Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 09 сарын 26 өдөр

Дугаар 159

 

Н.З-ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Хэргийн индекс: 135/2014/0224/и

          Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч С.Энхжаргал даргалж, шүүгч Г.Давааренчин, С.Оюунцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

         Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн 1040 дугаар шийдвэртэй,  

         Нэхэмжлэгч Боржигон овогт Н-ийн З-ын нэхэмжлэлтэй,

         Хариуцагч “Дарханы дулааны цахилгаан станц” ТӨХК-д холбогдох 

         Эвлэрлийн гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоолгох, бүтээлийн оюуны өртгийн үнэлгээ 151.884.453 төгрөг, түүнийг ашигласнаас бий болсон 243.423.000 төгрөг гаргуулах, цаашид дээрх бүтээлийг ашиглах тохиолдолд лицензийн гэрээ байгуулах, жилд 40.570.500 төгрөгөөс доошгүй хэмжээний төлбөрийг төлөхийг хариуцагчид даалгуулах тухай” нэхэмжлэлтэй иргэний хэргийг 

          Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Гантулгын давж заалдсан гомдлыг үндэслэн 2016 оны 08 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч шүүгч С.Оюунцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

         Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Н.З-, түүний өмгөөлөгч Б.Мөнхбат, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Мандуул нар оролцов.

         Нэхэмжлэгч Н.З- шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлийн шаардлагадаа:

“Монгол улсын иргэн Н.З- нарын зохион бүтээсэн БКЗ-75-39ФБ маркийн  буцламтгай шаталтанд шилжүүлэх өөрчлөлт нэртэй 3023 тоот шинэ бүтээл нь Монгол улсын Шадар сайдын 2007 оны 114 дүгээр тушаалаар патент авсан болно. Патентийн хүчинтэй хугацаа нь Патентын хуулийн 15-р зүйлийн 15.1-д заасны дагуу 20 жил бөгөөд уг хугацаа нь 2007 оны 12 дугаар сарын 14-ний өдрөөс эхлэн 2027 оны 12 дугаар сарын 14-ний өдөр хүртэл хүчинтэй юм. Уг шинэ бүтээлээ “Дарханы дулааны цахилгаан станц” ТӨХК-ийн 1, 2 дугаар зууханд 2006 оны 6 дугаар сарын 1-ний өдөр хийж суурилуулан одоо хүртэл үр бүтээлтэй жилд хоёр зуух ашигласны 7 жилийн хугацаанд 5 тэрбум 679 сая төгрөгийн ашигтай ажилласан байна. Гэтэл “ДДЦС” ТӨХК нь хуулийн дагуу лицензийн гэрээ байгуулахгүйгээр хууль бусаар одоо хүртэл ашиглан үр шим, ашгийг нь авч байгаа бөгөөд зохион бүтээгч нарын зүгээс Патентын лицензийн гэрээ байгуулахыг гүйцэтгэх захирал асан Б.Мандалбаярт удаа дараа хандаж очиж уулзаж байсан.

Мөн Патентын лицензийн гэрээ байгуулах талаар Монгол Улсын Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Эрчим хүчний газрын 2012 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 1/333 тоот бичигт лицензийн гэрээ байгуулах нь зүйтэй гэснийг Б.Мандалбаяр үл ойшоон байгуулаагүй нь Монгол Улсын Үндсэн хуулийн 7 дугаар зүйлийн 7.2-т Иргэний туурвисан оюуны үнэт зүйл бол зохиогчийнх нь өмч мөн гэснийг Иргэний хуулийн 83 дугаар зүйлийн 83.1-д “Аливаа этгээд хуулиар хориглоогүй, нийтээр хүлээн зөвшөөрөгдсөн зан суртахууны хэм хэмжээнд харшлахгүйгээр оюуны үнэт зүйл, эрхийг олж авч болох бөгөөд энэ тохиолдолд дээрх баялаг нь хөрөнгө болно” гэснийг Зохиогчийн эрхийн болон түүнд хамаарах эрхийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1-д “Зохиогч нь өөрийн бүтээлийг бүхий л арга хэлбэрээр ашиглах онцгой эрх эдлэнэ гэснийг Патентийн тухай хуулийн 16 дугаар зүйл “Шинэ бүтээл зохиогчийн эрхийн 16.1.5-д “шинэ бүтээл ашиглаж олсон бусад этгээдийн орлогоос зохих хэмжээний төлбөр авах гэснийг мөн хуулийн 17 дугаар зүйлийн 17.1-д “Патент гэрчилгээ эзэмшигч шинэ бүтээл эзэмших онцгой эрх эдлэнэ” гэснийг мөн хуулийн 17.2-д Патент гэрчилгээ бүхий шинэ бүтээлийг патентын гэрчилгээ эзэмшигчийн зөвшөөрлөөр ашиглана.” гэсэн заалтуудыг тус тус зөрчсөн болно. Миний бие Дарханы сум дундын 7 дугаар шүүхэд өргөдөл гарган О.Нямдаваатай эвлэрлийн гэрээ байгуулсан учир шүүгч Ж.Мөнхтуяа 2014 оны 2 дугаар сарын 14-ний өдрийн 98 дугаар захирамж гаргасан нь лицензийн гэрээ байгуулахаар тохиролцсоныг баталсан боловч одоо хүртэл мартагнуулан хуулийг үл тоомсорлон, тус компани нь хоёр зуухаар 2007 оны 6 дугаарсарын 1-нээс одоог хүртэл 7 жил энэхүү шинэ бүтээлийн патентийг ашиглаж “ДДЦС”-ын гаргасан тооцоогоор 5 тэрбум 679 сая 870 мянга төгрөгний хөрөнгө оруулалтыг улсдаа оруулсан байтал зохигчдод ногдох ашгийн шагналыг одоо болтол олгоогүй. Иймд нэхэмжлэх нь:

“Шинэ бүтээл ашигласны эдийн засгийн бодит орлогын долоон жилийн нийт төлбөр 1 тэрбум 381 сая төгрөгийн 30 хувьтай тэнцэх 390 сая төгрөгийг нэг удаа зохиогчдод нөхөн олгох,

Шинэ бүтээлийн патентийн хүчинтэй байх үлдсэн хугацааны үр ашгийн жилийн төлбөрийг 40 сая 570 мянга 500 төгрөгийг жил бүр зохиогчдод олгох,

Зохиогчдын шинэ бүтээлийн оюуны өртгийн үнэлгээг 107 сая 700 мянган төгрөгөөр тооцсоныг станцын санхүүгийн тайлан тэнцэлийн биет бус хөрөнгөнд тусган эдийн засгийн эргэлтэнд оруулах” гэжээ.

Нэхэмжлэгч Н.З- шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

“Оюуны өмч нэг хүний бүтээл байдаггүй. Маргаж байгаа бүтээл бол “Дархан дулааны цахилгаан станц” ТӨХК-ийн хамт олны бүтээл. Хоёр патент дээр миний нэр бичигдсэн. Анхны бүтээлд нэр бүхий зургаан хүн, хоёрдахь бүтээлийг гурван хүн бүтээсэн. Би зуухны инженер, дулааны инженер, цахилгааны инженер, турбины инженерүүдийн технолгогийг боловсруулан цаасан дээр буулгасан металл боловсруулалтын инженер. “Дархан дулааны цахилгаан станц” ТӨХК-д хийгдсэн бүтээл нь тухайн “Дархан дулааны цахилгаан станц” ТӨХК-ийн дарга, түлш дамжуулах цехийн дарга, ирженерийн албаны инженер Эрдэнэбат, тоехнологийн горим барьдаг инженер Мөнхөө, Хаш-Эрдэнэ, металл боловвсруулах механик цехийн инженерийн хамт олон, хангамжийн инженерүүд, санхүүгийн инженерүүд болон намайг БК-75-39БФ бүтээлийг зохион бүтээхэд оролцсон Туяахүү, Сансармаа нарын бүтээлээр “Дарханы дулааны цахилгааны станц” ТӨХК-ийн хоёр дахь патент хийгдсэн. Анхны патент нь гуравдугаар цахилгаан станцад хийгдсэн. Хоёр зуухны анхдагчийнх нь патент юм. Дээрх хүмүүс өнөөдрийн асуудалд оролцох эрхтэй. Энэ бүтээлийг би ганцаараа хийгээгүй. Өөрийн өртгийн үнэлгээг оюуны өмчийн газар хянан шалгах тусгай комиссоор орж баталгаажуулан батламж өгдөг. Хоёрдахь патентыг 20 жилийн хугацаатай өгдөг. Энэ бүтээлийг хорин жил ашиглахад орсон тодорхой хэмжээний орлогоос зохиогчдод жил болгон өгөх ёстой боловч ийм үйл ажиллагаа явагдаж байгаагүй. Үүнийг нэхэмжлээгүй миний хойч үеийнхэн оюуны өмч гэж ямар байдгийг мэдэж аваасай гэж би хүсдэг. Өнгөрсөн арван жилийн долоон жилд нь Патентийн тухай хуулиар өргөдөл гаргасан. Инновацийн тухай хууль нь оюуны өмчийг эдийн засгийн эргэлтэнд оруулсан. Эхний гурван бүтээл нь 2001 онд батлагдсан. Үүнд би болон гуравдугаар цахилгаан станцын хамт олон оролцсон. Үүнээс үр ашгаа авсан. 2005 онд 75 зуухны хийцийн сайжруулалт өөрчлөлт гэсэн нэртэй өөр гурван зүйлийг хийсэн. Энийг оюуны өмчийн шинжээч нар эрэл хайгуул хийсэн учраас 2001 он, 2006 онуудад зургаан зүйлийн гурав гурван хэсэгт гэрчилгээ өгсөн. Оюуны өмчийг сайжруулахад анхдагч нар нь хувь эзэмших эрх байдаг. Би түүнийг хүлээн зөвшөөрнө. Дарханы цахилгаан станц ТӨХК-д миний оруулсан биет бус хөрөнгийг Инновацийн тухай хуулийн төсөл боловсруулж эдийн засгийн эргэлтэнд оруулах үед дээрх зүйлийг өгөх ёстой. Оюуны бүтээлийн өртгийн үнэлгээ гэх 153.000.000 төгрөг нь сүүлийн 3 бүтээлийн оюуны үнэлгээ. Патентын тухай хууль гараад арван жил болоод надад анх удаа өгч байгаа зүйл. Инновацийн хууль гараад гурван жил болоход анхных нь надад ногдсон. Өмнө нь оюуны үнэлгээ гэж батламж өгдөггүй, зохиогчийн эрхэнд өгдөг байсан. Анхных нь надад 1.000.000 төгрөг өгсөн. Бүтээлийг хийхэд оролцсон Дарханы дулааны станц ТӨХК-ийн инженерүүдэд оюуны бүтээлийн хөрөнгө оруулалт гэж 243.423.000 төгрөгийн 107.000.000 төгрөгийг Дархан дулааны цахилгаан станц ТӨХК-ийн блансад үлдээх гэсэн юм. Бланст биет бус хөрөнгө гэж байдаг. Үүнд тусгуулан Инновацийн тухай хуулийн дагуу төсөл боловсруулах ёстой. Энэ нь анх удаа хийдэх гэж байгаа. 153.000.000 төгрөг нь оюуны өмчийнх бөгөөд Сансармаа, Туяахүү нарт холбоотой асуудал. Учир нь бүтээл хийхэд хамтран оролцсон. Хаш-Эрдэнэ, Эрдэнэбат, Мөнхөө нар жилд 400.000.000 төгрөгийн хэмнэлт хийхээр байна гэж тооцоо гаргаж өгсөн. 40.000.000 төгрөгөөс 26.600.000 төгрөгийг Сансармаа, Туяахүү нарт үлдсэн арван жилд нь жил бүр өгөх ёстой. Надад оюуны өмчийн газрааас зохих зөвлөмж өгсөн. Төсөл боловсруулна гэвэл Дархан дулааны цахилгаан станц ТӨХК-ийн дэргэд бэлэн төсөл байгаа. Дархан дулааны цахилгаан станц ТӨХК-иас гарсан үнсээр нүүрс хийвэл өдөрт 1000 ширхэг тоосго үйлдвэрлэх төсөл хэрэгжүүлбэл сард 30.000.000 төгрөгийн ашиг олно.

Хоёр патентийн ар талын томъёлол өөр өөр байгаа учраас Оюуны өмчийн газраас хоёр өөр патент олгосон. Бүтээлийн анхны зохиогчдод 107.000.000 төгрөгөөс оногдох ёстой. Эдийн засгийн тооцоог зохион бүтээгч хүн тооцдоггүй гэж хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч зөв ярьж байна. Энэ тооцооллыг Дархан дулааны цахилгаан станц тооцох ёстой. Би хэмнэлтийн талаар ярьж байна. Нэг тээрмийг засахад 436.000.000 төгрөгөөр зарцуулагдана. Үүнээс дотоод цахилгаан энергийн хэмнэлт гарна. Цахилгааны хэмнэлт гаргасан гэдэг талаас нь тооцоог нь гаргаж өгсөн. 20.000.000 төгрөгөөр зураг худалдаж авсан. Өөрөөр хэлбэл гуравдугаар цахилгаан станцад хэрэглэсэн зуухыг хувилаад угсралтын зураг авч Дархан цахилгаан станц ТӨХК-д өгсөн. Миний хийсэн зүйл бол зуухыг эд анги тус бүрээр салгаж Монгол Улсад үйлдвэрлэсэн. Инженерүүдийг шагнахын тул 243.423.000 төгрөгөөс блансад нь 107.000.000 төгрөгийг тусгуулах юм. 40.570.500 төгрөгийг 26.600.000 төгрөг болгон багасгая. Энэхүү мөнгийг жилээс нь хамааран багасгаж байсан болохоос өсгөж өөр тооцоо гаргасан зүйл байхгүй” гэв.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

“2014 оны 02 дугаар сарын 13-ны өдөр эвлэрлийн гэрээ байгуулан шүүхээр асуудал шийгдэгдсэн боловч гэрээг биелүүлэх болоход эрхтэй эсэх асуудал яригдсан учраас эвлэрлийн гэрээг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-т зааснаар зохих этгээдийн зөвшөөрөлгүй хийсэн гэрээ гэж үзэж байгаа учраас энэхүү гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах, 3023 патентийн эрх бүхий БКЗ-75-39ФБ маркын зуухыг буцламтгай шаталтанд шилжүүлэх өөрчлөлт нэртэй оюуны бүтээлийн оюуны өртгийн үнэлгээ 151.884.453 төгрөг гаргуулах, 3023 патентийн эрх БКЗ-75-39ФБ маркын зуухыг буцламтгай шаталтанд шилжүүлэх өөрчлөлт нэртэй оюуны бүтээлий ашигласнаас бий болсон үр ашиг буюу хэмнэлтийн 10%-иар зургаан жилээр бодож 243.423.000 төгрөг гаргуулах, уг бүтээлийг цаашид ашиглах тохиолдолд зохиогч нартай тохиролцон лицензийн гэрээ байгуулах эсвэл нэг жилд 40.570.500 төгрөгөөс доошгүй хэмжээний төгрөгийг зохиогч нарт төлөхийг хариуцагч нарт даалгуулах гэсэн дөрвөн төрлийн шаардлага гаргасан.

3023 патенттай оюуны бүтээлийг өмчлөгч нар нь 2014 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр Дархан-Уул аймаг дахь сум дундын 7 дугаар шүүхэд хандан нэхэмжлэл гаргасан. Энэ хэрэгт хариуцагчаар оролцсон гүйцэтгэгч захирал О.Нямдаваа нь нэхэмжлэгчтэй эвлэрлийн гэрээ байгуулан асуудлыг шийдвэрлэсэн. Гэтэл эвлэрлийн гэрээгээ биелүүлэхгүй долоон сар орчмын хугацаа өнгөрсөн. Гэрээ биелэгдэхгүй байгаа шалтгаанаа ТУЗ зөвшөөрөл өгөхгүй байна. Гүйцэтгэх захиралд тухайн гэрээг байгуулах эрх олгоогүй гэж тайлбарласан. 2014 оны 09 дүгээр сард гаргасан нэхэмжлэлд хариуцагч талаас тайлбар ирүүлэхдээ ТУЗ-өөр уг асуудлыг хэлэлцүүлэн гэрээ байгуулах шийдвэр гаргуулахаар хэлэлцэх асуудлын төлөвлөгөөнд тусгуулан Төрийн өмчийн хорооны хурлын удирдамж авахаар албан бичиг хүргүүлсэн боловч Төрийн өмчийн хороо уг асуудлыг хэлэлцэх удирдамж өгөөгүй учраас уг асуудлыг ТУЗ-ийн хурлаар хэлэлцээгүй гэсэн. Мөн компаний дүрмийн 5.1, 6.10.7, 7.1, 7.3.10, 7.3.16 дахь заалтаар гүйцэтгэх захирлын эрх хэмжээний асуудал биш байна гэх тайлбар өгч байгаа учраас гүйцэтгэх захирал О.Нямдаваа компаний тухай хууль болон дүрмээ зөрчин ТУЗ-өөс зөвшөөрөл авалгүйгээр эвлэрлийн гэрээ байгуулсан нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-т заасан зохих этгээдийн зөвшөөрөлгүй хийсэн хэлцэл байна. О.Нямдаваа нь тулгамдсан асуудлыг шийдвэрлэх, гэрээ байгуулах эрхтэй этгээд гэж өөрийгөө ойлгуулан эвлэрлийн гэрээ байгуулж тухайн үед нэхэмжилж байсан 447.576.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаас татгалзуулан эвлэрлийн гэрээ байгуулчихаад гэрээ байгуулах эрхгүй байсан гээд шүүхээр шийдвэрлүүлэхээр болсон гэж хариуцагч талаас тайлбар гаргаж байгаа. Мөн энэхүү гэрээ нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-т заасан хэлцлээс гадна 59 дүгээр зүйлд заасан хууран мэхэлж хийсэн хэлцлийн шинжийг агуулж байгаа тул энэхүү эвлэрлийн гэрээг хүчингүй болгуулах шаардлага гаргасан.

Дарханы дулааны цахилгаан станц ТӨХК-д зохиогч нарын оролцоотой өөрчилж, шийдэгдсэн хоёр зуухны асуудал яригддаг. Нэгдүгээр зуухтай ямар нэгэн маргаан байхгүй. 2009 онд ашиглалтанд орсон хоёрдугаар зуух нь Патентийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1, 16.1.4, 16.1.5 дахь хэсэгт зааснаар зохиогч нартай зөвшилцөж 3023 патенттай бүтээлийг нь шууд хуулбарлан зуух хоёр ашиглалтанд орсон. Бүтээл хоёрдахь зуухан дээр ашиглагдсан тул мөн хуулийн 16.1.4 дэх хэсэгт заасан байдаг. Энэхүү бүтээлийн өртгийн үнэлгээг оюуны өмчийн байгууллагаас тодорхой жишиг журмын дагуу тогтоодог. Энэхүү аргачлалын дагуу бодоход өртгийн үнэлгээ нь 151.884.453 төгрөгөөр болох нь тогтоогдсон учраас үүнийг гаргуулах тухай шаардлага гаргасан.

Патентийн тухай хуулийн 16.1.5-д заасны дагуу тухайн зуухнаас нэг жилд гарах хэмнэлт 405.705.000 төгрөг гардаг. Үүний 10 хувийг бодоход 40.570.500 төгрөг болж байгаа. Үүнийг 2009-2015 он дуустал тооцоход 243.423.000 төгрөгийн тооцоо гарч байгаа. Өөрөөр хэлбэл 243.423.000 төгрөг нь өнгөрсөн хугацааны төлбөр юм. Үр ашгийн тооцоог “Дархан дулааны цахилгаан станц” ТӨХК-ийн инженерүүдтэй хамт гаргаж байсан. Шинжээчийн тогтоосноор үр ашиг буюу хэмнэлт нь хоёр тэрбум гурван зуун гучин зургаан сая дөрвөн зуун төгрөг гарсан. Бид 40.570.500 төгрөгийг барьж энэхүү нэхэмжлэлийн шаардлагын тооцооллоо хийсэн. Сангийн сайд бөгөөд үндэсний хөгжлийн газрын даргын 1996 оны 110 дугаар тушаалаар батлагдсан шинэ бүтээл, бүтээгдэхүүний загвар оновчтой санал ашигласны төлбөр олгох үлгэрчилсэн зааварт хамгийн багадаа 10 хувь байна гэж тогтоосныг үндэслэн 10 хувиар тооцоолон 6 жилээр бодож 243.423.000 төгрөгийг нэхэмжилсэн. Эвлэрлийн гэрээ байгуулахдаа лицензийн гэрээ байгуулъя гэсэн хэрнээ үнэлгээгээ тодорхойлоогүй байсан. Мөн зуух жилд 40.570.00 төгрөгийн хэмнэлт гаргаж байгаа учраас бидэнтэй зөвшилцөөд лицензийн гэрээ байгуулвал энэхүү мөнгөн дүнд тохиролцож болно. Ингэж тохирч чадахгүй бол 40.570.000 төгрөгийг жил бүр авч байна. Үүнийг хариуцагчид даалгаж өгнө үү гэсэн нэхэмжлэлийн шаардлагыг гаргасан. Оюуны өмч мөн эсэх талаар маргаангүй.

107.000.000 төгрөгийг блансад бүртгэн зохиогч нарт жил бүр үр ашгийг нь хуульд заасны дагуу өгөх ёстой. 151.884.453 төгрөг нь бүтээлийн өөрийнх нь үнэлгээ. Түүнийг блансандаа тусгах эсэх нь хариуцагч талын өөрсдийнх нь мэдэх асуудал юм. Бүтээлээ ашиглуулж байгаа учраас энэ мөнгөө авна. 40.570.500 төгрөг жилд гарч буй хэмнэлт тул үүнийг нь зургаан жилдээ бодож 243.423.000 төгрөг гарч байгаа.

Эвлэрлийн гэрээ хүчин төгөлдөр бус гэж тооцуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь 151.844.453 төгрөг, хэмнэлтийн 243.423.000 төгрөгийг нэхэмжлэхээс өөр аргагүй байдалд хүргэж байна. 3023 патентанд маргаж байгааг сайн ойлголоо. Оюуны өмчийн хорооноос бүтээл өмнөх зуухнаас өөр байгаа учраас 2007 онд патент олгосон. Компанид ажиллаж байх хугацаанд хийсэн ажил гэж Патентийн тухай хуулийн зохицуулалт яригдаж байна. Патенттай маргаж байгаа бол үүнийг ярьж болно. Гэвч өнөөдрийн шүүх хуралдаанаар төлбөрийн маргаан яригдаж байгаа учраас 3023 патентын талаар маргаан байхгүй. Энэ нь өмнөх патенттай холбогдолгүй. Оюуны өртгийн үнэлгээ 151.844.453 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагад ямар нэгэн маргаан байхгүй гэж үзэж байна. Бид ямар аргачлалаар тооцоо хийснээ гаргахад мэргэжлийн байгууллага үнэлгээний комисс тогтоосон учраас маргаангүй. Эвлэрлийн гэрээ нь 2014 оны 02 дугаар сарын 13-ны өдөр хийгдсэн. Эвлэрлийн гэрээнд цаашид гэрээ хийх талаар тусгагдсан. Хэдэн төгрөгийн ямар үнэлгээгээр хийх шаардлагатай болсон. Маргааны явцад өгч байсан гэрээн дээр ойролцоогоор 26.600.000 төгрөг байхаар тодорхойлж байсан. Энэ судалгааг “Дархан дулааны цахилгаан станц” ТӨХК-аас гаргасан. 400 гаруй сая төгрөгийн хэмнэлт гарсан гэдгийг өөрсдөө тогтоосон. Н.З- өөрийн дураар тооцоо гаргаагүй. Хариуцагч тал тооцоог үгүйсгэж байгаа боловч зөв гэж гаргаж өгсөн тооцоо байхгүй. Хүний юмыг ашиглаж байгаа бол хөлсийг төлөх нь зүйтэй. Бүтээлийг лицензийн гэрээ байгуулан ашиглана гэвэл нээлттэй. Хариуцагч тал бүтээлийг ашиглаж байгаа бол хэдий хүртэл ашиглана тэр хугацааныхаа төлбөрийг төлөх ёстой. Нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү” гэжээ.

Хариуцагч шүүхэд ирүүлсэн тайлбартаа:

“2006 онд Шарын голын нүүрсний уурхай доголдон нүүрсний хангамж хүрэлцэхгүй болж Дархан-Уул аймгийн өвөлжилтийн бэлтгэл хүндрэх нөхцөл байдал үүссэнтэй холбоотойгоор “Дарханы дулааны цахилгаан станц” ТӨХК-ийн БКЗ-75-39ФБ маркийн тоосон системтэй зуухыг шинэчлэх Засгийн газрын 2006 оын 7 дугаар сарын 19-ний өдрийн 175 дугаар тогтоол гарсан.

Мөн тухайн үеийн Түлш эрчим хүчний салбарын шинжлэх ухаан техникийн зөвлөлийн 2006 оны 07 дугаар сарын 5-ны өдрийн хурал, Түлш эрчим хүчний сайдын зөвлөлийн 2006 оны 16, 30-ны өдрийн хуралдаануудаас 2006-2007 оны өвөлжилтийн бэлтгэл хангах ажлын хүрээнд манай станцын БКЗ-75-39ФБ маркын тоосон системтэй завсрын бункертэй зуухыг нам температурын буцламтгай үе шаталтын технологид шилжүүлэх шийдвэр гарч компанийн гүйцэтгэх захиралд үүрэг даалгавар өгөгдсөн. /Нотлох баримтад: Засгийн газрын тогтоол, хуралдааны тэмдэглэлүүдийг хавсаргав./

Дээрх шийдвэрүүдийг үндэслэн Шарын голын уул геологийн ажил хүндэрч нүүрсний олдворлол багасаж ноцтой хүндрэл гарч болзошгүйтэй холбогдуулан “ДДЦС” ТӨХК-ийн зууханд төслийн бус Багануурын нүүрс түлэх талаар техник зохион байгуулатын арга хэмжээ авч хэрэгжүүлэх төслийн группыг гүйцэтгэх захирлын 2006 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн 205 дугаар тушаалаар томилсон.

“ДДЦС” ТӨХК-ийн зуухнуудыг нам темпаратурын буцламтгай үет шаталтанд шилжүүлэх төслийн техник эдийн засгийн үзүүлэлт, зураг төсөл, бусад техникийн баримт бичгийг боловсруулах ажлыг гүйцэтгүүлэхээр тухай үеийн Эрчим хүчний судалгааны төвтэй хамтран ажиллах 69 дугаартай гэрээ байгуулж байсан. Нам температурын буцламтгай үе шаталтанд шилжүүлэх төслийн техник эдийн засгийн үзүүлэлт, зураг төсөл, бусад техникийн баримт бичгийг боловсруулах ажлыг гэрээгээр 20.000.000,00 төгрөгөөр хийлгэсэн. Тиймээс энэхүү төслийн техник эдийн засгийн үзүүлэлтийн тооцоо, зураг төсөл, бусад техникийн баримт бичиг нь “Эрчим хүчний судалгаа хөгжлийн төв”-ийн өмч байсан. /Нотлох баримтад: 69 дугаартай гэрээ, гэрээ дүгнэсэн актыг хавсаргав/

2006 онд БКЗ-75-39ФБ маркийн зуухыг нам даралтын темпратурын буцламтгай шаталтанд шилжих технологийн төслийн ажлыг гүйцэтгэгчийг Төрийн болон орон нутгийн өмчид бараа материал, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн дагуу нээлттэй тендерийг зарлаж дээрх маркийн загварыг буцламтгай үет шатлалд шилжүүлэх шаардлагатай тоног төхөөрөмж, сэлбэг материал нийлүүлэх болон засвар үйлчилгээний ажлыг хоёр багцтайгаар тендерийг зарласан. Зуухны технологи шинэчлэх засвар үйлчилгээний ажлыг гүйцэтгэх ажлын хэсгүүд зураг төслийг хийхээр 2006 оны 10 дугаар сард “Энергио сервис монтаж” ХХК шалгарсан. 2006 оны 10 дугаар сарын 11-ний өдөр зуух нэгийн өөрчлөлт завсар хийгдсэн. Энэхүү шалгарсан компанид Н.З- инженерээр ажиллаж байсан. Тус байгууллагын ажилтан хөдөлмөрийн гэрээгээр ажил үүргээ гүйцэтгэж байсан. Мөн патент хамтран эзэмшигч нар гэх Г.Туяахүү, Б.Амсарваа нар нь тендерийн захиалагч талд ажиллаж албан үүргээ гүйцэтгэж байсан хүмүүс юм.

Зуух ашиглалтад ороход гүйцэтгэсэн ажлыг нь хүлээн авсан “ДДЦС” ТӨХК-ийн техникийн комисст ерөнхий инженер Г.Туяахүү, инженерийн албаны дарга Б.Амсарваа нар байсан, тухайн үед нэхэмжлэлийн асуудалтай холбоотой ямар нэгэн асуудал яригдаагүй. 2008 онд зуух 2-ыг нам температурын буцламтгай үе шаталтын технологид шилжүүлэх ажлын тендэр зарлагдан “Энерго сервис монтаж” ХХК шалгаран ажлаа гүйцэтгэн 2009 онд хүлээлгэн өгч ашиглалтад орж байсан. Нэхэмжлэгч Н.З-, Б.Амсарваа нар нь 2014 оны 1 дүгээр сарын 20-ны өдөр нэхэмжлэл гаргаж нэхэмжлэгч тал нэхэмжлэлээсээ татгалзаж, талуудын эвлэрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгосон юм. “ДДЦС” ТӨХК-ийн захирал О.Нямдаваа би 2014 оны 3 дугаар сарын компанийн Төлөөлөн удирдах зөвлөлийн хурлаар уг асуудлыг хэлэлцүүлэн гэрээ байгуулах шийдвэр гаргуулахаар хэлэлцэх асуудлын төлөвлөгөөнд тусган Төрийн өмчийн хороонд хурлын удирдамж авахаар албан бичгээр хүргүүлсэн боловч Төрийн өмчийн хороо уг асуудлыг хэлэлцэх удирдамж өгөөгүй учир тус гэрээ байгуулах хүсэлтийг одоогоор хэлэлцээгүй байгаа болно. Нэхэмжлэлийн шаардлага нь гүйцэтгэх захирлын эрх мэдлийн хүрээний асуудал биш тул дээрх гомдлын шаардлагыг одоогоор биелүүлэх боломжгүй байна. Уг асуудлыг Сум дундын 7 дугаар шүүхийн 2014 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 98 дугаар захирамжаар хэргийг хэрэгсэхгүй болгож, энэ асуудлаар дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсан байгаа тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Гантулга шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

“2006 онд Шарын голын нүүрсний хангамж хүрэлцэхгүй байна гэж үзсэний улмаас “Дарханы дулаан цахилгааны станц” БКЗ-75-39ФБ зуухыг нам температурын буцламтгай шаталтын технологид шилжүүлэх үүрэг даалгаврыг компанийн гүйцэтгэх захиралд өгсөн. Дээрх шийдвэрийг үндэслэн Шарын голын нүүрсний уурхайн геологийн ажил хүндэрч нүүрсний орлого багасаж ноцтой хүндрэл гарч магадгүй хэмээн үзэж Дарханы дулааны цахилгаан станц ТӨХК БКЗ-75-39ФБ зуухыг нам температур буцламгай шаталтанд шилжүүлэх төслийн техник эдийн засгийн үзүүлэлтийн зураг төсөл, баримт бичиг, ажлын гэрээний үнэлгээг 20.000.000 төгрөгөөр гүйцэтгүүлэхээр шийдвэрлэсэн. Төслийн нийгэм эдийн засгийн үзүүлэлт, тооцоо, зураг техникийн баримт бичгийг эрчим хүч судалгаа төвийн өмч хэмээн үзэж байгаа. Төсөл нь байгууллагын төсөлт ажлуудын хүрээнд хийгдсэн ажил. 2006 онд БКЗ-75-39ФБ маркийн зуухыг нам даралтын темпратурын буцламтгай шаталтанд шилжих технологийн төслийн ажлыг гүйцэтгэгчийг Төрийн болон орон нутгийн өмчид бараа материал, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн дагуу нээлттэй тендерийг зарлаж дээрх маркийн загварыг буцламтгай үет шатлалд шилжүүлэх шаардлагатай тоног төхөөрөмж, сэлбэг материал нийлүүлэх болон засвар үйлчилгээний ажлыг хоёр багцтайгаар тендерийг зарласан. Зуухны технологи шинэчлэх засвар үйлчилгээний ажлыг гүйцэтгэх ажлын хэсгүүд зураг төслийг хийхээр 2006 оны 10 дугаар сард “Энергио сервис монтаж” ХХК шалгарсан. 2006 оны 10 дугаар сарын 11-ний өдөр зуух нэгийн өөрчлөлт завсар хийгдсэн. Энэхүү шалгарсан компанид Н.З- инженерээр ажиллаж байсан. Тус байгууллагын ажилтан хөдөлмөрийн гэрээгээр ажил үүргээ гүйцэтгэж байсан. Мөн патент эзэмшигч Г.Туяахүү, Б.Амсарваа нар нь тендерийн захиалагч талд ерөнхий инженерээр ажиллаж байсан. Тухайн үед “Энерго сервис монтаж “ХХК нь ажлаа гүйцэтгэн захиалагч тал ажлаа хүлээн авахад патент эзэмшигч Г.Туяахүү, Б.Амсарваа, Н.З- нар ажлын хэсэгт ажиллаж байсан. Тухайн үед ажиллаж байсан хэрнээ патент эзэмшигч өөрсдийнхөө саналыг хэлээгүй. Анх шүүхэд 2014 оны 01 сарын 20-ны өдөр нэхэмжлэл гаргахдаа патент эзэмшигч нар Оюуны өмчийн газар бүртгэгдсэн гэдгийг мэдсэн. Маргаж буй бүтээл нь оюуны шинэ бүтээл биш. Өмнө нь ашиглаж байсан патент болох нь шинээр гаргаж өгсөн баримтаар нотлогдоно. 1820 патент нь 3023 патенттай адил бүтээл юм. Баянбат, Мөнгөнхүү нар бидэнтэй утсаар холбогдож энэ патентийн эзэмшигч нь бид нар яагаад Зоригт, Б.Амсарваа, Г.Туяахүү нар гарч ирсэн бэ? бид анхнаасаа патент эзэмшигч гээд гэрээ хийж байсан. Зоригт биднээс нэг нэг сая төгрөг авсан гэж хэлсэн. Патент 1820 дээр Түлш эрчим хүчний газрын дарга Баярбаатар энэ патенттай гэрээ байгуул гэж байсан. Одоо бид хоёрыг хасаад гурван хүний патент болж байна гэж хэлсэн. Манай байгууллагаас оюуны бүтээлийн төлбөр өгөх боломжгүй. Тухайн үед ажил төслөөр хийгдэхэд патент эзэмшигч гэх Зоригт, Б.Амсарваа, Г.Туяахүү нар нь ажил гүйцэтгэгч болон захиалагч талуудад ажиллаж байсан хэрнээ төсөл хэрэгжиж байхад өөрсдийн энэ асуудлаа яриагүй. Тухайн үед одоо яригдаж буй асуудлыг хэлсэн бол асуудлыг шийдвэрлэх байсан. Өөрсдийн ажил үүргийн хувиарын дагуу ажил гүйцэтгэчихээд оюуны бүтээл хэмээн нэхэмжлэх боломжгүй. Н.З- анх шүүхэд нэхэмжлэл гаргаснаа бидэнд хэлээгүй. Эвлэрлийн гэрээ байгуулсан нь гүйцэтгэх захирлын эрх хэмжээний асуудал биш байсан. Төрийн өмчийн хорооны хурлаар оруулан шийдэхээр хэлэлцэх асуудалд орсон байхад энэ асуудал шүүх дээр очсон байсан учраас Төрийн өмчийн хороо маргаантай асуудлыг шийдвэрлэх боломжгүй. Шүүхээр шийдвэрлүүл гэсэн хариу өгсөн. 3023 патентийг Түлш эрчим хүчний газрын дарга 2012 оны 02 сарын 21-ний өдрийн 1/33 тоот албан тоотондоо бидэнтэй гэрээ хийе гэсэн боловч гэрээ хийгүй байна гэсэн тайлбарыг нэхэмжлэгч ярьдаг. Гэвч нэхэмжлэгчийн гаргаж өгсөн баримт хуурамч гэдэг нь бидний архиваас гаргасан баримтаар нотлогдож байна. Учир нь нэхэмжлэгчийн өгсөн баримтанд засвар орсон. “Дарханы дулааны цахилгаан станц” ТӨХК нь 2007 оноос ‘Х’ тайлантай ажиллаж байгаа. Энэхүү байгууллага нь ашгийн төлөө байгууллага биш. Нэхэмжлэгчийн бүтээлээр ашиг олж байна гэсэн нотлох баримт хэрэгт авагдаагүй. Нэхэмжлэгч нь Хаш-Эрдэнэ гэх хүний тооцооллыг гарган өөрийн лицензийн гэрээний оюуны үр ашгийн тооцоо гэж гаргасан. “Дарханы дулааны цахилгаан станц” ТӨХК-д 7 зуух ажиллаж байгаа тул тус тусдаа ашгийн тооцоо хийх боломжгүй. Дарханы дулааны цахилгаан станц нэхэмжлэгчийн патентаас ашиг олсон гэх баримт байхгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй гэж үзэж байна. Хэргийн материалтай танилцахад нэхэмжлэгч Г.Туяахүү нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан. Энэ байдлаас үзэхэд нэхэмжлэлийг хэн хэн гаргасан нь тодорхойгүй байна. Нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү.

БКЗ-75-39ФБ 3023 патент 151.884.453 төгрөгөөр үнэлсэн болон үр ашгийн хувь 10 хувь гэж тооцоолон 243.423.000 төгрөгийг ямар тооцооллоор гаргасан ойлгомжгүй бас тодорхойгүй байна. Хаш-Эрдэнийн бодсон тооцооллыг барьж байгаа гэж нэхэмжлэгч тал хэлж байгаа боловч Хаш-Эрдэнийн мэдүүлэг хавтаст хэрэгт авагдсан. Хаш-Эрдэний тооцоо “Дархан дулааны цахилгаан” станц ТӨХК-ийн тооцоо биш гэж үзэж байна. “Дархан дулааны цахилгаан станц” ТӨХК нь хариуцлага хүлээх субъект нь биш гэж үзэж байна. Иймд нотлох баримтыг шаарлага хангаагүй зүйлд мэтгэлзэх шаардлагагүй. О.Нямдаваа захирлыг эвлэрлийн гэрээ байгуулсан эсэхэд эргэлзээ байхгүй. Гүйцэтгэх захирал асуудлыг шийдэх талаас нь хандаж байсан. Патентийг 20 жил ашиглана гэдгийг хэн тооцоолж байна вэ. 1820 патентийн загвар 3023 патенийн бүтээлд явагдаж байна. Бүтээлийг хэдэн жил ашиглах нь эргэлзээтэй. Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх 2016 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн 1040 дугаар шийдвэрээр: 

Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-д зааснаар нэхэмжлэгч Н.З-ын “Дарханы дулааны цахилгаан станц” ТӨХК-д холбогдуулан гаргасан “2014 оны 02 дугаар сарын 13-ны өдөр байгуулсан Эвлэрлийн гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоолгох тухай” нэхэмжлэлийн шаардлагыг, Патентийн тухай хуулийн 16.1.4, 21 дүгээр зүйлийн 21.2-т зааснаар “3023 дугаарын патент бүхий БКЗ-75-39ФБ маркийн зуухыг буцламтгай шаталтанд шилжүүлэх өөрчлөлт нэртэй бүтээлийн оюуны өртгийн үнэлгээ 151 884 453 төгрөг гаргуулах тухай” нэхэмжлэлийн шаардлагыг, мөн хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1, 21 дүгээр зүйлийн 21.1-д зааснаар “цаашид дээрх бүтээлийг ашиглах тохиолдолд зохиогч нартай тохиролцон линцензийн гэрээ байгуулах эсхүл нэг жилд 40.570.500 төгрөгөөс доошгүй хэмжээний төлбөрийг зохиогч нарт төлөхийг хариуцагчид даалгах тухай” нэхэмжлэлийн шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгож, Патентийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.4, 16.1.5, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.4-т заасны дагуу иргэн Б.Амсарваа, Г.Туяахүү нарын өмнөөс гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэгч Н.З-од 2013 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс 2014 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр хүртэл шинэ бүтээлийг ашигласны төлбөрт 43.951.375 төгрөгийг хариуцагч “Дарханы дулааны цахилгаан станц” ТӨХК-аас гаргуулан олгож,

Нэхэмжлэгч Н.З- нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.2-т зааснаар улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдөж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар хариуцагч Дарханы дулааны цахилгаан станц ТӨХК-аас тэмдэгийн хураамж 377.707 төгрөгийг гаргуулан төрийн сангийн орлого болгож шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Гантулга давж заалдах гомдолдоо:

Анхан шатны шүүх нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийн шаардлагаас зарим хэсгийг хангаж манай ДДЦС-ТӨХК-аас 2013 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс 2014 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийг хүртэл шинэ бүтээлийг ашигласны төлбөр 43.951.375 төгрөг гаргуулахаар шийдвэрлэснийг эс зөвшөөрч байна. Учир нь дээрхи патент эзэмшигч нарын бүтээл шинэ бүтээл биш. Дээрх бүтээлийг ашиглахдаа нэхэмжлэгч нарын оюуны шинэ бүтээл гэлгийг бид мэдээгүй байсан. Манай ДДЦС-ТӨХК нь зөвхөн хэрэглэгч нартай тасралтгүй эрчим хүчээр хангах үүрэгтэй ажилладаг байгууллага. Анхан шатны шүүх биднээс патент гаргуулахдаа нэг зуухны жилд гаргах хэмнэлт үр ашгийг 405.705 төгрөг хэмээн тооцож нэг хүнд ноогдох нь 40.750.500 төгрөг 3 зохигчид нийт 243.423.000 төгрөг гэж тооцон манай байгууллагаас нэг патент эзэмшигч Н.З-од 43.951.375 төгрөг гаргуулж шийдвэрлэснийг үндэслэлгүй гэж үзэж байна. Учир нь манай байгууллагыг жилд тус патент эзэмшигч нарын бүтээлээс 405.705.000 төгрөг үр ашигтай ажиллаагүй. Мөн нэхэмжлэгч нарын шүүхэд гаргаж өгсөн нотлох баримт нь /хх20/ шаардлага хангаагүй байхад шүүх үнэлж биднээс 43.951.375 төгрөг гаргуулахаар шийдвэрлэснийг эс зөвшөөрч байна гэжээ.

ХЯНАВАЛ:

Нэхэмжлэгч Н.З- хариуцагч “Дарханы дулааны цахилгаан станц” ТӨХК-д холбогдуулан  “2014 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн эвлэрлийн гэрээг зохих этгээдийн зөвшөөрөлгүй хийсэн гэрээ гэж үзэж хүчин төгөлдөр бус гэж тооцуулах, 3023 патентийн эрх бүхий БКЗ-75-39ФБ маркийн зуухыг буцламтгай шаталтанд шилжүүлэх өөрчлөлт нэртэй оюуны бүтээлийн үнэлгээ 151.884.453 төгрөг гаргуулах, мөн энэхүү бүтээлийг ашигласнаас бий болсон үр ашиг буюу хэмнэлтийн 10 хувийг зургаан жилээр бодож 243.423.000 төгрөг гаргуулах, уг бүтээлийг цаашид ашиглах тохиолдолд зохиогч нартай тохиролцон лицензийн гэрээ байгуулах эсвэл нэг жилд 40.570.500 төгрөгөөс доошгүй хэмжээний төгрөгийг зохиогч нарт төлөхийг хариуцагчид даалгуулах гэсэн нэхэмжлэлийн шаардлагуудыг шүүхэд гаргажээ.

Хариуцагч тал 3023 патентийн эрх бүхий БКЗ-75-39ФБ маркийн зуухыг ямар тооцооллоор 151.884.453 төгрөгөөр үнэлсэн болон үр ашгийн хувийг 10 хувь гэж тооцоолон 243.423.000 төгрөгийг гаргасан нь ойлгомжгүй, “Дархан дулааны цахилгаан станц” ТӨХК нь хариуцлага хүлээх субъект нь биш, нотлох баримт нь шаардлага хангаагүй, бүтээлийг хэдэн жил ашиглах нь эргэлзээтэй тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргасан байна.

Патентийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.6-д “албан үүргээ гүйцэтгэх буюу гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэх явцад бүтээсэн шинэ бүтээл, бүтээгдэхүүний загварын патент, ашигтай загварт гэрчилгээ авах эрхийг гэрээнд өөрөөр заагаагүй бол  ажил олгогч эдэлнэ” гэсний дагуу Н.З- нарын зохион бүтээсэн БКЗ-75-39ФБ маркийн зуухыг /2 дугаар/ буцламтгай шаталтанд шилжүүлэх өөрчлөлт бүхий шинэ бүтээлд Монгол Улсын шадар сайдын 2007 оны 114 дүгээр тушаалаар улсын бүртгэлд бүртгэж, тэдгээрийн онцгой эрхийг хүлээн зөвшөөрч 3023 тоот шинэ бүтээлийн патент олгосон ба оюуны өмч мөн эсэх талаар талууд маргаагүй байна.

Анхан шатны шүүх “2014 оны 02 дугаар сарын 13-ны өдөр эвлэрлийн гэрээ байгуулан шүүхээр асуудал шийгдэгдсэн боловч гэрээг биелүүлэх болоход эрхтэй эсэх асуудал яригдсан учраас эвлэрлийн гэрээг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-т зааснаар зохих этгээдийн зөвшөөрөлгүй хийсэн гэрээ гэж үзэж байгаа учраас энэхүү гэрээг хүчин төгөлдөр бус гэж тооцуулах, 3023 патентийн эрх бүхий БКЗ-75-39ФБ маркийн зуухыг буцламтгай шаталтанд шилжүүлэх өөрчлөлт нэртэй оюуны бүтээлийн оюуны өртгийн үнэлгээ 151.884.453 төгрөг гаргуулах, 3023 патентийн эрх БКЗ-75-39ФБ маркийн зуухыг буцламтгай шаталтанд шилжүүлэх өөрчлөлт нэртэй оюуны бүтээлийг ашигласнаас бий болсон үр ашиг буюу хэмнэлтийн 10 хувиар зургаан жилээр бодож 243.423.000 төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэлийн шаардлагуудыг хэрэгсэхгүй болгосон ба энэ талаар хийсэн дүгнэлтийг давж заалдах шатны шүүх үгүйсгэх хууль зүйн үндэслэл тогтоогдохгүй байна.

Патентийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1.4-т “шинэ бүтээл, бүтээгдэхүүний загвар, ашигтай загварын технологийн баримт бичиг боловсруулах, тэдгээрийг турших, үйлдвэрлэлд нэвтрүүлэх ажилд оролцож,  хяналт тавих, оюуны бүтээлээ үнэлэх” гэж зааснаар тухайн бүтээлийг үнэлсэн үнэлгээний дагуу Патентийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1.5-д зааснаар шинэ бүтээл, бүтээгдэхүүний загвар, ашигтай загварыг ашиглаж олсон бусад этгээдийн орлогоос зохих хэмжээний төлбөр авах шаардах эрхтэй тул шүүх нэхэмжлэгч Н.З-од 2013 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс 2014 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр хүртэл шинэ бүтээлийг ашигласны төлбөрт 43.951.375 төгрөгийг олгохоор шийдвэрлэснийг үгүйсгэх үндэслэл тогтоогдохгүй байна.

Хариуцагч тал 3023 патентийн эрх бүхий БКЗ-75-39ФБ маркийн зуухны тооцооллыг үгүйсгэж, нэг зуухны жилд гаргах хэмнэлт үр ашгийг 405.705 төгрөг хэмээн тооцож нэг хүнд ногдох нь 40.750.500 төгрөг 3 зохигчид нийт 243.423.000 төгрөг гэж тооцон манай байгууллагаас нэг патент эзэмшигч Н.З-од 43.951.375 төгрөг гаргуулж шийдвэрлэснийг үндэслэлгүй гэж үзэж гомдол гаргасан боловч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар дээрх тооцооноос бага байх эсэх талаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.5-д зааснаар ...хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой нотлох баримт гаргаж өгөх, 25 дугаар зүйлийн 25.2.2-т “...шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх...” гэж заасан үүргийнхээ дагуу нотлох баримтыг шүүхэд гаргаж өгч, нотлоогүй тул давж заалдах шатны шүүхэд гаргасан түүний гомдлыг хүлээн авч шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох боломжгүй байна.     

   Иймд анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлага, үндэслэл, түүнтэй холбогдуулан зохигчдоос шүүхэд гаргаж өгсөн тайлбар, нотлох баримтуудад  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т зааснаар нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас үнэлж, хууль зүйн үндэслэлтэй дүгнэлт хийсэн байх тул давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв. 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Хариуцагчийн давж заалдсан гомдлыг хангахгүй орхиж, Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн 1040 дугаар шийдвэрийг хэвээр үлдээсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 377.707 төгрөгийг Төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.   

3. Иргэний хэрэг  шүүхэд хянан шийдвэрлэх тухай  хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар Давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч  магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

4. Иргэний хэрэг  шүүхэд хянан  шийдвэрлэх тухай  хуулийн  119 дүгээр  зүйлийн 119.4,119.7 дахь хэсэгт зааснаар  талуудад магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногт  шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах  үүрэгтэй бөгөөд гардаж аваагүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг  мэдэгдсүгэй.

 

                                    ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                         С.ЭНХЖАРГАЛ           

                                    ШҮҮГЧИД                                                          Г.ДАВААРЕНЧИН

                                                                                                               С.ОЮУНЦЭЦЭГ