| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дашцоодолын Нямбазар |
| Хэргийн индекс | 183/2024/04104/И |
| Дугаар | 210/МА2025/00717 |
| Огноо | 2025-05-02 |
| Маргааны төрөл | Ажлаас үндэслэлгүй халагдсан, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 05 сарын 02 өдөр
Дугаар 210/МА2025/00717
*******ийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Э.Энэбиш даргалж, Ерөнхий шүүгч Г.Даваадорж, шүүгч Д.Нямбазар нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 03 сарын 12-ны өдрийн 192/ШШ2025/01851 дугаар шийдвэртэй,
Нэхэмжлэгч: *******ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: ******* ТБАГУТҮГ-т холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, баталгаажилт хийлгэхийг хариуцагчид даалгах, өмгөөллийн хөлс 1,500,000 төгрөг гаргуулах тухай,
иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, шүүгч Д.Нямбазар илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч *******, түүний өмгөөлөгч *******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, хариуцагчийн өмгөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Ариунзул нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн агуулга: ******* миний бие 2014 оны 05 сараас эхлэн *******д хэвтэн эмчлүүлэх тасгийн сувилагч, химийн эмчилгээний сувилагч, 2018 оноос ариутгалын сувилагчаар 10 жил, эрүүл мэндийн салбарт нийт 33 жил тасралтгүй ажилласан. *******ийн даргын 2024 оны 05 сарын 24-ний өдрийн Б/124 дугаар тушаалаар ажил олгогч нь миний хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалж хууль ёсны эрх, ашиг сонирхлыг ноцтой зөрчсөн. Тушаалд Хөдөлмөрийн гэрээний 9 дүгээр зүйлийн 9.2 (9.2.1-9.2.10 хүртэл 10 заалт), 9.4 (9.4.1-9.4.4 хүртэл нийт 4 заалттай) дэх заалтыг үндэслэсэн бөгөөд ариутгалын сувилагчаар ажиллаж байсан миний бие нэг дор 14 ноцтой зөрчил гаргах ямар ч боломжгүй, эдгээр ноцтой зөрчлүүдийн алийг нь ч миний бие гаргаагүй. Энэ талаар нотлох баримт байхгүй, нотлогдоогүй, тогтоогдоогүй байхад үндэслэлгүйгээр миний хөдөлмөрийн гэрээг цуцалсан. Энэ тушаалыг хүлээн зөвшөөрөхгүй тул Хан-Уул дүүргийн Хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороонд 2024 оны 05 сарын 28-ны өдөр гомдол гаргаж, тус хорооны 33 дугаартай хуралдааны тэмдэглэлийг 2024 оны 06 сарын 06-ны өдөр гардан авсан тул шүүхэд хандаж байна.
Иймд, ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны олговор гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, баталгаажилт хийлгэхийг хариуцагчид даалгаж, өмгөөллийн хөлс 1,500,000 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.
2. Хариуцагчийн хариу тайлбарын агуулга: ******* нь *******д ариутгалын сувилагчийн албан тушаалд ажилладаг бөгөөд ариутгалын сувилагч нь эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлэхэд давтан хэрэглэгддэг багаж, хэрэгслийн угаалга, халдваргүйжүүлэх, ариутгалын ажиллагааг хийж гүйцэтгэдэг. Эрүүл мэндийн сайдын 2019 оны 11 сарын 29-ны өдрийн А/537 дугаар Заавар батлах тухай тушаалын хоёрдугаар хавсралтаар Эмнэлгийн тоног төхөөрөмж, багаж, хэрэгслийг цэвэрлэх, халдваргүйжүүлэх, ариутгах заавар-ыг баталсан. Уг зааврын 2.12-т Төвлөрсөн ариутгалын тасагт цэвэр, бохир хэсэгт ажиллах ажилтан тусдаа байна., 2.15-т Ариутгалын тасаг, хэсэгт албан ажил, сургалт, дадлагаар ажиллах ажилтан, мэргэжилтэн, оюутан хамгаалах хувцас хэрэгслийг өмсөнө, 3.8-т Ариутгалын тасаг, хэсгийн бохир бүсэд ажиллах ариутгалын ажилтан нь дараах хамгаалах хувцас хэрэгсэл өмсөнө, 3.9-т Цэвэр бүсэд ажиллах ариутгалын ажилтан нь халаад, өмд цамц, амны хаалт, малгай, бээлий хэрэглэх бөгөөд бохир, ариун хэсэгт орохгүй гэж тус тус заасан. Гэтэл ******* нь 2024 оны 05 сарын 17-ны өдөр ариутгалын хэсэгт ажиллаж байхдаа хэвлэл мэдээллийн *******сайт дуудаж, ярилцлага өгөхдөө сэтгүүлчийг хамгаалах хувцас хэрэглэлгүй ариутгалын хэсэгт оруулж мэргэжлийн ноцтой алдаа гарган, Эрүүл мэндийн сайдын 2019 оны тушаалын хоёрдугаар хавсралтаар батлагдсан эмнэлгийн тоног төхөөрөмж, багаж, хэрэгслийг цэвэрлэх, халдваргүйжүүлэх ариутгах стандарт, зааврын 2.15-т заасныг зөрчсөн. Энэ нь *******сайтад ярилцлага өгсөн бичлэгээр нотлогддог ба уг бичлэгийн 00 минут 47 секундэд сурвалжлагч Яанаа би гадны хувцастайгаа орж болох юм уу гэж асууж тодруулсаар байхад ******* нь ариутгалын хэсэгт ямар ч халдвар хамгаалалтын хувцас, хэрэгсэлгүй гадаа өмссөн гутал, хувцастай сурвалжлагчийг оруулж, өөрт албан тушаалын дагуу олгогдсон эрх мэдлээ хэтрүүлэн ашиглан, халдвар хамгаалалтыг алдагдуулсан. Мөн ******* нь эмнэлгийн ариутгалын хэсгийн эрүүл ахуй, халдвар хамгаалалтыг алдагдуулсан нь *******ийн эмнэлгийн тусламж, үйлчилгээ, чанар аюулгүй байдлын алба, халдварын сэргийлэлт хяналтын албаны 2024 оны 05 сарын 20-ны өдрийн 1-р дүгнэлтээр тогтоогддог. Ийнхүү ******* нь манай байгууллагатай 2022 оны 01 сарын 03-ны өдөр байгуулсан хөдөлмөрийн гэрээний 9.4.1-т Ажил үүргээ гүйцэтгэж байхдаа мэргэжлийн ноцтой алдаа, зөрчил дутагдал гаргасан нь нотлогдсон, 9.4.2-т Албан тушаалын дагуу өөрт олгогдсон эрх мэдлээ хэтрүүлэн бүюу урвуулан ашигласан, 9.4.4-т Эмчилгээний сувилгааны стандарт зөрчсөний улмаас ...халдвар хамгаалал алдагдсан зэрэг ноцтой зөрчлүүдийг гаргасан болно. Өөрөөр хэлбэл, ажилтан ******* нь хөдөлмөр эрхлэлтийн харилцааг шууд цуцлахаар хөдөлмөрийн гэрээнд тусгайлан заасан ноцтой зөрчлийг гаргасан болно. ******* нь хамтран ажиллагсдыг зохисгүй үгээр хараан доромжлох, тасаг нэгжээс ариутгасан хөвөн, багаж, хэрэгслийг авахаар ирсэн ажилчдыг доромжлох, удирдлага бусад ажилчдаас тавьсан зүй ёсны шаардлагыг биелүүлэхгүй дураараа авирладаг, зан ааш харилцааны хувьд доголдолтой. Мөн байгууллагын ажилтан бүр өдөр тутамд ажилдаа ирэх, тарахдаа цаг бүртгэлийн машинд бүртгүүлж, ажлын цагаа бүртгүүлэх үүрэг хүлээсэн.
Гэтэл ******* ажлын цаг дуусаагүй байхад ажлын байрыг орхиж явах, ажил тарсан цагийг бүртгүүлэхгүй байх зэргээр ажлын цагийг зохих ёсоор бүртгүүлэхгүй байгууллагын Ажлын цаг ашиглалтын журмын 3.2, 3.5-д заасныг зөрчсөн. Тодруулбал, ******* нь 2024 оны 05 сарын 01-ний өдрөөс 2024 оны 05 сарын 24-ний өдрийг хүртэлх хугацаанд 11 удаа ажил тарсан цагийн бүртгэлийг хийгээгүй. Мөн *******ийн даргын 2019 оны 03 сарын 31-ний өдрийн А/19 дугаар тушаалаар *******ийн хөдөлмөрийн дотоод журмын 11.3-т ажилтанд хориглох зүйлийг тусгайлан зохицуулж өгсөн бөгөөд ******* 11.3.1.б-д Хамт олны эв нэгдлийг үймээн бутаргах зохион байгуулалтай арга хэмжээ зохион байгуулсан, бусдын нэр хүндийг гутаах зорилгоор гүтгэн гүжирдсэн,... байгууллага ажилтны эрх ашиг нэр хүндэд хохирол учруулах, 11.3.1.в-д Ажлын байранд бусадтай маргах, хамт ажиллаж буй ажилтан...сэтгэл зүйн хувьд дарамтлах, тэдэнтэй маргах, хэл амаар доромжлох, үйлчлүүлэгчийн дарааллыг алдагдуулах, чирэгдүүлэх, 11.3.1.г-д Удирдлагын зүгээс өгсөн үүрэг даалгаврыг гүйцэтгэхгүй буюу гүйцэтгэхээс татгалзах,... ажлаас хоцрох, ажил таслах зэрэг хамаарна.
Иймд, *******ийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.2.2-т заасныг баримтлан хариуцагч *******ийн даргын 2024 оны 05 сарын 24-ний өдрийн Б/124 дүгээр тушаалыг хүчингүй болгож, нэхэмжлэгч *******ийг *******ийн ариутгалын сувилагчийн ажилд эгүүлэн тогтоож, нэхэмжлэлээс үлдэх шаардлага 1,500,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Хөдөлмөрийн тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1, 127.2, 43 дугаар зүйлийн 43.2.7-д заасныг баримтлан хариуцагч *******өөс ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорт 24,592,221 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч *******т олгож, цалин хөлстэй тэнцэх олговроос хуульд заасан хувь хэмжээгээр шимтгэл төлж, нэхэмжлэгч *******ийн нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл төлснийг баталгаажуулахыг хариуцагч *******д даалгаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д заасны дагуу хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 280,911 төгрөгийг гаргуулж улсын орлогод оруулж шийдвэрлэжээ.
4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга: Анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь эс зөвшөөрч гомдол гаргаж байна.
4.1. Шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн 2-т Хөдөлмөрийн тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.2-т заасныг баримталсан нь ажилгүй байсан хугацааны цалин хөлсөд хамаарах заалт биш тул шүүх хуулийг буруу хэрэглэсэн. Мөн хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.7-д заасныг баримталсан нь буруу. Уг заалт нь ажилтныг нийгмийн болон эрүүл мэндийн даатгалд хамруулж, шимтгэл төлж байх ажил олгогчийн үүргийн заалт болохоос нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэхтэй хамааралгүй.
4.2. ******* нь эмнэлгийн ариун хэсэгт 2024 оны 05 сарын 17-ны өдөр ариутгалын хэсэгт ажиллаж байхдаа хэвлэл мэдээлэлийн *******сайт дуудаж мэдээлэл өгөхдөө сэтгүүлчийг хамгаалах хувцас хэрэгсэлгүй ариутгалын хэсэгт оруулсан нь мэргэжлийн ноцтой алдаа гарган, Эрүүл мэндийн сайдын 2019 оны тушаалын 2-р хавсралтаар батлагдсан эмнэлгийн тоног төхөөрөмж багаж хэрэгслийг цэвэрлэх, халдваргүйжүүлэх ариутгах стандарт зааврын 2.15-д заасныг зөрчсөн. Энэ албан тушаалын дагуу өөрт олгогдсон эрх мэдлээ хэтрүүлэн ашиглан халдвар хамгааллын дэглэм алдагдуулсны улмаас халдвар хамгааллын дэглэм алдагдаж үйлчлүүлж байгаа өвчтөн ажиллагсдын эрүүл мэндэд ноцтой нөлөөлөх сөрөг үр дагавартай. Мөн халдвар хамгааллыг алдагдуулсан нь эрүүл мэндийн төвийн эмнэлгийн тусламж үйлчилгээ, чанар аюулгүй байдлын алба, халдвар сэргийлэлт хяналтын албаны 2024 оны 05 сарын 20-ны өдрийн дүгнэлтээр тогтоогддог. Хөдөлмөрийн гэрээний 9.4.1, 9.4.2, 9.4.4-д заасан зөрчлүүдийг гаргасан. Хөдөлмөрийн гэрээнд заасан хөдөлмөр эрхлэлтийн харилцааг ажил олгогчийн санаачилгаар шууд цуцлах ноцтой зөрчил гаргасан нь баримтаар тогтоогддог. Иймд ажлаас халсан тушаал нь хөдөлмөрийн тухай хуульд нийцсэн болно.
4.3. Хэрэгт авагдсан СиДи бичлэгт тухайн ажлын бүс нь хориглосон тэмдэглэгээ бүхий ажлын байр байдаг. Тэр нь бичлэг дээр харагдаж байдаг учраас нотлох баримтыг буруу дүгнэж үнэлжээ. Мөн ариутгалын тасгаас 2024 оны 05 сарын 17-ны өдөр эрүүл зүйн арчдасын шинжилгээнүүд нь нянгийн бохирдолгүй гэсэн дүгнэлтийг шүүх үнэлэхдээ дутуу үнэлсэн. Учир нь уг шинжилгээг 2024 оны 05 сарын 17-ны өдөр хийгээгүй байдаг. Гэтэл шүүх 2024 оны 05 сарын 17-ны өдөр гэж бичсэн. Тухайн үйл явдал болсноос хойш 3 хоногийн дараа буюу 05 сарын 20-ны өдөр авсан шинжилгээ байдаг. Энэ шинжилгээ нь нян илрэх боломжгүй учир нь тухайн орчныг өдөр бүр ариутгал, өндөр хүчин чадал бүхий кварц гэрлээр ариутгаж байгаа учраас нян илрэх боломжгүй. Өөрөөр хэлбэл шүүх ариутгалын энэ хэсэгт нян илрээгүй ямар нэгэн ноцтой үр дагавар гараагүй гэж дүгнэсэн нь үндэслэлгүй.
4.4. Байгууллага хамт олны нэр төрд халдсан гэдгийг хэрэгт авагдсан бичлэгээр нотлогддог уг ажилтан хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн харш үйлдэл хийсэн гэж үзнэ. Мөн нэхэмжлэгч *******ийн зан харьцааны талаар шүүх үнэлэхдээ албан тушаалын чиг хэрэгжүүлэхээр шаардлага тавьсан гэж дүгнэсэн атлаа хөвөнгийн савыг авч шидэж байгаа үйлдлийг, битгий хуц гэж хариулж байгаа нь баримтаар тогтоогдож байгааг шүүх тогтоогдохгүй ямар хэм хэмжээ зөрчсөнийг нотлоогүй гэж байгаа нь ойлгомжгүй.
4.5. Тухайн цаг хугацаанд хийсэн Удирдах ажилтны шуурхай хурлын тэмдэглэлд тодорхой тусгасан талаар баримт хэрэгт авагдсан. Ёс зүйн харьцаа хандлагын маш олон удаагийн зөрчил гаргаж байсан. Гаргасан зөрчлүүдийн дагуу ёс зүйн хороогоор оруулахаар 2024 оны 05 сарын 20-ны өдрийн 04 тоот мэдэгдэх хуудсаар *******ийн ёс зүйн хэсгийн хорооноос сонсох ажиллагааг зохион байгуулж, тухайн ажилтанд мэдэгдлийг ёс зүйн хорооны нарийн бичгийн дарга ******* өөрийн биеэр ажлын байранд өгөхөд, мэдэгдлийг хүлээн авахаас татгалзсан. Нэг ажилтны ёс зүйгүй дарамт шахалтаас болж олон ажилчдын эрх ажиллах хөдөлмөрлөх эрх зөрчигдөж байна.
Иймд, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.
5. Давж заалдах гомдолд нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан тайлбарын агуулга:
Хариуцагч гомдолдоо 2024 оны 05 сарын 17-ны өдрийн төвлөрсөн ариутгалын тасгаас гаргасан "эрүүл зүйн шинжилгээний хариу нянгийн бохирдолгүй, MNS6410.2018 стандартын арчдасны эрүүл ахуйн шаардлага хангаж байна" гэсэн дүгнэлтийг үгүйсгэсэн боловч шүүхийн хэлэлцүүлгийн явцад уг дүгнэлтийг үгүйсгэсэн нотлох баримт гаргаж өгөөгүй, ноцтой үр дагавар үүсгэсэн гэх үндэслэлээ тайлбарлаж, нотолж чадаагүй тул хариуцагчийн гомдол нь үндэслэлгүй байна. Учир нь, анхан шатны шүүх "Эрүүл мэндийн сайдын 2019 оны А/537 дугаар тушаалын 2-р хавсралтаар батлагдсан Эмнэлгийн тоног төхөөрөмж, багаж хэрэгслийг цэвэрлэх, халдваргүйжүүлэх, ариутгах стандарт зааврын 2.16-д "Ариутгалын ажилтны амрах болон ажлын өрөөнөөс бусад хэсэгт хоол хүнсний зүйл хадгалах, идэхийг хориглоно" гэж заасныг угийн шууд утга нь ариутгалын ажилтны амрах болон ажлын өрөө ариутгалын хэсгээс тусдаа байна гэж үзэхээр байна" гэж зөв дүгнэсэн. Уг асуудлыг нэхэмжлэгч тайлбарлахдаа ариутгалын хэсэг нь 3 хэсгээс бүрддэг ба бохир багажийг аваад ариутгадаг хэсэг нь ажлын өрөөнөөс өөр гэдгийг анхан шатны шүүхэд дэлгэрэнгүй тайлбарласан. Мөн гэрч уг хугацаанд эмнэлгээс халдвар хамгаалал алдагдсан талаар ноцтой асуудал гараагүй гэж мэдүүлсэн. Ариутгалын хэсэгт халдвар хамгаалал алдагдана гэдэг нь хүний биед халдвар орсон эсвэл цусанд, шарх сорвинд халдвар орсон тохиолдолд яригдана. Гэтэл хариуцагч тал ажлын өрөөнд орсон сэтгүүлчийг үйлдэлд халдвар хамгааллын дэглэм алдсан гэж тайлбарлаг. Гэрч ******* нь тус эмнэлгийн дотоод хяналтын албан тушаалтан буюу эмчилгээ эрхэлсэн орлогч даргын үүргийг гүйцэтгэж байсан. ******* нь ямар ч зөрчил гаргаж байгаагүй ба өдөр болгон хяналт шалгалт тавьдаг. Шинжилгээнүүд нь дандаа сөрөг гардаг, үүнээс болж хүндрэл гарсан тохиолдол манай эмнэлэгт байхгүй гэх нотлох баримтуудыг зөв үнэлж дүгнэсэн. Халдвар хамгааллын өндөр эрсдэлтэй Ковидын үеийн СиДи бичлэгийг хариуцагч шүүхэд гаргаж өгсөн бөгөөд тухайн үед хамтран ажиллагч нартаа албан тушаалын тодорхойлолтод заасны дагуу шаардлага тавьж ажиллаж байсан талаарх нотлох баримт, шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн гаргасан тайлбар, гэрчийн мэдүүлэг зэрэгт үндэслэн нэхэмжлэгчийн зан харилцааны талаар шүүх зөв дүгнэсэн. Хариуцагч гомдолдоо *******ийг ёс зүйн маш олон удаагийн зөрчил гаргасан гэсэн нь үндэслэлгүй. Учир нь, эрүүл мэндийн салбарт 33 жил, үүнээс *******д 2014 оны 05 сараас эхлэн ажиллахдаа байгууллагын дүрэм журмыг чанд мөрдөн ажиллаж, нэг ч удаа сахилгын болон ёс зүйн зөрчил гаргаж байгаагүй, ямар нэг шийтгэл хүлээж байгаагүй бөгөөд харин ч ажил үйлсээрээ тэргүүлж байгууллагаас удаа дараа шагнуулж байсан төдийгүй хамт олон тодорхойлж төрөөс Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор хүртэл шагнуулсан. Нэхэмжлэгч нь ажилтны ёс зүйн дүрмийн ямар хэм хэмжээг зөрчсөн, энэ нь ямар баримтаар тогтоогдсон болохыг хариуцагч нотлоогүй гэж мөн зөв дүгнэсэн.
Иймд, *******ийн нэхэмжлэлийн шаардлагыг зарим хэсгийг хангаж шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
1. Давж заалдах шатны шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзээд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгов.
2. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч ******* ТБАГУТҮГ-д холбогдуулан ариутгалын сувилагчийн ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн шимтгэлийг нөхөн төлүүлж, баталгаажилт хийхийг даалгах, өмгөөллийн хөлс 1,500,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч бүхэлд нь эс зөвшөөрч маргажээ.
Нэхэмжлэгчийн тодорхойлсон *******ийн даргын 2024 оны 05 сарын 24-ний өдрийн Б/124 дугаар тушаалыг хүчингүй болгуулах гэх шаардлага нь бие даасан нэхэмжлэлийн шаардлага бус харин нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлд хамаарч байна.
3. Нэхэмжлэгч ******* нь *******д 2014 оны 05 сараас хойшхи хугацаанд хэвтэн эмчлүүлэх тасгийн сувилагч, химийн эмчилгээний сувилагч, ариутгалын сувилагчаар тус тус ажиллаж, улмаар *******ийн даргын 2024 оны 05 сарын 24-ний өдрийн Б/124 дугаар тушаалаар ажлаас чөлөөлөгдсөн үйл баримт тогтоогдсон, энэ талаар зохигчид маргаагүй.
4. Дээрх тушаалд Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.2.5, 80 дугаар зүйлийн 80.1.4, хөдөлмөрийн дотоод журмын 6.3.7.14, 6.3.7.18, 11.3.1 дэх хэсгийн б, в, г, хөдөлмөрийн гэрээний 9.2, 9.4-т заасныг тус тус баримталж, ...******* нь 2024 оны 05 сарын 17-ны өдөр ариутгалын хэсэгт ажиллаж байхдаа хэвлэл мэдээллийн *******сайт дуудан ярилцлага өгөхдөө сэтгүүлчийг хамгаалах хувцас хэрэглэлгүй ариутгалын хэсэгт оруулж ... эрүүл ахуйн халдвар хамгааллын дэглэм алдагдуулсан, ажлын цаг ашиглалтын журам ... зөрчиж 2024 оны 05 сарын 15, 20, 21-ний өдрүүдэд цагийн бүртгэл дутуу бүртгүүлсэн, ... хөдөлмөрийн дотоод журмын 6.3.7.14, 6.3.7.18, 11.3.1 дэх хэсгийн б, в, г заалт, хөдөлмөрийн гэрээний 9.4.1, 9.4.2, 9.4.4-т заасныг тус тус зөрчиж ноцтой зөрчил гаргасан... гэсэн үндэслэлийг заажээ.
5. Анхан шатны шүүх хэрэгт цугларсан нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т заасны дагуу тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлээгүйн улмаас шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болоогүй байна.
6. Хэрэгт авагдаж, үзлэг хийн бэхжүүлэгдсэн СиДи бичлэгээр микрофон бүхий сэтгүүлчийг ирэх үед ажилтан ******* нь хаалгыг нээн өгч, хориотой тэмдэглэгээтэй өрөө рүү гадны хувцастай нь дотогш нэвтрүүлж, ярилцлага өгсөн болох нь тогтоогдсон.
6.1.Эрүүл мэндийн сайдын 2019 оны 11 сарын 29-ний өдрийн А/537 дугаар тушаалын 2-р хавсралтаар батлагдсан Эмнэлгийн тоног төхөөрөмж, багаж, хэрэгслийг цэвэрлэх, халдваргүйжүүлэх, ариутгах заавар-ын 1.1-д Эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлэх зорилгоор үйлчлүүлэгчийн гэмтсэн болон гэмтээгүй арьс, салстад хүрэлцдэг, зөөлөн эд, яс, биеийн хөндийд нэвтэрдэг багаж хэрэгслийг цэвэрлэх, халдваргүйжүүлэх, ариутгахад энэхүү зааврыг мөрдөж ажиллана гэж, 2.12-т Төвлөрсөн ариутгалын тасагт цэвэр, бохир хэсэгт ажиллах ажилтан тусдаа байна гэж, 2.15-д Ариутгалын тасаг, хэсэгт албан ажил, сургалт, дадлагаар ажиллах ажилтан, мэргэжилтэн, оюутан хамгаалах хувцас хэрэгслийг өмсөнө гэж, 3.8-д Ариутгалын тасаг, хэсгийн бохир бүсэд ажиллах ариутгалын ажилтан дараах хамгаалах хувцас хэрэгслийг өмсөнө гэж, 3.9-д Цэвэр бүсэд ажиллах ариутгалын ажилтан нь халад, өмд цамц, амны хаалт, малгай, бээлий хэрэглэх бөгөөд бохир, ариун хэсэгт орохгүй гэж тус тус зохицуулжээ.
6.2. Дээрхээс үзвэл, ариутгалын тасаг, хэлтэст ажилтан, дадлагажигч, мэргэжилтэн, оюутан ажиллаж, дадлагажиж, суралцах боломжтой бөгөөд ингэхдээ хамгаалах хувцас хэрэглэл өмсөх шаардлагатай гэж дүгнэхээр байна.
6.3. Өөрөөр хэлбэл, ажилтан ******* нь гадны хүн орох хориотой бүсэд сэтгүүлчийг нэвтрүүлснээрээ, мөн сэтгүүлчийг гадны хувцастай нь нэвтрүүлснээрээ өмнө дурдсан журмын 1.1, 2.12, 2.15, 3.8, 3.9-д заасныг тус тус зөрчжээ.
6.4. Иймд, ажилтан *******ийг Хөдөлмөрийн гэрээний 9.4.1-д Ажил үүргээ гүйцэтгэж байхдаа мэргэжлийн ноцтой алдаа, зөрчил дутагдал гаргасан нь нотлогдсон гэж, 9.4.2-т Албан тушаалын дагуу өөрт олгогдсон эрх мэдлээ хэтрүүлэн буюу урвуулан ашигласан гэж тус тус заасан хөдөлмөр эрхлэлтийн харилцааг шууд цуцлах ноцтой зөрчил гаргасан гэж үзнэ.
7. Өмнө дурдсанчлан, гадны хүн буюу сэтгүүлчийг хориотой тэмдэглэгээтэй өрөө рүү гадны хувцастай нь дотогш нэвтрүүлсэн нь үзлэг хийн бэхжүүлсэн СиДи бичлэгээр тогтоогдсон тул уг үйл явдал нь нэхэмжлэгчийн амрах болон ажлын өрөөнд болсон гэх анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлгүй.
8. Түүнчлэн, дээрх үйлдлийг гаргаснаараа л ажилтан *******ийг холбогдох стандартыг зөрчсөн гэж үзэх бөгөөд энэ тохиолдолд заавал нянгийн бохирдол илэрсэн, үүний улмаас хүний эрүүл мэнд, амь насанд хохирол учирсан байх үр дагаврыг шаардахгүй.
Учир нь, эрүүл мэндийн байгууллагын онцлогоос хамааран эрүүл ахуй, халдвар хамгаалалтай холбоотой шаардлага өндрөөр тавигддаг бөгөөд ялангуяа хүний арьс, салстад хүрэлцдэг, зөөлөн эд, яс биеийн хөндийд нэвтэрдэг багаж хэрэгслийг цэвэрлэх, халдваргүйжүүлэх, ариутгахтай холбоотой хэсэгт байнгын онцгой дэглэм шаардлагатай.
9. Харин, ...ажилтан ******* нь Хөдөлмөрийн дотоод журмын 6.3.7.14, 11.3.1 дэх хэсгийн б, в, г-д заасныг, мөн Ажлын цаг ашиглалтын журмын 3.1, 3.5-д заасныг зөрчсөн болох нь баримтаар нотлогдоогүй... гэсэн анхан шатны шүүхийн дүгнэлтийг буруутгах үндэслэл хэргийн баримтаар тогтоогдсонгүй.
10. *******ийн даргын 2024 оны 05 сарын 24-ний өдрийн Б/124 дугаар тушаалд тусгагдсан үндэслэлүүдийн аль нэг нь нотлогдсон тохиолдолд уг тушаалыг хууль зүйн үндэслэлтэй гэж үзнэ.
11. Анхан шатны шүүх өмгөөллийн хөлс 1,500,000 төгрөг гаргуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь зөв, энэ талаар нэхэмжлэгч давж заалдах гомдол гаргаагүй.
12. Дээрхийг нэгтгэн дүгнээд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэгч *******ийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн тогтов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.4-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 03 сарын 12-ны өдрийн 192/ШШ2025/01851 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.1.1-д зааснаар хариуцагч ******* ТБАГУТҮГ-т холбогдох, ариутгалын сувилагчийн ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн шимтгэлийг нөхөн төлүүлж, баталгаажилт хийхийг даалгах, өмгөөллийн хөлс 1,500,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч *******ийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа хариуцагч ******* ТБАГУТҮГ-аас улсын тэмдэгтийн хураамжид 2025 оны 04 сарын 15-ны өдөр урьдчилан төлсөн 280,911 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1-т зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Э.ЭНЭБИШ
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Г.ДАВААДОРЖ
ШҮҮГЧ Д.НЯМБАЗАР