Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 06 сарын 18 өдөр

Дугаар 00104

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Ж.Эрдэнэбат даргалж явуулсан эрүүгийн шүүх хуралдаанаар:

 

                        Улсын яллагч                                  Б.Эрхэмбаатар

                        Шүүгдэгчийн өмгөөлөгч                  Ч.Мөнгөнцэцэг                                         

                        Нарийн бичгийн дарга                    С.Төртулах

                                   Иргэний нэхэмжлэгч                         Э.Тм

                                   Шинжээч                                          Р.Наран

                        Шүүгдэгч                                             З.М нарыг оролцуулан нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

 

Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын прокурорын газрын Хяналтын прокурор, Хууль цаазын дэд зөвлөх Э.Гантулгаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн З.Мад холбогдох 1932000000090 дугаартай эрүүгийн хэргийг 2019 оны 05 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1963 оны 11 дүгээр сары 20-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 56 настай, эрэгтэй, дээд боловсролтой, гүүр туннелийн инженер мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, *тоотод оршин суух хаягтай, ял шийтгэлгүй, улсаас авсан гавьяа шагналгүй, бие эрүүл, ухаан санаа бүрэн, хэрэг хариуцах чадвартай, /*/ Хэрэйд овогт Зандраабайдийн М.

Прокуророос үйлдэж ирүүлсэн яллах дүгнэлтээр:

Шүүгдэгч З.М нь 2019 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр 10 цагийн үед Сэлэнгэ аймгийн Мандал сумын 6-р багийн нутаг “Нарангийн ам” гэх газарт хуурайшилттай үед галтай болгоомжгүй харьцсаны улмаас ой, хээрийн түймэр гаргаж их хэмжээний хохирол буюу байгаль экологид шууд 120376112 төгрөг /байгаль орчны тухай хуульд заасны дагуу 361128336 төгрөг/-ийн, гал түймрийг унтраахад 9341220 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүгдэгч З.М шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: ... Сэлэнгэ аймгийн Мандал сумын 6-р багийн нутаг “Нарангийн ам” гэх газарт 2019 оны 04 дүгээр 15-ны өглөө Жаргалбат, Бб нарын хамт байж байгаад өглөө 10 цагийн үед цай чанаж хоол хийсэн. Хоол хийж байх үеэр отгоос 10 мерийн зайтай гал асаж байсан. Бид гурав унтраах гэсэн боловч дийлээгүй. Гадагшаа хүмүүс рүү залгаж тусламж гуйсан. Орой болтол гал унтраах гэж оролдсон. Бид гурав цагдаа ирэхээс өмнө галаа унтраасан. Зүйл ангийг хүлээн зөвшөөрч байна, хохирол төлбөрийг төлж барагдуулна, хийсэн хэрэгтээ гэмшиж байна гэв.

Иргэний нэхэмжлэгч Э.Тм шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: ... З.М нь 2019 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр 10 цагийн үед Сэлэнгэ аймгийн Мандал сумын 6-р багийн нутаг “Нарангийн ам” гэх газарт хуурайшилттай үед галтай болгоомжгүй харьцсаны улмаас ой, хээрийн түймэр гаргаж их хэмжээний хохирол буюу байгаль экологид шууд 120376112 төгрөг /байгаль орчны тухай хуульд заасны дагуу 361128336 төгрөг/-ийн, гал түймрийг унтраахад 9341220 төгрөгийн хохирол учруулсан. Ийм учраас уг хохиролыг нэхэмжилж байна гэжээ.

Иргэний нэхэмжлэгч Э.Тм мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: ... Сэлэнгэ аймгийн Мандал сумын 6-р баг “Наран” гэх газар 2019 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр гал түймэр гарсан. Уг түймэр унтраах ажилд 2019 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр ажилласан. Уг гал түймрийн улмаас байгаль орчинд 120376112 төгрөгний экологи эдийн засгийн хохирол учирсан байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлд зааснаар улсын байцаагчийн нөхөн төлбөр тооцоход 361128336 төгрөг болсон үүнийг нэхэмжилнэ гэх мэдүүлэг /ХХ-ийн 13-р хуудас/

Гэрч Ч.Бб мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: ... 2019 оны 04 дүгээр сарын 15-ны өглөө 10 цагийн үед М босоод цай чанаж байсан. Тэгээд бас хоол хийнэ гээд зуухаа галласан. Тэгээд босоод би гар нүүрээ угаахаар гартал манай байрлаж байсан урцнаас ертөнцийн зүгээр баруун хойд хэсэгт торлог дунд утаа баагаид гал гарч эхэлсэн. Тэгэхээр нь би М, Жб нарт хэлээд бид 3 очиж хүрэмээрээ цохиод унтрааж байтал төвөөс Амгаланбаяр ахтайгаа ирж таараад бид нар нийлээд унтраах гэсэн боловч дийлээгүй. Бид 3-с өөр хүн тэнд байгаагүй гэх мэдүүлэг /ХХ-ийн 14-16-р хуудас/

Гэрч Д.Жб мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: ... 2019 оны 04 дүгээр сарын 15-ны өглөө Маагаа ах, Бб ах бид гурав, 10 цагийн орчим босоод галаа түлээд цайгаа чанаж байсан. Бб ах шүдээ угаах гээд гадаа гараад гал гарч байна гэсэн. Тэгэхээр нь бид 3 гараад хувцас хунараараа унтраах гэж оролдсон. Их салхитай байсан болохоор гал унтрахгүй улам нэмж асаад байсан. Өглөө босоод М буюу Маагаа ах гал түлж цай чанасан гэх мэдүүлэг /ХХ-ийн 7-8-р хуудас/

Гэрч Л.Аб мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: ... Уг газарт ээж Бямбасүрэн, ах Мягмарсүрэн нарын хамт гар аргаар алт олборлохоор ирсэн. Уг газарт ирэхэд М, Жб, Бб нар ирсэн байсан. Тэгсэн урцны ертөнцийн зүгээр баруун хойд хэсэгт гал гарчихсан. Тэр 3 унтрааж байсан. Тэгэхээр нь бид 3 гал алдаж магадгүй гэж бодоод куртикээрээ цохиод унтрааж дийлэхгүй салхитай байсан тул гал хойд зүгийг чиглэн ассан. Гал түймэр яагаад гарсан талаар асуусан чинь бид 3 уг нь урцнаас гараагүй өглөө босоод зуух галлачихаад гартал асаж байсан. Зуухны яндангаас цог хаясан байх гэж байсан гэх мэдүүлэг /Хх-ийн 24-25-р хуудас/

Шинжээч Р.Наран мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: ... Би уг дүгнэлтийг гаргахдаа Монгол Улсын Засгийн газрын 2013 оны №106 тоот “Журам, жагсаалт шинэчлэх болон шинээр батлах” тухай тогтоолын 1 дүгээр хавсралтын ойн хээрийн түймрээс учирсан хохирлыг тооцох журам, засгийн газрын 1997 оны №152 дугаартай тогтоолын 3-р хавсралт “Хөдөө аж ахуйн газрын үнэлгээний тойрог бүрийн нэг гектарын суурь үнэлгээ, жилийн хөтөлбөрийн доод хязгаар”, байгаль орчны сайдын 2009 оны №394 дугаарын тушаалын болон 3 дугаар хавсралтыг тус тус үндэслэн дүгнэлтийг гаргасан. Уг дүгнэлтийг гаргахдаа гал түймэрт өртсөн газарт өөрийн биеэр очиж үзэн дүгнэлтийг гаргасан. Гал түймэрт нийт 495 га талбай өртсөн бөгөөд 43.6 хувь нь цагаан энгэр бэлчээр 216 га, 224 га талбай нь байгалийн ой буюу хус мод зонхилсон хусан ой, 15 га нь тармаг ой, мөн гал түймэр гарч шатсан талбай 2 га, мод бэлтгэсэн талбай 2 га, ойжих талбай 3 га талбайг хамарсан байсан гэх мэдүүлэг /ХХ-ийн 42-р хуудас/

Хараагийн бүсийн ойн ангийн шинжээчийн №2019/14 дугаартай дүгнэлт /ХХ-ийн 28-р хуудас/

Сэлэнгэ аймгийн Онцгой байдлын газрын онцгой байдлын хэлтсийн гал түймрийн улсын хяналтын байцаагчийн 31-04/01 дугаартай шинжээчийн дүгнэлт: Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь Сум дундын Цагдаагийн хэлтсийн Мөрдөн байцаах хэсгийн мөрдөгч, цагдаагийн ахлах дэслэгч Г. Амгаланбаатарын ирүүлсэн мөрдөгчийн тогтоолоор Мандал сумын 6 дугаар багийн нутаг дэвсгэр Нарангийн ам гэх газарт 2019 оны 4 дүгээр сарын 15-ны өдрийн 11 цаг орчимд гарсан ой хээрийн түймэрт би 2019 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр 16 цаг 07 минутанд хэргийн газарт үзлэг хийсэн, Мандал сум дахь Сум дундын Цагдаагийн хэлтсийн Мөрдөн байцаах хэсгийн мөрдөгч, цагдаагийн ахлах дэслэгч Г. Амгаланбаатарын хэрэг бүртгэлт хийсэн материалд авагдсан материалын хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл, гэрчээс авсан мэдүүлэг, гэрэл зурагт авагдсан материалыг шалган үзээд уг ой, хээрийн түймэр гар аргаар алт олборлох зорилгоор үйл ажиллагаа явуулж байсан иргэдийн отогны зуухны яндангаас халуун галтай цог үсэрч унасны улмаас ой хээрийн гал түймэр анх гарсан байна гэж үзэж байна” гэх дүгнэлт. /ХХ-ийн 39-р хуудас/

Сэлэнгэ аймгийн мэргэжлийн хяналтын газрын улсын байцаагчийн 18-04- 340/11 дугаартай акт /ХХ-ийн 44-р хуудас/

З.М мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: … Өглөө 10 цаг өнгөрч байхад хамгийн түрүүнд би босоод зуухандаа гал түлээд цай чанасан, дараа нь хоол хийхээр болоод будаа агшааж байсан. Тэр үед Жб, Бб боссон Бб гарч нүүр гараа угаахаар гарснаа “хөөе цаана чинь гал гарлаа” гэж хэлсэн. Тэгэхээр нь Жб бид 2 урцнаас гартал отогны баруун хойд зүгт утаа баагиж байсан. Тэгэхээр нь урцнаас ажлын хүрмээ аваад галыг унтраахаар очиж цохисон. Тэр үед гал гэрийн буйрын чинээтэй байсан ингээд Жб, Бб бид 3 унтраах гээд үзсэн боловч гадаа хэтэрхий их салхитай байсан. Тэгээд гал түймрийн талбай ихсээд байхаар нь хүн нэмж дуудахаар Жб Пүрэвээтэй яриад гал алдчихлаа, дийлэхгүй нь хүн амьтан байвал дагуулаад ир гэж хэлсэн. Тэр үед Аб, ээж, ахтайгаа ирж таараад цуг унтраах гэж үзсэн боловч салхитай байсан тул баруун хойд болон хойд зүгт гал түймэр тархсан. … Би зууханд гал түлж байсан тэгээд л зуухны яндангаас оч үсэрсэн байх. Угаасаа богино яндантай хаалтгүй яндан юм гэх мэдүүлэг /ХХ-ийн 50-51-р хуудас/

 

Шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоосон баримтууд: З.Мын оршин суугаа газрын хаягийн тодорхойлолт /ХХ-ийн 53 дугаар хуудас/, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /ХХ-н 56 дугаар хуудас/, Иргэний үнэмлэхний лавлагаа зэрэг болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой магадлан хянасны үндсэнд ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлд “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэж заасныг баримтлан шүүгдэгчийн гэм буруугийн асуудлыг прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хэмжээний дотор дараах байдлаар хянан шийдвэрлэлээ.

 

Шүүгдэгч З.М нь 2019 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр 10 цагийн үед Сэлэнгэ аймгийн Мандал сумын 6-р багийн нутаг “Нарангийн ам” гэх газарт хуурайшилттай үед галтай болгоомжгүй харьцсаны улмаас ой, хээрийн түймэр гаргаж их хэмжээний хохирол буюу байгаль экологид шууд 120376112 төгрөг /байгаль орчны тухай хуульд заасны дагуу 361128336 төгрөг/-ийн, гал түймрийг унтраахад 9341220 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь:

 

Иргэний нэхэмжлэгч Э.Тмын мөрдөн байцаалтанд өгсөн “...Сэлэнгэ аймгийн Мандал сумын 6-р баг “Наран” гэх газар 2019 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр гал түймэр гарсан. Уг түймэр унтраах ажилд 2019 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр ажилласан. Уг гал түймрийн улмаас байгаль орчинд 120376112 төгрөгний экологи эдийн засгийн хохирол учирсан байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлд зааснаар улсын байцаагчийн нөхөн төлбөр тооцоход 361128336 төгрөг болсон үүнийг нэхэмжилнэ...” гэх мэдүүлэг /ХХ-ийн 13-р хуудас/, Гэрч Ч.Баттулгын мөрдөн байцаалтанд өгсөн “...2019 оны 04 дүгээр сарын 15-ны өглөө 10 цагийн үед М босоод цай чанаж байсан. Тэгээд бас хоол хийнэ гээд зуухаа галласан. Тэгээд босоод би гар нүүрээ угаахаар гартал манай байрлаж байсан урцнаас ертөнцийн зүгээр баруун хойд хэсэгт торлог дунд утаа баагаид гал гарч эхэлсэн. Тэгэхээр нь би М, Жб нарт хэлээд бид 3 очиж хүрэмээрээ цохиод унтрааж байтал төвөөс Амгаланбаяр ахтайгаа ирж таараад бид нар нийлээд унтраах гэсэн боловч дийлээгүй. Бид 3-с өөр хүн тэнд байгаагүй...” гэх мэдүүлэг /ХХ-ийн 14-16-р хуудас/, Гэрч Д.Жбын мөрдөн байцаалтанд өгсөн “...2019 оны 04 дүгээр сарын 15-ны өглөө Маагаа ах, Бб ах бид гурав, 10 цагийн орчим босоод галаа түлээд цайгаа чанаж байсан. Бб ах шүдээ угаах гээд гадаа гараад гал гарч байна гэсэн. Тэгэхээр нь бид 3 гараад хувцас хунараараа унтраах гэж оролдсон. Их салхитай байсан болохоор гал унтрахгүй улам нэмж асаад байсан. Өглөө босоод М буюу Маагаа ах гал түлж цай чанасан...” гэх мэдүүлэг /ХХ-ийн 7-8-р хуудас/, Гэрч Л.Абын мөрдөн байцаалтанд өгсөн “...Уг газарт ээж Бямбасүрэн, ах Мягмарсүрэн нарын хамт гар аргаар алт олборлохоор ирсэн. Уг газарт ирэхэд М, Жб, Бб нар ирсэн байсан. Тэгсэн урцны ертөнцийн зүгээр баруун хойд хэсэгт гал гарчихсан. Тэр 3 унтрааж байсан. Тэгэхээр нь бид 3 гал алдаж магадгүй гэж бодоод куртикээрээ цохиод унтрааж дийлэхгүй салхитай байсан тул гал хойд зүгийг чиглэн ассан. Гал түймэр яагаад гарсан талаар асуусан чинь бид 3 уг нь урцнаас гараагүй өглөө босоод зуух галлачихаад гартал асаж байсан. Зуухны яндангаас цог хаясан байх гэж байсан...” гэх мэдүүлэг /ХХ-ийн 24-25-р хуудас/, Шинжээч Р.Нарангийн мөрдөн байцаалтанд өгсөн “...Би уг дүгнэлтийг гаргахдаа Монгол Улсын Засгийн газрын 2013 оны №106 тоот “Журам, жагсаалт шинэчлэх болон шинээр батлах” тухай тогтоолын 1 дүгээр хавсралтын ойн хээрийн түймрээс учирсан хохирлыг тооцох журам, засгийн газрын 1997 оны №152 дугаартай тогтоолын 3-р хавсралт “Хөдөө аж ахуйн газрын үнэлгээний тойрог бүрийн нэг гектарын суурь үнэлгээ, жилийн хөтөлбөрийн доод хязгаар”, байгаль орчны сайдын 2009 оны №394 дугаарын тушаалын болон 3 дугаар хавсралтыг тус тус үндэслэн дүгнэлтийг гаргасан. Уг дүгнэлтийг гаргахдаа гал түймэрт өртсөн газарт өөрийн биеэр очиж үзэн дүгнэлтийг гаргасан. Гал түймэрт нийт 495 га талбай өртсөн бөгөөд 43.6 хувь нь цагаан энгэр бэлчээр 216 га, 224 га талбай нь байгалийн ой буюу хус мод зонхилсон хусан ой, 15 га нь тармаг ой, мөн гал түймэр гарч шатсан талбай 2 га, мод бэлтгэсэн талбай 2 га, ойжих талбай 3 га талбайг хамарсан байсан...” гэх мэдүүлэг /ХХ-ийн 42-р хуудас/, Хараагийн бүсийн ойн ангийн шинжээчийн №2019/14 дугаартай дүгнэлт /ХХ-ийн 28-р хуудас/, Сэлэнгэ аймгийн Онцгой байдлын газрын онцгой байдлын хэлтсийн гал түймрийн улсын хяналтын байцаагчийн 31-04/01 дугаартай шинжээчийн дүгнэлт /ХХ-ийн 39-р хуудас/, Сэлэнгэ аймгийн мэргэжпийн хяналтын газрын улсын байцаагчийн 18-04- 340/11 дугаартай акт /ХХ-ийн 44-р хуудас/, З.Мын мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэг /ХХ-ийн 50-51-р хуудас/ болон тухайн хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан нотлох баримтуудаар нотлогдож байна гэж шүүх дүгнэв.

Шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримт болох шүүгдэгчийг   яллагдагчаар мөн хохирогч, гэрч нарыг байцаахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан хуулийн шаардлага хангасан, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, шинжээчийн дүгнэлтийг хэрэгт хувийн сонирхолгүй, зохих мэдлэг, дадлага туршлагатай, гаргасан дүгнэлтийнхээ хариуцлагыг хүлээх чадвар бүхий шинжээч гаргасан байх тул хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэлэв.

Прокуророос шүүгдэгч З.Мыг галтай болгоомжгүй харьцсаны улмаас ой хээрийн түймэр гарч их хэмжээний хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь тохирсон байна гэж үзлээ.

Шүүгдэгчийн дээрхи үйлдэл нь Эрүүгийн хуульд заасан хүрээлэн байгаа орчны эсрэг “Ой, хээрийн түймэр тавих гэмт хэргийн бүрэлдэхүүний бүхий л шинжийг агуулж байх тул түүнийг гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.7 дугаар зүйлийн 1-д заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Иймд шүүгдэгч З.Мыг 2019 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр 10 цагийн үед Сэлэнгэ аймгийн Мандал сумын 6-р багийн нутаг “Нарангийн ам” гэх газарт хуурайшилттай үед галтай болгоомжгүй харьцсаны улмаас ой, хээрийн түймэр гаргаж их хэмжээний хохирол буюу байгаль экологид шууд 120376112 төгрөг /байгаль орчны тухай хуульд заасны дагуу 361128336 төгрөг/-ийн хохирол учруулсан нь тогтоогдсон, энэ гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хөнгөн гэмт хэрэг байх тул гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлөх тухай хүсэлтээ бичгээр гаргаж нотариатаар гэрчлүүлэн хэрэгт хавсарган илэрхийлсэн, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт заасныг журамлан шүүгдэгч З.Мад дээрхи зүйл, хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр тэнсэж шийдвэрлэх зүйтэй байна гэж үзлээ.

Шүүгдэгч З.М нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, мөн хуульд заасан ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй гэж үзэв.

Иргэний нэхэмжлэгч нь гэмт хэргийн улмаас учирсан хохиролд Экологи эдийн засгийн үнэлгээний актаар тогтоогдсон 363054656 төгрөгийг нэхэмжилсэн ба уг төлбөрийг шүүгдэгч төлж барагдуулна гэдгээ илэрхийлсэн тул шүүгдэгчээс гаргуулж улсын төсвийн орлогод оруулах нь зүйтэй байна.

 

Энэ хэргийн улмаас гарсан гал түймрийг унтраахад 9341220 төгрөгийн хохирол учирсан гэж яллах дүгнэлтэнд дурьдаж байгаа боловч уг зардлыг нэхэмжлэх эрх бүхий этгээд нь нотлох баримтаа бүрдүүлж гэм буруутай этгээдээс нэхэмжлээгүй, нотлох баримт хэрэгт авагдаагүй байх тул хэлэлцээгүй орхиж иргэний нэхэмжлэгч нь гэм буруутай этгээдээс дээрхи зардлыг иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэйг дурьдах нь зүйтэй байна.

 

Энэ хэрэгт битүүмжилсэн хөрөнгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурьдаад:

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 38.1 дүгээр зүйлийн 1 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Хэрэйд овогт Зандраабайдийн Мыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан галтай болгоомжгүй харьцсаны улмаас ой хээрийн түймэр гарч их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.7 дугаар зүйлийн 1 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч З.Мыг хорих ялыг оногдуулахгүйгээр 01 /нэг/ жил 06 /зургаа/ сарын хугацаагаар тэнссүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5 дах хэсэгт зааснаар тэнссэн хугацаанд энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, энэ хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулахыг анхааруулсугай.

4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар шүүгдэгч З.Маас 363054656 /гурван зуун жаран гурван сая тавин дөрвөн мянга зургаан зуун тавин зургаа/ төгрөг гаргуулж Улсын төсвийн орлогод олгож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2-д зааснаар 9341220 төгрөгний иргэний нэхэмжлэлийг хэлэлцээгүй орхиж иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар нэхэмжлэх эрхтэйг дурьдсугай. 

5. Энэ хэргийн улмаас З.М нь цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөггүй, хилийн хориг тавигдаагүйг тус тус дурьдсугай. 

            6. Энэ хэрэгт хураагдан ирсэн гал түймэр гарч буй бичлэг бүхий 1 ширхэг хуурцаг /CD/-ийг хэргийн хугацаа дуустал хадгалахаар зохих баримт үйлдэн хэрэгт хавсаргахыг шүүгчийн туслах Г.Мэндбаярт даалгасугай

            7.Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч З.Мад  авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4-д зааснаар шүүхийн шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурьдсугай.

9. Шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч, өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч эсэргүүцэл бичих эрхтэй.    

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                           Ж.ЭРДЭНЭБАТ.