Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 06 сарын 13 өдөр

Дугаар 210/МА2025/01030

 

 

 

*******ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Баясгалан даргалж, шүүгч Т.Бадрах, Б.Мандалбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн 192/ШШ2025/01234 дугаар шийдвэртэй,

 

*******ийн нэхэмжлэлтэй,

*******д холбогдох,

 

30,181,730 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Б.Мандалбаяр илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, хариуцагч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга И.Эрдэнэжаргал нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга:

Би, 2022 оны 2 дугаар сард *******тэй танилцаж, үерхсэн. Гэтэл ******* нь ******* надад ямар ч сэтгэлгүй, ашиглах зорилгоор үерхэж байсан байна. Хариуцагчийн муу чанарыг таниад 2024 оны 01 дүгээр сарын 10-ны өдрөөс эхлэн харилцаагаа тасалсан. ******* миний бие *******д хайртай байсан учир 2022 оны 3 дугаар сараас 2024 оны 01 дүгээр сар хүртэл түүний *******ны данс руу нийт 33,895,770 төгрөгийг шилжүүлсэн байдаг.

*******йн хүсэлтээр хоолны мөнгө, хувцасны мөнгө, эм авах мөнгө гэх мэтээр авдаг байсан. Хоол хүнсний мөнгөн болох 33 удаагийн гүйлгээгээр шилжүүлсэн 725,870 төгрөг, *******эс буцаан шилжүүлсэн 2,988,170 төгрөгийг хасаж, нийт 30,181,730 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга:

Бидний дунд зээлийн гэрээний харилцаа үүсээгүй. Хэрэв зээл байсан бол гүйлгээний утга нь зээл гэж бичигдэх байсан. *******ийн нэхэмжилж байгаа мөнгийг би ганцаараа хэрэглээгүй, бид хамтдаа хоол идэх, аялах, гадуур цагийг өнгөрүүлэх, хос хувцас авах, *******ийн автомашины эвдрэл, шатахууны төлбөр, машин түрээсийн төлбөр төлөх зэрэг олон зүйлсэд зарцуулж байсан.

Би, *******эд итгэл төрүүлэн хууран мэхэлсэн зүйл байхгүй, бид хамтран амьдарч байсан, гэр бүлийн харилцаатай, бидний эх, эцгүүд бүгд мэднэ, *******ийн надад өгсөн зүйлсийг бэлэг гэж хүлээн авдаг байсан. Миний бие өөрөө ч өгөхдөө бэлэг болгож өгдөг байсан. Мөнгөн тусламжийг үерхэж байгаа хосуудын адилаар хожим гарах үр дагаврыг тооцолгүй хамтдаа зарцуулж байсан. Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:

Иргэний хуулийн 276 дугаар зүйлийн 276.1, 280 дугаар зүйлийн 280.1, 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсгүүдэд заасныг баримтлан нэхэмжлэгч *******ийн хариуцагч *******д холбогдуулан гаргасан 30,181,730 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж шийдвэрлэжээ.

 

4. Нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга:

******* намайг өөрийн найз залуу гэдэг итгэл үнэмшил төрүүлж, улмаар байнга мөнгө нэхэж, өгөхгүй гэхээр сална гэдэг байсан. Би, тухайн үедээ өгсөн мөнгөө буцааж авах санаа зорилго байгаагүй боловч, сална гэдэг үгнээс нь айж нэхсэн болгоныг нь олж өгдөг байсан. ...би олсон бүх мөнгөө өөрийн итгэж найдаж явсан хүндээ өгч байсан. Миний бие найз охиноо юмаар битгий дутаасай, хүнээс битгий гуйгаасай гэж хүсдэг байсан учраас хэлсэн болгоныг нь зээлж, цуглуулж, зохицуулж өгч ирсэн. Гэтэл тэр итгэлээ алдана гэдэг бол өнгөрсөн хугацааны бүх итгэл найдвараа алдсантай адилхан байна.

2024 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн шүүх хуралдаанаар миний өмгөөлөгч авч, шүүх хуралдаанд оролцох хүсэлтийг хангаж, шүүх хуралдааныг хойшлуулсан. Энэ хугацаанд би өмгөөлөгч хайсаар байсан боловч олдоогүй.

Иймээс миний шүүх хуралдаанд өмгөөлөгчөөр хангагдах эрх маань хэрэгжээгүй. Миний өмгөөлөгчгүйгээр шүүх хуралдаанд оролцсон явдал нь шүүгчийн захирамжийн биелэлт хангагдаагүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил болсон гэж үзэж байна.

Бэлэг хүлээн авагч нь бэлэглэгчийг ноцтой гомдоосон үйлдэл гаргасан бол бэлэглэгч нь бэлэглэлийн гэрээг хүчингүй болгож болно гэж хуульд заасан байна.

Анхан шатны шүүх шүүхийн хэлэлцүүлгийн үед мөнгийг хэрхэн өгсөн талаар удаа дараа асууж, бэлэглэлийн гэрээний харилцааг зөв тогтоосон боловч бэлэглэгч, бэлэг хүлээн авагч нарын хооронд ноцтой гомдоосон ямар үйлдэл болсон үйл баримтыг тодруулаагүй гэж үзэж байна.

Нэхэмжлэгч миний төлөөлөгч *******ээс нэхэмжлэгчийг яаж гомдоосон юм бэ гэж нэг удаа асуусан байдаг. Хариуцагчийн шаардсан мөнгийг өгөөгүй учраас харилцаагаа тасалсан гэж тайлбарласан. Тухайн гомдоосон үйл баримтыг хариуцагч талаас үндэслэл бүхий няцаагаагүй байхад хэт нэг талыг барьсан шийдвэр гаргасанд гомдолтой байна.

Би, энэ хэрэгт өмгөөлөгчөөр хангагдах эрхээ хэрэгжүүлж чадаагүй, хэрэгжүүлэх боломжгүй байсан нөхцөл байдлыг шүүхээс харгалзаж, анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.

 

5. Хариуцагчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбарын агуулга:

Утас авч өгсөн шалтгаан нь ******* миний хуучин утсыг хүнээс зээлсэн мөнгөнийхөө оронд тавьсан. Тэр утсаа буцааж өгч чадахгүй болохоороо надад утас авч өгсөн. Тухайн утасны урьдчилгаа мөнгийг би өөрөө төлсөн учраас энэ гомдол үндэслэлгүй. Сургалтын төлбөр гэж мөнгө нэхэж авсан зүйл байхгүй. Манай ээж миний төлбөрийг 2 хувааж төлж өгсөн гэв.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар хэргийг зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй бүхэлд нь хянан үзээд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцааж шийдвэрлэв.

 

2. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******д холбогдуулан 30,181,730 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

Анхан шатны шүүх зохигчийн хооронд үүссэн харилцаа, хэргийн үйл баримт бүрэн тогтоогдоогүй байхад хэргийг хянан шийдвэрлэсэн нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцээгүй байна.

 

3. Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн үндэслэлээ тайлбарлахдаа ...хариуцагчтай 2022 оны 02 дугаар сард танилцаад үерхэж эхэлсэн бөгөөд 2022 оны 03 дугаар сараас 2024 оны 01 дүгээр сар хүртэлх хугацаанд нийт 33,895,770 төгрөгийг шилжүүлсэн... гэсэн бол хариуцагч нь ...тухайн мөнгийг би ганцаараа хэрэглээгүй, хамтран амьдарч байх хугацаандаа хамтдаа хоол идэх, аялах, гадуур цагийг өнгөрүүлэх, хос хувцас авах, нэхэмжлэгчийн автомашины эвдрэл, шатахууны төлбөр, машин түрээсийн төлбөр төлөх зэрэг олон зүйлсэд зарцуулсан... гэж татгалзлын үндэслэлээ тодорхойлжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа зохигч нар манайд болон хариуцагчийн гэрт 14, 14 хоногоор ээлжлэн хамтран амьдарч байсан гэснээс гадна нэхэмжлэгч нь хариуцагчийн шүүхэд өгсөн хамтдаа аялж зугаалсан үйл баримтыг нотолсон гэрэл зураг, мөн хамт гадуур аялах, зугаалах, эд зүйлс худалдан авах, хамт амьдарч байхдаа өөрсдийн хэрэгцээнд зарцуулсан гэх тайлбарыг няцаагаагүй байна.

 

Тодруулбал, зохигч нар өнгөрсөн хугацаанд зөвхөн уулзаж үерхэх төдий бус, харин хамтын амьдралтай байсан талаар хэн аль нь маргаагүй учир тэдгээрийн хамтын амьдралын явцад бие, биедээ харилцан шилжүүлсэн мөнгийг чухам хэн, юунд зарцуулсан болохыг тогтоох нь хэргийг хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой юм.

 

4. Мөн хэрэгт авагдсан баримтаар нэхэмжлэгчийн данснаас хариуцагчийн дансанд 2022 оны 05 дугаар сарын 16 болон 2022 оны 08 дугаар сарын 24-ний өдрүүдэд цалин гэх утгаар нийт 3,010,000 төгрөг, хайр нь гэх утгаар 2022 оны 12 дугаар сарын 26-ны өдөр орсон 2,700,000 төгрөг, 2023 оны 02 дугаар сарын 10-ны өдөр орсон 505,000 төгрөг, 2023 оны 02 дугаар сарын 10-ны өдөр орсон 1,000,000 төгрөг, 2023 оны 03 дугаар сарын 28-ны өдөр орсон 760,000 төгрөг, 2023 оны 05 дугаар сарын 31-ний өдөр орсон 545,000 төгрөг, 2023 оны 07 дугаар сарын 07-ны өдөр орсон 1,000,000 төгрөг, 2023 оны 07 дугаар сарын 09-ний өдөр орсон 1,350,000 төгрөг, 2023 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр орсон 2,000,000 төгрөг, 2023 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр орсон 1,800,000 төгрөг, 2023 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр орсон 1,000,000 төгрөг, 2023 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр орсон 800,000 төгрөг, 2023 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр орсон 500,000 төгрөг, 2024 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр орсон 1,300,000 төгрөг, n гэх утгаар 2023 оны 03 дугаар сарын 21-ний өдөр орсон 1,020,000 төгрөг орсон байна.

 

Эдгээр мөнгийг нэхэмжлэгч нь хариуцагчид ямар зорилгоор шилжүүлсэн, хариуцагч нь тухайн мөнгийг юунд хэрхэн зарцуулсныг тодруулах ажиллагаа хийгээгүй байх тул энэ талаарх үйл баримтыг тогтоох шаардлагатай.

 

Үүнээс хамаарч нэхэмжлэгч нь хариуцагчид дээрх мөнгийг зээлдүүлсэн, аль эсхүл бэлэглэсэн, эсхүл хамтын амьдралын хэрэгцээндээ зарцуулсан зэргийн аль нь болохыг тогтоосноор хариуцагчийн зүгээс нэхэмжлэгчид мөнгө буцаан төлөх үүрэг бий эсэх, тийнхүү төлөх тохиолдолд бодитоор хэдэн төгрөгийг ямар үндэслэлээр төлөх үүрэгтэй болохыг шүүх нэг мөр тогтооход ач холбогдолтой болно.

 

5. Иймд, дээрх ажиллагааг давж заалдах шатны шүүх нөхөн гүйцэтгэх, хэрэгт авагдсан баримтын хүрээнд хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр тухайн шүүхэд буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зөрчлийн улмаас шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож байгаа тул нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдолд дүгнэлт өгөхгүй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.1-д тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн 192/ШШ2025/01234 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр тус шүүхэд буцаасугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд энэ өдрөөс тооцон 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах, энэхүү үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй ба магадлалыг гардуулснаар хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ М.БАЯСГАЛАН

 

ШҮҮГЧИД Т.БАДРАХ

 

Б.МАНДАЛБАЯР