Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 05 сарын 02 өдөр

Дугаар 210/МА2025/00713

 

******* ХХК, ******* нарын

нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Г.Даваадорж даргалж, шүүгч Б.Мандалбаяр, Д.Нямбазар нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 02 сарын 11-ний өдрийн 191/ШШ2025/01252 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч: ******* ХХК, ******* нарын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: ******* ХХК-д холбогдох,

Нэхэмжлэлийн шаардлага: 181,902,000 төгрөгийг буцаан гаргуулах тухай,

иргэний хэргийг нэхэмжлэгч *******ийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, шүүгч Д.Нямбазар илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч *******, түүний өмгөөлөгч, нэхэмжлэгч ******* ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Номин-Эрдэнэ нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь: 

1. Нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийн агуулга: ******* ХХК-ийн өмнөөс ******* нь 51,240 литр түлшний үнэ болох нийт 185,262,000 төгрөгийг 2022 оны 06 сарын 22-ны өдөр 3 удаагийн гүйлгээгээр ******* ХХК-ийн Хаан банк дахь ******* тоот дансанд шилжүүлсэн. Улмаар, ******* ХХК нь төлбөрийг хүлээн авч, ******* ХХК-ийн нэр дээр НӨАТ-ын баримт олгосон. Дээрх байдлаар ******* ХХК нь түлш худалдан авах гэрээ байгуулах саналаа бодитой, тодорхой илэрхийлснийг хариуцагч байгууллага хүлээн авсан. Гэтэл ******* ХХК нь 51,240 литр түлшийг шилжүүлэх үүргээ биелүүлээгүй. Энэ талаар ******* ХХК-ийн санхүүгийн болон борлуулалтын алба, холбогдох ажилтнуудаас тодруулахад гэрээний зүйл болох түлшийг хэзээ хэнд олгосон нь тодорхой бус байна. ******* ХХК нь худалдан авагчийн өмчлөлд түлш шилжүүлэх үүргээ биелүүлээгүй атлаа өөр бусдад уг түлшийг олгосон тул биелүүлэх боломжгүй гэж байгаа болно.

Иймд, хариуцагч ******* ХХК нь гэрээний үүргээ зөрчсөн тул худалдах, худалдан авах гэрээнээс татгалзаж, түлшний үнэд шилжүүлсэн 181,902,000 төгрөгийг буцаан гаргуулахаар нэхэмжилж байна гэжээ.

2. Хариуцагчийн хариу тайлбарын агуулга: ******* ХХК-ийн Хаан банк дахь ******* тоот дансанд 2022 оны 06 сарын 24-ний өдрийн 11:05-14:03 цагийн хооронд ******* ХХК /РД:*******/ гэсэн гүйлгээний утгатай нийт 185,262,000 төгрөг ******* тоот данснаас шилжин орж ирсэн. ******* ХХК-аас дизель түлш худалдан авах саналаа борлуулалтын менежер *******гийн ******* дугаарын утсанд *******дугаарын утаснаас ******* ХХК (РД:*******)-ийн нэр дээр дизель түлш авахаар мөнгө шилжүүлсэн тухай мэдэгдэж, дизель түлш хүлээн авах жолоочийн мэдээллийг ******* ******* *******, жолооны үнэмлэх *******, шатахуун хүлээн авах автоцистерний багтаамжийг /толгой-12800 литр, 12700 литр, чиргүүл-12760 литр, 12980 литр/ мессежээр илгээж, автоцистерний улсын дугаарыг илгээж, гэрээний санал, гол нөхцөлийг илэрхийлсэн. Манай компани гэрээ байгуулах саналд дурдсаны дагуу 2022 оны 06 сарын 24-ний өдрийн 16:23 цагт ******* улсын дугаартай автоцистернд нийт 181,902,000 төгрөгийн үнэ бүхий 51,240 литр дизель түлшийг ******* ХХК-ийн Толгойт дахь газрын тосны бүтээгдэхүүний агуулахаас ачиж, хүлээлгэн өгсөн. Ингээд худалдагч захиалгын дагуу дизель түлшийг худалдан авагч талаас мэдэгдсэн жолооч, автоцистернд хүлээлгэн өгсөн. ******* ХХК нь ******* ХХК-д дизель түлшийг хүлээлгэн өгч, НӨАТ-ын баримтыг тус компанид цахимаар илгээж, татварын нэгдсэн системд бүртгүүлж, тайлагнасныг ******* ХХК хүлээн авсан. Түүнчлэн ******* ХХК-ийн 2022 оны 07 сарын 19-ний өдөр манай компанид гаргасан хүсэлтэд Манай байгууллага 2022 оны 06 сарын 24-ний өдөр *******ийн Хаан банкны ******* тоот данснаас танай байгууллагын Хаан банкны ******* тоот данс руу 185,262,000 төгрөгийг шилжүүлсэн. Уг мөнгөний үлдэгдэл 3,360,000 төгрөгийг буцаан *******ийн Хаан банкны ******* тоот данс руу шилжүүлж бидний ажилд туслана уу гэсэн хүсэлт зэргээс худалдан авагч ******* ХХК нь дизель түлшийг хүлээн авсан нь нотлогдоно.

Иймд нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

3.  Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:

Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 205 дугаар зүйлийн 205.1-д зааснаар нэхэмжлэгч ******* ХХК, ******* нарын ******* ХХК-д холбогдуулан гаргасан 181,902,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч ******* ХХК, ******* нарын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1,067,460 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

4. Нэхэмжлэгч *******ийн гаргасан давж заалдах гомдлын агуулга: Анхан шатны тойргийн шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байна.

4.1. Талуудын хооронд худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн бөгөөд гэрээ байгуулагдсанд тооцох ёстой. Гэрээний дагуу хариуцагч талд хөрөнгө буюу шатахуун шилжүүлэх үүрэг үүссэн ба энэ үүргээ зохих ёсоор биелүүлээгүй тул гэрээнээс татгалзсан байхад анхан шатны шүүх Иргэний хуулийн 236 дугаар зүйлийн 236.1.1, 225 дугаар зүйлийн 225.1, 227 дугаар зүйлийн 227.1-д тус тус зааснаар гэрээнээс татгалзсан үр дагавраар шийдвэрлэх эсэхэд дүгнэлт хийгээгүй хууль хэрэглээний алдаатай шийдвэрлэсэн байна.

4.2. Ямар үндэслэлээр *******дугаартай утасны эзнийг гэрээний нэг тал гэж үзэж мөн үүрэг гүйцэтгэгчид хүлээлгэн өгсөн гэрээний үүргийг дуусгавар болгосон гэж тайлбарлаж байгаа нь бодит байдалтай нийцэхгүй. Түүнчлэн хоёр талын гэрээнд нэг тал үүргээ зөрчсөн учир нэмэлт хугацаа тогтоох боломжгүй тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгч үүргээсээ татгалзаж өгсөн авснаа буцаах хуулийн зохицуулалттай байхад гэрээнээс татгалзах эрхгүй гэж буруу дүгнэлт хийсэн гэж үзэж байна.

4.3. Жинхэнэ үүрэг гүйцэтгүүлэгчид хүлээлгэн өгсөн гэж үзэх үндэслэл болохгүй. Өөрөөр хэлбэл, худалдан авагч талд шилжүүлээгүй юм.

4.4. Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсгийн 6-д заасныг хүлээн зөвшөөрөхгүй. Иргэний хуулийн 206 дугаар зүйлийн 206.1, 211, 236 дугаар зүйлүүдэд үүргийг зохих ёсоор гүйцэтгэх тухай хуульчилж өгсөн, *******дугаартай утасны эзнийг гэрээний нөгөө тал худалдан авагч гэдгийг ямар баримтаар, юуг үндэслэн нотолж байгаа нь тодорхой бус. Энэ талаар шүүгч тодруулж асууж байсан. Мөн *******дугаартай утасны эзэн, ******* ХХК-ийн менежер н.******* хоёр урьд өмнө нь харьцаж байсан, танил тал холбоотой бие биенээ мэддэг харьцаж байсан мессежээр нотлогддог. Үзлэг хийсэн боловч хэрэгт ач холбогдолтой, үнэн зөв эргэлзээгүй гэх талаас нь нотлох баримтыг үнэлээгүй.

4.5. Мөн шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсгийн 7-д заасныг хүлээн зөвшөөрөхгүй. Одоо мөрдөгдөж байгаа Иргэний хуульд биечлэн хүсэл зоригоо илэрхийлнэ гэж заасан үг, өгүүлбэр байхгүй. Хуульд байхгүй үгээр хуулийг тайлбарласан.

4.6. Мөн шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсгийн 5-д нэхэмжлэлийн шаардлагаас хальж шүүх дүгнэлт хийсэн. Гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах шаардлага огт байгаагүй болно.

Иймд, анхан шатны шүүх шүүх хэрэгт авагдсан нотлох баримтад үндэслэлтэй дүгнэлт хийгээгүй, Иргэний хуулийг хэрэглээгүй, шүүхийн шийдвэр хууль ёсны байх шаардлагад нийцээгүй тул анхан шатны тойргийн шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, миний зөрчигдсөн эрхийг хамгаалж нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ: 

1. Давж заалдах шатны шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзээд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч *******ийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхив. 

2. Нэхэмжлэгч ******* ХХК, ******* нар хариуцагч ******* ХХК-д холбогдуулан 181,902,000 төгрөг буцаан гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч ... дизель түлшийг худалдан авагчийн нэрлэн заасан этгээдэд хүлээлгэн өгсөн ... гэсэн үндэслэлээр бүхэлд нь эс зөвшөөрч маргажээ.  

3. Хэргийн баримт, зохигчийн тайлбарыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т заасан журмын дагуу үнэлбэл дараах үйл баримт тогтоогдож байна. Үүнд:

3.1. 2022 оны 06 сарын 24-ний өдөр *******өөс 165,000,000 төгрөг (11:05 цагт), 3,762,000 төгрөг (11:16 цагт), 16,500,000 төгрөг (14:03 цагт), нийт 185,262,000 төгрөгийг ******* ХХК ******* гэсэн гүйлгээний утгатайгаар ******* ХХК-д шилжүүлсэн; /хх 6/

3.2. Мөн өдөр *******дугаарын утаснаас ******* ХХК-д борлуулалтын менежер *******гийн ******* дугаарын утас руу ******* *******, *******, жолооны үнэмлэх *******, Толгой 12,800-12,700, чиргүүл-12,760-12,980 (10:56 цагт), ******* ХХК *******, Одоо зөрүү хэдийг нь гялс хийгээдхий (13:53 цагт) гэсэн агуулгатай мессежийг ирүүлсэн; /хх 136-139/

3.3. Мөн өдөр ******* ХХК-ийн Толгойт дахь агуулахаас ******* улсын дугаартай автоцистернд нийт 181,902,000 төгрөгийн үнэ бүхий 51,240 литр дизель түлшийг ачиж, хүлээлгэн өгсөн (16:23 цагт); /хх 59/

3.4. 2022 оны 06 сарын 28-ны өдөр ******* ХХК нь 181,902,000 төгрөгийн дүн бүхий НӨАТ-ын баримтыг ******* ХХК-ийн нэр дээр бичилт хийсэн; /хх 7, 58/

3.5. Улмаар, ******* ХХК нь ******* ХХК-аас 2022 оны 07 сарын 19-ний өдөр бичгээр гаргасан хүсэлтийн дагуу зөрүү мөнгө болох 3,360,000 төгрөг (185,262,000-181,902,000)-ийг 2022 оны 07 сарын 20-ны өдөр *******ид буцаан шилжүүлсэн. /хх 8, 60/ 

4. Дээрхээс үзвэл, ******* ХХК, ******* ХХК-иудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасан худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн, үүний дагуу ******* ХХК нь 181,902,000 төгрөгийн дизель түлшийг ******* ХХК-ийн нэрлэн заасан этгээдэд хүлээлгэн өгч, уг дүнгээр НӨАТ-ын баримт олгосон, улмаар ******* ХХК нь ******* ХХК-аас гаргасан хүсэлтийн дагуу зөрүү төлбөр болох 3,360,000 төгрөгийг *******ид буцаан шилжүүлсэн байх тул ... хариуцагч нь шатахуун шилжүүлэх үүргээ зохих ёсоор биелүүлээгүй ... гэх нэхэмжлэгч *******ийн давж заалдах гомдол үндэслэлгүй. 

5. ******* ХХК-аас 2022 оны 07 сарын 19-ний өдөр *******-д гаргасан хүсэлт, шүүхээс үзлэг хийж бэхжүүлсэн үүрэн холбооны утсаар харилцсан мессеж зэрэг нотлох баримтуудаар ... мөнгө шилжүүлсэн боловч шатахууныг хүлээн аваагүй ... гэх нэхэмжлэгч нарын тайлбар үгүйсгэгдэж байна. Тодруулбал:

5.1. ******* ХХК-ийн албан бичигт ... шилжүүлсэн нийт 185,262,000 төгрөгийг буцаан авах ... агуулга тусгагдаагүй, харин ... үлдэгдэл төлбөр 3,360,000 төгрөгийг буцаан авах ... агуулга тусгагдсан байна.

Өөрөөр хэлбэл, ******* ХХК-ийн буцаан авахыг хүссэн 3,360,000 төгрөг нь *******өөс шилжүүлсэн нийт 185,262,000 төгрөг болон ******* ХХК-ийн хүлээлгэн өгсөн дизель түлшний үнэ 181,902,000 төгрөгийн зөрүү байна.

5.2. *******дугаарын эзэмшигч нь нэхэмжлэгч нартай хамаарал бүхий этгээд биш тохиолдолд *******өөс ******* ХХК-д мөнгөн хөрөнгө шилжүүлсэн мөн цаг хугацаанд ******* ХХК-ийн нэрийг мэдэж, мессежиндээ дурдах боломжгүй юм.

6. Дээрхийг нэгтгэн дүгнээд, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч *******ийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн тогтов.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 02 сарын 11-ний өдрийн 191/ШШ2025/01252 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч *******ийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.  

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4-т зааснаар нэхэмжлэгч *******өөс давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2025 оны 03 сарын 28-ны өдөр урьдчилан төлсөн 1,067,460 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1-т зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

  

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Г.ДАВААДОРЖ

ШҮҮГЧИД Б.МАНДАЛБАЯР

Д.НЯМБАЗАР