Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 06 сарын 20 өдөр

Дугаар 00106

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн шүүгч Ж.Эрдэнэбат даргалж, ерөнхий шүүгч Б.Алтанцэцэг, шүүгч Б.Эрдэнэмөнх нарын бүрэлдэхүүнтэй явуулсан эрүүгийн шүүх хуралдаанаар

 

          Нарийн бичгийн дарга                                          С.Төртулах

          Улсын яллагч                                                        Э.Гантулга

          Иргэдийн төллөөлөгч                                           Ч.Өнөрмаа

          Шүүгдэгчийн өмгөөлөгч                                        Ж.Энхжаргал, А.Хандмаа

          Шүүгдэгч                                                                Б.Г, М.Х, Г.Ш нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийв.

 

            Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь Сум дундын прокурорын газрын хяналтын прокурор, Хууль цаазын зөвлөх Н.Дүүрэнжаргалаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 мөн хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-д тус тус заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн Б.Г, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 2.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн Г.Ш, М.Х нарт холбогдох 1832001010124 дугаартай эрүүгийн хэргийг хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч нарын биеийн байцаалтын талаар:

Монгол Улсын иргэн, 1994 оны 11 дүгээр сарын 19-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн,  25 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, засал чимэглэлчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, * тоотод оршин суух хаягтай, Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2013 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн №392 дугаартай Шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.5-д зааснаар 3 жил 4 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, уг хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4-д зааснаар хорих ялыг биечлэн эдлүүлэхгүйгээр тэнссэн, Улсаас авсан гавьяа шагналгүй, бие эрүүл, ухаан санаа бүрэн, хэрэг хариуцах чадвартай, */ Алаг адуут овогт Баярмагнайн Г.

Монгол Улсын иргэн, 1994 оны 12 дугаар сарын 02-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 25 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, программист мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, * тоотод оршин суух хаягтай, ял шийтгэлгүй, Улсаас авсан гавьяа шагналгүй, бие эрүүл, ухаан санаа бүрэн, хэрэг хариуцах чадвартай, /*/ Харуул овогт Мөнхтуулын Х.

Монгол Улсын иргэн, 1996 оны 02 дугаар сарын 12-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 23 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, тогооч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, * тоотод оршин суух хаягтай, ял шийтгэлгүй, Улсаас авсан гавьяа шагналгүй, бие эрүүл, ухаан санаа бүрэн, хэрэг хариуцах чадвартай, /*/ Хонгор овогт Гантулгын Ш.

Прокуророос үйлдэж ирүүлсэн яллах дүгнэлтээр:

Б.Г, М.Х, Г.Ш нар нь бүлэглэн машин механизм ашиглаж Сэлэнгэ аймгийн Мандал сумын 7 дугаар багт үйл ажиллагаа явуулах “Хаан” зоогийн газарт 2018 ны 06 дугаар сарын 11-нээс 12-нд шилжих шөнө нэвтэрч Слос улсад үйлдвэрлэсэн 51 инчийн зурагт, Япон улсад үйлдвэрлэсэн 41 инчийн зурагт, караоке машин, дуу өсгөгч зэрэг эд зүйлсийг хууль бусаар авч 1981000 төгрөгийн хохирол учруулсан,

Мөн Б.Г нь Нийслэлийн Баянзүрх дүүргийн 8 дугаар хороо УС-15 хорооллын 5-2-25 тоотод оршин суух Б.Энын гэрээс 2017 оны 11 дүгээр сарын 29-ны өдөр “Асеr” загварын зөөврийн компьютерийг хүч хэрэглэхгүйгээр нууцаар, хууль бусаар авч 800000 төгрөгийн хохирол учруулсан,

Улаанбаатар хот Сүхбаатар дүүргийн 15 дугаар хороо Дамбадаржаагийн 12-74 тоотод оршин суух иргэн А.Бтын гэрт 2017 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр нэвтрэн орж LG загварын 42 инчийн зурагтыг хууль бусаар авч 288000 төгрөгийн хохирол учруулсан,

2018 оны 02 дугаар сарын 10-ны өдөр Улаанбаатар хот Чингэлтэй дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах нийтийн байранд оршин суух иргэн О.Ддын Samsung Galaxy S7” загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр нууцаар хууль бусаар авч 567200 төгрөгийн хохирол учруулсан,

Дундговь аймгийн Сайнцагаан сумын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Тэмүүжин “ зочид буудлын үүдэнд 2018 оны 09 дүгээр сарын 03-наас 2018 оны 09 дүгээр сарын 04-нд шилжих шөнө иргэн Ш.Өбыг унтаж байхад нь гар утас, мөнгөн гинж, бугуйн цаг, бэлэн 500000 төгрөг зэргийг хүч хэрэглэхгүйгээр нууцаар хууль бусаар авч 860000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргүүдийг 2017 оны 11 дүгээр сарын 29-ны өдрөөс 2018 оны 09 дүгээр сарыг хүртэл байнга буюу үргэлжилсэн 5 удаагийн үйлдлээр хулгайлах гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсгэвэр болгосон.

Мөн Б.Г нь Улаанбаатар хот Чингэлтэй дүүргийн 11 дүгээр хороо Нуурын 19-401-6 тоотод үйл ажиллагаа явуулдаг “Алаг Эрдэнэ” караоке бааранд үйлчлүүлж байсан иргэн Л.Дэжидсүрэнгийн Samsung Galaxy S6” маркийн гар утсыг 2018 оны 05 дугаар сарын 23-ны өдөр хуурч аван 200000 төгрөгийн хохирол учруулсан,

Улаанбаатар хотын Хан-Уул дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Гутал” ХК-ийн 409 тоот өрөөнөөс 2018 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр иргэн Б.Гчы Samsung Galaxy J5” загварын гар утсыг ‘‘ярьчихаад өгье” гэж хуурч аван 200000 төгрөгийн хохирол учруулсан,

Улаанбаатар хот Сонгинохайрхан дүүргийн 29-р хороо 119-а-272 тоотод оршин суух иргэн Б.Слын Samsung Galaxy А6” загварын гар утсыг 2018 оны 11 сарын 18-ны өдөр 08 цагийн орчим хуурч аван 535200 төгрөгийн хохирол учруулсан.

Улаанбаатар хотын Чингэлтэй дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт 2018 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр иргэн Д.Зхгийн эзэмшлийн тээврийн хэрэгслээр үйлчлүүлж явахдаа Samsung S6” загварын гар утсыг итгэл төрүүлэн хууран авч 250000 төгрөгийн хохирол тус тус учруулан бусдыг хуурч өмчлөгчийн эд хөрөнгийг авсан Б.Г нь 2018 оны 05 дугаар сарын 23-ны өдрөөс 2018 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийг хүртэлх хугацаанд 4 удаа үйлдэж залилах гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Г мэдүүлэхдээ: ... 2018 оны 06 дугаар сард хэрэг гарахын өмнө өдөр би Ш, Х нартай Дамбадаржаад пиво ууж байсан. Дөрөв, таван том пиво уусан. Орой 21 цаг өнгөрч байхад Х гэрлүүгээ орсон. Үүдэнд хүлээж бай би орчихоод гараад ирье гэсэн. Тэгээд 20-30 минутын дараа хаалга онгойлгоод Сд бид нарыг дуудаад машин түрээд гаргаадахъя гэсэн. Яах юм бэ гэхэд ах дотор унтаж байна. Гарч байгаад асаахгүй бол сэрчихнэ гээд машин түрж хашаанаас гаргаад асаагаад явсан. Одоо мөнгөгүй хаачих юм бэ гэхэд юу ч гэсэн ломбард оръё, би эгчийнхээ табыг аваад гараад ирсэн гээд хороололд байдаг ломбард орсон. Тэгээд тэр табыг тавьж бензиний мөнгө хийгээд тэр шөнөдөө Зүүнхараад ирсэн. Шөнийн 4 цаг болж байхад Зүүнхараад ирсэн. Тэгээд энэ хэрэг үйлдэгдсэн байгаа. Х, Ш, Сд бид 4 Зүүнхараад хамт ирсэн. Намайг “Хаан” зоогийн газарт ороод камерийг нь унтраачих, араас чинь цуг оръё гэж хэлсэн тэгээд би эхэлж “Хаан” зоогийн газарт орж камерийг нь унтраасан миний буруу. Араас Х орж ирсэн, бид хоёр цуг ороод зурагт, караокены машин, архи зэргийг авч гарч ирсэн. Тэгээд хот руу шууд явсан. Хотод өглөө 8 цагт очоод 51 инчийн зурагтыг ломбарданд тавих гэтэл дэлгэц нь хагарсан байсан. 42 инчийн зурагтийг ломбард авахгүй байсан. Тэгээд тэр өдөртөө юу болсоныг санахгүй байна. Ямар ч байсан хамт явсан. Бусад хэргийн тухайд: Ш барнд хамаатны эгчтэйгээ таарлаа гээд бид нар цуг гараад цагдаагийн академийн тэнд байранд очиж тэнд хажуу өрөөнд орж архи ууж сууж байгаад гэрийн эзэн нь эхнэртэйгээ унтаад өгөхөд нь би нөүтбүүкийг нь аваад гарч ирсэн. Энэ хэрэг дээр авч гарсан нь миний буруу. Гэхдээ Ш хулгайлсан гэдгийг мэдсээр байж хамт явж ломбарданд тавьж мөнгийг нь цуг үрсэн. Би айлаас аваад гараад ирлээ гэдгээ Шинзоригт хэлсэн. Мэдүүлэгтээ өмнө үнэн зөвөөр яриагүй нь миний буруу. Өмнөх мэдүүлгэтээ Шийг хэрэгт татаж яриагүй. Тухайн үедээ би өөрөө зовж байж нэг найзыгаа хэрэгт татаж зовоогоод яахав гэж бодож байсан. Иргэн Бтын гэрт хууль бусаар нэвтэрсэн. Манай энэ 2 найзын оролцоо ч байгаа. Сар, өдрийг нь санахгүй байна. Би Бтын гэрт нь ороод зурагтыг нь авч гарч ирсэн нь миний буруу. 42 инчийн зурагт байсан. Мөн нийтийн байранд байж байхад нь би иргэн Ддын утсыг нь авч гарч ирээд зарж борлуулаад мөнгийг нь ганцаараа үрсэн. Тэрэнд манай хоёр найзын оролцоо байхгүй. Би хоёр найзтайгаа Дундговьд барилгын карказны ажил хийж байсан. Тэр орой ажлаа дуусаад энэ хоёр найз дээр Ганзориг бид дөрөв буудалд орсон. Ороод би доошоо буудлын үйлчлэгчээс буцалсан ус авах гээд доошоо буухад тэр ах хэвтэж байсан. Би юмыг нь аваад гар утсыг нь мөнгөн гинж цагтай нь авсан. 500000 төгрөг би аваагүй. Бэлэн 56000 төгрөг байсан. Хт авчихлаа гэж хэлсэн чинь байлгаж бай гээд бид нар цуг Ганзориг найзтайгаа хэрэлдэж гараад тэр шөнөдөө бензин колонкид зогсож байсан Стана маркийн машинд суугаад хотод ирсэн. Бид гурав цагдаад баригдталаа цуг явсан. Дэжидсүрэнгийн гар утсыг авсан нь миний буруу. Хийсэн хэрэгтээ маш их гэмшиж байна. “Гутал” компаний оффисд Оюукатай цуг очсон. Тухайн үед “Гутал” компаний оффисд очиход Оюука байхгүй байхаар нь утсаараа яриулчихаач гэж хэлээд тэр хүний утсыг нь авч гараад тэр чигтээ явчихсан юм. Мөн Сло гэдэг охины утсыг аваад явъя гэж бодоогүй байсан юм. Зхгийн хохирсон хэрэгт тухайн үед таксины мөнгө байхгүй байсан. Би таксины жолоочид тийшээ очоод найзаасаа мөнгө аваад өгчихье гээд найзынхаа гэрт нь очиход гэртээ байхгүй байхаар нь тэр хүний утсыг авч явсан нь миний буруу гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч М.Х мэдүүлэхдээ: ... 2018 оны 06 дугаар сарын 11-нээс 12-ны шөнө Сэлэнгэ аймгийн Мандал сумын “Хаан” зоогийн газарт Ш, Г нарын хамт хулгайн хэрэг хийсэн. 06 сарын 10-ны өдөр Ш, Г хоёр Зүүнхараад Хаан зоогийн газарт ажиллаж байгаад хэрэлдээд хүрээд ирлээ. Бид хоёрыг бараг ажлаасаа хөөчихлөө гэж манайд орж ирсэн байгаа. Тэр өдрөө манайд хоноод маргааш нь Сувд-Эрдэнэ гэдэг хүнтэй бид 4 машинд суугаад Дамбадаржаад голын эрэг дээр нилээн хэдэн пиво уусан. Надад “Хаан” зоогийн газарт орох мэддэг онгорхой газар байна гэж Г ярьсан байгаа. Тэгээд эргэж очоод заалных нь зурагтыг нь авчихъя, эхлээд ярихад нь ч яах гээд байгаа юм бэ, юу яриад байгаа юм бэ гэж байсан. Тэгээд дараа нь пиво уугаад дараа нь жаахан шаралхаад юм хум яриад суухад нь би яг үгүй гэж хэлээгүй. Ерөнхийд нь машин авч орж ирэхдээ лагерь явъя гэж гарч ирсэн. Тэгээд л Зүүнхараа руу гарсан. Шөнө 01 цаг 30 минут өнгөрөөд Зүүнхараад ирсэн байгаа. Ирээд хот тохижуулахын байрны хажууд зогсоод Г машинаас буугаад “би онгорхой газар мэднэ, би эхлээд “Хаан” зоогийн газарлуу яваад очоодхий, камерийг нь салгаад эргээд гараад ирье, тэгээд дуудъя” гэсэн. Тэгээд Г яваад эргээд гараад ирсэн. Бид нар машинтай явж очоод Хаан зоогийн газарын хажуу тал руу нь орж зогсоод Г бид хоёр машинаас буугаад хаалгаар нь орсон. Тухайн үед харанхуй байсан. Би тэр цонх хагалсаныг мэдээгүй. Явж ороод бид хоёр нэг давхарт байсан 51 инчийн зурагт, хоёр давхрын наад талын өрөөнд байсан караокены өсгөгч, машин, дээр нь байсан 42 инчийн зурагт эдгээрийг аваад текний араас нэг шил архи аваад шууд эргээд гарсан байдаг. Тухайн үедээ эхлээд том зурагтыг нь цуг авч гараад араас нь үлдсэн юмнуудыг бариад гарсан. Гараад машиныхаа ард хийгээд шууд эргээд хот руу хөдөлсөн. Хотод ирээд шороон зам руу гараад зурагтаа урд тавъя гээд үзэхэд хагарчихсан байсан. Хотод ирээд хүнсний 4 –ийн тэнд жижиг зурагтыг ломбарданд тавих гэхэд аваагүй. Тэгээд 17 дээр зурагт засвар оруулж том зурагтыг нь үзүүлэхэд янзлахгүй гэж байсан. Тэр зурагтыг шууд тэнд нь хаяад 42 инчийн зурагтыг нь хоолны газарт оруулаад 40000 төгрөгөнд хоол болгоод тавиад тэр өдөртөө тэр хавьдаа хоноод машиндаа дөрвүүлээ хоносон. Караокены машиныг нь маргааш нь явж зарах гэхэд зарж чадаагүй түцэнд орхиод буцаж ирээд Ш, Сд хоёр яваад бид хоёр цаашаа Яармаг руу зар хараад ажил хийсэн байдаг гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Г.Ш мэдүүлэхдээ: ... 2018 оны 06 дугаар сарын 11-нээс 12-ны шөнө хийсэн хэрэг. Тэр өдөр бид гурав Дамбадаржаад пиво ууж сууж байгаад машинаа аваад Зүүнхараа руу явсан. Ирээд хувцасаа сольсон гээд байгааг би бас сайн санахгүй байна. Хувцасаа соль, чамайг танина гэж тийм зүйл би хэлээгүй. Намайг машинд сууж байхад хурдан гарч ирээд хаалга бариадхаач гэж л хэлсэн. Хар юүдэнтэй цамцыг Г өмчихсөн явж байсан. Намайг гутлаа тайлаад өгчих гэхээр нь би тайлаад өгсөн. Тэрнээс би хувцасаа соль, чи баригдана гэж хэлээгүй гэв.

Хохирогч Ц.Бж мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: ... Улаанбаатар хотод амьдардаг манай найз Уянгаа манай Ш ажилгүй байгаад байгаа чи зоогийн газартаа ажиллуулаач гэж надад хэлж байсан. Тэгээд Ш 2018 оны 05 дугаар сарын 10-ны өдөр манай ресторанд ажиллаж байгаад буцаад хот явсан. 2018 оны 06 дугаар сарын 01-ний өдөр Ш найз Ганбаагийн хамт ирж манай зоогийн газарт ажиллаж байхдаа Ш хот руу явна гээд байн байн яриад байсан. Би тэр хоёрыг “Хаан” зоогийн газарт ажиллуулж байхдаа явахаас нь өмнө 4-5 хоногийн өмнө хүн худлаа ярьж, хулгай хийж болохгүй шүү дээ гэж тэр хоёрт хэлсэн чинь Ганбаа, Ш хоёр тэгж болохгүй гэж байна шүү дээ гээд хоорондоо инээлдээд байсан. Мөн тэр хоёр явна гээд хоорондоо байнга ярилцаад байсан. ... Энэ хоёр ажлых нь хөлсийг нь намайг өгөөгүй гээд манай зоогийн газрын решотик хамгаалалтгүй газрыг мэдэж орсон байж магадгүй. Зоогийн газрын камерийн бичлэгт Ганбаагийн явдал адилхан мөн өмсөж явсан хувцас хунар нь адилхан байсан учраас би энэ хоёр залууг сэжиглэж байна. ... Слос улсад үйлдвэрлэсэн Самсунг маркийн 51 инчийн телевизорыг 4-5 жилийн өмнө 1150000 төгрөгөөр шинээр нь худалдаж авсан. Мөн Япон улсад үйлдвэрлэсэн Тошиба маркийн 42 инчийн телевизорийг ломбарднаас 400000 төгрөгөөр худалдаж авсан. Караокены төхөөрөмжийг хүнээс 400000 төгрөгөөр худалдаж авсан. “velvet” гэсэн нэртэй 0,75 литрийн 1 шил архи хулгайд алдагдсан байсан 31000 төгрөгний үнэтэй өөр ямар нэг зүйл алдаагүй гэх мэдүүлэг /ХХ-ийн 17-18-р хуудас/

Хохирогч Б.Эн мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: ... Соёрхол архи аваад манай гэр лүү Номунгэрэл, Номундарь, Билэгжаргал, Номундарийн дүү гэх 2 залуугийн хамт гэртээ ирсэн, идэж уусан, би нөхөртэйгээ унтаад өгсөн, миний гар утсыг гэрт ирсэн залуугийн нэг нь ямар маркийн утас вэ гээд үзээд байсан, би гар утсаа хажуудаа тавиад унтаад өгсөн, тэр хэд нилээд ууж байгаад гараад явсан байсан, ингээд өглөө 08 цагт босоод гар утсаа хайсан чинь олоогүй, тэгээд түрийвчтэй мөнгөө харсан чинь түрийвчинд байсан 80000 төгрөг байхгүй байсан. ... Бас Асер маркийн нөүтбүүк алга байсан. ... тэр 2 залуугаас нөүтбүүк яасан бэ гэхэд хүнсний 1 дүгээр дэлгүүрийн орчим ломбарданд тавьсан гэж хэлсэн гэх мэдүүлэг /ХХ-ийн 204-р хуудас/

Хохирогч А.Бт мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: ... Манай хүүхэд 2017 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр гэрийнхээ түлхүүрийг Алтантуяа эгчийн гэрийн шүүгээнээс авах гэтэл байхгүй болсон байсан бөгөөд миний хүү урд орой нь яг тэр шүүгээнд хийсэн байсан гэсэн. Тэгэхээр нь өглөө түлхүүрээ байхгүй болохоор нь гэртээ орж хувцасаа сольж хичээлийнхээ бэлтгэлийг хийж чадахгүй байхаар нь цонхоороо хартал манай гэрийн зурагт байхгүй байсан гэсэн. Тэгэхээр нь эмээ рүүгээ залгаад гэрийн зурагт алга байна гэж хэлээд тэгээд цагдаагийн байгууллагад мэдэгдсэн. ... Би Баярмагнай овогтой Гын төрсөн дүү Гантуяа гэх охинруу залгаад асуухад би ахаас Фейсбүүкээр холбогдож уйлж байж асуулаа тэгэхэд хүнсний 4 дүгээр дэлгүүрийн нэг ломбардыг зааж өгсөн байсан. Тэгээд хотод ирээд тус ломбарднаас цагдаагийн ажилтантай хамт очиж алдсан зурагт болох ЛЖ маркийн 42 инчийн зурагтыг буцааж авсан. ... Манай зурагтыг 165000 төгрөгөөр барьцаанд тавьсан байсан гэх мэдүүлэг /2-р ХХ-ийн 19-21-р хуудас/

Хохирогч О.Дд мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: ... Хын гэрт байхдаа хоол өгөхөөр бэлтгэчихээд хоол болох хооронд бие засахаар гадагшаа хашаанд байдаг бие засах газар руу орсон. Энэ үед Х унтаж байсан Г босчихсон нүүр гараа угаагаад байж байсан юм. Намайг бие засах хооронд Г гараад явсан байсан. Намайг бие засчихаад буцаад Хын өрөөнд ороод ирэхэд Г байхгүй, Х унтаж байсан. Би хоол хийгээд удах байсан учир ажлаасаа хоцорч очих талаараа захиралруугаа хэлэхээр Хын өрөөний орон дээр тавьсан байсан цүнхнээсээ гар утсаа авах гэтэл байхгүй байсан. Тухайн үед миний цүнхний цахилгаан хаалттай байсан. ... Орой Гтай холбогдоход би гар утсыг ломбарданд тавьчихсан байгаа би өөрөө хөдөө явж байна хөдөөнөөс ирээд ломбарднаас аваад өгчихье гэж хэлсэн гэх мэдүүлэг /2-р ХХ-ийн 69-р хуудас/

Хохирогч Ш.Өб мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: ... Тэгээд шууд Тэмүүжин дээр очоод камерын бичлэгийг нь шүүлгүүлэхэд намайг Тэмүүжин зочид буудлын үүдэнд унтаж байхад нэг залуу ирээд утас, гинж бэлэн мөнгө аваад явсан байсан гэх мэдүүлэг /2-р ХХ-ийн 158-159-р хуудас/

Хохирогч Б.Сло мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: ... Сансарын бааранд танилцаж байсан Б.Г над руу залгаад би гэрийн чинь гадна ирчихсэн байна хоёулаа уулзая гараад ир гэхээр нь би гарч уулзаад тэр өдөр бид хоёр хамт кино үзэж, нэг кафед орж хоёр шил шар айраг хувааж уугаад хамт хоолонд ороод тэр өдрөө Сонгинохайрхан дүүргийн 14-р хороо Цамбагаравын автобусны буудлын хойд талд нэг буудалд орж хамт хоноод гэртээ хүргүүлж хаалганыхаа гадна ирээд бид хоёр салах гэж байхад Б.Г “би мөнгөгүй болчихсон байна. Чи гар утсаа өгч байгаач би гар утсаар чинь хүнтэй яриад хүнээс мөнгө авах хэрэгтэй байна. Би ямар ч утасгүй явж байгаа гэж хэлэхээр нь гар утсаа гаргаж ирээд гар утсаараа яриулсан чинь Б.Г нэг хүнтэй мөнгө шилжүүл гэж ярьж байснаа чамд виза карт чинь байна уу гэхээр нь байгаа гэртээ үлдээчихсэн  байна гэж хэлтэл за тэгвэл чи хурдан гэртээ ороод картаа аваад ир би данс руу чинь хүнээр мөнгө хийлгүүлээд авчихья гэхээр нь гэртээ ороод картаа аваад гараад ирсэн чинь Б.Г миний гар утсыг аваад алга болчихсон байсан гэх мэдүүлэг /2-р ХХ-ийн 203-204-р хуудас/

Хохирогч Д.Зх мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: ... Дэнжийн 1000 ороод эхнэрээсээ мөнгө аваад өгье гэсэн, тэгээд бид хоёр Дэнжийн 1000-ийн замаар яваад Хүчит шонхор захын урд талд байдаг хүнсний дэлгүүр, цайны газарт худалдааны төвийн гадаа очиж зогссон тэгээд манай эгч энд ажилладаг, эгчээсээ мөнгө аваад өгье гэж надад хэлээд орсон тэгээд эргэж гарч ирээд ахаа утсаа өгч байгаач эхнэртэйгээ яръя гээд авсан ба миний утсыг аваад эргээд цайны газар луу ороод эргэж гарч ирээгүй, тэгээд би гарч ирэхгүй болохоор нь араас нь орсон чинь байхгүй байсан. Хүмүүст учир байдлаа хэлсэн чинь тийм хүн байхгүй гэсэн, тэгээд тэр дэлгүүр, цайны газар нь ардаа ажилчдын орж гардаг хаалгатай юм байна лээ, тэр хаалгаар цаашаа гараад явчихсан байсан тул цагдаагийн байгууллагад хандсан гэх мэдүүлэг /3-р ХХ-15-р хуудас/

Хохирогч Л.Дэжидсүрэн мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: ... Алаг Эрдэнэ караоке пабд ресепшнээр ажиллаж байхад урьд өмнө манай дэн буудалд буудаллаж байсан 25 орчим насны залуу гаднаас орж ирээд утсаараа яриулаач гэхээр нь эхлээд нэг яриулсан юм. Тэгээд байж байснаа дахиад яриулаач гээд утас аваад ярьсан. Нэг мэдсэн нөгөө залуу байхгүй болчихсон байсан. Би дэн буудлынхаа бүртгэл дээрээс нөгөө залуугийн регистрийн дугаарыг олоод цагдаад хандсан гэх мэдүүлэг /3-р ХХ-ийн 103-104-р хуудас/

Хохирогч Б.Гч мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: ... 2018 оны 11 дүгээр сарын 16-ны орой 20 цагийн орчим ажил тарж ажил дээрээ ганцаараа сууж байтал гаднаас нөгөө Оюун-Эрдэний найз нь орж ирээд өө Оюун-Эрдэнэ явчихсан юм уу та гар утсаа өгч байгаач би түүн рүү залгаж нэг ярих гэсэн юм гэхээр нь би түүнд өөрийн гар утсаа өгтөл цаашаа коридорт гарч утсаар ярьсан тэр хооронд нь би ажлаа хийгээд нөгөө залууг ямар уддаг юм бэ гээд гайхаад араас нь гартал нөгөө залуу байхгүй яваад өгсөн байсан гэх мэдүүлэг /3-р ХХ-ийн 165-166-р хуудас/

Иргэний нэхэмжлэгч Б.Лхагвасүрэн мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: ... 10.000 төгрөг бэлнээр 30.000 төгрөгний хоол авсан. Тэр зурагт нь гарахгүй эвдэрхий байсныг би сүүлд мэдсэн гэх мэдүүлэг /ХХ-ийн 21-22-р хуудас/

Иргэний нэхэмжлэгч  Г.Баттулга мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: ... манай барьцаат зээлийн газарт Б.Г гэх залуу Самсунг эс 6 эдж маркийн гар утсыг 150000 төгрөгний барьцаанд тавьсан байсан. Хэд хоногийн дараа цагдаагаас байцаагч ирээд энэ утсыг хүнээс залилж авсан талаар хэлсэн. Үндсэн барьцаа болох 150000 төгрөг, хүү 12000 төгрөг нийт 162000 төгрөг нэхэмжилж байна гэх мэдүүлэг /3-р ХХ-ийн 17-р хуудас/

Гэрч Б.ДО мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: ... Би Улаанбаатар хотоос 2018 оны 06 дугаар сарын 10-нд сургуулиа төгсөөд ирсэн. Тэгээд би ээж Бжд туслаад Хаан зоог нэртэй хоолны газарт ажилладаг юм. 2018 оны 06 дугаар сарын 11-нд ээж бид 2 ажиллаж байгаад 00 цагийн үед хаагаад гэрлүүгээ харьсан ангийн хүүхэд болох Анужингийн гар утсыг хүргэж өгөх гээд гэрээсээ гарсан. Хаан зоогийн газарт би гар утасныхаа цэнэглэгчийг авах гээд 2018 оны 06 дугаар сарын 11-ны 01:00 цагийн үед ирээд цэнэглэгчээ аваад гарсан. Тэгэхэд тог, камер зүгээр байсан. Тэгсэн 2018 оны 06 дугаар сарын 12-ны өглөө ээж Бж надад Хаан зоогийн газарт хулгай орсон байна гээд бид хоёр цуг ирсэн. Нэг давхарт байсан 51 инчийн Самсунг маркийн телевизор болон текний ард талд тавиур дээр байсан VELVET нэртэй 0.75 гр архи 1 ширхэг, 2 давхарт байсан 42 инчийн Toshiba маркийн телевизор, караокены төхөөрөмж эдгээр эд зүйл алдагдсан байсан гэх мэдүүлэг /ХХ-ийн 27-28-р хуудас/

Насанд хүрээгүй гэрч Н.Бт мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: ... Би сар өдрийг нь санахгүй байна. Намайг 13-р хороололд Халдвартын эмнэлгийн автобусны буудлын ТҮЦ-д зуны амралтаараа ажил хийж байхад өдөр 16 цагийн орчим 20 орчим насны 2 залуу орж ирээд үүнийг түр үлдээчихье орой эргэж ирээд авъя гээд гуйгаад саарал өнгийн караокены машин, код хийдэг удирдлага, урт дөрвөлжин хар өнгийн спикер маягийн юм үлдээгээд явсан гэх мэдүүлэг /ХХ-ийн 42-43-р хуудас/

Гэрч А.Дж мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: ... Алтантуяа эгчийн том Баярмагнай овогтой Г гэх 20 настай хүүг сэжиглэж байна. Учир нь тэр гэрээсээ хулгай хийгээд байдаг юм. Өчигдөр тэр гэртээ ирж хоноогүй гэсэн гэх мэдүүлэг /ХХ-ийн 24-25-р хуудас/

Сэлэнгэ аймгийн Мандал сумын үнэлгээний комиссоос эд зүйлд үнэлгээ тогтоосон тухай шинжээчийн дүгнэлт: ...1. Слос улсад үйлдвэрлэсэн “Сансунг” макийн 51 инчийн телевизор-1150000 төгрөг, Япон улсад үйлдвэрлэсэн “Тошиба” маркийн 42 инчийн телевизор-400000 төгрөг, Караоке машины төхөөрөмж 400000 төгрөг, “Velvet” гэсэн нэртэй 0.75 литрийн архи 31000 төгрөг нийт 1981000 төгрөг /ХХ-ийн 53-р хуудас/

Эд зүйлийн үнэлгээ №18/ЦХ-182 дугаартай: Асеr брендийн зөөврийн компьютер 800000 төгрөг гэх дүгнэлт /ХХ-ийн 219-221-р хуудас/, Эд хөрөнгийн үнэлгээний тайлан “Слос улсаас худалдан авсан ЛЖ 42 инчийн зурагт  288000 төгрөг гэх дүгнэлт /2-р ХХ-ийн 28-29-р хуудас/, Эд хөрөнгийн үнэлгээний тайлан “Самсунг галакси эс 7 эдж загварын гар утас 560000 төгрөг гар утасны гадаргууг хамгаалсан хуванцар гэр 12000 төгрөг нийт 567200 төгрөг гэх дүгнэлт /2-р ХХ-ийн 75-76-р хуудас/, Эд зүйлд үнэлгээ хийсэн акт №102 “ гар утас 90000, мөнгөн гинж 150000 төгрөг, усны хамгаалалттай турк цаг 120000 төгрөг нийт 360000 төгрөг, Эд хөрөнгийн үнэлгээний тайлан: ... самсунг А6 загварын гар утас 535200 төгрөг гэх дүгнэлт /2-р ХХ-ийн 209-210-р хуудас/, Эд зүйлийн үнэлгээ самсунг эс 6 эдж загварын гар утас 250000 төгрөг гэх дүгнэлт /3-р ХХ-ийн 27-р хуудас/, Эд зүйлийн үнэлгээ: ... Самсунг эс 6 маркийн гар утас 200000 төгрөг гэх дүгнэлт /3-р ХХ-ийн 124-р хуудас/, Эд зүйлийн үнэлгээ: ... гар  утас 200000 төгрөг гэх дүгнэлт

 

Шүүгдэгч нарын хувийн байдлыг тогтоосон баримтууд: Шүүгдэгч Б.Гын талаар Ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас /ХХ-119 дүгээр хуудас/, Шийтгэх тогтоолын хуулбар /ХХ-ийн 106-108 дугаар хуудас/, оршин суугаа хаягийн тодорхойлолт, Иргэний үнэмлэхний хуулбар, Шүүгдэгч Г.Шын талаар Ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас /ХХ-117 дугаар хуудас/, оршин суугаа хаягийн тодорхойлолт, Иргэний үнэмлэхний хуулбар, Шүүгдэгч М.Хын талаар Ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас /ХХ-118 дугаар хуудас/, оршин суугаа газрын хаягийн тодорхойлолт /ХХ-ийн 139 дүгээр хуудас/, Иргэний үнэмлэхний хуулбар зэрэг болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой магадлан хянасны үндсэнд ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлд “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэж заасныг баримтлан шүүгдэгч нарын гэм буруугийн асуудлыг прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хэмжээний дотор дараах байдлаар хянан шийдвэрлэлээ.

 

Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь Сум дундын прокурорын газрын хяналтын прокурор, Хууль цаазын зөвлөх Н.Дүүрэнжаргалаас: Шүүгдэгч Б.Гыг М.Х, Г.Ш нартай бүлэглэн машин механизм ашиглаж Сэлэнгэ аймгийн Мандал сумын 7 дугаар багт үйл ажиллагаа явуулах “Хаан” зоогийн газарт 2018 ны 06 дугаар сарын 11-нээс 12-нд шилжих шөнө нэвтэрч Слос улсад үйлдвэрлэсэн 51 инчийн зурагт, Япон улсад үйлдвэрлэсэн 41 инчийн зурагт, караоке машин, дуу өсгөгч зэрэг эд зүйлсийг хууль бусаар авч 1981000 төгрөгийн хохирол учруулсан, мөн Нийслэлийн Баянзүрх дүүргийн 8 дугаар хороо УС-15 хорооллын 5-2-25 тоотод оршин суух Б.Энын гэрээс 2017 оны 11 дүгээр сарын 29-ны өдөр “Асеr” загварын зөөврийн компьютерийг хүч хэрэглэхгүйгээр нууцаар, хууль бусаар авч 800000 төгрөгийн хохирол учруулсан, Улаанбаатар хот Сүхбаатар дүүргийн 15 дугаар хороо Дамбадаржаагийн 12-74 тоотод оршин суух иргэн А.Бтын гэрт 2017 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр нэвтрэн орж LG загварын 42 инчийн зурагтыг хууль бусаар авч 288000 төгрөгийн хохирол учруулсан, 2018 оны 02 дугаар сарын 10-ны өдөр Улаанбаатар хот Чингэлтэй дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах нийтийн байранд оршин суух иргэн О.Ддын Samsung Galaxy S7” загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр нууцаар хууль бусаар авч 567200 төгрөгийн хохирол учруулсан, Дундговь аймгийн Сайнцагаан сумын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Тэмүүжин “ зочид буудлын үүдэнд 2018 оны 09 дүгээр сарын 03-наас 2018 оны 09 дүгээр сарын 04-нд шилжих шөнө иргэн Ш.Өбыг унтаж байхад нь гар утас, мөнгөн гинж, бугуйн цаг, бэлэн 500000 төгрөг зэргийг хүч хэрэглэхгүйгээр нууцаар хууль бусаар авч 860000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргүүдийг 2017 оны 11 дүгээр сарын 29-ны өдрөөс 2018 оны 09 дүгээр сарыг хүртэл байнга буюу үргэлжилсэн 5 удаагийн үйлдлээр хулгайлах гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсгэвэр болгосон гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-д зааснаар, мөн Б.Г нь Улаанбаатар хот Чингэлтэй дүүргийн 11 дүгээр хороо Нуурын 19-401-6 тоотод үйл ажиллагаа явуулдаг “Алаг Эрдэнэ” караоке бааранд үйлчлүүлж байсан иргэн Л.Дэжидсүрэнгийн Samsung Galaxy S6” маркийн гар утсыг 2018 оны 05 дугаар сарын 23-ны өдөр хуурч аван 200000 төгрөгийн хохирол учруулсан, Улаанбаатар хотын Хан-Уул дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Гутал” ХК-ийн 409 тоот өрөөнөөс 2018 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр иргэн Б.Гчы Samsung Galaxy J5” загварын гар утсыг ‘‘ярьчихаад өгье” гэж хуурч аван 200000 төгрөгийн хохирол учруулсан, Улаанбаатар хот Сонгинохайрхан дүүргийн 29-р хороо 119-а-272 тоотод оршин суух иргэн Б.Слын Samsung Galaxy А6” загварын гар утсыг 2018 оны 11 сарын 18-ны өдөр 08 цагийн орчим хуурч аван 535200 төгрөгийн хохирол учруулсан, Улаанбаатар хотын Чингэлтэй дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт 2018 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр иргэн Д.Зхгийн эзэмшлийн тээврийн хэрэгслээр үйлчлүүлж явахдаа Samsung S6” загварын гар утсыг итгэл төрүүлэн хууран авч 250000 төгрөгийн хохирол тус тус учруулан бусдыг хуурч өмчлөгчийн эд хөрөнгийг авсан, Б.Г нь 2018 оны 05 дугаар сарын 23-ны өдрөөс 2018 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийг хүртэлх хугацаанд 4 удаа үйлдэж залилах гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-д зааснаар тус тус зүйлчилж ирүүлсэн боловч Б.Гын дээрхи үйлдлүүд нь “хулгайлах”, “залилах” гэмт хэргүүдийн шинжийг бүрэн агуулж байх боловч байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон гэж хүндрүүлэн зүйлчлэхэд учир дутагдалтай байна гэж дүгнэлээ.

Гэмт хэрэг үйлдэх замаар амьжиргааны эх үүсвэрийг бүрдүүлэх нь мэргэшсэн гэмт хэрэгтний хувьд тогтвортой давтагддаг амьдрал, зан төлөвийн хэвшил болсон байх бөгөөд гэмт хэргийн улмаас нийгэмд учирч буй хохирол, хор уршгийг байнга өсгөн нэмэгдүүлэх бодитой шалтгаан нөхцөл болдог ба шүүгдэгч Б.Гын “хулгайлах”, залилах” гэмт хэргийг амьдралын санхүүгийн эх үүсвэр болгосон эсэхийг тодорхойлохдоо гэмт хэрэг үргэлжлүүлэн үйлдсэн цаг хугацаа, учруулсан хохирлын хэмжээг анхаарч үзэх нь чухал байна.

Тухайлбал: шүүгдэгч Б.Г нь “хулгайлах” гэмт хэргийг 2017 оны 11-р сарын 29-ны өдөр үйлдэж 800000 төгрөг, 2017 оны 11-р сарын 30-нд үйлдэж 288000 төгрөг, 2018 оны 02-р сарын 10-нд үйлдэж 567200 төгрөг, 2018 оны 06-р сарын 11-12-нд шилжих шөнө үйлдэж 1981000 төгрөг, 2018 оны 09-р сарын 03-04-нд шилжих шөнө үйлдэж 360000 төгрөг буюу 2017 оны 11 сарын 29-нөөс 2018 оны 09-р сарын 04-н хүртэл цаг хугацаанд нийт 5 удаагийн үйлдэлээр бүгд 3996200 төгрөгний хохирол бусдад учруулсан, “залилах” гэмт хэргийг 2018 оны 05-р сарын 23-нд үйлдэж 200000 төгрөг, 2018 оны 11-р сарын 16-нд үйлдэж 200000 төгрөг, 2018 оны 11-р сарын 18-нд үйлдэж 535200 төгрөг, 2018 оны 11-р сарын 25-нд үйлдэж 250000 төгрөг буюу 2018 оны 05-р сарын 23-өөс 2018 оны 11-р сарын 25-н хүртэл нийт 4 удаагийн үйлдэлээр бүгд 1185200 төгрөгний хохирол бусдад учруулсан бөгөөд гэмт хэрэг үйлдэж олсон мөнгөөр цахим /PC/ тоглоом тоглох, архи согтууруулах ундаа хэрэглэх гэх мэт өөрөө зугаацаж, цэнгэхэд зарцуулсан, мөн шүүгдэгч Б.Г нь одоогоор 25 настай бөгөөд амьдралынхаа ихэнх цаг хугацааг гэмт хэрэг үйлдэж өнгөрөөсөн, хулгайлж авсан эд хөрөнгөөр амьжиргаагаа залгуулж байсан гэж дүгнэхэд дээрх үйл баримт хангалттай үндэслэл болохгүй байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

Иймд шүүгдэгч Б.Гын үйлдсэн “хулгайлах”, “залилах” гэмт хэргийн хувьд “амьдралын эх үүсвэр болгосон” гэх шалгуурыг хангаагүй тул прокуророос шүүгдэгч Б.Гад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн 3.1, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-д заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйчлэлийг өөрчилж шүүгдэгч Б.Гыг бусадтай бүлэглэж болон дангаараа бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авах “Хулгайлах” гэмт хэргийг хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, мөн бусдыг хуурч “Залилах“ гэмт хэрэг үйлдсэн буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1-д зааснаар тус тус зүйлчлэх нь хууль зүйн үндэслэлтэй байна гэж үзлээ.

Шүүгдэгч Б.Г нь 2017 оны 11 сарын 29-нөөс 2018 оны 09-р сарын 04-н хүртэл цаг хугацаанд нийт 5 удаагийн үйлдэлээр бүгд 3996200 төгрөгний хохирол бусдад учруулан “хулгайлах” гэмт хэргийг үйлдэхдээ “хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч” үйлдсэнг нь хүндрүүлэн зүйлчилж, мөн бусдыг хуурч 2018 оны 05-р сарын 23-өөс 2018 оны 11-р сарын 25-н хүртэл нийт 4 удаагийн үйлдэлээр бүгд 1185200 төгрөгний хохирол учруулан “залилах” гэмт хэрэг тус тус үйлдсэн гэм буруутай болох нь: хохирогч Ц.Бжын мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэг /ХХ-ийн 17-18-р хуудас/, Хохирогч Б.Энын мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэг /ХХ-ийн 204-р хуудас/, Хохирогч А.Бтын мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэг /2-р ХХ-ийн 19-21-р хуудас/, Хохирогч О.Ддын мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэг /2-р ХХ-ийн 69-р хуудас/, Хохирогч Ш.Өбын мөрдөн байцаалтанд өгсөн  мэдүүлэг /2-р ХХ-ийн 158-159-р хуудас/, Хохирогч Б.Слын мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэг /2-р ХХ-ийн 203-204-р хуудас/, Хохирогч Д.Зхгийн мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэг /3-р ХХ-15-р хуудас/, Хохирогч Л.Дэжидсүрэнгийн мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэг /3-р ХХ-ийн 103-104-р хуудас/, Хохирогч Б.Гчы мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэг /3-р ХХ-ийн 165-166-р хуудас/, Иргэний нэхэмжлэгч Б.Лхагвасүрэнгийн мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэг /ХХ-ийн 21-22-р хуудас/, Иргэний нэхэмжлэгч  Г.Баттулгын мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэг /3-р ХХ-ийн 17-р хуудас/, Гэрч Б.ДОын мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэг /ХХ-ийн 27-28-р хуудас/, Насанд хүрээгүй гэрч Н.Бтгийн мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэг /ХХ-ийн 42-43-р хуудас/, Гэрч А.Джын мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэг /ХХ-ийн 24-25-р хуудас/, Сэлэнгэ аймгийн Мандал сумын үнэлгээний комиссоос эд зүйлд үнэлгээ тогтоосон тухай шинжээчийн дүгнэлт /ХХ-ийн 53-р хуудас/, Эд зүйлийн үнэлгээ №18/ЦХ-182 дугаартай: Асеr брендийн зөөврийн компьютер 800000 төгрөг гэх дүгнэлт /ХХ-ийн 219-221-р хуудас/, Эд хөрөнгийн үнэлгээний тайлан “Слос улсаас худалдан авсан ЛЖ 42 инчийн зурагт  288000 төгрөг гэх дүгнэлт /2-р ХХ-ийн 28-29-р хуудас/, Эд хөрөнгийн үнэлгээний тайлан “Самсунг галакси эс 7 эдже загварын гар утас 560000 төгрөг гар утасны гадаргууг хамгаалсан хуванцар гэр 12000 төгрөг нийт 567200 төгрөг гэх дүгнэлт /2-р ХХ-ийн 75-76-р хуудас/, Эд зүйлд үнэлгээ хийсэн акт №102 “ гар утас 90000, мөнгөн гинж 150000 төгрөг, усны хамгаалалттай турк цаг 120000 төгрөг нийт 360000 төгрөг, Эд хөрөнгийн үнэлгээний тайлан: ... самсунг А6 загварын гар утас 535200 төгрөг гэх дүгнэлт /2-р ХХ-ийн 209-210-р хуудас/, Эд зүйлийн үнэлгээ самсунг эс 6 эдж загварын гар утас 250000 төгрөг гэх дүгнэлт /3-р ХХ-ийн 27-р хуудас/, Эд зүйлийн үнэлгээ: ... Самсунг эс 6 маркийн гар утас 200000 төгрөг гэх дүгнэлт /3-р ХХ-ийн 124-р хуудас/, Эд зүйлийн үнэлгээ: ... гар  утас 200000 төгрөг гэх дүгнэлт болон тухайн хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан нотлох баримтуудаар нотлогдож байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Мөн шүүгдэгч М.Х нь Б.Г, Г.Ш нартай бүлэглэн машин механизм ашиглаж Сэлэнгэ аймгийн Мандал сумын 7 дугаар багт үйл ажиллагаа явуулах “Хаан” зоогийн газарт 2018 ны 06 дугаар сарын 11-нээс 12-нд шилжих шөнө нэвтэрч Слос улсад үйлдвэрлэсэн 51 инчийн зурагт, Япон улсад үйлдвэрлэсэн 41 инчийн зурагт, караоке машин, дуу өсгөгч зэрэг эд зүйлсийг хууль бусаар авч 1981000 төгрөгийн хохирол учруулсан, шүүгдэгч Г.Ш нь Б.Г, М.Х нартай бүлэглэн машин механизм ашиглаж Сэлэнгэ аймгийн Мандал сумын 7 дугаар багт үйл ажиллагаа явуулах “Хаан” зоогийн газарт 2018 ны 06 дугаар сарын 11-нээс 12-нд шилжих шөнө нэвтэрч Слос улсад үйлдвэрлэсэн 51 инчийн зурагт, Япон улсад үйлдвэрлэсэн 41 инчийн зурагт, караоке машин, дуу өсгөгч зэрэг эд зүйлсийг хууль бусаар авч 1981000 төгрөгийн хохирол учруулсан “хулгайлах” гэмт хэргийг хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд  нэвтэрч үйлдсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь: хохирогч Ц.Бжын мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэг /ХХ-ийн 17-18-р хуудас/, Сэлэнгэ аймгийн Мандал сумын үнэлгээний комиссоос эд зүйлд үнэлгээ тогтоосон тухай шинжээчийн дүгнэлт /ХХ-ийн 53-р хуудас/, Эд зүйлийн үнэлгээ №18/ЦХ-182 дугаартай: Асеr брендийн зөөврийн компьютер 800000 төгрөг гэх дүгнэлт /ХХ-ийн 219-221-р хуудас/, Эд хөрөнгийн үнэлгээний тайлан “Слос улсаас худалдан авсан ЛЖ 42 инчийн зурагт  288000 төгрөг гэх дүгнэлт /2-р ХХ-ийн 28-29-р хуудас/ болон тухайн хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан нотлох баримтуудаар нотлогдож байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримт болох шүүгдэгч нарыг   яллагдагчаар мөн хохирогч, гэрч нарыг байцаахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан хуулийн шаардлага хангасан, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, шинжээчийн дүгнэлтийг хэрэгт хувийн сонирхолгүй, зохих мэдлэг, дадлага туршлагатай, гаргасан дүгнэлтийнхээ хариуцлагыг хүлээх чадвар бүхий шинжээч гаргасан байх тул хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэлэв.

Иймд шүүгдэгч Б.Гыг хулгайлах гэмт хэргийг хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн, мөн бусдыг хуурч, залилах гэмт хэрэг үйлдсэн буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, мөн хуулийн 17.3 дугаар зүйлийн 1-д зааснаар зүйлчилж үйлдсэн хэрэгт нь гэм буруутайд тооцож, үйлдсэн гэмт хэрэг тус бүрт нь хуульд заасан ялыг оногдуулах, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1-д зааснаар оногдуулсан ялыг нь нэмж нэгтгэн түүний нийт эдлэх ялын төрөл, хэмжээг тогтоох нь зүйтэй байна.

Харин шүүгдэгч М.Хыг бусадтай бүлэглэн хулгайлах гэмт хэргийг хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн  буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан гэмт хэрэг үйлдсэн, шүүгдэгч Г.Шийг бусадтай бүлэглэн хулгайлах гэмт хэргийг хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан гэмт хэрэгт дэмжлэг үзүүлэн, хамтран оролцсон  нь тогтоогдсон тул гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан ялыг оногдуулах үндэслэлтэй байна гэж тус тус дүгнэлээ.

Шүүгдэгч Б.Гаас Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар 800000 төгрөгийг гаргуулж хохирогч, иргэний нэхэмжлэгч Б.Энд олгож, энэ хэрэгт хохирогч, иргэний нэхэмжлэгчээр тогтоогдсон бусад хохирогч, иргэний нэхэмжлэгч нар нь хохирол төлбөр төлөгдсөн тул нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй гэсэн болохыг дурьдах нь зүйтэй байна.

Шүүгдэгч Б.Гын 2018 оны 11 дүгээр сарын 30-ны өдрөөс 2019 оны 06 дугаар сарын 20-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон нийт 202 хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцож, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн хэргийн газрын үзлэг, эд зүйл хураасан үеийн бичлэг, мөн зочид буудлын камерийн бичлэг зэрэг нийт 3 ширхэг /CD/ буюу хуурцагийг хэргийн хугацаа дуустал уг хэрэгт хадгалахаар зохих баримт үйлдэж хавсаргахыг шүүгчийн туслах Г.Мэндбаярт даалгах, энэ хэрэгт Г.Ш, М.Х нар нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, битүүмжилсэн хөрөнгөгүй зэргийг тус тус дурьдаад

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 38.1 дүгээр зүйлийн 1-д заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2-д заасныг баримтлан Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь Сум дундын прокурорын газрын хяналтын прокурор, Хууль цаазын зөвлөх Н.Дүүрэнжаргалаас яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлсэн Б.Гад холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-д заасан гэмт хэрэг, мөн хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-д заасан гэмт хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэн өөрчилж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, мөн хуулийн 17.3 дугаар зүйлийн 1-д зааснаар тус тус зүйлчилсүгэй.

2. Шүүгдэгч Б.Гыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан “хулгайлах” гэмт хэргийг хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1-д заасан “залилах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, шүүгдэгч М.Хыг бусадтай бүлэглэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан “хулгайлах” гэмт хэргийг хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, шүүгдэгч Г.Шийг  бусадтай бүлэглэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан “хулгайлах” гэмт хэргийг хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар Б.Гыг 02 /хоёр/ жил 06 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дахь хэсэгт зааснаар Б.Гыг 01 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар М.Хыг 02 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар Г.Шийг 02 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1-д заасныг баримтлан Б.Гад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар оногдуулсан 02 жил 06 сарын хугацаагаар хорих ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1-д зааснаар оногдуулсан 01 жилийн хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн нийт 03 /гурав/ жил 06 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Б.Гад оногдуулсан 03 жил 06 сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй, М.Хт оногдуулсан 02 жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй, Г.Шт оногдуулсан 02 жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад тус тус эдлүүлэхээр тогтоосугай.

6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, мөн хуулийн 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Гаас 800000 /найман зуун мянга/ төгрөгийг гаргуулж хохирогч, иргэний нэхэмжлэгч Улаанбаатар хотын Баянзүрх дүүргийн 8 дугаар хороо УС-15-ийн 5-р байрны 2-25 тоотод орин суух хаягтай /РД:РМ91041400/ /утас: 88027189/, Бэсүд овогт Батхуягийн Энд олгосугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эд мөрийн баримтаар хураагдан ирсэн хэргийн газрын үзлэг, эд зүйл хураасан үеийн бичлэг, мөн зочид буудлын камерийн бичлэг бүхий нийт 3 ширхэг /CD/ буюу хуурцагийг хэргийн хугацаа дуустал уг хэрэгт хадгалахаар зохих баримт үйлдэж хавсаргахыг шүүгчийн туслах Г.Мэндбаярт даалгасугай.

8. Энэ хэрэгт  М.Х, Г.Ш нар нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, битүүмжилсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурьдсугай.

9. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар энэ хэрэгт Б.Гын 2018 оны 11 дүгээр сарын 30-ны өдрөөс 2019 оны 06 дугаар сарын 20-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон нийт 202 /хоёр зуун хоёр/ хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцсугай.

10. Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол Б.Гад авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, М.Х, Г.Ш нарын хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг нь өөрчилж энэ өдрөөс эхлэн цагдан хорьж, Б.Г, М.Х, Г.Ш  нарын эдлэх ялыг нь 2019 оны 06 дугаар сарын 20-ны өдрөөс эхлэн тоолсугай.

11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4-д зааснаар шүүхийн шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурьдсугай.

12. Шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч, өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч эсэргүүцэл бичих эрхтэй. 

13. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол Б.Г, М.Х, Г.Ш нарт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                        Ж.ЭРДЭНЭБАТ

                     ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                        Б.АЛТАНЦЭЦЭГ

                                        ШҮҮГЧ                        Б.ЭРДЭНЭМӨНХ.