| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дашцоодолын Нямбазар |
| Хэргийн индекс | 181/2024/00546/И |
| Дугаар | 210/МА2025/00714 |
| Огноо | 2025-05-02 |
| Маргааны төрөл | Үндэслэлгүйгээр хөрөнгөжих, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 05 сарын 02 өдөр
Дугаар 210/МА2025/00714
*******, ******* нарын нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Г.Даваадорж даргалж, шүүгч Б.Мандалбаяр, Д.Нямбазар нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 02 сарын 25-ны өдрийн 191/ШШ2025/01690 дугаар шийдвэртэй,
Нэхэмжлэгч: *******, ******* нарын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: *******, ******* нарт холбогдох,
Үндсэн нэхэмжлэлийн шаардлага: *******аас 25,440,000 төгрөг, *******эс 50,250,000 төгрөг гаргуулах тухай,
Сөрөг нэхэмжлэлийн шаардлага: *******ээс өмгөөллийн хөлс 1,500,000 төгрөг гаргуулах тухай,
иргэний хэргийг зохигчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, шүүгч Д.Нямбазар илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, хариуцагч *******, *******, хариуцагч нарын өмгөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Номин-Эрдэнэ нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийн агуулга: ******* нь 2017 оны 02 сарын 14-ний өдөр ээж *******ын зээлийг төлөлцөх зорилгоор *******д Ү-******* дугаартай үл хөдлөх эд хөрөнгийг бусдад хөлслүүлэх, хөлслүүлсний төлбөрийг хүлээн авах эрхийг итгэмжлэлээр 3 жилийн хугацаатай олгосон. Итгэмжлэлийн хугацаа 2020 оны 02 сарын 14-ний өдөр дууссан. Хариуцагч тал маргаан бүхий орон сууцыг чөлөөлж өгөөгүй учраас шүүхэд нэхэмжлэл гаргасан. Улмаар, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 09 сарын 21-ний өдрийн 210/МА2022/01783 дугаар магадлалд дүгнэснээр ******* нь итгэмжлэлийн хугацаа дууссанаас хойшхи хугацаанд маргаан бүхий орон сууц болон автозогсоолыг хууль бусаар эзэмшиж байсан болохыг тогтоосон. ******* орон сууц, автозогсоолыг шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хийгдэж албадан 2023 оны 04 сарын 27-ны өдөр чөлөөлсөн. Энэ хугацаанд маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгүүдийн үр шим буюу бусдад хөлслүүлсэн тохиолдолд олох байсан орлого 39,750,000 төгрөгийг ******* нь төлөх үндэслэлтэй. Мөн ******* нь Баянгол дүүргийн ******* хороо, ******* хороолол /*******/, *******ийн өргөн чөлөө, ******* байр, зоорийн давхрын ******* тоот хаягт байршилтай, Ү-******* дугаартай автозогсоолыг ямар нэгэн эрх олгоогүй байхад 2016 оны 11 сараас 2020 оны 02 сарын 14-ний өдрийн хооронд 40 сарын хугацаанд автозогсоолыг эзэмшихдээ өмчлөгчөөс ямар нэгэн зөвшөөрөл аваагүй. Энэ хугацаанд өмчлөгчийн эд хөрөнгийг шударга бусаар эзэмшиж байсны үр шим болох 10,500,000 төгрөгийг Иргэний хуулийн 95 дугаар зүйлийн 95.1, 493 дугаар зүйлийн 493.6, 492 дугаар зүйлийн 492.1.1-д заасныг үндэслэн ******* нь *******эс шаардаж байна. *******аас 25,440,000 төгрөгийг шаардаж байгаа үндэслэл нь ******* болон ******* нарын хооронд 90,000,000 төгрөгийн зээлийн асуудал үүссэнтэй холбоотойгоор ******* нь зээлийг төлөх зорилгоор өөрийнхөө орон сууцыг бусдад хөлслүүлээд хөлслүүлсэн мөнгийг хүлээж аваад зээлээс нь хасчих гэдэг утгаар итгэмжлэлийг 2017 оны 02 сарын 14-ний өдөр олгосон. Энэ итгэмжлэлийн үүргийг ******* зөрчсөн. Итгэмжлэлийн дагуу ******* нь бусдад *******ийн орон сууцыг хөлслүүлэн төлбөрийг өөртөө хүлээн авч, ээж *******ын зээлийн төлбөрөөс уг хөлслүүлсэн төлбөрийг суутгах үүрэгтэй байсан. Гэтэл ******* нь хүү *******эг үнэ төлбөргүй суулган итгэмжлэлээр хүлээсэн үүргээ зөрчсөн учраас *******ын зээлийн төлбөрөөс ямар ч төлбөр суутгаагүй. Иргэний хуулийн 63 дугаар зүйлийн 63.3, 63.4, 219 дүгээр зүйлийн 219.1, 229 дүгээр зүйлийн 229.1-д тус тус зааснаар 2016 оны 11 сараас 2020 оны 02 cap хүртэл хугацаанд бусдад хөлслүүлсэн тохиолдолд зах зээлийн дундаж ханшаар тооцон олох байсан орлого болох 25,440,000 төгрөгийг хариуцагч *******аас гаргуулна.
Иймд, хариуцагч *******аас 25,440,000 төгрөг, хариуцагч *******эс 39,750,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч *******т, хариуцагч *******эс 10,500,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч *******ад тус тус олгож өгнө үү гэжээ.
2. Хариуцагч *******ын хариу тайлбарын агуулга: Анх 2014 онд миний найз болох ******* нь надаас нийт 90,000,000 төгрөг зээлж авсан. Мөнгөнийхөө оронд байр, автозогсоолыг өгье гээд өгч авалцсан. Гэрчилгээг нь авая гэхэд 8 хувийн зээлтэй, зээлийг нь төлж дуусгачхаад нэр дээр чинь болгоод өгье гэсэн. Найз нь нэгэнт байр, автозогсоолоо өгсөн юм чинь мөнгөний тооцоо дууссан биз дээ гэсэн. Би тэр байрыг түрээслээгүй, *******тэй аливаа байдлаар харилцан тохиролцож, гэрээ хэлцэл байгуулах замаар харилцан үүрэг хүлээлцсэн зүйл байхгүй. *******т хохирол, гэм хор учруулсан зүйл байхгүй. *******ээс *******д олгосон 2017 оны 02 сарын 14-ний өдрийн итгэмжлэлийн тухайд нэхэмжлэгч *******ийн ээж ******* нь миний иргэний үнэмлэхийг авч явсан. Удалгүй чамд тус байрыг өгөх баталгаа болгоод охиноороо итгэмжлэл хийлгээд ирлээ, удахгүй банкны зээлээ төлж дуусгаад, байрыг чиний нэр дээр шилжүүлнэ гэж хэлсэн. Мөн өмнөх иргэний хэргийг хянан шийдвэрлэгдэж байх үед тухайн итгэмжлэлд өөрөө гарын үсгээ зураагүй болохыг тайлбарлаж, миний гарын үсэг мөн эсэхийг шинжээчээр тогтоолгох хүсэлтийг гаргахад тухайн үеийн нэхэмжлэгч *******ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгчдөөс уг үйл баримтыг хүлээн зөвшөөрч, маргаагүй ба тухайн итгэмжлэлийг *******, ******* нар хамт үйлдээгүй, *******ын гэх гарын үсэг түүнийх биш гэх тайлбарыг хэлж байсан. Дээрх иргэний хэрэгт нэхэмжлэгч ******* нь *******, ******* нараас маргаан бүхий орон сууц, автозогсоолын хэрэглээний төлбөр, тухайн хөрөнгийг бусдад хөлслүүлсэн тохиолдолд олох байсан орлого, үр шим, хохирол зэрэг мөнгийг гаргуулахаар нэхэмжилж байсан. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр биднээс уг төлбөрийг гаргуулах үндэслэлгүй гэж шийдвэрлэсэн. Миний мөнгийг өгөхгүй байх зорилгоор нэхэмжлэл гаргаж байна. Шүүхийн шийдвэр гарсны дараа шийдвэр гүйцэтгэгчтэй хамт байрыг хүлээлгэж өгсөн, автозогсоолыг өмнө нь авсан.
Иймд, надад холбогдуулан гаргасан нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
3. Хариуцагч *******ийн хариу тайлбарын агуулга: ******* нь маргаан бүхий орон сууц болон авто зогсоолыг бусдад хөлсөлж, үр шим, орлого 50,250,000 төгрөгийг олох байсан нь баримтаар тогтоогддоггүй. Өөрөөр хэлбэл, энэ хэмжээний мөнгийг зайлшгүй олох байсан гэж тайлбарлаж буй нь үндэслэлгүй. ******* миний бие эдгээр хөрөнгүүдийг бусдад хөлслүүлэх зэргээр ашиг орлого, үр шим хүртсэн зүйл огт байхгүй. Бодит байдалд *******ийн ээж ******* нь ээжээс авсан зээлийн өр төлбөртөө тооцож маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгүүдийг 2016 оны 11 сард сайн дураараа хүлээлгэн өгч байсан. Гэтэл одоо шүүхэд ээж бид хоёрыг ямар ч зөвшөөрөлгүй орон сууц болон автозогсоолыг эзэмшилдээ авсан гэх байдлаар тайлбарласан нь бодит байдалд нийцэхгүй. *******ийн хувьд дээрх шаардах эрхээ хуульд зааснаар хэрэгжүүлээгүй ба өмнөх хэрэг маргааны үед ижил үндэслэл, агуулгаар мөн л биднээс 21,769,146 төгрөгийг шаардаж байсныг дурдмаар байна. *******, ******* нарын хувьд иргэн ******* надаас Иргэний хуульд зааснаар шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэж үзэж байна.
Иймд, надад холбогдуулан гаргасан нэхэмжлэл үндэслэлгүй тул хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
4. Хариуцагч *******ын сөрөг нэхэмжлэлийн агуулга: Би өмгөөлөгчид 1,500,000 төгрөг төлсөн. Энэ хэрэг маргаанд өөрийн эрхийг хамгаалахын тулд өмгөөлөгчтэй хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ байгуулсан. Хэрвээ ******* нэхэмжлэл гаргаагүй байсан бол миний бие өмгөөлөгчид хөлс төлөх хэрэгцээ шаардлага байхгүй байсан.
Иймд, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.2-т зааснаар өмгөөллийн хөлс 1,500,000 төгрөгийг *******ээс гаргуулж өгнө үү гэжээ.
5. Сөрөг нэхэмжлэлд нэхэмжлэгч *******ийн гаргасан тайлбарын агуулга: Өмгөөлөгчөөс хууль зүйн туслалцаа авах нь Үндсэн хуульд зааснаар өөрсдийнх нь эрхийн асуудал бөгөөд хариуцагч нар өмгөөлөгчтэй оролцох эсэх нь сонголтын асуудал. Эрхээ хэрэгжүүлснийхээ төлөө үүрэг хариуцлагыг нэхэмжлэгчид ногдуулж байгаа нь үндэслэлгүй.
Иймд, сөрөг нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.
6. Иргэдийн төлөөлөгч *******гийн дүгнэлтийн агуулга: Нэхэмжлэгчийн зүгээс хариуцагчаас нэхэж байгаа төлбөрийг үндэслэлгүй гэж үзэж байна. Сөрөг нэхэмжлэлийг үндэслэлтэй гэж үзэж байна гэжээ.
7. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:
Иргэний хуулийн 219 дугаар зүйлийн 219.1, 492 дугаар зүйлийн 492.1.1-д зааснаар хариуцагч *******гээс 30,700,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч *******т олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 9,050,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, *******ын нэхэмжлэлтэй *******д холбогдох 10,500,000 төгрөг, *******ийн нэхэмжлэлтэй *******д холбогдох 25,440,000 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг тус тус нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д заасныг баримтлан *******ын нэхэмжлэлтэй *******т холбогдох 1,500,000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 56 дугаар зүйлийн 56.1, 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 536,400 төгрөгийг, хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагад төлсөн улсын тэмдэгтийн хураамж 38,950 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч *******эс улсын тэмдэгтийн хураамжид 311,450 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч *******т олгож шийдвэрлэжээ.
8. Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга: Анхан шатны шүүхийн шийдвэрийн зарим хэсгийг эс зөвшөөрч дараах үндэслэлээр давж заалдах гомдол гаргаж байна.
8.1. Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсгийн 10, 12-т үндэслэлгүй дүгнэлт хийсэн. Учир нь, Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 06 сарын 30-ны өдрийн 102/ШШ2022/02510 дугаар шийдвэрээр Баянгол дүүргийн ******* хороо, ******* хороолол /*******/, *******ийн өргөн чөлөө, ******* байр, зоорийн давхрын ******* тоот хаягт байршилтай Ү-******* дугаартай авто зогсоолыг хариуцагч *******ийн хууль бус эзэмшлээс албадан чөлөөлөхөөр шийдвэрлэсэн. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 09 сарын 21-ний 210/MA2022/01783 дугаар магадлалаар уг шийдвэрийг хэвээр үлдээсэн. Тодруулбал, ******* нь *******ийн өмчлөлийн автозогсоолыг хууль бусаар эзэмшиж байсан болохыг шүүх тогтоосон тул шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр нэгэнт тогтоогдсон үйл баримтыг дахин нотлох шаардлагагүй. Хариуцагч шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тул шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулсны дагуу 2024 оны 04 сарын 27-ны өдөр ******* нь *******ийн хууль бус эзэмшлээс өөрийн автозогсоолыг шилжүүлэн авсан байдаг.
Дээрх шүүхийн шийдвэр, магадлал, шийдвэр гүйцэтгэх ажиллагааны дуусгавар болсон тогтоолыг нэхэмжлэгч хэрэгт нотлох баримтаар гаргаж өгсөн байхад шүүх уг үүргийг хэрэгжүүлээгүй гэж дүгнэсэн нь бодит байдалтай нийцэхгүй үндэслэлгүй дүгнэлт болсон байна.
8.2. Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсгийн 9, 11-д үндэслэлгүй дүгнэлт хийсэн. Учир нь, ******* нь 2016 оны 11 сард тухайн автозогсоолын өмчлөгч болоогүй байсан тул итгэмжлэлийн дагуу *******ээс *******д автозогсоолын эзэмшлийг шилжүүлэх боломжгүй байсан. Хэрэгт *******ээс *******д олгосон итгэмжлэлд маргаан бүхий орон сууцыг бусдад хөлслүүлж, төлбөрийг нь хүлээн авах талаар тусгагдсан ба автозогсоолын эзэмшлийг шилжүүлсэн талаар тусгагдаагүй байдаг. Шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон ...******* автозогсоол, орон сууцыг бусдад хөлслүүлэх итгэмжлэл хийж үлдээсэн, *******д автозогсоолыг хүлээлгэн өгсөн гэх *******ийн төлөөлөгч *******гийн тайлбар нь *******ээс *******д олгосон итгэмжлэл болон ******* нь тухайн үед тус автозогсоолын өмчлөгч байгаагүй зэрэг баримтаар үгүйсгэгдэж, бодит байдалтай нийцээгүй болох нь илэрхий байхад уг тайлбарыг үнэн зөв мэтээр шийдвэрийн үндэслэл болгосон нь буруу байна. ******* нь ******* болон *******эд өөрийн өмчлөлийн автозогсоолыг эзэмшүүлэх талаар ямар нэгэн зөвшөөрөл өгч байгаагүй бөгөөд ******* нь автозогсоолыг хууль бусаар эзэмшиж байсан болно. Тиймээс 2016 оны 11 сараас 2020 оны 02 сарын 14-ний өдрийн хооронд 40 сарын хугацаанд автозогсоолыг шударга бусаар эзэмшиж байсны үр шим болох 10,500,000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон нь үндэслэлгүй байна.
8.3. Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсгийн 11, 13-т үндэслэлгүй дүгнэлт хийсэн. ******* нь *******ээс олгосон итгэмжлэлийн дагуу маргаан бүхий орон сууцыг бусдад хөлслүүлэн, төлбөрийг хүлээн авах үүрэг хүлээсэн ба энэ үүргээ хэрэгжүүлээгүй нь *******ийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд нийцээгүй. ******* нь өөрийн өмчлөлийн орон сууцыг бусдад хөлслүүлэн төлбөрийг нь хүлээн авах эрхийг ийнхүү *******д олгосон нь төрсөн эх *******ын зээлийн төлбөрөөс орон сууцыг хөлслүүлэн олсон орлогыг *******д өгөх байдлаар төлөлт хийх зорилготой байсан. Гэтэл ******* нь тухайн орон сууцыг бусдад хөлслүүлэх үүргээ хэрэгжүүлэлгүйгээр өөрийн хүү *******эг тухайн орон сууцанд оруулсан ба *******ын зээлийн төлбөрөөс нэг ч төгрөг хасаагүй. ******* нь *******д тус орон сууцыг бусдад үнэ төлбөргүйгээр ашиглуулах эрх олгоогүй байхад ******* нь өөрийн хүүг үнэ төлбөргүйгээр тус орон сууцанд амьдруулснаар Иргэний хуулийн 63 дугаар зүйлийн 63.4-д заасан үүргээ биелүүлээгүй. Өөрт учирсан хохирлоо нотлох зорилгоор Хөрөнгийн үнэлгээний төв ХХК-аар тухайн орон сууцны 1 сарын хөлсний зах зээлийн үнэ ханшийн талаарх үнэлгээний баримтыг нотлох баримтаар гарган өгсөн. ******* нь уг орон сууцыг бусдад хөлслүүлсэн тохиолдолд итгэмжлэлийн хугацаа дуусах хүртэл хугацаанд 25,440,000 төгрөгийн орлогыг олох ёстой байсан буюу уг дүнгээр төрсөн эх *******ын зээлээс бууруулах боломжтой байсан байна. Тиймээс ******* нь Иргэний хуулийн 229 дүгээр зүйлийн 229.1-д заасны дагуу 25,440,000 төгрөгийн хохирлыг *******т нөхөн төлөх үндэслэлтэй. Гэтэл шүүхээс хэрэгт авагдсан баримтыг зохих ёсоор үнэлээгүй, төлөөлөгчийн итгэмжлэлээр хүлээсэн үүргээ зөрчсөнийг зөвтгөж нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон нь үндэслэлгүй.
Иймд, анхан шатны шүүхийн шийдвэрийн *******ийн *******д холбогдох нэхэмжлэлийн шаардлагаас 9,050,000 төгрөг, *******ын *******д холбогдох 10,500,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг, *******ийн *******д холбогдох 25,440,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг тус тус хэрэгсэхгүй болгосныг хүчингүй болгож өгнө үү гэжээ.
9. Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдолд хариуцагчийн өмгөөлөгчийн гаргасан тайлбарын агуулга: Хариуцагч нарт үндэслэлгүй хөрөнгөжсөн зүйл байхгүй учраас нэхэмжлэгч талын уг үндэслэлээр гаргасан давж заалдах гомдол нь хууль зүйн үндэслэлгүй. Анхан шатны шүүхээс маргаан бүхий орон сууцны эзэмшлийг хууль бус гэж тогтоосон. Хариуцагч нарын зүгээс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч, сөрөг нэхэмжлэлийн шаардлагын шаардлага гаргаж, 2022 онд тухайн хэргийг эцэслэн шийдвэрлүүлсэн. Анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчин төгөлдөр болсноос хойш шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дуусах хүртэлх 5 сарын хугацаанд маргаан бүхий орон сууцны эзэмшлийг хууль бус гэж тооцох боломжтой байсан. Гэвч анхан шатны шүүхээс 2020 оноос хойш хариуцагч нар 4 жилийн хугацаанд хууль бусаар эзэмшиж байна гэх үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэснийг хүлээн зөвшөөрөхгүй. ******* нь итгэмжлэлийн дагуу зээлийн төлбөрийг хасаж тооцох ёстой байсан гэж тайлбарладаг. Гэвч хэрэгт авагдсан итгэмжлэлээс харахад ******* нь маргаан бүхий орон сууцыг хөлслөх гэрээ хийх, гарын үсэг зурах, төлбөрийг хүлээн авах эрхийг олгосон. Уг итгэмжлэлд ямар нэгэн байдлаар төлбөрийг хүлээн авч, эхийнх нь авсан зээлийн төлбөрөөс суутгах үүрэг байхгүй. 2016-2021 он хүртэл хариуцагч нар өөр хүний эзэмшлийн орон сууцыг зөвшөөрөлгүйгээр эзэмших боломжгүйг дурдмаар байна.
Иймд, нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдол нь хууль зүйн үндэслэлгүй байна гэжээ.
10. Хариуцагч нарын өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга: Анхан шатны шүүхийн шийдвэрийн зарим хэсгийг эс зөвшөөрч, шүүх хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн үндэслэлээр давж заалдах гомдол гаргаж байна.
10.1. Анхан шатны шүүхээс Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д зааснаар нэхэмжлэлийн шаардлагыг хангах тохиолдолд хөрөнгө олж авсан этгээд нь хэзээ, ямар арга замаар, хэдий хэмжээгээр үндэслэлгүй хөрөнгөжсөн талаар үндэслэл бүхий дүгнэлт хийх шаардлагатай байсан ба *******ийн бусдын хөрөнгийг хууль бусаар эзэмшилдээ байлгасан гэх үйл баримтыг шууд бусдын хөрөнгийг үндэслэлгүйгээр ашигласан гэж дүгнэсэн нь учир дутагдалтай. Мөн анхан шатны шүүх *******ийн нэхэмжлэлийн шаардлагыг хангах эсэх асуудлыг шийдвэрлэхдээ хариуцагч талын гаргаж буй Иргэний хуулийн 493 дугаар зүйлийн 493.3-т зааснаар тухайн хөрөнгийг зориулалтын дагуу ашигласнаар ашиг, орлого олоогүй гэх тайлбар, түүнчлэн хөөн хэлэлцэх дууссан гэх татгалзлуудыг ямар үндэслэлээр хүлээж аваагүй болохыг тайлбарлаагүй байна. Түүнчлэн Иргэний хуулийн 76 дугаар зүйлийн 76.1-д зааснаар хөөн хэлэлцэх хугацааг шаардах эрх үүссэн үеэс эхлэн тоолохоор заасан ба нэхэмжлэгч *******ийн хувьд шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ маргаан бүхий орон сууцыг бусдад хөлслүүлэх, төлбөрийг нь авах эрхийг иргэн *******д олгосон итгэмжлэлийн хугацаа 2020 оны 02 сарын 14-ний өдөр дууссан гэж тайлбарлаж байгаагаас дүгнэхэд энэ үеэс шаардах эрх үүссэн гэж үзнэ. Хөөн хэлэлцэх хугацаа нь талуудын хооронд үүссэн маргааны зүйлээс хамаарч өөр өөрөөр тоологдох ба *******ийн тайлбарласнаар буюу өөрийн төрсөн ээж *******ын иргэн *******аас авсан зээлийн өр төлбөрт суутган тооцуулах тухай өөрийнх нь хүсэл зориг буюу нэг талын хэлцлийн үндсэн дээр шилжүүлсэн тохиолдолд мөн хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-д зааснаар 3 жилээр тооцох учиртай болно. Иймд, хариуцагчийн хариу тайлбар, өмгөөлөгчийн дүгнэлтэд дурдагдсан дээрх үндэслэлүүдээр *******ийн хариуцагч нарт холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байсан.
10.2. ******* нь *******, ******* нарт холбогдуулан өмнө нь өөрийн өмч хөрөнгийг бусдын хууль бус эзэмшлээс гаргуулах хэргийн хамт түүний үр дагаврыг арилгуулах буюу олох байсан орлого, үр шим, хохирлыг гаргуулах нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон хуулийн хүчин төгөлдөр шийдвэр байгаа ба уг хэрэг маргааныг хянан шийдвэрлэсэн архивын материалаас *******ийн шүүхэд анх гаргаж байсан нэхэмжлэл, өөрчилж, ихэсгэж өөрчилсөн шаардлага, шүүх хуралдааны тэмдэглэл зэрэг ач холбогдолтой нотлох баримтуудыг шаардлага хангасан хэлбэрээр гаргаж өгсөн болно. Иймд, ******* нь эрх зүйн нэг харилцаанаас үүссэн, ижил агуулгатай маргааныг шүүхээр шийдвэрлүүлэхээр дахин нэхэмжлэл гаргасныг шүүх хүлээн авч, шийдвэрлэсэн нь үндэслэлгүй гэж үзэж байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1, 25, 26, 65 дугаар зүйлийн 65.1.6-д заасан зохицуулалтуудаас үзвэл шүүх талуудын хооронд үүссэн нэг эрх зүйн маргааныг хэсэгчилж биш, нэг удаа шийдвэрлэх агуулгатай. Өөрөөр хэлбэл, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлийн 117.1, 65 дугаар зүйлийн 65.1.6-д зааснаар хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй.
Иймд, анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгох буюу хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
11. Хариуцагч нарын өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдолд нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан тайлбарын агуулга:
Талуудын хооронд эд хөрөнгийг эзэмшиж, олж авсантай холбоотой асуудлаар маргаан үүссэн тул Иргэний хуулийн 493 дугаар зүйлийн 493.6-т заасныг баримтлах ёстой. Маргаан бүхий орон сууцанд амьдарч буй нөхцөл байдал нь уг орон сууцны үр шимийг хүртэж байгааг харуулж байна. Хариуцагч талын давж заалдах журмаар гаргасан гомдол нь хууль зүйн үндэслэлгүй. *******г тухайн орон сууцны эзэмшигч гэдгийг тогтоох гэрээ байхгүй учраас хууль бус эзэмшлээс чөлөөлүүлж шийдвэрлэсэн. Уг нөхцөл байдлаас харахад гэрээтэй холбоотой асуудлаар хөөн хэлэлцэх хугацааны асуудал яригдахгүй. 2022 оны 02 сарын 14-ний өдрөөс хойш олох байсан ашгийг *******аас нэхэмжилсэн. Гэвч анхан шатны шүүхээс уг орон сууцанд ******* биш ******* амьдарч байгаа учраас *******д холбогдох нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Уг нэхэмжлэлийг гаргахдаа олох байсан орлогыг *******эс шаардаж байгаа учраас өөр нэхэмжлэл.
*******ын зүгээс итгэмжлэлээсээ татгалзаагүй бөгөөд хүний эд хөрөнгийг зөвшөөрөлгүй ашиглах эрх байхгүй гэжээ.
ХЯНАВАЛ:
1. Давж заалдах шатны шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзээд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулав.
2. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******аас 25,440,000 төгрөг, хариуцагч *******эс 39,750,000 төгрөг гаргуулах тухай, нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******эс 10,500,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага тус тус гаргасныг хариуцагч нар бүхэлд нь эс зөвшөөрч, хариуцагч ******* нь өмгөөллийн хөлс 1,500,000 төгрөгийг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэл гарган маргажээ.
3. Анхан шатны шүүх хэрэгт цугларсан нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т заасан журмын дагуу зөв үнэлж, хэргийн үйл баримтыг зөв тогтоосон боловч зохигчийн хооронд үүссэн маргааныг өмнө нь хянан шийдвэрлэсэн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр байгаа болохыг анхаараагүй алдаа гаргасныг давж заалдах шатны шүүхээс залруулна.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1, 65.1.6-д нэхэмжлэлд дурдсан үйл баримт, зохигчийн гэм буруугийн талаар хуулийн хүчин төгөлдөр шүүхийн ... шийдвэр, ... байгаа бол шүүгч захирамж гарган нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзахаар журамлажээ.
4.1. *******, ******* нарт холбогдох, орон сууц болон автозогсоолыг албадан чөлөөлүүлэх, олох байсан орлого 7,200,000 төгрөг, учирсан хохирол 11,300,000 төгрөг гаргуулах тухай *******ийн нэхэмжлэл, *******, ******* нарт холбогдох, хэлцэл хүчин төгөлдөр бус болохыг тогтоож, үндэслэлгүй хөрөнгөжсөн 116,998,170 төгрөг буцаан гаргуулах тухай *******ын сөрөг нэхэмжлэл бүхий иргэний хэргийг өмнө нь Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 06 сарын 30-ны өдрийн 102/ШШ2022/02510 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 09 сарын 21-ний өдрийн 210/МА2022/01783 дугаар магадлалаар хянан шийдвэрлэжээ. /1хх 6-14, 15-22/
4.2. Түүнчлэн, *******д холбогдох, үндэслэлгүй хөрөнгөжсөн гэх 29,811,500 төгрөг гаргуулах тухай *******ын нэхэмжлэл бүхий иргэний хэргийг өмнө нь Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 09 сарын 19-ний өдрийн 181/ШШ2023/02901 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 11 сарын 13-ны өдрийн 210/МА2023/01980 дугаар магадлалаар хянан шийдвэрлэжээ. /1хх 86-89, 90-92/
5. Дээрхээс үзвэл, *******ээс 2017 оны 02 сарын 14-ний өдөр *******д олгосон итгэмжлэлтэй холбоотой, Баянгол дүүргийн ******* хороо, ******* хороолол /*******/, *******ийн өргөн чөлөө, ******* байрны ******* тоот хаягт байршилтай 44.77 м.кв талбайтай 1 өрөө орон сууц, мөн хаягт байршилтай 15 м.кв талбайтай автозогсоол зэргийн эзэмшил, ашиглалттай холбоотой, тэдгээрийг бусдад хөлслүүлсэн бол олох байсан орлого, хохиролтой холбоотой, мөн *******аас *******ад 2014 оны 05 сарын 23-ны өдөр, 09 сарын 05-ны өдөр, 2014 оны 10 сарын 24-ний өдрүүдэд зээлдүүлсэн нийт 90,000,000 төгрөгтэй холбоотой, мөн *******аас шилжүүлсэн 29,811,500 төгрөгөөр ******* үндэслэлгүй хөрөнгөжсөнтэй холбоотой иргэний хэргийг шүүх өмнө нь тус тус хянан шийдвэрлэсэн байна.
6. Иймд, *******аас 25,440,000 төгрөг гаргуулах тухай *******ийн нэхэмжлэлийн шаардлага, *******эс 39,750,000 төгрөг гаргуулах тухай *******ийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсэг, түүнчлэн *******эс 10,500,000 төгрөг гаргуулах тухай *******ын нэхэмжлэлийн шаардлага бүхий иргэний хэргийг шүүх өмнө нь хянан шийдвэрлэсэн байна гэж үзнэ.
Учир нь, нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл, үнийн дүн өөрчлөгдсөнийг өөр маргаан гэж үзэх боломжгүй юм. Зохигчийн хооронд үүссэн харилцаа, үйл баримт нь нэг байх ба зохигч нэг харилцаа, нэг үйл баримтын талаар шүүхэд дахин мэтгэлцсэн байна.
Иймд, холбогдох нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь Иргэний хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.6-д заасан зохицуулалтад нийцнэ.
7. Харин *******эс 39,750,000 төгрөг гаргуулах тухай *******ийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсэг буюу Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 06 сарын 30-ны өдрийн 102/ШШ2022/02510 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 09 сарын 21-ний өдрийн 210/МА2022/01783 дугаар магадлал гарснаас хойшхи хугацаанд хамаарах нэхэмжлэлийн шаардлага бүхий маргааныг шүүх өмнө нь шийдвэрлэсэн гэж үзэхгүй.
Учир нь, энэ нь ******* шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүйтэй холбоотой олох байсан орлого буюу хохиролтой хамааралтай нэхэмжлэлийн шаардлага байна.
8. Иймд, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлал гарсан 2022 оны 09 сарын 21-ний өдрөөс дээрх шийдвэр, магадлалыг албадан гүйцэтгэх ажиллагаа дуусгавар болсон 2023 оны 04 сарын 27-ны өдөр хүртэлх хугацаанд хариуцагч ******* нь нэхэмжлэгч *******ийн өмчлөлийн орон сууц, автозогсоолыг тус тус үнэ төлбөргүйгээр эзэмшиж, ашиглан үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэж үзнэ. /1хх 49/
9. Ийнхүү Хөрөнгийн үнэлгээний төв ХХК-ийн гаргасан тайланг үндэслэн тооцоход хариуцагч ******* нь нийт 8,500,000 төгрөгөөр үндэслэлгүй хөрөнгөжсөн байна. (орон сууц 950,000 х 7 = 6,650,000 төгрөг, автозогсоол (300,000 х 4) + 250,000 + (200,000х2) = 1,850,000 төгрөг) /1хх 42-43/
10. Иймд, хариуцагч *******эс 8,500,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч *******т олгосон өөрчлөлтийг анхан шатны шүүхийн шийдвэрт оруулах нь Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д заасан зохицуулалтад нийцнэ.
11. Шүүх хуралдаанд оролцсон иргэдийн төлөөлөгч нь ... нэхэмжлэгчийн зүгээс гаргаж буй нэхэмжлэлийг хариуцагч тал төлөх үндэслэлгүй гэж үзэж байна ... гэсэн дүгнэлт гаргасныг дурдах нь зүйтэй.
12. Дээрхийг нэгтгэн дүгнээд анхан шатны шүүхийн шийдвэрт холбогдох өөрчлөлтийг оруулж, нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, хариуцагч нарын өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг хангах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн тогтов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 02 сарын 25-ны өдрийн 191/ШШ2025/01690 дугаар шийдвэрийн
тогтоох хэсгийн 1 дэх заалтад ... 30,700,000 ... гэснийг ... 8,500,000 ... гэж, ... 9,050,000 ... гэснийг ... 31,250,000 ... гэж,
тогтоох хэсгийн 3 дахь заалтад ... 311,450 ... гэснийг ... 150,950 ... гэж тус тус өөрчилж,
шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, хариуцагч нарын өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг хангасугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4, 59 дүгээр зүйлийн 59.3-т тус тус зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа нэхэмжлэгч талаас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн нийт 513,350 төгрөг /330,400+182,950/-ийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч улсын тэмдэгтийн хураамжид 2025 оны 04 сарын 11-ний өдөр урьдчилан төлсөн 311,450 төгрөгийг хариуцагч *******эд шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1-т зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Г.ДАВААДОРЖ
ШҮҮГЧИД Б.МАНДАЛБАЯР
Д.НЯМБАЗАР