| Шүүх | Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Жигжидийн Эрдэнэбат |
| Хэргийн индекс | 149/2019/00101/Э |
| Дугаар | 00108 |
| Огноо | 2019-06-21 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Э.Гантулга |
Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 06 сарын 21 өдөр
Дугаар 00108
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Ж.Эрдэнэбат даргалж явуулсан эрүүгийн шүүх хуралдаанаар:
Нарийн бичгийн дарга Д.Соёлзул
Улсын яллагч Э.Гантулга
Шүүгдэгч Б.Г нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийв.
Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын Прокурорын газрын хяналтын прокурор, хууль цаазын зөвлөх Э.Гантулгаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн Б.Гөд холбогдох 1932000000120 тоот эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.
Биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1997 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр Сэлэнгэ аймгийн Мандал суманд төрсөн, 22 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, гагнуурчин мэржилтэй, “Энержи ресурс” ХХК-д гагнуурчин ажилтай, * тоотод оршин суух хаягтай, ял шийтгэлгүй, улсаас авсан гавъяа шагналгүй, бие эрүүл, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай, /*/ Боржигон овогт Батчулууны Г.
Прокуророос үйлдэж ирүүлсэн яллах дүгнэлтээр:
Б.Г нь 2019 оны 06 дугаар сарын 02-ны өдөр Сэлэнгэ аймгийн Мандал сумын 3-р багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг гагнуурын газрын гадаа хамтран амьдрагч Д.Гттой маргалдаж улмаар түүнийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Г мэдүүлэхдээ: ... Би 2019 оны 06 дугаар сарын 02-ны өглөө гэртээ ирсэн. Тэгээд гэртээ 2-3 цаг унтаж байгаад аавын машиныг аваад хадмынд очсон. Гэтэл манай охин ганцаараа гадаа тоглож байхаар нь ээжийгээ дуудчих гэхэд ээж харихгүй гэж байна гэсэн. Аав нь цалингаа аваад эргээд ирье гээд яваад гагнуурын үйлчилгээний газар дээр байж байтал эхнэр араас ирээд манай ээж рүү орилоод байсан. Тэгэхээр нь би ээжтэй аятайхан харьцаач гэсэн. Эхнэр намайг чи надтай юм яриадах гээд араас зуураад миний толгой тархи руу цохиод байсан. Тэгээд би түлхсэн чинь блок мөргөөд унасан. Би тэгээд явчихсан. Явж байтал араас ирээд миний малгайг авч шидээд үсдэхээр нь би түлхээд хамт газар унасан. Тэгээд би нүүр лүү нь мангасдаж /түлхэж/ өөрийгөө салгаж авсан. Тэгээд бэр эгч ирэхээр нь наадахаа надаас салгаад аваач гэж хэлээд би гагнуурын газар луу орсон. Тэгээд эгч нь манай аав, ээж, хоёртой маргалдаад байсан. Тэгээд цагдаа ирээд намайг авч явсан. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Хөнгөн ял шийтгэл оногдуулж өгнө үү гэжээ.
Хохирогч Д.Гт мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: … Манай нөхөр хөдөөнөөс 2019 оны 06 дугаар сарын 02-ны өдөр ирээд намайг эгчийндээ байхад охин Минжинсортой уулзаад бэлэггүй ирсэн болохоор нь би нөхөртөө уурласан. Тэгээд охиноо авч явахгүй орхиод явсан чинь манай охин уйлаад байхаар нь би араас нь нөхөр дээрээ буюу хадам аав ээжийн гагнуурын газар ирсэн. Тэгээд гэрт нь орсон чинь манай хадам ээж намайг чи нөхрийгөө ирж байхад гэр орондоо байхгүй яасан юм бэ гээд загнаад байхаар нь би ээжид та юу ч мэдэхгүй байж яагаад надад уурлаад байгаа юм хүүхэддээ хэлээч гэж хэлээд охиноо дагуулаад гадаа гарсан. Тэгсэн чинь манай нөхөр хажуу талын дугуй засвараас гарч ирээд надад хандан чи ээжийг дуугүй болтол юм хэлэх юм аа гэж хэлэхээр нь би тэгэхгүй яадаг юм ээж чинь юу ч мэдэхгүй байж надад уурлаад байна чи л намайг ийм болгосон гэж хэлсэн. Тэгсэн чинь манай нөхөр Г намайг чи наадах аа аваад яваач гэхээр нь би миний охин ямар золбин гөлөг үү гэсэн чинь Г миний хажуугаар зөрөхдөө намайг мөрөөрөө түлхээд гарахаар нь би баруун гараараа нуруун дээр нь нэг удаа цохисон чинь эргэж хараад миний үснээс зулгаагаад гадаа зогсож байсан машины ард аваачиж миний толгойгоор петонон хашааг 3 удаа мөргүүлсэн. Тэгээд миний зүүн шанаа руу нь гараараа 2-3 удаа цохисон. Тухайн үед би балмагдаад яг яаж цохисныг сайн мэдэхгүй байна гэх мэдүүлэг /ХХ-ийн 26-27-р хуудас/
Гэрч М.Үц мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: … Тэгээд хэсэг хугацааны дараа намайг гадагшаа гарсан чинь хадам аавын гагнуурын газрын хойд хэсэгт Г, Гт хоёр хоорондоо ноцолдож зууралдсан бололтой Гтын үс нь сэгсийсэн, уйлсан байдалтай байсан. Тэгээд би та хоёр болио битгий олон нийтийн газар маргалдаад бай гэж хэлсэн чинь Гт миний гар утсыг аваад цагдаад дуудлага өгсөн гэх мэдүүлэг /ХХ-ийн 28-р хуудас/
2019 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн №122 дугаартай Шинжээчийн дүгнэлтийн дүгнэлт хэсэгт: ...
1. Д.Гтын биед зүүн гуя, толгойн ар дагзны хуйханд цус хуралт, цээжний баруун дээд хэсэгт зулгаралт, толгойн ар дагзны хуйханд зөөлөн эдийн гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь мохоо хүчин зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаанд сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна гэх дүгнэлт /ХХ-ийн 20-р хуудас/
Шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоосон баримтууд: Оршин суугаа хаягийн тодорхойлолт /ХХ-ийн 35 дугаар хуудас/, Шүүгдэгч Б.Гийн ял шийтгэгдсэн эсэх талаарх ял шалгах хуудас /41 дүгээр хуудас/, Иргэний үнэмлэхний хуулбар зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой магадлан хянасны үндсэнд ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлд “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэж заасныг баримтлан шүүгдэгчийн гэм буруугийн асуудлыг прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хэмжээний дотор дараах байдлаар хянан шийдвэрлэлээ.
Шүүгдэгч Б.Г нь 2019 оны 06 дугаар сарын 02-ны өдөр Сэлэнгэ аймгийн Мандал сумын 3-р багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг гагнуурын газрын гадаа хамтран амьдрагч Д.Гттой маргалдаж улмаар түүнийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь:
Хохирогч Д.Гтын мөрдөн байцаалтанд өгсөн “...Тэгсэн чинь манай нөхөр Г намайг чи наадах аа аваад яваач гэхээр нь би миний охин ямар золбин гөлөг үү гэсэн чинь Г миний хажуугаар зөрөхдөө намайг мөрөөрөө түлхээд гарахаар нь би баруун гараараа нуруун дээр нь нэг удаа цохисон чинь эргэж хараад миний үснээс зулгаагаад гадаа зогсож байсан машины ард аваачиж миний толгойгоор петонон хашааг 3 удаа мөргүүлсэн. Тэгээд миний зүүн шанаа руу нь гараараа 2-3 удаа цохисон. Тухайн үед би балмагдаад яг яаж цохисныг сайн мэдэхгүй байна...” гэх мэдүүлэг /ХХ-ийн 26-27-р хуудас/, Гэрч М.Үцын мөрдөн байцаалтанд өгсөн “...Тэгээд хэсэг хугацааны дараа намайг гадагшаа гарсан чинь хадам аавын гагнуурын газрын хойд хэсэгт Г, Гт хоёр хоорондоо ноцолдож зууралдсан бололтой Гтын үс нь сэгсийсэн, уйлсан байдалтай байсан. Тэгээд би та хоёр болио битгий олон нийтийн газар маргалдаад бай гэж хэлсэн чинь Гт миний гар утсыг аваад цагдаад дуудлага өгсөн ...” гэх мэдүүлэг /ХХ-ийн 28-р хуудас/, 2019 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн №122 дугаартай Шинжээчийн дүгнэлт /ХХ-ийн 20-р хуудас/ болон тухайн хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан нотлох баримтуудаар нотлогдож байна гэж шүүх дүгнэв.
Шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримт болох шүүгдэгчийг яллагдагчаар мөн хохирогч, гэрч нарыг байцаахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан хуулийн шаардлага хангасан, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, шинжээчийн дүгнэлтийг хэрэгт хувийн сонирхолгүй, зохих мэдлэг, дадлага туршлагатай, гаргасан дүгнэлтийнхээ хариуцлагыг хүлээх чадвар бүхий шинжээч гаргасан байх тул хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэлэв.
Прокуророос шүүгдэгч Б.Гийг хохирогч Д.Гтын биед хөнгөн хохирол учруулсан гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь тохирсон байна гэж үзлээ.
Иймд шүүгдэгч Б.Г нь 2019 оны 06 дугаар сарын 02-ны өдөр Сэлэнгэ аймгийн Мандал сумын 3-р багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Гагнуурын газрын гадаа хамтран амьдрагч Д.Гттой маргалдаж улмаар түүнийг зодож, Д.Гтын биед зүүн гуя, толгойн ар дагзны хуйханд цус хуралт, цээжний баруун дээд хэсэгт зулгаралт, толгойн ар дагзны хуйханд зөөлөн эдийн гэмтэл бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан нь тогтоогдож байх тул гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан тухайн зүйл, хэсэг, заалтад заасан торгох ялаар шийтгэх нь зүйтэй байна гэж үзлээ.
Шүүгдэгч Б.Г нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т зааснаар ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй гэж үзэв.
Хохирогч нь хохирол төлбөр болон нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй гэсэн тул энэ хэрэгт хэлэлцэгдэх хохирол төлбөргүй байна гэж дүгнэв.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, битүүмжилсэн хөрөнгөгүй зэргийг тус тус дурьдаад.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5, 36 дугаар зүйлийн 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 38.1 дүгээр зүйлийн 1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Боржигон овогт Батчулууны Гийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Гийг 500 /таван зуу/ нэгж буюу 500000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар ялтан Б.Гийн торгох ялыг 05 /тав/ сар хүртэлх хугацаанд тав хуваан хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг мэдэгдсүгэй.
5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, Б.Г нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хилийн хориг тавигдаагүй, битүүмжилсэн хөрөнгөгүйг тус тус дурьдсугай.
6. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Б.Гөд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4-д зааснаар шүүхийн шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурьдсугай.
8. Шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч, өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч эсэргүүцэл бичих эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ж.ЭРДЭНЭБАТ.