Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 06 сарын 02 өдөр

Дугаар 210/МА2025/00956

 

                         *******ы нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

  Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Нямбазар даргалж, шүүгч Э.Энэбиш, Д.Золзаяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн 191/ШШ2025/01795 дугаар шийдвэртэй

Нэхэмжлэгч *******ы нэхэмжлэлтэй

Хариуцагч *******ХХК, *******нарт холбогдох

70,000,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагч *******ХХК-ийн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Д.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн өмгөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга И.Эрдэнэжаргал нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга:

1.1.Би *******ХХК-д ерөнхий нягтлан бодогчоор 2021 оны 10 дугаар сарын 15-ны өдөр томилогдохоор болж, тухайн өдөр компанийн хувьцаа эзэмшигчтэй хамтран ажиллах гэрээ байгуулсан. Уг гэрээгээр *******ХХК-ийн үйлчилгээ, үйл ажиллагаанд ашиглах, мөн нийтэд худалдан борлуулах зорилгоор үс арчилгаа, гоо сайхны зориулалттай брэндийн болон бусад улсад үйлдвэрлэсэн бүтээгдэхүүн импортлон оруулж ашиг олох зорилгоор компанийн хувьцаа эзэмшигч *******50,000,000 төгрөг, хувьцаа эзэмшигч *******38,000,000 төгрөг, би 70,000,000 төгрөгийг нийлүүлэн санхүүжүүлэхээр тохиролцсон. Гэрээний дагуу би 70,000,000 төгрөгийг *******ХХК-ийн дансанд шилжүүлсэн боловч компанийн хувьцаа эзэмшигч *******болон гүйцэтгэх захирал *******нар уг мөнгийг гэрээнд заасан зориулалтаар ашиглаагүй, харин компанийн данснаас авч хувийн хэрэгцээндээ зарцуулснаас болж хамтран ажиллах гэрээ хэрэгжээгүй.

1.2.Хамтран ажиллах гэрээний 4.1-д хамтын ажиллагааны үр дүн, алдагдалыг Б тал буюу *******дангаар хариуцахаар заасан. Гэрээг хэрэгжүүлээгүйгээс шилжүүлсэн мөнгөө буцаан шаардахад *******нь 2022 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр өгөхөөр тохирсон ч уг хугацаанд өгөөгүй, улмаар хугацааг 2022 оны 03 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл сунгаж гар бичмэл хийж өгсөн.

Иймд хариуцагч нараас хамтран ажиллах гэрээний дагуу шилжүүлсэн 70,000,000 төгрөгийг буцаан гаргуулж өгнө үү гэжээ.

 

2.Хариуцагч *******ХХК-ийн татгалзал, тайлбарын агуулга:

2.1.*******ы ээж *******, *******, *******нар 2021 оны 10 дугаар сард харилцан тохиролцож хамтран ажиллах гэрээ байгуулсан. Гэрээний 1.1-д гэрээний талууд *******ХХК-ийн үйлчилгээ, үйл ажиллагаанд ашиглах, мөн нийтэд худалдан борлуулж зорилгоор үс арчилгаа, гоо сайханы зориулалттай брэндийн болон бусад гадаад орнуудад үйлдвэрлэгдсэн бүтээгдэхүүнийг импортлон оруулж ирж, ашиг олох чиглэлээр хамтран ажиллана гэж заасан. Гэрээ байгуулах үед ******* нь охин *******ы нэр дээр гэрээг байгуулахаар болж, гэрээний 1.3-т А тал буюу ******* 70,000,000 төгрөг, *******50,000,000 төгрөг, Б тал буюу *******38,000,000 төгрөг тус тус хариуцан гаргана гэж зааснаар хөрөнгө оруулалт хийсэн. *******аас 70,000,000 төгрөгийг компанид шилжүүлсэн бөгөөд уг хөрөнгө оруулалтын мөнгөн дүнгээр компанийн 36 хувийн хувьцааг 2021 оны 10 дугаар сарын 14-ний өдөр шилжүүлж өгсөн. Харин *******нь 50,000,000 төгрөгийн хөрөнгө оруулалт компанид хийсэн тул компанийн 24 хувийн хувьцааг шилжүүлэн компанийн гүйцэтгэх захирлаар томилогдсон.

2.2. *******ы шилжүүлсэн 70,000,000 төгрөг болон бусад хувьцаа эзэмшигчийн мөнгийг ОХУ-ын ******* компанид шилжүүлж үсчин, гоо сайхны салонд хэрэглэгдэх бүтээгдэхүүн болох үсний будаг, үс цайруулагч, тэжээлийн тос, үсний хими, фотокс зэрэг үс арчилгааны бүтээгдэхүүнийг 5 удаагийн захиалгаар захиалж авсан. Үүнд:

- 2021 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр 1,279,953 рублийн /ханш 39.47 төгрөг/ буюу 50,519,745 төгрөгийн бараа захиалж, тээврийн зардалд *******компанийн данс руу 2021 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр 150,000 рубль буюу 5,920,500 төгрөг шилжүүлсэн.

- 2022 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр 600,127 рублийн /ханш 37.17 төгрөг/ буюу 22,306,720 төгрөгийн бараа захиалж, тээврийн зардалд дээрх компанийн данс руу 100,000 рубль буюу 3,717,000 төгрөг шилжүүлж, гаалийн татварт 4,350,811.63 төгрөг төлсөн.

- 2022 оны 05 дугаар сарын 24-ний өдөр 602,292.40 рублийн /ханш 54.25 төгрөг/ буюу 32,674,362 төгрөгийн бараа захиалж, тээврийн зардалд дээрх компанийн данс руу 90,000 рубль буюу 4,882,500 төгрөг шилжүүлж, гаалийн татварт 5,889,235.84 төгрөг төлсөн.

- 2022 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр 604,022.04 рублийн /ханш 54.20 төгрөг/ буюу 32,737,994 төгрөгийн бараа захиалж, тээврийн зардалд дээрх компанийн данс руу 77,000 рубль буюу 4,173,400 төгрөг шилжүүлж, гаалийн татварт 6,031,672.14 төгрөг төлсөн.

- 2023 оны 05 дугаар сарын 15-ны өдөр 600,608.40 рублийн /ханш 43.68 төгрөг/ буюу 26,234,574 төгрөгийн бараа захиалж, тээврийн зардалд дээрх компанийн данс руу 57,000 рубль буюу 2,489,760 төгрөг шилжүүлж, гаалийн татварт 4,271,854.71 төгрөг төлсөн. Нийт 202,483,127 төгрөг төлсөн.

Гэрээний талууд хамтран ажиллах гэрээг ямар нэгэн байдлаар зөрчөөгүй ба компанийн хувьцаа эзэмшигч *******ы шилжүүлсэн 70,000,000 төгрөгийг зориулалтын бусаар ашиглаагүй, харин гоо сайхны бараа бүтээгдэхүүнийг ОХУ-аас авахад зарцуулсан.

2.3.*******ы ээж *******ын Хаан банкны ******* тоот дансанд 2022 оны 07 дугаар сарын 20-ны өдөр 5,000,000 төгрөг, 2022 оны 08 дугаар сарын 10-ны өдөр 2,000,000 төгрөг, 2022 оны 08 дугаар сарын 23-ны өдөр 2,000,000 төгрөг, 2022 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр 1,000,000 төгрөг, 2023 оны 10 дугаар сарын 12-ны өдөр 1,000,000 төгрөг, нийт 11,000,000 төгрөгийг компанийн хувьцаа эзэмшигч *******нь өөрийн Хаан банкны 5300023180 тоот данснаас шилжүүлсэн.

2.4.Мөн гэрээний 4.1-д Хамтын үйл ажиллагааны үр дүн, алдагдал хохирол, бусад этгээдийн өмнө үүссэн хариуцлагыг талууд харилцан тохиролцсоны дагуу Б тал дангаар хариуцна гэж заасан ба гэрээний Б тал нь *******болно. Хэрэв нэхэмжлэгч ******* өөрт алдагдал хүлээсэн гэж үзвэл гэрээний Б тал *******хариуцахаар байна.

Иймд компанийн зүгээс гэрээг зөрчөөгүй, хамтран ажиллах гэрээ үргэлжилж байсан тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

3.Хариуцагч *******шүүхэд татгалзал, тайлбар гаргаагүй болно.

 

4.Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:

Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1, 205 дугаар зүйлийн 205.1-д тус тус заасныг баримтлан *******ХХК, *******нараас 70,000,000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч *******д олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д тус тус зааснаар улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчийн төлсөн 507,950 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч *******ХХК болон *******нараас 507,950 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч *******д олгож шийдвэрлэжээ.

5.Хариуцагч *******ХХК-ийн төлөөлөгчийн давж заалдах гомдлын агуулга:

5.1.Шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлага хангаагүй, хэт нэг талыг барьж шийдвэрлэсэн. Учир нь хамтран ажиллах гэрээг хэрэгжүүлж *******компанийн дансанд үсчин, гоо сайхны салонд хэрэглэгдэх үсний будаг, үс цайруулагч, тэжээлийн тос, үсний хими, ботокс зэрэг үс арчилгааны бүтээгдэхүүнийг 5 удаагийн захиалгаар захиалан бараа бүтээгдэхүүн, тээврийн зардал, гаалийн зардалд нийт 202,483,127 төгрөгийг төлсөн талаарх баримтуудыг шүүхэд нотлох баримтаар гаргасан боловч үнэлээгүй.

Мөн хамтран ажиллах гэрээг ямар нэгэн байдлаар гэрээний талууд зөрчөөгүй бөгөөд нэхэмжлэгчийн оруулсан мөнгийг зориулалтын бусаар ашиглаагүй. Харин хамтран ажиллах гэрээний дагуу нэхэмжлэгчийн 70,000,000 төгрөгөөс түүний ээж *******ын Хаан банкны ******* тоот дансанд 2022 оны 07 дугаар сарын 20-ны өдөр 5,000,000 төгрөг, 2022 оны 08 дугаар сарын 10-ны өдөр 2,000,000 төгрөг, 2022 оны 08 дугаар сарын 23-ны өдөр 2,000,000 төгрөг, 2022 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр 1,000,000 төгрөг, 2023 оны 10 дугаар сарын 12-ны өдөр 1,000,000 төгрөг, нийт 11,000,000 төгрөгийг шилжүүлсэн. Дээрх бүх үйл ажиллагааг ******* анхнаасаа мэдэж байсан бөгөөд түүний хөрөнгө оруулсан мөнгийг зориулалтын бусаар ашиглаагүй хамтран ажиллах гэрээ үргэлжилж байгаа, гэрээг цуцалж байгаа талаар манай компанид мэдэгдээгүй шууд шүүхэд нэхэмжлэл гаргасан нь үндэслэлгүй. Гэтэл шүүхээс дээрх нөхцөл байдлыг харгалзан үзэхгүйгээр хэргийг эцэслэн шийдвэрлэж хариуцагч байгууллагаас төлбөрийг гаргуулж шийдвэрлэсэнд гомдолтой.

5.2.Анхны шатны шүүхэд миний бие биечлэн оролцсон боловч шүүх хуралдаанд намайг оролцуулаагүй, шүүх хуралдаанд оролцох эрхийг хязгаарласан гэж үзэж байна. Би шүүхийн дуудсан цагт ирж шүүх хуралд орсон боловч намайг шүүх хуралдааны ирцэнд оруулаагүй, шүүх хуралдаан үргэлжилсэн бөгөөд миний бие үг хэлэх эрхгүй оролцох эрхээр хангаагүйд гомдолтой байна.

5.3.Хамтран ажиллах гэрээний 4.1-д Хамтын үйл ажиллагааны үр дүн, алдагдал хохирол, бусад этгээдийн өмнө үүссэн хариуцлагыг талууд харилцан тохиролцсоны дагуу Б тал дангаар хариуцна гэж заасан бөгөөд хамтран ажиллах гэрээнд зааснаар Б тал нь *******болно. Хэрэв нэхэмжпэгч ******* нь өөрт алдагдал хүлээсэн гэж үзвэл тус гэрээний 4.1-д заасны дагуу гэрээний Б тал болох *******хариуцахаар байна.

Иймд *******ХХК хамааралгүй байх тул шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжпэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

6.Давж заалдах гомдолд нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан тайлбарын агуулга:

6.1.*******, *******нар ээж, хүү хоёр бөгөөд нэхэмжлэгчийн өгсөн мөнгөнд тохируулан хувьцаа өгсөн нь компанийн асуудал гэж тайлбарладаг. Энэ нь компанийн асуудал биш, харин *******мөнгө авахын тулд хамтарч ажиллах, хувьцаа өгөх, ашиг олох зэргийг ярьсан. Иргэний хуульд хамтран ажиллах гэрээнд компани байгуулахгүйгээр тусдаа явуулах үйл ажиллагаа юм. Хувьцаа авч буй асуудал 70,000,000 төгрөгт хамааралгүй.

6.2.Хариуцагч 5 удаагийн гүйлгээ хийж, хамтран ажиллах гэрээ хэвийн явагдсан гэж тайлбарласан боловч үүнийг шүүх бүрэлдэхүүн анхаарч үзэхийг хүсэж байна. Учир нь 2021 оны 10 дугаар сарын 15-ны өдөр талууд хамтран ажиллах гэрээ байгуулж 70,000,000 төгрөг авч нэг удаа бараа татсан атлаа *******нь би таны мөнгийг өгнө гэж 2 удаа бичиг хийж компанийн тамгыг дарж өгсөн. Тухайн нэрлэж буй захиалгын гэрээнүүд мөнгө өгнө гэж хэлснээс хойш яригдсан асуудал юм. Тиймээс 3 хүн нийлж мөнгө оруулаад хамтран ажиллана гэж буй худлаа бөгөөд ээж, хүү хоёр нийт 88,000,000 төгрөгийн санхүүжилт хийгээгүй. Үүнийг хүлээн зөвшөөрч 2022 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр таны мөнгийг буцааж өгнө гэх бичгийг 2 удаа бичиж өгсөн тул компанийн үйл ажиллагаа хэвийн явагдаж байсан гэх тайлбар үндэслэлгүй. Хариуцагч нь нэхэмжлэгчийн мөнгийг аваад 4 жил болсон байхад буцаан өгөхгүй талаар тайлбар гаргаж байгаа нь үндэслэлгүй.

6.3.Хариуцагч шүүх хуралдаанд намайг оролцуулахгүйгээр хэргийг шийдвэрлэсэн гэж гомдол гаргасан боловч хариуцагч шүүх хуралдаанд цагтаа амжиж ирээгүй, шүүх шийдвэрээ уншиж танилцуулах үед ирсэн тул шүүхийн шийдвэрийг сонсгосон. Шүүгч хариуцагчийн эрхийг болон хууль зөрчсөн гэх асуудал байхгүй.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй тул шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

 

1.Давж заалдах шатны шүүх хариуцагч *******ХХК-ийн давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзээд, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэв.

 

2.Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******ХХК, *******нарт холбогдуулан хамтран ажиллах гэрээнээс татгалзаж, 70,000,000 төгрөгийг буцаан гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч *******ХХК эс зөвшөөрч маргасан.

Хариуцагч *******нэхэмжлэлийг гардан авсан боловч хуульд заасан хугацаанд нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн, эсхүл татгалзсан үндэслэл, түүнийг нотлох баримтаа шүүхэд ирүүлэх үүргээ биелүүлээгүй, шүүхэд ирж тайлбар өгөөгүй, шүүх хуралдаанд оролцоогүй.

 

3.Хэрэгт 2021 оны 10 дугаар сарын 15-ын өдрийн хамтран ажиллах гэрээ авагдсан ба гэрээний талуудыг нэг талаас А тал буюу *******ХХК, түүнийг төлөөлж хувьцаа эзэмшигч *******, *******, нөгөө талаас Б тал буюу *******гэж тодорхойлжээ.

Уг гэрээгээр компанийн үйлчилгээ, үйл ажиллагаанд ашиглах, нийтэд худалдан борлуулах зорилгоор үс арчилгаа, гоо сайхны зориулалттай брэндийн болон бусад гадаад орнуудад үйлдвэрлэгдсэн бүтээгдэхүүнийг импортлон оруулж ирж, ашиг олох чиглэлээр хамтран ажиллах, хамтын үйл ажиллагааны санхүүжилтэд ******* 70,000,000 төгрөг, *******50,000,000 төгрөг, *******38,000,000 төгрөг хариуцан гаргах, *******, *******нар гэрээнд заасан хэмжээгээр хөрөнгө оруулалтыг гаргаж, *******ын үүргийн биелэлтэд хяналт тавих, *******нь гэрээнд заасан бүтээгдэхүүнийг тогтоосон тоо хэмжээ, дүнгээр оруулж ирж, компанийн үйл ажиллагаанд ашиглах, нийтэд худалдан борлуулж ашиг орлого олох үйл ажиллагааг хариуцахаар тус тус харилцан тохиролцжээ.

Дээрх гэрээний зорилго, агуулга, талуудын эрх, үүргээс дүгнэхэд, хамтран ажиллах гэрээ *******, *******, *******нарын хооронд байгуулагдсан байна.

Анхан шатны шүүх тус харилцааг Иргэний хуулийн 476 дугаар зүйлийн 476.1 дэх хэсэгт заасан хамтран ажиллах гэрээ гэж тодорхойлсон нь үндэслэлтэй.

 

4.******* нь гэрээний дагуу 2021 оны 10 дугаар сарын 15-ны өдөр 70,000,000 төгрөгийг Капитрон банк дахь *******ХХК-ийн эзэмшлийн ******* тоот дансанд шилжүүлсэн болохыг шүүх зөв тогтоосон.

 

5.Гэрээний бусад тал болох *******, *******нар гэрээнд заасан санхүүжилтийг оруулсан эсэх, талууд хамтын үйл ажиллагааг хэрэгжүүлсэн эсэх нь маргааны зүйл болжээ.

5.1.Хэрэгт гэрээнд зааснаар *******50,000,000 төгрөг, *******38,000,000 төгрөг тус тус санхүүжилт оруулсан талаарх баримт авагдаагүй. Хариуцагч *******ХХК-ийн гүйцэтгэх захирал *******нь санхүүжилтийг *******, *******нар компанид бүрэн оруулсан гэж тайлбарлаж байх боловч уг тайлбараа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар нотлох баримтаар нотлоогүй.

5.2.Хамтран ажиллах гэрээний 1.2 дахь хэсэгт Талууд импортлон оруулж ирэх бүтээгдэхүүний төрөл, тоо хэмжээг хавсралтаар батална гэж заасан боловч уг хавсралт батлагдаагүй байна. Түүнчлэн хариуцагч *******ХХК нь 2021 оны 11 дүгээр сарын 15-ны өдрөөс 2023 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн хугацаанд 5 удаагийн бараа бүтээгдэхүүний захиалгад нийт 202,483,127 төгрөг төлсөн гэж тайлбарлаж байх боловч гэрээний 2.2, 2.3, 2.4, 3.2, 3.3 дахь хэсэгт зааснаар талууд тайлан гаргаж, орлого, зарлага, ашиг, алдагдал, эд хөрөнгийн тооцоо хийж, хамтран хэлэлцээгүй тул тухайн захиалгын баримтуудыг талуудын байгуулсан хамтран ажиллах гэрээнд хэрхэн хамааралтайг шүүх дүгнэх боломжгүй байна.

5.3.Гэрээний 4.1 дэх хэсэгт Хамтын ажиллагааны үр дүн, алдагдал, хохирол, бусад этгээдийн өмнө үүссэн хариуцлагыг Б тал дангаар хариуцна гэж заасан ба Б тал болох *******нь *******д дараах баримт үйлдэж өгчээ.

а.Огноо тусгаагүй баримтад Миний бие *******ы *******-д оруулсан 70,000,000 төгрөгийг 2022 оны 1 сарын 20-ны дотор нөхөн олговор болгож буцаан өгөх болно,

б.2022 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн баримтад Миний бие *******аас 10 сая төгрөг бэлэн авч 2022 оны 3.1 өдөр гэхэд үндсэн 70 сая төгрөг дээр нэмж, нийт 80,000,000 төгрөгийг Голомт банкны 1915106269 гэсэн *******ы үндсэн данс руу шилжүүлнэ. Голомт банк хадгаламж барьцаалсан зээлийн хүүг төлж барагдуулна гэжээ.

5.4.Хариуцагч *******ХХК-ийн гүйцэтгэх захирал *******нь нэхэмжлэгч *******ы ээж *******ын дансанд 2022 оны 07 дугаар сарын 20-ны өдрөөс 2023 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн хугацаанд нийт 11,000,000 төгрөг шилжүүлсэн гэж тайлбарласан ба уг тайлбарыг нэхэмжлэгч үгүйсгээгүй.

Дээр дурдсан нотлох баримтуудыг харьцуулахад, гэрээнд зааснаар *******50,000,000 төгрөг, *******38,000,000 төгрөгийн санхүүжилт хийгээгүй, талууд тогтоосон тоо хэмжээ, дүнгээр үс арчилгаа, гоо сайхны бараа бүтээгдэхүүнийг оруулж ирж, компанийн үйл ажиллагаанд ашиглаж, нийтэд худалдан борлуулж ашиг, орлого олох үйл ажиллагааг зохих ёсоор хэрэгжүүлээгүй, мөн *******нь *******ы оруулсан мөнгөн хөрөнгийг түүнд буцаан төлөхөө илэрхийлсэн байна.

 

6.Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1 дэх хэсэгт Талуудын аль нэг нь гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн бөгөөд үүрэг гүйцэтгэх нэмэлт хугацаа тогтоосон боловч үр дүн гараагүй бол нөгөө тал гэрээнээс татгалзах эрхтэй, 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт Хууль буюу гэрээнд заасны дагуу аль нэг тал нь гэрээнээс татгалзсан бол талууд гэрээний гүйцэтгэлийг биет байдлаар нь, түүнчлэн гэрээ биелсэнээс олсон ашгийг харилцан буцааж өгөх үүрэгтэй гэж тус тус заасан.

Иймээс дээрх зохицуулалтын дагуу хариуцагч *******нь 80,000,000 төгрөгөөс дээр дурдсан 11,000,000 төгрөгийг хасч үлдэх 69,000,000 төгрөгийг нэхэмжлэгч *******д буцааж өгөх үүрэгтэй байна.

Харин *******ХХК нь хамтран ажиллах гэрээний тал биш учир нэхэмжлэгчээс түүнд холбогдуулан нэхэмжлэл гаргасан нь үндэслэлгүй ба энэ талаарх хариуцагчийн давж заалдах гомдлыг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрт зохих өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Дээрх байдлаар шийдвэрт өөрчлөлт оруулахтай холбоотойгоор улсын тэмдэгтийн хураамжийн хуваарилалтыг өөрчлөхийн зэрэгцээ анхан шатны шүүх нэхэмжлэгчид улсын тэмдэгтийн хураамжийг буруу хуваарилсан алдааг залруулна.

 

7.Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулсан байна. 2025 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн шүүх хуралдааны тэмдэглэлээс үзэхэд, хариуцагч *******ХХК-ийн төлөөлөгч *******ирцэд бүртгэгдээгүй байх ба нэхэмжлэгч талаас хариуцагч нарыг шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй үндэслэлээр тэдгээрийн эзгүйд шүүх хуралдааныг явуулах хүсэлт гаргасныг шүүх хүлээн авсан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3 дахь хэсэгт заасныг зөрчөөгүй. Иймд хариуцагч *******ХХК-ийн төлөөлөгчийг шүүх хуралдаанд оролцуулаагүй гэх гомдол үндэслэлгүй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн 191/ШШ2025/01795 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн

1 дэх заалтыг Иргэний хуулийн 476 дугаар зүйлийн 476.1, 225 дугаар зүйлийн 225.1, 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт тус тус зааснаар хариуцагч *******аас 69,000,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч *******д олгож, нэхэмжлэлээс үлдэх 1,000,000 төгрөгт холбогдох хэсэг болон хариуцагч *******ХХК-д холбогдох шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай гэж,

2 дахь заалтын ...хариуцагч *******ХХК болон *******нараас 507,950 улсын тэмдэгтийн хураамж 79,750 төгрөгийг... гэснийг хариуцагч *******аас 502,950 төгрөгийг гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч *******ХХК-аас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2025 оны 05 дугаар сарын 12-ны өдөр төлсөн 507,950 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч мөн зүйлийн 172.2 дахь хэсэгт заасан үндэслэлээр энэ хуулийн 167 дугаар зүйлд заасан магадлалд гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацаа тоолохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ  Д.НЯМБАЗАР

 

  

ШҮҮГЧИД  Э.ЭНЭБИШ

 

 

Д.ЗОЛЗАЯА