| Шүүх | Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Болдбаатарын Батсайхан |
| Хэргийн индекс | 168/2019/0204/э |
| Дугаар | 2019/ШЦТ/209 |
| Огноо | 2019-07-22 |
| Зүйл хэсэг | 11.4.1., 20.16.1., |
| Улсын яллагч | Ц.Лхамсүрэн |
Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2019 оны 07 сарын 22 өдөр
Дугаар 2019/ШЦТ/209
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Батсайхан даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Хэрлэн
Улсын яллагч Ц.Лхамсүрэн
Шүүгдэгч нарын өмгөөлөгч А.Мөнхбат
Шүүгдэгч Э.Э, Д.Н, А.А нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны А танхимд нээлттэй явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:
Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Ц.Лхамсүрэнгээс Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Лууш овогт Э.Э, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Хамба овогт Д.Н, Боржигон овогт А.А нарт холбогдох 1921002460146 дугаартай хэргийг 2019 оны 07 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч нарын биеийн байцаалт:
1. Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, ........... оны ..... дүгээр сарын ......-ны өдөр Дорнод аймгийн Хэрлэн суманд төрсөн, ..... настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, “Классик” бааранд зөөгч ажилтай, ам бүл 3, эмээ, өвөөгийн хамт Дорнод аймгийн Хэрлэн сумын .................... тоотод оршин суух, гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, Хамба овогт Д.Н. /РД: ...................../
2. Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, ............ оны .......... дугаар сарын ............-ны өдөр Дорнод аймгийн Хэрлэн суманд төрсөн, ............ настай, эмэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, тогооч мэргэжилтэй, ажилгүй, ам бүл 12, ах, эгч, дүү нарын хамт Дорнод аймгийн Хэрлэн сумын ....................... тоотод оршин суух, гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, Лууш овогт Э.Э. /РД: ........................../
3. Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, .......... оны ............ дугаар сарын ...........-ны өдөр Дорнод аймгийн Хэрлэн суманд төрсөн, ........... настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ажилгүй, ам бүл 7, аав, ээж, эгч, дүү нарын хамт Дорнод аймгийн Хэрлэн сумын ....................... тоотод оршин суух, гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, Боржигон овогт А.А. /РД: ...................../
Холбогдсон хэргийн талаар яллах дүгнэлтэд дурдсанаар:
1. Шүүгдэгч Э.Э нь 2019 оны 03 дугаар сарын 27-ны өдөр 21 цагийн орчимд Дорнод аймгийн Хэрлэн сумын 6 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Бет” караоке баарны гадаа Д.Н, А.А нартай бүлэглэн нийтийн хэв журмыг зөрчиж, С.Уянгалан, Ц.Цэцгээ нарт хүч хэрэглэн зодож, С.Уянгалангийн нүдний шилийг гишгэж, эвдэн олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулсан, хохирогч Ц.Цэцгээг зодож, “зүүн шагайн гадна хавчаар ясны хугарал, зүүн хөлийн гадна шагайн зөөлөн эдийн няцрал, цус хуралт, зүүн тохойн цус хуралт, зүүн чих орчмын зулгаралт” гэмтэл буюу эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан,
2. Шүүгдэгч Д.Н нь 2019 оны 03 дугаар сарын 27-ны өдөр 21 цагийн орчимд Дорнод аймгийн Хэрлэн сумын 6 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Бет” караоке баарны гадаа Э.Э, А.А нартай бүлэглэн нийтийн хэв журмыг зөрчиж, С.Уянгалан, Ц.Цэцгээ нарт хүч хэрэглэн зодож, олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулсан,
3. Шүүгдэгч А.А нь 2019 оны 03 дугаар сарын 27-ны өдөр 21 цагийн орчимд Дорнод аймгийн Хэрлэн сумын 6 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Бет” караоке баарны гадаа Э.Э, Д.Н нартай бүлэглэн нийтийн хэв журмыг зөрчиж, С.Уянгалан, Ц.Цэцгээ нарт хүч хэрэглэн зодож, Б.Оюунбатын “Приус” маркийн 60-43 УБЗ улсын дугаартай тээврийн хэрэгслийн хаалгыг өшиглөж, гэмтээн олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт оролцогч нараас гаргасан мэдүүлэг, талуудаас шинжлэн судалсан баримтад үндэслэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлд зааснаар ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Э.Э нь 2019 оны 03 дугаар сарын 27-ны өдөр 21 цагийн орчимд Дорнод аймгийн Хэрлэн сумын 6 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Бет” караоке баарны гадаа Д.Н, А.А нартай бүлэглэн нийтийн хэв журмыг зөрчиж, С.Уянгалан, Ц.Цэцгээ нарт хүч хэрэглэн зодож, С.Уянгалангийн нүдний шилийг гишгэж, эвдэн олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулах гэмт хэргийг үйлдсэнд холбогдуулан Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар, хохирогч Ц.Цэцгээг зодож, “зүүн шагайн гадна хавчаар ясны хугарал, зүүн хөлийн гадна шагайн зөөлөн эдийн няцрал, цус хуралт, зүүн тохойн цус хуралт, зүүн чих орчмын зулгаралт” гэмтэл буюу эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэнд холбогдуулан Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар,
Шүүгдэгч Д.Н нь 2019 оны 03 дугаар сарын 27-ны өдөр 21 цагийн орчимд Дорнод аймгийн Хэрлэн сумын 6 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Бет” караоке баарны гадаа Э.Э, А.А нартай бүлэглэн нийтийн хэв журмыг зөрчиж, С.Уянгалан, Ц.Цэцгээ нарт хүч хэрэглэн зодож, олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулах гэмт хэргийг үйлдсэнд холбогдуулан Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар,
Шүүгдэгч А.А нь 2019 оны 03 дугаар сарын 27-ны өдөр 21 цагийн орчимд Дорнод аймгийн Хэрлэн сумын 6 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Бет” караоке баарны гадаа Э.Э, Д.Н нартай бүлэглэн нийтийн хэв журмыг зөрчиж, С.Уянгалан, Ц.Цэцгээ нарт хүч хэрэглэн зодож, Б.Оюунбатын “Приус” маркийн 60-43 УБЗ улсын дугаартай тээврийн хэрэгслийн хаалгыг өшиглөж, гэмтээн олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулах гэмт хэргийг үйлдсэнд холбогдуулан Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус яллах дүгнэлт үйлдэж, Дорнод аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Ц.Лхамсүрэнгээс эрүүгийн 1921002460146 дугаартай хэргийг шүүхэд ирүүлжээ.
Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч Э.Эгийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд болон шүүх хуралдаанд өгсөн: “...2019 оны 03 дугаар сарын 27-ны өдөр 21 цагийн орчимд Дорнод аймгийн Хэрлэн сумын 6 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Бет” караоке бааранд ...Д.Н Уянгалан нар маргалдаж эхэлсэн. Би тэр хэд рүү очсон. ...Д.Н нь Уянгаланг эхлээд нүүр рүү нь алгадсан тэгээд дараа нь гэдэс хэсэг рүү нь нэг удаа өшиглөсөн. Уянгалангийн нүдний шил нь газар унасан. ...нэг юм дугарахаар нь харсан чинь нүдний шилэн дээр нь гишгэсэн байсан. ....Караоке дотор маргаад байж байхад бармен ах бид нарыг хөөж гаргасан. Би бага зэрэг архи уусан байсан ч согтоогүй байсан. ...Би Уянгалангийн хацар руу нэг удаа алгадаад байж байхад А.А Уянгаланг өөрлүүгээ татаж харуулаад нэг удаа цохисон. ...Би Цэцгээгийн ташаа орчимд нь нэг удаа өшиглөсөн. А.А Цэцгээг газарт унагаасан байхаар нь дахин нэг удаа өшиглөсөн. Яг хаана нь өшиглөсөн гэдгээ мэдэхгүй байна. ...Цэцгээ босоод таксинд суучихсан. А.А Цэцгээгийн суусан таксины араас аймар хурдан гүйж очоод, би араас нь яваад очиход ...Уянгаланг машинаас буулгах гээд хувцаснаас нь татаж байхад жолооч ах машин эвдлээ ш дээ гэхэд би машины хаалга хаахад ...А.А машины хаалга руу нэг удаа зөөлөн өшиглөсөн. ...гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Өмнө өгсөн мэдүүлэг үнэн зөв учраас шүүх хуралдаанд мэдүүлэг өгөхгүй” гэх мэдүүлэг /хх-ийн 85-86 дугаар хуудас/,
Шүүгдэгч Д.Н мөрдөн шалгах ажиллагааны шатанд болон шүүх хуралдаанд өгсөн: “...2019 оны 03 дугаар сарын 27-ны өдөр 21 цагийн орчимд Дорнод аймгийн Хэрлэн сумын 6 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Бет” караоке бааранд ...бид нарыг насанд хүрээгүй гэж барменд хэлсэн гэдгээс болж Цэцгээ, Уянгалан бид нарын дунд маргаан болсон. Би архи уусан байсан учраас нилээн согтсон байсан. ...Би Уянгаланг цохиж өшиглөсөн гэдгээ огт санахгүй байна. ...Цэцгээ газарт унасан зам дээр хэвтэж байсан. Тэгээд би очиж А.А, Э.Э нарт хандаж Цэцгээ жирэмсэн гэсэн боль гэж хэлсэн. Цэцгээг босч ирэхэд хөл нь доголон болсон байсан. ...Таксины жолооч гарч ирээд машин өшиглөчихлөө гээд А.Аийг бариад тавихгүй байсан... Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Өмнө өгсөн мэдүүлэг үнэн зөв учраас шүүх хуралдаанд мэдүүлэг өгөхгүй” гэх мэдүүлэг /хх-ийн 83-84 дүгээр хуудас/,
Шүүгдэгч А.Аийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд болон шүүх хуралдаанд өгсөн: ““...2019 оны 03 дугаар сарын 27-ны өдөр 21 цагийн орчимд Дорнод аймгийн Хэрлэн сумын 6 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Бет” караоке баарны гадаа ...би очиж Уянгаланг түлхэж унагаагаад Цэцгээгийн нүүр хэсэг рүү нь мангасдаж алгаараа түлхсэн. Цэцгээ газарт унахаар нь баруун хөлийн гуя руу нь нэг удаа өшиглөөд дахин өшиглөх гэтэл Аранжин, Хаш-Эрдэнэ нар боль гээд салгасан. ...ингээд Аранжинтай юм яриад зогсож байтал Цэцгээ босч ирээд зогсож байтал Э.Э гүйж очоод Цэцгээг өшиглөж байгаа харагдсан. ...Цэцгээ босч ирээд гүйгээд машинд суусан. Би суусан машины замыг нь хааж зогссон. Тэгсэн жолооч ах гарч ирээд намайг заамдаж авсан. ...намайг түлхээд машиндаа суугаад хөдлөөд явахаар нь машины жолоочийн эсрэг талын хойд хаалганы ар хэсэгт нэг удаа өшиглөсөн юм. ...Ингээд цагдаа нар ирээд авч Уянгалан, Цэцгээ нарын хамт авч явсан юм. ...гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Өмнө өгсөн мэдүүлэг үнэн зөв учраас шүүх хуралдаанд мэдүүлэг өгөхгүй” гэх мэдүүлэг /хх-ийн 87-88 дугаар хуудас/,
Хохирогч Ц.Цэцгээгийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...2019 оны 03 дугаар сарын 27-ны өдөр 21 цагийн орчимд Дорнод аймгийн Хэрлэн сумын 6 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Бет” караоке баарнаас гарах гээд явж байхад 1 давхарын ширээн дээр сууж байсан Д.Н, Э.Э нар надтай хамт явж байсан Уянгаланг дуудсан. ...Уянгалан ширээн дээр нь очиж суусан. Э.Э Уянгалангийн баруун хацар руу нэг удаа алгадсан. Д.Н Уянгаланг үсдээд авсан. ...Уянгалангийн нүдний шил газарт унахад авах гэтэл Э.Э шилэн дээр нь хөлөөрөө дэвсээд хагалчихсан. Тэгэхээр нь бид нар очоод салгаад аваад гарсан. ...Э.Э нь миний араас гүйж ирээд намайг үсдэж зулгаагаад хойш нь газарт унагасан. Тэгээд Д.Н гүйж ирээд зүүн ташаа хэсэг рүү өшиглөсөн. Хаш-Эрдэнэ намайг татаж босгоход ...А.А миний араас ирээд зүүн хөлийн өсгий хэсэг рүү өшиглөсөн. Би газарт унасан тэгэхэд Д.Н ирээд намайг үсдэж газраар чирсэн. Тэгэхэд миний гар, тохой, чихний ар шалбарсан. ...Э.Э нь Хаш-Эрдэнэ, Аранжин нарын хажуугаар гүйж гарч ирээд зүүн хөлийн шагай хэсэг рүү нэмээд нэг удаа өшиглөсөн. Тэгээд миний хөл бүр гэмтээд газарт унан босч чадахгүй болсон ингээд байж байхад миний хажуу талд машин ирээд зогссон. Тэр машин дотор Уянгалан сууж байсан. Би машинд суусан... А.А машины хаалга руу өшиглөсөн. ...ингээд Уянгалангийн утаснаас цагдаа руу залгасан. Би тэр үед архи огт уугаагүй байсан. Гомдолтой байна эмчилгээний зардал 200000 төгрөг, цалин, олох ёстой байсан орлого 1500000 төгрөг нийт 1700000 төгрөг гаргуулж өгнө үү” гэх мэдүүлэг /хх-ийн 18-19 дүгээр хуудас/,
Насанд хүрээгүй хохирогч С.Уянгалангийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...2019 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн 21 цагийн орчимд Дорнод аймгийн Хэрлэн сумын 6 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Бет” караоке баарнаас гарах гээд явж байхад Э.Э гэх охин намайг дуудсан. Ширээн дээр нь очсон чинь Д.Н намайг ширээн дээр суу гэсэн. Би суухгүй гэсэн чинь Э.Э гэдэг охин миний толгойн араас 2-3 удаа цохисон. Ингээд миний нүдний шил газарт унасан. Нүдний шилээ авах гээд тонгойход Э.Э миний нүдний шилийг хөлөөрөө дэвсээд хагалсан. ...Цэцгээ эгч бид хоёрыг караокенаас гараад такси барих гээд зогсож байхад А.А, Д.Н, Э.Э нар гарч ирээд А.А нь намайг үсдэж газар унаган гараараа миний нүүр толгой хэсэг рүү олон удаа цохисон. Ингээд би тэд нарыг хаяж яваад такси аваад ...Цэцгээ эгчийг суулгаад явах гэтэл ...А.А машины урд зогсоод явуулахгүй байсан. Ингээд А.А нь машины хаалга өшиглөж хонхойлгосон. Гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 23-25 дугаар хуудас/,
Насанд хүрээгүй хохирогч С.Уянгалангийн хууль ёсны төлөөлөгч Д.Алтангэрэлийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...С.Уянгалан нь миний охин Сарантунгалгын охин байгаа юм. Зээ охин С.Уянгалан нь 2019 оны 03 дугаар сарын 27-ны өдөр хүнд зодуулсан цагдаа дээр хүрээд ир гэсэн. Уянгалангийн зүүн шанаа орчимд шалбарсан. Зүүн тохой шалбарсан, зүүн шагай орчимд шалбарсан өөр ил харагдах шарх байхгүй. Манай охины 38.000 төгрөгөөр хийлгэсэн харааны шил нь хагарсан байсан. Охин маань гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй гэсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 21-22 дугаар хуудас/,
Хохирогч Б.Оюунбатын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...60-46 УБЗ улсын дугаартай тээврийн хэрэгсэл миний машин юм. ...2019 оны 03 дугаар сарын 27-ны өдөр миний машины хойд талын хаалгыг өшиглөж хонхойлгосон. “Ачит билгүүн” гэх нэртэй үнэлгээний газар уг хохирлыг 90.000 төгрөгөөр үнэлсэн. Миний машиныг өшиглөсөн охины эгч нь 90.000 төгрөг өгч хохирлыг барагдуулсан. Гомдол санал байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 27-28, 126 дугаар хуудас/,
Гэрч Э.Хаш-Эрдэнийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...2019 оны 03 дугаар сарын 27-ны өдөр ...би найз Аранжин, Цэцгээ нартай хамт явж байгаад Уянгалантай таарсан. 20 цагийн орчим “Бет” караоке руу хүнтэй уулзах гэж ороход насанд хүрээгүй хүн оруулахгүй гэхээр нь би цаана чинь насанд хүрээгүй хүн сууж л байна шүү дээ гээд Д.Н, Э.Э нар руу заасан. ...Үүнээс болоод Э.Э, Уянгалан нар маргалдаж эхэлсэн. ...А.А гэх охин машинаас бууж ирээд Уянгаланг үсдэж цохиж аваад байсан. Мөн Цэцгээг нэг нь үсдэж унаган цохиод байсан. ...А.А, Э.Э хоёр л Уянгалан, Цэцгээ нарыг зодоод байсан. Д.Н нь цаана нь зогсоод боль гээд байсан. Уянгаланг таксинд суулгаад явуулахад Цэцгээг А.А, Э.Э нар зодоод байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 41-44 дүгээр хуудас/,
Гэрч Б.Аранжингийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...2019 оны 03 дугаар сарын 27-ны өдөр “Бет” караокед 20 цагийн орчимд ороход ...18 цагаас хойш насанд хүрээгүй хүн оруулахгүй гэхээр нь ...Хаш-Эрдэнэ Д.Н, Э.Э нарын сууж байсан ширээ рүү заагаад насанд хүрээгүй хүн сууж байна шүү дээ гэхэд Д.Н, Энжин, Очир нар “Юу гээд байгаа юм бэ” гээд босоод ирсэн. ...ингээд Э.Э нь Уянгалангийн нүүр рүү нь алгадаад хөл рүү нь өшиглөсөн. Нандин-Эрэнэ нь Цэцгээг үсдээд авсан. ...А.А машинаас бууж ирээд Уянгалан, Цэцгээ нар руу дайрч үсдэж аваад цохиж унагаад байсан. ...Уянгаланг машинд суугаад явсны дараа А.А, Э.Э нар Цэцгээг үсдэж, өшиглөж зодоод байсан. ...Д.Н хүнд гар хүрэхгүй мөртлөө хүнийг дэврээж “ална, хядна” Э.Э, А.А нарыгаа хөөргөөд байсан... гэх мэдүүлэг /хх-ийн 45-47 дугаар хуудас/,
Дорнод аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээч Ж.Жаргалангийн 2019 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн 216 дугаартай шинжээчийн дүгнэлтийн дүгнэлт хэсэгт:
1. Цэцгээгийн биед зүүн шагайн гадна хавчаар ясны хугарал, зүүн хөлийн гадна шагайн зөөлөн эдийн няцрал, цус хуралт, зүүн тохойн цус хуралт, зүүн чих орчмын зулгаралт гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр тухайн цаг хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтэл болно.
3. Дээрх гэмтлүүдийн зүүн шагайн гадна хавчаар ясны хугарал, зүүн хөлийн гадна шагайн зөөлөн эдийн няцрал, цус хуралт нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Бусад гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй.
4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад төлөөлөхгүй гэх дүгнэлт /хх-ийн 68 дугаар хуудас/,
Дорнод аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээч Ж.Жаргалангийн 2019 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн 217 дугаартай шинжээчийн дүгнэлтийн дүгнэлт хэсэгт:
1. С.Уянгалангийн биед зүүн шанаа, зүүн тохойны зулгаралт гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр тухайн цаг хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтэл болно.
3. Дээрх гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй.
4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй гэх дүгнэлт /хх-ийн 70 дугаар хуудас/,
Яаралтай тусламжийн хуудас /хх-ийн 71 дүгээр хуудас/, Үнэлгээний комиссын эд зүйлийн үнэлгээ /хх-ийн 130 дугаар хуудас/,
Шүүгдэгч А.А, Э.Э, Д.Н нарын иргэний үнэмлэхний лавлагаа /хх-ийн 96, 117, 122 дугаар хуудас/,
Шүүгдэгч нарын урьд ял шийтгэгдэж байгаагүй талаарх эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 95, 114, 119 дүгээр хуудас/,
Шүүгдэгч нарын хувийн байдлын талаар гэрч Ч.Намуунзул /хх-ийн 53-54 дүгээр хуудас/, А.Бямбацэцэг /хх-ийн 55-56 дугаар хуудас/, гэрч Ж.Нацаг /хх-ийн 57-58 дугаар хуудас/, гэрч Б.Батзул /хх-ийн 59-60 дугаар хуудас/, гэрч Н.Чимгээ /хх-ийн 61-62 дугаар хуудас/, гэрч Д.Даваасүрэн /хх-ийн 63-64 дүгээр хуудас/, гэрч Д.Алтанцэцэг /хх-ийн 65-66 дугаар хуудас/ нарын мэдүүлэг,
Шүүгдэгч А.Аийн амжиргааны түвшний Хөдөлмөр эрхлэлт халамжийн асуудал хариуцсан мэргэжилтэн Ж.Цэрэндуламын тодорхойлолт, Дорнод аймгийн Хэрлэн сумын 3 дугаар багийн Засаг даргын тодорхойлолт, 2016 оны өсвөр үеийн улсын аварга шалгаруулах тэмцээний 3 байрын диплом, аймгийн аварга шалгаруулах тэмцээний тэргүүн байрын өргөмжлөл, Хан-Уул цогцолбор сургуулийн тодорхойлолт, сурагчийн хувийн хэрэг /хх-ийн 98-112 дугаар хуудас/,
Шүүгдэгч Э.Эгийн Хан-Уул цогцолбор сургуулийн сургалтын албаны дарга Ч.Цогзолмаагийн тодорхойлолт, Хөдөлмөр эрхлэлт халамжийн асуудал хариуцсан мэргэжилтний амжиргааны түвшний талаарх тодорхойлолт, Дорнод аймгийн Хэрлэн сумын 2 дугаар багийн засаг даргын тодорхойлолт /хх-ийн 113-116 дугаар хуудас/,
Шүүгдэгч Д.Н Хан-Уул цогцолбор сургуулийн сургалтын албаны дарга Ч.Цогзолмаагийн тодорхойлолт, Дорнод аймгийн Хэрлэн сумын 4 дүгээр багийн засаг даргын тодорхойлолт /хх-ийн 113-116 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Эрүүгийн 1921002460146 дугаар хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг цуглуулах буюу бэхжүүлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу авсан байх тул хэргийг хянан шийдвэрлэхэд хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, хангалттай байна гэж шүүх үнэллээ.
Мөрдөн шалгах ажиллагааны шатанд нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж тогтоосон, хэргийн оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарлах замаар эсхүл бусад хэлбэрээр шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэхэд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байна гэж шүүх үзлээ.
Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Шүүгдэгч Э.Э нь 2019 оны 03 дугаар сарын 27-ны өдөр 21 цагийн орчимд Дорнод аймгийн Хэрлэн сумын 6 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Бет” караоке баарны гадаа Д.Н, А.А нартай бүлэглэн нийтийн хэв журмыг зөрчиж, С.Уянгалан, Ц.Цэцгээ нарт хүч хэрэглэн зодон хүний халдашгүй чөлөөтэй байх эрхийг зөрчиж, С.Уянгалангийн нүдний шилийг гишгэж эвдэн олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулах, хохирогч Ц.Цэцгээг зодож, “зүүн шагайн гадна хавчаар ясны хугарал, зүүн хөлийн гадна шагайн зөөлөн эдийн няцрал, цус хуралт, зүүн тохойн цус хуралт, зүүн чих орчмын зулгаралт” гэмтэл буюу эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэргийг тус тус үйлдсэн,
Шүүгдэгч Д.Н нь 2019 оны 03 дугаар сарын 27-ны өдөр 21 цагийн орчимд Дорнод аймгийн Хэрлэн сумын 6 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Бет” караоке баарны гадаа Э.Э, А.А нартай бүлэглэн нийтийн хэв журмыг зөрчиж, С.Уянгалан, Ц.Цэцгээ нарт хүч хэрэглэн зодож, хүний халдашгүй чөлөөтэй байх эрхийг зөрчиж, олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулах гэмт хэргийг үйлдсэн,
Шүүгдэгч А.А нь 2019 оны 03 дугаар сарын 27-ны өдөр 21 цагийн орчимд Дорнод аймгийн Хэрлэн сумын 6 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Бет” караоке баарны гадаа Э.Э, Д.Н нартай бүлэглэн нийтийн хэв журмыг зөрчиж, С.Уянгалан, Ц.Цэцгээ нарт хүч хэрэглэн зодож хүний халдашгүй чөлөөтэй байх эрхийг зөрчиж, Б.Оюунбатын “Приус” маркийн 60-43 УБЗ улсын дугаартай тээврийн хэрэгслийн хаалгыг өшиглөж, гэмтээн олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь шүүх хуралдаанд шинжлэн судлагдсан шүүгдэгч Э.Э /хх-ийн 85-86 дугаар хуудас/, Д.Н /хх-ийн 83-84 дүгээр хуудас/, А.А /хх-ийн 87-88 дугаар хуудас/ нарын мөрдөн шалгах ажиллагааны шатанд болон шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэг, хохирогч Ц.Цэцгээ /хх-ийн 18-19 дүгээр хуудас/, насанд хүрээгүй хохирогч С.Уянгалан /хх-ийн 21-22 дугаар хуудас/, насанд хүрээгүй хохирогч С.Уянгалангийн хууль ёсны төлөөлөгч Д.Алтангэрэл /хх-ийн 21-22 дугаар хуудас/, хохирогч Б.Оюунбат /хх-ийн 27-28, 126 дугаар хуудас/, гэрч Э.Хаш-Эрдэнэ /хх-ийн 41-44 дүгээр хуудас/, гэрч Б.Аранжин /хх-ийн 45-47 дугаар хуудас/ нарын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлгүүд, Дорнод аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээч Ж.Жаргалангийн 2019 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн 216 дугаартай, 217 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 68, 70 дугаар хуудас/, яаралтай тусламжийн хуудас /хх-ийн 71 дүгээр хуудас/, үнэлгээний комиссын эд зүйлийн үнэлгээ /хх-ийн 130 дугаар хуудас/ зэрэг шүүх хуралдаанаар хэлэлцсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгч Э.Эг Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, мөн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд, шүүгдэгч Д.Н, А.А нарыг Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Прокурорын үйлдсэн яллах дүгнэлт нь үндэслэлтэй, хэргийн зүйлчлэл зөв байна гэж шүүх дүгнэв.
Нийтийн хэв журам зөрчих гэдэг нь хүмүүсийн харилцааны цогц буюу нийтийн амгалан тайван байдал болон хувь хүний эрх, эрх чөлөөнд халдсан эрээ цээргүй, балмад үйлдлийг хэлэх бөгөөд олон нийтийн газар нь үзвэр, нийтийн үйлчилгээний газар байхаас гадна авто зам, гудамж талбай, дэлгүүр хоршоо, караоке, баар болон тэдгээрт хамаарах орчны орон зайг олон нийтийн газарт мөн адил хамааруулна. Тэдний нийтийн хэв журмыг бүлэглэн зөрчсөн үйлдэл нь хүний халдашгүй чөлөөтэй байх эрхийг зөрчиж байх бөгөөд шүүгдэгч Э.Эгийн үйлдэл нь хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулах гэмт хэргийн шинжийг хангасан байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нэг үйлдэлтэй нийлмэл гэмт хэрэг гэж үзэн мөн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар давхар зүйлчилсэн нь зөв байна.
Гэмт хэрэг гарахад шүүгдэгч нар нь архи ууж согтуурсан, тэдний хууль зүй, ёс зүйн ухамсар дутмаг байдал, насанд хүрээгүй хүүхдэд тавих эцэг, эх, асран хамгаалагч, сургуулийн захиргааны хараа хяналт муу, архи согтууруулах ундаагаар насанд хүрээгүй хүнд үйлчилсэн үйлчилгээний байгууллагын хууль хэрэгжүүлээгүй байдал, тэдэнд хяналт тавих эрх бүхий байгууллагын хараа хяналт сул байгаа зэрэг нөхцөл байдал нөлөөлсөн гэж үзлээ.
Шүүгдэгч нарын үйлдэл идэвхтэй бөгөөд ухамсартай үйлдэл байхын сацуу хууль бус болох нь илэрхий, мөн хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулж хор уршигт зориуд хүргэсэн байх тул тэднийг гэмт хэрэг санаатай үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.
Гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хувьд: Насанд хүрээгүй хохирогч С.Уянгалан нь гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэсэн, хохирогч Б.Оюунбатын хохирол болох 90000 төгрөгийг шүүгдэгч А.А төлж барагдуулсан, хохирогч Ц.Цэцгээ нь эмчилгээний зардал 200.000 төгрөг, ажилгүй байсан хугацааны цалин 1500.000 төгрөг нийт 1700.000 төгрөг нэхэмжилсэн боловч холбогдох баримтыг шүүхэд гаргаж өгөөгүй, хэрэгт баримт байхгүй байх тул шүүгдэгч нарыг бусдад төлөх төлбөргүй гэж үзэх нь зүйтэй байна.
Эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан, хавтаст хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгч Э.Эг нь Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, мөн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасан, шүүгдэгч Д.Н, А.А нарыг Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсон тул гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтаар шүүгдэгч нар нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлснийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон бөгөөд хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй байна.
Шүүх шүүгдэгч А.А, Э.Э, Д.Н нарыг “олон нийтийн амгалан тайван байдал алдагдуулах” гэмт хэргийг нийтийн хэв журмыг бүлэглэн зөрчиж, бусдад хүч хэрэглэж, эд хөрөнгө устгаж, гэмтээж, хүний халдашгүй чөлөөтэй байх эрхийг зөрчиж үйлдсэн, мөн шүүгдэгч Э.Э нь “хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус бүр тооцсон учир эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, нийгэмшүүлэхэд орших шударга ёсны болоод гэм буруугийн зарчимд нийцүүлэн, үйлдэгдсэн гэмт хэргийн шинж, гэмт хэрэг үйлдэхэд гүйцэтгэсэн үүрэг, оролцоо, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал зэргийг харгалзан шүүгдэгч Э.Эг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялаар тус тус, шүүгдэгч Д.Нг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэх, шүүгдэгч А.Аийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнсэж, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авах нь зүйтэй гэж үзлээ.
Шүүгдэгч Э.Э нь 9 сартай жирэмсэн болох нь, шүүгдэгч Д.Н нь 14 хоногтой хүүхэдтэй болох нь эмнэлгийн магадлагаа, шүүгдэгч нарын тайлбар, хэрэгт авагдсан баримтуудаар тус тус тогтоогдож байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.6 дугаар зүйлийн 1 хэсэгт “...жирэмсэн эмэгтэй, 3 хүртлэх насны хүүхэдтэй эх...”-д хорих ял оногдуулсан шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулж болно гэж заасны дагуу шүүгдэгч Э.Э, Д.Н нарт хорих ял оногдуулсан шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхийг 1 жилийн хугацаагаар хойшлуулж шийдвэрлэх нь зүйтэй байна.
Хохирогч Ц.Цэцгээ нь өөрийн эрүүл мэндэд учирсан хохирол, эмчилгээний зардал, цалин хөлс, түүнтэй адилтгах орлогоо нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдаж шийдвэрлэх нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй, тэд бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдаж, баримт бичгээр ирсэн шүүгдэгч нарын иргэний үнэмлэхийн лавлагааг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлэхээр шийдвэрлэв.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.3 дугаар зүйлийн 3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Э.Э-г Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн,
- Мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан нийтийн хэв журмыг бүлэглэн зөрчиж, бусдад хүч хэрэглэж, эд хөрөнгө устгаж, хүний халдашгүй чөлөөтэй байх эрхийг зөрчиж, олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулсан гэмт хэрэг үйлдсэн,
Шүүгдэгч Д.Н-г Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан нийтийн хэв журмыг бүлэглэн зөрчиж, бусдад хүч хэрэглэж, хүний халдашгүй чөлөөтэй байх эрхийг зөрчиж, олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулсан гэмт хэрэг үйлдсэн,
Шүүгдэгч А.А-ийг Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан нийтийн хэв журмыг бүлэглэн зөрчиж, бусдад хүч хэрэглэж, эд хөрөнгө гэмтээн, хүний халдашгүй чөлөөтэй байх эрхийг зөрчиж, олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.А-ийг хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнсэж,
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Э-г 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялаар,
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Н-г 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасныг журамлан шүүгдэгч Э.Э-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 2 жилийн хугацаагаар хорих ял дээр, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 15000 /арван таван мянга/ төгрөгийг нэг хоногоор тооцож 30 /гуч/ хоногийн хугацаагаар хорих ялаар сольж, нийт эдлэх ялыг 2 /хоёр/ жил 30 /гуч/ хоногийн хугацаагаар хорих ялаар тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Нд оногдуулсан 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих, шүүгдэгч Э.Э-д оногдуулсан 2 /хоёр/ жил 30 /гуч/ хоногийн хугацаагаар хорих ялыг тус тус нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Н-д 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ял, шүүгдэгч Э.Э-д 2 /хоёр/ жил 30 /гуч/ хоногийн хугацаагаар хорих ял оногдуулсан шийтгэх тогтоол биелүүлэхийг тус бүр 1 жилийн хугацаагаар хойшлуулсугай.
6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-д зааснаар шүүгдэгч А.А-т зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтад хамрагдах үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсугай.
7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.6 дугаар зүйлийн 2, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Н, Э.Э нар нь шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулсан хугацаанд санаатай гэмт хэрэг шинээр үйлдсэн, хүүхдээ асарч хүмүүжүүлэхээс зайлсхийсэн бол прокурорын дүгнэлтийг үндэслэн хорих ял оногдуулсан шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулсан шийдвэрийг хүчингүй болгож, хорих ялыг биечлэн эдлүүлэх тухай шүүгчийн захирамж гарахыг, шүүгдэгч А.А-т Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5, 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг тус тус мэдэгдсүгэй.
8. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Н, Э.Э нарт шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулсан хугацаанд, шүүгдэгч А.А-т авсан үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээнд тус тус хяналт тавихыг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
9. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, баримт бичгээр ирсэн шүүгдэгч нарын иргэний үнэмлэхийн лавлагааг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлсүгэй.
10. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт тус тус зааснаар хохирогч Ц.Цэцгээ нь эрүүл мэндэд учирсан гэм хорын хохирол болон цалин хөлс түүнтэй адилтгах орлогоо нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.
11. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.
12. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш, эсвэл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд тус шүүхээр дамжуулан давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.
13. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлт түдгэлзэхийг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.БАТСАЙХАН