Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 09 сарын 19 өдөр

Дугаар 158

 

Д.О-ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай
                                                           

Хэргийн индекс: 135/2015/00732/и

Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн  давж  заалдах шатны шүүхийн  шүүгч С.Оюунцэцэг даргалж, шүүгч Г.Давааренчин, шүүгч С.Энхжаргал нарын  бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

     Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 921 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч Алх овогт Д-ийн О-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч Шарынхан овогт О-ийн Э-д холбогдох

          “4.000.000  төгрөг гаргуулах” тухай иргэний хэргийг

           Нэхэмжлэгч Д.О-ын давж заалдсан гомдлыг үндэслэн 2016 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр хүлээн авч шүүгч С.Энхжаргалын илтгэснээр хянан хэлэлцэв.

           Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Д.О-, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Цэдэндамбаа, хариуцагч О.Э-,  шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Мандуул нар оролцов.

Нэхэмжлэгч Д.О- шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Миний бие Д.О- нь иргэн О.Э-д 2013 оны 05 дугаар сарын 24-ний өдөр 4.000.000 төгрөгийг сарын 8 хувийн хүүтэй зээлсэн. Зээлийн төлбөрийг зээлдэгч О.Э-ын нөхрийн 140800034570 тоот дансанд шилжүүлсэн. Зээлдэгч О.Э- нь зээлсэн үндсэн мөнгөө тохиролцон хугацаанд одоо болтол төлөөгүй байна. Одоо зээлийн үндсэн төлбөр 4.000.000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч О.Э- шүүхэд гаргасан тайлбартаа:

Миний бие О.Э- нь Д.О-аас 2013 оны 05 дугаар сарын 24-ний өдөр 4.000.000 төгрөгийг 1 сарын хугацаатай сарын 8 хувийн хүүтэйгээр зээлсэн бөгөөд нийтдээ 33 сарын хугацаанд 10.560.000 төгрөгийг төлсөн тул одоо Д.О-т төлөх өр төлбөргүй учраас нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Энэхүү нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

            Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 921 дугаар  шийдвэрээр

      Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 283 дугаар зүйлийн 283.1-д зааснаар нэхэмжлэгч Д.О-ын хариуцагч О.Э-аас 4.000.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

      Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч Д.О-аас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 78.950 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

            Нэхэмжлэгч Д.О- давж заалдсан гомдолдоо:

            Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 921 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч байна.

            О.Э- нь 2013 оны 05 дугаар сарын 24-ний өдөр надаас 4.000.000 төгрөгийг 0,8 хувийн хүүтэйгээр зээлээд түүнийгээ төлөөгүй 2 жил 7 сар гаруй болсон. Энэ хугацаанд О.Э- үндсэн мөнгө 4.000.000 төгрөгийг төлөөгүй байхад анхан шатны шүүхийн шийдвэрээр миний нэхэмжлэлийг хангахгүй орхисон тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгон О.Э-аас 4.000.000 төгрөг гаргуулж өгнө үү гэв.                                                                                                                       

ХЯНАВАЛ:

            Нэхэмжлэгч Д.О-ын  давж заалдсан гомдлыг  хангах  хууль зүйн үндэслэлгүй гэж  давж заалдах шатны  шүүх бүрэлдэхүүн  дүгнэв.

            О.Э- нь  Д.О-аас 2013 оны 05 дугаар  сарын 24-ний өдөр  4.000.000 төгрөгийг, сарын 8 хувийн хүүтэй  зээлж авсан бөгөөд  энэ талаар  зохигчид  маргаагүй байна.

            Анхан шатны шүүх,  зээлдэгч О.Э-  нь зээлийн  төлбөрт   нийт  33 сарын хугацаанд  10.560.000 төгрөг  буцааж төлсөн, зээлдүүлэгч Д.О-  нь зээлийн хүүд  2 жил 7 сарын хугацаанд  8.960.000  төгрөг буцааж  авсан  гэж  маргасныг, хариуцагч   татгалзлын үндэс болж байгаа байдлын талаархи    нотлох  баримтаа гаргаж нотлоогүй ч нэхэмжлэгчийн хүлээн зөвшөөрсөн   хэмжээгээр,  зээлийн гэрээгээр  зээлийг буцааж төлөх  хугацаа  тогтоогоогүй  байсныг  тодруулж,  Иргэний хуулийн 283 дугаар зүйлийн 283.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай  хуулийн 42 дугаар зүйлийн 42.3  дахь хэсгийн зохицуулалтуудыг  зөв тайлбарлан  “...зохигч тал..., ...нөгөө  талын гаргасан  нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн буюу  түүний зарим хэсгийг хүлээн зөвшөөрч болно..., ...зээлийн гэрээгээр  зээлийг буцааж төлөх хугацаа  тогтоогоогүй бол зээлдүүлэгчийн шаардсанаар  түүнийг буцааж төлөх бөгөөд  ийнхүү шаардсанаас хойш  нэг сарын дотор зээлдэгч  үүргээ  биелүүлэх  үүрэгтэй...”  гэж дүгнэсэн  дүгнэлт нь  хуулийн  үндэслэлтэй  байна.

            Нэхэмжлэгчийн  нэхэмжлэлийн  шаардлагын агуулгаас үзвэл  О.Э-д  зээлүүлсэн  үндсэн  зээл 4.000.000 төгрөг  гаргуулах  тухай  бөгөөд  О.Э-ын төлсөн 8.960.000 төгрөг  бол  зээлийг  ашигласан  2 жил 7 сарын хугацааны  хүү  байсан  гэсэн  агуулгатай байна.

            Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь мөнгө болон төрлийн шинжээрээ тодорхойлогдох  эд хөрөнгийг  зээлдэгчийн өмчлөлд шилжүүлэх, зээлдэгч нь  авсан мөнгө, эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний  эд хөрөнгийг  зээлдүүлэгчид  буцаан төлөх  үүргийг  хүлээдэг, зээлийн гэрээгээр  талууд хэлэлцэн тохиролцож  хүү тогтоож болно, зээлийн гэрээг хугацаатай болон хугацаагүй байгуулж болно, хугацаа  тогтоосон  бол зээлийг гэрээнд заасан хугацаанд төлнө,  хугацаа  тогтоогоогүй бол ззэлийг буцаан  төлөхийг  шаардсанаар  түүнийг буцаан төлөх хугацаа тодорхойлогдоно.

            Нэхэмжлэгч нь  О.Э-аас  зээлээ буцааж төлөхийг 2013 оны  07 дугаар сард  шаардаж байсан   байх тул  зээлийн гэрээний  дуусгавар болох хугацааг энэ үеэр  тооцвол үндсэн зээлийг   2 сарын хүүгийн хамт  төлөх  үүрэг  хүлээсэн байна, харин  2 жил 7 сарын хугацааны хүү төлөх  үүрэг хүлээгээгүй  байна,  О.Э-  хүлээсэн үүргээ  биелүүлсэн байх тул   Д.О-ын  нэхэмжлэл  нь үндэслэлгүй  болжээ.

            Иймд  анхан шатны  шүүх  хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй, Иргэний  хуулийг  зөв  тайлбарлан хэрэглэсэн  байх тул дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр  үлдээх  нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 921 дугаар шийдвэрийг  хэвээр үлдээж,  нэхэмжлэгч Д.О-ын давж заалдсан гомдлыг  хангахгүй  орхисугай.

2.Иргэний  хэрэг шүүхэд  хянан шийдвэрлэх тухай хуулийн   162 дугаар зүйлийн 162.4-т зааснаар  Д.О-аас  давж заалдах гомдол гаргахдаа  улсын тэмдэгтийн  хураамжид төлсөн 79.000 төгрөгийг төрийн сангийн  орлогод  хэвээр үлдээсүгэй.

3.Иргэний хэрэг  шүүхэд хянан шийдвэрлэх тухай  хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар  зүйлийн 172.2-т зааснаар Давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч  буюу өмгөөлөгч  магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай. 

4.Иргэний хэрэг  шүүхэд хянан  шийдвэрлэх тухай  хуулийн  119 дүгээр  зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар  талуудад магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногт  шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах  үүрэгтэй бөгөөд гардаж аваагүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг  мэдэгдсүгэй.  

 

                           ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                 С.ОЮУНЦЭЦЭГ  

                           ШҮҮГЧИД                                                  Г.ДАВААРЕНЧИН 

                                                                                              С.ЭНХЖАРГАЛ