,

 

Ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, баталгаажилт хийлгүүлэх, өндөр насны тэтгэвэр тогтоолгосон ажилтанд олгох нэг удаагийн тэтгэмжид 39,000,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Б.Мандалбаяр илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч *******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч *******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Чанцантөгс нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, үндэслэлийн агуулга:

1.1. ...Миний бие 1992 оны 11 дүгээр сарын 16-ны өдрөөс эхлэн *******-д ажилласан ба 2023 онд өндөр насны тэтгэвэр тогтоолгосны дараа Гүйцэтгэх захирал *******ын тавьсан саналыг хүлээн авч, 2023 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн 04/219 дугаар тушаалын дагуу 2023 оны 10 дугаар сарын 13-ны өдөр хугацаагүй хөдөлмөрийн гэрээ байгуулан тус компанид үргэлжлүүлэн ажиллахаар болж, Ерөнхий нягтлан бодогчийн албан тушаалыг эрхлэх болсон, Төлөөлөн удирдах зөвлөлийн 2023 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн тогтоолоор компанийн 2 дугаар гарын үсэг эзэмшиж, ажлын байрны тодорхойлолтод заасан ажил үүргүүдийг гүйцэтгэсэн.

...Гэтэл 2024 оны 06 дугаар сарын 14-ний өдөр Гүйцэтгэх захирал намайг өрөөндөө дуудан хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгох өдрийг сунгах болсон гэж дахин амаар мэдэгдэж, улмаар 2024 оны 06 дугаар сарын 20-ны өдөр албажуулан цаасан хэлбэрээр гардуулсан. Тус мэдэгдэлд ажил үүргээ 2024 оны 07 дугаар сарын 01-ний өдөр хүлээлгэн өгөх талаар дурдсан байсан.

Ерөнхий нягтлан бодогчийн албан тушаалыг хугацаагүй хөдөлмөрийн гэрээний дагуу эрхэлж байсан намайг өндөр насны тэтгэвэр авах эрх үүссэн гэх үндэслэлээр ажлаас гэнэт чөлөөлөх шийдвэр гаргасан нь Төлөөлөн удирдах зөвлөлөөс гаргасан дээрх тогтоолыг зөрчсөн төдийгүй, шинэчилсэн Хөдөлмөрийн тухай хуулийн 145 дугаар зүйлийн 145.1 дэх хэсэгт Ахмад настан, тэтгэвэр авагч хөдөлмөр эрхэлж болно гэж, 145.2 дахь хэсэгт Ажилтан өндөр насны тэтгэвэр авч байгаа нь түүний цалин хөлсийг бууруулах болон энэ хуульд заасан бусад эрхийг хязгаарлах үндэслэл болохгүй гэж заасныг зөрчсөн.

Мөн Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлд ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөрийн гэрээг цуцлах харилцааг зохицуулдаг. Гэвч гүйцэтгэх захирлын 04/224 дугаар тушаал нь тус хуулийн 80 дугаар зүйлийг үндэслээгүй буюу ямар үндэслэлээр хөдөлмөр эрхлэлтийн харилцааг ажил олголтын санаачилгаар цуцалж байгааг дурдаагүй байна.

...Гүйцэтгэх захирлын 2024 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар цуцлах тухай тушаалын 2 дахь хэсэгт 6 сарын үндсэн цалинтай тэнцэх нэг удаагийн тэтгэмжийг олгохоор заасан боловч тус тэтгэмжийг өнөөдрийг хүртэл олгоогүй, цаашид ч олгохгүй гэх агуулга бүхий хариу өгч байгаа нь мөн л Хөдөлмөрийн тухай хууль тогтоомж зөрчсөн үйлдэл болж байна.

Иймд, *******-ийн гүйцэтгэх захирал *******ын 2024 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн болон 2024 оны 07 дугаар сарын 01-ний хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар цуцлах тухай тушаалууд нь Хөдөлмөрийн тухай хууль тогтоомж зөрчсөн үндэслэлгүй тушаал байх тул хүчингүйд тооцож, Ерөнхий нягтлан бодогчийн албан тушаалд эгүүлэн томилж өгнө үү.

1.2. ...Би, 2023 оны 5 дугаар сард өндөр насны тэтгэвэр тогтоолгосон бөгөөд тухайн үед хуулийн дагуу өндөр насны тэтгэвэр тогтоолгосон ажилтанд олгох ёстой байсан тэтгэмжийг байгууллагын санхүүгийн нөхцөл байдлаас шалтгаалан түр хойшлуулж олгохоор байна гэсэн тухайн үеийн удирдлагын саналыг хүлээн авч, харилцан зөвшилцсөний дагуу хойшлуулсан билээ.

Хөдөлмөрийн тухай хуулийн дагуу өндөр насны тэтгэвэр тогтоолгосон ажилтанд олгох нэг удаагийн тэтгэмж болох 6 сарын цалинтай тэнцэх тэтгэмжид 39,000,000 төгрөгийг *******-иас гаргуулж өгнө үү.

1.3. ... Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.2.2, 127 дугаар зүйлийн 127.1, 43 дугаар зүйлийн 43.2.7-д зааснаар *******-ийн Ерөнхий нягтлан бодогчийн ажилд эгүүлэн тогтоолгох, ажлаас үндэслэлгүй халсан 2024 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс шүүхээр шийдвэрлэгдэх хүртэлх ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалд нөхөн баталгаажуулалт хийлгэхээр нэхэмжлэлийн шаардлагаа тодруулж байна гэжээ.

 

2. Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга:

2.1. ...*******г өндөр насны тэтгэвэр тогтоолгох гэсэн үндэслэлээр Гүйцэтгэх захирлын 2023 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн 04/164 дугаар тушаалаар үүрэгт ажлаас нь чөлөөлж, түүнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалсан ба түүний цаашид компанид үргэлжлүүлэн ажиллах хүсэлтийг үндэслэн Гүйцэтгэх захирлын 2023 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн 04/165 дугаар тушаалын дагуу Санхүү бүртгэлийн хэлтсийн менежер албан тушаалд авч ажиллуулсан.

Улмаар 2023 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн 04/219 дүгээр тушаалаар Ерөнхий нягтлан бодогчийн албан тушаалд дэвшүүлэн томилж, 2023 оны 10 дугаар сарын 13-ны өдөр хөдөлмөрийн гэрээ байгуулсан ба 2024 оны 7 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл ажилласан.

Тус компани нь Хөдөлмөрийн тухай хуулийн 78 дугаар зүйлийн 78.1.9-д хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлах санаачилгыг ажилтан, ажил олгогчийн аль нэг нь гаргасан, мөн Хөдөлмөрийн дотоод журмын 3 дугаар бүлгийн 3.17.4.2.7 дахь хэсэгт заасныг үндэслэн Гүйцэтгэх захирлын 2024 оны 5 дугаар сарын 24-ний өдрийн 04/181 дугаар хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар цуцлах тухай тушаалаар түүнтэй байгуулсан Хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгосон. Тус компанийн Төлөөлөн удирдах зөвлөлөөс чиглэл өгсний дагуу Гүйцэтгэх захирлын 2024 оны 7 дугаар сарын 01-ний өдрийн 04/223 дугаар тушаалаар өмнөх 2024 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн 04/181 дугаар тушаалыг хүчингүй болгож, мөн өдрийн 04/224 дүгээр тушаалаар *******тай байгуулсан хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгосон.

Иймд, ******* нь компанийн Төлөөлөн удирдах зөвлөлийн зөвшөөрлийн үндсэн дээр хуульд заасан үндэслэлийн дагуу *******г ажлаас чөлөөлсөн тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.

2.2. ...*******гийн хөдөлмөрийн гэрээ дуусгавар болсноор Хөдөлмөрийн тухай хуулийн 82 дугаар зүйлийн 82.5 дахь хэсэгт Өндөр насны тэтгэвэр тогтоолгохоор хөдөлмөр эрхлэлтийн харилцаа нь дуусгавар болсон ажилтанд ажил олгогч энэ хуулийн 82.1-д заасан хэмжээний тэтгэмж олгоно гэж заасан байна.

Гэтэл ******* энэ талаар урьд өмнө нь урьдчилан шийдвэрлүүлэхээр хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороо, хөдөлмөрийн улсын байцаагчид өргөдөл, гомдол гаргаж шийдвэрлүүлээгүй байна.

Иймд, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.3-т зааснаар шүүхээс гадуур урьдчилан шийдвэрлүүлэх талаар хуульд заасан журмыг нэхэмжлэгч зөрчсөн байх тул нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагыг хүлээн авахаас татгалзах нь зүйтэй гэж үзэж байна.

Дээр дурдсанчлан өндөр насны тэтгэмж тогтоолгох эрхээ хэрэгжүүлэх хугацаа өнгөрөөд хэдийн жил гаруй хугацаа өнгөрсөн байна. ...Хэрэгт хөөн хэлэлцэх хугацааг хүндэтгэн үзэх шалтгааны улмаас хэтрүүлсэн талаарх баримт авагдаагүй байх тул хуульд заасан хугацааны дотор маргаан таслах комисст гомдол гаргах хугацааг хэтрүүлсэн гэж үзэх үндэслэлтэй байна.

Иймээс Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дугаар зүйлийн 154.2, 154.2.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.3-т заасны дагуу нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:

Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч *******г *******-ийн Санхүү, хөрөнгө оруулалтын удирдлагын газрын Санхүү, бүртгэлийн албаны Ерөнхий нягтлан бодогчийн албан тушаалд эгүүлэн тогтоож,

Хөдөлмөрийн тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч *******-иас ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорт 54,953,968 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч *******д олгож,

Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.7-д заасныг баримтлан нэхэмжлэгч *******гийн 2024 оны 07 дугаар сарын 01-ээс 2025 оны 3 дугаар сарын 17-ны өдрийг хүртэлх хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг тус тус нөхөн төлж, баталгаажуулалт хийхийг хариуцагч *******-д даалгаж,

Хөдөлмөрийн тухай хуулийн 82 дугаар зүйлийн 82.5 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч *******-иас 6 сарын үндсэн цалинтай тэнцэх нэг удаагийн тэтгэмжид 27,000,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч *******д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 12,000,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5, 44 дүгээр зүйлийн 44.1.2-т зааснаар дээрх нэхэмжлэл гомдлоор авч хэлэлцэх нэхэмжлэлийн төрөлд хамаарах тул нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, нэхэмжлэгчийн төлсөн 600,600 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулан түүнд олгож, хариуцагчаас тэмдэгтийн хураамжид 432,720 төгрөгийг гаргуулж, улсын орлогод оруулж шийдвэрлэжээ.

 

4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын агуулга:

...Нэхэмжлэгчийн хүсэл зориг нь ажилд эгүүлэн тогтоолгох бус, ажил олгогчоос их хэмжээний мөнгөн төлбөр гаргуулан авахад чиглэсэн байна. Мөн түүнчлэн нэхэмжлэгч нь өдгөө өөр ажил эрхэлж байгаа нь *******-ийн Ерөнхий нягтлан бодогчийн албан тушаалд эгүүлэн томилогдох санаа зорилго байхгүй, зөвхөн их хэмжээний нөхөн олговор авах зорилготой байгаагийн илрэл юм.

Иймд, шүүх энэ бодит нөхцөл байдлыг тодруулан шалгах үүргээ биелүүлэлгүй, хэт нэг талд ашигтайгаар дүгнэсэн нь алдаа болсон гэж үзэхээр байна.

Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч нь ажилд эгүүлэн тогтоолгох хүсэл зориггүй бол тус нэхэмжлэлийн шаардлага болон холбогдох бусад шаардлагуудыг /ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, баталгаажилт хийлгэх/ хэрэгсэхгүй болгох эрх зүйн үндэслэл үүсдэг. Учир нь, ажилтны ажиллах хүсэл зориг хадгалагдаж байгаа тохиолдолд холбогдох бусад шаардлагуудыг биелүүлэх боломж үүсдэг.

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад болон шүүх хуралдааны хэлэлцүүлгийн үеэр нэхэмжлэгчийн өөр ажиллаж эрхэлж байгаа болон ажилд эгүүлэн томилуулах хүсэл зориг байгаа эсэхийг тодруулж дүгнэлт хийгээгүй.

Иймд, хэргийг хянан хэлэлцэж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

5. Нэхэмжлэгч болон түүний өмгөөлөгч нарын шүүх хуралдаанд гаргасан тайлбарын агуулга:

Бичгээр гаргасан давж заалдах гомдолд дурдаагүй асуудал буюу Хөдөлмөрийн тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1 дэх хэсэгт заасныг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нэмж тайлбарласныг шүүх бүрэлдэхүүн харгалзан үзэхийг хүсье.

Хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалсны дараа ажилтан өөр компанид, өөр ажил, албан тушаал эрхлэх нь хамааралгүй. Энэ нь Монгол Улсын Үндсэн хуульд заасан ажил мэргэжлээ чөлөөтэй сонгох эрхэд хамаарна. Харин Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 61 дүгээр зүйлд зааснаар нэхэмжлэгч хүсэл зоригоо бичгээр илэрхийлсэн. Иргэний хуульд хүсэл зоригийн илэрхийлэл нь гарын үсэг байна гэж заасан. Анхан шатны шүүх хуралдааны тэмдэглэлд нэхэмжлэгчийн зүгээс ажилдаа томилогдмоор байна, ажлаас үндэслэлгүй халагдсан гэх агуулгаар удаа дараа тайлбарласан учир шүүх энэ талаар заавал тодруулах шаардлага хуулиар байхгүй. Ажлаас халагдсаны дараа өөр ажил, албан тушаал эрхэлж байгаа нь Хөдөлмөрийн тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1 дэх хэсэгт заасан ажилгүй байсан хугацааны цалингаас хасах ёстой байсан гэж гомдолд байхгүй агуулгыг дурдсан. Дээрх хуулийн зохицуулалт нь зөвхөн тухайн компанид ажил үүрэг гүйцэтгэж байгаа тохиолдолд цалин хөлсний зөрүүг тооцохоор хуульчилсан. Өөрөөр хэлбэл, хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалсны дараа өөр компанид ажил гүйцэтгэж цалин хөлс авах эсэх нь Хөдөлмөрийн тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1 дэх хэсэгт хамаарахгүй.

Учир нь, Хөдөлмөрийн тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.2 дахь хэсэгт хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалснаас үүдэн хөдөлмөрлөх эрх түүнтэй холбоотой цалин хөлс авах эрх болон хохирол нь ажилгүй байсан хугацааны цалин хөлс болж агуулагддаг учраас хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдол хуульд нийцэхгүй байна.

Нэхэмжлэгч нь Хөдөлмөрийн тухай хуульд заасны дагуу тэтгэвэрт гарсан. Тэтгэвэрт гарсныхаа дараа тухайн байгууллагад буцаад ажилд орсон бөгөөд дараа нь албан тушаал ахисан. Иймд, Хөдөлмөрийн тухай хуулийн 82 дугаар зүйлийн 82.5 дахь хэсэгт заасан үндэслэл нь нэг удаагийн шинжтэй тэтгэмж буюу Хөдөлмөрийн тухай хуулийн 145 дугаар зүйлийн 145.1 дэх хэсэгт зааснаар ахмад настан тэтгэмжээ авсны дараа ажил үүрэг гүйцэтгэх боломжтой, энэ талаар зохицуулалт Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгад тусгагдсан гэв.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар хэргийг зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй бүхэлд нь хянан үзээд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэв.

 

2. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******-д холбогдуулан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, баталгаажилт хийлгүүлэх, өндөр насны тэтгэвэр тогтоолгосон ажилтанд олгох нэг удаагийн тэтгэмжид 39,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

3. Хэрэгт цугларсан нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт заасан журмаар үнэлэхэд дараах үйл баримт тогтоогджээ. Үүнд:

 

3.1. Зохигчийн тайлбараар ******* нь 1992 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр *******-ийн ******* аймаг дахь салбарт нягтлан бодогчоор анх ажилд орсон цагаас хойш тасралтгүй ажиллаж байгаад 2023 оны 05 дугаар сарын 04-ний өдөр 55 насанд хүрсэн учир өндөр насны тэтгэвэр тогтоолгох хүсэлтээ 2023 оны 05 дугаар сарын 25-ны өдөр гаргасны дагуу тэрээр ажлаас чөлөөлөгдөж, мөн өдөр түүний компанидаа үргэлжлүүлэн ажиллах хүсэлтийг нь үндэслэн тус компанийн гүйцэтгэх захирлын 2023 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн 04/165 дугаар тушаалаар нэхэмжлэгчийг Санхүүгийн газрын Санхүү бүртгэлийн хэлтсийн менежер албан тушаалд томилж, түүнтэй хөдөлмөрийн гэрээ байгуулжээ. /х.х-ийн 1-3, 101-106/

 

3.2. Улмаар 2023 оны 10 дугаар сарын 13-ны өдөр хариуцагч ******* нь нэхэмжлэгч *******г Санхүү, хөрөнгө оруулалтын удирдлагын газрын Санхүү, бүртгэлийн албанд ерөнхий нягтлан бодогчоор томилон ажиллуулж байгаад 2024 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн 04/224 дүгээр тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 78 дугаар зүйлийн 78.1.9, 82 дугаар зүйлийн 82.5, 82.1.4, 43 дугаар зүйлийн 43.1.1 дэх хэсэг, Хөдөлмөрийн дотоод журмын 3 дугаар зүйлийн 3.17.4.2.7, 5 дугаар зүйлийн 5.4.4.4 дэх хэсэгт тус тус заасныг баримтлан өндөр насны тэтгэвэр авах эрх үүссэн гэсэн үндэслэлээр хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалсан байна. /х.х-ийн 7-9, 16/

 

Анхан шатны шүүх дээрх үйл баримтыг зөв тогтоож, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь үндэслэлтэй боловч улсын тэмдэгтийн хураамжийн хуваарилалтыг буруу тооцоолсон байх тул давж заалдах шатны шүүхээс үүнийг залруулна.

 

4. Хариуцагч ******* нь нэхэмжлэгч *******гийн 2023 оны 05 дугаар сарын 25-ны өдөр гаргасан өндөр насны тэтгэвэр тогтоолгох насанд хүрсэн тул ажлаас чөлөөлж өгнө үү гэх хүсэлтийг үндэслэн түүнийг 2023 оны 05 дугаар сарын 31-ний өдөр ажил, албан тушаалаас нь чөлөөлсөн нь Хөдөлмөрийн тухай хуулийн 78 дугаар зүйлийн 78.1.9-д заасантай нийцсэн.

 

Тодруулбал, Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт Даатгуулагч нь нийтдээ 20-иос доошгүй жил тэтгэврийн даатгалын шимтгэл төлсөн бөгөөд 65 нас хүрсэн бол өндөр насны тэтгэвэр тогтоолгон авах эрхтэй. Харин 20-иос доошгүй жил шимтгэл төлсөн бөгөөд 60 нас хүрсэн эрэгтэй, 55 нас хүрсэн эмэгтэй даатгуулагч өөрөө хүсвэл өндөр насны тэтгэвэр тогтоолгон авч болно гэж зааснаар нэхэмжлэгч ******* нь тэтгэвэр тогтоолгох эрхтэй бөгөөд энэ тохиолдолд түүнийг Хөдөлмөрийн тухай хуулийн 78 дугаар зүйлийн 78.1.9-д хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлах санаачилгыг ажилтан, ажил олгогчийн аль нэг нь гаргасан гэж зааснаар энэхүү үндэслэлээр өөрийн санаачилгаар ажлаас чөлөөлөгдсөн гэж үзнэ.

 

5. Хөдөлмөрийн тухай хуулийн 145 дугаар зүйлийн 145.1-т Ахмад настан, тэтгэвэр авагч хөдөлмөр эрхэлж болно гэж, 145.2-т Ажилтан өндөр насны тэтгэвэр авч байгаа нь түүний цалин хөлсийг бууруулах болон энэ хуульд заасан бусад эрхийг хязгаарлах үндэслэл болохгүй гэж,

 

мөн *******-ийн Хөдөлмөрийн дотоод журмын 3 дугаар зүйлийн 3.17.4.2.7-д ...өндөр насны тэтгэвэр авах эрх үүссэн тохиолдолд ажил олгогчийн санаачилгаар ажил хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгоно гэж, 3.17.5-д Энэ журмын 3.17.4.2.7-д заасан үндэслэлээр хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгосон ажилтантай ажил олгогч зайлшгүй шаардлагатай гэж үзсэн тохиолдолд тохиролцож хөдөлмөрийн гэрээг сунгаж болно гэж тус тус заажээ.

 

Өөрөөр хэлбэл, тэтгэвэр тогтоолгосон хүн хөдөлмөр эрхлэх эрхтэй бөгөөд хариуцагч компанийн Хөдөлмөрийн дотоод журамд зааснаар энэхүү үндэслэлээр ажлаас чөлөөлөгдсөн ажилтныг үргэлжлүүлэн ажиллуулахыг хориглоогүй байна.

 

Гэтэл хариуцагч ******* нь нэхэмжлэгч *******г өндөр насны тэтгэвэр тогтоолгох үндэслэлээр ажил, албан тушаалаас нь чөлөөлсний дараа түүнтэй 2023 оны 05 дугаар сарын 31-ний өдөр дахин хөдөлмөрийн гэрээ байгуулж, ажилд авсан нь дээрх хууль болон тус хөдөлмөрийн дотоод журамд нийцсэн хэдий ч 2024 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн 04/181 дугаартай тушаалаар ажил олгогчийн санаачилгаар нэхэмжлэгчийг өндөр насны тэтгэвэр тогтоолгох насанд хүрсэн буюу өмнө нь ажилтны санаачилгаар хөдөлмөрийн харилцааг дуусгавар болгосон үндэслэлээр дахин хөдөлмөрийн эрх зүйн харилцааг дуусгавар болгосон нь үндэслэлгүй. Учир нь,

 

Ахмад настан, тэтгэвэр авагч хөдөлмөр эрхэлж болох бөгөөд нэхэмжлэгч нь өндөр насны тэтгэвэр тогтоолгох үндэслэлээр ажлаас чөлөөлөгдсөний дараа үргэлжлүүлэн ажиллаж байхад ажил олгогч байгууллагын зүгээс уг үндэслэлийг дахин зааж нэхэмжлэгчийг ажил, албан тушаалаас нь чөлөөлсөн нь Хөдөлмөрийн тухай хуулийн 145 дугаар зүйлийн 145.1, 145.2-т тус тус нийцээгүй байна.

 

Иймд, анхан шатны шүүх нэхэмжлэгч *******г хариуцагч *******-ийн Санхүү, хөрөнгө оруулалтын удирдлагын газрын Санхүү, бүртгэлийн албаны Ерөнхий нягтлан бодогчийн албан тушаалд эгүүлэн тогтоож, түүний ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорт 54,953,965 төгрөг гаргуулж, ажилгүй байсан хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, баталгаажуулалт хийхийг хариуцагчид даалгаж шийдвэрлэсэн нь үндэслэл бүхий болжээ.

 

6. Хариуцагч нь ...нэхэмжлэгчийн хүсэл зориг нь ажилд эгүүлэн тогтоолгох бус ажил олгогчоос их хэмжээний мөнгөн олговор гаргуулан авахад чиглэсэн, тэрээр өөр ажил эрхэлж байгаа бөгөөд анхан шатны шүүх энэ байдлыг тодруулахгүйгээр нэхэмжлэгчид ашигтай дүгнэлт өгсөн... гэж маргасан.

 

Нэхэмжлэгч нь шүүхэд нэхэмжлэл гаргахдаа ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах гэж нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлсон, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад өндөр насны тэтгэвэр тогтоолгосон ажилтанд олгох нэг удаагийн тэтгэмжид 39,000,000 төгрөг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, баталгаажилт хийлгүүлэх гэж нэхэмжлэлийн шаардлагаа ихэсгэсэн байх тул энэ талаарх хариуцагчийн гомдлыг хүлээн авахгүй.

 

Мөн нэхэмжлэгч нь өөр ажил эрхэлж байгаа нөхцөл байдал хэргийн баримтаар тогтоогдоогүй, тийнхүү ажиллаж буй бол энэ нь Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасан иргэний ажил, мэргэжлээ чөлөөтэй сонгох эрх бөгөөд шүүхээс нэхэмжлэгчийг урьд өмнө эрхэлж байсан ажил, албан тушаалд буцаан томилж, ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг олгосон нь зөрчигдсөн эрхийг сэргээх агуулгатай болно.

 

7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-т Шүүхийн зардлыг нэхэмжлэл бүрэн хангагдсан тохиолдолд хариуцагчаар, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон тохиолдолд нэхэмжлэгчээр нөхөн төлүүлнэ гэж заасан.

 

Гэвч анхан шатны шүүх Хөдөлмөрийн тухай хуулийн 82 дугаар зүйлийн 82.5-д зааснаар хариуцагч *******-аас 6 сарын үндсэн цалинтай тэнцэх нэг удаагийн тэтгэмжид 27,000,000 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэсэн атлаа үүнд ногдох улсын тэмдэгтийн хураамжийг шийдвэрлээгүй орхигдуулсан байх тул үүнийг хариуцагчаас нөхөн гаргуулж улсын орлогод оруулна.

 

8. Хөдөлмөрийн тухай хуулийн 82 дугаар зүйлийн 82.5-д зааснаар өндөр насны тэтгэвэр тогтоолгохоор хөдөлмөр эрхлэлтийн харилцаа нь дуусгавар болсон ажилтанд олгох тэтгэмжид 27,000,000 төгрөгийг гаргуулж шийдвэрлэсэн хэсэгт хариуцагч талаас гомдол гаргаагүй тул талуудын зарчмын хүрээнд давж заалдах шатны шүүхээс энэ талаар нэмж дэлгэрэнгүй дүгнэлт өгөхгүй.

 

Дээр дурдсан үндэслэлээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулахаар давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн 191/ШШ2025/02107 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн

 

5 дахь заалтад ...432,720 гэснийг 567,720 гэж өөрчилж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 637,920 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт тус тус зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардаж авсан, аль эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд Шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж гардаж авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын жураар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ М.БАЯСГАЛАН

 

ШҮҮГЧИД  Т.БАДРАХ

 

Б.МАНДАЛБАЯР