Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 06 сарын 27 өдөр

Дугаар 00111

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Ж.Эрдэнэбат даргалж явуулсан эрүүгийн шүүх хуралдаанаар:

                  Нарийн бичгийн дарга                                Д.Соёлзул

                  Улсын яллагч                                             Э.Гантулга

                  Иргэний нэхэмжлэгч                                   М.Бб, Д.Бр

                   Шүүгдэгчийн өмгөөлөгч                              Г.Энхтүвшин

                  Шинжээч                                                           Ц.Одбаяр

                             Шүүгдэгч                                                         Г.А нарыг  оролцуулан шүүх хуралдааны танхимд нээлттэй хийв.

 Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын прокурорын газрын хяналтын прокурор, Хууль цаазын дэд зөвлөх Э.Гантулгаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн Г.Ат холбогдох эрүүгийн 1932000780084 тоот хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:

Монгол улсын иргэн, 1978 оны 05 дугаар сарын 12-ны өдөр Орхон аймагт төрсөн, 41 настай, эмэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, * тоотод оршин суух хаягтай, ял шийтгэлгүй, Улсаас авсан гавъяа шагналгүй, бие эрүүл, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай, /*/ Боржигон овогт Гаваадуламын А.

Прокуророос үйлдэж ирүүлсэн яллах дүгнэлтээр:

Г.А нь Сэлэнгэ аймгийн Баянгол сумын Хараа 1-р багийн нутаг Улаанбаатар хотоос Дархан-Уул аймгийн чиглэлийн хатуу хучилттай асфальтан замын 177-178 дахь км-т 2019 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн 16 цагийн орчимд “08-41” УБЕ улсын дугаартай “Honda Insight загварын тээврийн хэрэгслийг жолоодож яваад Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн холбогдох заалтуудыг зөрчсөний улмаас эсрэг урсгалд зорчиж явсан “Toyota Prius-30” загварын “11-93” ДАР улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй мөргөлдсөний улмаас зорчигч Г.Бдын биед хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Г.А мэдүүлэхдээ: ... 2019 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр Орхон аймгаас Улаанбаатар хотын чиглэлд “08-41” УБЕ улсын дугаартай авто машинтай гарахдаа “фэсбүүк” дээр зар тавьж 3 хүн авч явсан. Тэгээд өөрийн дүүтэйгээ 5 уулаа явж байсан. Хустайн даваа өнгөрөөд уруудаад явж байхад миний урд улаан өнгийн “Инсайт” маркийн авто машин явж байсан. Би тэрийг дагаад явж байсан. Урд зам дээр нэг нүх байсанг тэр машин нүхийг тойроод гарахаар нь би дагаад гарах гэтэл ийм зүйл болсон. Миний урдаас машин харагдаагүй, нүхээ тойрч гараад өөрийнхөө эгнээ рүү орох завдалгүй өөдөөс машин орж ирээд осол гарсан. Тэгээд би машинаа зогсоох гэтэл машин жолоодлогогүй болж цаад жалгыг даваад нөгөө талын эгнээнд овгор шороон дээр зогссон гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт Иргэний нэхэмжлэгч М.Бб мэдүүлэхдээ: ... 2019 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр Улаанбаатар хотоос Дархан-Уул аймгийн чиглэлд эхнэр Бр, эхнэрийн найз Туул, Хандсүрэн эгч дүүтэйгээ хамт явж байхад 16 цагийн үед хар өнгийн “Хонда Инсайт” маркийн авто машин өөдөөс чиглээд ирэхээр нь би машиныхаа тормоз гишгээд дарах гэтэл тэр машин шууд ирээд мөргөсөн. Би зогсоод машинд байгаа хүмүүсээ буулгаад А дээр очоод “яасан бэ зүгээр үү юу болсон бэ” гэхэд А утас дуугараад ийм юм болчлоо гэсэн. Тэгээд би цагдаа дуудсан. Надад нийт машины эвдрэл болон эмчилгээний зардал 7147050 төгрөгний хохирол учирсан үүнээс даатгалаас 5000000 төгрөгийг авсан үлдэгдэл 2147050 төгрөгний хохиролоо нэхэмжилж байна гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт Иргэний нэхэмжлэгч Д.Бр мэдүүлэхдээ: ... Сэлэнгэ аймгийн Баянгол сумын Хараа 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт 2019 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн 16 цагийн орчим авто осол болсон. Манай машин 11-93 ДАР дугаартай машин дотор нөхөр, найз Туул, Туулын эгч Дарьсүрэн хүүхэдтэйгээ явж байсан. Хөдөлгөөнд оролцоод явж байхад гэнэт яах ийхийн зуургүй өөдөөс хар өнгийн машин орж ирж манай машины зөв талаас мөргөсөн. Манай машин тормоз гишгээд баруун тийшээ зогсох арга хэмжээ аваад зогссон. Машинаас буухад бас нэг машины жолооч зогсч байсан энэ жолооч бас намайг мөргөх шахлаа гэж хэлсэн. Манай нөхөр А дээр очоод юу болов гэхэд утсаар яриад ийм юм боллоо гэж хэлсэн байсан. Миний эрүүл мэндэд эмчилгээний зардал болох 1072120 төгрөг байгаа. Өнөөдрийн шүүхэд ирсэн 47000 төгрөгний шатахууны төлбөр нийт 1119000 төгрөг нэхэмжилж байна гэв.

Хохирогч Г.Бд мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: ... жолооч А өөрөө утсаар оролдох хооронд осол болчихлоо гэж ослын дараа ярьж байсан. Мөн манай эхнэр Ариунаа болон миний хажууд сууж явсан, охин жолооч утсаар оролдсон талаар ярьж байсан. Миний биеийн байдал сайнгүй байна. 3-р эмнэлэгт хэвтэж байгаад 2019 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр гарсан. Цаашид эмчилгээ хийлгэ гэсэн Хөвсгөл аймагтаа очиж хэвтэж эмчлүүлэхээр болсон гэх мэдүүлэг /ХХ-ийн 28-29-р хуудас/

Иргэний нэхэмжлэгч М.Бб мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: ... Би осол болох үед 60-70 км/цагийн хурдтай явсан. Хэрэв үүнээс хурдтай явсан бол тээврийн хэрэгслээ зогсоох арга хэмжээ авч чадахгүй байсан. ... Замаар явж байтал гэнэт өөдөөс хар өнгөтэй машин эсрэг урсгалд ороод ирсэн тиймээс би тоормозоо гишгээд жолооны хүрдээ баруун тийш буюу нөгөө машинаас зайлуулах гэж дарсан. Миний толгойны ар талд өвдөөд бариулаад эм тариа уугаад л байж байна. Би гомдолтой байна. Мөн Приус-30 загварын машины үнэлгээг гаргуулж нэхэмжилнэ гэх мэдүүлэг /ХХ-ийн 31 дүгээр хуудас/

Иргэний нэхэмжлэгч Д.Бр мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: ... Би цагдаагийн байгууллагад анх мэдүүлэг өгөхдөө энэ талаар тодорхой ярьсан. Өөдөөс хар өнгөтэй машин буюу “Honda Insight маркийн 08-41 УБЕ улсын дугаартай тээврийн хэрэгсэл бидний зорчиж явсан эгнээнд эсрэг урсгал сөрж манай машиныг мөргөсөн. ... Харин ч тухайн үед манай нөхөр М.Бб тээврийн хэрэгслээ зогсоох арга хэмжээг сайн авснаас энэ хүмүүс амьд гарсан. Хэрэв хурдтай, зогсоох арга хэмжээг сайн аваагүй бол машинууд урдаасаа мөргөлдөж амьд үлдэх хүн байхгүй биздээ гэсэн мэдүүлэг /ХХ-ийн 37-р хуудас/

Иргэниий нэхэмжлэгчээр болон гэрчээр мэдүүлсэн Б.Солонго мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: ... 2019 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр Улаанбаатар хотруу гарсан юм. Уг машинд фэйсбүүк зарын дагуу холбогдож суусан. ... А эгч замд ер нь хурдтай яваад машин нь тогтворгүй, хурдтай явж байгаад жолооны хүрдээ гэнэт дарахаар машин тэнцвэргүй болдог ш дээ яг тэгж яваад байхаар нь хянах самбарыг өндийгөөд хальт хартал 120 км/ц хурдтай явж байсан. Тэгээд “Хустайн” даваа уруудаад нилээн өнгөрсөн байсан тэгсэн хажууд нь сууж явсан эрэгтэй хүүхдийн утас нь дуугарах шиг болсон тэгсэн жолооч эгч хэн бэ гэж асуусан тэр эрэгтэй хүүхэд Далай байна гэж хэлсэн тэгээд утсаа чанга яригч дээр нь тавиад өөрөө авах гэж байсан тэр үед машин эрсэг урсгалд ороод өөдөөс ирж байсан машиныг мөргөсөн гэх мэдүүлэг /ХХ-ийн 40-41, 73-75-р хуудас/

Насанд хүрээгүй гэрч Г.Одхүү мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: ... Сэлэнгэ аймгийн Баянгол сумын нутаг дэвсгэрт явж байтал манай эгч яг өөрийнхтэйгөө адилхан улаан өнгийн машин дагаад явж байсан. Тэгсэн тэр машин нь урдаа байсан нэг нүхийг тойроод гарсан Г.А эгч тэр машиныг дагаад зам дээрх нүхийг тойроод гарсан тэгсэн өөдөөс цагаан өнгөтэй машин ирээд зам тээврийн осол болсон гэх мэдүүлэг /ХХ-ийн 76 дугаар хуудас/

Гэрч Л.Ариунаа мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: ... Ер нь замд их хурдтай яваад машин гүйцэж түрүүлээд нэг ард нь яваад би энэ одоо яаж яваад байгаа юм бол гэж бодож байсан. Тэгээд явж байсан чинь жолоочийн утас дугараад нөгөө хажууд сууж явсан хүн нь авч өгсөн. Тэгсэн жолооч Г.А утсаа аваад харсан тэгсэн эсрэг урсгалын цагаан зураас даваад пис пас гээд осол болсон. Утсаараа ярьсан эсэхийг мэдэхгүй байна ямар ч байсан утсаа өөрөө аваад харсан тэгээд л осол болсон гэсэн мэдүүлэг /ХХ-ийн 79 дүгээр хуудас/

Гэрч Э.Туул мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: ... Би 2019 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн 15 цагийн үед Улаанбаатараас Дархан чиглэлд найз Бр болон түүний нөхөд Бб, банди Дүүрэнжаргал 2 настай нарын хамт Приус-30 маркын тээврийн хэрэгсэлтэй “Хустайн” давааны наад талд явж байсан чинь эсрэг урсгалаас нэг машин орж ирээд түс тас хийгээд хар утаа гараад явсан. ... Бид нарыг мөргөсөн машин бид нарыг мөргөчихөөд зугтаагаад явсан. Тэгээд бид нарыг машинаасаа буугаад зогстол бид нарын урд талд явж байсан машины жолооч саяны машин бид нарыг мөргөнгөө алдлаа гэж гээд ярьж байсан. Тэгээд бид нарын араас нэг машин ирээд саяны та хэдийг мөргөдөг машин намайг шүргэнгээ алдаад замын хөвөө даваад уначихлаа гэж хэлсэн гэх мэдүүлэг /ХХ-ийн 83 дугаар хуудас/

2019 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн Шинжээчийн №4507 дугаартай дүгнэлтийн дүгнэлт хэсэгт: ...1. Г.Бдын биед бүсэлхийн 1-р нугаламын их биеийн шахагдсан хугарал гэмтэл тогтоогдлоо.

2. Уг гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.

5. Уг гэмтэл нь тухайн осол болсон хэргийн нөхцөлд үүссэн байх боломжтой гэсэн дүгнэлт /ХХ-ийн 91-р хуудас/  

Шүүх эмнэлгийн хүний биед үзлэг хийсэн шинжилгээний №4512 дугаартай дүгнэлт /ХХ-ийн 94-р хуудас/ Л.Ариунаагийн биед хөнгөн хохирол, Шүүх эмнэлгийн хүний биед үзлэг хийсэн шинжилгээний №4475 дугаартай дүгнэлт /ХХ-ийн 96-р хуудас/ Б.Солонгын биед хөнгөн хохирол, Шүүх эмнэлгийн хүний биед үзлэг хийсэн шинжилгээний №382 дугаартай дүгнэлт /ХХ-ийн 98-р хуудас/ Б.Бргийн биед хөнгөн хохирол, Шүүх эмнэлгийн хүний биед үзлэг хийсэн шинжилгээний №331 дугаартай дүгнэлт /ХХ-ийн 106-р хуудас/ М.Ббын биед хөнгөн хохирол, Техникийн шинжээчийн №05 дугаартай дүгнэлт /ХХ-ийн 109-р хуудас/, “Ашид билгүүн” ХХК-ийн авто машин техникийн үнэлгээний №1719 дугаартай дүгнэлт /ХХ-ийн 130-р хуудас/, Хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, осол хэргийн газрын схем зураг, түүнийг бэхжүүлж авсан гэрэл зургийн үзүүлэлт /ХХ-ийн 4-13-р хуудас/

Шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоосон баримтууд: Шүүгдэгч Г.Аийн ял шийтгэгдсэн эсэх талаарх ял шалгах хуудас /149 дүгээр хуудас/, Иргэний үнэмлэхний хуулбар зэрэг болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой магадлан хянасны үндсэнд ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлд “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн Эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэж заасныг баримтлан шүүгдэгчийн гэм буруугийн асуудлыг прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хэмжээний дотор дараах байдлаар хянан шийдвэрлэлээ.

Шүүгдэгч Г.А нь Сэлэнгэ аймгийн Баянгол сумын Хараа 1-р багийн нутаг Улаанбаатар хотоос Дархан-Уул аймгийн чиглэлийн хатуу хучилттай асфальтан замын 177-178 дахь км-т 2019 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн 16 цагийн орчимд “08-41” УБЕ улсын дугаартай “Honda Insight загварын тээврийн хэрэгслийг жолоодож яваад Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн холбогдох заалтуудыг зөрчсөний улмаас эсрэг урсгалд зорчиж явсан “Toyota Prius-30” загварын “11-93” ДАР улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй мөргөлдсөний улмаас зорчигч Г.Бдын биед хүндэвтэр хохирол учруулсан болох нь:

 

Хохирогч Г.Бдын мөрдөн байцаалтанд өгсөн “...жолооч А өөрөө утсаар оролдох хооронд осол болчихлоо гэж ослын дараа ярьж байсан. Мөн манай эхнэр Ариунаа болон миний хажууд сууж явсан, охин жолооч утсаар оролдсон талаар ярьж байсан. Миний биеийн байдал сайнгүй байна. 3-р эмнэлэгт хэвтэж байгаад 2019 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр гарсан. Цаашид эмчилгээ хийлгэ гэсэн Хөвсгөл аймагтаа очиж хэвтэж эмчлүүлэхээр болсон...” гэх мэдүүлэг /ХХ-ийн 28-29-р хуудас/, Иргэний нэхэмжлэгч М.Ббын мөрдөн байцаалтанд өгсөн “...Би осол болох үед 60-70 км/цагийн хурдтай явсан. Хэрэв үүнээс хурдтай явсан бол тээврийн хэрэгслээ зогсоох арга хэмжээ авч чадахгүй байсан. ... Замаар явж байтал гэнэт өөдөөс хар өнгөтэй машин эсрэг урсгалд ороод ирсэн тиймээс би тоормозоо гишгээд жолооны хүрдээ баруун тийш буюу нөгөө машинаас зайлуулах гэж дарсан. Миний толгойны ар талд өвдөөд бариулаад эм тариа уугаад л байж байна. Би гомдолтой байна. Мөн Приус-30 загварын машины үнэлгээг гаргуулж нэхэмжилнэ... гэх мэдүүлэг /ХХ-ийн 31 дүгээр хуудас/, Иргэний нэхэмжлэгч Д.Бргийн мөрдөн байцаалтанд өгсөн “...Би цагдаагийн байгууллагад анх мэдүүлэг өгөхдөө энэ талаар тодорхой ярьсан. Өөдөөс хар өнгөтэй машин буюу “Honda Insight маркийн 08-41 УБЕ улсын дугаартай тээврийн хэрэгсэл бидний зорчиж явсан эгнээнд эсрэг урсгал сөрж манай машиныг мөргөсөн. ... Харин ч тухайн үед манай нөхөр М.Бб тээврийн хэрэгслээ зогсоох арга хэмжээг сайн авснаас энэ хүмүүс амьд гарсан. Хэрэв хурдтай, зогсоох арга хэмжээг сайн аваагүй бол машинууд урдаасаа мөргөлдөж амьд үлдэх хүн байхгүй биздээ...” гэх мэдүүлэг /ХХ-ийн 37-р хуудас/, Иргэниий нэхэмжлэгчээр болон гэрчээр мэдүүлсэн Б.Солонго мөрдөн байцаалтанд өгсөн “...А эгч замд ер нь хурдтай яваад машин нь тогтворгүй, хурдтай явж байгаад жолооны хүрдээ гэнэт дарахаар машин тэнцвэргүй болдог ш дээ яг тэгж яваад байхаар нь хянах самбарыг өндийгөөд хальт хартал 120 км/ц хурдтай явж байсан. Тэгээд “Хустайн” даваа уруудаад нилээн өнгөрсөн байсан тэгсэн хажууд нь сууж явсан эрэгтэй хүүхдийн утас нь дуугарах шиг болсон тэгсэн жолооч эгч хэн бэ гэж асуусан тэр эрэгтэй хүүхэд Далай байна гэж хэлсэн тэгээд утсаа чанга яригч дээр нь тавиад өөрөө авах гэж байсан тэр үед машин эрсэг урсгалд ороод өөдөөс ирж байсан машиныг мөргөсөн...” гэх мэдүүлэг /ХХ-ийн 40-41, 73-75-р хуудас/, Насанд хүрээгүй гэрч Г.Одхүүгийн мөрдөн байцаалтанд өгсөн “...Сэлэнгэ аймгийн Баянгол сумын нутаг дэвсгэрт явж байтал манай эгч яг өөрийнхтэйгөө адилхан улаан өнгийн машин дагаад явж байсан. Тэгсэн тэр машин нь урдаа байсан нэг нүхийг тойроод гарсан Г.А эгч тэр машиныг дагаад зам дээрх нүхийг тойроод гарсан тэгсэн өөдөөс цагаан өнгөтэй машин ирээд зам тээврийн осол болсон...” гэх мэдүүлэг /ХХ-ийн 76 дугаар хуудас/, Гэрч Л.Ариунаагийн мөрдөн байцаалтанд өгсөн “...Ер нь замд их хурдтай яваад машин гүйцэж түрүүлээд нэг ард нь яваад би энэ одоо яаж яваад байгаа юм бол гэж бодож байсан. Тэгээд явж байсан чинь жолоочийн утас дугараад нөгөө хажууд сууж явсан хүн нь авч өгсөн. Тэгсэн жолооч Г.А утсаа аваад харсан тэгсэн эсрэг урсгалын цагаан зураас даваад пис пас гээд осол болсон. Утсаараа ярьсан эсэхийг мэдэхгүй байна ямар ч байсан утсаа өөрөө аваад харсан тэгээд л осол болсон гэсэн ...” гэх мэдүүлэг /ХХ-ийн 79 дүгээр хуудас/, Гэрч Э.Туулын мөрдөн байцаалтанд өгсөн “...Би 2019 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн 15 цагийн үед Улаанбаатараас Дархан чиглэлд найз Бр болон түүний нөхөд Бб, банди Дүүрэнжаргал 2 настай нарын хамт Приус-30 маркын тээврийн хэрэгсэлтэй “Хустайн” давааны наад талд явж байсан чинь эсрэг урсгалаас нэг машин орж ирээд түс тас хийгээд хар утаа гараад явсан. ... Бид нарыг мөргөсөн машин бид нарыг мөргөчихөөд зугтаагаад явсан. Тэгээд бид нарыг машинаасаа буугаад зогстол бид нарын урд талд явж байсан машины жолооч саяны машин бид нарыг мөргөнгөө алдлаа гэж гээд ярьж байсан. Тэгээд бид нарын араас нэг машин ирээд саяны та хэдийг мөргөдөг машин намайг шүргэнгээ алдаад замын хөвөө даваад уначихлаа гэж хэлсэн...” гэх мэдүүлэг /ХХ-ийн 83 дугаар хуудас/, 2019 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн Шинжээчийн №4507 дугаартай дүгнэлт /ХХ-ийн 91-р хуудас/, Шүүх эмнэлгийн хүний биед үзлэг хийсэн шинжилгээний №4512 дугаартай дүгнэлт /ХХ-ийн 94-р хуудас/ Л.Ариунаагийн биед хөнгөн хохирол, Шүүх эмнэлгийн хүний биед үзлэг хийсэн шинжилгээний №4475 дугаартай дүгнэлт /ХХ-ийн 96-р хуудас/ Б.Солонгын биед хөнгөн хохирол, Шүүх эмнэлгийн хүний биед үзлэг хийсэн шинжилгээний №382 дугаартай дүгнэлт /ХХ-ийн 98-р хуудас/ Б.Бргийн биед хөнгөн хохирол, Шүүх эмнэлгийн хүний биед үзлэг хийсэн шинжилгээний №331 дугаартай дүгнэлт /ХХ-ийн 106-р хуудас/ М.Ббын биед хөнгөн хохирол, Техникийн шинжээчийн №05 дугаартай дүгнэлт /ХХ-ийн 109-р хуудас/, “Ашид билгүүн” ХХК-ийн авто машин техникийн үнэлгээний №1719 дугаартай дүгнэлт /ХХ-ийн 130-р хуудас/, Хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, осол хэргийн газрын схем зураг, түүнийг бэхжүүлж авсан гэрэл зургийн үзүүлэлт /ХХ-ийн 4-13-р хуудас/ болон тухайн хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан нотлох баримтуудаар нотлогдож байна гэж шүүх дүгнэв.

Шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримт болох шүүгдэгчийг  яллагдагчаар мөн хохирогч, гэрч нарыг байцаахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан хуулийн шаардлага хангасан, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, шинжээчийн дүгнэлтийг хэрэгт хувийн сонирхолгүй, зохих мэдлэг, дадлага туршлагатай, гаргасан дүгнэлтийнхээ хариуцлагыг хүлээх чадвар бүхий шинжээч гаргасан байх тул хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэлэв.

Прокуророос шүүгдэгч Г.Ат Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь тохирсон байна гэж үзлээ.

Иймд шүүгдэгч Г.А нь Сэлэнгэ аймгийн Баянгол сумын Хараа 1-р багийн нутаг Улаанбаатар хотоос Дархан-Уул аймгийн чиглэлийн хатуу хучилттай асфальтан замын 177-178 дахь км-т Орхон аймгаас Улаанбаатар хотын чиглэлд зорчиж явахдаа буюу 2019 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн 16 цагийн орчимд “08-41” УБЕ улсын дугаартай “Honda Insight загварын тээврийн хэрэгслийг жолоодож яваад Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн холбогдох заалтуудыг зөрчсөний улмаас эсрэг урсгалд зорчиж явсан “Toyota Prius-30” загварын “11-93” ДАР улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй мөргөлдсөний улмаас зорчигч Г.Бдын биед хүндэвтэр хохирол учруулсан нь тогтоогдож байх тул гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан тухайн зүйл, хэсэг, заалтад заасан торгох ялаар шийтгэх нь зүйтэй байна гэж үзэв.

Шүүгдэгч Г.А нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй гэж үзэв.

Иргэний нэхэмжлэгч Г.Бд эмийн сангаас авсан эм тарианы зардалд хохирол төлбөрийн баримтуудаар нийт  70022 төгрөг /ХХ-ийн 154 дүгээр хуудас/, Иргэний нэхэмжлэгч Б.Солонго гэмтлийн зэрэг тогтоох төлбөрийн баримтаар нийт 128000 төгрөг /ХХ-ийн 156 дугаар хуудас/, Иргэний нэхэмжлэгч Д.Бр эмийн сангаас авсан хохирлын баримтуудаар 344,770 төгрөг /ХХ-ийн 158 дугаар хуудас/, “Med trauma” эмнэлгийн үзлэгийн баримтаар 410000 төгрөг /ХХ-ийн 158 дугаар хуудас/, Шатахуун авсан баримтуудаар 70,000 төгрөг /ХХ-ийн 159 дүгээр хуудас/, Эмийн сангаас авсан хохирлын баримтуудаар 11000 төгрөг /ХХ-ийн 160 дугаар хуудас/, Эмнэлгийн үзлэгийн баримтаар 125000 төгрөг /ХХ-ийн 160 дугаар хуудас/, Дархан нэгдсэн эмнэлгээс авсан баримтуудаар 31100 төгрөг /ХХ-ийн 160 дугаар хуудас/, Шатахуун авсан баримтаар 30000 төгрөг /ХХ-ийн 160 дугаар хуудас/, М.Батбаярын хохирлын баримт болох Эмийн сангаас авсан хохирлын баримтаар 11,050 төгрөг /ХХ-ийн 162 дугаар хуудас/, Саран-Элит эмнэлгээс авсан баримтаар 135,000 төгрөг /ХХ-ийн 162 дугаар хуудас/, “Андын хүлэг” ХХК-иас авсан баримтаар 70000 төгрөг /ХХ-ийн 163 дугаар хуудас/, “Ашид-Билгүүн” ХХК-иас авсан баримтаар 314000 төгрөг /ХХ-ийн 163 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтуудыг хавтаст хэрэг хавсаргаж шүүгдэгчээс хохирогч, иргэний нэхэмжлэгч нар хохирол төлбөрөө тус тус нэхэмжилсэн байна.

Дээрхи нотлох баримтууд нь хуульд заасан нотлох баримтын шаардлага хангасан байх тул Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар хохирогч Г.Бдод 70022 төгрөг, Иргэний нэхэмжлэгч Солонгод 128000 төгрөг, Иргэний нэхэмжлэгч Д.Брд 1118120 төгрөг, Иргэний нэхэмжлэгч М.Ббад 2147050 төгрөг зэргийг шүүгдэгч Г.Аээс гаргуулж хохирогч, иргэний нэхэмжлэгч нарт олгож шийдвэрлэх нь хууль зүйн үндэслэлтэй байна гэж дүгнэлээ.

Энэ хэрэгт Дархан авто замын Засвар арчлалт Төрийн өмчит хувьцаат кампанийг иргэний хариуцагчаар татсан байх боловч дээрхи хохирол төлбөрийг уг хуулийн этгээдэд хариуцуулж хохирол, төлбөрийг гаргуулах хангалттай үндэслэл тогтоогдохгүй байх тул гэм буруутай нь тогтоогдсон этгээдээс буюу шүүгдэгчээс дээрхи хохирол төлбөрийг гаргуулж хохирогч, иргэний нэхэмжлэгч нарт олгох нь хууль зүйн үндэслэлтэй байна гэж үзлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар энэ хэрэгт битүүмжилсэн хөрөнгө болох Г-2203007999 дугаартай Улаанбаатар хотын Сүхбаатар дүүргийн 16-р хороо Ойчдын 1-р гудамжны 154Б тоот гэр бүлийн хэрэгцээний 573 м2 газар, “Honda Insight загварын “08-41” УБЕ улсын дугаартай тээврийн хэрэгсэл, “Toyota Prius-30” загварын “11-93” ДАР улсын дугаартай тээврийн хэрэгсэл зэргийг эзэмшигч нарт нь буцаан олгох нь зүйтэй байх тул эд хөрөнгө битүүмжилсэн мөрдөгч болон прокурорын тогтоолыг хүчингүй болгох нь үндэслэлтэй байна гэж дүгнэлээ.

Энэ хэргийн улмаас Г.А нь цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, Г.Аийн №1083242 дугаартай жолоочийн үнэмлэхийг эзэмшигч Г.Ат нь буцаан олгож, хилийн хориг тавигдаагүй, Г.Ат өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үлдээх зэргийг тус тус дурьдаад

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 38.1 дүгээр зүйлийн 1 дахь хэсэгт заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Боржигон овогт Гаваадуламын Аийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Аийг 600 /зургаан зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Аийн хөрөнгө, орлого олох боломжийг харгалзан торгох ялыг 6 /зургаа/ сарын хугацаанд зургаа хуваан хэсэгчлэн төлөхөөр тогтоож, торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар шүүгдэгч Г.Аээс 70022 төгрөг гаргуулж * гэх газар оршин суух, /РВ:63083018, утас:*/ Дархад овогт Гочоогийн Бдод, 128000 төгрөгийг гаргуулж * тоотод оршин суух, /*, утас:99682755/ Олхонууд овогт Баатарын Солонгод, 1118120 төгрөг гаргуулж * тоотод оршин суух, /*, утас:*/ Боржигин овогт Довдогийн Брд, 2147050 төгрөг гаргуулж * тоотод оршин суух, /*, утас:*/ Бээлийнхэн овогт Муучхайгийн Ббад тус тус олгосугай.

5. Эрүүгийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар энэ хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгө болох Г-2203007999 дугаартай Улаанбаатар хотын Сүхбаатар дүүргийн 16-р хороо Ойчдын 1-р гудамжны 154Б тоот гэр бүлийн хэрэгцээний 573 м2 газар, “Honda Insight загварын “08-41” УБЕ улсын дугаартай тээврийн хэрэгсэл, “Toyota Prius-30” загварын “11-93” ДАР улсын дугаартай тээврийн хэрэгсэл зэргийг битүүмжилсэн тогтоолыг хүчингүй болгосугай.

6. Энэ хэргийн улмаас Г.А нь цагдан хоригдсон хоноггүй, хилийн хориг тавигдаагүйг тус тус дурьдсугай. 

            7. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн Г.Аийн №1083242 дугаартай жолооч “В” ангилалийн үнэмлэхийг эзэмшигч Г.Ат нь буцаан олгож, хэргийн газрын үзлэгийн үед бэхжүүлж хэрэгт хавсаргасан 1 ширхэг хуурцаг /CD/-ийг хэргийн хугацаа дуустал хадгалахаар зохих баримт үйлдэн хэрэгт хавсаргахыг шүүгчийн туслах Г.Мэндбаярт даалгасугай.

            8. Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.Ат авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4-д зааснаар шүүхийн шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурьдсугай.

10. Шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч, өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч эсэргүүцэл бичих эрхтэй.             

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                           Ж.ЭРДЭНЭБАТ.