| Шүүх | Улсын дээд шүүх |
|---|---|
| Шүүгч | Пүрэвдоржийн Соёл-Эрдэнэ |
| Хэргийн индекс | 110/2024/0068/З |
| Дугаар | 001/ХТ2025/0043 |
| Огноо | 2025-05-09 |
| Маргааны төрөл | Бусад, |
Улсын дээд шүүхийн Тогтоол
2025 оны 05 сарын 09 өдөр
Дугаар 001/ХТ2025/0043
“Б” ХХК-ийн гомдолтой,
Баян-Өлгий аймгийн Засаг даргын Тамгын газрын
Геологи, Уул уурхайн хяналтын улсын байцаагчид
холбогдох захиргааны хэргийн тухай
Монгол Улсын дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүн:
Даргалагч, шүүгч: Ц.Цогт
Танхимын тэргүүн Д.Мөнхтуяа
Шүүгчид: Г.Банзрагч
Х.Батсүрэн
Илтгэгч шүүгч: П.Соёл-Эрдэнэ
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Зэнээмэдрээ
Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 110/ШШ2024/0001 дүгээр шийдвэр,
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2025 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 221/МА2025/0116 дугаар магадлалтай,
Хэргийн оролцогчид: Гомдол гаргагчийн өмгөөлөгч Ө.Э, хариуцагч Ж.Ш, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б нарыг оролцуулан,
Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдааны 2025 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн 182 дугаар хэлэлцүүлэх тогтоолтой хэргийг, “шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах” эсэх, “хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн” эсэх гэсэн үндэслэлээр, гомдол гаргагчийн өмгөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлоор хянан хэлэлцэв.
1.Гомдлын шаардлага: Баян-Өлгий аймгийн Засаг даргын Тамгын газрын Геологи, уул уурхайн хяналтын улсын байцаагчийн 2024 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн 0693608 дугаар шийтгэлийн хуудсыг илт хууль бус болохыг тогтоолгох,
2.Хэргийн нөхцөл байдал: “Б” ХХК нь Баян-Өлгий аймгийн Булган сумын нутаг дэвсгэрт, 13904А, 6242А дугаар ашиглалтын тусгай зөвшөөрөлтэй бөгөөд 2022 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 2022/29 дугаартай албан бичгээр Ашигт малтмал, газрын тосны газарт хандан “компанийн хөрөнгө оруулагчид хүндэтгэн үзэх шалтгаанаар ирэхгүй болсонтой холбогдуулан 2023 онд үйл ажиллагаа явуулахгүй” тухай мэдэгдэж байжээ. Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны салбарын хяналтын газраас, 2024 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн 11/967 дугаартай албан бичгээр, Баян-Өлгий аймгийн Засаг даргын тамгын газарт хандан “2023 оны уулын ажлын тайлан ирүүлээгүй “Б” ХХК-д холбогдох арга хэмжээ авч хэрэгжүүлэн, хариу ирүүлнэ үү” гэсэн байх бөгөөд энэ дагуу улсын байцаагчаас зөрчлийн хэрэг нээн, зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулж, “2023 оны уулын ажлын тайланг хуулийн хугацаанд Ашигт малтмал, газрын тосны газарт хүргүүлээгүй” гэх үндэслэлээр 10,000,000 төгрөгөөр торгожээ.
3.Гомдол гаргагч хуулийн этгээдээс: “...2023 онд үйл ажиллагаа явуулахгүй тухай болон уулын ажлын төлөвлөгөөг боловсруулаагүй талаар Ашигт малтмал, газрын тосны газарт мэдэгдсэн, үйл ажиллагаа явуулаагүй тул уулын ажлын тайлан гаргах ямар ч шаардлага байхгүй, үйл ажиллагаа явуулаагүй талаар тайлан гаргах зохицуулалт Ашигт малтмалын тухай хуульд байхгүй, торгох эрх зүйн үндэслэл байгаагүй” гэж,
4.Хариуцагчаас: “ ... үйл ажиллагаа явуулаагүй тухай Х тайлан өгөх ёстой. Гомдол гаргагч хуулийн этгээд Х төлөвлөгөөгөө цахимаар өгсөн боловч Х тайлангаа өгөөгүй нь хууль зөрчсөн үйлдэл болсон, Х тайлан гаргах түүнд хавсаргавал зохих баримтыг журмаар зохицуулсан, төлөвлөгөө, тайлан 2 тусдаа зохицуулалт, хөөн хэлэлцэх хугацаа дууссан, шүүхээс шийтгэлийн хуудсыг баталгаажуулсны дараа нэхэмжлэл гаргасан” гэж тус тус маргажээ.
5.Анхан шатны шүүх дараах үндэслэлээр гомдлын шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн. Үүнд:
5.2.Иймээс хуульд заагаагүй үндэслэлээр зөрчил гаргасан гэж гомдол гаргагч “Б” ХХК-ийг Зөрчлийн тухай хуулийн 7.11 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар зөрчлийн хариуцлагад тооцсон хариуцагчийн үйлдэл нь Зөрчлийн тухай хуулийн 1.2 дугаар зүйлийн 1-т заасан “Зөрчлийн шинжийг энэ хууль, бусад хууль, захиргааны хэм хэмжээний актаар тодорхойлно” гэх хууль ёсны зарчимтай, 1.3 дугаар зүйлийн 1-т заасан “Зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээдэд оногдуулах шийтгэл, албадлагын арга хэмжээний төрөл, хэмжээ нь зөрчил үйлдэгдсэн нөхцөл байдал, зөрчлийн шинж, хохирлын хэр хэмжээнд тохирсон байна” гэх шударга ёсны зарчимтай тус тус нийцээгүй байна.
5.3.Шийтгэлийн хуудас нь Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6-д заасан “захиргааны акт гаргах эрх зүйн үндэслэл байгаагүй” шинжийг агуулсан байх тул уг захиргааны актыг илт хууль бус болохыг тогтоох нь зүйтэй.
6.Давж заалдах шатны шүүх дараах үндэслэлээр шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг хэрэгсэхгүй болгож, гомдлыг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэсэн.
6.1.Анхан шатны шүүх Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.3.3 дахь заалтад заасан “гомдол гаргах хугацааг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хэтрүүлсэн тохиолдолд нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзана” гэсэн заалтыг зөрчиж, хуульд заасан хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсний дараа ...шийтгэлийн хуудсыг илт хууль бус болохыг тогтоолгох тухай гомдлын шаардлага гаргасныг хүлээн авч, захиргааны хэрэг үүсгэн, дээрх шийтгэлийн хуудсыг илт хууль бус болохыг тогтоож шийдвэрлэсэн нь шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцээгүй байна.
6.2.Эрх бүхий албан тушаалтан буюу улсын байцаагчийн гаргасан шийтгэл оногдуулсан шийдвэрийг хянуулахаар захиргааны хэргийн шүүхэд шууд гомдол гаргахаар байх тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.3-т “Шүүхэд шууд хандахаар хуульд заасан бол тухайн хуульд заасан хугацаанд, хэрэв хугацаа заагаагүй бол шийдвэрийг мэдэгдсэнээс хойш 30 хоногийн дотор шүүхэд нэхэмжлэл гаргана” гэж зааснаар шийтгэлийн хуудсыг эс зөвшөөрч 30 хоногийн дотор гомдол гаргахаар байна.
6.3.Дээрх хуулийн зохицуулалтаас үзэхэд зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа нь тухайлан зохицуулсан Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар прокурорын хяналт дор явагддаг, эрх бүхий албан тушаалтны дээд шатны албан тушаалтан нь зөрчлийн хэрэг бүртгэлтийн ажиллагаанд удирдах үүрэгтэйгээр, тодорхой бүрэн эрхийн хүрээнд оролцдог онцлогтой, мөн хуулиар дээд шатны албан тушаалтан болон прокурорт шийтгэлийн хуудсыг хүчингүй болгох эрх олгоогүй, ...шууд шүүхэд хандахаар зохицуулсан байна.
6.4.Захиргааны ерөнхий хуулийн 11 дүгээр зүйлийн 11.2-т “Захиргааны үйл ажиллагааны хэлбэрийг хуульд өөрөөр заасан тохиолдолд захиргааны байгууллага тухайн хуульд заасны дагуу хэрэглэнэ” гэж зааснаас үзэхэд эрх бүхий албан тушаалтнаас Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн дагуу хүн, хуулийн этгээдэд шийтгэл оногдуулах, шийтгэлээс чөлөөлөх шийдвэр нь захиргааны үйл ажиллагааны нэг хэлбэр мөн боловч Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.1-д заасан “захиргааны акт”-аас ялгаатай тул эрх бүхий албан тушаалтан нь шийтгэл оногдуулах шийдвэр гаргах, шийдвэрийг хэрэгжүүлэх болон тус шийдвэрт гомдол гаргах, гаргасан гомдлыг шийдвэрлэх ажиллагааг Захиргааны ерөнхий хуульд заасан нийтлэг журмаар бус Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар хэрэгжүүлнэ.
6.5.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.2-т илт хууль бус захиргааны акт гарсан цагаасаа эхлэн эрх зүйн үйлчлэлгүй байна гэж заасан бөгөөд Зөрчлийн хэрэг бүртгэх, зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээдийг олж тогтоох, түүнд шийтгэл оногдуулах эсэхтэй холбоотой зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны бүхий л үе шат хөндлөнгийн буюу прокурорын хяналтан дор явагддаг бөгөөд уг процесс ажиллагааг бүхэлд нь гарсан цагаасаа эхлэн эрх зүйн үйлчлэлгүй илт хууль бус гэж шүүхээс дүгнэх хууль зүйн боломжгүй.
6.6.Өөрөөр хэлбэл, зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаатай холбоотой үүсэх аливаа харилцааг Захиргааны ерөнхий хуулийн хүрээнд үүсэх харилцаа (захиргааны акт, захиргааны гэрээ, захиргааны хэм хэмжээний акт)-тай адилтган үзэж, илт хууль бусад тооцох эрх зүйн зохицуулалтгүй тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д Захиргааны байгууллагын гаргасан захиргааны акт, байгуулсан захиргааны гэрээ илт хууль бус болох, ...-ийг тогтоохтой холбоотой нэхэмжлэлд энэ хуулийн 14.1-14.4-т заасан хугацаа үл хамаарна гэж заасныг хуульд тусгайлан заасан гомдлоор үүсэх тус маргааны тухайд хэрэглэхгүй.
7.Гомдол гаргагчийн өмгөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдолдоо:
7.1.Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.4-т “Эрх хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдсөн этгээд захиргааны актыг илт хууль бус болохыг тогтоолгохоор захиргааны байгууллагад хийдэд ч хандаж болно” гэж заасан. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д “Захиргааны байгууллагын гаргасан захиргааны акт байгуулсан захиргааны гэрээ илт хууль бус болох, эрх зүйн харилцаа байгаа эсэхийг тогтоох болон захиргааны хэм хэмжээний акттай холбоотой нэхэмжлэлд энэ хуулийн 14.1-14.4-т заасан хугацаа үл хамаарна” гэж заасны дагуу илт хууль бус актын талаар гомдол, нэхэмжлэл гаргахад Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.3-т заасан гомдол, нэхэмжлэл гаргахад хугацаа үйлчлэхгүй.
7.2.Гэтэл давж заалдах шатны шүүх Захиргааны ерөнхий хуулийн 14.5, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д заасныг зөрчиж илт хууль бус захиргааны акт дээрх нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацааг тоолсон нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн.
7.3.Давж заалдах шатны шүүхээс зөрчил шалгах шийдвэрлэх ажиллагааны явцад улсын байцаагчийн гаргасан актад Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д заасан илт хууль бус актын шинж анхнаасаа байх боломжгүй агуулга бүхий дүгнэлт хийснийг хүлээн зөвшөөрөх боломжгүй. Үүний тулд аймгийн Геологи, уул уурхайн хяналтын улсын байцаагчийн гаргасан шийтгэлийн хуудас захиргааны акт эсэх асуудлаар дүгнэлт өгөх шаардлагатай бөгөөд тухайн актын хувьд Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.1-д заасан захиргааны актын үндсэн 6 шинжийг хангана.
7.4.Нэгэнт захиргааны акт болохын хувьд тус захиргааны акт гаргах үйл ажиллагаа процессыг өөр хуулиар зохицуулснаас бусад хэсэгт Захиргааны ерөнхий хуулийн 3 дугаар зүйлийн 3.4-д “Захиргааны байгууллагын үйл ажиллагааг тухайлсан хуулиар зохицуулснаас бусад харилцааг энэ хуулиар зохицуулна” гэж зааснаар Захиргааны ерөнхий хууль үйлчлэх учиртай.
7.5.Тухайн тохиолдолд зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа процессыг тухайлсан хуулиар зохицуулсан нь түүний үр дүнд гаргасан буй захиргааны актын шинжийг үгүйсгэх үндэслэл болохгүй. Өөрөөр хэлбэл ямар хуулийн процессоор гарснаас үл хамаарна тухайн захиргааны актад Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д заасан илт хууль бус захиргааны актын шинж байвал захиргааны хэргийн шүүх түүнийг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.2-т зааснаар илт хууль бусад тооцох эрхтэй.
7.6.Мөн тухай захиргааны актад Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д заасан шинж байвал эрх нь зөрчигдсөн этгээд мөн хуулийн 47.4-т зааснаар хэдийд ч дээд шат болон шүүхэд хандах эрхтэй бөгөөд шүүх түүнийг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.3-т зааснаар шүүхэд нэхэмжлэл гаргах хугацааг тоолохгүйгээр шийдвэрлэх ёстой.
7.7.Магадлалын дээрх дүгнэлт хэвээр үлдвэл Захиргааны актыг гаргасан процессын хууль нь өөр байгаа тохиолдолд тус захиргааны акт нь илт хууль бус байх ямар ч боломжгүй болж зөвхөн зөрчил шалган шийдвэрлэх процессын хуулиар явагдсан ажиллагааны дунд гарсан шийтгэлийн хуудас төдийгүй, татварын акт, тендерийн шийдвэр зэрэг олон захиргааны акт илт хууль бус акт байх боломжгүй гэж өрөөсгөл дүгнэлтэд хүрэх үр дагавартай байна.
7.8.Иймд Захиргааны акт түүнийг гаргасан процессоос үл хамаарч Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д заасан шинжийг хангаж байвал илт хууль бусад тооцож болно гэх байдлаар хууль хэрэглээг зарчмын хувьд тогтоож өгнө үү.
ХЯНАВАЛ:
8.Давж заалдах шатны шүүхээс хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн байх тул магадлалыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр давж заалдах шатны шүүхэд буцааж шийдвэрлэлээ.
9.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.3-т “Шүүгч дараахь үндэслэлээр гомдол хүлээн авахаас татгалзана” гэж, 54.3.3-т “гомдол гаргах хугацааг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хэтрүүлсэн” гэж заасан, гэтэл энэ тохиолдолд давж заалдах шатны шүүхээс “... гомдлыг шийдвэрлэх ажиллагааг Захиргааны ерөнхий хуульд заасан нийтлэг журмаар бус Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар хэрэгжүүлнэ, зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаатай холбоотой үүсэх аливаа харилцааг Захиргааны ерөнхий хуулийн хүрээнд үүсэх харилцаа (захиргааны акт, захиргааны гэрээ, захиргааны хэм хэмжээний акт)-тай адилтган үзэж, илт хууль бусад тооцох эрх зүйн зохицуулалтгүй” гэж дүгнэсэн нь буруу байна.
10.Учир нь Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.1-д “Захиргааны акт гэж захиргааны байгууллагаас тодорхой нэг тохиолдлыг зохицуулахаар нийтийн эрх зүйн хүрээнд гадагш чиглэсэн, эрх зүйн шууд үр дагавар бий болгосон амаар, бичгээр гаргасан захирамжилсан шийдвэр болон үйл ажиллагааг ойлгоно” гэж зааснаар улсын байцаагчаас гомдол гаргагч хуулийн этгээдийг 10 сая төгрөгөөр торгосон шийтгэлийн хуудас нь захиргааны актын шинжийг бүрэн агуулсан байна.
11.Захиргааны ерөнхий хуулийн 3 дугаар зүйлийн 3.4-т “Захиргааны байгууллагын үйл ажиллагааг тухайлсан хуулиар зохицуулснаас бусад харилцааг энэ хуулиар зохицуулна” гэснийг “тухайлсан хуулиар зохицуулаагүй бусад харилцааг Захиргааны ерөнхий хуулиар зохицуулна” гэж ойлгоно. Энэ тохиолдолд гомдол гаргагчаас маргаан бүхий захиргааны актыг илт хууль бус гэж маргасан, Зөрчлийн тухай хууль болон Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд энэ талаар тусгайлан зохицуулаагүй тул шүүх маргаан бүхий шийтгэлийн хуудсыг “илт хууль бус” эсэхийг Захиргааны ерөнхий хуулийн холбогдох зохицуулалтын дагуу шийдвэрлэнэ.
12.Гомдол гаргагч хуулийн этгээд нь Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д “Дараах тохиолдолд захиргааны акт илт хууль бус болно” гэж, 47.1.6-д “захиргааны акт гаргах эрх зүйн үндэслэл байгаагүй” гэж зааснаар шийтгэлийн хуудсыг гаргах эрх зүйн үндэслэл байгаагүй, илт хууль бус захиргааны актад тооцуулахаар маргах эрхтэй, энэ талаарх гомдол гаргагчийн өмгөөлөгчийн “… цаашдаа шийтгэлийн хуудсыг илт хууль болохыг тогтоолгох нэхэмжлэл гаргах боломжгүй болох сөрөг үр дагаварт хүрнэ” гэх агуулгатай гомдол үндэслэлтэй.
13.Иймээс давж заалдах шатны шүүхийн “... зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны бүхий л үе шат хөндлөнгийн буюу прокурорын хяналтан дор явагддаг бөгөөд уг процесс ажиллагааг бүхэлд нь гарсан цагаасаа эхлэн эрх зүйн үйлчлэлгүй илт хууль бус гэж шүүхээс дүгнэх хууль зүйн боломжгүй” гэх дүгнэлт буруу бөгөөд илт хууль бус захиргааны актад тооцох нарийвчилсан харилцааг Захиргааны ерөнхий хуулиар зохицуулсан, шүүх гомдлын шаардлагын хүрээнд нарийвчилсан зохицуулалттай хуулийг хэрэглээгүй нь буруу болжээ.
14.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 121 дүгээр зүйлийн 121.3.7-д “шүүх нэхэмжлэлийн болон гуравдагч этгээдийн бие даасан шаардлага, түүний зарим хэсэгт нь дүгнэлт өгөөгүй …” гэж зааснаар давж заалдах шатны шүүхээс маргаан бүхий шийтгэлийн хуудсыг гаргах эрх зүйн үндэслэл байсан эсэх талаар эрх зүйн дүгнэлт хийгээгүй тул хяналтын шатны шүүхээс энэхүү маргааныг эцэслэн шийдвэрлэх боломжгүй, иймээс хэргийг дахин хэлэлцүүлэхээр давж заалдах шатны шүүхэд буцааж, гомдол гаргагчийн өмгөөлөгчийн гомдлын зарим хэсгийг хангаж шийдвэрлэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1, 127.2.5-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь
1.Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2025 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 221/МА2025/0116 дугаар магадлалыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр давж заалдах шатны шүүхэд буцаасугай.
2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-т зааснаар гомдол гаргагчаас хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 (далан мянга хоёр зуу) төгрөгийг Төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.5-д зааснаар Улсын дээд шүүхийн хяналтын шатны тогтоол нь шүүхийн эцсийн шийдвэр байх бөгөөд тогтоолд гомдол гаргахгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧИД Г.БАНЗРАГЧ
Х.БАТСҮРЭН
П.СОЁЛ-ЭРДЭНЭ