Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2019 оны 07 сарын 22 өдөр

Дугаар 2019/ШЦТ/210

 

                                         МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

           

Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Батсайхан даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Хэрлэн

Улсын яллагч Б.Догмиддорж

Шүүгдэгч Б.Б нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны А танхимд нээлттэй явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:

 

Дорнод аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Б.Догмиддоржоос Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигон овогт Б.Бт холбогдох эрүүгийн 1921003700204 дугаартай хэргийг 2019 оны 07 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, ........ оны ........... дугаар сарын ............-ний өдөр Дорнод аймгийн Халхгол суманд төрсөн, .............. настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ажилгүй, ам бүл 3, эцэг, эхийн хамт Дорнод аймгийн Хэрлэн сумын ........................... тоотод оршин суух, гавьяа шагналгүй, ял шийтгэл: Дорнод аймаг дахь Сум дундын шүүхийн 2013 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 75 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар баривчлах ялаар шийтгүүлсэн, Боржигон овогт Б.Б. /РД: ................./

 

Холбогдсон хэргийн талаар яллах дүгнэлтэд дурдсанаар:

Шүүгдэгч Б.Б нь 2019 оны 05 дугаар сарын 16-ны өдөр Дорнод аймгийн Хэрлэн сумын 10 дугаар багийн Ялалтын 19-11 тоотод оршин суух иргэн У.Нарангэрэлийн байшингаас 32 инчийн “Экло” маркийн зурагтыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч 300.000 /гурван зуун мянга/ төгрөгийн хохирол учруулсан,

- Мөн 2019 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн 12 цагийн орчимд иргэн Ж.Отгонбаатарын Дорнод аймгийн Хэрлэн сумын 9 дүгээр багт байрлах “ЕF” дэлгүүрийн гадна талын зогсоол дээр байсан “Муссо” маркийн 69-57 УНА улсын дугаартай тээврийн хэрэгслээс “Самсунг Жи-7” маркийн гар утсыг хулгайлж, бусдад 350.000 /гурван зуун тавин мянга/ төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Шүүгдэгч Б.Б нь 2019 оны 05 дугаар сарын 16-ны өдөр Дорнод аймгийн Хэрлэн сумын 10 дугаар багийн Ялалтын 19-11 тоотод оршин суух иргэн У.Нарангэрэлийн байшингаас 32 инчийн “Экло” маркийн зурагтыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч 300.000 /гурван зуун мянга/ төгрөгийн хохирол учруулсан,

- Мөн 2019 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн 12 цагийн орчимд Дорнод аймгийн Хэрлэн сумын 9 дүгээр багт байрлах “ЕF” дэлгүүрийн гадна талын зогсоол дээр байсан иргэн Ж.Отгонбаатарын “Муссо” маркийн 69-57 УНА улсын дугаартай тээврийн хэрэгслээс “Самсунг Жи-7” маркийн гар утсыг хулгайлж, бусдад 350.000 /гурван зуун тавин мянга/ төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэнд холбогдуулан Дорнод аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Б.Догмиддоржоос Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж, эрүүгийн 1921003700204 дугаартай хэргийг шүүхэд ирүүлжээ.

 

     Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:

 

            Шүүгдэгч Б.Бын мөрдөн шалгах ажиллагааны шатанд болон шүүх хуралдаанд өгсөн: “...Би хохирлыг нь нөхөн төлсөн. ...би хийсэн хэрэгтээ гэмшиж, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна ...би барьцаанд тавьж архи уух гээд утсыг нь авсан юмаа...” гэх мэдүүлэг /хх-ийн 38-39 дүгээр хуудас/,

 

            Хохирогч У.Нарангэрэлийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...15 цагийн орчимд Ялалтын 19-11 тоот гэрт нь очиход хашаан дотор манай ээжийн зурагтыг барьчихсан гарч ирж байсан. ...“Элко” маркийн 32 инчийн хар өнгийн зурагт байсан...надад гомдол, санал байхгүй, хохирлоо бүрэн барагдуулсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 18 дугаар хуудас/,

 

            Хохирогч Ж.Отгонбаатарын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...машинаасаа утсаа авах гэсэн чинь миний “жи-7” маркийн гар утас маань байхгүй байсан...2016 онд аймгийн төвийн Мобикомоос 870.000 төгрөгөөр худалдаж авч байсан. ...хохирлоо барагдуулчихвал гомдол, санал гэх юм алга...” гэх мэдүүлэг /хх-ийн 59-60 дугаар хуудас/,

 

            - Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 12-15 дугаар хуудас/

            - Эд зүйл хүлээлгэн өгсөн тухай  тэмдэглэл /хх-ийн 16 дугаар хуудас/

            - Эд зүйлийн үнэлгээ /хх-ийн 19, 63 дугаар хуудас/

           

Шүүгдэгчийн иргэний үнэмлэхний лавлагаа, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 43, 44, 45-52 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Эрүүгийн 1921003700204 дугаар хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг цуглуулах буюу бэхжүүлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу авсан байх тул хэргийг хянан шийдвэрлэхэд хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, хангалттай байна гэж шүүх үнэллээ.

 

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж тогтоосон, хэргийн оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарлах замаар эсхүл бусад хэлбэрээр шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэхэд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байна гэж шүүх үзлээ.

 

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Шүүгдэгч Б.Б нь 2019 оны 05 дугаар сарын 16-ны өдөр Дорнод аймгийн Хэрлэн сумын 10 дугаар багийн Ялалтын 19-11 тоотод оршин суух хохирогч У.Нарангэрэлийн байшингаас “Экло” маркийн 32 инчийн зурагтыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч 300.000 /гурван зуун мянга/ төгрөгийн хохирол учруулсан,

- Мөн 2019 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн 12 цагийн орчимд Дорнод аймгийн Хэрлэн сумын 9 дүгээр багт байрлах “ЕF” дэлгүүрийн гадна талын зогсоол дээр байсан хохирогч Ж.Отгонбаатарын “Муссо” маркийн 69-57 УНА улсын дугаартай тээврийн хэрэгслээс “Samsung G-7” маркийн гар утсыг хулгайлж, бусдад 350.000 /гурван зуун тавин мянга/ төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь шүүх хуралдаанд шинжлэн судлагдсан шүүгдэгч Б.Бын мөрдөн шалгах ажиллагааны шатанд болон шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэг, хохирогч У.Нарангэрэл /хх-ийн 18 дугаар хуудас/, Ж.Отгонбаатар /хх-ийн 59-60 дугаар хуудас/, гэрч Н.Баттулга /хх-ийн 64 дүгээр хуудас/ нарын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлгүд, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 12-15 дугаар хуудас/, эд зүйл хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /хх-ийн 16 дугаар хуудас/, эд зүйлийн үнэлгээ /хх-ийн 19, 63 дугаар хуудас/ зэрэг шүүх хуралдаанаар хэлэлцсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгч Б.Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан бусдын орон байранд нууцаар, хууль бусаар нэвтэрч, бусдын эд хөрөнгийг хулгайлсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцлоо.

 

Шүүгдэгч нь хулгайлах гэмт хэргийг хоёр удаагийн үйлдлээр хангасан нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 хэсэгт зааснаар үргэлжилсэн нэг гэмт хэрэг үйлдсэнд тооцож Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлтэй, хэргийн зүйлчлэл зөв байна гэж шүүх дүгнэв.

 

Гэмт хэрэг гарахад шүүгдэгчийн хууль зүй, ёс зүйн ухамсар дутмаг байдал, амар хялбар аргаар мөнгөтэй болох санаа зорилго болон хохирогч нарын зүгээс эд хөрөнгө хараа хяналтгүй үлдээсэн, хайхрамжгүй хандсан зэрэг нөхцөл байдал нөлөөлсөн гэж үзлээ.

 

Шүүгдэгч нь өмчлөх эрхийн эсрэг гэмт хэргийг үйлдэхдээ өөрийн үйлдлийн хууль бус шинжийг ухамсарлаж, шунахайн сэдэлтээр бусдын өмчлөх эрхэд нь хор уршиг зориуд хүргэж үйлдсэн нь гэм буруугийн санаатай хэлбэртэй, төгссөн гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй байна.

 

Гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хувьд: Шүүгдэгч Б.Б нь хохирогч У.Нарангэрэл, Ж.Отгонбаатар нарын эд хөрөнгөнд хохирол учруулсан бөгөөд У.Нарангэрэлд учруулсан зурагтыг буцаан өгсөн байх тул шүүгдэгч Б.Быг хохирогч У.Нарангэрэлд төлөх төлбөргүй болохыг дурдаж, харин хохирогч Ж.Отгонбаатарт гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг төлж барагдуулаагүй байх тул шүүгдэгчээс 350.000 төгрөгийг гаргуулж хохирогч Ж.Отгонбаатарт олгох нь зүйтэй гэж шүүхээс үзлээ.

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан, хавтаст хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгч Б.Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан бусдын орон байранд нууцаар, хууль бусаар нэвтэрч, бусдын эд хөрөнгийг хулгайлсан гэмт хэргийг үйлдсэнд гэм буруутайд тооцсон тул гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.

 

Шүүгдэгч Б.Бт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байхгүй байна. 

 

Шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал зэргийг харгалзан үзэж Эрүүгийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар шүүгдэгч Б.Быг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэх нь зүйтэй гэж үзлээ.

 

Шүүгдэгч Б.Б нь “Шүүх хуралдаанд өмгөөлөгч авахгүй, өөрөө өөрийгөө өмгөөлж оролцоно” гэсэн хүсэлт гаргасан тул  Монгол Улсын Үндсэн хууль болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар түүнийг шүүх хуралдаанд өмгөөлөгчгүй оролцуулсан болно.

 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдаж, баримт бичгээр ирсэн шүүгдэгч Б.Бын ................... тоот регистрийн дугаартай иргэний үнэмлэхийн лавлагааг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын Цагдан хорих байранд нэн даруй хүргүүлэхээр шийдвэрлэв.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.3 дугаар зүйлийн 1, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Боржигон овогт Б.Б-ыг Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан бусдын орон байранд нууцаар, хууль бусаар нэвтэрч, бусдын эд хөрөнгийг хулгайлсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар шүүгдэгч Б.Б-ыг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б-т оногдуулсан 2 жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

 

4. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдаж, баримт бичгээр ирсэн шүүгдэгч Б.Б-ын .............. тоот регистрийн дугаартай иргэний үнэмлэхийн лавлагааг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын Цагдан хорих байранд нэн даруй хүргүүлсүгэй.

 

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б-аас бусдад учруулсан гэм хорын хохиролд нийт 350.000 /гурван зуун тавин мянга/ төгрөгийг гаргуулж, хохирогч Дорнод аймгийн Хэрлэн сумын 7 дугаар баг, 36-50 тоотод оршин суух, Иншөөбү овогт Жамъянцэрэнгийн Отгонбаатарт олгож, хохирогч У.Нарангэрэл нь гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэсэн байх тул шүүгдэгч Б.Быг хохирогч У.Нарангэрэлд төлөх төлбөргүй болохыг дурдсугай.

 

6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Б.Б-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш, эсвэл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд тус шүүхээр дамжуулан давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт  зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлт түдгэлзэхийг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                          Б.БАТСАЙХАН