Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Цэндийн Цогт |
Хэргийн индекс | 128/2019/0556/З |
Дугаар | 221/МА2020/0058 |
Огноо | 2020-01-23 |
Маргааны төрөл | Төрийн алба, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2020 оны 01 сарын 23 өдөр
Дугаар 221/МА2020/0058
2020 оны 01 сарын 23 өдөр Дугаар 221/МА2020/0058 Улаанбаатар хот
Б.С-н нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Батбаатар даргалж, шүүгч Э.Лхагвасүрэн, Ц.Цогт нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Мөнгөнзул, нэхэмжлэгч Б.С, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Р, С.О нарыг оролцуулан Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 829 дүгээр шийдвэрийг эс зөвшөөрч гаргасан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын дагуу Б.С-н нэхэмжлэлтэй, Нийслэлийн худалдан авах ажиллагааны газарт холбогдох захиргааны хэргийг шүүгч Ц.Цогтын илтгэснээр хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 829 дүгээр шийдвэрээр: Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6, Хөдөлмөрийн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Б.С-н нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Нийслэлийн худалдан авах ажиллагааны газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2018 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн “Б.С-д сахилгын шийтгэл ногдуулах тухай” Б/113 дугаар тушаалыг хүчингүй болгож, Б.С-г урьд эрхэлж байсан Нийслэлийн худалдан авах ажиллагааны газрын Захиргаа, санхүүгийн хэлтсийн даргын албан тушаалд эгүүлэн тогтоож, 2018 оны 03 дугаар сарын 20-ны өдрөөс эхлэн 2019 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийг дуусталх ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор 17,418,141 /арван долоон сая, дөрвөн зуун арван найман мянга, нэг зуун дөчин нэг/ төгрөгийг Б.С-д олгож, нэхэмжлэгчийн нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлж, тус дэвтрүүдэд нөхөн бичилт хийхийг Нийслэлийн худалдан авах ажиллагааны газрын даргад даалгаж шийдвэрлэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдолдоо: Б.С нь Нийслэлийн худалдан авах ажиллагааны газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2018 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн Б/113 дугаар тушаалаар төрийн албанаас халагдсан.
Нийслэлийн худалдан авах ажиллагааны газрын Захиргаа, санхүүгийн хэлтсийн ажилтнуудын 2018 оны 03 дугаар сарын ажилласан цагийн тооцооны хуудсаар Б.С нь 03 дугаар сарын 01-ний өдрөөс 03 дугаар сарын 20-ны өдөр хүртэл 1 дөр 8 цаг л ажиллаж, албан ёсны зөвшөөрөлгүй 12 өдөр ажил тасалж, хөдөлмөрийн сахилгын ноцтой зөрчил гаргасан. Ингэж ажил тасалж, албан үүргээ гүйцэтгээгүй нь төрийн жинхэнэ албан хаагчийн хүлээх нийтлэг үүргээ биелүүлж ажиллах Төрийн албаны тухай хуулийн 13 дугаар зүйлд заасан заалт зөрчигдсөн.
Гэтэл шүүх Б.С нь Нийслэлийн худалдан авах ажиллагааны газрын даргын 2018 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн А/10 дугаар тушаалаар батлагдсан “Албан хаагчдын 2018 оны ээлжийн амралтын хуваарь батлах тухай” тушаалын дагуу ээлжийн амралттай байсан, амралтын мэдэгдэл буюу мэдэгдэх хуудас олгох нь ажилтны үүрэг биш харин захиргааны байгууллагын буюу ажил олгогчийн үүрэг тул ээлжийн амралтын мэдэгдэх хуудсыг нэхэмжлэгчид олгоогүй, гардуулаагүй нь нэхэмжлэгч ээлжийн амралттай байсныг үгүйсгэх үндэслэлгүй болохгүй, ээлжийн амралтын цалин олговроо аваагүй нь мөн ээлжийн амралттай байсныг үгүйсгэх үндэслэл болохгүй гэж дүгнэсэн нь үндэслэлгүй байна.
Энэ нь шүүх Б.С-г ээлжийн амралтын мэдэгдэх хуудас аваагүй, олговор аваагүй гэдгийг хүлээн зөвшөөрч нотолсон мөртлөө ээлжийн амралттай байсныг үгүйсгэх үндэслэл болохгүй гэдэг дүгнэлтийг хууль зүйн үндэслэлгүйгээр тайлбарласан. Мөн Б.С нь ээлжийн амралтын хуваарьт заасны дагуу орлох албан тушаалтанд ажлаа хүлээлгэн өгч баримтжуулсан байх ёстой. Энэхүү ээлжийн амралтын хуваарийн дагуу хяналт тавьж ажиллах эрхийг уг тушаалд Б.С-д хариуцуулсан байдаг.
Аливаа албан хаагч ээлжийн амралтаа албан ёсоор авахад байгууллагын захиргаанаас заавал баталгаажуулж өгснөөр амардаг ба мөн ээлжийн амралтын олговор заавал авна гэдгээ ойлгосон байдаг. Баталгаажсан баримтгүйгээр ээлжийн амралт эдэлж, ээлжийн амралтын олговоргүй амрах хууль зүйн зохицуулалт хаана ч байхгүй.
Эрүүл мэнд, нийгмийн хамгааллын сайдын 2000 оны 166 тоот тушаалын 1 дүгээр хавсралтаар батлагдсан “Ээлжийн амралт олгох заавар”-аар ээлжийн амралттай холбоотой харилцааг зохицуулсан ба энэхүү зааврын 1 дүгээр хавсралтаар батлагдсан “Ээлжийн амралт олгох тухай мэдэгдэл”-ийг ажилтанд заавал олгож, баталгаажуулсан байх ба ингэснээр ажилтны амралт эдлэх эрх нь баталгаажна. Мөн байгууллагын захиргаа ажилтны амралтыг байгууллагын хэвийн үйл ажиллагааг алдагдуулахгүйгээр зохицуулах ба уг хугацаа өөрчлөгдөж ч болох тул “Ээлжийн амралт олгох мэдэгдэл” олгоогүй нь ээлжийн амралтыг баталгаажуулаагүй гэсэн үг юм.
Мөн газрын даргаар ажиллаж байсан н.Б дарга 2018 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс ажлаас халагдсанаар Б.С-н ээлжийн амралтыг баталгаажуулах эрх нь Нийслэлийн худалдан авах ажиллагааны газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр 2018 оны 03 дугаар сарын 02-ны өдрөөс томилогдсон Б.Г-д шилжсэн ба Б.С-н ээлжийн амралтыг баталгаажуулаагүй гэдэг нь хавтаст хэрэгт байгаа баримтуудаар нотлогдож байгаа.
Б.Г томилогдсон 2018 оны 03 дугаар сарын 02-ны өдрөөс хойш Б.С-г ажилдаа ирэхийг хүлээж, газрын зохион байгуулалтад бүтцийн өөрчлөлт орсны дагуу шинэ бүтцийн дагуу 2018 оны 03 дугаар сарын 06-ны өдрөөс Б.С-г албан тушаалаас нь чөлөөлж, мөн өдрөөс нь Захиргаа, санхүүгийн хэлтсийн даргын албан тушаалд томилсон боловч ажил үүргээ гүйцэтгээгүй тул 2018 оны 03 дугаар сарын 20-ны өдрөөс төрийн албанаас халах сахилгын шийтгэл ногдуулсан.
Б.С нь удирдах албан тушаалтны хувьд батлагдсан ээлжийн амралтын хуваарийн дагуу ээлжийн амралтаа хэрхэн баталгаажуулах, бүтцийн өөрчлөлтийн дагуу асуудлаа шийдвэрлүүлэх ёстой гэдгийг ойлгож байх ёстой.
Гэтэл шүүх энэ бүхнийг дүгнэж үзээгүй, баримтгүйгээр дүгнэлт гаргасныг хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 128/ШШ2019/0829 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, Б.С-н нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
Анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй байх тул хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхив.
Нийслэлийн худалдан авах ажиллагааны газрын даргын 2018 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн А/10 дугаар тушаалаар тус газрын албан хаагчдын 2018 оны ээлжийн амралтын хуваариар нэхэмжлэгч Б.С-г 2018 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс 03 дугаар сарын 27-ны өдөр хүртэл ажлын 18 хоног амрахаар баталжээ.
Нийслэлийн худалдан авах ажиллагааны газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2018 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн Б/55 дугаар тушаалаар газрын зохион байгуулалтад бүтцийн өөрчлөлтөд орсон гэсэн үндэслэлээр нэхэмжлэгч Б.С-г захиргаа, санхүүгийн хэлтсийн даргын албан тушаалаас чөлөөлж, 03 дугаар сарын 06-ны өдрийн Б/68 дугаар тушаалаар Б.С-г 2018 оны 03 дугаар сарын 06-ны өдрөөс Захиргаа, санхүүгийн хэлтсийн даргын албан тушаалд томилжээ.
Улмаар Нийслэлийн худалдан авах ажиллагааны газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2018 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн Б/113 дугаар тушаалаар “2018 оны 03 дугаар сарын 02-ны өдрөөс 03 дугаар сарын 20-ны өдрийг хүртэл нийт ажлын 12 өдөр хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ажил тасалж, ноцтой зөрчил гаргасан” гэсэн үндэслэлээр нэхэмжлэгчид төрийн албанаас халах сахилгын шийтгэл ногдуулсан нь үндэслэлгүй байна.
Хариуцагч захиргааны байгууллагын даргын баталсан ээлжийн амралтын хуваарийн дагуу амарсан нэхэмжлэгчийг “... газрын даргаар ажиллаж байсан Э.Б даргаас ээлжийн амралтын мэдэгдлийг авч байсан боловч ... Б.Г 2018 оны 03 дугаар сарын 02-ны өдрөөс тус газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томилогдсон ба газрын Захиргаа, санхүүгийн хэлтсээс ээлжийн амралт олгох тухай мэдэгдлийг албан ёсоор аваагүй, олон хоногоор ажил тасалсан” гэж маргаж байгаа нь үндэслэлгүй байна.
Учир нь Төрийн албан хаагч нь Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1.6-д “Хөдөлмөрийн тухай хуулиар тогтоосон ээлжийн амралт эдлэх” баталгаагаар хангагдах бөгөөд төрийн жинхэнэ албан хаагчийг захиргааны санаачлагаар төрийн албанаас халах, чөлөөлөхөд төрийн жинхэнэ албан хаагч хуулиар тогтоосон нийтлэг үүргээ зөрчсөн, хориглосон үйл ажиллагаа явуулсан зэрэг үндэслэлүүдийг шалгаж тогтоосон байх шаардлагыг Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-д заажээ.
Гэтэл эрх бүхий этгээд болох тухайн захиргааны байгууллагын даргын баталсан хүчин төгөлдөр хуваарийн дагуу амарсан төрийн жинхэнэ албан хаагчийн ээлжийн амралттай байсан хугацааг “хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ажил тасалж ноцтой зөрчил” гэж дүгнэн нэхэмжлэгчид төрийн албанаас халах сахилгын шийтгэл ногдуулсан нь Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-д “Энэ хуулийн 13, 15, 40 дүгээр зүйлд заасныг зөрчсөн болон албан үүргээ биелүүлээгүй тохиолдолд тухайн зөрчлийн шинж байдал, түүнийг анх буюу давтан үйлдсэнийг харгалзан хуульд өөрөөр заагаагүй бол төрийн жинхэнэ албан хаагчид дараахь сахилгын шийтгэлийн аль нэгийг ногдуулна” гэж заасантай нийцээгүй байна.
Нэхэмжлэгч нь Төрийн албаны зөвлөлд гаргасан гомдолдоо “... захиргааны акт гаргах үед би Хөдөлмөрийн тухай хуульд заасан ээлжийн амралтыг биеэр эдэлж байсан ба өвчтэй эхээ эмчлүүлэхээр Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Хөх хот, Оросын Холбооны Улсын Улаан-Үд хотуудад зорчиж байсан” гэж дурдсан[1] байх ба мөн шүүхээс нэхэмжлэгчид ээлжийн амралт олгох тухай мэдэгдсэн эсэх талаар нотлох баримт шаардсан албан бичигт хариуцагчаас ирүүлсэн тайлбарт “... Б.С-д 2018 оны 03 дугаар сарын 06-ны өдрөөс ээлжийн амралт эдлүүлэх мэдэгдэл өгсөн, ар гэрийн эрүүл мэндийн шалтгааны улмаас ээлжийн амралтын мөнгөн олговроо бодуулж амжилгүй Бүгд Найрамдах Хятад Ард Улс руу эмчилгээнд явсан” гэж тус тус дурджээ.
Түүнчлэн, “ээлжийн амралт олгох тухай мэдэгдлийг ажилтанд олгоогүй тул Б.С-н ээлжийн амралт биеэр эдлэх эрх нь баталгаажаагүй, орлон гүйцэтгэх албан хаагчид ажлаа актаар хүлээлгэж өгөөгүй” гэх үндэслэлийн тухайд: Төрийн албаны тухай хууль болон Хөдөлмөрийн тухай хуульд зааснаар төрийн албан хаагчийн тухайн жилд эдлэх ээлжийн амралтыг тухайн байгууллагын даргын шийдвэрээр баталгаажуулсан, уг шийдвэрийг түүний ажлыг орлон гүйцэтгэх албан тушаалтан /Б.Г/ мэдэж байсан байх тул нэхэмжлэгч Эрүүл мэнд, нийгмийн хамгааллын сайдын 2000 оны 166 тоот тушаалаар баталсан ээлжийн амралт олгох тухай мэдэгдлийг аваагүй нь түүний ээлжийн амралттай байсан хугацааг “хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ажил тасалсан” гэж үзэх үндэслэл болохооргүй байна.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.1-д заасныг баримтлан
ТОГТООХ нь:
1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 829 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5-д зааснаар шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн нь шүүхийн шийдвэр гарахад нөлөөлсөн гэж үзвэл хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Д.БАТБААТАР
ШҮҮГЧ Э.ЛХАГВАСҮРЭН
ШҮҮГЧ Ц.ЦОГТ
[1] Мөн Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдаанд