Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 08 сарын 31 өдөр

Дугаар 589

 

 

 

 

 

 

 

 

 

 

2016 оны 08 сарын 31 өдөр          Дугаар 181/ШШ2016/00589          Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх хуралдааныг шүүгч Ө.Уянга даргалж, шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,   

Нэхэмжлэгч: Сэлэнгэ аймаг, Сүхбаатар сум, 5 дугаар баг, 1 дүгээр хэсэг, 049 тоотод оршин суух бүртгэлтэй, одоо Бүгд Найрамдах Австри улсын Зальцбург хотод оршин суух, Лөннүт овогт Лхагважавын Наранцэцэг /РД:МЮ87121369/-ийн нэхэмжлэлтэй,   

Хариуцагч: Сүхбаатар дүүрэг, 10 дугаар хороо, 7 дугаар хороолол, 100 айл гудамж, 31 байр, 52 тоотод оршин суух, Галшархад овогт Лхагвасүрэнгийн Батбилэг /РД:УХ89041316/-т холбогдох,

 

Гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж тогтоолгох, тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.          

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Нямсүрэн /РД:МЮ81042664/, хариуцагч Л.Батбилэг, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Г.Наранхүү нар оролцов.       

 

 ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: 

Миний дүү Л.Наранцэцэг нь 2005 онд хариуцагч Л.Батбилэгтэй танилцаж, дундаас нь 2008 оны 8 дугаар сарын 26-ны өдөр охин Б.Номингоо төрсөн. Энэ хоёрын хамт амьдарсан хугацаа бага, дүү амьдрал хэцүү байна гэж ярьдаг байснаа 2010 онд Австри улс руу явсан. Түүнээс хойш тэндээ сурч, амьдарч байна. Энэ хугацаанд 7-оос 14 хоногийн хугацаагаар хэдхэн удаа л Монголд ирсэн. Өнгөрсөн 2 дугаар сард Монголд ирж гэрлэлтээ цуцлуулах гэсэн боловч Л.Батбилэгийн хаяг олдоогүй учир нэхэмжлэл нь буцсан. Тэгээд өөрөө шүүхээр асуудлаа шийдвэрлүүлж чадалгүй буцсан. Тэрээр Л.Батбилэгээс салах шалтгаанаа Монголд амьдрахгүй, нөхөр зодсон нүдсэн, амьдрал авч явах боломжгүй гэж ярьдаг боловч энэ нь үнэн худлыг алиныг би мэдэхгүй.

Охин нь одоо 8 настай, эмээ дээрээ Сэлэнгэд байдаг. Хүүхдээ өөрийн асрамжид авч өөрөө татан авч тэндээ сургах юм гэсэн. Иймд эдний гэрлэлтийг цуцлаж, охиныг эхийнх нь асрамжид үлдээж өгнө үү. Тэтгэлэг болон эд хөрөнгийн маргаангүй. Аав нь охинд хэрэгтэй бүх юмыг нь бэлдэж өгдөг гэв.

 

Хариуцагч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Надад гомдолтой байна. Би бүх юмаа зарж Л.Наранцэцэгийг гадагшаа явуулсан. Хүүхдээ би харж ханддаг. Л.Наранцэцэг 6 жил гаран гадаадад байхдаа над руу 10 хуруунд багтахаар л утсаар ярьсан. Би гэрлэлтээ цуцлуулахыг зөвшөөрч болно. Харин хүүхдээ хойд эцгийн гар харуулмааргүй байна.

Охины асрамжийг эхэд нь биш, би өөрөө авмаар байна. Гадаадад байгаа хүн яаж хүүхдээ асрамжлах гээд байгааг ойлгохгүй байна. Би орчуулагчаар ажиллаж, сард 500,000-600,000 төгрөгийн цалин авдаг. Би охиндоо бүх зүйлийг нь бэлдэж өгч өдий хүрсэн. Би одоо ээжийн хамт 19 дүгээр хороололд түрээсийн байранд амьдардаг тул охиноо өөр дээрээ авч, сургуульд оруулаад халамжлаад явах чадвартай.

Иймд гэрлэлтийг цуцлаж, охиныг миний асрамжид үлдээж өгнө үү. Хэрэв ээж нь өөр дээрээ авна гэвэл надад охинтой минь хаана амьдрах, яаж амьдрах талаарх тайлбарыг өгөх ёстой гэв.

 

             ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Л.Наранцэцэг нь хариуцагч Л.Батбилэгт холбогдуулан гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж тогтоолгох, тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан ба нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь шүүх хуралдаанд тэтгэлэг гаргуулах шаардлагаасаа татгалзсан тайлбар гаргасан байна.

 

Хариуцагч нь гэрлэлт цуцлуулахыг зөвшөөрч, харин хүүхдийг өөрийн асрамжид авахаар маргасан байна.  

  

Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэв.    

 

Гэрлэгчид 2008 оны 4 дүгээр сарын 09-ний өдөр гэрлэлтээ бүртгүүлж, тэдний дундаас 2008 оны 8 дугаар сарын 26-ны өдөр охин Б.Номингоо төрсөн болох нь талуудын тайлбар, хэрэгт авагдсан бусад баримтуудаар тогтоогдож байна.

 

Зохигчид 2010 оноос хойш өдийг хүртэл 2 өөр улсад тус тусдаа амьдарч байгаа нь талуудын тайлбараар тогтоогдсон бөгөөд одоо хэн аль нь эвлэрч, цаашид хамт амьдрах боломжгүй гэж үзэж гэрлэлтээ цуцлуулахыг хүсэж байх тул шүүх тэдэнд эвлэрүүлэх арга хэмжээ авах шаардлагагүй гэж үзлээ.

 

Иймд гэрлэлтийг цуцлав.

 

Нэхэмжлэгч нь охин Б.Номингоог өөрийн асрамжид авахаар шаардаж байх боловч тэрээр гадаад улсад амьдардаг тул асрамж бодитой байх боломжгүй байна. Харин энэ тохиолдолд шүүх эцгийнх нь шаардлагаар охиныг эцэг Л.Батбилэгийнх нь асрамжид үлдээх нь зүйтэй гэж үзлээ.

 

Хэдийгээр охин Б.Номингоо цаашид ээжтэйгээ хамт амьдрах талаар саналаа гаргасан боловч гадаад улсад амьдарч буй Л.Наранцэцэг хүүхэддээ өдөр тутам, биечлэн анхаарал халамж тавих боломжгүй тул шүүх хүүхдийн саналыг харгалзах боломжгүй байна.

 

Иймд охин Б.Номингоог эцгийнх нь асрамжид үлдээж, зохигчдод шүүхээр шийдвэрлүүлэх тэтгэлгийн болон дундын эд хөрөнгийн маргаангүй гэснийг дурдах нь зүйтэй байна.        

 

            Нэхэмжлэгч Л.Наранцэцэг нь хүүхдийн асрамжийн талаар маргаантай бол өөрөө Монгол Улсад ирж, хүүхэдтэйгээ хамт амьдрах боломжтой, хүүхэддээ биечлэн анхаарал тавих боломжтой үедээ энэ асуудлаа дахин шүүхээр шийдвэрлүүлэхэд энэ шийдвэр саад болохгүйг тэмдэглэе.

 

 

Иргэний хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2 дахь хэсэг, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон  

 

 ТОГТООХ нь:

 

1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт зааснаар Лөннүт овогт Лхагважавын Наранцэцэг /РД:МЮ87121369/, Галшархад овогт Лхагвасүрэнгийн Батбилэг /РД:УХ89041316/ нарын гэрлэлтийг цуцалсугай.                    

 

2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д зааснаар 2008 оны 8 дугаар сарын 26-ны өдөр төрсөн охин Б.Номингоо /РД:УХ08282622/-г эцэг Л.Батбилэгийнх нь асрамжид үлдээсүгэй.     

 

3. Зохигчид дундаа хамтран өмчлөх хөдлөх болон үл хөдлөх эд хөрөнгийн болоод хүүхдийн тэтгэлгийн маргаангүй гэснийг тус тус дурдсугай.   

 

4. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-т зааснаар зохигчдод хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, асран хамгаалах, тэжээн тэтгэх, хүүхдийн эрхийг хамгаалж, үүргээ биелүүлэхэд нь туслах, суурь боловсрол эзэмшүүлэх, хөдөлмөрийн анхны дадлага олгох зэрэг эцэг, эхийн үүрэг хэвээр үлдэх болохыг тайлбарласугай.  

 

5. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 35,100 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай. 

 

6. Шүүхийн шийдвэрийн хувийг хүчин төгөлдөр болсноос хойш ажлын 3 өдрийн дотор гэрлэлтийг бүртгэсэн иргэний гэр бүлийн бүртгэлийн байгууллагад явуулахыг шүүгчийн туслах Г.Дэлгэрсайханд даалгасугай.

 

7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шүүх хуралдаанд оролцсон тал нь энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл мөн зүйлийн 119.4-т заасан хугацааны дотор шийдвэрийг гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.       

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ                                   Ө.УЯНГА