Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 06 сарын 06 өдөр

Дугаар 210/МА2025/00980

 

 

 

*******-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Баясгалан даргалж, шүүгч Т.Бадрах, Б.Мандалбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн 191/ШШ2025/02532 дугаар шийдвэртэй,

 

*******-ийн нэхэмжлэлтэй,

*******-д холбогдох,

 

Гэрээний үүрэгт 154,134,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Б.Мандалбаяр илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Хариуцагчийн төлөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Нинжбадгар нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, үндэслэлийн агуулга:

Манай компани 2022 оны 03 дугаар сарын 16-ны өдөр *******-тай бэлтгэн нийлүүлэх гэрээ байгуулж, гэрээний дагуу төлбөр болгож *******, *******, ******* оффис *******, 4 давхрын 96,68м.кв талбайтай оффисын 1м.кв-ыг 3,700,000 төгрөгөөр тооцож, нийт 357,716,000 төгрөгийн үл хөдлөх эд хөрөнгийг шилжүүлэн өгч, дээрх дүнд бетон зуурмагийн түүхий эд материал болох ус багасгагч, түргэн бэхжүүлэгчийг тус тус авахаар тохиролцсон юм. Гэсэн хэдий боловч ******* нь тохиролцсон хугацаандаа түүхий эд материалыг нийлүүлээгүй тул бид төлбөрийг төлөх талаар удаа дараа шат дараалсан уулзалт, ярилцлагыг зохион байгуулж, төлбөр төлөхийг албан бичгээр мэдэгдэн 2024 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн 01/228 дугаар албан мэдэгдлээр 2014 онд үйлдвэрлэгдэж, 2021 онд импортлогдсон хар өнгийн ******* улсын дугаартай ******* маркийн автомашиныг 38,000,000 төгрөгт тооцон авч, үлдэгдэл төлбөр болох 100,756,000 төгрөгийг 2024 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн дотор төлж барагдуулахаар тохиролцсон бөгөөд тогтоосон хугацаанд төлж барагдуулсан тохиолдолд алдангийг авахгүй байхаар шийдвэрлэсэн юм. Дахин 2024 оны 09 дүгээр сарын эхээр утсаар холбогдож, хариуцагч талаас 2024 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн дотор үлдэгдэл төлбөрийг төлж барагдуулахаар амлалт өгч, бидний зүгээс ч төлбөр төлөх хангалттай боломжийг хариуцагч талд бий болгон ажилласан. Гэвч хариуцагч тогтоосон хугацаанд хүлээсэн үүргээ биелүүлээгүй тул гэрээний үүргийн гүйцэтгэлийг шаардах арга хэмжээ авахаас өөр аргагүй нөхцөл байдал үүсээд байна.

Иймд, 2022 оны 3 дугаар сарын 16-ны өдрийн бэлтгэн нийлүүлэх гэрээгээр олгогдсон шаардах эрхийн дагуу худалдан авагч *******-д холбогдуулан дараах нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байна. Үүнд: Нэгдүгээрт, 2022 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн бэлтгэн нийлүүлэх гэрээний үлдэгдэл төлбөр болох 100,756,000 төгрөг, хоёрдугаарт, бэлтгэн нийлүүлэх гэрээний 4.2-т зааснаар худалдан авагч нь төлбөр тооцоог хугацаанд нь төлөөгүй нөхцөлд хугацаа хэтэрсэн хоног тутам 0.2 хувийн алданги тооцож 2023 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс 2024 оны 10 дугаар сарын 29-ний өдрийг хүртэлх 100,756,000 төгрөгийн 578 хоногийн алданги 116,473,936 төгрөг болох бөгөөд үүнийг Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4-д заасныг удирдлага болгон 50,378,000 төгрөг, нийт 151,134,000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлага гаргаж байгааг хянан шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга:

Манай компани *******-тай 2022 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн бэлтгэн нийлүүлэх гэрээ байгуулж уг гэрээний үнэд 2022 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр арилжааны гэрээгээр улсын бүртгэлийн дугаартай, гэрчилгээний дугаартай, Улаанбаатар хот, *******, *******, , // гудамж , *******, байршилтай, 96.68 м.кв талбайтай 2 өрөө орон сууцны зориулалттай байрыг 1 м.кв-ын үнэ 3,600,000 төгрөгөөр үнэлэн нийт 348,048,000 төгрөгөөр бодож авсан. Манай компанийн үйл ажиллагаанд Солонгос талаас бараа материал нийлүүлдэг хамтран ажилладаг компани түүхий эдийн үнээ тонн тутамд 300 /гурван зуун/ ам.доллароор мөн тээврийн зардал 1,500 ам.доллароор нэмэгдсэнээс үүдэн саатал гарсан тул гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэх боломжгүй болсон. Нэхэмжлэгч талын нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрч байна. Бид гэрээний үндсэн төлбөрийг бусад компаниас авах авлагаараа төлж барагдуулах боломжтой. Харин алданги болох 50,378,000 төгрөгийг төлж барагдуулахад хүндрэлтэй байна гэжээ.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:

Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан хариуцагч *******-аас 100,756,000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч *******-нд олгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаас 50,378,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчийн төлсөн 913,620 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч *******-аас 661,730 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч *******-нд олгож шийдвэрлэжээ.

 

4. Нэхэмжлэгчийн төлөөлөгчийн давж заалдах гомдлын агуулга:

...Талууд 2022 оны 3 дугаар сарын 16-ны өдөр бэлтгэн нийлүүлэх гэрээ байгуулж тус гэрээний дагуу нэхэмжлэгчийн зүгээс түүхий эд материалын төлбөрийг 100 хувь бартераар урьдчилан төлсөн бөгөөд, талууд 2022 оны 3 дугаар сарын 16-ны өдрөөс 2023 оны 4 дүгээр сарын 01-ний өдрийн хооронд бетон зуурмагийн түүхий эд материал болох ус багасгагч, түргэн бэхжүүлэгчийг нийлүүлж дуусгахаар харилцан тохиролцож хугацааг тодорхойлсон ба хариуцагч талаас гэрээний хугацаандаа нийлүүлж эхэлсэн. Ингээд нийт 218,960,000 төгрөгийн бүтээгдэхүүн өгсөн нь талуудын 2023 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн тооцоо нийлсэн актаар нотлогдож, 138,756,000 төгрөгийн түүхий эд материалын төлбөр тооцооны үлдэгдэлтэй үлдсэнээс 2024 оны 8 дугаар сарын 05-ны өдөр 38,000,000 төгрөгт тээврийн хэрэгсэл шилжүүлэн өгч, үлдэх 100,756,000 төгрөгт түүхий эд материал нийлүүлэх үүрэг нь үлдсэн юм.

Шүүгч шүүхийн шийдвэрийн үндэслэлдээ: ...бараа материалыг бэлтгэн нийлүүлэх хугацаа тохиролцоогүй... хэмээн дүгнэж алдангийг хэрэгсэхгүй болгосон бөгөөд Иргэний хуулийн 208 дугаар зүйлийн 208.1 дэх хэсэгт Үүргийг хууль буюу гэрээнд заасан хугацаанд гүйцэтгэнэ. гэжээ. Шүүгчийн дүгнэснээр талууд үүрэг гүйцэтгэх хугацааг гэрээгээр тогтоогоогүй гэж үзвэл Иргэний хуулийн 208 дугаар зүйлийн 208.2-т Үүрэг гүйцэтгэх хугацаа тогтоогоогүй буюу болзол тавиагүй, үүргийн шинж чанараас шалтгаалан түүнийг тодорхойлох боломжгүй бол үүрэг гүйцэтгүүлэгч үүргийн гүйцэтгэлийг хэдийд ч шаардах эрхтэй, үүрэг гүйцэтгэгч нэн даруй гүйцэтгэх үүрэгтэй байна гэж заасныг баримтлан үзвэл нэхэмжлэгч талын шаардах эрх хэдийн үүссэн гэж үзэхээр байна.

Өөрөөр хэлбэл, Иргэний хуулийн 208 дугаар зүйлийн 208.3-т "Хууль буюу гэрээнд өөрөөр заагаагүй бол үүргийн шинж чанараас шалтгаалан үүрэг гүйцэтгүүлэгч үүргийн гүйцэтгэлийг шаардсанаас хойш арав хоногийн дотор үүрэг гүйцэтгэгч үүргээ гүйцэтгэх үүрэгтэй. гэж заасныг баримталж, хариуцагч талтай 2023 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн тооцоо нийлсэн актыг баримтлан шаардах эрх үүссэн гэж үзэх үндэслэлтэй ба 2023 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн дотор барагдуулах үүргээ гүйцэтгээгүй гэж үзэхээр байна.

Гэсэн хэдий ч талууд хоорондоо үүрэг гүйцэтгэх хугацаагаа тодорхойлсон бөгөөд энэ хугацаагаа 2022 оны 03 дугаар сарын 16-ны өдрөөс 2023 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн хооронд түүхий эд материалаа нийлүүлж дуусгавар болгох ёстой байсан боловч дуусгавар болгоогүй юм. Гэрээнд дурдсан хугацаанд хариуцагч тал гэрээний үүргийн 60 гаруй хувийг гүйцэтгэснийг дурдах нь зүйтэй юм.

Иймд, дээрх үндэслэлүүдийг харгалзан үзэж анхан шатны шүүхийн шийдвэрийн алдангийг хэрэгсэхгүй болгосон хэсгийг хянан үзэж, шийдвэрт өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

 

5. Хариуцагчийн төлөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбарын агуулга:

Гэрээнд заасан үндсэн төлбөрийг төлөх боломжтой. Компанийн үйл ажиллагааны улмаас алдангийн төлбөрийг төлөхөд хүндрэлтэй байна гэв.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар хэргийг зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй бүхэлд нь хянан үзээд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэв.

 

2. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******-д холбогдуулан гэрээний үүрэгт 154,134,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч нь 100,756,000 төгрөгийг хүлээн зөвшөөрч, 50,378,000 төгрөгт холбогдох хэсгийг эс зөвшөөрч маргажээ.

 

Анхан шатны шүүх зохигчийн хооронд үүссэн үйл баримтыг зөв тогтоосон боловч эрх зүйн харилцааг зөв тодорхойлоогүйгээс гадна нэхэмжлэлийн шаардлагаас алдангид холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ хуулийг зөв тайлбарлаж хэрэглээгүйг давж заалдах шатны шүүхээс залруулж, нэмж дүгнэнэ.

 

3. Хэрэгт цугларсан баримтаар ******* нь 2022 оны 03 дугаар сарын 16-ны өдөр *******-тай бэлтгэн нийлүүлэх гэрээ байгуулж, нэхэмжлэгч тус компани ******* *******, оффис, *******, 4 дүгээр давхрын , 96.68 м.кв оффисын талбайг нийт 357,716,000 төгрөгөөр тооцож шилжүүлэх, хариуцагч нь уг үнийн дүнд тохирсон HD-ус багасгагч /нэгжийн үнэ 2,840,000 төгрөг/, HD300-түргэн бэхжүүлэгч /нэгжийн үнэ 3,650,000/-ийг нийлүүлэхээр харилцан тохиролцсон байна. /х.х-ийн 6-7/

 

4. Анхан шатны шүүх талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-т заасан худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн гэж дүгнэсэн нь үндэслэл муутай болжээ. Учир нь,

 

тус хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-т заасан худалдах, худалдан авах гэрээгээр худалдагч нь эрхийн болоод биет байдлын доголдолгүй гэрээний зүйлийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх, худалдан авагч нь үнийг тохирсон хугацаанд бүрэн төлөх үүрэг хүлээнэ.

 

Өөрөөр хэлбэл, худалдан авагч нь гэрээний зүйлийн үнийг төлбөр тооцооны хэрэгсэл болох мөнгө, аль эсхүл тодорхой хэсгийг бараа бүтээгдэхүүн болон мөнгөөр төлөх тохиолдолд энэ төрлийн гэрээний харилцаа үүссэн гэж үзнэ.

 

Харин талууд ижил үнийн дүнтэй бараа бүтээгдэхүүнийг харилцан нэгнийхээ өмчлөлд шилжүүлэхээр тохиролцсон байх тул тэдгээрийн хооронд Иргэний хуулийн 274 дүгээр зүйлийн 274.1-т Арилжааны гэрээгээр талууд тодорхой хөрөнгийг харилцан өмчлөлд шилжүүлэх үүрэг хүлээнэ гэж зааснаар арилжааны гэрээний харилцаа үүссэн болохыг анхан шатны шүүх анхаараагүй байна.

 

5. Тус гэрээний үүрэгт нэхэмжлэгч нь гэрээнд заасан оффисын талбайг хариуцагчийн өмчлөлд шилжүүлсэн, хариуцагч нь гэрээний үүргээс 167,520,000 төгрөгийн бетон зуурмагийн нэмэлт, мөн 89,440,000 төгрөгийн автомашин өгч, 100,756,000 төгрөгийн үнэтэй бараа бүтээгдэхүүн нийлүүлээгүй байгаа талаар хэн аль нь маргаагүй боловч алданги 50,378,000 төгрөг төлөх ёстой эсэх нь талуудын маргааны зүйл болжээ. /х.х-ийн 8-9/

 

Гэрээний 8 дугаар зүйлийн 8.1-д Гэрээний үйлчлэх хугацаа 2022 оны 03 дугаар сарын 16-ны өдрөөс 2023 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл байна гэж заасан нь тус гэрээний ерөнхий хугацааг илэрхийлсэн агуулгатай болохоос үүрэг гүйцэтгэх тусгай буюу ус багасгагч болон түргэн бэхжүүлэгчийг нийлүүлэх өдрийг тухайлан тохирсон гэж үзэхэд учир дутагдалтай байна.

 

Тиймээс анхан шатны шүүх дээрх үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагаас алдангид холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг буруутгахгүй.

 

6. Үүнээс гадна хэрэгт авагдсан баримтаар ******* нь 2024 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр *******-д арилжааны гэрээг цуцалж, дутуу нийлүүлсэн бараа бүтээгдэхүүнийг биет байдлаар хүлээн авахаас татгалзаж, харин 100,756,000 төгрөгийг шаардсаныг хариуцагчийн зүгээс няцаагаагүй байна. /х.х-ийн 8/

 

Энэ тохиолдолд талуудыг 2022 оны 03 дугаар сарын 16-ны өдөр байгуулсан арилжааны гэрээг цуцлахаар тохирч, улмаар хариуцагч нь нэхэмжлэгчээс шилжүүлэн авсан бараа бүтээгдэхүүний хариу төлбөрт нийлүүлэх ёстой байсан бараа бүтээгдэхүүнээс дутуу нийлүүлсэн бараа бүтээгдэхүүний үнийг нэхэмжлэгчид төлөхийг зөвшөөрсөн гэж үзэх тул зохигчийн хооронд байгуулагдсан гэрээний алдангийн талаарх тохиролцоо мөн адил цуцлагдсанд тооцно.

 

Мөн нэхэмжлэгчийн төлөөлөгчийн давж заалдах гомдолд дурдсан Иргэний хуулийн 208 дугаар зүйлийн 208.3-д Хууль буюу гэрээнд өөрөөр заагаагүй бол үүргийн шинж чанараас шалтгаалан үүрэг гүйцэтгүүлэгч үүргийн гүйцэтгэлийг шаардсанаас хойш арав хоногийн дотор үүрэг гүйцэтгэгч үүргээ гүйцэтгэх үүрэгтэй гэж зааснаар үүрэг гүйцэтгэх хугацааг тоолж эхлэхэд үүрэг гүйцэтгүүлэгч нь тийнхүү энэ талаар үүрэг гүйцэтгэгчид шаардлага гаргасан байх учиртай.

 

Гэтэл хэрэгт авагдсан талуудын 2023 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн тооцоо нийлсэн гэх баримтаар нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******-аас 138,756,000 төгрөгийн үнэ бүхий бараа бүтээгдэхүүнийг биет байдлаар нийлүүлэхийг шаардсан бус, дутуу нийлүүлсэн бараа бүтээгдэхүүний үнийн талаар тооцоо нийлжээ. /х.х-ийн 10/

 

7. Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1-т Хууль буюу гэрээнд заасны дагуу аль нэг тал нь гэрээнээс татгалзсан бол талууд гэрээний гүйцэтгэлийг биет байдлаар нь, түүнчлэн гэрээ биелсэнээс олсон ашгийг харилцан буцааж өгөх үүрэгтэй гэж, 205.2-т Дараахь тохиолдолд үүрэг гүйцэтгэгч үүргийн гүйцэтгэлийг биет байдлаар бус мөнгөөр нөхөн төлнө гээд 205.2.1-т гүйцэтгэсэн үүргийн шинж чанараас шалтгаалан биет байдлаар эргүүлж өгөх боломжгүй гэж тус тус заасан.

 

Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******-д 357,716,000 төгрөгийн үнэтэй үл хөдлөх хөрөнгийг шилжүүлэн өгч, хариу төлбөрт үүнтэй дүйцэхүйц хэмжээний бараа бүтээгдэхүүнийг хүлээн аваагүй учир гэрээний биелэгдээгүй хэсгээс татгалзаж 100,756,000 төгрөгийг нэхэмжилсэн нь үндэслэлтэй бөгөөд хариуцагчаас энэ талаар гомдол гаргаагүй учир талуудын зарчмын хүрээнд давж заалдах шатны шүүхээс нэмж дэлгэрэнгүй дүгнэлт өгөхгүй.

 

Дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэгчийн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулахаар давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн 191/ШШ2025/02532 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн

 

1 дэх заалтын ...243 дугаар зүйлийн 243.1 гэснийг 274 дүгээр зүйлийн 274.1, 205 дугаар зүйлийн 205.1 гэж өөрчилж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 409,840 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт тус тус зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардаж авсан, аль эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд Шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж гардаж авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын жураар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ М.БАЯСГАЛАН

 

ШҮҮГЧИД  Т.БАДРАХ

 

Б.МАНДАЛБАЯР