Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Цэндийн Цогт |
Хэргийн индекс | 110/2019/0073/З |
Дугаар | 221/МА2020/0078 |
Огноо | 2020-01-30 |
Маргааны төрөл | Төрийн хяналт шалгалт, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2020 оны 01 сарын 30 өдөр
Дугаар 221/МА2020/0078
2020 оны 01 сарын 30 өдөр Дугаар 221/МА2020/0078 Улаанбаатар хот
“Р” өрхийн эрүүл мэндийн төвийн
нэхэмжлэлтэй захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Батбаатар даргалж, шүүгч Б.Тунгалагсайхан, Ц.Цогт нарын бүрэлдэхүүнтэй, Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 80 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч гаргасан гуравдагч этгээдийн давж заалдах гомдлын дагуу “Р” өрхийн эрүүл мэндийн төвийн нэхэмжлэлтэй, Баян-Өлгий аймгийн Санхүүгийн хяналт, аудитын албаны улсын байцаагчид холбогдох захиргааны хэргийг шүүгч Ц.Цогтын илтгэснээр хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 80 дугаар шийдвэрээр: Төрийн хяналт шалтгалтын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.2, 5 дугаар зүйлийн 5.6, 5.9, 5.9.3, Хөдөлмөрийн тухай хуулийн 125 дугаар зүйлийн 125.1, 129 дүгээр зүйлийн 129.1-т тус тус заасныг баримтлан нэхэмжлэгч “Р” өрхийн эрүүл мэндийн төвөөс Баян-Өлгий аймгийн Санхүүгийн хяналт, аудитын албанд холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Баян-Өлгий аймгийн Санхүүгийн хяналт, аудитын албаны улсын байцаагчийн 2019 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн “Мэргэжлийн зэргийн нэмэгдсэлийн дутууг эргүүлэн олгох тухай” 18-03/78 дугаар актыг хүчингүй болгож шийдвэрлэжээ.
Гуравдагч этгээд давж заалдах гомдолдоо: “Анхан шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Хөдөлмөрийн тухай хуулийн 125 дугаар зүйлийн 125.1, 129 дүгээр зүйлийн 129.1 дэх хэсгийн заалтуудыг буру тайлбарлан хэрэглэж актыг хүчингүй болгосон явдалд гомдолтой байна.
Хөдөлмөрийн тухай хуулийн 125 дугаар зүйлийн 125.1-д “Ажил олгогч, ажилтны хооронд гарсан хөдөлмөрийн ганцаарчилсан маргааныг хөдөлмөрийн маргаан таслах комисс, шүүх тус тусын харьяаллын дагуу шийдвэрлэнэ”, 129 дүгээр зүйлийн 129.1-д “Хөдөлмөрийн гэрээний талууд энэ хуулийн 129.2-т зааснаас бусад тохиолдолд эрхээ зөрчигдсөнийг мэдсэн буюу мэдэх ёстой байсан өдрөөс хойш гурван сарын дотор хөдөлмөрийн маргаан шийдвэрлэх байгууллагад гомдлоо гаргах эрхтэй” гэж тус тус заасан нь үнэн боловч энэ нь миний төрийн бусад байгууллага, албан тушаалтанд гомдлоо гаргаж шийдвэрлүүлэхэд саад болох ёсгүй.
Улсын байцаагчийн актын үндэслэл болгосон Төрийн хяналт шалгалтын тухай хууль, Засгийн газрын 2015 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 483 дугаар тогтоолоор батлагдсан “Дотоод аудитын дүрэм”-д гомдол гаргах хугацааны талаар тодорхойлон заасан зохицуулалт байхгүй.
Тийм учраас улсын байцаагчийн акт нь хууль зүйн үндэслэлтэй байсан.
Мөн анхан шатны шүүхээс маргаан бүхий захиргааны акт нь холбогдох хууль болон дүрмийг зөрчсөн хууль бус, үүний улмаас нэхэмжлэгч “Р” өрхийн эрүүл мэндийн төвийн төсөвт хохирол учирч болзошгүй гэж дүгнэсэн нь үндэслэлгүй.
Хавтаст хэрэгт хяналт шалгалтын удирдамж авагдсан ба өрхийн эрүүл мэндийн төвийн дарга М.А, нягтлан бодогч К.Н нар нь улсын байцаагчийн зүгээс дуудаж уулзсан, өргөдлийн дагуу хяналт шалгалт хийж байгаа гэдгийг танилцуулж хэлсэн, санхүүгийн холбогдох баримт материалуудыг гаргуулж авч хяналт шалгалт хийсэн гэдгийг шүүх хурадаан дээр хүлээн зөвшөөрсөн байдаг.
Улсын байцаагч актыг төвийн дарга М.А-т танилцуулж гарын үсэг зуруулах гэхэд гарын үсэг зурахаас татгалзаж тайлбар бичсэн ба энэ нь хэрэгт нотлох баримтаар авагдсан актын хуулбар дээр тодорхой байгаа.
Улсын байцаагчийн зүгээс удирдамжийг хяналтын хуудасны хамт шалгуулагчид гардуулаагүй, шалгалтын тэмдэглэл үйлдээгүй, шалгуулагч этгээдийн санал, хүсэлт, тайлбарыг аваагүй зэрэг нь актыг бүхэлд нь хүчингүй болгох үндэслэл болохгүй.
Тэгээд ч дээрх ажиллагаануудыг холбогдох хууль, дүрмийн дагуу хийх нь улсын байцаагийн үүрэг бөгөөд үүргээ зохих ёсоор гүйцэтгээгүйгээс гуравдагч этгээдийн миний хууль ёсны эрх ашиг зөрчигдөх ёсгүй.
Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг зохих журмын дагуу хянаж Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 80 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Баян-Өлгий аймгийн Санхүүгийн хяналт, аудитын албаны улсын байцаагчийн 2019 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн “Мэргэшлийн зэргийн нэмэгдлийн дутууг олгох тухай” 18-03/78 дугаартай актыг хэвээр үлдээж өгнө үү” гэжээ.
ХЯНАВАЛ:
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-д заасны дагуу анхан шатны шүүхийн шийдвэрийг хянаж, гуравдагч этгээдийн давж заалдах гомдлыг хангахгүй орхив.
Баян-Өлгий аймгийн Санхүүгийн хяналт, аудитын албаны улсын байцаагчийн 2019 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн 18-03/78 дугаар актаар “дутуу олгосон мэргэшлийн зэргийн нэмэгдэл хөлс 5,090.7 мянган төгрөгийг их эмч Х.Г-д энэ жилдээ багтаан эргүүлэн олгож хохиролгүй болгохыг “Р” эрүүл мэндийн төвийн дарга М.А, нягтлан бодогч К.Н нарт” хариуцуулжээ.
Эрүүл мэндийн сайдын 2003 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 289 дугаар тушаалаар гуравдагч этгээд Х.Г-д ерөнхий мэргэжлийн эмч мэргэжлээр ахлах зэрэг олгосны дагуу нэхэмжлэгч “Р” өрхийн эрүүл мэндийн төвөөс гуравдагч этгээдэд мэргэшлийн зэргийн нэмэгдлийг 2004-2010 онд олгож, 2010 оны 04 дүгээр сараас зогсоожээ. Тухайн үед Х.Г энэ талаар маргаагүй байна.
1. Эрүүл мэндийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.2-т “Өрхийн эрүүл мэндийн төв нь хот, суурин газрын хүн амд төрөөс үзүүлэх өрхийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг гэрээгээр гүйцэтгэх үндсэн чиг үүрэг бүхий сайн дурын үндсэн дээр бүртгүүлсэн хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллага байна” гэж зааснаас үзвэл өрхийн эрүүл мэндийн төв нь төрөөс үзүүлэх өрхийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг гэрээгээр гүйцэтгэдэг хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллага бөгөөд Эмнэлгийн тусламж үйлчилгээний тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1-д “Өрх, сум, тосгоны эрүүл мэндийн төвийн үзүүлэх Эрүүл мэндийн тухай хуулийн 24.6-д заасан тусламж, үйлчилгээний зардлыг улсын төсвөөс дараахь аргаар санхүүжүүлнэ” гэж зааснаас үзвэл улсын төсвөөс санхүүждэг байна.
2. Нөгөө талаар, Хөдөлмөрийн тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1-д “Ажилтанд ажлын байрны тодорхойлолтыг үндэслэн мэргэшлийн зэргийн, хөдөлмөрийн нөхцөлийн болон бусад нэмэгдлийг хамтын гэрээгээр тогтоон олгоно”, 129 дүгээр зүйлийн 129.1-д “Хөдөлмөрийн гэрээний талууд энэ хуулийн 129.2-т зааснаас бусад тохиолдолд эрхээ зөрчигдсөнийг мэдсэн буюу мэдэх ёстой байсан өдрөөс хойш гурван сарын дотор хөдөлмөрийн маргаан шийдвэрлэх байгууллагад гомдлоо гаргах эрхтэй” гэж тус тус заажээ.
Гэтэл гуравдагч этгээд нь цалин хөлсний бүрдэлд хамаарах мэргэшлийн зэргийн нэмэгдэл авах эрх нь зөрчигдсөн гэж үзсэн тохиолдолд зэргийн нэмэгдэл олгохыг зогсоосныг мэдсэнээс хойш гурван сарын дотор гомдол гаргах эрхтэй байхаар хуулиар зохицуулсан байхад мэргэшлийн зэргийн нэмэгдлийг нөхөн олгуулахаар 2019 онд тус аймгийн Санхүүгийн хяналт, аудитын албанд өргөдөл гаргаж, улмаар уг өргөдлийн дагуу хариуцагч маргаан бүхий актыг гаргасан байна. Энэ талаар анхан шатны шүүх “... өрхийн эрүүл мэндийн төвийн эмч, ажиллагсдын эрх зүйн байдал нь Хөдөлмөрийн тухай хуулиар зорхицуулагдах ба маргаж буй ажил олгогчоос мэргэжлийн зэргийн нэмэгдлийг олгоогүй эс үйлдэхүй нь хөдөлмөрлөх эрхтэй холбоотой” гэж дүгнэн нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн нь зөв байна.
3. Төсвийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.49-д ““дотоод аудит” гэж төсвийн хөрөнгийг зүй зохистой, үр ашигтай зарцуулах, эрсдэлийн удирдлагаар хангахад чиглэсэн төсвийн дотоод хяналтын үйл ажиллагааг” ойлгоно гэж, мөн хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д “Төсвийн ерөнхийлөн захирагч бүр хууль тогтоомжийн хэрэгжилтэд хяналт тавих, төсвийн хөрөнгө, өр, төлбөр, орлого, зарлага, хөтөлбөр, арга хэмжээ, хөрөнгө оруулалтад санхүүгийн хяналт, шалгалт хийх, үнэлэлт, дүгнэлт, зөвлөмж гаргах, эрсдэлийн удирдлагаар хангахад чиглэсэн дотоод аудитын албыг байгуулж, дотоод аудитор ажиллуулна”, 69.3-д “Дотоод аудитад төсвийн ерөнхийлөн захирагчийн эрхлэх асуудлын хүрээний төсвийн байгууллага, төрийн болон орон нутгийн өмчит, төрийн болон орон нутгийн өмч давамгайлсан хуулийн этгээдийн санхүүгийн үйл ажиллагааг хамаарна” гэж тус тус заажээ.
Баян-Өлгий аймгийн төсвийн ерөнхийлөн захирагчийн эрхлэх асуудлын хүрээнд өрхийн эмнэлгийн үйл ажиллагаа хамаарахаар байна. Гэхдээ дотоод аудитын үйл ажиллагаа нь тухайн захиргааны байгууллагын санхүүгийн үйл ажиллагаанд аудит хийж, дүгнэлт, зөвлөмж гаргах эрх хэмжээтэй бөгөөд ажилтны хөдөлмөрийн үйл ажиллагаа, цалин хөлсний нэмэгдэлтэй холбоотой асуудлыг хянаж шийдвэр гаргахаас илүүтэйгээр төсвийн хөрөнгийг зүй зохистой, үр ашигтай захиран зарцуулсан эсэхийг тухайн байгууллагын санхүүгийн үйл ажиллагаанд хяналт шалгалт хийх замаар тогтоож, үнэлэлт, дүгнэлт өгч, зөвлөмж гаргах зэргээр төсвийн үр ашигтай байдлыг хангах зорилготой байна.
Гэтэл энэ тохиолдолд иргэнээс ирүүлсэн өргөдлийн дагуу хяналт шалгалт хийж, улмаар Хөдөлмөрийн тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1-д “Ажилтанд ажлын байрны тодорхойлолтыг үндэслэн мэргэшлийн зэргийн, хөдөлмөрийн нөхцөлийн болон бусад нэмэгдлийг хамтын гэрээгээр тогтоон олгоно” гэж заасны дагуу гуравдагч этгээдэд гэрээний үндсэн дээр олгох мэргэшлийн зэргийн нэмэгдлыг нөхөн олгуулахаар шийдвэрлэсэн нь дотоод аудитын эрх хэмжээнд хамаарахгүй байна.
Иймд дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, гуравдагч этгээдийн давж заалдах гомдлыг хангахгүй орхив.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1-д заасныг баримтлан
ТОГТООХ нь:
1. Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 80 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, гуравдагч этгээд Х.Г-ийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1-д тус тус заасныг баримтлан гуравдагч этгээдээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5-д зааснаар шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн нь шүүхийн шийдвэр гарахад нөлөөлсөн гэж үзвэл хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Д.БАТБААТАР
ШҮҮГЧ Б.ТУНГАЛАГСАЙХАН
ШҮҮГЧ Ц.ЦОГТ