Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 08 сарын 23 өдөр

Дугаар 546

 

           МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Энхбаяр даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, 5 дугаар хороо, Самбуугийн гудамж 43 тоот өөрийн байранд байрлах “Капитал банк” ХХК /РД:2556375/-ийн нэхэмжлэлтэй

 

Хариуцагч: Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 5 дугаар хороо, 4-5 тоотод оршин суух Нэхээдэй овогт Мөнхийн Лхагва /РД: УЖ 69102919/ холбогдох

 

Түрээсийн гэрээний үүргийн гүйцэтгэлд  96 599 513 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй, М.Лхагвын 50 679 000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Мэндхишиг, хариуцагчийн өмгөөлөгч М.Бадрал, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Наранхүү нар оролцов.

Тодорхойлох нь:

           

Нэхэмжлэгч “Капитал банк” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Капитал банк болон иргэн М.Лхагва нар нь 2014 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр 10/337 дугаар бүхий түрээсийн гэрээг Монгол улсын иргэний хуулийн холбогдох зүйл заалтуудыг удирдлага болгон харилцан тохиролцож байгуулсан билээ. Монгол улсын иргэний хуулийн 288.1.1 болон гэрээний 2.32-т заасан шаардлагыг түрээслүүлэгч биелүүлээгүйн улмаас түрээсийн байранд удаа дараалан дараах доголдлууд илэрсэн. Үүнд: 2015 оны 02 дугаар сарын 12-ны өдөр бохирын шугам /00/ бөглөрсний улмаас салбарын захирлын өрөөний шал, хананы доод хэсгээр болон коридорын хананд засвар хийх шаардлагатай болсон тул өрөөний шалыг бүрэн хуулж 7-8 хоног хатаасны эцэст 2015 оны 03 дугаар сарын 18-ны өдөр дахин шинээр шал суулгасан. Үүнээс хойш дахин 6 удаа бохирын шугам бөглөрсөн байдаг. Уг асуудал гарах бүрд тухайн байрыг хариуцдаг орон сууцны конторт дуудлага өгч, хариуцсан ажилтнуудад нь хандаж бөглөрлийг гаргуулж байсан. Уг байрыг банкны үйлчилгээний зориулалтаар түрээсэлсэн тул зориулалтын дагуу ашиглах боломжгүй нөхцөл үүсч үйлчлүүлэгчдээс бохир үнэртэж байгаа талаар удаа дараа гомдол ирж байсан.

2015 оны 04 дүгээр сард дохиоллын утас орж ирсэн дээврийн хэсгээр борооны ус нэвтэрч дохиолол гэмтсэн тул тэр хэсгийг силконоор бөглөж битүүлсэн. Үүнээс хойш 2015 оны 07 дугаар сарын эхээр гүйлгээний залны дээврийн хэсгээс борооны ус гоожсон тул энэ тухай түрээслүүлэгчид мэдэгдэж, доголдлыг газар дээр нь үзүүлж дээврээ засахыг шаардаж, заасан хугацаанд засахгүй бол Түрээсийн гэрээг цуцлах талаар сануулж байсан. Ингээд засаагүй байтал 07 дугаар сарын 12,13,14- ны өдрүүдэд бороо дахин орж дээврийн хэсэг нэлэнхүйдээ усанд автаж дүүжин тааз нурсны улмаас банк үйл ажиллагаа явуулах боломжгүй болж түрээсийн байр нь бусдын амь бие, эрүүл мэндэд аюул учруулж болохуйц байдалд орсон тул газар дээр нь түрээслүүлэгчийг дуудаж уулзан түрээсийн гэрээг цуцлаж байгаа талаар мэдэгдэж албан тоот хүргүүлсэн.

Иймээс Иргэний хуулийн 290 дугаар зүйлийн 290.1.“Гэрээгээр тогтоосон тоо, хэмжээ, чанар бүхий эд хөрөнгийг биет байдлын доголдолгүй гэнэ” 290.2. “Гэрээнд зд хөрөнгийн шинж чанарын талаар заагаагүй бол гэрээнд заасан зориулалтаар ашиглах боломжтой эд биет байдлын доголдолгүй гэж үзнэ”, Иргэний хуулийн 288 дугаар зүйлийн 288.1.1. “хөлслөх хугацааны турш гэрээнд заасны дагуу ашиглах боломжтой, ашиглалтын шаардлага хангасан, биет байдлын болон эрхийн доголдолгүй эд хөрөнгө хөлслөгчид шилжүүлэх үүрэгтэй” гэж заасны дагуу иргэн М.Лхагвын өмчлөлийн түрээсийн байр нь доголдолтой байсантай шууд холбоотойгоор түрээслэгчийн банкны үйл ажиллагаа явуулах боломжгүйд хүрч дараах хохирол банкинд учраад байна. Үүнд: Түрээсийн гэрээг цуцалсантай холбоотойгоор Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1. “Гэрээний нэг тал үүргээ зөрчсөн бол нөгөө тал нь гэрээнээс татгалзсантай холбогдон учирсан хохирлоо арилгуулахаар шаардах зрхтэй” гэж заасны дагуу банк үйл ажиллагаа явагдаагүй хоногийг 2014 оны 07 дугаар сарын 14-с 2014 оны 07 дугаар сарын 17-ны хүртэл тооцож олох ёстой байсан орлого 49,592.779 төгрөг, банкны үйл ажиллагаанд тохируулан түрээсийн байранд хийсэн тохижилт, засварт 45,000,000 төгрөг, 2015 оны 03 дугаар сарын 18-ны өдөр түрээсийн байрны хана, шал зэрэг усанд автсаны улмаас 1,500,000 төгрөг, 07 дугаар сарын 12, 13, 14-ны өдрүүдэд бороо дахин орж дээврийн хэсэг нэлэнхүйдээ усанд автаж дүүжин тааз нурсны улмаас 506,734 төгрөгний эд хөрөнгийн эвдрэл зэрэг зардлыг нэхэмжилж байна./засварын зардал болон хохирлын тооцоог хавсралтаар гаргасан болно./

Иймд Капитал банкинд учирсан хохирол болох 96,599,513 төгрөгийг Капитал банкны 2000002621010001 тоот дансанд 2015 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн дотор шилжүүлнэ үү хэмээн албан тоот хүргүүлсэн билээ. Гэтэл иргэн М.Лхагва нь 2015 оны 09 дугээр сарын 08-ны өдөр түрээсийн гэрээг цуцлах үндэслэл байхгүй гэж үзэж байгаа талаараа дурьдаж 7,8,9 дүгээр саруудын түрээсийн төлбөрөө төлөх үүрэгтэйг сануулж байна гэсэн утга бүхий албан тоотыг ирүүлсээр байна. Капитал банк нь иргэний хуулийн 289.2.1-т заасны дагуу “хөлслөгчийн буруугүйгээр хөлслөн авсан эд хөрөнгө ашиглах боломжгүй болсон бол хөлс төлөхеөс татгалзах эрхтэй гэсний дагуу хөлс төлөхөөс татгалзаж байгаагаас гадна өөрт учирсан хохирол болох 96.599. 513 төгрөгийг иргэн М.Лхагвагаас гаргуулахаар нэхэмжилж байна.” гэв.

 

Хариуцагч М.Лхагва шүүхэд гаргасан хариу тайлбар болон хариуцагчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “2014 оны 09 дугаар сарын 12-ны өдөр иргэн М.Лхагва миний бие "Капитал банк"-тай өөрийн өмчлөлийн Сүхбаатар дүүргийн 4 дүгээр хороо 1 дүгээр Дөчин мянгатын 66 дугаар байрны 12 тоот үйлчилгээний зориулалтаар өргөтгөсөн байрыг 10/337 тоот Түрээсийн гэрээг харилцан тохиролцож байгуулсан. Энэхүү Түрээсийн гэрээнд Талууд ямар нэгэн нэмэлт өөрчлөлт өнөөдрийг хүртэл хийгээгүй байна. Би 2014 оны наадмын дараа Зар мэдээ, Шуурхай зар сонинд тус байрыг түрээслүүлэх зар нийтлүүлсэн. Энэхүү зарын дагуу гадаад дотоодын олон байгуулага хувь хүмүүс ирж үзэн боломжийн үнээр /сарын 8-9 сая төгрөгөөр/ түрээслэх санал тавьж байсан. Яг тэр үед Капитал банкны Аюулгүй байдал, аж ахуйн газрын захирал Б.Ганбаатар, тус газрын мэргэжилтэн Пүүжээ, банкны хуулийн хэлтсийн ажилтан н.Мөнхболд нар ирж үзээд: “Бид хотын төвд VIP салбар нээхээр түрээслэх байр хайж байсан юм. Улаанбаатар хотод байхгүй шинэ өвөрмөц үйлчилгээтэй салбар нээх зорилготой байгаа. Танай байр байрлал, хэмжээний хувьд яг тохирохоор юм байна.” гэсэн. Би Б.Ганбаатар захирал Пүүжээ Мөнхболд нарт байраа бүхэлд сайн үзүүлж дээвэр сантехник дулаан гэх мэт бүх талаар элдэв ямар нэгэн доголдолгүй талаар сайтар нэгбүрчлэн үзүүлж харуулсан болно. Би тэр гуравт: "өргөтгөлийн дээвэр сайн хийгдсэн, борооны ус гоождоггүй, энэ жил бороо хур ихтэй байна, дээвэр найдвартай сайн, та гурав дээшээ дээвэр гарч үз" гэж намайг санал болгон хэлэхэд тэд: "зүгээр зүгээр тийм байна, дээврээс чинь борооны ус гоождоггүй юм байна, дээшээ дээвэр гарах шаардлагагүй юм байна хүлээн зөвшөөрч байна" гээд дээвэр дээр гарч үзээгүй болно. 2014 оны зун 6, 7, 8, 9 сарууд бороо хур ихтэй дэлгэр сайхан зун болсныг орон даяараа бүгд мэднэ. Бид нилээдгүй хугацаанд /2 сар/ гэрээн дээрээ олон дахин сайтар ярьж тохиролцсны эцэст 2014.09.12-ны өдөр 10/337 дугаартай Түрээсийн гэрээнд талууд гарын үсэг зурж байгуулсан билээ. Гэрээ байгуулсан өдөр би түрээсийн байрыг банкнаас томилогдсон н.Мөнхболд-д байрыг гэрээний дагуу "Байр хүлээлцэх акт"-аар байрны дотор талыг нэг бүрчлэн тайлбарлан түлхүүр гардуулан хүлээлгэн өгсөн. Ганбаатар захирал гэрээ байгуулах үед надад хэлэхдээ: "Ер нь банкны засвар аюулгүй байдал талаасаа тусгай стандартаар хийгддэг юм манай банк өөрийн гэсэн банкны засвараар мэргэшсэн 2-3 мэргэжлийн байгуулгаар хийлгэдэг тул байрны бүх засварыг манайх өөрсдөө хийж гүйцэтгэнэ" гэсэн тул тус Түрээсийн гэрээнд 2014.09.12-ны өдрөөс хойших бүх засвар урсгал засварын үүргийг Капитал банк өөртөө хүлээсэн болно. Миний хувьд тухайн үед Сүхбаатар Дүүргийн эрчим хүчнээс цахилгааны щитны аянганаас хамгаалсан газардуулга хийхийг шаардаж байсан тул банктай тохиролцсон ёсоор засварын үеэр ном журмаар нь хийлгэж Дүүргийн эрчим хүчний цахилгаанчинд хүлээлгэн өгч лацдуулсан болно. Би Түрээслэгч Капитал банкинд 2014.09.12-ны өдөр эд хөрөнгийн болон эрхийн доголдолгүй байр хүлээлгэн өгсөн болно. Мөн Иргэний хуулийн 290-р зүйлийн 290.2.-т "Гэрээнд эд хөрөнгийн шинж чанарын талаар заагаагүй бол гэрээнд заасан зориулалтаар ашиглах боломжтой эд хөрөнгийг биет байдлын доголдолгүй гэж үзнэ." заалтын дагуу эд хөрөнгийн биет байдлын доголдолгүй байр хүлээлгэн өгсөн.

Гэрээнд Түрээслэгч 2014 оны 9 сарын 12 өдөр буюу гэрээнд гарын үсэг зурсан өдрөөс 2014 оны 11 сарын 1 өдөр хүртэл хугацаанд түрээсийн байранд Капитал банк өөрийн ажил, үйлчилгээнд тохируулан холбогдох завсар үйлчилгээг өөрийн хөрөнгөөр хариуцан гүйцэтгэхээр болсон./гэрээний 5.2.8 заалт/ Түрээслүүлэгч миний хувьд энэхүү Банкны засварын ажилд зориулж 4,000,000 төгрөгийг гэрээгээр тохиролцсны дагуу төлсөн болно. Ингээд Капитал банкнаас хөдлөх эд хөрөнгөнд завсар үйлчилгээ хийж үйл ажиллагаа явуулахад бэлэн болгосны дараа 2014.11.01-нээс эхлэн түрээслэгч түрээсийн төлбөрийг төлөхөөр тохиролцсон бөгөөд түрээсийн гэрээг 5 жилийн хугацаатай байгуулсан. Гэрээ байгуулах үед Ганбаатар захирал надаас "гадна хаалганы дээд талд банкны хаяг хийж болох талаар асуухад би "болно" гэж хариулаад "сайн найдвартай хүмүүсээр хийлгээрэй, хийлгэж байгаа хүмүүс чинь дээвэр дээр гараад дээврийн хар цаас цоолчихож магадгүй шүү, сайн шалгаарай" гэж би сайтар захиж байсан. Капитал банк засвар хийж дууссаны дараа 2014 оны 12 сард гадна талын хаягаа "Пластик Дизайн" гэдэг байгуүлгаар хийлгэсэн байсан. Би энэ зун Капитал банкныхан дээврээс борооны үс гоожиж байна гэхээр нь дээвэр дээр гарч үзэхэд хаяг хийсэн хүмүүсийн хариуцлагагүй байдлаас дээврийн хар цаасыг хаяг хийхдээ хаалганы дээд тал нүүрэн тал хэсэгт үедээ нэг газар огол татан хүүларсан байсан. Хаяг хийсэн газрын хүмүүс "Капитал банк" гэсэн том бичигтэй ногоон цагаан өнгөтөй самбараа дээш дээвэр дээр татан гаргахдаа дээврийн хар цаасан дээр тавьж цоолсон байх өндөр магадлалтай юм.

Жорлон бөглөрдөг тухайд бол өмнө нь энэ байрны бохирын шугам бөглөрөөд гэж хэл ам огт таталдаггүй байсан. Капитал банк засварын үеэр жорлонг үндсэн байршлаас нь зөөн хажуугийн өрөө рүү шилжүүлсэн байсан. Энэ нь байшингийн үндсэн хийц даацын хананд нөлөөлхөөргүй байсан. Харин жорлонг шилжүүлсэн засварын хүмүүс ажлаа муу хийж алдаа гаргасан болов уу. Тухайн байрыг хариуцсан конторын слесарь н.Отгонбаатар гэдэг дараа нь асуухад "би очиж зассан, бохирын шугамнаас бөөрөнхий хар хуванцар зүйл гарч ирсээн засварын үед бохирын шугам руу орсон байна" гэж хэлж байсан. 2015 оны 7 сараас хойш тухайн байр хариуцсан орон сууцны контороос ямарваа нэгэн бохирын шугам бөглөрлөө гэж мэдэгдэл ирсэнгүй. Би ч гэсэн Капитал банкны түс салбарт хадгаламжийн данстай байнга орж үйлчлүүлдэг юм. Намайг Түрээсийн байрны салбарт орж гүйлгээ хийж үйлчлүүлэхэд ямар ч тийм сүртэй муухай үнэр ханхалдаггүйг би өөрөө сайн мэднэ. Капитал банк засварын үеэр хаяг дохиолол тавиулахдаа дээвэр цоолсон байх магадлалтайг би байнга сануулж байсныг энд дурдахгүй өнгөрч болохгүй байнаа. Салбарын захирал н.Энх-Мэнд гэж залууд би "энэ байрыг танай банкинд 2014.09.12-нд хүлээлгэн өгөхөд дээвэр борооны ус гоождоггүй байсан тийм учраас Капитал банк засвар хийхдээ "дээвэр зүгээр байна" гээд дээвэрт засвар хийгээгүй юм. Харин одоо дээврээс борооны ус гоожоод байгаа тун эргэлзээтэй байгаа тул чи дээвэр дээрээ гараад үз сайн шалга" олон удаа шаардаж хэлсэн боловч н.Энх-Мэнд ажил үүргээ сайн мэддэггүй юм уу эсвэл ажилдаа хайнга хандсанаас болж нэг ч удаа дээвэр дээр гарч үзээгүй болно. Хэрэв анх удаа дээврээс бага зэрэг дусаал гожих миний үгэнд ороод тухайн газрыг битүүлсэн бол ингэж их дахин дахин борооны ус нэвтрэхгүй байсан. Би гэрээний дагуу Түрээслэгч гэрээний хугацаанд өөрийн хөрөнгөөр түрээсийн байрны гадна болон дотор талын нийт засвар үйлчилгээ /их засвар, урсгал засвар/ хийх үүрэгтэйг салбарын захирал Энх-Мэнд болон сүүлд томилогдсон Капитал банкны Аюулгүй байдал, аж ахуйн газрын захирал н.Бэндэр /95112090/, тус газрын салбаруудын засвар үйлчилгээ хариуцсан инжинер н.Эрдэнэбилэг/99056225/ нарт утсаар болон биечлэн хэлдэг байсан. Гэрээгээр надад түрээсийн байранд засвар хийх эрх, үүрэг байхгүй. Гэрээний 6.1.3-т "Түрээслүүлэгч нь ус, холбоо, цахигаан, дулаан хангагч мэргэжлийн байгуулагуудын үйл ажиллагаа доголдсоноос үүсэх хариуцлагыг хүлээхгүй" заалтын дагуу банкны салбарын ажилчдын үйл ажилгаанаас үүссэн бохирын шугам бөглөрөх асуудал надад хамааралгүй болно. Мөн би Түрээсийн байранд банк үйл ажиллагаа явуулж байхад дураараа орж гарах, засвар хийх нь гэрээний 6.2.2 заасанчлан "банкны үйл ажилгаанд хөндлөнгөөс оролцох", саад учруулах, гэрээ зөрчигдөх, байгууллагын нууц, хулгай сэрдэгдэх бусад гарч болзошгүй элдэв эрсдэлээс болгоомжлон өнөөдрийг хүрсэн. Үүнийг анх гэрээ байгуулах үед хэлж байсан. Мөн гэрээний 5.1.3-т "Түрээсийн хугацаанд ашиглаж байгаа барилгын талбай Түрээслэгчийн эзэмшилд байх бөгөөд хэрэв Түрээслүүлэгч нь Түрээслэгчийн энэхүү эрхийг хууль бусаар зөрчсөн тохиолдолд нийт хөрөнгө оруулалтыг хэдэн жил ашигласнаас үл хамааран өөрт учирсан хохиролыг нөхөн төлүүлөхийг шаардах эрхтэй", 5.2.6-д Түрээслэгчийн үүрэг: " Түрээсийн байранд галын аюулаас урьдчилан сэргийлэх, ус, цахилгаан, дулааны ашиглах горимыг чанд сахина. Харуул хамгаалалтыгхариуцна", Иргэний хуулийн 299-р зүйлийн 299.1-д "Хөлслөгч нь хөлслөн авсан эд хөрөнгийн эзэмшлийг өмчлөгчийн болон бусад халдлагаас хуульд заасан арга хэрэгслээр хамгаалах эрхтэй" гэж тус тус заасан тул Түрээслүүлэгч миний бие Түрээсийн байранд орох эрх нь хууль болон гэрээгээр хязгаарлагдсан болно. Түрээслэгч Капитал банк нь 2015.06 сараас хойш түрээсийн төлбер төлөхгүй байгаа болно. Дээрхи хугацааны төлбөрөө төлөхийг миний бие бичгээр болон аман хэлбэрээр олон удаа шаардсан ч гэрээний үүргээ биелүүлэхгүй харин ч төлбөр төлөхгүй Шүүхээр ямар ч үндэслэлгүй хохирол нэхэмжилж байгаа харамсалтай. Энэ Монгол улсад зах зээлд танигдсан банк байж хууль, гэрээ зөрчин гэрээгээр хүлээсэн эрх үүргээ умартан учир утгагүй дураараа аашилж байгаа нь зохисгүй үйлдэл юм. Түрээслүүлэгч Миний бие Капитал банктай байгуулсан түрээсийн гэрээг өнөөдрийг хүртэл нэгч удаа зөрчөөгүй болно. Мөн Түрээслэгч нь гэрээний 4.3-т заасанчлан ус, дулаан /ОСНАА-н конторт төлөх/, тог цахилгааны төлбөрөө төлөөгүй байгаа. Капитал банкны дээрхи нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.

 

Хариуцагч М.Лхагва шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ болон хариуцагчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Миний бие Капитал банктай 2014 оны 9 сарын 12 өдөр 10/337 тоот Түрээсийн гэрээ байгуулсан. Энэхүү гэрээнд 2014 оны 11 сарын 01 өдрөөс 2019 оны 11 сарын 01 өдөр хүртэл таван жилийн хугацаатай, сарын түрээсийн төлбер 7.700.000 төгрөг /долоон сая долоон зуун мянга/. Түрээсийн төлбөрийн cap бүрийн 14-ний өдөр Капитал банкны 2012010513 тоот Түрээслүүлэгчийн дансанд хийж байхаар гэрээндээ тусгасан. Миний бие Капитад банкны нэхэмжлэлийн хариу тайлбарт анх гэрээ байгуулсан болоод түрээслэгчийн гаргасан зүй бус үйлдлийн талаар тайлбарласан. Түрээслэгч нь 2015 оны 7 сараас түрээсийн төлбөрөө төлөхөө больсон. Энэ тухай би гэрээний 6.1.1 заалтын дагуу түрээсийн төлбөрөө хугацаандаа төлөхийг салбарын захирал Энх-Мэнд болон бусад хүмүүст нь байнга хэлж шаарддаг байсан боловч байрны засварын зардал гэх мэт гэрээний гадуур зүйлсээр шалтаглан түрээсийн төлбөр өгөхгүй өдий хүрлээ. Шүүхээр дамжуулан Капитал банкнаас гэрээний 4.1 зааснаар болон иргэний хуулийн 289-р зүйлийн 289.1.3 "эд хөрөнгө ашигласны хөлсийг хугацаанд нь төлөх, 292-р зүйлийн 292.2-т “Хөлсийг тогтмол хугацаанд төлөхөөр тогтоосон бол уг хугацаанд төлнө" гэж заасны дагуу 2015 оны 7, 8, 9, 10, 11-р саруудын түрээсийн төлбөр 30.800.000 төгрөг нэхэмжилж байна

Мөн гэрээний 7.2-т “Түрээслэгч түрээсийн төлбөрийг гэрээнд заасан хугацаанаас хожимдуулсан бол Иргэний хуулийн 232.6 зүйлд зааснаар хугацаа хэтрүүлсэн хоног тутамд төлөгдөөгүй үнийн дүнгийн 0.5 хувьтай тэнцэх хэмжээгээр алданги төлнө” гэсэн заалтын дагуу алданги нэхэмжилж байна. Үүнд: 1. 2015 оны 2 сарын 14-нд гэрээний 6.2.6 заасны дагуу Түрээслэгч түрээсийн төлбөр 3.700.000 төгрөг төлөх үүрэгтэй байсан боловч 2015 оны 3 дугаар сарын 20-ны өдөр 34 хоног

хожимдуулан төлсөн. Алданги-629.000 төгрөг, /1 хоногийн алданги- 18500 төгрөг/

2. 2015 оны 7, 8, 9 сарын түрээсийн төлбөр төлөөгүй. Иргэний хуулийн 232.4 заасны дагуу “Анзын нийт дүн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч болохгүй.” гэсэн тул алданги 11.550.000 төгрөг. Нийт алданги 12.179.000 төгрөг. Түрээслэгч Капитал банк хууль, гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчин түрээсийн төлбөрөө төлөхгүй байгаа нь иргэн намайг санхүүгийн талаар их хохироож байна. Иймд шүүхээс хүсэхэд Түрээслэгч Капитал банкнаас 2015 оны 7, 8, 9, 10, 11 саруудын түрээсийн төлбөр 38.500.000 төгрөг, алданги болох 12.179.000 төгрөг, нийт 50 679 000 төгрөг/тавин сая зургаан зуун далан есөн мянга/ гаргуулж иргэн М.Лхагва надад олгож өгнө үү” гэв.

 

Нэхэмжлэгч “Капитал банк” ХХК шүүхэд болон нэхэмжлэгчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан сөрөг нэхэмжлэлийн хариу тайлбартаа: “Иргэн М.Лхагва нарын хооронд 2014 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр 10/337 тоот түрээсийн гэрээ байгуулсан бөгөөд гэрээний хугацаанд 00 бөглөрөх дээврээс ус гоожих зэргээр түрээсэлж байгаа байранд асуудал их гардаг байсан ч нэхэмжлэгчийн зүгээс гэрээний үүргээ биелүүлж цаг тухайд нь төлбөрөө шилжүүлж ирсэн. Гэтэл 2015 оны 07 дугаар сард гүйлгээний залны хэсгээр борооны ус гоожиж дүүжин тааз бүхэлдээ нурж банк үйл ажиллагаа явуулах боломжгүй болсон тул энэ тухай түрээслүүлэгчид мэдэгдэж дээврийн байдлыг газар дээр үзүүлж дээврээ засч өгөхийг шаардаж засч өгөхгүй бол уг гэрээнээс татгалзаж, гэрээг дуусгавар болгох хүсэлттэй байгаа талаар их дэлгүүр салбарын захирал Ч.Энхмэнд 2015 оны 07 дугаар сарын 16-ны өдөр 2045/46 тоот албан тоотыг хүргүүлсэн байдаг. Иймд Капитал банкны зүгээс түрээсийн гэрээнээс татгалзсан тул иргэн М.Лхагвын гаргасан нэхэмжлэл нь үндэслэлгүй байх тул сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.

 

Зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад                                                          

Үндэслэх нь:

 

Нэхэмжлэгч “Капитал банк” ХХК нь хариуцагч М.Лхагвад холбогдуулан 96.599.513 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл, хариуцагч М.Лхагва нэхэмжлэгч “Капитал банк” ХХК-д холбогдуулан 50.679.000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэл шүүхэд гаргажээ.

 

Зохигчид харилцан тохиролцож 2014 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр № 10/337 тоот “Түрээсийн гэрээ” байгуулсан ба уг 10/337 тоот гэрээ нь Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.3-т заасан шаардлагыг хангасан хүчин төгөлдөр гэрээ болох нь зохигчдын тайлбар, 10/337 тоот гэрээний болон Сүхбаатар дүүргийн бүртгэлийн хэлтсийн № 11-552675 албан бичгийн хуулбараар тогтоогдож байна.

 

2015 оны 07 дугаар сарын 14-ний өдрөөс хойш Капитал банк нь түрээсийн объектод үйл ажиллагаа явуулаагүй болох нь талуудын тайлбар, 2015 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн Капитал банкны 2046/45 тоот албан бичгээр тогтоогдож байна.

 

Капитал банк нь 2014 оны 9 дүгээр сарын 12-ны өдрөөс Сүхбаатар дүүрэг 4 дүгээр хороо 1 дүгээр 40 мянгатын 66-12 тоот /үйлчилгээний зориулалтаар 120 м.кв болгож өргөтгөсөн/-д засвар хийж, 2014 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс үйл ажиллагаа явуулж эхэлсэн болох нь 10/337 тоот түрээсийн гэрээ, талуудын тайлбараар тогтоогдов.

 

Дээрхи үйл баримтад талууд маргаагүй.

 

Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй, гэрээний дагуу засвар үйлчилгээ хийх нь нэхэмжлэгчийн үүрэг гэж маргаж байна.

 

2015 оны 07 дугаар сарын 14-ний өдөр бороо орж, Капитал банкны их дэлгүүр тооцооны төвийн дээврээс ус гойжиж, үйл ажиллагаа явуулах боломжгүй болсон тул олох ёстой байсан орлого 49.592.779 төгрөг, тохижилт, засварт 45.000.000 төгрөг, эвдэрч гэмтсэн эд хөрөнгийн үнэ 1.500.000 төгрөг, хохирол 506.734 төгрөг гаргуулахаар шаардаж байна.

 

Талуудын хооронд байгуулсан Түрээсийн гэрээний 5.2.7-д “Түрээслэгч нь түрээсийн гэрээний хугацаанд өөрийн хөрөнгөөр байрны гадна болон дотор талын нийт засвар /их засвар, урсгал засвар/ үйлчилгээг хариуцаж хийнэ” гэж тохиролцжээ.

 

Нэхэмжлэгчийн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа “2014 оны 9 дүгээр сард байрыг хүлээн авахад борооны дусаал гойждоггүй байсан ба 2015 оны 04 дүгээр сард анх дусаал гойжсоныг хариуцагчид мэдэгдэж байсан” гэсэн тайлбараас үзвэл хариуцагч нь гэрээ байгуулахад биет байдлыг доголдолгүй эд хөрөнгө нэхэмжлэгчид шилжүүлсэн гэж үзнэ. Талууд түрээсийн гэрээ байгуулах үед өргөтгөлийн дээврээс дусаал гойждоггүй байсан болох нь талуудын тайлбараар тогтоогдож байна.

 

Түүнчлэн түрээсийн гэрээний явцад түрээсийн объектын гадна засварыг нэхэмжлэгч өөрийн хөрөнгөөр хариуцан гүйцэтгэх талаар гэрээнд тохиролцсон атлаа гэрээний үүргээ биелүүлээгүй, мөн 2015 оны 04 дүгээр сард анх дусаал гойжиж эхлэхэд гэрээнд заасны дагуу гадна засварын өөрийн хөрөнгөөр гүйцэтгэсэн бол 2015 оны 07 дугаар сарын 14-ний өдөр их хэмжээний дусаал гойжиж, нэхэмжлэгчийн эд хөрөнгөд хохирол учрахгүй байжээ.

 

Нэхэмжлэгч нь 10/337 тоот гэрээний дагуу түрээслэсэн үл хөдлөх эд хөрөнгөд буюу 12 тоот байранд 2014 оны 07 дугаар сарын 14-ний өдрөөс 2014 оны 7 дугаар сарын 16-ны өдүүдэд үйл ажиллагаа явуулаагүйн улмаас олох ёстой байсан орлогод 49.592.779 төгрөг нэхэмжилж байна.

 

Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1-т “нийтээр тэмдэглэх баярын өдөр” гэж улс орны хэмжээнд нийтээр амарч, баяр болгон тэмдэглэдэг өдрийг”, мөн хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-т “4.1. Нийтээр тэмдэглэх баярын өдөр”, 4.1.1-т “Үндэсний их баяр наадам, Ардын хувьсгалын ойн баяр: 7 дугаар сарын 11, 12, 13, 14, 15” гэж заасан ба Капитал банкны их дэлгүүр салбар нь 2015 оны 7 дугаар сарын 11-ний өдрөөс 2015 онб 07 дугаар сарын 15-ны өдрийг дуустал ажилласан болох нь Капитал банкны захирлын 2015 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн 663 дугаар тушаал, хавсралтаар тогтоогдож байна.

Нэхэмжлэгч нь 2015 оны 07 дугаар сарын 14-ний өдрөөс 2015 оны 07 дугаар сарын 17-ны өдүүдэд 49.592.779 төгрөгийн орлогыг Их дэлгүүр тооцооны төвийн өдөрт дунджаар орох шимтгэлийн орлогын дунджаар гаргасан гэж тайлбарлаж байх бөгөөд 2015 оны 07 дугаар сарын 14-ний өдрөөс 2015 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн хооронд олох ёстой байсан орлогыг зөвхөн Их дэлгүүр тооцооны төвийн өдөрт дунджаар орох шимтгэлийн орлого /хх-ийн 94 дэх тал/-ын баримтаар нотлоогүй, мөн нэхэмжлэгч өөрөө гэрээний үүргийг зөрчсөн атлаа бусдаас олох ёстой байсан орлого шаардаж байгаа нь үндэслэлгүй юм.

 

Мөн 2.006.734 төгрөгийн зардал болон хохирлыг нотолсон холбогдох баримтыг шүүхэд гаргаж өгөөгүй ба нэхэмжлэгчид 2.006.734 төгрөгийн зардал болон хохирол учирсан болох нь баримтаар тогтоогдохгүй байна.

 

Нэхэмжлэгч нь хариуцагчаас банкны үйл ажиллагаанд тохируулан хийсэн тохижилт, засварт 45.000.000 төгрөг нэхэмжилж байна.

 

10/337 тоот гэрээний 5 дугаар зүйлийн 5.2.5 дах зааснаар түрээслэгч гэрээ дуусгавар болоход байрны засвар, тохижилт, засан сайжруулалтад оруулсан хөрөнгө оруулалт салгаж үл болох эд хөрөнгийг үнэ төлбөргүй түрээслүүлэгчид шилжүүлэх үүрэгтэй байхад нэхэмжлэгч нь түрээсийн объектод хийсэн засварын зардлыг нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй юм.

 

Иймд хариуцагч М.Лхагваас 96.599.513 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч Капитал банк ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.

 

Сөрөг нэхэмжлэлийн тухайд:

 

Хариуцагч М.Лхагва нь нэхэмжлэгч Капитал банк ХХК-д холбогдуулан түрээсийн гэрээний төлбөр буюу 2015 оны 7, 8, 9, 10, 11 дүгээр саруудын түрээсийн төлбөрт 38.500.000 төгрөг, алдангид 12.179.000 төгрөг, нийт 50.679.000 төгрөг нэхэмжилжээ.

 

Нэхэмжлэгч нь түрээсийн гэрээ 2015 оны 07 дугаар сарын 16-ны өдөр дуусгавар болсон, уг өдөр түрээсийн байрнаас нүүсэн тул сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргаж байна.

 

Талуудын хооронд байгуулсан түрээсийн гэрээний 4.1-д сарын түрээсийн төлбөр 7.700.000 төгрөг байна гэж заажээ.

 

Иргэний хуулийн 294 дүгээр зүйлийн 294.1-т “Эд хөрөнгө хөлслөх гэрээ дараахь үндэслэлээр дуусгавар болно”, 294.1.3-т “хууль буюу гэрээнд заасан үндэслэлээр гэрээг цуцалсан;” гэж, талуудын хооронд байгуулсан түрээсийн гэрээний 8.2-д “Хэрэв гэрээг хугацаанаас нь өмнө цуцлах бол саналаа 30-аас доошгүй хоногийн өмнө нөгөө талдаа албан бичгээр мэдэгдэх бөгөөд талууд харилцан зөвшилцөн шийдвэрлэнэ” гэж тус тус заажээ.

 

Нэхэмжлэгч нь 10/337 тоот гэрээг 2015 оны 07 дугаар сарын 16-ны өдөр цуцалсан саналыг хариуцагчид хүргүүлсэн болох нь № 2046/45 “Түрээсийн гэрээ цуцлах хүсэлт”-ийн хуулбар, хариуцагч М.Лхагвын 2015 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн албан бичиг зэрэг баримтаар нотлогдож байна.

 

Түрээсийн гэрээний 8.2-д заасны дагуу нэхэмжлэгч нь гэрээг хугацаанаас өмнө цуцлах саналыг хариуцагчид 2015 оны 07 дугаар сарын 16-ны өдрөөс 30 хоногийн дараа буюу 2015 оны 08  дугаар сарын 16-ны өдөр 10/337 дугаар түрээсийн гэрээ цуцлагдсан гэж үзнэ.

 

2015 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 2015 оны 08 дугаар сарын 16-ны өдрийг хүртэл 10/337 тоот түрээсийн гэрээ хүчинтэй байсан хугацааны түрээсийн төлбөрт 12.063.661 төгрөгийн нэхэмжлэгчээс гаргуулж, хариуцагчид олгох үндэслэлтэй байна.

 

Түрээсийн 12 тоот байрыг 10/337 тоот гэрээнд заасан зориулалтын дагуу ашиглах боломжгүй байдал үүсч нэхэмжлэгч нь 2015 оны 7 дугаар сарын 16-ны өдрөөс 10/337 тоот гэрээг цуцалж, уг өдрөөс хойш түрээсийн байрыг эзэмшиж, ашиглаагүй болох нь талуудын тайлбараар тогтоогдож байх ба түрээсийн байрыг ашиглаагүй нь хүчин төгөлдөр гэрээний төлбөрөөс чөлөөлөгдөх үндэслэл болохгүй.

 

10/337 тоот гэрээний 4 дүгээр зүйлийн 4.2 дахь хэсэгт түрээсийн төлбөрийг сар бүрийн 14-ний өдөр төлнө, мөн гэрээний 7 дугаар зүйлийн 7.2 дахь хэсэгт түрээсийн төлбөрийг гэрээнд заасан хугацаанаас хожимдуулсан бол хоног тутамд төлөгдөөгүй үнийн дүнгийн 0.5 хувьтай тэнцэх хэмжээгээр алданги төлнө гэж заажээ.

 

Нэхэмжлэгч нь 2015 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс 2015 оны 08 дугаар сарын 16-ны өдрийг хүртэл түрээсийн төлбөрийг хугацаандаа төлөөгүй байх тул гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиар тооцож алданги 6.031.661 төгрөгийг нэхэмжлэгч Капитал банк ХХК-иас гаргуулах нь зүйтэй байна.

 

2015 оны 08 дугаар сарын 16-ны өдрөөс хойш түрээсийн гэрээнээс ямар нэгэн үүрэг үүсэхгүй тул хариуцагчийн 9, 10, 11 дүгээр саруудын түрээсийн төлбөр, түүний алдангид 32.615.668 төгрөг шаардаж байгаа нь үндэслэлгүй гэж үзэв.

 

Иймд нэхэмжлэгч Капитал банк ХХК-иас 18.063.332 төгрөг гаргуулж, хариуцагч М.Лхагвад олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 32.615.668 төгрөгт тооцогдох хэсгийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

 

Тогтоох нь:

 

   1. Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.1, 232.6, 318 дугаар зүйлийн 318.1-д заасныг баримтлан хариуцагч М.Лхагваас олох ёстой байсан орлого 49.592.779 төгрөг, тохижилт, засварт 45.000.000 төгрөг, засварын зардал 1.500.000 төгрөг, хохирол 506.734 төгрөг, нийт 96.599.513 /ерэн зургаан сая таван зуун ерэн есөн мянга таван зуун арван гурав/ төгрөг гаргуулах нэхэмжлэгч “Капитал банк” ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэгч “Капитал банк” ХХК-иас 18.063.332 төгрөг гаргуулж, хариуцагч М.Лхагвад олгож, хариуцагч М.Лхагвын сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас 32.615.668 төгрөгт тооцогдох шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

 

              2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгч “Капитал банк” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 640.948 төгрөг болон хариуцагч М.Лхагвын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 411.345 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгч “Капитал банк” ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 248.267 төгрөгийг гаргуулж, хариуцагч М.Лхагвад олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.5, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 7 хоног өнгөрснөөс хойш шүүх хуралдааны оролцогч талууд 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан эсхүл хүргүүлснээр гомдол гаргах хугацааг тоолох бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дах хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авснаас хойш Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

ДаргалагЧ шҮҮГЧ                                  С.ЭНХБАЯР