| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Батбаярын Цолмонбаатар |
| Хэргийн индекс | 102/2016/05235/И |
| Дугаар | 184/ШШ2016/00189 |
| Огноо | 2016-06-28 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2016 оны 06 сарын 28 өдөр
Дугаар 184/ШШ2016/00189
2016 оны 06 сарын 28 өдөр Дугаар184/ШШ2016/00128 Улаанбаатар хот
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Цолмонбаатар даргалж тус шүүхийн танхимд хуралдсан шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, *****-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Улаанбаатар хот, *****-д холбогдох,
“Түрээсийн төлбөр 16,224,130 төгрөг, алданги 3,829,824 төгрөг, нийт 20,053,954 төгрөг гаргуулах тухай” нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Эрдэнэцэцэг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч “*******” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Манай компани иргэн *******тай 2013 оны 12 дугаар сарын 01-ний өдөр Баянзүрх дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Барилга Мега стор” худалдаа үйлчилгээний төвийн В1 давхрын өргөтгөлийн хэсэгт байрлах 60 м.кв талбайтай худалдаа үйлчилгээний талбайг нийтийн хоолны үйлчилгээний зориулалтаар 1 сарын 3,300,000 төгрөгөөр түрээслэхээр харилцан тохиролцож түрээсийн гэрээ байгуулсан.
******* нь түрээсийн гэрээнд заасны дагуу түрээсээ төлбөрөө төлж байгаад 2015 оны 10 дугаар сараас түрээсийн төлбөрөө төлөхөө байж гэрээнд заасан үүргээ биелүүлэхээ больсон. Гэрээний үүргээ биелүүлж төлбөрөө төлөхийг удаа дараа амаар болон бичгээр шаардсан боловч төлөхгүй байгаа тул шүүхэд хандсан.
Түрээсийн гэрээний 3.7-д “Түрээслэгч нь түрээсийн болон бусад төлбөр тооцоог гэрээнд заасан хугацаанд ном журмын дагуу төлж барагдуулна.”, 7.3-т “Түрээслэгч нь сар бүрийн эхний 5 хоногийг дотор түрээсийн төлбөрийг 7.2-т заасан данс болон компаний касст төлнө” гэж тус тус заасан бөгөөд 2016 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр хүртэл төлөөгүй байгаа түрээсийн үндсэн төлбөр болох 16,224,130 төгрөг, мөн гэрээний 9.2-т зааснаар хугацаа хэтэрсэн хоног тутам төлөгдөөгүй үнийн дүнгийн 0.2% буюу алданги 3,829,824 төгрөг буюу нийт 20,053,954 төгрөгийг Иргэний хууль болон гэрээнд заасны дагуу нэхэмжилж байна.
Хариуцагчтай байгуулсан түрээсийн төлбөрийг 2015 оны 10 дугаар сараас эхлэн сар бүр 2,400,000 төгрөг байхаар тохиролцсон. ******* нь 2015 оны 10 дугаар сараас 2016 оны 3 дугаар сарыг дуустал нийт 6 сарын төлбөрийг огт төлөөгүй. Хариу тайлбартаа хэлээд байгаа 3,800,00 төгрөг нь хэзээ төлсөн ямар төлбөр гэдгийг мэдэхгүй. Тийм баримт ч хэрэгт нотлох баримтаар байхгүй. Нэхэмжлэлд зааснаас өмнөх хугацааны түрээсийн төлсөн төлбөрөө ярьж байх шиг байна. Иймд түрээсийн төлбөр болон алдангийг гаргуулж өгнө үү” гэв.
Хариуцагч *******ын итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “******* нь “*******” ХХК-тай 2013 оны 12 дугаар сарын 01-ний өдөр “Барилга Мега стор” худалдаа үйлчилгээний төвийн В1 давхрын өргөтгөлийн хэсэгт байрлах 60 м.кв талбайтай худалдаа үйлчилгээний талбайг нийтийн хоолны үйлчилгээний зориулалтаар 1 сарын 3,300,000 төгрөгөөр түрээслэхээр харилцан тохиролцож түрээсийн гэрээ байгуулсан. Түрээсийн гэрээ байгуулан ажиллаж байхдаа эхний 6 сар сар бүр 2,700,000 төгрөг төлж байгаад 2014 оны 6 дугаар сараас сар бүр түрээсийн төлбөрт 2,400,000 төгрөг төлж байхаар тохиролцсон. Ингээд үйл ажиллагаа явуулж байтал 2015 оны 4 дүгээр сараас орлого эрс муудаж улмаар 2015 оны 10 дугаар сард түрээсийн төлбөрийг сарын 1,800,000 төгрөг болгох санал тавьсан боловч хүлээж аваагүй.
Түрээсийн төлбөрийг 2015 оны 10 дугаар сараас орлогоос хамаарч бага багаар төлж байгаад 2015 оны 10 дугаар сараас 2016 оны 5 дугаар сарын 04-ний өдөр хүртэлх хугацаанд нийт 3,800,000 төгрөгийг түрээсийн төлбөрт төлсөн. Цайны газрыг 2016 оны 5 дугаар сарын 04-ний өдөр хааж битүүмжилсэн ба буцааж 2016 оны 6 дугаар сарын 05-ны өдөр нээлгэсэн боловч буцаагаад хаасан. Нэхэмжлэлийш хүлээн зөвшөөрөх боломжгүй. Цайны газрыг үргэлжлүүлж түрээслэнэ гэвэл олсон орлогоос хамаарч тодорхой хэмжээнд төлбөрийг хувааж төлөх боломжтой” гэв.
Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудаас талуудын хүсэлтээр шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч “*******” ХХК нь хариуцагч *******д холбогдуулан түрээсийн төлбөр 16,224,130 төгрөг, алданги 3,829,824 төгрөг, нийт 20,053,954 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргажээ.
Нэхэмжлэгч “*******” ХХК нь хариуцагч *******тай 2013 оны 12 дугаар сарын 01-ний өдөр түрээсийн гэрээ байгуулсан бөгөөд гэрээнд зааснаар ******* нь 2013 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс 2014 оны 12 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл хугацаанд “Барилга Мега стор” худалдаа үйлчилгээний төвийн В1 давхрын өргөтгөлийн хэсэгт байрлах 60 м.кв талбайтай худалдаа үйлчилгээний талбайг нийтийн хоолны үйлчилгээний зориулалтаар 1 сарын 3,300,000 төгрөгөөр түрээслэхээр харилцан тохиролцсон болох нь хэрэг авагдсан 2013 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн “Түрээсийн гэрээ” болон зохигчдын тайлбараар тогтоогдож байна.
Зохигчид нь түрээсийн гэрээг бичгээр дахин байгуулаагүй боловч ******* нь түрээсийн талбайг 2016 оны 5 дугаар сарын 04-ний өдөр хүртэл хугацаанд үргэлжлүүлэн түрээслэж байсан бөгөөд 2015 оны 10 дугаар сараас хойшхи түрээсийн төлбөр нь сард 2,400,000 төгрөг байсан болох нь зохигчдын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбараар тогтоогдож байна.
Нэхэмжлэгч “*******” ХХК-ийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага буюу түрээсийн төлбөрийн хамаарах хугацааг итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* нь 2015 оны 10 дугаар сараас 2016 оны 3 дугаар сарыг дуустал нийт 6 сар гэж тайлбарласан бөгөөд хариуцагч *******ын итгэмжлэгдсэн төлөөлөгч нь 2015 оны 10 дугаар сараас 2016 оны 5 дугаар сар хүртэл хугацаанд түрээсийн төлбөрт 3,800,000 төгрөг төлсөн гэж тайлбарлаж байна.
Зохигчид нь нэхэмжлэлийн шаардлагад дурдсан 2015 оны 10 дугаар сараас 2016 оны 3 дугаар сарыг дуустал нийт 6 сарын хугацаанд түрээсийн төлбөр 2,400,000 төгрөг байсан талаар маргаагүй бөгөөд түрээсийн төлбөрийг 1,800,000 төгрөг болгохоор санал тавьсан боловч түрээслүүлэгч тал хүлээн зөвшөөрөөгүй гэж хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч тайлбарлажээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* нь 2015 оны 10 дугаар сараас 2016 оны 5 дугаар сар хүртэл хугацаанд түрээсийн төлбөрт 3,800,000 төгрөг төлсөн гэж тайлбарласныг нэхэмжлэгч тал хүлээн зөвшөөрөөгүй ба хариуцагч тал нь энэхүү тайлбараа нотолсон баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-д “Зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь өөрийн шаардлага ба татгалзлын үндэс болж байгаа байдлын талаархи нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй” гэж заасны дагуу хэрэгт нотлох баримтаар ирүүлээгүй байна. Өөрөөр хэлбэл харицагч ******* нь 2015 оны 10 дугаар сараас 2016 оны 5 дугаар сар хүртэл хугацаанд түрээсийн төлбөрт 3,800,000 төгрөг төлсөн болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдохгүй байна.
Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1-д “Түрээсийн гэрээгээр түрээслүүлэгч нь түрээслэгчийн эзэмшил, ашиглалтад аж ахуйн үйл ажиллагаа явуулах болон дүрэмд заасан зорилгоо биелүүлэхэд нь зориулж тодорхой хөрөнгө шилжүүлэх, түрээслэгч нь гэрээгээр тохирсон түрээсийн төлбөрийг төлөх үүргийг тус тус хүлээнэ” гэж зааснаар хариуцагч ******* нь түрээсийн төлбөрийг түрээслүүлэгч болох “*******” ХХК-д төлөх үүрэгтэй тул нэхэмжлэлд заасан 2015 оны 10 дугаар сараас 2016 оны 3 дугаар сарыг дуусах хүртэл хугацааны нийт 6 сарын түрээсийн төлбөр 14,400,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж шийдвэрлэх нь зүйтэй байна.
Зохигчдын хооронд байгуулсан 2013 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн “Түрээсийн гэрээ”-ний 9 дүгээр зүйлд түрээсийн төлбөр төлөх хугацаа хэтрүүлсэн тохиолдолд алданги төлөхөөр заасан байх боловч энэхүү түрээсийн гэрээг үргэжлүүлэн бичгээр байгуулаагүй тул 2015 оны 10 дугаар сараас 2016 оны 3 дугаар сарыг дуусах хүртэл хугацааны түрээсийн төлбөрөөс алданги гаргуулахаар шаардсан нэхэмжлэлийн шаардлагыг Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.3-д зааснаар хангах үндэслэлгүй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.3, 318 дугаар зүйлийн 318.1-д зааснаар хариуцагч *******аас 14,400,000 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч “*******” ХХК-д олгож, нэхэмжлэлийн үлдэх хэсэг болох 5,653,954 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч “*******” ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 258,220 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч *******аас улсын тэмдэгтийн хураамжид 229,950 төгрөг гаргуулж нэхэмжлэгч “*******” ХХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ЦОЛМОНБААТАР