| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Энхтайваны Чингис |
| Хэргийн индекс | 105/2018/0120/Э |
| Дугаар | 1319 |
| Огноо | 2019-08-22 |
| Зүйл хэсэг | 11.3.1., |
| Улсын яллагч | Т.Жаргалсайхан |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 08 сарын 22 өдөр
Дугаар 1319
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Чингис даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Л.Ундармаа,
Улсын яллагч Т.Жаргалсайхан,
Шүүгдэгч Б.А , түүний өмгөөлөгч А.Очбадрал нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:
Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн шүүгдэгч Б.А ад холбогдох эрүүгийн 1906 01178 1365 дугаартай хэргийг 2019 оны 8 дугаар сарын 6-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1991 оны 4 дүгээр сарын 22-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 28 настай, эрэгтэй, дээд боловсролтой, бизнесийн удирдлага мэргэжилтэй, ажилтай, ам бүл 5, эх, эгч, дүү нарын хамт Баянзүрх дүүргийн тоотод оршин суух бүртгэлтэй, гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, регистрийн дугаар , Б.А .
Холбогдсон хэргийн талаар
Шүүгдэгч Б.А нь 2019 оны 2 дугаар сарын 6-7-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Бөхөн” нэртэй биллъяардны газарт иргэн М.Цогийг биллъяардны палкаар цохиж түүний эрүүл мэндэд хүнд хохирол болгоомжгүй учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараахи нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.А мэдүүлэхдээ: “...Мөрдөн шалгах ажиллагаанд үнэн зөв мэдүүлэг өгсөн. Нэмж ярих зүйлгүй. Би энэ хэргээс болж их зүйлийг ойлгосон. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Хөнгөн ял шийтгэл оногдуулж өгнө үү.” гэв.
Мөн талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудаас хохирогч М.Цогийн өгсөн мэдүүлэг, өргөдөл /хх-5-6, 31, 53/, гэрч Г.Гантөмөрийн өгсөн мэдүүлэг /хх-17-18/, Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2019 оны 2 дугаар сарын 2216 дугаартай дүгнэлт /хх-23/, шүүгдэгч Б.А ын ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-27/, шүүгдэгч Б.А ын иргэний үнэмлэхний лавлагаа, оршин суугаа газрын тодорхойлолт, цалингийн тодорхойлолт, /хх-48-51/, шүүгдэгч Б.А ын яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-86/, хавтаст хэргийн материал танилцуулсан тухай тэмдэглэл /хх-90/ зэргийг шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу цуглуулж, бэхжүүлсэн энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх дүгнэв.
Гэм буруугийн талаар
Шүүгдэгч Б.А нь 2019 оны 2 дугаар сарын 6-7-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Бөхөн” нэртэй биллъяардны газарт иргэн М.Цогийг биллъяардны палкаар цохиж түүний эрүүл мэндэд хүнд хохирол болгоомжгүй учруулсан буюу хүний эрүүл мэндэд хүнд хохирол болгоомжгүйгээр учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь хавтаст хэрэгт цугларсан дараахи нотлох баримтуудаар нотлогдож байна. Үүнд:
Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч М.Цогийн өгсөн: “...Шинийн 2-нд буюу 2018 оны 2 дугаар сарын 6-ны орой Баясгалан, Гантөмөр, Анад, Мандах бид нар Гомбосүрэнгийн ээжтэй очиж золгоод тэдний гэрт сууж байгаад орой гарах болоод манай хэд нэг газар орж суух гэсэн чинь Мандах надад “таньдаг паб байгаа очоод онгойлгоод оръё” гэсэн. Бид зургуулаа 3 шил 0.75 литрийн шилтэй Eden, Соёрхол, Gold Chinges нэртэй архи ууцгааж байгаад Мандах, Гомбосүрэн, нар маргалдаад байхаар нь би дундуур нь ороод “яасан юу болоод байгаа юм бэ, найзууд байж битгий ингэж бай” гэж хэлсэн чинь Мандах уурлаад миний толгойг сугандаа хавчуулж унагаасан. Тэгсэн цаанаас Анад ирээд намайг салгаж яваад надад “чи яагаад муу хүмүүстэй нийлээд байгаа юм бэ, найзаа зөв олж найзлалдаа” гэсэн утгатай үг хэлж байсан. Тухайн үед Ананд гартаа биллъяардны цохиур мод барьсан байж байгаад хана руу савах шиг болсон ба би ширээний нөгөө талд байж байхад “Мандах хаана байна” гэж хэлээд савсан чинь цохиур модны үзүүр хэсэг нь миний чамархайд цохих шиг болсон. Тухайн үед Ананд намайг цохьё гэж бодож санаатай цохиогүй санаандгүй цохьсон.” /хх-5-6/ гэх мэдүүлэг,
Мөн хохирогч М.Цогийн дахин өгсөн: “...Миний 2019 оны 3 дугаар сарын 13-ны өдөр өгсөн мэдүүлэг үнэн бодит мэдүүлэг. Харин 2019 оны 2 дугаар сарын 7-ны өдөр буюу Гэмтэл согог судлалын үндэсний төвд өгсөн анхны мэдүүлэгт би согтуу, ууртай байсан. Тэгээд ч сэтгэл санааны хувьд тогтворгүй байсан учраас худал мэдүүлсэн. Цагдаад манай аав, ээж хоёрын аль нэг нь гомдол гаргасан байх би цагдаад гомдол гаргаагүй. Надад нэхэмжлэх зүйл байхгүй. Тухайн үед гарсан эмчилгээний зардлыг Ананд ээжийнхээ дансаар шилжүүлж төлсөн.” /хх-51/ гэх мэдүүлэг,
Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Г.Гантөмөрийн өгсөн: “...Миний санаж байгаагаар Цог, Гомбосүрэн, Ананд нар Цогоос болоод хэрэлдээд байсан. Би тэдний баруун талд хувцасаа өмсөөд зогсож байхад миний зүүн талд хамгийн эхэнд Цог, Гомбосүрэн, Ананд гэсэн дараалалтай зогсож байсан. Тэгээд Цог орилоод болохгүй байхаар нь Ананд та нар найзууд байж яах гэж ингэж байдаг юм гэж хэлээд тэмээ хананд савсан чинь урд тал нь хугараад хананд савж ирээд Цогийн зүүн чихний ард онох шиг болсон.” /хх-17-18/ гэх мэдүүлэг,
Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2019 оны 2 дугаар сарын 12-ны өдрийн 2216 дугаартай дүгнэлтэд:
1. М.Цогийн биед гавлын зүүн чамархай ясны цөмөрсөн ил хугарал, зүүн чамархайн дэлбэнгийн эдийн голомтлог няцрал, хуйханд шарх, цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр, хэрэг болсон цаг хугацаанд үүсэх боломжтой.
3. Дээрх гэмтэл нь тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.
4. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.11-т зааснаар амь насанд аюултай гэмтлийн хүнд зэрэгт хамаарна.
5. Тархины эдийн голомтлог няцрал гэмтэл нь цаашид хөдөлмөрийн ерөнхий чадварын тогтонги алдалтанд нөлөөлөх эсэх нь эмчилгээ эдгэрэлтээс хамаарна.” /хх-24/ гэх дүгнэлт,
Хохирол нэхэмжилсэн баримт /хх-21/,
Хэргийн газарт нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-54-62/,
Гэмтэл Согог судлалын Үндэсний хүрээлэнгээс ирүүлсэн өвчний түүх /хх-68-81/,
Шүүгдэгч Б.А ын ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-27/ зэрэг болно.
Дээрхи нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан жумаар цуглуулж, бэхжүүлсэн, хэргийн хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх дүгнэв.
Нотлох баримтуудыг нэгтгэн дүгнэвэл шүүгдэгч Б.А нь 2019 оны 2 дугаар сарын 6-7-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Бөхөн” нэртэй биллъяардны газарт иргэн М.Цогийг биллъяардны палкаар цохиж түүний эрүүл мэндэд хүнд хохирол болгоомжгүй учруулсан байна.
Иймд шүүгдэгч Б.А ыг болгоомжгүй үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан буюу хүний эрүүл мэндэд хүнд хохирол болгоомжгүйгээр учруулах гэмт хэргийг үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй байна.
Хүний эрүүл мэндэд хүнд хохирол болгоомжгүйгээр учруулах гэмт хэрэг гэдэг нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдалд гэм буруугийн болгоомжгүй хэлбэрээр халдсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлд хуульчлан тодорхойлж, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр заасан нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл юм.
Түүнчлэн энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй болно.
Баянзүрх дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Б.А ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна.
Иймд шүүгдэгч Б.А ыг “Хүний эрүүл мэндэд хүнд хохирол болгоомжгүйгээр учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүхээс дүгнэв.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүгдэгч Б.А нь хохирогч М.Цогод учирсан хохирлын төлсөн ба хохирогч нь нэхэмжлэх зүйлгүй гэдгээ илэрхийлсэн тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ. Үүнийг шүүхэс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон бөгөөд энэ хэрэгт эрүүгийн хариуцлага хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.
Гэвч шүүхээс хохирогч М.Цогийн цаашид гарах эмчилгээний зардалтай холбогдох нотлох баримтаа бүрдүүлж иргэний журмаар жич нэхэмжлэл гаргах эрхийг нээлттэй үлдэхээр шийдвэрлэв.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар
Шүүх шүүгдэгч Б.А ад эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэв.
Шүүхээс шүүгдэгч Б.А ад ял шийтгэл оногдуулахад хөнгөн гэмт хэрэг үйлдсэн хүн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг нөхөн төлж хор уршгийг арилгасан, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал зэргийг харгалзан түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1-д заасан хорих ялыг биечлэн эдлүүлэх шаардлагагүй гэж үзэж уг ялыг тэнсэхээр шийдвэрлэв.
Шүүгдэгч Б.А нь энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирүүлсэн зүйлгүй болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.8, 37.1, 38.1 дүгээр зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б.А ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1-д заасан “хүний эрүүл мэндэд хүнд хохирол болгоомжгүйгээр учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Б.А ад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1-д заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1-д заасан хорих ялыг оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж, хяналт тогтоохыг Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5-д зааснаар Б.А нь тэнссэн хугацаанд энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, энэ хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулахыг дурдсугай.
4. Энэ хэрэгт битүүмжлэн ирсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, Б.А нь энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурьдсугай.
5. Хохирогч М.Цог нь цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа
бүрдүүлж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.
6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба Б.А ад урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
7. Шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч ,тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч, өөрөө гардан авснаас хойш эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
8. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл Б.А ад урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ,
ШҮҮГЧ Э.ЧИНГИС