| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Бадамдорж Мандалбаяр |
| Хэргийн индекс | 189/2024/00058/И |
| Дугаар | 210/МА2025/01002 |
| Огноо | 2025-06-09 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 06 сарын 09 өдөр
Дугаар 210/МА2025/01002
*******-ийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Т.Бадрах даргалж, шүүгч М.Баясгалан, Б.Мандалбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар
*******-ийн нэхэмжлэлтэй,
*******т холбогдох,
Зээлийн гэрээний үүрэгт 42,378,804 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Б.Мандалбаяр илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, *******, хариуцагч ******* /цахимаар/, түүний өмгөөлөгч ******* /цахимаар/, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга И.Эрдэнэжаргал нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, үндэслэлийн агуулга:
******* нь 2018 оны 03 дугаар сарын 12-ны өдөр манай банктай ЗГ3405110167 тоот цалингийн зээлийн гэрээ байгуулж, нийт 14,000,000 төгрөгийн зээлийг жилийн 15.6 хувийн хүүтэй 48 сарын хугацаатай авсан.
Үүний дараа тэрээр *******ийн хамт 2018 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр ЗГ3405110167/А тоот зээлийн гэрээнд өөрчлөлт оруулах тухай гэрээ байгуулж, зээлийн хэмжээг 6,370,000 төгрөгөөр нэмэгдүүлснээс гадна зээлийн хугацааг 2023 оны 08 дугаар сарын 30-ны өдөр хүртэл сунгасан.
Мөн зээлдэгч нар 2018 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр дахин ЗГ3405110167/Б тоот зээлийн гэрээнд өөрчлөлт оруулах тухай гэрээ байгуулж, өмнө авсан зээлийн хэмжээг 6,200,000 төгрөгөөр нэмэгдүүлж, улмаар зээлийн хугацааг 2023 оны 11 дугаар сарын 15-ны өдөр хүртэл сунгасан.
Гэвч зээлдэгч ******* нь 2019 оны 05 дугаар сарын 10-ны өдөр нас барсан бол зээлдэгч *******ийн зүгээс зээлийн эргэн төлөлтийн хуваарийг удаа дараа зөрчиж төлөөгүй 853 хоног хугацаа хэтрүүлэн банкийг хохироож байна. Ингээд 2024 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн байдлаар үндсэн зээлийн төлбөр 23,193,948 төгрөг, хүүний төлбөр 19,162,707 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 22,149 төгрөг, нийт 42,378,804 төгрөгийг гэрээнд заасан хугацаанд төлөхгүй байгаа тул хариуцагч *******аас 42,378,804 төгрөгийг улсын тэмдэгтийн хураамжийн хамт гаргуулж өгнө үү гэжээ.
2. Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга:
Миний хүү ******* нь *******нд 2003 оноос хойш ажиллаж байгаад 2019 онд нас барсан. Хүү маань нас барахаасаа өмнө өөрийн цалингаа барьцаалж 14,000,000 төгрөгийн зээл авсан байсан, тэгээд надад ...ээжээ би нэмж зээл авах гэсэн юм, та хамтран зээлдэгчээр ороод өгөөч.. гэхээр нь би ...ээж нь тэтгэврийн хүн, хамтран зээлдэгчээр орж болох юм уу... гэсэн чинь болно гэсэн гэхээр нь миний бие түүнтэй хамт банк руу очсон. Ингээд банкны эдийн засагчтай уулзсан чинь намайг та хүлээж байгаарай гэсэн, би өдөржин хүлээж байгаад үдийн дараа эхлээд 2 хувь гэрээн дээр гарын үсэг зуруулаад хүлээлгэж байгаад дахиад гэрээнд гарын үсэг зуруулсан, нийтдээ 6 хувь зээлийн гэрээнд гарын үсэг зурсан. Би, эдийн засагчаас яагаад ийм олон гэрээ байгаа юм бэ, ийм олон хувь гардаг юм уу гэсэн чинь та зүгээр тайван сууж бай гээд байсан.
Миний бие ажил хийж, зээл авч байсан болохоор ингэж олон хувь гардаггүй гэж мэдэж байсан, тэгээд би эдийн засагчид сүүлийн 6,200,000 төгрөгийн гэрээнд гарын үсэг зурмаар байна гэсэн чинь та энд бас адилхан зурах ёстой гээд гарын үсэг зуруулаад надад 1 хувийг нь өгөх үү гэсэн чинь танд хамаагүй гээд өгөөгүй. Тэгээд эдийн засагч намайг харж байхад өөртөө нэг байсан хувийг ураад хогийн саванд хийсэн. Би, хүүхэд маань ОХУ руу явах гэж байсан болохоор туслах санаатай очсон. Гэвч хүү маань удалгүй нас барсан. Би, 49 хоногийн дуусаагүй байхад банкны эдийн засагчид энэ зээлийг төлөх боломжгүй гэсэн өргөдөл өгсөн. Үүнээс хойш 1 жилийн хугацаанд надтай банкнаас нэг ч хүн уулзаагүй, яриагүй. Миний бие эхний гэрээнд гарын үсэг зураагүй, сүүлд нэмж авсан 6,200,000 төгрөгийн зээлийн гэрээнд гарын үсэг зурсан учраас үүнийг хүүгийн хамт төлнө гэжээ.
3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:
Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт тус тус зааснаар хариуцагч *******аас зээлийн гэрээний үүргийн биелэлт 12,648,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч *******-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 29,730,803 төгрөгийг хэрэгсэхгүй болгож,
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 369,845 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх, хариуцагчаас 12,648,000 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 217,318 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч *******-д олгож шийдвэрлэжээ.
4. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын давж заалдах гомдлын агуулга:
Учир нь 2018 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн ЗГ3405110167Б тоот зээлийн гэрээнд өөрчлөлт оруулах гэрээний 2.1-д зээлийн хэмжээг 6,200,000 төгрөгөөр нэмэгдүүлж, банкнаас зээлдэгчид олгосон зээлийн үлдэгдлийг 24,814,461.46 төгрөг болгон өөрчлөхөөр талууд харилцан тохиролцов, гэрээний Хавсралт №1-т 24,814,461.46 төгрөгөөс эхний сард үндсэн төлөлт 160,566.32 төгрөг төлж үлдэгдэл 24,653,895.14 төгрөг болох гэх мэтээр эргэн төлөлтийн хуваарьт хариуцагч гарын үсэг зурсан хэр нь өмнөх зээлийн үлдэгдэл хэд байгааг мэдээгүй, зөвхөн 6,200,000 төгрөгийн зээлийн гэрээнд гарын үсэг зурсан гэх хариуцагчийн тайлбарт үндэслэн 6,200,000 төгрөгийн зээл ба түүнд ногдох хүүгийн хамт 12,648,000 төгрөг гаргуулж үлдэх 29,730,803 төгрөгийг хэрэгсэхгүй болгохоор шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байх бөгөөд хариуцагчийн тайлбар нь холбогдох баримтаар тогтоогддоггүй.
Иргэний хуулийн 42 дугаар зүйлийн 42.1-д зааснаар хэлцлийг хуульд заасан хэлбэрээр байгуулах ба мөн хуулийн 451 дүгээр зүйлийн 451.2 дахь хэсгийн дагуу банкнаас олгох зээлийн гэрээг бичгээр байгуулна гэсэн шаардлагын дагуу талууд хүсэл зоригоо илэрхийлэн гарын үсэг зурснаар хүчин төгөлдөр болсон бөгөөд тэгш эрхийн үндсэн дээр байгуулагдсан, гэрээг хууран мэхлэх, хүч хэрэглэх болон өөр бусад аргаар нэг талын давуу эрхийн үндсэн дээр байгуулаагүй бөгөөд шүүхээс хэт нэг талын тайлбарыг чухалчилж дүгнэсэн гэж үзэж байна.
ЗГ3405110167A болон ЗГ3405110167Б тоот гэрээний 1.1 дэх хэсэгт *******, ******* (цаашид Зээлдэгч гэх) нар (хамтад ньТалууд гэх) гэж тусгасан байгаа. Иймд үндсэн болон хамтран зээлдэгчийг гэрээнд Зээлдэгч гэж тусгасан тул гэрээний 3.1 ба 3.2-т заасан эрх, үүргээс зээлдэгч хариуцагч ******* нь чөлөөлөгдөх үндэслэл болохгүй бөгөөд үндсэн зээлдэгч нас барснаар тухайн этгээдийн хувьд зээлийн гэрээний үүрэг дуусгавар болсноос бус хамтран үүрэг гүйцэтгэгч хариуцагчийн хувьд гэрээний үүрэг дуусгавар болоогүй гэж үзэж байна.
Иргэний хуулийн 242 дугаар зүйлд заасан хамтран үүрэг гүйцэтгэгч гэснийг гэрээний хувьд хамтран зээлдэгч гэж ойлгох ба зээлдэгч нарын хэн аль нь нэхэмжлэгчийн өмнө үүрэг гүйцэтгэх, нэхэмжлэгч зээлдэгч нарын хэн алинаас нь гэрээний үүргийг гүйцэтгэлийг шаардах эрхтэй гэж үзэж байгаа тул Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.3-т зааснаар үүргийн гүйцэтгэлийг шаардах эрхтэй, хариуцагч ЗГ3405110167 тоот гэрээний 2.2, Зээлийн гэрээнд өөрчлөлт тухай гэрээний 2.1,2.3,2.5,2.6-т заасны дагуу болон, Иргэний хуулийн 451.1 ,453 дугаар зүйлд заасны дагуу үндсэн зээлийг, хүү, нэмэгдүүлсэн хүүгийн хамт төлөх үүрэгтэй гэж үзэж байна.
Иймд Багануур дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 03 сарын 12-ны өдрийн 103/ШШ2025/00201 тоот шийдвэрийг өөрчилж нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.
5. Хариуцагч болон түүний өмгөөлөгч нарын шүүх хуралдаанд гаргасан тайлбарын агуулга:
Хариуцагч 2018 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн зээлийн гэрээг байгуулахдаа нэг удаа банканд очдог. Энэ нь гэрч *******гийн мэдүүлэг болон хариуцагчийн тайлбараар нотлогддог. Хариуцагч банкин дээр очиж зээлийн гэрээ хийх үед маш олон тооны гэрээнд гарын үсэг зуруулсан, 6 гэрээ байсан байх гэж ярьдаг. Хариуцагч ...би 6,200,000 төгрөгийг зээлийн гэрээнд дээр гарын үсэг зурсан... гэдгээ хэлсэн. Гэтэл эдийн засагч та санаа зоволтгүй гэж хэлээд гэрээг нь уншуулахгүйгээр гарын үсэг зуруулсан. Өөрт нь нэг хувь гэрээ өгөөгүй гэдэг. Ингэхээр бодит байдал дээр хариуцагч 6,200,000 төгрөгийн зээлийн гэрээнд гарын үсэг зурж хамтран зээлдэгчээр зээлийн харилцаанд оролцох сонирхолтой байсан. Хариуцагч 20 гаруй сая төгрөгийн зээлд хамтран зээлдэгчээр орсон гэдгээ мэдэх боломж байгаагүй. Яагаад гэвэл настай хүн мөн зээлийн гэрээг өөрт нь уншуулаагүй асуудал байдаг. Үүний дараа хүү нь нас барсан. Хариуцагч хүүгээ нас барсны дараа 49 хоногийн дотор банканд очиж зээлээ төлөх боломжгүй гэдгээ илэрхийлж бичгээр өргөдөл өгсөн. Тухайн үед хамтран зээлдэгч, хариуцагч тухайн зээлийг би төлөх боломжгүй, өөрөөр хэлбэл уг зээлээс би татгалзаж байна, зээл төлөх зээлийн үүргийг хүлээхгүй гэдгийг илэрхийлдэг. Хэрэгт авагдсан баримтаар хамгийн сүүлийн төлөлт 2019 оны 06 дугаар сарын 07-ны өдөр гэж бичигдсэн байдаг. Хариуцагч уг төлбөрийг төлөхгүй гэдгээ илэрхийлсэн өдрөөс эхлээд нэхэмжлэгч тал тухайн гэрээний үүрэг зөрчигдөж эхэлсэн гэдгийг мэдэх боломжтой байсан. Иймд, Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн зүйлд зааснаар хөөн хэлэлцэх хугацаа 3 жил байдаг ба энэ 3 жилийн хугацаанд чимээгүй явж байгаад саяхан нэхэмжлэл гаргасан байдаг.
Хариуцагч анхан шатны шүүх хуралдаан дээр өөрийн зөвшөөрсөн 6,200,000 төгрөгийн зээлийг төлье гэх байдлаар хүлээн зөвшөөрсөн. Одоо бол хариуцагч өндөр настай, тэтгэврийн зээлтэй, эрүүл мэндийн асуудалтай мөн талийгаачаас хариуцагчид тухайн зээлийг төлөх хэмжээний хөрөнгө, мөнгө үлдээгээгүй учраас зээлийг төлөх боломжгүй, төлөх хүсэлгүй гэдгээ одоо илэрхийлж байгаа. Нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдол үндэслэлгүй. Хөөн хэлэлцэх хугацаа дууссан.
6,200,000 төгрөгийн зээлийн гэрээнд гарын үсэг зурсан нь үнэн. Мөн 14,000,000 төгрөг, болон сүүлд авсан 6,000,000 төгрөгийн зээлийг мэдэхгүй. Ямар олон гэрээ вэ гэж асуухад банкны эдийн засагч надад танд хамаагүй гэж хэлээд гарын үсэг зуруулсан. Мөн зээлийн гэрээний нэг хувийг өгөөгүй гэв.
ХЯНАВАЛ:
1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар хэргийг зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй бүхэлд нь хянан үзээд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэв.
2. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******т холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 42,378,804 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч 12,648,000 төгрөг төлөхийг хүлээн зөвшөөрч, үлдэх 29,730,803 төгрөгт холбогдох хэсгийг эс зөвшөөрч маргажээ.
3. Хэрэгт цугларсан баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт заасан журмаар үнэлэхэд дараах үйл баримт тогтоогдов. Үүнд:
3.1. ******* нь 2018 оны 03 дугаар сарын 12-ны өдөр *******тай зээлийн гэрээ байгуулж, түүнд 14,000,000 төгрөгийг жилийн 15.6 хувийн хүүтэй 48 сарын хугацаатайгаар зээлдүүлж, /х.х-ийн 7-9/
3.2. Улмаар 2018 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр *******, ******* нартай зээлийн гэрээнд өөрчлөлт оруулах тухай гэрээ байгуулж, дээрх зээлийн гэрээг 6,370,000 төгрөгөөр нэмэгдүүлж, нийт 19,277,673.08 төгрөгийг жилийн 15.6 хувийн хүүтэй 60 сарын хугацаатайгаар зээлдүүлсэн. /х.х-ийн 10-11/
3.3. Мөн талууд 2018 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн зээлийн гэрээнд өөрчлөлт оруулах тухай гэрээ байгуулж, урьд өмнө авсан зээлийн хэмжээг 6,200,000 төгрөгөөр нэмэгдүүлж, нийт 24,814,461.46 төгрөгийг жилийн 15.6 хувийн хүүтэй 60 сарын хугацаатайгаар зээлдүүлжээ. /х.х-ийн 12-14/
Анхан шатны шүүх дээр дурдсан үйл баримтыг зөв тогтоож, зохигчдын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д зааснаар банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс олгох зээлийн гэрээний харилцаа үүссэн гэж дүгнэсэн нь үндэслэлтэй боловч хамтран зээлдэгчийн хүлээх үүрэг, холбогдох хуулийн талаар алдаатай эрх зүйн дүгнэлт өгснийг давж заалдах шатны шүүхээс залруулна.
4. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар, зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ гэж заасан.
Хэдийгээр хариуцагч ******* нь 2018 оны 03 дугаар сарын 12-ны өдөр *******ын хамт *******-аас 14,000,000 төгрөгийг жилийн 15.6 хувийн хүүтэй 48 сарын хугацаатай зээлдээгүй боловч тэрээр хамтран зээлдэгчийн эрх, үүргийг хүлээжээ.
Тодруулбал, тус хуулийн 124 дүгээр зүйлийн 124.1-д Эзэмшигчтэй нь тохиролцсоноор үүрэг гүйцэтгэгчийн өрийг гуравдагч этгээд шаардах эрхийг өөртөө шилжүүлэн авч үүрэг гүйцэтгэж болох бөгөөд энэ тохиолдолд энэ хуулийн 123.8-д заасан журам нэгэн адил үйлчилнэ гэж зааснаар хариуцагч ******* нь *******ын зээлийн өрийн үлдэгдэл 12,907,673 төгрөг байхад 2018 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр 6,370,000 төгрөгийг нэмж авч, улмаар 19,277,673 төгрөгийг 2023 оны 08 дугаар сарын 23-ны өдөр хүртэл хэсэгчлэн төлөхийг зөвшөөрсөн байхын сацуу мөн 2018 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр 6,200,000 төгрөгийг нэмж авч, нийт 24,814,461 төгрөгийг 2023 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр хүртэл төлөхөөр тохиролцсон байна.
Иргэний хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1-д Иргэний эрх, үүргийг үүсгэх, өөрчлөх, шилжүүлэх, дуусгавар болгох зорилгоор хүсэл зоригоо илэрхийлсэн иргэн, хуулийн этгээдийн үйлдэл /эс үйлдэхүй/-г хэлцэл гэнэ гэж заасан.
Иймд, дээр дурдсан үндэслэлээр хариуцагч ******* нь хүү *******ын хамт зээлдүүлэгч *******-ийн өмнө зээлийг хамтран хариуцах этгээд болсон гэж үзэх үндэслэлтэй тул хариуцагчийн зээлийн гэрээнд гарын үсэг зураагүй, зээлийн авч ашиглаагүй гэсэн тайлбарыг хүлээн авахгүй.
Анхан шатны шүүх хариуцагчийг удаа дараа зээлийн нэмэлт гэрээ байгуулж, өөрийн хүүгийн урьд өмнө авсан зээлийн үлдэгдэл дээр нэмж хожим хамтдаа авсан зээлийг мөн адил төлөх хүсэл зоригтой байгаагаа тодорхой илэрхийлсэн байхад түүнийг зөвхөн 6,200,000 төгрөгийг авсан гэж дүгнэж, зөвхөн үүнд ногдох хүү тооцсон нь үндэслэл бүхий болоогүй байна.
5. Талуудын байгуулсан зээлийн гэрээгээр зээлдэгч нар сар бүрийн 15, 30-ны өдөр тус тус зээлийн үүрэгт хүүгийн хамт 298,451.91 төгрөгийг тогтмол төлсөөр 2023 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр зээлийг бүрэн төлж дуусгах үүрэг хүлээжээ.
Гэвч хэрэгт авагдсан баримтаар хамтран зээлдэгч ******* нь 2019 оны 05 дугаар сарын 09-ний өдөр нас барсан, зээлдэгч нар зээлийг 2019 оны 06 дугаар саны 15-ны өдөр хүртэл зохих ёсоор төлсөн талаар зохигч нар маргаагүй учир энэ өдрөөс хойш бодогдсон зээл, зээлийн хүүг төлөх үүрэгтэй эсэх нь талуудын маргааны зүйл болсон байна. /х.х-ийн 40, 15/
Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.1-т Үүрэг гүйцэтгэгчдийн хэн хэн нь үүргийн гүйцэтгэлийг үүрэг гүйцэтгүүлэгчид бүхэлд нь буюу хэсэгчлэн хүлээлгэн өгөх, үүрэг гүйцэтгүүлэгч нь үүргийн гүйцэтгэлийг бүхэлд нь буюу хэсэгчлэн үүрэг гүйцэтгэгч тус бүрээс шаардах эрх бүхий байвал хамтран үүрэг гүйцэтгэгчид гэнэ гэж, 242.3-т Үүрэг гүйцэтгүүлэгч нь өөрийн үзэмжээр аль ч үүрэг гүйцэтгэгчээс үүргийн гүйцэтгэлийг бүхэлд нь буюу хэсэгчлэн шаардаж болох бөгөөд үүргийг бүхэлд нь гүйцэтгэх хүртэл үүрэг гүйцэтгэгчдийн хүлээсэн үүрэг хүчин төгөлдөр хэвээр байна гэж тус тус заасан.
Хариуцагч ******* нь 2018 оны 03 дугаар сарын 12-ны өдөр *******ын хамт нэхэмжлэгч *******-тай зээлийн байгуулаагүй боловч 2018 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр, мөн оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн нэмэлт, өөрчлөлт оруулах тухай гэрээгээр өмнөх гэрээний үүрэг дараагийн гэрээнд шилжиж, улмаар үндсэн зээлийн үлдэгдэл нийт 24,814,461 төгрөг болсныг хүлээн зөвшөөрсөн байх тул үүрэг гүйцэтгэгч этгээд болно.
Тийм учир нэхэмжлэгч ******* нь зээлийн гэрээнд хамтран үүрэг гүйцэтгэгч нарын үүргийг тус бүрд хариуцуулахаар тухайлан тохиролцоогүй тул хамтран үүрэг гүйцэтгэгч буюу хариуцагч *******аас зээлийн гэрээний үүргийг бүхэлд нь шаардах эрхтэй.
6. Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1-д Зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй гэж заасан.
Өөрөөр хэлбэл, зээлдэгч тал зээлийн гэрээний хугацаанд болон зээлийн гэрээ цуцлагдсан, мөн зээлийн гэрээний хугацаа дууссанаас хойш хугацаанд бодогдсон зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү төлөх үүргээс чөлөөлөгдөхгүй.
Энэ талаар Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хууль /1995 он/-ийн 24 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт Зээлийг заасан хугацаанд төлөөгүй бол зээлийн гэрээний үүргээ бүрэн биелүүлж дуусах хүртэл хугацаанд зээлийн үндсэн хүү, гэрээнд заасан бол түүний хорин хувиас хэтрэхгүй хэмжээний нэмэгдүүлсэн хүү төлнө гэж заажээ.
Хариуцагч ******* нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа ...хүү *******ыг 2019 оны 05 дугаар сарын 09-ний өдөр нас барснаас хойш 49 хоногийн дараа тус банканд зээлийн гэрээний үүргийг гүйцэтгэж чадахгүй болохоо илэрхийлсэн... гэснийг нэхэмжлэгч тал няцаагаагүй.
Мөн нэхэмжлэгчийн зүгээс тухайн зээлийг хариуцан төлж байсан хамтран зээлдэгч нас барсны дараа зээлийн гэрээний хугацаа дууссан цагаас хойш шүүхэд нэхэмжлэл гаргах хугацааг удаасантай холбогдуулан нэхэмжлэлийн шаардлагаас 5,752,240 төгрөгийг хасахад татгалзахгүй гэсэн.
Нөгөө талаар Иргэний хуулийн 13 дугаар зүйлийн 13.1-д Иргэний эрх зүйн харилцаанд оролцогч хууль буюу гэрээнд заасан эрх, үүргээ үнэнч шударгаар хэрэгжүүлнэ гэж зааснаар хэдийгээр банк нь зээлдэгчээс үүргээ биелүүлэхийг шаардах эрхтэй боловч тухайн эрхээ шударгаар хэрэгжүүлэх ёстой.
Иймд, хариуцагч ******* нь зээлийн гэрээний үүргийг гүйцэтгэж чадахгүй болохоо мэдэгдсэн хоногийг 2019 оны 05 дугаар сарын 09-ний өдрөөс хойш 49 хоногоор тооцоход 2019 оны 06 дугаар сарын 28-ны өдөр байх тул энэ өдрөөр зээлийн гэрээ цуцлагдсан гэж үзэх нь зүйтэй.
7. Түүнчлэн Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хууль /1995 он/-ийн 26 дугаар зүйлд Зээлийг гэрээнд заасан зориулалтаар нь ашиглана. Олгосон зээлийн ашиглалтыг зээлдүүлэгч шалгаж, тухайн зориулалтаар олгосон зээл эргэж төлөгдөх найдваргүй гэж үзвэл зээл олголтыг зогсоож, уг зээлийг хугацаанаас нь өмнө төлүүлэхийг шаардах эрхтэй гэж зааснаар нэхэмжлэгч нь хамтран зээлдэгч нас барснаар зээл цаашид төлөгдөх боломжгүй болсныг мэдсэн даруйдаа зээлийг буцаан төлүүлэх талаар хуульд заасан арга хэмжээг авах нь зээлдэгчид өрийн дарамт үүсгэхээс сэргийлнэ.
Иймд, хэргийн нөхцөл байдал, талуудын тайлбар, шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн нотлох баримтыг тус тус үндэслэн хариуцагчаас хамтран зээлдэгч нас барсан 2019 оны 05 дугаар сарын 09-ний өдрөөс гэрээ цуцлагдсан 2019 оны 06 дугаар сарын 28-ны өдөр хүртэлх 1 сарын зээлийн хүү 301,521 төгрөг /23,193,947 х 1.3%= 301,521/ дээр үндсэн зээлийн үлдэгдэл 23,193,947 төгрөгийг нэмээд, нийт 23,495,468 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгох нь шударга ёсны зарчимд нийцнэ.
Харин хариуцагч нь зээлийн гэрээ цуцлагдах хүртэл зээлийг төлөх хугацааг хэтрүүлээгүй тул нэхэмжлэгч нь хариуцагчаас нэмэгдүүлсэн хүү шаардах эрхгүй байна.
Дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн 103/ШШ2025/00201 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн
1 дэх заалтыг Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2 дахь хэсэгт тус тус заасныг баримтлан хариуцагч *******аас 23,495,468 төгрөг гаргуулан нэхэмжлэгч *******-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 18,883,336 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай гэж,
2 дахь заалтад ...217,318 гэснийг 275,427 гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа нэхэмжлэгч *******-аас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 306,605 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт тус тус зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардаж авсан, аль эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд Шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж гардаж авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын жураар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.БАДРАХ
ШҮҮГЧИД М.БАЯСГАЛАН
Б.МАНДАЛБАЯР