| Шүүх | Улсын дээд шүүх |
|---|---|
| Шүүгч | Мишигийн Батсуурь |
| Хэргийн индекс | 128/2024/0681/З |
| Дугаар | 001/ХТ2025/0039 |
| Огноо | 2025-04-21 |
| Маргааны төрөл | Тендер, |
Улсын дээд шүүхийн Тогтоол
2025 оны 04 сарын 21 өдөр
Дугаар 001/ХТ2025/0039
“Т” ХХК болон “Тм” ХХК-ийн
түншлэлийн нэхэмжлэлтэй, нийслэлийн Худалдан
авах ажиллагааны газар, тус газрын Үнэлгээний хороо,
нийслэлийн Засаг даргын Тамгын газрын дарга,
Монгол Улсын Сангийн яаманд тус тус
холбогдох захиргааны хэргийн тухай
Монгол Улсын дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүн:
Даргалагч, шүүгч: Г.Банзрагч
Танхимын тэргүүн: Д.Мөнхтуяа
Шүүгчид: Х.Батсүрэн
П.Соёл-Эрдэнэ
Илтгэгч шүүгч: М.Батсуурь
Нарийн бичгийн дарга: Б.Зэнээмэдрээ
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 128/ШШ2024/01061 дүгээр шийдвэр,
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2025 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 221/МА2025/0131 дүгээр магадлал,
Захиргааны хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдааны 2025 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн 001/ШХТ2025/0148 дугаар хэлэлцүүлэх тогтоолтой хэргийг, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.З, өмгөөлөгч Э.Б, хариуцагч нийслэлийн Худалдан авах ажиллагааны газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.О, Д.Т, хариуцагч нийслэлийн Засаг даргын Тамгын газрын даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Ц, хариуцагч Сангийн яамны итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Х, Г.М, гуравдагч этгээд “Э” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Н нарыг оролцуулан, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлоор хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэлийн шаардлага: “Т” ХХК болон “Тм” ХХК-ийн түншлэлээс нийслэлийн Худалдан авах ажиллагааны газар, тус газрын Үнэлгээний хороо, нийслэлийн Засаг даргын Тамгын газрын дарга, Монгол Улсын Сангийн яаманд тус тус холбогдуулан:
“Нийслэлийн Худалдан авах ажиллагааны газрын 2024 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн 03/919, 03/923 дугаар, 2024 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн 03/1141, 03/1145 дугаар “Мэдэгдэл хүргүүлэх тухай” мэдэгдэл тус бүрээр “Т” ХХК болон “Тм” ХХК-ийн түншлэлээр хүргүүлсэн тендерээс татгалзсаныг болон “Э” ХХК-д гэрээ байгуулах эрх олгосон шийдвэрүүдийг тус тус хууль бус болохыг тогтоолгож, хүчингүй болгуулах;
Нийслэлийн Худалдан авах ажиллагааны газрын 2024 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн 03/919, 03/923 дугаар, 2024 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн 03/1141, 03/1145 дугаар шийдвэрүүд гарах үндэслэл болсон тус газрын Үнэлгээний хорооны 2024 оны 05 дугаар сарын 09, 2024 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн тэмдэглэл (зөвлөмж) тус бүрийн “Т” ХХК болон “Тм” ХХК-ийн түншлэлээр хүргүүлсэн тендерээс татгалзсан хэсэг, “Э” ХХК-ийг шалгаруулсан хэсгийг тус тус хууль бус болохыг тогтоолгож, хүчингүй болгуулах;
Нийслэлийн Худалдан авах ажиллагааны газрын тендер шалгаруулалтын *** дугаартай Нийслэлийн хүүхдийн сэргээн засах “Эрүүл үрс төв”-ийн барилга, 80 ор /***/ ажил гүйцэтгэгчийн сонгон шалгаруулалтын үнэлгээг дахин хуульд заасны дагуу үнэлэхийг нийслэлийн Худалдан авах ажиллагааны газрын Үнэлгээний хороонд даалгах;
Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын дарга Л.Х, “Э” ХХК-ийн захирал А.Ч нарын хооронд байгуулагдсан 2024 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн *** дугаартай Нийслэлийн хүүхдийн сэргээн засах “Эрүүл үрс” төвийн барилга, 80 ор (***) ажил гүйцэтгэх гэрээг илт хууль бус болохыг тогтоолгох;
Монгол Улсын Сангийн яамны 2024 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн 03/4530 дугаартай “Гомдол хянасан тухай” албан мэдэгдлийг хүчингүй болгуулах;
Монгол Улсын Сангийн яамны 2024 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн 03/4593 дугаар “Тендерийн баталгааг улсын орлого болгох тухай” албан мэдэгдлийг хүчингүй болгуулж, тендерийн баталгааны 20,000,000 төгрөгийг буцаан гаргуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргасан.
2.Хэргийн нөхцөл байдал: Нийслэлийн Худалдан авах ажиллагааны газраас 2024 оны 03 дугаар сарын 15-ны өдөр Нийслэлийн хүүхдийн сэргээн засах “Эрүүл үрс” төвийн барилга /80 ор, ***/ ажил гүйцэтгэгчийг сонгох сонгон шалгаруулах тендерийг зарласан бөгөөд тодорхой нөхцөл байдлын улмаас тендер хүлээн авч, нээх хугацаа сунгагдсан; 2024 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр тендерийг нээхэд нийт 5 компани оролцсоноос нийслэлийн Худалдан авах ажиллагааны газрын Үнэлгээний хорооны шийдвэрүүдээр оролцогчдын тендерийн материалыг хянан үзэх, үнэлэх ажиллагааг явуулаад “Б э Б к” ХХК, “М” ХХК, “Т” ХХК болон “Тм” ХХК-ийн түншлэлийн тендерээс татгалзаж, харин “Э” ХХК, “Б р т” ХХК болон “Х д” ХХК-ийн түншлэлийн тендерийг үнэлснээс хамгийн бага үнийн санал ирүүлсэн гэх үндэслэлээр “Э” ХХК-ийг тухайн тендерийн гүйцэтгэгчээр шалгаруулсан байна.
2.1.Нэхэмжлэгчээс “... бид захиалагчаас тавьсан шаардлага, түүний гаргасан тендер шалгаруулалтын зааварчилгааны дагуу холбогдох баримт бичгийг бүрдүүлж, илгээсэн, тендерийн Үнэлгээний хорооноос манай тендерийг ТШЗ 19.1-ийн 3, ТШЗ 19.2-ын 3-т заасан захиалагчийн тавьсан шаардлагыг хангаагүй гэж татгалзсан нь хуульд нийцээгүй, ... ижил төстэй ажлыг гүйцэтгэсэн байх туршлагын хувьд “Ж” ХХК-тай ажил гүйцэтгэх гэрээ байгуулж, тухайн ажил дээр бид гүйцэтгэгчээр оролцож, барилгыг барьж дуусгасан байхад манайхыг үндсэн гүйцэтгэгчээр ажиллаагүй гэсэн үндэслэлээр татгалзсан нь хууль зөрчсөн, ... захиалагч болон Сангийн яам хуульд заасан эрх хэмжээнийхээ хүрээнд хуульд заасан үүргээ хэрэгжүүлэх байдлаар бидний гомдлыг хянаж үзээгүй, хуульд заасан шаардлага зөрчөөд байна гэдэг гомдол дээр огт хариулт өгдөггүй хэрнээ тендерийн баталгааны 20 сая төгрөгийг улсын төсвийн орлого болгосон нь бидний эрх ашгийг ноцтой зөрчсөн, ... “Э” ХХК нь тендерийн гүйцэтгэх ажлын төсвийг бүрэн тодорхой тооцоолоогүй, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн асуудал хариуцсан ажилтан нь хуульд заасан шаардлагыг хангаагүй, захиалагчаас тавьсан баримт бичгийн шаардлагыг хангаагүй байхад баримт бичгийн бүх шаардлагыг нэгэн зэрэг хангасан тендер гэж үзсэн нь хууль зөрчсөн буюу нийцээгүй ...” гэж;
2.2.Хариуцагч нийслэлийн Худалдан авах ажиллагааны газар болон Үнэлгээний хорооноос “... Тендер шалгаруулалтыг хуульд зааснаар нээлттэй тендер шалгаруулалтын аргаар зохион байгуулж, тендерийн урилгыг цахим системд нийтэлсэн, ... Үнэлгээний хороо тендерийн үнэлгээг дахин хийж, хамгийн сайн тендер гэж үзэж “Э” ХХК-ийн тендерийг шалгаруулсан, Үнэлгээний хорооны тэмдэглэл, зөвлөмжийг үндэслэн тендерийн хүчинтэй байх хугацаанд хуульд заасны дагуу захиалагчийн хяналт тавих байгууллага болох нийслэлийн Засаг даргын Тамгын газар “Э” ХХК-тай гэрээ байгуулсан, ... нэхэмжлэгч компанийн түншлэлийн ирүүлсэн хамтран ажиллах гэрээ нь сүүлийн 3 жил буюу 2021, 2022, 2023 оны аль нэг жилд батлагдсан төсөвт өртгийн 30 хувиас багагүй үнийн дүнтэй ижил төстэй ажлын гэрээ ирүүлээгүй нь шаардлага хангахгүй, уг гэрээнд барилгын ажлын үндсэн гүйцэтгэгчээр “Ж” ХХК байгаа нь нэхэмжлэгчийн хувьд ижил төстэй ажлын үндсэн гүйцэтгэгчээр доод тал нь нэг удаа ажилласан байх шаардлагыг хангаагүй, ... нэхэмжлэлдээ нэхэмжлэгчийн ямар эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн талаар үндэслэлээ дурдаагүй, нотлоогүй, ... Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар, Сангийн яаманд гаргасан гомдол нь үндэслэлгүй, үүний улмаас тендерийн баталгаагаа улсын орлого болгож зохих хариуцлага хүлээсэн ...” гэж;
2.3.Хариуцагч нийслэлийн Засаг даргын Тамгын газрын даргаас “... нийслэлийн Засаг даргын захирамжаар улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 2024 онд барилга, хот байгуулалтын салбарт хэрэгжүүлэх, төсөл арга хэмжээний жагсаалтыг баталсан, Нийслэлийн хүүхдийн сэргээн засах Эрүүл үрс төвийн барилга /80 ор, ***/-ын 2024-2026 онд хэрэгжүүлэх төсөл арга хэмжээний худалдан авах ажиллагааны эрхийг шилжүүлж, худалдан авах ажиллагааг зохих журмын дагуу зохион байгуулахыг нийслэлийн Худалдан авах ажиллагааны газарт үүрэг болгож, захиалагчийн хяналт тавьж ажиллахыг нийслэлийн Хөрөнгө оруулалтын газарт даалгасан, ... нийслэлийн Засаг даргын захирамж шийдвэр гаргахаас тендер сонгон шалгаруулалт явуулж, гэрээ байгуулах хүртэлх үйл ажиллагаа нь холбогдох хууль тогтоомжийн дагуу явагдсан, ... оролцогчдын зүгээс тухай бүрдээ холбогдох шатны байгууллагуудад гомдлоо гаргаж, хянан шалгуулаад явсан, захиалагчийн зүгээс зөрчил гаргаагүй, нийслэлийн Худалдан авах ажиллагааны газрын холбогдох албан бичиг, Үнэлгээний хорооны зөвлөмжийг үндэслэн “Э” ХХК-тай гэрээг байгуулсан ...” гэж;
2.4.Хариуцагч Монгол Улсын Сангийн яамнаас /цаашид Сангийн яам гэх/ “... “Т” ХХК-аас ирүүлсэн гомдолд дурдсан асуудлын хүрээнд тендерийг хянан үзсэн. “Э” ХХК-ийн төсөв, ХАБЭА-ны ажилтны гэрчилгээ, тусгай зөвшөөрөл, тоног төхөөрөмжтэй холбогдуулан ... худалдан авах ажиллагааны цахим системээс шалгахад тухайн тендерт оролцогч болон туслан гүйцэтгэгч тус бүр үүргийнхээ хүрээнд тусгай зөвшөөрөлтэй байсан учраас захиалагчийн шийдвэр үндэслэлтэй, ... ажиллах хүчин, материал, тээвэр, машин механизм зэрэг зардлын тус бүрээр тооцсон ажлын төсвийг холбогдох эрх бүхий төсөвчнөөр баталгаажуулаад программаар тооцоод ирүүлсэн байсан учраас тухайн задаргааг ирүүлээгүй гэх гомдол үндэслэлгүй, ... “Э” ХХК нь ХАБЭА-ны ажилтныг санал болгосон бөгөөд тухайн этгээдийн гэрчилгээг ирүүлсэн байсан учраас захиалагчийн шийдвэр үндэслэлтэй, ... авто тээврийн лавлагааг шалгахад ... экскаваторыг санал болгосон учраас бүртгэлийн мэдээлэл зөрүүтэй гэх гомдол үндэслэлгүй, ... гомдол хянасан албан бичиг хууль зүйн үндэслэлтэй, ... “Т” ХХК-аас 5 үндэслэлийнхээ зарим нэг асуудлаа хүлээн зөвшөөрсөн. Сангийн яам гомдол бүхэлдээ үндэслэлгүй тохиолдолд хуульд заасны дагуу тендерийн баталгааг улсын орлого болгодог. “Т” ХХК-аас татгалзсан үндэслэлээ шалгуулъя гэдэг зүйлийг огт хэлээгүй, ...” гэж;
2.5.Гуравдагч этгээдээс “... нэхэмжлэлийн шаардлагын агуулга, үндэслэлтэй нэг бүрчлэн танилцахад Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн зорилтод нийцэхгүй, хэний, ямар хуулийн этгээдийн ямар эрх, хэрхэн зөрчигдсөнийг шаардаж буй нь тодорхойгүй, ... нийслэлийн Засаг даргын Тамгын газрын дарга, “Э” ХХК-ийн хооронд байгуулсан хэлцлийг илт хууль бус болохыг тогтоолгох асуудал нь ... иргэний эрх зүйн хэлцлийн хүчин төгөлдөр байх эсэх талаарх маргаан гэж үзэж байна, ... нэхэмжлэгч талаас Сангийн яаманд хандаж гаргасан гомдлын шаардлагыг тухайн байгууллага хүлээн авахаас татгалзаж, шийдвэр нийслэлийн Худалдан авах ажиллагааны газарт хүргүүлж, гэрээ хийх эрх олгосны дагуу “Э” ХХК нь нийслэлийн Засаг даргын Тамгын газартай 2024 оны 06 дугаар сарын 18-ны өдөр ажил гүйцэтгэх гэрээ байгуулсан, одоо барилгын ажил 2024 онд улсын төсөвт тусгагдсан хэмжээнд зохих ёсоор биелэгдсэн буюу 25 хувийн гүйцэтгэлтэй, 5 давхрын карказ цутгалт бүрэн дуусгавар болсон, ... нэхэмжлэгчээс “Э” ХХК-аас ирүүлсэн тендерийн материалыг шаардлага хангаагүй болохыг 5 үндэслэлээр тодорхойлсон боловч эдгээр нөхцөл байдал бүгд үгүйсгэгдсэн ...” гэсэн агуулгаар тус тус маргасан байна.
3.Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрээр нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ “… Нэгтгэн дүгнэвэл, ... худалдан авах ажиллагаанд ил тод, өрсөлдөх тэгш боломжтой, үр ашигтай, хэмнэлттэй, хариуцлагатай байх зарчмыг хариуцагч нар зөрчөөгүй, нэхэмжлэгч хуулийн этгээдүүдийн түншлэлээр ирүүлсэн тендерээс Тендерийн хуулийн 26.10, 28.1.3-т заасны дагуу татгалзсаны дараах тендерийг үнэлэх шатанд хэрэгжсэн шийдвэртэй маргаж, Тендерийн хуулийн 59.3-т зааснаар үндэслэл бүхий гомдол гаргаагүй болох нь Сангийн яамны хянасан шийдвэрээр нотлогдсон, хариуцагч захиргааны байгууллага болох захиалагчийн болон үнэлгээний хорооны гол зорилго, тэр дундаа тендер шалгаруулалтын гол зорилго нь тухайн төсөл арга хэмжээг хэрэгжүүлж чадах гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах явдал бөгөөд, тендерийг нээх, хянан үзэх, үнэлэх, гэрээ байгуулах эрх олгох, гэрээ байгуулах зэрэг хоорондоо холбоо бүхий захиргааны үйл ажиллагааг хэрэгжүүлж гаргасан тендерийн талаарх шийдвэр буюу маргаан бүхий захиргааны актууд нь холбогдох хууль болон журамд заасныг зөрчөөгүй, үүгээрээ нэхэмжлэгч хуулийн этгээдүүдийн эрх хууль ёсны ашиг сонирхлыг хөндөөгүй байна ...” гэж дүгнэсэн.
4.Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх нэхэмжлэгч компанийн түншлэлийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлоор хэргийг хянаад “... анхан шатны шүүх маргаан бүхий актын талаар зөв дүгнэсэн боловч улсын тэмдэгтийн хураамжийг буруу хуваарилсан байх тул ...” гэсэн үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийн Тогтоох хэсгийн 2 дахь заалтыг “... Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч хуулийн этгээдүүдээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилсан төлсөн 140,400 төгрөгөөс 70,200 төгрөгийг нэхэмжлэгч “Т” ХХК, “Тм” ХХК нарт буцаан олгож, үлдэх 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй” гэсэн өөрчлөлт оруулсан.
5.Хяналтын журмаар гаргасан гомдлын үндэслэл: “... Анхан шатны шүүхийн хийсэн дүгнэлтийг давж заалдах шатны шүүх үндэслэлтэй хэмээн шийдвэрлэсэн ба шүүх хуулийг үзэл баримтлалаас өөрөөр тайлбарлан хэрэглэж зөрүү гаргасан, мөн Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн шинэчилсэн найруулга 2024 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс хэрэгжиж эхэлсэн ба энэхүү тохиолдолд эрх зүйн шинэ ойлголт, хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзэж байна. Учир нь, анхан болон давж заалдах шатны шүүх дээрх хуулийн 26 дугаар зүйлийн 26.9-д заасныг тайлбарлаж хэрэглээгүй, хуулийн 60 дугаар зүйлд хуульд гомдол гаргах эрхийг заасан байхад давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн маргах тэгш эрхгүй гэх дүгнэлтийг зөвтгөж байна гэж үзэхээр байдаг. Мөн Сангийн яам нь “М” ХХК болон нэхэмжлэгч нараас гомдол гаргахад нэгэнд нь үндэслэлгүй, нөгөө оролцогчид нь үндэслэлтэй гэж хариу өгөөд шийдвэрийг хүчингүй болгосон. Үүний дагуу дахин үнэлгээ хийхдээ хуульд заасан шаардлага хангаагүй компанийг дахин шалгаруулсан нь хууль болон бодит байдалд нийцэхгүйгээс гадна тендерийн баталгааны 20,000,000 төгрөгийг улсын орлого болгосон нь үндэслэлгүй.
5.1.Давж заалдах шатны шүүх улсын тэмдэгтийн хураамжийг бодохдоо анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсэгт өөрчлөлт оруулсан мөртлөө өөрсдөө 140,400 төгрөгийг улсын орлого болгосон. Түүнчлэн хариуцагч нараас шүүх хуралдаан дээр тайлбар гаргахдаа нэхэмжлэгч нарыг хурал дээр шинэ зүйл гаргадаг гэх боловч өөрсдөө хянан үзэх, үнэлэх, урьдчилсан журмаар гомдол гаргаж байхад бүрэн хянан үзээгүй нь хариуцагч нарын буруу гэж үзэж байна. Учир нь, нэхэмжлэгч нар эхнээсээ л өөрсдийнх нь хүргүүлсэн тендерээс татгалзсан нь үндэслэлгүй гэж маргаж ирсэн ба татгалзсан үндэслэл нь ижил төстэй ажил байдаг. Үүнийг нотлох бичиг баримтыг тендер шалгаруулалтын зааварчилгаанд сонгох боломжтой байдлаар заасан байхад анхан болон давж заалдах шатны шүүх улсын комиссын актыг үнэлдэг. Гэтэл сонголт буюу эсхүл гэдгийг орхигдуулж байгаа нь тэгш, хариуцлагатай байх зарчимд нийцэхгүй. Тухайн зарласан тендер нь барилга угсралтын ажил байдаг ба ижил төстэй ажилд мөн адил барилга угсралтын ажил гүйцэтгэж байсан байхыг шаардаж байна гэж ойлгож байгаа. Үүний дагуу нэхэмжлэгч нар нь Иргэний хуулийн 343 дугаар зүйлд заасан ажил гүйцэтгэсэн баримтаа өгсөн.
Шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах үндэслэлийн талаар.
5.2.Нийслэлийн Худалдан авах ажиллагааны газрын 2024 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн 03/919, 03/923 дугаар, 2024 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн 03/1141, 03/1145 дугаар “Мэдэгдэл хүргүүлэх тухай” мэдэгдэл тус бүрээр “Т” ХХК болон “Тм” ХХК-ийн түншлэлээр хүргүүлсэн тендерээс татгалзсаныг болон “Э” ХХК-д гэрээ байгуулах эрх олгосон шийдвэрүүдийг тус тус хууль бус болохыг тогтоолгож, хүчингүй болгуулах, нийслэлийн Худалдан авах ажиллагааны газрын тендер шалгаруулалтын *** дугаартай, Нийслэлийн хүүхдийн сэргээн засах “Эрүүл үрс” төвийн барилга, 80 ор /***/ ажил гүйцэтгэгчийн сонгон шалгаруулалтын үнэлгээг дахин хуульд заасны дагуу үнэлэхийг нийслэлийн Худалдан авах ажиллагааны газрын Үнэлгээний хороонд даалгах шаардлагын тухайд:
Анхан шатны шүүх уг шаардлагын тухайд.
5.3.Шүүхийн шийдвэрийн Үндэслэх хэсгийн 24-т “Үүнээс үзэхэд, захиалагч болон үнэлгээний хороо тендерт үнэлгээ хийхээс өмнө нэхэмжлэгч хуулийн этгээдээс ирүүлсэн тендер нь татгалзагдах нөхцөл бүрдсэнээр уг тендерт тендерийн материалаа үнэлүүлсэн гуравдагч этгээдийн эрхийг давж дүйцэхүйц байдлаар нэхэмжлэгч тал нь маргах боломжгүй буюу нэхэмжлэгч нарыг маргаан бүхий тендерийн ялагч “Э” ХХК-тай маргах энэ тэнцүү эрхгүй” гэж дүгнэсэн. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 болон тухайн тендерийн оролцогч нарын гомдол гаргах эрхийг хуульд заагаагүй үндэслэлээр эрхгүй мэтээр дүгнэсэнд гомдолтой байна.
5.4.Аливаа тендер шалгаруулалт нь дараах зарчмаар явагддаг. (i).Оролцогч нарын ирүүлсэн баримт хууль тогтоомж болон тендерийн баримт бичиг, өгөгдлийн хүснэгтэд заасан шаардлага хангасан эсэх талаар Үнэлгээний хороо үнэлгээ хийж, зөвлөмж гаргаж захиалагчид хүргүүлэх бөгөөд (ii).Захиалагч Үнэлгээний хорооны зөвлөмж хууль тогтоомжид нийцсэн эсэхэд хяналт тавих, (iii).Сангийн яам оролцогчийн гомдлыг үндэслэн захиалагчийн гаргасан шийдвэрийг хууль зөрчсөн эсэхийг хянадаг. Нэхэмжлэгч нар нь энэхүү шат дараалсан буюу хоорондоо холбоо бүхий захиргааны үйл ажиллагаанаас гарсан анхдагч захиргааны актын хууль зүйн үндэслэлийн талаар маргаж, эцэст нь шүүхэд хандсан. Өөрөөр хэлбэл, Үнэлгээний хорооноос хамгийн сайн тендер ирүүлсэн гэж шалгаруулсан “Э” ХХК-ийн ажиллах хүч буюу барилгын үйл ажиллагааны хамгийн том эрсдэлээс урьдчилан сэргийлэгч ХАБЭА ажилтан нь тухайн мэргэжлээр 1 жилээс дээш ажилласан туршлагагүй, сертификат нь хүчин төгөлдөр эсэх нь илтэд эргэлзээтэй мөн ажил хийх төсөв нь ажлын зургийн даалгаварт үндэслээгүй, эх сурвалж тодорхойгүй, хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа Барилга, хот байгуулалтын сайдын 2020 оны 30 дугаар тушаалын хавсралт Барилгын төсөв зохиох дүрмийн 3.6, 3.7, 4.1, 4.2, 4.3-ыг тус тус хангаагүй байдаг. Хэрэв Үнэлгээний хороо, захиалагч, санхүү төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага нь тухайн компанийн баримт бичгийг хуульд заасан эсэхийг үнэн зөвөөр, ул суурьтай хянан үзсэн бол гуравдагч этгээдийн тендер шалгарахгүй байсан. Бид энэ талаар л шат шатны байгууллагад нь гомдол гаргаснаар шүүхэд хандсан.
5.5.Дээрхийг нэгтгэн дүгнэвэл, Үнэлгээний хороо нь дээрх хуулийн 26 дугаар зүйлийн 26.4-т заасны дагуу оролцогч нараас ирүүлсэн тендерийн баримт бичгийг хянан үзэхдээ, нэхэмжлэгч нараас үндэслэлгүйгээр татгалзаж, 26 дугаар зүйлийн 26.4.1, 26.4.4-т заасан шаардлага хангаагүй “Э” ХХК-ийг хамгийн сайн тендер ирүүлсэн гэж үзсэн нь хууль зүйн үндэслэлгүй. Ийнхүү хууль зүйн үндэслэлгүй байдлаар гаргасан Үнэлгээний хорооны зөвлөмжийг хууль тогтоомжид нийцсэн эсэхийг хянах үүргээ захиалагч мөн хуулийн 48 дугаар зүйлийн 48.2.3-т заасан үүргээ биелүүлээгүй. Цаашлаад санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага нэхэмжлэгч нараас гаргасан гомдлын дагуу гуравдагч этгээдийн материалыг холбогдох хууль тогтоомжид нийцсэн, захиалагчийн шийдвэр үндэслэлтэй гэж дүгнэхдээ тодорхой, үндэслэл бүхий хариу өгөөгүй байдаг.
5.6.Өнөөдрийг хүртэл, нэхэмжлэгч нар нь шүүхийн шийдвэрийн Үндэслэх нь хэсгийн 27, 27.1, 27.2, 27.3, 28 дахь хэсэгт дурдсан гомдлын үндэслэлдээ тодорхой хариулт авч чадаагүй. Шүүх нэхэмжлэгч нараас гаргасан гомдлыг үндэслэлгүй талаар шийдвэрийн Үндэслэх нь хэсгийн 28.1-д “... Нэхэмжлэгчийн гомдлын хүрээнд захиалагчийн шийдвэрийг хянан үзэж, Тендерийн хуулийн 59.4, 59.6, 59.8, 59.9-д заасан зохицуулалтыг хангаж хянан шийдвэрлэсэн болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогддог болохыг тэмдэглэх нь зүйтэй” гэж дүгнэсэн нь үндэслэл бүхий болж чадаагүй. Учир нь, маргаан бүхий тендерт ирүүлсэн гуравдагч этгээд “Э” ХХК-ийн төсөв Барилга, хот байгуулалтын сайдын 2020 оны 30 дугаар тушаалын хавсралт Барилгын төсөв зохиох дүрэмд нийцээгүй, тендер шалгаруулалтын баримт бичигт нийцээгүй, үндэслэлгүй байгаа гэсэн гомдлынхоо дагуу үндэслэлтэй хариулт авч чадаагүй. Шүүх тухайн төсвийг дээрх дүрмийн хавсралт 17а-д заасан шаардлага хангасан гэжээ. Гэтэл бид тухайн төсөв, тус дүрмийн хавсралт 176, дүрмийн 3.6, 3.7, 4.1, 4.2, 4.3-т заасан шаардлага хангаагүй, ажлын зургийн даалгаврын дагуу хийгдээгүй, төсөв бүхэлдээ тус дүрэмд нийцээгүй талаар гомдол гаргадаг. Гэвч энэхүү гомдлын дагуу “Э” ХХК-ийн тендерт ирүүлсэн төсвийг хянан үзэхгүй байгаа нь үнэхээр учир дутагдалтай байна.
5.7.Манай түншлэлийн тендерээс татгалзахдаа, Өгөгдлийн хүснэгтийн ТШЗ 19.1-ийн 3-т “Тендерт оролцогчийн техникийн чадавх болон туршлагын шалгуур үзүүлэлт шаардлага: сүүлийн 3 жил буюу 2021, 2022, 2023 онуудын аль нэг жилд батлагдсан төсөвт өртгийн 30 хувиас багагүй үнийн дүнтэй ижил төстэй ажлын үндсэн гүйцэтгэгчээр доод тал нь нэг удаа ажилласан байх” гэсэн шаардлагыг хангаагүй гэдэг. Гэтэл нэхэмжлэгч нарын хувьд, ижил төстэй ажил гэж үзсэн барилга, угсралтын ажлыг 2020-2022 оны хооронд гүйцэтгэсэн бөгөөд барилгын ажил 2022 оны 05 дугаар сарын 11-ний өдрөөр дуусгавар болсон. Тухайн барилгын ажлыг гүйцэтгүүлэгч “Ж” ХХК нь манай компанийн хувьд захиалагч бөгөөд захиалагчтай байгуулсан гэрээ, захиалагчийн ажил хүлээлцсэн дүгнэлт, тодорхойлолт зэргийг бид ТШ3 19.2.3-т заасан шаардлагын дагуу бүрдүүлэн өгсөн. Иймд тухайн шаардлагыг хангаагүй гэж үзсэн Үнэлгээний хороо, захиалагчийн шийдвэр, санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын шийдвэрүүдийг эс зөвшөөрч, зөрчигдсөн эрхээ хамгаалуулахаар шүүхэд хандсан. Гэвч шүүх гуравдагч этгээдтэй маргах энэ тэнцүү эрхгүй гэх үндэслэлээр нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон нь хууль зүйн үндэслэлгүй, хуулийг буруу тайлбарласан. Учир нь, нийслэлийн Худалдан авах ажиллагааны газрын гаргасан татгалзсан шийдвэр нь хуулийн 17 дугаар зүйлийн 17.2.1, 17.5-т заасантай нийцээгүй нь илтэд тодорхой буюу нөгөө талаас нэхэмжлэгч нар нь тус хуулийн 26 дугаар зүйлийн 26.9-д заасан шаардлагад нийцсэн тендер илгээсэн буюу шүүхэд өгсөн нотлох баримтаар илтэд тодорхой байтал шүүх нийслэлийн Худалдан авах ажиллагааны газар хууль зөрчөөгүй гэж үзсэнийг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна.
Давж заалдах шатны шүүх уг шаардлагын тухайд.
5.8. тус шүүхийн Үндэслэх хэсгийн 11-д “Сүүлийн 3 жил буюу 2021, 2022, 2023 онуудын аль нэг жилд батлагдсан төсөвт өртгийн 30 хувиас багагүй үнийн дүнтэй ижил төстэй ажлын гэрээ ирүүлээгүй байгаа нь шаардлага хангахгүй байна. Мөн дээрх гэрээний 2022 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн БА-1101/2022 дугаартай Барилга байгууламжийг ашиглалтад оруулах комиссын дүгнэлтийн 2.4-т “Барилгын ажлын гүйцэтгэгч “Ж” ХХК байгаа нь ижил төстэй ажлын үндсэн гүйцэтгэгчээр доод тал нь нэг удаа ажилласан байх шаардлагыг хангахгүй байна” хэмээн нэхэмжлэгч “Т” ХХК болон “Тм” ХХК-ийн түншлэлийн тендерийн материал нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 15, 16, 17 дугаар зүйлд заасан чадавхын болон туршлагын доод шаардлагыг хангасан байх” гэж заасны дагуу шаардлага хангаагүй болох нь тогтоогдож байна гэж дүгнэсэн.
5.9.Үндэслэх хэсгийн 16-д “нэхэмжлэгч тал Үнэлгээний хорооноос хамгийн сайн тендер ирүүлсэн гэж шалгаруулсан “Э” ХХК-ийн ажиллах хүч буюу барилгын үйл ажиллагааны хамгийн том эрсдэлээс урьдчилан сэргийлэгч ХАБЭА ажилтан нь тухайн мэргэжлээр 1 жилээс дээш ажилласан туршлагагүй, сертификат нь хүчин төгөлдөр эсэх нь илтэд эргэлзээтэй мөн ажил хийх төсөв нь ажлын зургийн даалгаварт үндэслээгүй, эх сурвалж тодорхойгүй, хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа Барилгын төсөв зохиох дүрмийн 3.6, 3.7, 4.1, 4.2, 4.3-т заасныг тус тус хангаагүй гэж маргасан, давж заалдах шатны шүүхээс анхан шатны шүүхийн “гуравдагч этгээдийн ирүүлсэн тендер нь гүйцэтгэх ажлын төсвийг бүрэн тодорхой тооцоолоогүй, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн ажилтан хуульд заасан шаардлагыг хангаагүй, баримт бичгийн шаардлагыг хангаагүй байхад Тендерийн хуулийн 26.9-д заасныг зөрчиж, баримт бичгийн бүх шаардлагыг нэгэн зэрэг хангасан тендер гэж үзсэн нь хууль бус гэх нэхэмжлэлийн тайлбар үндэслэлгүй” хэмээн дүгнэсэн нь үндэслэл бүхий байна гэж дүгнэсэн.
5.10.Иймд нэхэмжлэгч нараас шүүхэд гаргасан нийслэлийн Худалдан авах ажиллагааны газар, Үнэлгээний хороонд холбогдох (i).Нийслэлийн Худалдан авах ажиллагааны газрын 2024 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн 03/919, 03/923 дугаар, 2024 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн 03/1141, 03/1145 дугаар “Мэдэгдэл хүргүүлэх тухай” мэдэгдэл тус бүрээр “Т” ХХК болон “Тм” ХХК-ийн түншлэлээр хүргүүлсэн тендерээс татгалзсаныг болон “Э” ХХК-д гэрээ байгуулах эрх олгосон шийдвэрүүдийг тус тус хууль бус болохыг тогтоолгож, хүчингүй болгуулах, (ii).Нийслэлийн Худалдан авах ажиллагааны газрын 2024 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн 03/919, 03/923 дугаар, 2024 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн 03/1141, 03/1145 дугаар шийдвэрүүд гарах үндэслэл болсон тус газрын Үнэлгээний хорооны 2024 оны 05 дугаар сарын 09, 2024 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн тэмдэглэл (зөвлөмж)” тус бүрийн “Т” ХХК болон “Тм” ХХК-ийн түншлэлээр хүргүүлсэн тендерээс татгалзсан хэсэг, “Э” ХХК-ийг шалгаруулсан хэсгийг хууль бус болохыг тогтоолгож, хүчингүй болгуулах, (iii).Нийслэлийн Худалдан авах ажиллагааны газрын тендер шалгаруулалтын *** дугаартай, Нийслэлийн хүүхдийн сэргээн засах “Эрүүл үрс” төвийн барилга, 80 ор /***/ ажил гүйцэтгэгчийн сонгон шалгаруулалтын үнэлгээг дахин хуульд заасны дагуу үнэлэхийг нийслэлийн Худалдан авах ажиллагааны газрын Үнэлгээний хороонд даалгах тухай нэхэмжлэлийн шаардлагуудыг шүүхэд бичгээр гаргасан болон шүүх хуралдааны явцад гаргасан тайлбарын дагуу хангаж өгнө үү. Түүнчлэн, нэхэмжлэгч талын зүгээс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагын тодруулсан үндэслэлд шүүхээс огт дүгнэлт өгөөгүй байдгийг анхаарч үзнэ үү.
5.11.Анхан шатны шүүх болон давж заалдах шатны шүүх “... Үнэлгээний хороо, захиалагчийн шийдвэрийг хууль зөрчөөгүй гэж үзсэн тул ...” гээд нэхэмжлэгчээс гаргасан (IV).Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын дарга Л.Х “Э” ХХК-ийн захирал А.Ч нарын хооронд байгуулагдсан 2024 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн *** дугаартай Нийслэлийн хүүхдийн сэргээн засах “Эрүүл үрс” төвийн барилга, 80 ор (***) ажил гүйцэтгэх гэрээг илт хууль бус болохыг тогтоолгох, (V).Сангийн яамны 2024 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн 03/4530 дугаар “Гомдол хянасан тухай” албан мэдэгдлийг хүчингүй болгуулах, (VI).Сангийн яамны 2024 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн 03/4593 дугаар “Тендерийн баталгааг улсын орлого болгох тухай” албан мэдэгдлийг хүчингүй болгож, тендерийн баталгааны 20,000,000 төгрөгийг буцаан гаргуулах гэсэн шаардлагуудыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг мөн эс зөвшөөрч байна.
5.12.Дээр дурдсанаар нэхэмжлэгч нар нь “Э” ХХК-д гэрээ байгуулах эрх олгосон шийдвэрийг эс зөвшөөрч, тухайн шийдвэрийг гаргахдаа Үнэлгээний хороо, захиалагч нар хууль зөрчсөн гэж үзэж байгаа тул хууль зөрчсөн шийдвэрийг үндэслэн байгуулагдсан гэрээг илт хууль бус гэрээ гэж үзэж байна. Давж заалдах шатны шүүхээс уг шаардлагын тухайд Үндэслэх хэсгийн 19-д “Нэгэнт худалдан авах ажиллагааны газраас гуравдагч этгээд “Э” ХХК-ийг хамгийн сайн тендерээр шалгаруулж, гэрээ байгуулах эрх олгосон тул 2024 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн *** дугаартай гэрээ нь утга агуулгын хувьд хэнд ч ойлгомжтой байх тул Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлд заасан илт хууль бус актын шинжийг агуулаагүй байна” гэж дүгнэсэн. Иймд Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 41.1.6, Захиргааны ерөнхий хуулийн 55 дугаар зүйлийн 55.1.1-д заасан үндэслэлээр ... ажил гүйцэтгэх гэрээг илт хууль бус болохыг тогтоож өгнө үү.
5.13.Түүнчлэн, нэхэмжлэгч нарын хувьд, захиалагчийн шийдвэрийг эс зөвшөөрч мөн хуулийн 59 дүгээр зүйлд заасны дагуу Сангийн яаманд гомдол гаргасан. Сангийн яам нь бидний гаргасан гомдлыг мөн зүйлийн 59.8-т заасны дагуу хянан үзээд, гомдол үндэслэлгүй, захиалагчийн шийдвэр үндэслэлтэй гэх хариу ирүүлсэн. Гэтэл гэрээ байгуулах эрх авсан “Э” ХХК-ийн тухайн тендерт ирүүлсэн баримт нь мөн хуулийн 15, 17, 26 дугаар зүйлийн 26.4.1, 26.4.4-т тус тус хуульчилсан шаардлага болон захиалагчаас тавьсан шаардлагаас ТШЗ 19.1, 19.2, 19.2.1, 19.2.2, 19.2.5, 21.2-т заасан шаардлагыг хангаагүй байдаг. Тус хуулийн 59 дүгээр зүйлийн 59.10-т зааснаар санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага нь оролцогчоос гаргасан гомдлыг хянан үзэж, захиалагч тухайн хуулийг зөрчсөн эсэхийг шалгах үүрэгтэй. Гэтэл мөн хуулийн 15, 17, 26 дугаар зүйлийн 26.4.1, 26.4.4, 27 дугаар зүйлд заасныг зөрчсөн шийдвэр гаргасан захиалагчийн шийдвэрийг хэвээр үлдээсэн буюу хуульд заасан үүргээ хэрэгжүүлэх байдлаар бидний гомдлыг хянаж үзээгүй. Гэтэл шүүхээс Сангийн яамны баримтаар нэхэмжлэлийн үндэслэл няцаагдаж байна гэснээс өөр тодорхой дүгнэлт өгөөгүй бөгөөд Сангийн яам нь журмын дагуу гомдлыг хүлээн авч, хянасан. Гэвч тухайн гомдол дурдсан асуудалд хууль зүйн үнэлэлт, дүгнэлт огт өгөөгүй талаарх гомдолд шүүхээс дүгнэлт хийгээгүй гэж үзэхээр байна.
5.14.Анхан шатны шүүх Сангийн яамтай холбоотой асуудлуудыг, Сангийн яам нь хуульд зааснаар гомдлыг хянан шалгаж үзсэн болон гаргасан шийдвэр нь хуульд заасан болон дүрэм журмын дагуу гэж үзээд байгаа боловч Үнэлгээний хороо, захиалагч, нийслэлийн Худалдан авах ажиллагааны газар, Сангийн яам нь шат шатандаа хяналт шалгалтыг хууль дүрэм журмын дагуу явж байгаа эсэхийг хянаагүй. Шат дараалсан байгууллагууд нь гомдлыг хянасан болоод өнгөрөх биш гаргасан дүгнэлт шийдвэр нь хуульд нийцэж байгаа эсэхийг шалгаж шийдвэр гаргах ёстой.
5.15.Давж заалдах шатны шүүхээс мөн адил тендерийн баталгааг улсын орлого болгох тухай албан мэдэгдлийг хүчингүй болгох үндэслэл тогтоогдсонгүй гэж үзсэнийг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад цугларсан нотлох баримтыг буруу үнэлж, хуулийг буруу тайлбарлаж, зарим тохиолдолд үндэслэлгүйгээр дүгнэлт өгч байгаа талаар гомдолдоо дурдсан байхад давж заалдах шатны шүүхээс үүнийг зөвтгөн шийдвэрлэсэн. Тиймээс шүүхийн шатанд энэ алдааг засах нь хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой.
5.16.Иймд шийдвэр, магадлалыг тус тус хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь буюу Сангийн яамны 2024 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн 03/4530 дугаар “Гомдол хянасан тухай” албан мэдэгдлийг хүчингүй болгож, Сангийн яамны 2024 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн 03/4593 дугаар “Тендерийн баталгааг улсын орлого болгох тухай” албан мэдэгдлийг хүчингүй болгож, тендерийн баталгааны 20,000,000 төгрөгийг буцаан гаргуулж өгнө үү.
6.Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Э.Б-ын хяналтын журмаар гаргасан гомдлыг 2025 оны 03 дугаар сарын 14-ний өдөр Улсын дээд шүүх хүлээн авч, Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдааны 2025 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн 001/ШХТ2025/0148 дугаар тогтоолоор “шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах”, “хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн” эсэх үндэслэлүүдээр хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээр шийдвэрлэсэн.
7.Хариуцагч, гуравдагч этгээд нараас нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан гомдолтой холбогдуулан шүүхэд бичгээр тайлбар ирүүлээгүй, шүүх хуралдаанд тайлбараа гаргасан.
ХЯНАВАЛ:
8.Хяналтын шатны шүүхээс дараах үндэслэлээр анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулж, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэв.
9.Нэг. Нийслэлийн Худалдан авах ажиллагааны газрын 2024 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн 03/919, 03/923 дугаар албан бичиг, тус газрын Үнэлгээний хорооны 2024 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн тэмдэглэл (зөвлөмж)-ийн “Т” ХХК болон “Тм” ХХК-ийн түншлэлээс хүргүүлсэн тендерээс татгалзсан хэсэг, “Э” ХХК-ийг шалгаруулсан хэсгийг хууль бус болохыг тогтоолгож, хүчингүй болгуулах шаардлагын тухайд:
9.1.Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд, нийслэлийн Худалдан авах ажиллагааны газрын даргын 2024 оны А/01 дүгээр тушаалаар байгуулагдсан Нийслэлийн хүүхдийн сэргээн засах “Эрүүл үрс” төвийн барилга, 80 ор (***) ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах Үнэлгээний хороо нь 2024 оны 03 дугаар сарын 15-ны өдөр хуралдаж, тус тендер шалгаруулалтын баримт бичгийг боловсруулж, мөн өдөр тендер шалгаруулалтыг зарлаж, цахим системээр тендер хүлээн авах эцсийн хугацааг 2024 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн 09 цаг 00 минутад хүлээн авч, 09 цаг 30 минутад нээхээр шийдвэрлэсэн.
9.2.Гэвч сонирхогч этгээдээс Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газарт гомдол гаргасан, нийслэлийн Худалдан авах ажиллагааны газрын 2024 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 03/553 дугаар албан бичгээр дээрх баримт бичгийн өгөгдлийн хүснэгтэд өөрчлөлт оруулсантай холбогдуулан тендер хүлээн авч, нээх хугацааг ажлын 5 өдрөөр сунгасан, 2024 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр тендерийг нээхэд нийт 5 компани буюу “Б э Б к” ХХК, “М” ХХК, “Э” ХХК, “Б р т” ХХК болон “Х д” ХХК-ууд түншлэлээр, “Т” ХХК болон “Тм” ХХК-ууд түншлэлээр оролцохоор үнийн саналыг холбогдох баримтын хамт ирүүлсэн байна.
9.3.Нийслэлийн Худалдан авах ажиллагааны газрын даргын 2024 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн А/32 дугаар тушаалын 2 дугаар хавсралтаар байгуулагдсан Нийслэлийн хүүхдийн сэргээн засах “Эрүүл үрс” төвийн барилга, 80 ор (***) ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах Үнэлгээний хороо тухайн өдөр хуралдаж, цахим системээс оролцогчдын ирүүлсэн материалыг татаж авах, үнэлгээ хийхэд шаардлагатай бэлтгэл ажлыг хангасны дараа дахин хуралдахаар шийдвэрлэсэн байна.
9.4.Улмаар тус Үнэлгээний хороо нь 2024 оны 05 дугаар сарын 09-ний өдөр хуралдаж, 03 дугаар тэмдэглэлээр Нийслэлийн хүүхдийн сэргээн засах “Эрүүл үрс” төвийн барилга, 80 ор (***) ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тендерийг хянан үзэж, “Б э Б к” ХХК, “М” ХХК, “Т” ХХК болон “Тм” ХХК-ийн түншлэл гэсэн 3 оролцогчийн тендерийг “шаардлагад нийцээгүй” гэж татгалзсан, ингэхдээ нэхэмжлэгч компанийн түншлэлийн тендерээс “... сүүлийн 3 жил буюу 2021, 2022, 2023 онуудын аль нэг жилд батлагдсан төсөвт өртгийн 30 хувиас багагүй үнийн дүнтэй ижил төстэй ажлын гэрээ ирүүлээгүй байгаа нь шаардлага хангаагүй, ... ижил төстэй ажлын үндсэн гүйцэтгэгчээр доод тал нь нэг удаа ажилласан байх шаардлагыг хангаагүй” гэсэн үндэслэлээр татгалзжээ.
9.5.Харин “шаардлагад нийцсэн” гэх үндэслэлээр “Э” ХХК, “Б р т” ХХК болон “Х д” ХХК-ийн түншлэл гэсэн 2 оролцогчийн тендерийг үнэлэх ажиллагааг явуулж, хамгийн бага үнийн санал ирүүлсэн үндэслэлээр “Э” ХХК-ийн тендерийг “хамгийн сайн тендер” гэж үзэж, гишүүдийн 100 хувийн саналаар тус тендерийн гүйцэтгэгчээр шалгаруулсан байна.
9.6.Үнэлгээний хорооны энэхүү шийдвэрийн дагуу нийслэлийн Худалдан авах ажиллагааны газрын 2024 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн 03/919 дүгээр албан бичгээр “Э” ХХК-д гэрээ байгуулах эрх олгосон мэдэгдлийг; мөн өдрийн 03/923 дугаар албан бичгээр “Т” ХХК болон “Тм” ХХК-ийн түншлэлийн тендерээс татгалзсан тухай мэдэгдлийг тус тус хүргүүлсэн байна.
9.7.Нэхэмжлэгч “Т” ХХК-аас дээрх шийдвэрийг эс зөвшөөрч маргахдаа өөрийг нь тендерээс татгалзсан үндэслэлийн талаар гомдол гаргаагүй, харин “захиалагчийн гэрээ байгуулах эрх олгосон “Э” ХХК төсөвт барилгын төслийн ажилбар тус бүрийн ажиллах хүчний зардал, материалын зардал, тээврийн зардал, машин механизмын зардал зэргийн задаргаа ирүүлээгүй, ХАБЭА-ны гэрчилгээ хүчин төгөлдөр бус, санал болгосон машин механизмын түрээсийн гэрээнд машины дугаар бичигдээгүй, *** тээврийн хэрэгслийн эзэмшигчийн бүртгэлийн мэдээлэл зөрүүтэй, тусгай зөвшөөрлийн шаардлагыг хангаагүй, ижил төстэй ажлын комиссын акт бүдэг гаргацгүй, машин механизмын бичиг баримт бүдэг гаргацгүй байх тул “Э” ХХК-ийг шалгаруулсан шийдвэрийг хянан үзэхийг хүссэн” гомдлыг Сангийн яаманд гаргасан. Тус яамнаас гомдолд дурдсан үндэслэлийн дагуу захиалагчийн гэрээ байгуулах эрх олгосон “Э” ХХК-ийн ирүүлсэн тендерийг хянаад 2024 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн 03/4530 дугаар албан бичгээр нэхэмжлэгч “Т” ХХК-ийн гаргасан гомдол үндэслэлгүй, захиалагчийн шийдвэр үндэслэлтэй гэх агуулга бүхий хариуг өгсөн.
9.8.Харин Сангийн яамнаас тендерийн оролцогч “М констракшн” ХХК-ийн гомдлыг хянаад 2024 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн 03/4531 дүгээр албан бичгээр “захиалагчийн 2024 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн 03/922 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, тендер шалгаруулалтын үнэлгээг хуульд нийцүүлэн дахин хийх”-ийг нийслэлийн Худалдан авах ажиллагааны газарт мэдэгджээ.
9.9.Үүнээс үзэхэд, нийслэлийн Худалдан авах ажиллагааны газрын Үнэлгээний хорооны 2024 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн 03 дугаар тэмдэглэл (зөвлөмж), түүнийг үндэслэн гарсан тус газрын 2024 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн 03/919 дүгээр албан бичгээр “Э” ХХК-д гэрээ байгуулах эрх олгосон, 03/923 дугаар албан бичгээр тендерийг шаардлагад нийцээгүй гэж үзэж татгалзсан талаар “Т” ХХК болон “Тм” ХХК-ийн түншлэлд мэдэгдсэн мэдэгдэл зэрэг нь дээд шатны байгууллага болох Сангийн яамны шийдвэрийн дагуу нэгэнт хүчингүй болж, тендерийн үнэлгээг дахин хийсэн байхад нэхэмжлэгч “Т” ХХК болон “Тм” ХХК-ийн түншлэлээс түүнийг хүчингүй болгуулахаар маргаж байгаа нь үндэслэлгүй, дээрх маргаан бүхий актуудын эрх зүйн үйлчлэл дуусгавар болсон байхад анхан болон давж заалдах шатны шүүх холбогдох нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн авч шийдвэрлэсэн нь буруу юм.
9.10.Өөрөөр хэлбэл, анхан шатны шүүхээс шийдвэрийн Үндэслэх хэсгийн 17-д “Нэхэмжлэлийн шаардлагаар тодорхойлсон хариуцагч Худалдан авах ажиллагааны газрын 2024 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн 03/919, 03/923 дугаар албан бичиг, хариуцагч Үнэлгээний хорооны 2024 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн 03 дугаар тэмдэглэл, зөвлөмж нь эрх зүйн үйлчлэлийн хувьд Тендерийн хуулийн 59.10.1-д зааснаар Сангийн яамны 2024 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн 03/4531 дүгээр шийдвэр гарснаар болон маргаан бүхий дараагийн шийдвэр гарснаар дуусгавар болсныг тэмдэглэх нь зүйтэй” гэж зөв дүгнэсэн атлаа нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн авч хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн, уг алдааг давж заалдах шатны шүүхээс залруулахгүй хэвээр үлдээсэн нь үндэслэлгүй.
9.11.Иймээс, энэхүү нэхэмжлэлийн шаардлагыг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.1, 109 дүгээр зүйлийн 109.2-т зааснаар хүлээн авахаас татгалзаж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
10.1.Нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн “... Сангийн яам нь “М” ХХК болон нэхэмжлэгч нараас гомдол гаргахад нэгэнд нь үндэслэлгүй, нөгөө оролцогчид нь үндэслэлтэй гэж хариу өгөөд шийдвэрийг хүчингүй болгосон байдаг. Үүний дагуу дахин үнэлгээ хийхдээ хуульд заасан шаардлага хангаагүй компанийг дахин шалгаруулсан нь хууль болон бодит байдалд нийцэхгүй, ... өөрсдөө хянан үзэх, үнэлэх, урьдчилсан журмаар гомдол гаргаж байхад бүрэн хянан үзээгүй ...” гэсэн гомдлын үндэслэлийг хүлээн авах боломжгүй.
10.2.Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн (цаашид Тендерийн хууль гэх) 59 дүгээр зүйлийн 59.1-д “Санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага захиалагчийн энэ хуулийн 28.1-д заасан шийдвэрийг эс зөвшөөрсөн гомдлыг уг шийдвэр гарснаас хойш ажлын таван өдрийн дотор, захиалагчид гаргасан гомдлыг хуульд заасан хугацаанд шийдвэрлээгүй тухай гомдлыг энэ хуулийн 57.3-т заасан хугацаа өнгөрснөөс хойш ажлын таван өдрийн дотор тус тус хүлээн авна”, 59.3-т “Санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад гаргах гомдол үндэслэл бүхий байна”, 59.8-д “Санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага тендер шалгаруулалтад холбоотой цахим системд байршуулсан баримт бичиг, мэдээлэл, тендер шалгаруулалтын хувийн хэрэгт үндэслэн гомдлын үндэслэлийн хүрээнд ажлын 10 өдөрт багтаан гомдлыг хянан шийдвэрлэнэ”, 59.10-т “Санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага гомдлыг хянан үзэж, захиалагч энэ хуулийг зөрчсөн гэж үзвэл дараах шийдвэр гаргана” гэж заасан.
10.3.Хэрэгт авагдсан баримтуудаар шүүхүүдийн дүгнэсэнчлэн, Сангийн яамнаас тендер шалгаруулалтыг дахин хийхээр хүргүүлсэн албан бичгийн дагуу нийслэлийн Худалдан авах ажиллагааны газрын Үнэлгээний хороо 2024 оны 06 дугаар сарын 05-ны өдөр дахин хуралдаж, маргаан бүхий тендерийг дахин хянаж үзээд нэхэмжлэгч “Т” ХХК болон “Тм” ХХК-ийн түншлэлийн тендерээс “... сүүлийн 3 жил буюу 2021, 2022, 2023 онуудын аль нэг жилд батлагдсан төсөвт өртгийн 30 хувиас багагүй үнийн дүнтэй ижил төстэй ажлын гэрээ ирүүлээгүй байгаа нь шаардлага хангаагүй, ... ижил төстэй ажлын үндсэн гүйцэтгэгчээр доод тал нь нэг удаа ажилласан байх шаардлагыг хангаагүй ...” гэх үндэслэлээр тендерээс татгалзаж байгааг зөвлөмжөөр шийдвэрлэн захиалагчид хүргүүлэхээр тогтжээ.
10.4.Харин гуравдагч этгээд “Э” ХХК-ийн тендерийг Тендерийн хуулийн 27.5-д зааснаар хамгийн сайн үнэлэгдсэн тендерээр шалгарсан талаар зөвлөмж гаргаж, гэрээ байгуулах эрх олгохыг захиалагчид зөвлөмж болгосноор нийслэлийн Худалдан авах ажиллагааны газрын 2024 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн 03/1141 дүгээр “Гэрээ байгуулах эрх олгох тухай” албан бичгээр гуравдагч этгээд “Э” ХХК-д Тендерийн хуулийн 28.1.1-д заасныг үндэслэн гэрээ байгуулах эрх олгож буйг мэдэгдэхээр” гишүүдийн 100 хувийн саналаар шалгаруулсан; уг шийдвэрийг үндэслэн Нийслэлийн худалдан авах ажиллагааны газрын 2024 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн 03/1145 дугаар “Мэдэгдэл хүргүүлэх тухай” албан бичиг, “Э” ХХК-д 2024 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн 03/1141 дүгээр “Гэрээ байгуулах эрх олгох” тухай албан бичгийг дахин хүргүүлсэн зэрэг үйл баримт тогтоогджээ.
10.5.Тендерийн хуулийн 17 дугаар зүйлийн 17.2-т “Техникийн чадавх, туршлагын талаарх мэдээллийг дараах баримт бичгээр нотолж болно:” гээд 17.2.1-д “ажил гүйцэтгэх тендер шалгаруулалтын хувьд сүүлийн гурав хүртэл жилийн хугацаанд гүйцэтгэсэн ажлын жагсаалт, тэдгээрээс ижил төстэй ажлын өртөг, хугацаа, байршил, гэрээний үүргийг гүйцэтгэсэн болохыг нотлох баримт”, 17.4-т “Оролцогч захиалагчийн тогтоосон техникийн чадавх болон туршлагын шаардлагыг хангасан байна”, 26 дугаар зүйлийн 26.4.1-д “Энэ хуулийн 15, 16, 17 дугаар зүйлд заасан чадавхын болон туршлагын доод шаардлагыг хангасан байх”, 26.9-д “Тендер шалгаруулалтын баримт бичгийн бүх шаардлагыг нэгэн зэрэг хангасан тендерийг шаардлагад нийцсэн тендер гэж үзнэ”, 26 дугаар зүйлийн 26.10-т “Энэ хуулийн 26.9-д зааснаас бусад тендер болон дараах тендерийг шаардлага хангаагүй гэж үзэж татгалзана”, 27 дугаар зүйлийн 27.5-д “Тендерийг энэ хуулийн 11.4.1-д зааснаар үнэлэхэд харьцуулах үнийг, энэ хуулийн 11.4.2-т зааснаар үнэлэхэд санхүү, төсвийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний баталсан аргачлал, зааврын дагуу тооцсон үнийг тус тус өсөх дарааллаар эрэмбэлж, эхэнд эрэмбэлэгдсэн тендерийг хамгийн сайн тендер гэж үзнэ” гэж;
10.6.Тендерийн баримт бичгийн Өгөгдлийн хүснэгтийн ТШЗ 19.1-ийн 3-т “Ижил төстэй ажил гүйцэтгэсэн туршлага: “Шаардана” ... сүүлийн 3 жил буюу 2021, 2022, 2023 онуудын аль нэг жилд батлагдсан төсөвт өртгийн 30 хувиас багагүй үнийн дүнтэй ижил төстэй ажлын үндсэн гүйцэтгэгчээр доод тал нь нэг удаа ажилласан байх”, ТШЗ 19.2-ын 3-т “Ижил төстэй ажил гүйцэтгэсэн туршлагыг нотлох дараах баримт бичгийг ирүүлнэ. Үүнд: оролцогчийг туршлагыг харуулах заасан хугацаанд гүйцэтгэсэн ижил төстэй ажил гүйцэтгэсэн гэрээний талаар V бүлгийн маягт 4, 6-ын дагуу бэлтгэсэн мэдээлэл ирүүлнэ. Мэдээллийг нотлох баримт бичиг ирүүлнэ. Үүнд: - Ажил гүйцэтгэсэн гэрээний хуулбар, - Комисс хүлээж авсан акт эсхүл дүгнэлтийн хуулбар - Захиалагчийн тодорхойлолтыг ирүүлнэ. Ижил төстэй ажилд Барилга угсралтын ажил хийж гүйцэтгэсэн туршлагыг тооцно” гэж тус тус заажээ.
10.7.Нэхэмжлэгч “Т” ХХК болон “Тм” ХХК-ийн түншлэлээс тендер сонгон шалгаруулалтад оролцохдоо ТШЗ 19.1-ийн 2-т заасан шаардлагыг хангасан гэж ирүүлсэн “Ж” ХХК-тай байгуулсан *** дугаартай хамтран ажиллах гэрээний огноо нь хэдийгээр 2020 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр боловч гэрээний дагуу хийгдэж буй ажил нь 2022 оны 05 дугаар сарын 11-нд дуусаж, барилгыг ашиглалтад оруулах комиссын дүгнэлт гарсан байх тул цаг хугацааны хувьд хамаарахгүй талаарх хариуцагчийн тайлбар үндэслэлгүй.
10.8.Хэрэгт авагдсан бичгийн болон цахим баримтаас үзэхэд “Ж” ХХК нь өөр этгээдийн өмнө буюу “А ч” ХХК-тай 16 давхар үйлчилгээний талбайтай, 140 айлын орон сууцны барилгын ажлыг 6,528,100,000 төгрөгөөр барихаар 2020 оны 03 дугаар сарын 02-ны өдөр хамтран ажиллах гэрээ байгуулсан, улмаар “Т” ХХК болон “Ж” ХХК-ийн хооронд 2020 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн ***дугаартай “Хамтран ажиллах” гэрээ байгуулагдаж, тус гэрээнд ерөнхий гүйцэтгэгчээр “Ж” ХХК, барилга барих гүйцэтгэгчээр “Т” ХХК ажиллажээ.
10.9.Мөн 2020 онд хамтран ажиллах гэрээг байгуулж, ажлын гүйцэтгэлийг 2022 оны 05 дугаар сарын 11-ний өдөр дуусган, хүлээлгэн өгсөн гэх хэдий ч 2022 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн *** дугаартай барилга байгууламжийг ашиглалтад оруулах комиссын дүгнэлтийн 2.4-т барилгын ажлын гүйцэтгэгчээр “Ж” ХХК, туслан гүйцэтгэгчээр “Х и” ХХК ажилласан байсан болох нь тогтоогдож байна.
10.10.Иймээс, “... “Ж” ХХК-тай 2020 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн *** дугаартай хамтран ажиллах гэрээ ирүүлсэн нь Сүүлийн 3 жил буюу 2021, 2022, 2023 онуудын аль нэг жилд батлагдсан төсөвт өртгийн 30 хувиас багагүй үнийн дүнтэй ижил төстэй ажлын гэрээ ирүүлээгүй байгаа нь шаардлага хангахгүй байна. Мөн дээрх гэрээний 2022 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн БА-1101/2022 дугаартай Барилга байгууламжийг ашиглалтад оруулах комиссын дүгнэлтийн 2.4 дэх хэсэгт Барилгын ажлын гүйцэтгэгч “Ж” ХХК байгаа нь ижил төстэй ажлын үндсэн гүйцэтгэгчээр доод тал нь нэг удаа ажилласан байх шаардлагыг хангаагүй” гэсэн үндэслэлээр нэхэмжлэгч компанийн түншлэлийн тендерээс татгалзсан нь хуульд нийцсэн; үндсэн гүйцэтгэгчээр ажилласан байх шаардлагыг нэгэнт хангаагүй тул нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдэл зөв юм.
10.11.Түүнчлэн, “... гуравдагч этгээд “Э” ХХК-ийн зүгээс худалдан авах ажиллагааны цахим системээр дамжуулан ХАБЭА инженерээр Д.Г-ын *** дугаартай Хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, эрүүл ахуйн мэргэшүүлсэн сургалтын сертификат хавсарган ирүүлсэн нь тендер шалгаруулалтын баримт бичгийн өгөгдлийн хүснэгтийн ТШЗ 19.1-д “Хөдөлмөр аюулгүй байдал, эрүүл ахуйн ажилтан-хөдөлмөр аюулгүй байдал эрүүл ахуйн сургалтад хамрагдсан гэрчилгээтэй байна”, ТШЗ 19.2-т “Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн ажилтны гэрчилгээний хуулбарыг ирүүлнэ” гэсэн тендерийн баримт бичгийн шаардлагад нийцсэн гэж хянан үзсэн захиалагчийн шийдвэр үндэслэлтэй талаарх Сангийн яамны шийдвэрээр нотлогдож байна ... Тендер шалгаруулалтын баримт бичгийн өгөгдлийн хүснэгтийн 19.2-т зааснаар төсвийг ажлын зураг, ажлын загвар зураг, магадлалын нэгтгэсэн дүгнэлтийн дагуу тооцож эрх бүхий төсөвчнөөр баталгаажуулж ирүүлэхдээ Монгол Улсад хүчин төгөлдөр үйлчилж буй хууль, тогтоомж, журам, зааврын дагуу төсөв зохиох программаар гүйцэтгэхээр заасны дагуу “Э” ХХК барилга байгууламжийн төсөвт өртгийн зардлын нэгдсэн товчоонд ажиллах хүчин, материал, тээвэр, машин механизм ... -ын зардлыг ажилбар тус бүрээр барилгын төсвийн Estimator Pro программ хувилбар 4.0-р тэргүүлэх төсөвчин Д.О төсөв тооцон 2024 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр гүйцэтгэж, БНбД 81-95-20 хавсралт 17а-д зааснаар гаргаж, аж ахуйн нэгжийн эрх бүхий этгээд цахим гарын үсгээр баталгаажуулж ирүүлснийг буруутгах үндэслэлгүй ...” гэж шүүхүүд нотлох баримтыг зөв дүгнэжээ.
10.12.Иймд, нийслэлийн Худалдан авах ажиллагааны Үнэлгээний хорооны 2024 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн 04 дүгээр тэмдэглэл (зөвлөмж)-ийн нэхэмжлэгч “Т ХХК” болон “Тм” ХХК-ийн түншлэлд хамаарах хэсгийг, хариуцагч нийслэлийн Худалдан авах ажиллагааны газрын 2024 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн 03/1145 дугаар албан бичгийг хүчингүй болгох үндэслэл тогтоогдохгүй байх тул тухайн *** дугаартай ажил гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах үнэлгээг дахин үнэлэхийг хариуцагч Үнэлгээний хороонд даалгах шаардлагыг мөн хангах боломжгүй.
11.Гурав. Ажил гүйцэтгэх гэрээг илт хууль бус болохыг тогтоолгох шаардлагын тухайд:
11.1.Тендерийн хуулийн 48 дугаар зүйлийн 48.2-т “Захиалагч худалдан авах ажиллагааг зохион байгуулахад дараах эрх эдэлж, үүрэг хүлээнэ:” гээд 48.2.6-д “худалдан авах гэрээ байгуулах”, 49 дүгээр зүйлийн 49.4-т “Худалдан авах ажиллагааны асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага Засгийн газрын агентлагийн эрх зүйн байдлын тухай хуулийн 7.1-д зааснаас гадна худалдан авах ажиллагааг зохион байгуулах талаар дараах чиг үүргийг хэрэгжүүлнэ:” гээд 49.4.2-т “захиалагчийн энэ хуулийн 48.2.6, 48.2.7, 48.2.11-д зааснаас бусад эрх эдэлж, үүрэг хүлээх” гэж заасан.
11.2.Сангийн яамны шийдвэрийн дагуу нийслэлийн Худалдан авах ажиллагааны газрын Үнэлгээний хороо тендерийг дахин хянан үзэж, үнэлсэн 2024 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн 04 дүгээр тэмдэглэл, зөвлөмжөөр гэрээ байгуулах эрх олгосны дагуу нийслэлийн Засаг даргын Тамгын газар “Э” ХХК-тай 2024 оны 06 дугаар сарын 18-ны өдөр ажил гүйцэтгэх гэрээг байгуулсан байна.
11.3.Захиргааны ерөнхий хуулийн Тавдугаар бүлэгт Захиргааны гэрээ, 55 дугаар зүйлд захиргааны гэрээ илт хууль бус болохыг зохицуулсан бөгөөд илт хууль бус болох үндэслэлийн талаар 55.1.1-55.1.14-д тодорхой заажээ.
11.4.Нэхэмжлэгчээс “... шийдвэрийг гаргахдаа Үнэлгээний хороо, захиалагч нар хууль зөрчсөн гэж үзэж байгаа тул хууль зөрчсөн шийдвэрийг үндэслэн байгуулагдсан гэрээг илт хууль бус гэрээ гэж үзэж байна ...” гэж тайлбарлах хэдий ч гуравдагч этгээдийн тендерийг шалгаруулсан, улмаар түүнтэй гэрээ байгуулсан шийдвэрүүд хууль зөрчөөгүй байхын зэрэгцээ захиргааны гэрээ илт хууль бус болохыг үндэслэлээ тодорхойлж маргаагүй тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон шүүхүүдийн шийдэл зөв байна.
11.5.Анхан шатны шүүх энэ талаар “нэхэмжлэгчийн Үнэлгээний хороо болон захиалагчийн шийдвэрийг үндэслэлгүй гэж үзэж байгаа учраас хуульд нийцээгүй шийдвэрт үндэслээд, байгуулсан гэрээг илт хууль бус болохыг тогтоолгохоор ... маргасныг гэрээ байгуулагдах үндэслэл болсон үйл баримт, үнэлгээний хороо, захиалагчийн шийдвэрийг хууль зөрчсөн гэж шүүхээс үзээгүй тул энэхүү Үндэслэх хэсгийн 15, 16-д заасны дагуу байгуулагдсан гэрээг илт хууль бус болохыг тогтоох хууль зүйн үндэслэлгүй байна” гэж зөв дүгнэсэн, харин давж заалдах шатны шүүх “... утга агуулгын хувьд хэнд ч ойлгомжтой байх тул Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлд заасан илт хууль бус актын шинжийг агуулаагүй байна” гэх дүгнэлтийг хийсэн нь буруу боловч энэ нь шүүхийн шийдэлд нөлөөлөхгүйг дурдах нь зүйтэй.
12.Дөрөв. Сангийн яамны 2024 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн “Тендерийн баталгааг улсын орлого болгох тухай” 03/4593 дугаар албан мэдэгдлийг хүчингүй болгуулж, тендерийн баталгааны 20,000,000 төгрөгийг буцаан гаргуулах шаардлагын тухайд:
12.1.Маргаан бүхий Сангийн яамны 2024 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн 03/4593 дугаар албан бичгээр “... Т” ХХК-аас гаргасан гомдлыг хянан үзэж, үндэслэлгүй болохыг Сангийн яамны 2024 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн 03/4530 дугаар албан бичгээр мэдэгдсэн, ... гомдол гаргагчийн ... 20,000,000.00 төгрөгийн тендерийн баталгааг ... дансанд төвлөрүүлж, ажлын 3 өдрийн дотор хариу мэдэгдэнэ үү” гэсэн мэдэгдлийг нийслэлийн Худалдан авах ажиллагааны газарт хүргүүлжээ.
12.2.Тендерийн хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д “... захиалагч дараах тохиолдолд тендерийн баталгаа ирүүлэхийг тендер шалгаруулалтын баримт бичигт заана:” гээд 14.1.1-д “багцгүй тендер шалгаруулалтын төсөвт өртөг 100 сая төгрөгөөс дээш бол”, 14.6-д “Дараах нөхцөлийн аль нэг үүссэн бол захиалагч тендерийн баталгааг улсын орлого болгоно:” гээд 14.6.3-т “санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага гомдлыг бүхэлд нь үндэслэлгүй гэж шийдвэрлэсэн”, 14.7-д “Энэ хуулийн 14.6.3-т заасан тохиолдолд 20 тэрбум төгрөг хүртэлх төсөвт өртөгтэй тендер шалгаруулалтад оролцогчийн тендерийн баталгааны 20 хүртэл сая төгрөгийг, ... улсын орлого болгоно” гэж тус тус заасан, Сангийн сайдын 2023 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн А/253 дугаар тушаалын хавсралтаар батлагдсан Тендер шалгаруулалтын гомдол хянан шийдвэрлэх журмын 5 дугаар зүйлийн 5.13-т “Хуулийн 14.6.3-т заасан нөхцөл үүссэн тухай шийдвэрийг хүлээн авсан захиалагч гомдол гаргагчийн 20 сая төгрөг хүртэл үнийн дүнтэй тендерийн баталгааг бүхэлд нь, түүнээс дээш үнийн дүнтэй тендерийг баталгааг хуулийн 14.7-д заасан үнийн дүнгээр Төв төрийн сангийн дансанд төвлөрүүлж, улсын орлого болгоно” гэж нарийвчлан зохицуулжээ.
12.3.Нэгэнт эрх бүхий этгээдээс нэхэмжлэгч “Т” ХХК-ийн 2024 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн 05/16-01 дүгээр албан бичгээр гаргасан гомдлыг хянаад хангаагүй тухайн тохиолдолд тендерийн баталгааны 20,000,000.00 төгрөгийг дээрх хууль, журмын дагуу улсын төсвийн орлогод хэвээр үлдээж байгаа нь хууль зүйн үндэслэлтэй, энэ талаарх шүүхүүдийн шийдэл зөв байна.
13.Тав. Нэхэмжлэгчийн өмгөөлөгчөөс хяналтын гомдолдоо “Давж заалдах шатны шүүх улсын тэмдэгтийн хураамжийг бодохдоо анхан шатны шүүхийн шийдвэрийн Тогтоох хэсэгт өөрчлөлт оруулсан мөртлөө өөрсдөө 140,400 төгрөгийг улсын орлого болгосон” талаар дурджээ.
13.1.Давж заалдах шатны шүүхээс анхан шатны шүүх маргааныг шийдвэрлэхдээ улсын тэмдэгтийн хураамжийг буруу хуваарилсан үндэслэлээр шүүхийн шийдвэрт зөвтгөсөн өөрчлөлт оруулж шийдвэрлэсэн нь зөв, харин нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлоор хэргийг хянан шийдвэрлэхдээ улсын тэмдэгтийн хураамжид илүү төлсөн мөнгийг буцаан олголгүй, нэхэмжлэгч тус бүрээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн нийт 140,400 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэсэн нь буруу байх тул Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, 44 дүгээр зүйлийн 44.1.1-д зааснаар төрийн сангийн данснаас 70,200 төгрөгийг гаргуулж, буцаан олгохоор шийдвэрлэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1, 127.2.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 12 дугаар 19-ний өдрийн 128/ШШ2024/1061 дүгээр шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2025 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 221/МА2025/0131 дүгээр магадлалын Тогтоох нь хэсгийг “1.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.1, 109 дүгээр зүйлийн 109.2-т заасныг баримтлан нэхэмжлэгч “Т” ХХК болон “Тм” ХХК-ийн түншлэлээс хариуцагч нийслэлийн Худалдан авах ажиллагааны газар, тус газрын Үнэлгээний хороо, нийслэлийн Засаг даргын Тамгын газрын дарга, Сангийн яаманд тус тус холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсэг болох “Нийслэлийн Худалдан авах ажиллагааны газрын 2024 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн 03/919, 03/923 дугаар “Мэдэгдэл хүргүүлэх тухай” мэдэгдэл тус бүрээр “Т” ХХК болон “Тм” ХХК-ийн түншлэлээр хүргүүлсэн тендерээс татгалзсаныг, “Э” ХХК-д гэрээ байгуулах эрх олгосон шийдвэрүүдийг тус тус хууль бус болохыг тогтоолгож, хүчингүй болгуулах”, “Нийслэлийн Худалдан авах ажиллагааны газрын 2024 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн 03/919, 03/923 дугаартай шийдвэрүүд гарах үндэслэл болсон тус газрын Үнэлгээний хорооны 2024 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн тэмдэглэл (зөвлөмж)-ийн “Т” ХХК болон “Тм” ХХК-ийн түншлэлээр хүргүүлсэн тендерээс татгалзсан хэсэг, “Э” ХХК-ийг шалгаруулсан хэсгийг хууль бус болохыг тогтоолгож, хүчингүй болгуулах” нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.”,
2.Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1, 14 дүгээр зүйлийн 14.6.3, 17 дугаар зүйлийн 17.2.1, 26 дугаар зүйлийн 26.4.1, 26.9, 26.10, 27 дугаар зүйлийн 27.5, 48 дугаар зүйлийн 48.2.6, 50 дугаар зүйлийн 50.2.2, 50.2.3, 59 дүгээр зүйлийн 59.8, 59.10-т заасныг баримтлан нэхэмжлэлийн шаардлагын үлдэх хэсэг болох “Нийслэлийн Худалдан авах ажиллагааны газрын 2024 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн 03/1141, 03/1145 дугаар “Мэдэгдэл хүргүүлэх тухай” мэдэгдэл тус бүрээр “Т” ХХК болон “Тм” ХХК-ийн түншлэлээр хүргүүлсэн тендерээс татгалзсаныг, “Э” ХХК-д гэрээ байгуулах эрх олгосон шийдвэрүүдийг тус тус хууль бус болохыг тогтоолгож, хүчингүй болгуулах”, “Нийслэлийн Худалдан авах ажиллагааны газрын 2024 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн 03/1141, 03/1145 дугаартай шийдвэрүүд гарах үндэслэл болсон тус газрын Үнэлгээний хорооны 2024 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн тэмдэглэл (зөвлөмж)-ийн “Т” ХХК болон “Тм” ХХК-ийн түншлэлээр хүргүүлсэн тендерээс татгалзсан хэсэг, “Э” ХХК-ийг шалгаруулсан хэсгийг хууль бус болохыг тогтоолгож, хүчингүй болгуулах”, “Нийслэлийн худалдан авах ажиллагааны газрын тендер шалгаруулалтын *** дугаартай, Нийслэлийн хүүхдийн сэргээн засах “Эрүүл үрс” төвийн барилга, 80 ор /***/ ажил гүйцэтгэгчийн сонгон шалгаруулалтын үнэлгээг дахин хуульд заасны дагуу үнэлэхийг нийслэлийн Худалдан авах ажиллагааны газрын Үнэлгээний хороонд даалгах”, “Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын дарга Л.Х, “Э” ХХК-ийн захирал А.Ч нарын хооронд байгуулагдсан 2024 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн *** дугаартай Нийслэлийн хүүхдийн сэргээн засах “Эрүүл үрс” төвийн барилга, 80 ор (***) ажил гүйцэтгэх гэрээг илт хууль бус болохыг тогтоолгох”, “Сангийн яамны 2024 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн 03/4593 дугаар “Тендерийн баталгааг улсын орлого болгох тухай” албан мэдэгдлийг хүчингүй болгуулж, тендерийн баталгааны 20,000,000 төгрөгийг буцаан гаргуулах” нэхэмжлэлийн шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.”,
3.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, 44 дүгээр зүйлийн 44.1.1, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 48 дугаар зүйлийн 48.3-т заасныг баримтлан нэхэмжлэгч нараас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилсан төлсөн 140,400 (нэг зуун дөчин мянга дөрвөн зуун) төгрөгөөс 70,200 төгрөгийг нэхэмжлэгчид буцаан олгож, үлдэх 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.” гэж тус тус өөрчилсүгэй.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, 44 дүгээр зүйлийн 44.1.1, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-т заасныг баримтлан нэхэмжлэгч нараас давж заалдах журмаар гомдол гаргахдаа 140.400 (нэг зуун дөчин мянга дөрвөн зуун) төгрөгөөс 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, илүү төлсөн 70,200 төгрөгийг нэхэмжлэгчид буцаан олгосугай.
3.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.5-д зааснаар Улсын дээд шүүхийн хяналтын шатны тогтоол нь шүүхийн эцсийн шийдвэр байх бөгөөд тогтоолд гомдол гаргахгүй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.БАНЗРАГЧ
ТАНХИМЫН ТЭРГҮҮН Д.МӨНХТУЯА
ШҮҮГЧИД Х.БАТСҮРЭН
П.СОЁЛ-ЭРДЭНЭ
М.БАТСУУРЬ