Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2019 оны 07 сарын 23 өдөр

Дугаар 2019/ШЦТ/211

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

           

Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Батсайхан даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Хэрлэн

Улсын яллагч Ц.Лхамсүрэн

Шүүгдэгч Г.Х нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны А танхимд нээлттэй явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:

 

Дорнод аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Ц.Лхамсүрэнгээс Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Суваргачин овогт Г.Хд холбогдох эрүүгийн 1921003130220 дугаартай хэргийг 2019 оны 07 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, ........... оны .......... дугаар сарын .............-ны өдөр Дорнод аймгийн Хэрлэн суманд төрсөн, ............... настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Дорнод аймгийн ............................. газарт оршин суух, гавьяа шагналгүй, ял шийтгэл: Дорнод аймгийн Хэрлэн сумын шүүхийн 2009 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн 22 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 1 жилийн хорих ялаар шийтгүүлж, 1 жилийн хугацаагаар шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулсан, Дорнод аймгийн Хэрлэн сумын шүүхийн 2009 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн 66 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 1 жил 2 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, ялыг биечлэн эдэлсэн, Суваргачин овогт Г.Х. /РД: ......................./

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Г.Х нь Дорнод аймгийн Баянтүмэн сумын 2 дугаар баг “Амгаланбулаг” гэх газар иргэн О.Гантулгын малчнаар ажиллаж байхдаа 2019 оны 01 дүгээр сараас 04 дүгээр сарын хооронд 3 тооны адууг завшсан гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичсэнээр/

ТОДОРХОЙЛОХ нь:

            Шүүгдэгч Г.Х нь Дорнод аймгийн Баянтүмэн сумын 2 дугаар баг “Амгаланбулаг” гэх газар иргэн О.Гантулгын малчнаар ажиллаж байхдаа 2019 оны 01 дүгээр сараас 04 дүгээр сарын хооронд 3 тооны адууг завшсан гэмт хэргийг үйлдсэнд холбогдуулан Дорнод аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Ц.Лхамсүрэнгээс Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, эрүүгийн 1921003130220 дугаартай хэргийг шүүхэд ирүүлжээ.

 

     Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:

 

            Шүүгдэгч Г.Хгийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд болон шүүх хуралдаанд өгсөн: “...Би О.Гантулга гэх хүний 5 азарга адууг 2018 оны 06 дугаар сараас эхлэн 2019 оны 05 дугаар сарыг хүртэл сарын 300.000 төгрөгийн цалинтай харж байсан. 2019 оны 01 дүгээр сарын дундуур ухаа халзан үрээ нь өвчин хүрсэн юм шиг байхаар нь янзлаад идсэн. Мөн 2019 оны 03 дугаар сард худалдан авсан өвснийхөө оронд Алтантулга ахад хүрэн зүсмийн даагыг миний эзэмшлийнх гэж хэлээд өгсөн. 2019 оны 04 дүгээр сард цавьдар халзан үрээг аймгийн төвд танихгүй хүнд 500.000 төгрөгөөр худалдсан. ...Гантулга ахтай хамт явж хайгаад Жагаа ахын адуунаас 3 тооны адуу, Мандахаас 1 тооны адуу, Оюунаас 1 тооны адуу, Гантулга ах хүнд өгөөрэй гэсэн 2 адууг нь хүнд өгсөн. Ингээд 9 тооны адуу болж байна. Дахин яваад Батчулууны адуунаас 3 тооны адуу, худаг нэгтэй айл болох Паалаа гэх айлаас 2 тооны адууг олж Гантулга ахад өгсөн. Хүрэн гүү хээр үхсэн байсныг нэхэмжлэхгүй гэсэн..., гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа, төлөх хохирол төлбөр байхгүй” гэх мэдүүлэг /хх-ийн 33-34 дүгээр хуудас/,

 

            Хохирогч О.Гантулгын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Г.Х нь адуун дээрээ байхгүй байна гэхээр нь очоод адуугаа бүртгэхэд миний адуунаас нийт 18 тооны адуу дутсан байсан. Тэр үед Г.Х олдохгүй байсан учир би 18 тооны адуугаа өөр адуунд нийлсэн, хаашаа зарагдсан талаар мэдээгүй учир шууд цагдаагийн байгууллагад 18 тооны адуу дутсан талаар мэдэгдсэн. ...Г.Хгийн хамт гэрийн ойролцоо яваад эхлээд 9 тооны адууг буюу Жагаагийн адуунаас 3 тооны, Мандах гэх айлаас 1 тооны, Оюун гэх айлаас 3 тооны адуу, миний Г.Хд 2 адуу хүнд бэлэглээрэй гэснийг өгсөн байсан. Ингээд нийт 9 тооны адуу бүрэн өгсөн. ...Дахин яваад Батчулууны адуунаас 3 адуугаа олсон. 6 тооны адуу үлдсэн ба 1 хүрэн гүү хээр үхсэн байсан. Үлдсэн 2 адууг мөн адил ойролцоо адуунаас олж ирсэн. Г.Х нь 3 тооны адууг зарснаа хүлээн зөвшөөрсөн. ...Г.Х нь 2018 оны 06 дугаар сараас эхлэн манай малчнаар ажиллаж байгаа юм. Сарын 300.000 төгрөгийн цалинтай бөгөөд аман гэрээ хийж ажиллуулж байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 16 дугаар хуудас/,

 

            Гэрч Д.Алтантулгын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...2018 оны 12 дугаар сард Г.Х надаас 100 боодол өвс авсан. Өртөгт нь даага өгнө гэсэн. Тэгээд 2019 оны 03 дугаар сард би Г.Хтай очиж уулзаад надад хүрэн зүсмийн чойндон тамгатай даага өгсөн. Би авсан даагаа Баянхонгор аймгаас ирсэн хүн ирээд даагыг худалдан авъя гэхээр нь өгөөд явуулсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 23-24 дүгээр хуудас/,

 

            - Эд зүйлийн үнэлгээ /хх-ийн 11 дүгээр хуудас/,       

Шүүгдэгчийн иргэний үнэмлэхний лавлагаа, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, урьд ял шийтгүүлсэн шүүхийн шийтгэх тогтоолын хуулбарууд /хх-ийн 37, 38, 40-51 дүгээр хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Эрүүгийн 1921003130220 дугаар хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг цуглуулах буюу бэхжүүлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу авсан байх тул хэргийг хянан шийдвэрлэхэд хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, хангалттай байна гэж шүүх үнэллээ.

 

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж тогтоосон, хэргийн оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарлах замаар эсхүл бусад хэлбэрээр шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэхэд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байна гэж шүүх үзлээ.

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Шүүгдэгч Г.Х нь Дорнод аймгийн Баянтүмэн сумын 2 дугаар баг “Амгаланбулаг” гэх газар иргэн О.Гантулгын малчнаар ажиллаж байхдаа 2019 оны 01 дүгээр сараас 04 дүгээр сарын хооронд түүний 3 тооны адууг завшсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь шүүх хуралдаанд шинжлэн судлагдсан шүүгдэгч Г.Хгийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд болон шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэг, хохирогч О.Гантулга /хх-ийн 16 дугаар хуудас/, гэрч Д.Алтантулга /хх-ийн 23-24 дүгээр хуудас/ нарын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлгүүд, эд зүйлийн үнэлгээ /хх-ийн 11 дүгээр хуудас/ зэрэг шүүх хуралдаанаар хэлэлцсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгч Г.Хг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Прокурорын үйлдсэн яллах дүгнэлт нь үндэслэлтэй, хэргийн зүйлчлэл зөв байна гэж шүүх дүгнэв.

 

Гэмт хэрэг гарахад шүүгдэгчийн хууль зүй, ёс зүйн ухамсар дутмаг байдал, амар хялбар аргаар мөнгөтэй болох санаа зорилго болон хохирогчийн эд хөрөнгөндөө хайхрамжгүй хандаж, итгэж, хараа хяналтгүй байлгасан зэрэг нөхцөл байдал нөлөөлсөн гэж үзлээ.

 

Шүүгдэгч нь өмчлөх эрхийн эсрэг гэмт хэргийг үйлдэхдээ өөрийн үйлдлийн хууль бус шинжийг ухамсарлаж, шунахайн сэдэлтээр бусдын өмчлөх эрхэд нь хор уршиг зориуд хүргэж үйлдсэн нь гэм буруугийн санаатай хэлбэртэй, төгссөн гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй байна.

 

Гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хувьд: Шүүгдэгч Г.Х нь хохирогч О.Гантулгын эд хөрөнгөнд хохирол учруулсан бөгөөд хохирлыг бүрэн төлж барагдуулсан байх тул шүүгдэгч Г.Хг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан, хавтаст хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгч Г.Хг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан гэмт хэргийг үйлдсэнд гэм буруутайд тооцсон тул гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.

 

Шүүгдэгч Г.Х нь гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлыг төлсөн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл болох бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байхгүй байна. 

 

Шүүгдэгч Г.Хгийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал зэргийг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Хг 240 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэх нь зүйтэй байна гэж үзлээ.

 

Шүүгдэгч Г.Х нь “Шүүх хуралдаанд өмгөөлөгч авахгүй, өөрөө өөрийгөө өмгөөлж оролцоно” гэсэн хүсэлт гаргасан тул  Монгол Улсын Үндсэн хууль болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар түүнийг шүүх хуралдаанд өмгөөлөгчгүй оролцуулсан болно.

 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдаж, баримт бичгээр ирсэн шүүгдэгч Г.Хгийн .................. тоот регистрийн дугаартай иргэний үнэмлэхийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлэхээр шийдвэрлэв.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Г.Х-г Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Х-г 240 /хоёр зуун дөч/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2 хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Х-д оногдуулсан 240 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт 4 /дөрөв/ дээшгүй цагаар хийлгэхээр тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Х нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

5. Шүүгдэгч Г.Х-д оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялын биелэлтэд хяналт тавихыг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

 

6. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, баримт бичгээр ирсэн шүүгдэгч Г.Х-гийн .................. тоот регистрийн дугаартай иргэний үнэмлэхийн лавлагааг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлсүгэй.

 

7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Г.Х-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш, эсвэл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд тус шүүхээр дамжуулан давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт  зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлт түдгэлзэхийг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                        Б.БАТСАЙХАН