Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 05 сарын 02 өдөр

Дугаар 210/МА2025/00716

 

*******ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Б.Мандалбаяр даргалж, шүүгч Э.Энэбиш, Д.Нямбазар нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 02 сарын 20-ны өдрийн 192/ШШ2025/01493 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч: *******ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: ******* ХХК-д холбогдох,

Нэхэмжлэлийн шаардлага: 2024 оны 10 сарын 15-ны өдрийн ******* тоот Эд хөрөнгийн бүрэн хариуцлага ногдуулах тухай тушаалыг хүчингүйд тооцуулах тухай,

иргэний хэргийг хариуцагчийн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, шүүгч Д.Нямбазар илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч *******, түүний өмгөөлөгч *******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Халиунаа нар оролцов.

 ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн агуулга: ******* нь ******* ХХК-д нярвын ажлын байранд 2024 оны 07 сарын 28-ны өдөр ажилд орсон бөгөөд 2024 оны 10 capын 29-ний өдөр ******* ХХК-ийн гүйцэтгэх захирлын тушаалаар ажлаас халагдсан. Ажилд орсноос хойш 2 cap 8 хоног ажилласан бөгөөд 2024 оны 10 сарын 05-ны өдрөөс хойш ******* ХХК-д ажиллаагүй. Учир нь, 2024 оны 10 сарын 07-ны өдрөөс 10 сарын 15-ны өдрийг хүртэл эмнэлгийн акттай байсан ч ажлаас гарах хүсэлтээ өгсөн. Гэтэл ******* ХХК-ийн гүйцэтгэх захирлын Эд хөрөнгийн бүрэн хариуцлага ногдуулах тухай тушаалыг миний гэрийн хаягаар шуудангаар ирүүлсэн. Энэ тушаалыг 2024 оны 11 сарын 13-ны өдөр гардаж авсан. Миний бие нярвын ажлын байранд ажиллах хугацаандаа хөргөгчөөс зайрмагийг хүргэлтийн жолооч нарын гарт олгодог ажлыг хийдэг байсан. Миний ажлыг 2 нярав хийх ёстой байтал би ганцаараа 2 агуулах 1 ачигч хариуцан ажилладаг байсан. Жолооч бүр худалдааны төлөөлөгч буюу борлуулалтын албаны түгээлтийг хийдэг бөгөөд миний ажиллах хугацаанд машинд илүү ачигдсан байх эрсдэл байсныг нягтлан бодогчдоо байнга хэлдэг байсан. Би өөрөө хувьдаа завшсан зүйл байхгүй. Ажлын байр бүрэн камертай бөгөөд миний бие зайрмаг худалдаалах, завших ямар ч боломж байхгүй. Ажилтнууд зайрмаг илүү авч гардаг асуудал ******* ХХК-д гарсан талаар нягтлан бодогч нар ярьдаг. Гэтэл ******* ХХК-ийн удирдлагаас дотоод хяналтыг сайжруулан буруутай этгээдийг олж хариуцлага ногдуулахын оронд дөнгөж ажилд орсон надаар алдагдлаа нөхөх гэж оролдож байгааг хүлээн зөвшөөрөхгүй.

Иймд, ******* ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2024 оны 10 сарын 15-ны өдрийн ******* дугаартай Эд хөрөнгийн бүрэн хариуцлага ногдуулах тухай тушаал үндэслэлгүй тул хүчингүй болгож өгнө үү гэжээ.

2. Хариуцагчийн хариу тайлбарын агуулга: ******* нь ******* ХХК-ийн санхүүгийн албанд 2024 оны 07 сарын 13-ны өдрөөс эхэлж нярвын албан тушаалд ажилласан. Тэрээр 2024 оны 10 сарын 14-ний өдөр ажлаас чөлөөлж өгөхийг хүссэн өргөдлийг компанид гаргасан. Ажилтан ажлаас чөлөөлөгдөх өргөдөл гаргахаас өмнө буюу 2024 оны 09 сарын 11-ний өдөр түүний хариуцдаг агуулахад тооллого хийхэд 14,013,191 төгрөгийн үнэ бүхий тэсо ирис бүтээгдэхүүн дутсан нь тогтоогдсон. 2024 оны 09 сарын 12-ны өдөр өмнөх тооллогыг нягтлан шалгах зорилгоор дутагдал үүссэн тэсо ирис бүтээгдэхүүнийг тоолоход өмнөх өдрийн дутагдал дахин илэрсэн. 2024 оны 09 сарын 11, 12-ны өдрүүдэд *******ийн хариуцдаг агуулахад тооллого хийхэд өөрөө байлцаж хамт тооллого хийсэн бөгөөд бараа материалын тооллогын хуудас, бараа материалын тооллого тохируулгын хуудас, зарлагын баримт зэрэг дээр хүлээн зөвшөөрч гарын үсэг зурсан байдаг. 2024 оны 09 сарын 12-ны өдөр тооллогын комиссын хурлаас *******т дутсан бүтээгдэхүүнийг хяналтын камер шүүж олох хугацааг олгосон. 2024 оны 09 сарын 11-ний өдөр тооллого хийгдэж 3 подоон зайрмаг дутсан. Тооллого хийгдсэн өдрөөс хойш орлого зарлага гаргаж ачаалалтай байсан. Энэ хугацаанд дутсан зайрмаг олох боломж гараагүй. Тиймээс дутсан зайрмагаа шүүж олж авахад 10-14 хоногийн хугацаа өгсөн гэх агуулга бүхий бичиг өгч ерөнхий нягтлан бодогч зөвшөөрч цохолт хийсэн. ******* нь 2024 оны 10 сарын 05-ны өдрөөс 2024 оны 10 сарын 14-ний өдрийг хүртэл ажилдаа ирээгүй бөгөөд 10 сарын 15-ны өдөр ажлаас чөлөөлсөн. 2024 оны 10 сарын 15-ны өдрийн ******* дугаартай Эд хөрөнгийн бүрэн хариуцлага ногдуулах тушаал тухай тушаалд Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1, 131 дүгээр зүйлийн 131.1.2, 233 дугаар зүйлийн 233.1-т зааснаар эд хөрөнгийн протокол, Компанийн хөдөлмөрийн дотоод журмын 6 дугаар зүйлийн 6.4.20, 13 дугаар зүйлийн 13.4 зэргийг ишилсэн. *******ийн 2024 оны 10 сарын 14-ний өдөр өгсөн өргөдлийг үндэслэл нь 2024 оны 10 сарын 29-ний өдрийн Б/322А дугаар бүхий хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалж, ажлаас чөлөөлөх тухай тушаал гарсан. ******* ажилд орохдоо хөдөлмөрийн гэрээ, эд хөрөнгийн хариуцлагын гэрээ, ажлын байрны тодорхойлолттой танилцан гарын үсэг зурсан байдаг. ******* нь ажлын байрны тодорхойлолтод заасан ажил үүргээ гүйцэтгэх явцдаа ажилдаа хайнга хандаж компаниас хариуцуулсан эд хөрөнгийг дутаасан үйлдэлтэй байхад үүнийгээ хүлээн зөвшөөрөхгүй байгаа нь учир дутагдалтай байна.

Иймд, гүйцэтгэх захирлын 2024 оны 10 сарын 15-ны өдрийн Б318/А тоот Эд хөрөнгийн бүрэн хариуцлага ногдуулах тухай тушаал нь үндэслэлтэй тул нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.1.2, 131.2, 133 дугаар зүйлийн 133.5-д заасныг баримтлан нэхэмжлэгч *******т эд хөрөнгийн бүрэн хариуцлага хүлээлгэсэн хариуцагч ******* ХХК-ийн захирлын 2024 оны 10 сарын 15-ны өдрийн ******* дугаартай тушаалыг хүчингүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2, 41 дүгээр зүйлийн 41.1.5, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж шийдвэрлэжээ.

4. Хариуцагчийн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга: Анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй тул давж заалдах гомдол гаргаж байна.

4.1. Хөдөлмөрийн тухай хуулийн 132 дугаар зүйлийн 132.1-д зааснаар Ажил олгогч эд хөрөнгийн хохирлын хэмжээг тодорхойлохоос өмнө тухайн үеийн нөхцөл байдлыг шалгаж тогтооно гэж, Ажилтнаас тухайн хохирол учирсан үеийн нөхцөл байдлын талаар тайлбар шаардана гэж тус тус процесслон хохирол, түүний хэмжээг тодорхойлохыг тусгажээ. Үүний дагуу компаниас тооллогын комиссыг томилж эд хөрөнгийн хохирлын хэмжээг тодорхойлсон. Дараа нь нэхэмжлэгчээс тухайн хохирол учирсан үеийн нөхцөл байдлын талаар тайлбар шаардахад, тэрээр ...2024.09.11-нд тооллого хийгдэж 3 подоон тэсо дутсан. Тооллого хийгдсэн өдрөөс хойш орлого авч зарлага гаргаж ачаалалтай байсан. Энэ хугацаанд дутсан зайрмагаа олох боломж гараагүй. Тиймээс дутсан зайрмагаа шүүж олж авахад 10-14 хоногийн хугацаа өгнө үү гэх хүсэлт, тайлбарыг ирүүлсэн. Мөн Хөдөлмөрийн тухай хуулийн 132 дугаар зүйлийн 132.2-т заасны дагуу компани нь нэхэмжлэгчийн учруулсан хохирлыг дутагдсан бараа болох тэсо ирис бүтээгдэхүүний үндсэн суурь үнээр тодорхойлсон бөгөөд үүнд тухайн барааг цаашид борлуулан олох байсан орлогыг оруулан тооцоогүй. Гэтэл анхан шатны шүүхээс Ажил олгогч нь эд хөрөнгийн бүрэн хариуцлага хүлээлгэхдээ Хөдөлмөрийн тухай хуулийн 132 дугаар зүйлийн 132.1, 132.2-т заасан журмаар эд хөрөнгийн хохирлын хэмжээг тодорхойлоогүй гэж дүгнэж байгаа нь үндэслэлгүй байна.

4.2. Талуудын хооронд хөдөлмөрийн гэрээ, эд хөрөнгийн бүрэн хариуцлагын гэрээ байгуулагдсан, мөн нэхэмжлэгч компанид учирсан хохирол өөрийнх нь хариуцаж байсан 10, 11-р агуулахаас бий болсныг хүлээн зөвшөөрсөн (тооллого хийхэд байлцсан, тооллогын комиссын дүгнэлттэй маргадаггүй) гэх үйл баримт хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдсон. Тодруулбал, нэхэмжлэгч нь компанитай байгуулсан хөдөлмөрийн гэрээ, ажлын байрны тодорхойлолтоор өөрийн хариуцсан агуулахад хүлээн авсан барааг зөвхөн холбогдох ажилтны зааварчилгааны дагуу борлуулалтын ажилтанд шилжүүлэн өгөх, үүнээс бусад үед агуулах дахь бараа бүтээгдэхүүний бүрэн бүтэн байдлыг хангах чиг үүрэгтэйгээр ажиллаж байсан. Харамсалтай нь уг үүргээ бүрэн биелүүлээгүй, ажлын чиг үүрэгтээ хайнга хандсаны улмаас компанид 14,013,191 төгрөгийн хохирлыг учруулсан ба үүнийг анхан шатны шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэл, тайлбартаа дурдаж, өөрийнх нь хариуцаж байсан 10, 11-р агуулахаас тэсо ирис гэх бүтээгдэхүүн дутсаныг хүлээн зөвшөөрдөг. Нэхэмжлэгчийн хариуцаж байсан 10, 11-р агуулахаас зөвхөн түүний зөвшөөрөл, хяналтад бараа бүтээгдэхүүн гарахаар талууд хөдөлмөрийн гэрээг байгуулж, хэрэв нэхэмжлэгчийн хариуцсан агуулахаас бараа бүтээгдэхүүн дутагдвал тэргүүн ээлжид нэхэмжлэгч хариуцлага хүлээнэ гэж эд хөрөнгийн бүрэн хариуцлагын гэрээг байгуулсан байхад анхан шатны шүүхэд нэхэмжлэгчийн өөрийн хариуцсан агуулахаас бараа бүтээгдэхүүн дутаасан гэх үндэслэл тогтоогдохгүй байна гэж дүгнэсэн нь үндэслэлгүй.

4.3. Нэхэмжлэгч ажлаас чөлөөлөгдөх өргөдөл гаргахаас өмнө буюу 2024 оны 09 сарын 11, 12-ны өдрүүдэд нэхэмжлэгчийн хариуцдаг агуулахад тооллого хийхэд өөрөө байлцаж хамт тооллого хийсэн бөгөөд бараа бүтээгдэхүүний тооллогын хуудас, материалын тооллого, тохируулгын хуудас, зарлагын баримтад хүлээн зөвшөөрч гарын үсэг зурсан. 2024 оны 09 сарын 12-ны өдөр тооллогын комиссын хурлаас нэхэмжлэгчийн дутсан бараа бүтээгдэхүүнийг хяналтын камер шүүж олох хугацаа олгосон боловч дутагдал үүссэн бараа бүтээгдэхүүнийг хайж олох, хаана алдаа гаргаснаа тогтоох ямар нэгэн ажиллагаа хийлгүйгээр ажлаас чөлөөлөгдөх өргөдөл гаргасан. Мөн нэхэмжлэгч нь 2024 оны 09 сарын 25-ны өдөр гаргасан өргөдлийг ерөнхий нягтлан бодогч зөвшөөрч дахин хугацаа олгосон боловч тэрээр дутагдал үүссэн бараа бүтээгдэхүүнийг хайж олох ямар нэгэн үйлдэл хийхгүй, нэмэлт санал, хүсэлт гаргахгүй байсан тул дутагдал үүссэн бараа бүтээгдэхүүнийг хайж олох сонирхолгүй, хүлээн зөвшөөрч байгаа гэж үзэн 2025 оны 10 сарын 15-ны өдөр эд хөрөнгийн бүрэн хариуцлага ногдуулах тушаал гарсан. Хариуцагчаас нэхэмжлэлд хариу тайлбар өгөхдөө эд хөрөнгийн бүрэн хариуцлага ногдуулах тушаал гаргахад үндэслэсэн зүйл заалтуудыг нэг бүрчлэн тайлбарлаж өгсөн. Мөн байгууллагад бодит хохирол учруулсан үндэслэлийг тогтооход тушаал гаргахад үндэслэсэн зүйл заалт нь шууд хамааралгүй гэж үзэж байна. Эцэст нь нярвын албан тушаал нь эд хариуцагч бөгөөд өөрийн хариуцдаг агуулахад байгаа бараа бүтээгдэхүүнийг 100 хувь хариуцаж, анхан шатны баримтыг үндэслэн худалдааны төлөөлөгч нарт олгох үүрэгтэй. Өөрийнх нь хариуцдаг агуулахад тооллого хийхэд бараа бүтээгдэхүүний дутагдал үүссэн нь хоёр удаагийн тооллогоор илэрч өөрөө хүлээн зөвшөөрч гарын үсэг зурсан бүх баримт хэрэгт хавагдсан.

Иймд, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

5. Давж заалдах гомдолд нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан тайлбарын агуулга: Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий гарсан буюу хууль зүйн факт болон хууль хэрэглээний хувьд зөв дүгнэсэн. Хариуцагчаас хөдөлмөрийн гэрээний дагуу эд хөрөнгийн бүрэн хариуцлагын гэрээ байгуулсан учир мөнгө төлөх ёстой гэж хэлдэг. Хэдийгээр гэрээ талуудын хүсэл зоригийн дагуу байгуулагдсан боловч гэрээний 5 дугаар зүйл болон Хөдөлмөрийн тухай хуульд комисс томилогдох талаар заасан. Хэрэгт авагдсан материал болон бусад нотлох баримтуудыг харахад ямар нэгэн комисс томилогдсон гэх баримт байдаггүй бөгөөд санхүүгийн албанаас хийсэн тооллого байдаг. Мөн хэрэгт авагдсан баримтаар нэг подоон зайрмаг илүү гарсан байхад хариуцагч тал камер шүүж үзээд тухайн зайрмагийг буцаан татсан нь тогтоогддог. Нэхэмжлэгч нь хариуцагч байгууллагын бүрэн камерын хяналт болон санхүүгийн албаны удирдлага дор 2 сарын хугацаанд ажиллахдаа хагас портер машин бүхий зайрмаг хулгайлах ямар ч боломжгүй тул эд хөрөнгийн бүрэн хариуцлага хүлээх үндэслэлгүй гэх анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй гэжээ.

ХЯНАВАЛ:

1. Давж заалдах шатны шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзээд анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулж, хариуцагчийн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхив.

2. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч ******* ХХК-д холбогдуулан, гүйцэтгэх захирлын 2024 оны 10 сарын 15-ны өдрийн ******* дугаартай Эд хөрөнгийн бүрэн хариуцлага ногдуулах тухай тушаалыг хүчингүйд тооцуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч ...******* нь ажиллаж байх хугацаандаа 14,013,191 төгрөгийн хохирол учруулсан, тушаал хууль зүйн үндэслэлтэй гарсан... гэсэн үндэслэлээр бүхэлд нь эс зөвшөөрч маргажээ.

3. Анхан шатны шүүх хэргийн баримт, зохигчдын тайлбарыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т заасан журмын дагуу үнэлж, дараах үйл баримтыг зөв тогтоожээ. Үүнд:

3.1.  ******* нь ******* ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2024 оны 07 сарын 25-ны өдрийн Б/259 дугаартай тушаалаар тус компанийн Санхүүгийн алба нэгжийн Нярвын албан тушаалд томилогдож, мөн өдөр компанитай 6-IMT-XG-24-121 дугаартай Хөдөлмөрийн гэрээ, 6-IMT-EBHG-24-122 дугаартай Эд хөрөнгийн бүрэн хариуцлагын гэрээ-г тус тус байгуулсан; /хх 105-109, 110-118, 120/

3.2. Улмаар, ******* ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2024 оны 10 сарын 15-ны өдрийн ******* дугаартай Эд хөрөнгийн бүрэн хариуцлага ногдуулах тухай тушаалаар *******т 14,013,191 төгрөгийн хариуцлага ногдуулсан ба уг тушаалд Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1, 131 дүгээр зүйлийн 131.1.2, 133 дугаар зүйлийн 133.1, Хөдөлмөрийн дотоод журмын 6.4.20, 13.4, 13.5, 13.10.7-д заасныг тус тус баримталж, ...хөдөлмөрийн гэрээ, ажлын байрны тодорхойлолтод заасан ажил үүргээ гүйцэтгэх явцдаа өөрийн хариуцдаг бэлэн бүтээгдэхүүний агуулахаас 14,013,191 төгрөгийн үнэ бүхий бараа бүтээгдэхүүн дутаасан нь 2024 оны 09 сарын 11, 12-ны өдрүүдийн тооллогоор илэрсэн... тухай дурдсан; /хх 6/

3.3.  Үүний дараа, нярав *******ийн бичгээр гаргасан хүсэлтийн дагуу ******* ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2024 оны 10 сарын 29-ний өдрийн Б/322А дугаартай тушаалаар хөдөлмөрийн гэрээний харилцааг дуусгавар болгосон. /хх 5, 83/

4. Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.1, 131.1.2, 132 дугаар зүйлийн 132.1-д эд хөрөнгийн бүрэн хариуцлагын гэрээ байгуулсан ажилтан ажил үүргээ гүйцэтгэх үедээ ажил олгогчид хохирол учруулсан тохиолдолд эд хөрөнгийн бүрэн хариуцлага хүлээхээр, мөн ажил олгогч эд хөрөнгийн хохирлын хэмжээг тодорхойлохоос өмнө тухайн үеийн нөхцөл байдлыг шалган тогтоохоор тус тус зохицуулжээ.

5. Ажил олгогч ******* ХХК нь дээр дурдсанчлан ажилтан *******тэй Эд хөрөнгийн бүрэн хариуцлагын гэрээ байгуулж, 2024 оны 09 сарын 11, 12-ны өдрүүдэд тооллого явуулж, *******ийн хариуцдаг агуулахаас 14,013,191 төгрөгийн тэсо ирис зайрмаг дутсан болохыг тогтоож, энэ тухай танилцуулж, дутсан бараа бүтээгдэхүүнийг хайж олох боломжийг олгож, нэмэлт хугацаа тогтоосон гэж тайлбарлан маргаж, энэ талаарх эд хөрөнгийн бүрэн хариуцлагын гэрээ, авлагын дэлгэрэнгүй тайлан, нярав *******ээс санхүүгийн албанд гаргасан хүсэлт, тооллогын дутагдлын тухай хурлын протокол, зарлагын баримт, материалын тооллого тохируулга, бараа материалын тооллогын хуудас зэрэг нотлох баримтуудыг шүүхэд гаргаж өгчээ. /хх 85, 86, 87-88, 89, 90, 91, 92-93, 95-97, 105-109/

6. Хариуцагч талын шүүхэд гаргаж өгсөн дээрх нотлох баримтууд Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.1, 131.1.2, 132 дугаар зүйлийн 132.1-д тус тус заасныг хангаж байх мэт боловч анхан шатны шүүхийн хийсэн ...хэрэгт авагдсан баримтын хүрээнд нярав *******ийг компанид 14,013,191 төгрөгийн хохирол учруулсан гэх үндэслэл тогтоогдоогүй, компани нь хохирол учруулсан этгээдийг олох, хариуцлага хүлээлгэх идэвхтэй арга хэмжээ аваагүй... гэсэн агуулгатай дүгнэлт хийж, улмаар нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэснийг буруутгах үндэслэл хэргийн баримтаар тогтоогдсонгүй.

7. Өөрөөр хэлбэл, компанийн бараа бүтээгдэхүүн дутсан тохиолдол бүрд эд хөрөнгийн бүрэн хариуцлагын гэрээ байгуулсан эд хөрөнгө хариуцсан ажилтанд хариуцлага хүлээлгэнэ гэсэн ойлголт өрөөсгөл бөгөөд ажил олгогч нь ажилтны буруутай үйлдлийг хөдөлбөргүй тогтоосон байх учиртай.

Агуулахаас бараа бүтээгдэхүүн гарах үйл явцад нягтлан, нярав, ачигч, жолооч, харуул, борлуулагч г.м хэд хэдэн этгээд оролцох бөгөөд анх хэдий хэмжээний бараа бүтээгдэхүүн ажилтанд хүлээлгэн өгсөн, эхлэлийн болон явцын тооллого тогтмол хийж байсан, үүнээс буцаалт болон хасалт хийгдсэн эсэхтэй холбоотой баримт хэрэгт авагдаагүй тул ажил олгогчийг хяналт тавих үүргээ хэрэгжүүлсэн, буруутай этгээдийг олж тогтоохтой холбоотой ажиллагаа хийсэн гэж үзэх боломжгүй.

Энэ талаар ...ажилтнууд зайрмаг илүү авч гардаг асуудал гардаг, гэтэл удирдлагын зүгээс хяналтыг сайжруулан буруутай этгээдийг олж хариуцлага ногдуулахын оронд дөнгөж ажилд орсон надад хариуцлага ногдуулж байгааг зөвшөөрөхгүй... гэсэн агуулгаар гаргасан нэхэмжлэгчийн тайлбар үндэслэлтэй байна.

8. Анхан шатны шүүх хэргийн үйл баримтыг зөв тогтоож, хуулийг зөв тайлбарлан хэрэглэж, улмаар нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байх боловч нэхэмжлэгчийн шаардах эрхэд хамаарах хуулийн зохицуулалтыг оновчтой баримтлаагүй, улсын тэмдэгтийн хураамжийг зөв хуваарилаагүй зэрэг алдаа гаргасныг давж заалдах шатны шүүхээс залруулна.

9. Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт зохих өөрчлөлтийг оруулж, хариуцагчийн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн тогтов.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 02 сарын 20-ны өдрийн 192/ШШ2025/01493 дугаар шийдвэрийн

тогтоох хэсгийн 1 дэх заалтад ...131 дүгээр зүйлийн 131.1.2, 131.2, ... гэснийг ...158 дугаар зүйлийн 158.1.2, ... гэж өөрчилж,

тогтоох хэсгийн 2 дахь заалтыг Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар гомдлоор авч хэлэлцэх хэргийн нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т тус тус зааснаар хариуцагч ******* ХХК-аас улсын тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөгийг гаргуулан улсын төсөвт оруулсугай гэж өөрчлөн найруулж,

шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, хариуцагчийн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.  

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4-т зааснаар хариуцагч ******* ХХК-аас давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2025 оны 05 сарын 02-ны өдөр урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1-т зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.МАНДАЛБАЯР

ШҮҮГЧИД Э.ЭНЭБИШ

Д.НЯМБАЗАР