Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 06 сарын 06 өдөр

Дугаар 210/МА2025/00978

 

 

 

*******гийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Т.Бадрах даргалж, шүүгч М.Баясгалан, Б.Мандалбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн 192/ШШ2025/02327 дугаар шийдвэртэй,

 

*******гийн нэхэмжлэлтэй,

*******д холбогдох,

 

Зээлийн гэрээний үүрэгт 504,000,000 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Б.Мандалбаяр илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Чанцантөгс нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, үндэслэлийн агуулга:

Нэхэмжлэгч нь иргэн *******той 2022 оны 05 дугаар сарын 31-ний өдөр, 2022 оны 07 дугаар сарын 09-ний өдөр тус тус зээлийн гэрээг байгуулж, нийтдээ 270,000,000 төгрөгийг дараах нөхцөлөөр зээлдүүлсэн.

2022 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн зээлийн гэрээгээр 150,000,000 төгрөгийг сарын 5 хувийн хүүтэйгээр, 6 сарын хугацаатайгаар зээлдүүлж, зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг ******* бүртгэлийн дугаартай *******, *******, *******, ******* өргөн чөлөө гудамж, ******* байр, хаягт байршилтай орон сууцаар хангуулахаар,

2022 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн зээлийн гэрээгээр 120,000,000 төгрөгийг сарын 5 хувийн хүүтэйгээр, 6 сарын хугацаатайгаар зээлдүүлж, зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг дугаартай, , гудамж, хаягт байршилтай 528 м.кв талбайтай гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газар, Γ2204024569 дугаартай , гудамж, хаягт байршилтай, 700 м.кв талбайтай гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газар, бүртгэлийн дугаартай , гудамж, хаягт байршилтай автомашины гараж, агуулахын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгөөр хангуулахаар тохирсон байна.

Гэтэл зээлдэгч нь 2022 оны 06, 07 дугаар сард зээлийн хүүд 15,000,000 төгрөг төлснөөс хойш огт төлөлт хийлгүй, өнөөдрийг хүрч байна. Нэхэмжлэгчийн зүгээс зээлийн гэрээний үүргээ биелүүлэхийг шаардсан ч үр дүнд хүрээгүй болно.

Иймд, 2022 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн зээлийн гэрээний үндсэн зээлийн үлдэгдэл 150,000,000, хүүгийн үлдэгдэл 30,000,000 төгрөг, алданги 90,000,000 төгрөг нийт 270,000,000 төгрөг,

2022 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн зээлийн гэрээний үндсэн зээлийн үлдэгдэл 120,000,000 төгрөг, хүүгийн үлдэгдэл 36,000,000 төгрөг, алданги 78,000,000 төгрөг, нийт 234,000,000 төгрөг талуудын хооронд үүргийн гүйцэтгэлийн хугацаа хэтрүүлсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.3 хувиар алданги төлнө гэж гэрээний 3.7-т заасны дагуу алдангийг нэхэмжилж байгаа бөгөөд дээрх 2 зээлийн гэрээний хугацаа хэтэрсэн алдангийг бодоход гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрсэн тул Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6-т заасантай нийцүүлсэн болно.

...Иймд, хариуцагч *******оос 504,000,000 төгрөгийг гаргуулж, хариуцагч үүргээ зохих ёсоор гүйцэтгээгүй тохиолдолд барьцааны гэрээний зүйл болох үл хөдлөх эд хөрөнгүүдээс үүргийн гүйцэтгэлийг хангуулж өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга:

Нэхэмжлэгчид ашиг олох зорилгоор хүүтэй зээл олгох эрх, зөвшөөрөл байгаа юу. Тухайн үед ажил төлөвлөж, 2,000,000,000 төгрөгийг зээлийг нэхэмжлэгч олгох боломжтой гэж хэлээд, биелүүлээгүйн улмаас миний ажил зогсож, бүтээгүй. Зээл авсан нь үнэн тул би төлөхийг хүлээн зөвшөөрч байна, харин алдангийг зөвшөөрөхгүй. Зөвшөөрөлтэй байж хувь хүн зээлийн үйл ажиллагаа явуулах эрхтэй болдог гэжээ.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:

Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4, 232.6, 281 дүгээр зүйлийн 281.1, 282.3 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч *******оос 504,000,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч *******д олгож,

Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд барьцаа хөрөнгө болох *******ын өмчлөлийн, эрхийн улсын ******* дугаарт бүртгэлтэй,  *******, ******* //, өргөн чөлөө гудамж, ******* байрны хаягт байршилтай орон сууцнаас 270,000,000 төгрөгт ногдох үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч ******* нь 2022 оны 7 дугаар сарын 09-ний өдрийн зээлийн гэрээний үүргийг барьцаа хөрөнгөөр хангуулах шаардлагаасаа татгалзсаныг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 2,748,150 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 2,677,950 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

 

4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын агуулга:

...Шүүх хэргийг шийдвэрлэхдээ иргэний хуулийн 281-р зүйлийн 281.1 дэх хэсэгт зааснаар талуудын хооронд зээлийн гэрээ бичгээр байгуулагдсан мөн хуулийн 282.3 хуульд өөрөөр заагаагүй бол хүү тогтоосон бол зээлийн гэрээг бичгээр байгуулна. Энэ шаардлагыг хангаагүй бол хүү авах эрхээ алдана гэж заасан байдаг. Талууд зээлийн гэрээг бичгээр байгуулсан тул хүү авах эрхтэй мөн зээлийн гэрээнд зээлдэгч хугацаандаа үүргээ гүйцэтгээгүй бол хугацаа хэтэрсэн хоног тутамд 0.3 хувийн алданги тооцох эрхтэй гэж зааснаар Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт зааснаар хугацаа хэтэрсний алдангийг гаргуулах үндэслэлтэй гэж дүгнэсэн байдаг.

Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн нь хариуцагч *******д төлөх чадварт нөлөөлж байна. Иймд, иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.2 дахь хэсэгт зааснаар хүүгийн хэмжээ нь зээлдэгчийн эрх хууль ёсны ашиг сонирхолд илт хохиролтойгоор тогтоогдсон бол түүний хүсэлтээр шүүх хүүгийн хэмжээг багасгаж болохоор зохицуулж өгсөн байдаг. Cap тутамд 5 хувийн хүү нь өнөөдрийн нийгэмд банк болон банк бус санхүүгийн байгууллагатай харьцуулахад хэт өндөр тогтоогдсон хүү бөгөөд нийлбэр дүнгээрээ 66,000,000 төгрөг болж байгаа нь их хэмжээний мөнгөн дүн болж байна. Иймд, нэхэмжлэлийн дүнгээс 66,000,000 төгрөгийн зээлийн хүүг хасаж тооцож өгнө үү гэжээ.

 

5. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбарын агуулга:

Хариуцагч талын гаргасан давж заалдах гомдолтой танилцсан, гомдлыг хангах үндэслэлгүй гэж үзэж байна. Зээлийн гэрээ тус бүр 6 сарын хугацаатай хийгдсэн. Бид нар 6 сарын хүүг нэхэмжилсэн учраас хуульд нийцсэн. Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.2 дахь хэсэгт хүүгийн хэмжээ нь зээлдэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд илт хохиролтойгоор тогтоогдсон бол түүний хүсэлтээр шүүх зээлийн хүүг багасгаж болно гэж заасан боловч хариуцагч энэ талаар баримтыг гаргаж өгөөгүй. Анхан шатын шүүх хуралдаанд хүүг багасгахгүй бол хүндрэлтэй байна гэх агуулгаар маргаагүй. Иймд, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэв.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар хэргийг зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй бүхэлд нь хянан үзээд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэв.

 

2. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 504,000,000 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

Анхан шатны шүүх талуудын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д заасан зээлийн гэрээний харилцаа үүссэн болон гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар үндэслэл бүхий дүгнэлт өгсөн боловч нэхэмжлэгчийн шаардах эрхэнд хамааралтай баримталбал зохих хуулийг баримтлаагүй, нэхэмжлэлийн шаардлагаас зарим хэсгийг хэрэгсэхгүй болгосныг шийдвэрийн тогтоох хэсэгт тусгаагүй байгааг давж заалдах шатны шүүхээс үүнийг залруулна.

 

3. Хэрэгт цугларсан нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт заасан журмаар үнэлэхэд дараах үйл баримт тогтоогдсон байна. Үүнд:

 

3.1. ******* нь 2022 оны 05 дугаар сарын 31-ний өдөр *******той зээлийн гэрээ байгуулж, түүнд 150,000,000 төгрөгийг сарын 5 хувийн хүүтэй, 6 сарын хугацаагаар зээлдүүлж, гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.3 хувиар алданги төлөхөөр харилцан тохиролцож, /х.х-ийн 8/

*******, *******, ******* //, ******* өргөн чөлөө гудамж, ******* байрны хаягт байрлах, улсын эрхийн бүртгэлийн ******* дугаарт бүртгэлтэй, 90 м.кв талбайтай 3 өрөө орон сууцыг 270,000,000 төгрөгөөр үнэлж, зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар барьцааны гэрээ байгуулсан. /х.х-ийн 9-11/

 

3.2. Мөн талууд 2022 оны 07 дугаар сарын 09-ний өдөр зээлийн гэрээ байгуулж, 120,000,000 төгрөгийг сарын 5 хувийн хүүтэй, 6 сарын хугацаагаар зээлдүүлж, гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.3 хувиар алданги төлөхөөр харилцан тохиролцож, /х.х-ийн 12/

 

А/ *******, , гудамж, хаягт байрлах 528 м.кв талбайтай, эрхийн улсын бүртгэлийн дугаарт бүртгэлтэй өмчлөх эрхийн гэрчилгээтэй, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газрыг 50,000,000 төгрөгөөр,

 

Б/ *******, , гудамж, хаягт байрлах 700 м.кв талбайтай, эрхийн улсын бүртгэлийн дугаарт бүртгэлтэй өмчлөх эрхийн гэрчилгээтэй, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газрыг 50,000,000 төгрөгөөр,

 

В/ *******, , гудамж, хаягт байрлах 302 м.кв талбайтай, эрхийн улсын бүртгэлийн дугаарт бүртгэлтэй, автомашины гараж, агуулахын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг 200,000,000 төгрөгөөр тус тус үнэлж, зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар барьцааны гэрээ байгуулсан. /х.х-ийн 13-16/

 

4. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ гэж, мөн 282 дугаар зүйлийн 282.4-т Мөнгө буюу эд хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээг байгуулсанд тооцно гэж тус тус заасан.

 

Тайлбарлавал, энэ хуулийн 196 дугаар зүйлийн 196.1.1-д эд хөрөнгө шилжүүснээр гэрээ байгуулахаар хуульд заасан бол гэрээний гол нөхцлийн талаар талууд тохиролцож, тухайн эд хөрөнгийг шилжүүлснээр гэрээ байгуулагдсанд тооцно гэж зааснаар зээлдэгчийн хувьд зээлийг буцаан төлөх болон зээлдүүлэгч нь зээлийг шаардах эрх, үүрэг үүсэх гол үндэслэл нь гэрээгээр тохиролцсон мөнгө болон бусад төрлийн шинжээр тодорхойлогдох эд хөрөнгийг шилжүүлсэн байх ёстой.

 

Талуудын байгуулсан зээлийн гэрээний 3 дугаар зүйлийн 3.4-т зааснаар нэхэмжлэгч ******* нь 2 зээлийн гэрээний үүрэгт нийт 270,000,000 төгрөг /120,000,000 + 150,000,000/-ийг хариуцагч *******ын данс руу шилжүүлсэн бөгөөд хариуцагч тал гэрээний зүйлийг хүлээж авсан талаар маргаагүй.

 

5. Иргэний хуулийн 206 дугаар зүйлийн 206.1-д Үүргийг тогтоосон газар, хугацаанд нь, зохих ёсоор, шударгаар гүйцэтгэнэ гэж, 208 дугаар зүйлийн 208.1-д Үүргийг хууль буюу гэрээнд заасан хугацаанд гүйцэтгэнэ гэж тус тус заасан.

 

Өөрөөр хэлбэл, зээлийн гэрээгээр үүрэг хүлээсэн хариуцагч нь мөнгө буцаан төлөх үүргийг үүрэг гүйцэтгүүлэгчийн оршин суугаа газар, гэрээнд заасан хугацаанд заавал гүйцэтгэх ёстой бөгөөд тийнхүү биелүүлээгүй тохиолдолд түүнийг үүргээ зөрчсөнд тооцож, үүний улмаас зээлдүүлэгч буюу нэхэмжлэгчид учирсан хохирлыг төлөх үүрэг хүлээнэ.

 

Хэрэгт авагдсан баримтаар хариуцагч ******* нь 2022 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн зээлийн гэрээний дагуу нэхэмжлэгч *******д нийт 45,000,000 төгрөгийн хүү төлөх ёстойгоос 15,000,000 төгрөгийг төлж, үндсэн зээл 150,000,000 төгрөг, зээлийн хүү 30,000,000 төгрөг, мөн 2022 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн зээлийн гэрээний дагуу нийт 36,000,000 төгрөгийн хүү болон үндсэн зээл 120,000,000 төгрөгийг тус тус төлөөгүй болох нь тогтоогджээ. /х.х-ийн 2, 8, 12/

 

6. Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.3-т Хүүгийн хэмжээ нь зээлдэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд илт хохиролтойгоор тогтоогдсон бол түүний хүсэлтээр шүүх зээлийн хүүг багасгаж болно гэж заасан.

 

Зохигч нарын тайлбар, хэрэгт авагдсан баримтаар хариуцагч нь нэхэмжлэгчээс зээлсэн 270,000,000 төгрөгийг хүүгийн хамт буцаан төлөхийг зөвшөөрч байснаас гадна тэрээр урьд өмнө нэхэмжлэгчээс мөн адил сарын 5 хувийн хүүтэй мөнгийг зээлж байжээ. /х.х-ийн 26/

 

Өөрөөр хэлбэл, зохигч нар ажил хэргийн хүрээнд хэд, хэдэн удаа зээлийн гэрээ байгуулахдаа сарын хүүг ийнхүү 5 хувь байхаар харилцан тохиролцож байснаас үзвэл хариуцагч нь хүүгийн хэмжээг тухай бүр хүлээн зөвшөөрсөн бөгөөд нэхэмжлэгчийн нэхэмжилсэн 66,000,000 төгрөгийн хүүг миний эрх, хууль ёсны ашиг сонирхолд илт хохиролтойгоор тогтоогдсон гэсэн тайлбараа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-т тус тус зааснаар баримтаар нотлоогүй.

 

Мөнгөн зээлийн үйл ажиллагааг зохицуулах тухай хуулийг 2022 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр баталж, улмаар 2023 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөж эхэлсэн тул нэхэмжлэгчийг зээлийн үйл ажиллагаа байнга эрхэлдэг этгээд боловч зохих газар бүртгүүлээгүй гэсэн үндэслэлээр хүү төлөхөөс татгалзсан хариуцагчийн тайлбарыг хүлээн авахгүй.

 

7. Зохигч нарын байгуулсан зээлийн гэрээний 3 дугаар зүйлийн 3.7-д заасан алдангийн талаарх зохицуулалт Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.3, 232.6-д тус тус нийцсэн.

 

Анхан шатны шүүх хариуцагчаас алдангид нийт 168,000,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэхдээ тодорхой хууль зүйн дүгнэлт өгөөгүй байгааг давж заалдах шатны шүүхээс нэмж дүгнэнэ.

 

Тодруулбал, Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.1-д Хүлээсэн үүргээ гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй тал хууль болон гэрээнд зааснаар нөгөө талдаа төлөх ёстой мөнгөн төлбөрийг анз гэнэ гэж зааснаар хариуцагч нь нэхэмжлэгчид түүнээс авсан зээлээс гадна гэрээгээр тохирсон хүүг төлөх нь үүрэг гүйцэтгэгч буюу зээлдэгчийн үндсэн үүрэгт хамаарна.

 

Тийм учир хариуцагч нь 2022 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн зээлийн гэрээний алдангид үндсэн зээл 150,000,000 төгрөг, зээлийн хүү 30,000,000 төгрөг, нийт 180,000,000 төгрөгийн 50 хувь болох 90,000,000 төгрөг, 2022 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн зээлийн гэрээний алдангид үндсэн зээл 120,000,000 төгрөг, зээлийн хүү 36,000,000 төгрөг, нийт 156,000,000 төгрөгийн 50 хувь болох 78,000,000 төгрөгийн алданги тус тус төлөх нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4-т заасантай нийцнэ.

 

Иймд, анхан шатны шүүхийн хариуцагчаас үндсэн зээл 270,000,000 төгрөг, зээлийн хүү 66,000,000 төгрөг, алданги 168,000,000 төгрөг, нийт 504,000,000 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгосон шийдвэрийг хэвээр үлдээнэ.

 

8. Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.1-т Барьцааны гэрээг бичгээр байгуулна гэж, 156.2-т Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээг, улсын бүртгэлд бүртгүүлэх бөгөөд гэрээнд талуудын нэр, оршин суугаа /оршин байгаа/ газар, барьцаагаар хангагдах шаардлага, түүний хэмжээ, үүргийг хангах хугацаа, барьцааны зүйл, түүний байгаа газар, үнийг заана гэж тус тус зааснаар зохигчийн 2022 оны 05 дугаар сарын 31-ний өдөр байгуулсан барьцааны гэрээг хуульд заасан шаардлагыг хангасан хүчин төгөлдөр гэрээ гэж үзэж үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэсэн нь үндэслэлтэй.

 

Харин дээрх хуулийн 156 дугаар зүйлийн 156.3-т Энэ хуулийн 156.1, 156.2-т заасан шаардлагыг хангаагүй гэрээ хүчин төгөлдөр бус байна гэж зааснаар 2022 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн барьцааны гэрээг улсын бүртгэлд бүртгүүлээгүй, хүчин төгөлдөр бус гэрээ байх тул тухайн гэрээнд заасан үл хөдлөх эд хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэнэ.

 

Учир нь, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.3-т өмгөөлөгчийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцохдоо эдлэх эрхийг тодорхойлсон бөгөөд өмгөөлөгчид нэхэмжлэлийн шаардлагаас татгалзах эрхийг олгоогүй байхад анхан шатны шүүх нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах шаардлагаас татгалзаж байна гэх тайлбарыг нэхэмжлэгч ******* нь 2022 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн зээлийн гэрээний үүргийг барьцаа хөрөнгөөр хангуулах шаардлагаасаа татгалзсан гэж үзэж, татгалзлыг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэл муутай болжээ.

 

9. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар хэргийг бүхэлд нь хянах эрх хэмжээний хүрээнд дараах өөрчлөлт оруулна. Үүнд:

 

Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагаас хүү шаардсан хэсгийг хангаж шийдвэрлэсэн боловч шийдвэрийн тогтоох хэсэгт Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.1 дэх заалтыг баримтлаагүйгээс гадна нэхэмжлэгчийн шаардах эрхэнд хамааралгүй заалт болох мөн хуулийн 232 дугаар зүйлийн 232.4 дэх заалтыг баримталсныг хасна.

 

Дээр дурдсан үндэслэлээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулахаар давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн 192/ШШ2025/02327 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн

 

1 дэх заалтыг Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1, 232 дугаар зүйлийн 232.6-д тус тус заасныг үндэслэн хариуцагч *******оос 504,000,000 төгрөг гаргуулах нэхэмжлэгч С.Сарангоод олгосугай гэж,

 

2 дахь заалтад ...даалгасугай гэснийг даалгаж, нэхэмжлэлийн шаардлагаас *******, , гудамж, хаягт байрлах 528 м.кв талбайтай, эрхийн улсын бүртгэлийн дугаарт бүртгэлтэй өмчлөх эрхийн гэрчилгээтэй, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газар, *******, , гудамж, хаягт байрлах 700 м.кв талбайтай, эрхийн улсын бүртгэлийн дугаарт бүртгэлтэй өмчлөх эрхийн гэрчилгээтэй, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газар, мөн хаягт байрлах 302 м.кв талбайтай, эрхийн улсын бүртгэлийн дугаарт бүртгэлтэй, автомашины гараж, агуулахын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах хэсгийг хэрэгсэхгүй болгосугай гэж тус тус өөрчилж,

 

3 дахь заалтыг хасаж, 4 дэх заалтыг 3 гэж, 5 дахь заалтыг 4 гэж тус тус дугаарлалтыг өөрчилж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 487,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт тус тус зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардаж авсан, аль эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд Шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж гардаж авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын жураар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.БАДРАХ

 

ШҮҮГЧИД  М.БАЯСГАЛАН

 

Б.МАНДАЛБАЯР