Улсын дээд шүүхийн Тогтоол

2016 оны 05 сарын 18 өдөр

Дугаар 138

 

  Д.Ц-д холбогдох эрүүгийн

хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг

Танхимын тэргүүн Т.Уранцэцэг даргалж,

шүүгч Б.Батцэрэн, Ч.Хосбаяр, Б.Цогт, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй,

прокурор М.Буяннэмэх,

нарийн бичгийн дарга Б.Дүүрэнжаргал нарыг оролцуулан,

Баянгол, Хан-Уул, Сонгинохайран дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 2 дугаар сарын 25-ны өдрийн 199 дүгээр шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн 204 дүгээр магадлалтай, Д.Ц-д холбогдох 201526021989 дугаартай хэргийг шүүгдэгчийн гомдлоор хянан хэлэлцэв.

 

1. Монгол Улсын иргэн, 1971 онд төрсөн, эрэгтэй, 1997 онд Эрүүгийн хуулийн 127 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хорих ял оногдуулж, уг ялыг мөн хугацаагаар тэнсэж хянан харгалзсан,

1998 онд Эрүүгийн хуулийн 125 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хорих ял,

2009 онд Эрүүгийн хуулийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар 6 жилийн хорих ял,

2011 онд Эрүүгийн хуулийн 181 дүгээр зүйлийн 181.3 дахь хэсэгт зааснаар 5 жил 5 сарын хорих ялаар тус тус шийтгүүлж байсан, Г овогт Д-ийн Ц нь Эрүүгийн хуулийн 181 дүгээр зүйлийн 181.3 дахь хэсэгт заасан “Бусдыг илтэд үл хүндэтгэн зэвсэг хэрэглэн танхайрах” гэмт хэрэгт холбогджээ.     

Баянгол, Хан-Уул, Сонгинохайран дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүх Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.2 дахь хэсэгт заасныг баримтлан Д.Ц-ын 2011 оны 10 дугаар сарын 25-ны өдөр Эрүүгийн хуулийн 181 дүгээр зүйлийн 181.3 дахь хэсэгт зааснаар 5 жил 5 сарын хорих ялаар шийтгэгдэж, 2015 оны 05 дугаар сарын 13-ны өдөр эдлээгүй үлдсэн 1 жил 1 сар 15 хоногийн хорих ялыг тэнсэж хянан харгалзсан хугацаанаас үлдсэн хугацааг хэрэгсэхгүй болгож,

Шүүгдэгч Д.Ц-ыг давтан үйлдлээр зэвсгийн чанартай зүйл хэрэглэн танхайрсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,

Эрүүгийн хуулийн 181 дүгээр зүйлийн 181.3 дахь хэсэгт зааснаар Д.Ц-ыг 6 жилийн хорих ялаар шийтгэн, уг хорих ялыг онцгой дэглэмтэй хорих ангид эдлүүлж,

Эрүүгийн хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан Д.Ц-ыг онц аюултай гэмт хэрэгтнээр тооцож шийдвэрлэжээ.

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 1 дэх заалтад “...Өршөөл үзүүлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.2 дахь хэсэгт...” гэснийг “...Өршөөл үзүүлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.3 дахь хэсэгт” гэж өөрчилж, шийтгэх тогтоолын бусад заалтыг хэвээр үлдээж шүүгдэгч Д.Ц-ын гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна. 

Илтгэгч шүүгч Ч.Хосбаярын хэргийн талаарх танилцуулга, шүүх хуралдаанд оролцсон прокурор М.Буяннэмэхийн саналыг сонсоод

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Д.Ц хяналтын шатны шүүхэд гаргасан гомдолдоо: “...Хэрэг хохирогчийн өдөөн хатгалтаас үүдэж гарсан. Хохирогчийг хөөж явуулах гэж хохирогчийн өгзөг рүү нэг удаа цохисон. Мөрдөн байцаалтын ажиллагаа яллах талыг баримталж, хохирогчийн “...4 удаа хутгалуулсан...” гэх мэдүүлгийн үндэслэж санамсар болгоомжгүйгээр хохирогчийг 1 удаа хатгасан үйлдлийг 4 удаа хатгасан гэж яллаж шүүхээс 6 жилийн хорих ялыг онцгой дэглэмтэй хорих ангид эдлүүлэхээр шийдвэрлэсэнд гомдолтой байна. Иймд хэргийг үнэн зөвөөр зүйлчлэн, ялыг хөнгөрүүлж өгнө үү...” гэжээ.  

Прокурор М.Буяннэмэх хяналтын шатны шүүхэд хэлсэн саналдаа: “...Д.Ц-д холбогдох хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа бүрэн хийгдсэн, түүний үйлдсэн хэрэг нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдож, тогтоогдсон, хэргийн зүйлчлэл тохирсон, шүүх хэргийг шийдвэрлэх Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчөөгүй тул шийтгэх тогтоол, магадлалыг хэвээр үлдээж, шүүгдэгчийн гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна...” гэв.

Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийтгэх тогтоол, магадлал нь хууль ёсны ба үндэслэлтэй байх Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 284 дүгээр зүйлд заасан шаардлагад нийцсэн байна.

Шүүгдэгч Д.Ц нь 2015 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ Баянгол дүүргийн 22 дугаар хороо Зүүн Нарангийн *** тоот хашаанд бусдыг илтэд үл хүндэтгэн, үл ялих зүйлээр шалтаглан хутгыг зэвсгийн чанартай хэрэглэн хохирогч Н.Г-ийн өгзгөн тус газарт хутгалж, бие махбодид нь хөнгөн гэмтэл учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хохирогч Н.Г, гэрч Д.Н, Ч.Ш нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт зэрэг шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдож, тогтоогдсон талаар анхан болон давж заалдах шатны шүүхийн дүгнэлтийг хууль зүйн үндэслэлтэй гэж үзлээ.

          Д.Ц холбогдох хэрэгт Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 80 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлыг хангалттай шалгаж тодруулсан, шүүх нотлох баримтад тулгуурлан хэргийн үйл баримтыг бодитой тогтоосон байна гэж дүгнэв.

          Д.Ц нь хохирогч Н.Г-ийг гэр орноо цэвэрлэсэнгүй, архи ууж ажлаа хийсэнгүй гэж зэмлэсний төлөө хэлсэн үг, хийсэн үйлдлийнх нь хэр хэмжээнээс хэтэрсэн хүч хэрэглэж өгзгөнд нь хэд хэдэн удаа хутгалж эрүүл мэндэд нь хор хохирол учруулсан нь үл ялих зүйлээр шалтаглаж бусдыг илтэд үл хүндэтгэн нийгмийн хэв журмыг ноцтой зөрчиж зэвсэг хэрэглэн танхайрах гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжтэй байна.

          Шүүх шүүгдэгч Д.Ц нь 2009, 2011 онуудад хүнд гэмт хэрэг санаатай үйлдэж хорих ялаар 2 удаа шийтгүүлж, уг ялаа эдэлсний дараа дахин хүнд гэмт хэрэг санаатай үйлдсэн үндэслэлээр Эрүүгийн хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.1-д зааснаар түүнийг онц аюултай гэмт хэрэгтнээр тооцсон нь үндэслэлтэй, зөв байна.

Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Ц-ын 2011 оны шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 181 дүгээр зүйлийн 181.3 дахь хэсэгт зааснаар оногдуулсан ялаас 1 жил, 1 сар 15 хоногийн хорих ялыг тэнсэж хянан харгалзсан хугацаанаас үлдсэн хугацааг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж Өршөөлийн хуулийг зөв хэрэглэсэн гэж үзлээ.

          Шүүхээс Д.Ц-ын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэм буруугийн хэр хэмжээ, хувийн байдалд тохирсон, хуульд заасан төрөл, хэмжээний ял оногдуулан Эрүүгийн хуулийг зөв хэрэглэж, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчөөгүй байх тул шүүгдэгч Д.Ц-ын “...хэргийн зүйлчлэлийг өөрчилж, тохирох ял шийтгэлийг оногдуулж өгнө үү...” гэсэн гомдлыг хэрэгсэхгүй болгож, анхан болон давж заалдах шатны шүүхийн шийтгэх тогтоол, магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх хуралдаанаас шийдвэрлэв.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 350 дугаар зүйлийн 350.1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

1. Баянгол, Хан-Уул, Сонгинохайран дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 2 дугаар сарын 25-ны өдрийн 199 дүгээр шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн 204 дүгээр магадлалыг тус тус хэвээр үлдээж, шүүгдэгч Д.Ц-ын гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ 

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                        Т.УРАНЦЭЦЭГ

 

ШҮҮГЧ                                                                  Ч.ХОСБАЯР