Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 09 сарын 05 өдөр

Дугаар 612

 

 

 

 

 

 

 

  

 

2016 оны 09 сарын 05 өдөр          Дугаар 181/ШШ2016/00612          Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ө.Уянга даргалж, шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,   

Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүрэг, 13 дугаар хороо, Ногоон талбайн 6-38а  тоотод оршин суух, Боржигон овогт Нямсүрэнгийн Отгонжаргал /РД:НГ83071969/-ын нэхэмжлэлтэй,   

Хариуцагч: Налайх дүүрэг, Нарлагийн 12-18 тоотод оршин суух бүртгэлтэй, Зундуй овогт Нямжавын Бямбадорж /РД:ДЖ86020813/-д холбогдох

 

Хүүхдийн тэтгэлэг болон хүүхдийн мөнгөний дэвтэр гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.            

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Н.Отгонжаргал, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Г.Наранхүү нар оролцов.        

 

 ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: 

Би Н.Бямбадоржтой 2014 оноос хойш хамтран амьдарч, 2015 оны 4 дүгээр сарын 17-ны өдөр хүү Б.Идэрхангайг төрүүлсэн. 2015 оны 10 дугаар сараас 3 сарын хугацаанд хамт амьдарч байгаад таарч тохирохгүйн улмаас 2016 оны 01 дүгээр сараас тусдаа амьдарсан.

Н.Бямбадорж нь эрүүлдээ ч тэр, согтуудаа ч тэр намайг аар саар зүйлээр шалтаглан цохиж, зоддог байсан. Дөрвөн ч удаа гар хүрсэн. Энэ нь тусдаа амьдрах шалтгаан болсон.

Бид уг нь хурим хийсэн боловч гэрлэлтээ албан ёсоор бүртгүүлээгүй. Учир нь Н.Бямбадорж бусадтай гэрлэлтийн хүчин төгөлдөр баталгаатай байсан юм билээ. Үүний улмаас бас маргаан гарч намайг зодож, үүнээс хойш бид тусдаа амьдарсан.

Би Н.Бямбадоржтой цаашид хамт амьдрах боломжгүй тул өөрийн асрамжид байгаа хүүдээ тэтгэлэг гаргуулахаар шаардсан.

Хүүхэд төрүүлсний дараа улсаас сар бүр өгдөг 20,000 төгрөгийг Н.Бямбадорж хөөцөлдөж, мөнгөний дэвтрийг гаргуулсан бөгөөд одоо уг дэвтэр түүнд байгаа тул гаргуулмаар байна.

Иймд Н.Бямбадоржоос хүүхдийн тэтгэлэг болон хүүхдийн мөнгөний дэвтрийг гаргуулж өгнө үү гэв.

 

             ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Н.Отгонжаргал нь хариуцагч Н.Бямбадоржид холбогдуулан хүүхдийн тэтгэлэг болон хүүхдийн мөнгөний дэвтэр гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

    

Шүүх нэхэмжлэлийн хувийг 2016 оны 6 дугаар сарын 13-ны өдөр хариуцагчид гардуулж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох эрх, үүргийг нь түүнд мөн өдөр тайлбарлан танилцуулж, шүүх хуралдаан 2016 оны 9 дугаар сарын 05-ны өдөр болох талаар 2016 оны 8 дугаар сарын 01-ний өдөр мэдэгдсэн боловч хариуцагч Н.Бямбадорж нь нэхэмжлэлийн шаардлагатай холбоотой тайлбар болон нотлох баримтыг шүүхэд ирүүлээгүй, шүүх хуралдаанд хүрэлцэн ирээгүй байна.

 

Хариуцагчид нэхэмжлэлийн хувийг гардуулж, эрх үүргийг тайлбарлан өгч, шүүх хуралдааны товыг мэдэгдсэн боловч тэрээр нэхэмжлэлд тайлбар өгөөгүй, шүүх хуралдаанд хүрэлцэн ирээгүй тул шүүх хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд дүгнэлт хийж, нэхэмжлэгчийн хүсэлтээр хэргийг түүний эзгүйд хянан шийдвэрлэх нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.4, 72 дугаар зүйлийн 72.3, 100 дугаар зүйлийн 100.3-т нийцнэ гэж үзлээ. 

 

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг дараах үндэслэлээр хангаж шийдвэрлэв.    

 

Зохигч Н.Бямбадорж, Н.Отгонжаргал нарын дундаас 2015 оны 4 дүгээр сарын 17-ны өдөр хүү Б.Идэрхангай төрсөн болох нь нэхэмжлэгчийн тайлбар, хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбар зэргээр тогтоогдож байна.

 

Нэхэмжлэгч нь цаашид Н.Бямбадоржтой эвлэрч хамт амьдрах боломжгүй тухайгаа тайлбарлаж байх тул шүүх нэхэмжлэлийн шаардлагад үндэслэн тэдний дундаас төрсөн хүү Б.Идэрхангайг эхийнх нь асрамжид үлдээхээр шийдвэрлэв.

 

Н.Бямбадорж нь хүү Б.Идэрхангайн эцэг мөн болох нь захиргааны журмаар тогтоогдсон тул Гэр бүлийн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар хүүхдээ тэжээн тэтгэх үүрэгтэй бөгөөд зохигчид хүүхдийн тэтгэлгийн хэмжээн дээр эвлэрч гэрээ байгуулаагүй учир шүүх Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.3-т заасныг үндэслэн мөн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т заасан хэмжээгээр хүү Б.Идэрхангайг сар бүр эцэг Н.Бямбадоржоор нь тэжээн тэтгүүлэхээр шийдвэрлэв.

 

Хүний хөгжил сангийн тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1.5-д заасны дагуу 2012 оны 12 дугаар сарын 13-ны өдрөөс эхлэн хүүхэд бүрт сар бүр 20,000 төгрөг олгохоор шийдвэрлэсэн тул энэхүү мөнгийг авахад зориулагдах хүүхдийн мөнгөний дэвтэр нь тухайн хүүхдийн хууль ёсны асрамжлагчид байх нь зүйтэй тул нэхэмжлэгчийн шаардлагаар хариуцагчаас энэ дэвтрийг гаргуулах нь зүйтэй.    

 

 

Иргэний хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1 дэх хэсэг, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон 

 

 ТОГТООХ нь:

 

1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д заасныг баримтлан 2015 оны 4 дүгээр сарын 17-ны өдөр төрсөн хүү Б.Идэрхангайг эх Н.Отгонжаргалынх нь асрамжид үлдээж, Хүний хөгжил сангаас Б.Идэрхангайд сар бүр олгох 20,000 төгрөгийг авахад зориулагдсан хүүхдийн мөнгөний дэвтрийг Н.Бямбасүрэнгээс гаргуулж Н.Отгонжаргалд олгосугай.

 

2. Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.3, 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т заасныг тус тус баримтлан 2015 оны 4 дүгээр сарын 17-ны өдөр төрсөн хүү Б.Идэрхангайг 11 нас хүртэл тухайн бус нутагт тогтоосон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/ хүртэл амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр сар бүр эцэг Н.Бямбадоржоор нь тэжээн тэтгүүлсүгэй.     

 

3.  Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай. 

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шүүх хуралдаанд оролцсон тал нь энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл мөн зүйлийн 119.4-т заасан хугацааны дотор шийдвэрийг гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.       

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ                                   Ө.УЯНГА