Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 08 сарын 22 өдөр

Дугаар 1317

 

                                       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                    

          Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Чингис даргалж,

    Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Л.Ундармаа,

Улсын яллагч А.Сайнбаяр,

Өсвөр насны шүүгдэгч А.Б , түүний өмгөөлөгч Л.Бурмаа нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд хаалттай хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:

 

Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1-д заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн өсвөр насны шүүгдэгч А.Б д холбогдох эрүүгийн 1906 03453 1543 дугаартай хэргийг 2019 оны 8 дугаар сарын 7-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

          Өсвөр насны шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

        Өсвөр насны шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 2002 оны 10 дугаар сарын 15-ны өдөр Завхан аймгийн Тосонцэнгэл суманд төрсөн, 16 настай, эрэгтэй, бага боловсролтой, ажилгүй, ам бүл 6, аав ээж, эгч нарын хамт Баянзүрх дүүргийн тоотод оршин суух бүртгэлтэй, гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, регистрийн дугаар, А.Б .

 

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/:

 

        Өсвөр насны шүүгдэгч А.Б   нь 2019 оны 6 дугаар сарын 2-ноос 3-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэр, “Монелын” 36 дугаар гудамжинд Б.Түвшинбаярыг зодож эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараахи нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт өсвөр насны шүүгдэгч А.Б  мэдүүлэхдээ: “...Мөрдөн шалгах ажиллагааны явцад үнэн зөв мэдүүлэг өгсөн. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Хөнгөн ял шийтгэж өгнө үү.” гэв.

Мөн мөрдөн шалгах ажиллагаанд цугларсан нотлох баримтуудаас талуудын хүсэлтээр гэмт хэрэг, захиргааны зөрчлын талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, бичгээр гаргасан өргөдөл /хх-2-3/, мөрдөгчийн нас тоолсон тэмдэглэл /хх-33/, хохирогч Б.Түвшинбаярын өгсөн мэдүүлэг /хх-6-8/, гэрч Ш.Лхагвасүрэнгийн өгсөн мэдүүлэг /хх-14/, гэрч О.Эрдэнэцогтын өгсөн мэдүүлэг /хх-15/, насанд хүрээгүй гэрч Т.Номингийн өгсөн мэдүүлэг /хх-16/, Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2019 оны сарын өдрийн 7504 дугаартай дүгнэлт /хх-18/, өсвөр насны шүүгдэгч А.Б яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-25/, өсвөр насны шүүгдэгч А.Б төрсөний гэрчилгээний хуулбар /хх-32/, өсвөр насны шүүгдэгч А.Б урьд ял шийтгэгдсэн эсэх лавлагаа /хх-28/, ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэн, хүүхэд асрах тухай гэрээ /хх-34-37/, Хөдөлмөрийн чадвар алдалтын хувь, хугацаа тогтоосон акт /хх-38/, шинээр хохирол төлсөн баримт 1 хуудас зэргийг шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу цуглуулж, бэхжүүлсэн энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх дүгнэв.

 

Гэм буруугийн талаар

  

Өсвөр насны шүүгдэгч А.Б   нь 2019 оны 6 дугаар сарын 2-ноос 3-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэр, “Монелын” 36 дугаар гудамжинд Б.Түвшинбаярыг зодож эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь хавтаст хэрэгт цугларсан дараахи нотлох баримтуудаар нотлогдож байна. Үүнд:

 

Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Б.Түвшинбаярын өгсөн: “...2019 оны 6 дугаар сарын 2-ноос 3-нд шилжих шөнө Монелын эцэст найзынхаа гэрт 0.5 литрийн Хараа, 0.75 литрийн Хараа 2 шилийг уусан. Мөн 2.5 литрийн Сэнгүр нэртэй пивоноос 2-3 найзуудын хамтаар ууж дуусгаад хэсэг хугацаанд унтаж байгаад шөнийн 01-02 цагийн хооронд гэр рүүгээ харих гээд явсан ба гудамжаар явж байтал гудамны үзүүрт 1 залуу 2 охинтой зогсож байсан Тэгээд би хажуугаар нь зөрөхдөө уг залуугаас тамхи асуутал эргэж хараад миний нүүрэн тус газар 1 удаа цохьсон ба би газар унасан. Тэгээд газар унасан байхад миний дээрээс нүүр нүдгүй зодоод байсан. Хэсэг хугацаанд ухаан алдсан байсан ба намайг сэртэл нэг цагдаа ирсэн “ахын дүү эрүү чинь хугарсан байна” гэж хэлсэн ба цус их хэмжээгээр гарсан байсан. Тэгээд би түргэн тусламжийн 103-аар хүргэгдэн ирсэн. Тухайн залуу 18-20 орчим насны 165 см өндөртэй, шаргал царайтай залуу байсан.” /хх-6-8/ гэх мэдүүлэг,

 

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Ш.Лхагвасүрэнгийн өгсөн: “...2019 оны 6 дугаар сарын 2-ны шөнө 01 цаг 13 минутанд үл таних дугаараас “Гэмтэл согог судлалын төвөөс ярьж байна, танай хүү Б.Түвшинбаяр нь хүнд зодуулан манай эмнэлэгт ирсэн байна” гэж ярьсан. Тэгээд би охин Түвшинжаргал, хүү Отгонбаяр, Билгүүн нарын хамтаар Гэмтэл согог үндэсний төв дээр очиход манай хүү орон дээр толгой нь битүү боолттой, нүүр царай нь маш их хавдартай байсан.” /хх-14/ гэх мэдүүлэг,

 

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч О.Эрдэнэцогтын өгсөн: “...2019 оны 6 дугаар сарын 2-ны шөнө би найз Түвшинбаяртай гэртээ 2.5 литрийн 2 ширхэг Боргио нэртэй пиво уусан. Тэгээд манай гэрээс гарч Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо, Монелын 36 дугаар гудаммжинд явж байгаад би хальт таньдаг нэг охинтойгоо уулзаад буцаад найз Б.Түвшинбаяр дээр ирэхэд хүнд зодуулсан байдалтай уруул хамарнаас нь цус гарсан, эрүү нь хавдсан, зүүн талын нүд нь хөхөрсөн, ам нь хаагдаж чадахгүй хавдсан байдалтай газар дээшээ хараад унасан байсан. Тэгээд би цагдаа болон түргэн тусламж руу залгаж дуудлага өгсөн. Энэ үед манай гэрийн ойролцоо байдаг зүс таних 20 орчим настай хүүхэд цаашаа зугтаагаад явсан. Мөн танихгүй 1 охин хажууд нь байсан ба надтай нэг танихгүй охин хамт Б.Түвшинбаярын зодуулсан газар ирсэн. Б.Түвшинбаяр нь нэг хашааны үүдэнд хэвтэж байсан. Хашаан дотроос нэг эгч гарч ирээд эргүүлийн 2 цагдаад зугтаасан залуу зодсон гэж хэлсэн.” /хх-15/ гэх мэдүүлэг,

 

Мөрдөн шалгах ажиллагаанд насанд хүрээгүй гэрч Т.Номингийн өгсөн: “...2019 оны 6 дугаар сарын 2-ны орой би дүү Даваацэцэгийн хамт халуун усанд орох гээд явж байхад халуун усны хажууд зүс таних Бат-Эрдэнэ гэх хүүхэдтэй таарсан ба үл таних нэг залуутай маргаад зогсож байсан. “Бат-Эрдэнийг хоёулаа зодолдох уу, чи муу намайг барах уу” гэх мэтээр орилоод байсан ба хөл дээрээ зогсож чадахгүй хашаа түшээд байсан. Тэгээд би халуун ус руу орж цаг бүртгүүлэх гээд орсон. Тэгээд 5 минут орчмын дараа гараад ирэхэд Бат-Эрдэнэ болон нөгөө 2 согтуу ах байхгүй байсан. Бат-Эрдэнэ архи уугаагүй байсан. Харин шорттой намхан нуруутай ах болон Цогоо гэх ах нар их согтолттой байсан.” /хх-16/ гэх мэдүүлэг,

 

          Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээчийн 2019 оны 6 дугаар сарын 14-ний өдрийн №7054 тоот дүгнэлтэнд:

   1. Б.Түвшинбаярын биед эрүү ясны их биеийн баруун зүүн хэсэгт хугарал, эрүүний зүүн титэм сэртэнд хугарал, зүүн хоншоор яс, тагнай ясны хугарал. хоншоорын түүшин сэртэнгийн хугарал, тархи доргилт, зүүн хацар, шанаа зовхинд зөөлөн эдийн няцрал, зүүн нүдний зовхинд цус хуралт, духанд нөсөө тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

З. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.

4. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.

5. Хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой байна.

6. Одоогоор шүдний булгаралыг тогтоох боломжгүй байна гэх №7054 дугаартай дүгнэлт /хх-18/ гэх мэдүүлэг,

 

Өсвөр насны А.Б яллагдагчаар өгсөн: “...Сонсгосон ялыг хүлээн зөвшөөрч байна. Иргэн Б.Түвшинбаярын биед учирсан гэмтлийг хүлээн зөвшөөрч байна.” /хх-25/ гэх мэдүүлэг,

Гэмт хэрэг, захиргааны зөрчлын талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, бичгээр гаргасан өргөдөл /хх-2-3/,

Мөрдөгчийн нас тоолсон тэмдэглэл /хх-33/,

Хохирлын талаархи баримтууд /хх-41-42/,

Өсвөр насны шүүгдэгч А.Б урьд ял шийтгэгдсэн эсэх лавлагаа /хх-28/,

 

Ийнхүү шүүхийн шийдвэрийн тодорхойлох хэсэгт дурьдагдсан байдлаар А.Б   нь 2019 оны 6 дугаар сарын 2-ноос 3-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэр, “Монелын” 36 дугаар гудамжинд Б.Түвшинбаярыг зодож эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан болох нь мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Б.Түвшинбаяр, гэрч Ш.Лхагвасүрэн, О.Эрдэнэцогт, Т.Номин, өсвөр насны А.Б яллагдагчаар өгсөн мэдүүлэг, Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээчийн 2019 оны 6 дугаар сарын 14-ний өдрийн №7054 тоот дүгнэлт, хохирол нэхэмжилсэн баримтууд, гэрэл зургийн үзүүлэлтүүд болон бусад хавтас хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтууд зэргээр нотлогдон тогтоосон байх тул шүүх дээрхи нотлох баримтуудыг хэрэгт хамааралтай, хууль ёсны, ач холбогдолтой, үнэн зөв гэж үзсэн болно.

 

Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэрэг гэдэг нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдалд гэм буруугийн санаатай хэлбэрээр халдсан, Эрүүгийн хуулийн 11.4 дүгээр зүйлд хуульчлан тодорхойлж, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр заасан нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл юм.

Түүнчлэн энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй болно.

 

        Баянзүрх дүүргийн прокурорын газраас өсвөр насны шүүгдэгч А.Б д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1-д заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна.

 

Өсвөр насны шүүгдэгч А.Б гэм буруу нь шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар хөдөлбөргүй нотлогдсон гэж дүгнэж, түүнд Эрүүгийн хуульд заасан ял шийтгэл оногдуулах нь хууль зүйн үндэслэлтэй.

 

Өсвөр насны шүүгдэгч А.Б  нь хохирогч Б.Түвшинбаярын баримтаар нэхэмжилсэн хохирлыг төлсөн ба хохирогч нь цаашид гарах эмчилгээний зардалтай холбоотой баримтаад жич бүрдүүлэн Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх тухай хуулиар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдэхээр шийдвэрлэв.

 

Өсвөр насны шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар

 

Энэ хэрэгт эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэн болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

 

Шүүхээс өсвөр насны шүүгдэгч А.Б гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршигийн шинж чанар, хохирлыг төлж барагдуулсан байдал, хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1-д ...эрүүгийн хариуцлага нь тухай хүн,... үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ гэм буруугийн хэлбэрт тохирсон байна... гэсэн зарчмыг баримтлан, өсвөр насны шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ зэргийг харгалзан Эрүүгийн хуульд зааснаар ял шийтгэл оногдуулж шийдвэрлэлээ.

 

Өсвөр насны шүүгдэгч А.Б  нь гэмт хэрэг үйлдэхдээ 14 насанд хүрсэн 18 насанд хүрээгүй байх ба Эрүүгийн хуулийн ерөнхий ангид зааснаар өсвөр насны шүүгдэгчид оногдуулах ялыг 2 дахин багасгах нь зүйтэй байна.

 

Шүүхээс хэргийг хянан шийдвэрлэхдээ өсвөр насны шүүгдэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхолыг харгалзан шүүх хуралдааныг хаалттай явуулж шийдвэрлэв.

 

Өсвөр насны шүүгдэгч А.Б гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, нийгмийн аюулын шинж чанар, учирсан хохиролын шинж чанар, төлөгдсөн байдал, өсвөр насны шүүгдэгч нарын гэмт хэрэгт өгч байгаа дүгнэлт, гэм буруутайгаа хүлээн зөвшөөрч байгаа зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 8 дугаар бүлэгт заасныг журамлан нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж, өдөрт тодорхой цагийн хязгаарлалттайгаар хийлгэхээр тогтоох нь зүйтэй гэж шүүх үзлээ.

 

Өсвөр насны шүүгдэгч А.Б  нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг дурдах нь зүйтэй байна.

 

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.8, 37.1, 38.1 дүгээр зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Өсвөр насын шүүгдэгч А.Б Эрүүгийн

хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1-д заасан “хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

  2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 8.3 дугаар зүйлийн 1-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1-д зааснаар өсвөр насны шүүгдэгч А.Б нэг зуун хорин цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

 

  3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.3 дугаар зүйлийн 2-д заасныг баримтлан өсвөр насны шүүгдэгч А.Б д оногдуулсан нэг зуун хорин цагийн хугацаагаар албадан ажил хийлгэх ялыг өдөрт гурван цагаар тооцож хийлгэхээр тогтоосугай.  

 

   4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг өсвөр насны шүүгдэгч А.Б , түүний хууль ёсны төлөөлөгч нарт мэдэгдсүгэй.

 

5. Өсвөр насны шүүгдэгч А.Б  нь хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, өсвөр насны шүүгдэгч нь нотлох баримтаар бусдад төлөх төлбөргүй болохыг дурдсугай.

 

 6. Хохирогч Б.Түвшинбаяр нь цаашид гарах эмчилгээний зардалтай холбоотой баримтаа бүрдүүлж Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх тухай хуулиар нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.

 

 7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурьдаж, өсвөр насны шүүгдэгч А.Б д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

      8. Шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч ,тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч, өөрөө гардан авснаас хойш эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

9. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл өсвөр насны шүүгдэгч А.Б д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

                                    ДАРГАЛАГЧ,

                                             ШҮҮГЧ                                Э.ЧИНГИС