Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 09 сарын 01 өдөр

Дугаар 604

 

 

 

 

 

 

  

 

 

2016 оны 09 сарын 01 өдөр          Дугаар 181/ШШ2016/00604          Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ө.Уянга даргалж, шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,   

Нэхэмжлэгч: Баянзүрх дүүрэг, 25 дугаар хороо, 77 дугаар байр 15 тоотод оршин суух, Саарал адуун овогт Дамдинбазарын Отгонжаргал /РД:АЯ81052768/-ын нэхэмжлэлтэй,   

Хариуцагч: Сүхбаатар дүүрэг, 4 дүгээр хороо, 37 дугаар байр 16 тоотод оршин суух, Егөс овогт Чулуунбатын Бямбасүрэн /РД:ЧМ79081873/-д холбогдох,

 

Гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж тогтоолгох тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.            

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Д.Отгонжаргал, хариуцагч Ч.Бямбасүрэн, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Г.Наранхүү нар оролцов.        

 

 ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: 

Би 2000 онд Ч.Бямбасүрэнтэй танилцаж, 2002 онд гэрлэж, 2003 оны 10 дугаар сарын 19-ний өдөр охин Б.Найдансүрэнг төрүүлсэн. Би 2004 онд Англи улс руу яваад 2010 онд ирэхэд нөхөр Ч.Бямбасүрэн өөр хүнтэй суусан байсан. Би 2012 онд мөн адил өөр хүнтэй суусан. Ингээд 2013, 2015 онуудад 2 хүүхэдтэй болсон. Бид тус тусдаа амьдрал зохиосон тул гэрлэлтээ цуцлуулахыг хүссэн.

Охин Б.Найдансүрэн одоо 13 настай, миний асрамжид байдаг. Би өөрийнхөө асрамжид үлдээнэ. Бидний дунд эд хөрөнгийн маргаангүй, хүүхдийн тэтгэлэг  нэхэмжлэхгүй гэв.

 

Хариуцагч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

2004 онд Д.Отгонжаргал Англи улс руу явсан. Би 2009 оноос өөр хүнтэй хамт амьдарч, бидний дундаас 2010, 2012 онд 2 хүүхэд төрсөн. Иймд гэрлэлт цуцлахыг зөвшөөрнө.

Охин Б.Найдансүрэнгийн хувьд асрамжийг нь ээжид нь үлдээхэд татгалзахгүй. Би хэрэгцээтэй бүх зүйлээр охиноо хангаад явдаг учир тэтгэлгийн маргаан байхгүй гэв.

 

             ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Д.Отгонжаргал нь хариуцагч Ч.Бямбасүрэнд холбогдуулан гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж тогтоолгох тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч зөвшөөрсөн байна.

 

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна.

 

Гэрлэгчид 2000 онд танилцаж, 2002 оны 6 дугаар сарын 05-ны өдөр гэрлэлтээ бүртгүүлж, тэдний дундаас 2003 оны 10 дугаар сарын 19-ний өдөр охин Б.Найдансүрэн төрсөн болох нь талуудын тайлбар, хэрэгт цугларсан бичгийн баримтуудаар тогтоогдож байна.           

 

Зохигчид 2004 оноос хойш тусдаа амьдарч байгаа бөгөөд гэрлэгчдийн хэн аль нь одоо өөр хүнтэй хамтын амьдрал зохиосон, дундаасаа 2х2 хүүхэдтэй болсоны улмаас гэрлэгчид цаашид эвлэрч хамт амьдрах боломжгүй байх тул шүүх тэдэнд эвлэрүүлэх арга хэмжээ авах шаардлагагүй гэж үзэж гэрлэлтийг цуцлав. 

 

Тэдний дундаас төрсөн охин Б.Найдансүрэнг нэхэмжлэлийн шаардлага, хариуцагчийн зөвшөөрөлд үндэслэн эхийнх нь асрамжид үлдээх нь зүйтэй байна.   

 

Зохигчдын хооронд хамтран өмчлөх дундын эд хөрөнгийн маргаангүй,  шүүхээр шийдвэрлүүлэх хүүхдийн тэтгэлгийн маргаангүй гэснийг, түүнчлэн гэрлэлт хэдийгээр цуцлагдсан боловч хүүхдийн хувьд Д.Отгонжаргал, Ч.Бямбасүрэн нар эцэг, эх байх эрх, үүрэг хэвээр хадгалагдахыг тус тус дурдах нь зүйтэй байна.        

 

 

Иргэний хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1 дэх хэсэг, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон  

 

 ТОГТООХ нь:

 

1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт зааснаар Саарал адуун овогт Дамдинбазарын Отгонжаргал /РД:АЯ81052768/, Егөс овогт Чулуунбатын Бямбасүрэн /РД:ЧМ79081873/ нарын гэрлэлтийг цуцалсугай.                    

 

2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д зааснаар 2003 оны 10 дугаар сарын 19-ний өдөр төрсөн охин Б.Найдансүрэн /РД:УЦ03301908/-г эх Д.Отгонжаргалынх нь асрамжид хэвээр үлдээсүгэй.      

 

3. Зохигчид гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгийн болон хүүхдийн тэтгэлгийн маргаангүй гэснийг тус тус дурдсугай.   

 

4. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-т зааснаар зохигчдод хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, асран хамгаалах, тэжээн тэтгэх, хүүхдийн эрхийг хамгаалж, үүргээ биелүүлэхэд нь туслах, суурь боловсрол эзэмшүүлэх, хөдөлмөрийн анхны дадлага олгох зэрэг эцэг, эхийн үүрэг хэвээр үлдэх болохыг тайлбарласугай.  

 

5. Шүүхийн шийдвэрийн хувийг хүчин төгөлдөр болсноос хойш ажлын 3 өдрийн дотор гэрлэлтийг бүртгэсэн иргэний гэр бүлийн бүртгэлийн байгууллагад явуулахыг шүүгчийн туслах Г.Дэлгэрсайханд даалгасугай.

 

6. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай. 

 

7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шүүх хуралдаанд оролцсон тал нь энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл мөн зүйлийн 119.4-т заасан хугацааны дотор шийдвэрийг гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.       

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ                                   Ө.УЯНГА