Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 06 сарын 19 өдөр

Дугаар 00105

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Ж.Эрдэнэбат даргалж явуулсан эрүүгийн  шүүх хуралдаанаар:

 

                        Нарийн бичгийн дарга                    Д.Соёлзул

                        Улсын яллагч                                  Э.Гта

                        Шүүгдэгчийн өмгөөлөгч                  Ч.Мөнгөнцэцэг

                          Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Оц

                        Шүүгдэгч                                             Г.МЭэ нарыг оролцуулан нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

 

Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын прокурорын газрын Хяналтын прокурор, Хууль цаазын дэд зөвлөх Н.Улсболдоос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 3-т зааснаар яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн Г.МЭэд холбогдох 1932000610096 дугаартай эрүүгийн хэргийг 2019 оны 05 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 1999 оны 10 дугаар сарын 18-ны өдөр Сэлэнгэ аймгийн Мандал суманд төрсөн, 20 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, хүнд машин механизмын засварчин мэргэжилтэй, “*” ХХК-д туслах ажилчин ажилтай, * тоотод оршин суудаг, ам бүл 3, аав, ээжийн хамт амьдардаг, ял шийтгэлгүй, улсаас авсан гавьяа шагналгүй, бие эрүүл, ухаан санаа бүрэн, хэрэг хариуцах чадвартай, /*/ Боржигон овогт Гсийн МЭэ.

 

Прокуророос үйлдэж ирүүлсэн яллах дүгнэлтээр:

 

Г.МЭэ нь Сэлэнгэ аймгийн Баянгол сумын Баян 2-р багийн нутаг Төмөртэй бригад гэх газарт 2019 оны 03 дугаар сарын 17-ны өдөр “35-37” УН улсын дугаартай “John Deeree” маркийн тээврийн хэрэгслийг жолоодож байх үедээ Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 23.1, 3.7 А, 23.9 Б-д заасан заалтуудыг зөрчсөний улмаас иргэн Г.Гтын эрүүл мэндэд хүнд хохирол, иргэн Т.Осорын амь насыг хохироосон гэмт хэрэгт холбогджээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Г.МЭэ шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: ... Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн учир нэмж хэлэх зүйл байхгүй. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Хөнгөн ял шийтгэл оногдуулж өгнө үү. Миний буруу гэжээ.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Оц шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: ... 2019 оны 03 дугаар сарын 17-ны өдөр Увс аймгаас Сэлэнгэ аймгийн Баянгол суманд нүүж ирсэн. Дөнгөж нүүж ирээд ойролцоогоор 2 цаг орчмын дараа намайг Нб ахын гэрт цай ууж байхад манай хүү Осор өөрийн үе тэнгийн 2 хүүхэдтэй худгийн цаана тариан талбайн орчим тоглож байсан. Худаг дээр трактор чиргүүлтэй усны сав чирчихсэн ус авч байсан. Намайг цай уучихаад гарч үхрээ харчихаад буцаад Нб ахынд ороод удаагүй байтал гадаа хүн орилоод байсан. Тэгэхээр нь би гараад хартал нөгөө ус авч байсан трактор худгаас наашаа ирэх замдаа нормальдаад зогсчихсон байсан. Намайг очоод хүүгээ өргөтөл толгойн зүүн талаас нь цус гараад байхаар нь би сандраад хүүгээ буцаагаад газар хэвтүүлсэн. Намайг тэр хавиар уйлж орилоод байж байх хугацаанд хүмүүс манай хүүхдийг цаашаа байр луу авч явсан байсан. Хуулийн дагуу асуудлыг шийдэж өгнө үү гэв.

Иргэний хариуцагч Г.Нб мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: ... Манай ойрын хамаатны залуу Түмэндэмбэрэл нь Увс аймгаас Баянгол суманд манай малыг маллаж малчинаар ажиллахаар 2019 оны 03 дугаар сарын 17-ны өдөр шилжиж нүүж ирсэн. Дөнгөж ирээд хоол хийж, цай уугаад гадуур үхэр мал ирсэн байсан тул орчинтой танилцаад буцаад манайд орж ирээд хоорондоо ажил төрлөө танилцуулаад сууж байхад манай бэр Дууяа гадаа хүүхэд дайрчихлаа гэж орилсон. Тэгээд манайд байсан хүмүүс бүгд гарч иртэл бригад, гүний худаг 2-ын дунд ёмкос чирээд ус зөөж байсан трактор зогсчихсон хүмүүс шавчихсан байсан. Тэгэхээр нь би очоод үзтэл хүүхдийн толгой нь дугуйнд дайрагдаад бяцарчихсан тэр хавиар нил цус нөж болчихсон хүүхэд нас барсан байдалтай байсан. Тэгээд би ээжээс нь талийгаач хүүхдийг нь салгаж авсан. Тухайн үед талийгаач хүүхэдтэй хамт манай хамаатны залуу болох Ганболдын хоёр хүүхэд нь болох Гх, Гта нар хамт явж байсан. Гта нь мөн тракторын чиргүүлд дайруулж гэмтээд одоо эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа гэх мэдүүлэг /ХХ-ийн 23 дугаар хуудас/

Хохирогч Д.Оц мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: ... 2019 оны 03 дугаар сарын 17-ны өдөр нүүж ирсэн. Дөнгөж нүүж ирээд ойролцоогоор 2 цаг орчмын дараа намайг Нб ахын гэрт цай ууж байхад манай хүү Осор өөрийн үе тэнгийн 2 хүүхэдтэй худгийн цаана тариан талбайн орчим тоглож байсан. Худаг дээр трактор чиргүүлтэй усны сав чирчихсэн ус авч байсан. Намайг цай уучихаад гарч үхрээ харчихаад буцаад Нб ахынд ороод удаагүй байтал гадаа хүн орилоод байсан. Тэгэхээр нь би гараад хартал нөгөө ус авч байсан трактор худгаас наашаа ирэх замдаа нормальдаад зогсчихсон. Нэг хүүхэд цаана нь ёсмкосттой чиргүүлний доороос нэг хүүхдийг татаж босгож байсан. Намайг сайн лавшруулаад хартал цаана газар манай хүүхдийн өмсөж явсан хувцас харагдах шиг болохоор нь би гүйгээд очтол манай том хүү Т.Осор чиргүүлтэй ёмкосны ард дугуйны харалдаа нүүр нь хөхөрчихсөн хэвтэж байсан. Намайг очоод хүүгээ өргөтөл толгойн зүүн талаас нь цус гараад байхаар нь би сандраад хүүгээ буцаагаад газар хэвтүүлсэн. Намайг тэр хавиар уйлж орилоод байж байх хугацаанд хүмүүс манай хүүхдийг цаашаа байр луу авч явсан байсан. Харин хэвтэж байсан газар их хэмжээний цус гарч тогтсон байсан гэх мэдүүлэг /ХХ-ийн 26-27 дугаар хуудас/

Насанд хүрээгүй хохирогч Г.Гта мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: ... Би амралтын хагас бүтэн сайн өдрөөр Гх ахтай хамт Төмөртэй бригад дээр Нб ахынд очиж морь унахаар явсан. Тэгээд тэр өдөр Гх ах бид 2 шинээр нүүж ирсэн айлын эрэгтэй, эмэгтэй 2 хүүхэд болон Эрхэмээ бид 5 бригадын тариан талбайд тоглож байгаад Эрхэмээ нөгөө охинтой хамт дугуйгаа унаад бригад руу явсан. Намайг тэр 2-ын араас явж байтал ард үлдсэн Гх ах шинээр нүүж ирсэн айлын хүүхэдтэй хамт худаг дээр ус авч байсан трактор луу явсан. Тэгэхээр нь би бригад руу явахаа болиод буцаад худаг руу явсан. Худаг дээр очоод тракторын жолоочийг усаа дүүргэж ёмкостоо хийгээд бригад руу явах гэхээр нь Гх ах, нөгөө хүүхэд бид 3 тракторын ёмкост чирсэн чиргүүлийн гаран дээр гарч суусан. Тэгэхэд тракторын жолооч бид 3-ыг хараад сайн бариад яваарай гээд хөдөлсөн. Удалгүй зам хөндлөн гарахдаа эргэж хараад одоо донсолно шүү, сайн бариарай гэсэн. Донсолгоо өнгөрсөний дараа нөгөө хүүхэд барьж явсан сураа газар унагаачихаад унагасан сур луугаа харах гэж байгаад газар унасан. Би тэр хүүхдийн ард суугаад цамцнаас нь барьсан байсан тул тэр хүүхдийг унахаар дагаад унасан. Намайг газар унахад тракторын чиргүүл миний биеэн дээгүүр хагас гарсан. Энэ үед Гх ах орилоод тракторын жолоочийг зогсоосон гэх мэдүүлэг /ХХ-ийн 33-34 хуудас/

Гэрч Ч.Гс мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: ... Би 2019 оны 03 дугаар сарын 17-ны өдөр Сэлэнгэ аймгийн Баянгол сумын Баян 2 дугаар багийн нутаг дэвсгэрт газар тариалангийн үйл ажиллагааг явуулдаг “Төмөртэй бригад” дээр өөрийн хүү Г.МЭий хамт тракторын араас чирж явдаг борноо буюу газрын хөрс буталдаг “чигийн хаалтны борнооны ирийг сольж трактороо асааж хүү Г.МЭий хамт хоол цайгаа ууж идчихээд 13-14 цагийн хооронд трактороо асаах гэсэн боловч асахгүй байсан. Тэгээд аккумлюторыг нь цэнэглэж байгаад торактороо асааж 15-16 цагийн хооронд “John deere” маркийн 35-37 УН улсын дугаартай ногоон өнгийн тракторын араас ногоон өнгийн юмкос чиргүүл чирж төмөртэй бригадаас урд зүгт байрлах цагаан өнгийн худаг руу хүүгийн хамт трактороо би өөрөө барьж очиж ус хийж байгаад дүүрч байна уу гэхэд арай л болоогүй байна гэхээр нь хүү Г.МЭийг араас аажуухан аваад ирээрэй гээд би өөрөө брагид руу алхаад явчихсан юм. Тэгээд намайг бригад дээр юм хийгээд байж байтал гэнэт хүмүүс орилдож хүүхэд уйлаад явчихсан тэгэхээр нь би юу болов гээд бригадын гэрээс гараад иртэл трактор дээр хүмүүс бөөгнөрчихсөн байсан. Тэгээд би гүйгээд очтол юмкосны баруун дугуйны хойд хэсэгт доош харчихсан хүүхэд хөдөлгөөнгүй толгойноос нь цус гарчихсан байсан. Тэгээд би уг талийгаач хүүхдийг тэвэрч бригадын байшин луу оруулж Баянгол сумын нэгдсэн эмнэлэг рүү дуудлага өгсөн гэх мэдүүлэг /ХХ-ийн 38 дугаар хуудас/

Гэрч А.Гж мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: ... Би 2019 оны 03 дугаар сарын 17-ны өдөр Сэлэнгэ аймгийн Баянгол сумын Баян 2 дугаар багийн нутаг дэвсгэрт газар тариалангийн үйл ажиллагаа явуулдаг “Төмөртэй бригад” мал маллаж гэртээ байх үед гадаа хүмүүс шуугилдан орилолдох үед нь би гэрээс гарч ирэн харахад трактор тойроод хүмүүс уйлаад байсан. Тэгээд би юу болов гэж бодоод яваад очиход уг тракторын арын чирж явсан усны юмкосны ар хэсэг нэг хүүхэд доош харчихсан иргэн тойронд нь цус толгойноос гарчихсан байсан. Тэр үед би уг талийгаач хүүг уг тракторын араас чирэгдэж байгаад ийм болсон болов уу гэж дотроо бодож байх үед уг тракторын арын усны юмкосны гар дээр сууж байгаад унасан гэж хүмүүс ярьж байсан. Тэрнээс яг хоёр нүдээрээ хараагүй болохоор яг тэгсэн гэж хэлж чадахгүй. Ямар ч байсан дээр тэр трактороос чирэгдэж явсан устай юмкосны дугуйн доогуур орж дайруулсан юм шиг байна лээ ахад нь өөр нэмж ярих зүйл алга ямар ч байсан харсанаа болон сонссоноо л хэллээ гэх мэдүүлэг /ХХ-ийн 40 дүгээр хуудас/

Насанд хүрээгүй гэрч Г.Гх мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: ... Би хагас сайн өдрийн амралтаараа дүү Гтын хамт хөдөө нагац ах Нбгын бригад дээр оичж амарч морь унасан. Тэгээд тэр өдөр манай дүү Гта, найз Осор нарын хамт гэрийнхээ тэнд байж байгаад тариан талбай руу очиж тоглосон. Тэнд тоглож байгаад бид харихаар болоод Осор, Гта 2 түрүүлээд явсан. Би тэр 2-ын араас явж байгаад худаг дээр Мөнхөөр эхэлсэн нэртэй ах ус авангаа тракторынхаа обудыг угааж байсан. Тэгээд би хажууд нь очоод тэр ахыг хараад зогсож байхад цаанаас гэрийн тэндээс Осор, Гта, Эрхэмбаяр 3 над дээр ирсэн. Тэгсэн чинь Эрхэмбаяр ирэнгүүтээ буцаад дугуйгаа унаад гэр лүүгээ Осорын дүүтэй хамт тоглох гээд буцаад явсан. Тэгэхээр нь бид тракторын чирч явсан усны ёмкосттой чиргүүлийн гаран дээр гарч суусан. Тэгээд тэр ах усаа авчихаад трактороо асаагаад бригад руу явахдаа бид нарыг сайн бариад яваарай гэж хэлэхээр нь Осор, Гта бид 3 чиргүүлийн гаран дээр суусан чигээрээ цаашаа явсан. Тэгсэн чинь жолооч ах эргэж хараад зам хөндлөн гарлаа шүү, сайн бариад яваарай, донсолгоотой шүү гэж хэлээд урагшаа хараад зам хөндлөн гараад донсолгоог өнгөрөөгөөд тэгшхэн зам руу гараад явж байх үед чиргүүлийн гаран дээр сууж байсан Осор эхэлж газар унаад араас нь Гта давхарлаад газар унасан. Тэгэхээр нь би агаа зогсооч ээ гэж орилоход жолооч зогсоод бууж ирсэн. Тэгэхэд нь би үсэрч буугаад Гтын хөл нь чиргүүлийн дугуйнд өсгий хэсгээрээ дарагдаад орилоод байхаар нь би татаж гаргасан. Харин Осор чиргүүлийн ард газар толгой нүүр нь цус болчихсон газар хэвтэж байсан. Энэ үед цаанаас Дууяа аниа гүйж ирээд бас Осорын ээж нь ирээд Осорыг тэврээд уйлаад байсан. Бас зөндөө хүмүүс ирсэн гэх мэдүүлэг /ХХ-ийн 41 дүгээр хуудас/

2019 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн Шинжээчийн дүгнэлтийн дүгнэлт хэсэгт: ....

 

1. “John deere” маркийн 35-37 УН улсын дугаартай трактор жолооч Г.МЭэ нь Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 23.1. Зорчигчийг хүн тээвэрлэх зориулалт бүхий тэвэрийн хэрэгслээр тээвэрлэнэ. Ачааны автомашины жолоочийн бүхээг дотор зориулалтын суудалд зорчигч тээвэрлэхийг зөвшөөрөх бөгөөд харин түүний тэвшин дээр энэ дүрмийн 23.2, 23.3-т зааснаас бусад тохиолдолд хүн тээвэрлэхийг хориглоно, 3.7. Жолоочид дараах зүйлийг хориглоно: а/ тухайн ангиллын тээврийн хэрэгсэлийг жолоодох эрхгүй, 23.9. Дараах тохиолдолд хүн тээвэрлэхийг хориглоно: б/ тээврийн хэрэгсэлийн хүн тээхэд зориулаагүй хэсэгт /энэ дүрмийн 23.2, 23.3-т зааснаас бусад тохиолдолд/ гэсэн заалтуудыг зөрчсөн гэж үзэв. 2.2. Т.Осор, Г.Гта, Г.Гх нар нь Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 6.2. Тээврийн хэрэгслээр зорчигчид дараах зүйлийг хориглоно: б/тээврийн хэрэгсэлийн хүн тээхэд зориулаагүй хэсэг дээр буюу ачааны автомашины тэвшний хашлаганаас дээш гарсан ачаан дээр байрлаж, тэвшин дээр зогсож явах, тээврийн хэрэгсэлээс зүүгдэх гэсэн заалтыг зөрчсөн гэж үзэв. 3. “John Deere” маркийн 35-37 УН улсын дугаартай тракторын жолооч Г.МЭэ нь Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 23.1. Зорчигчийн хүн тээвэрлэх зориулалт бүхий тээврийн хэрэгслээр тээвэрлэн. Ачааны автомашины жолоочийн бүхээг дотор зориулалтын суудалд зорчигч тээвэрлэхийг зөвшөөрөх бөгөөд харин түүний тэвшин дээр энэ дүрмийн 23.2, 23.3-т зааснаас бусад тохиолдолд хүн тээвэрлэхийг хориглоно. 3.7. Жолоочид дараах зүйлийг хорилоно. а/тухайн ангилалын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй. 23.9. Дараах тохиолдолд хүн тээвэрлэхийг хориглоно: б/тээврийн хэрэгсэлийн хүн тээхэд зориулаагүй хэсэгт /энэ дүрмийн 23.2, 23.3-т зааснаас бусад тохиолдолд/ гэсэн заалтуудыг зөрчсөнөөс зам тээврийн осол гарсан гэж үзэв гэх шинжээчийн дүгнэлт /ХХ-ийн 46 дугаар хуудас/

2019 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн №3688 дугаартай Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмч Ц.Оюун-Эрдэний дүгнэлт: ...  

 

1. Г.Гтын биед аарцагны цагираг тасарсан Мальгены хугарал, хэвлийд битүү гэмтэл нарийн гэдэс, давсагны цус хуралт, хэвлийн хөндийн цус хуралдалт бүхий гэмтлүүд тогтоогдлоо.

2. Дээрхи гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Дээрхи гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.15-д зааснаар амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна.

4. Цаашид гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй гэх шинжээчийн дүгнэлт /ХХ-ийн 55 хуудас/

Сэлэнгэ аймгийн Шүүх шинжилгээний албаны Мандал сум дахь Шүүх шинжилгээний хэсгийн шинжээч эмч Г.Ган-Эрдэнийн 2019 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн №13 дугаартай дүгнэлт: ...

 

1. Талийгаач Т.Осорын цогцост хийгдсэн шүүх эмнэлгийн задлан шинжилгээгээр гавлын орой болон суурь яс, чамархай, дагз ясны хугарал, тархины эдийн тархмал няцрал, духны баруун дээд хэсэгт шарх, дух, баруун нүдний дээд хэсэг, баруун нүдний доод зовхи, зүүн хацарт зулгаралт, хуйхны дотор гадаргуу, дух, баруун зүүн нүдний дээд доод зовхи, хамрын нуруу, зүүн хацар хэсэгт цус хуралт зүүн нүдний дээд доод зовхинд зөөлөн эдийн гэмтэл тогтоогдсон.

2. Дээрх гэмтэл нь хатуу мохоо хүчин зүйлийн үйлчлэлээр буюу тракторын чирж явсан юмкосны дугуй толгой дээгүүр нь гарах үед үүсгэгдэх боломжтой.

3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2 болон 3.1.3-д зааснаар амь насанд аюултай гэмтлийн хүнд зэрэгт хамаарна.

4. Талийгаач Т.Осорын биед үхэлд хүргэх архаг хууч өвчин тогтоогдсонгүй.

5. Талийгаач Т.Осор нь гавал тархины гэмтлийн улмаас нас баржээ гэх шинжээчийн дүгнэлт /ХХ-ийн 59 дүгээр хуудас/

Г.МЭэ мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: ... 2019 оны 03 дугаар сарын 17-ны өдөр Сэлэнгэ аймгийн Баянгол сумын 2-р багийн нутаг ”Төмөртэйн” бригад дээр намайг аав Гсийн хамт газрын хөрс бутлагч буюу Борнооны шүд сольж байхад үдээс хойш 13-14 цагийн үед Дууяа эгч бригад усгүй болчихоод байна. Ус аваад өгөөч гэхээр нь аав бид 2 “John Deere” маркийн трактороор араас нь усны ёмкост чирээд худаг руу ус авахаар явсан. Худаг дээр очоод усаа хийж байтал аавыг хойд гэрээс хүмүүс дуудаад байсан тул аав чи усаа дүүргэж хийчихээд араас трактороо бариад хүрээд ирээрэй гэж хэлээд бригад руу явсан. Би усны ёмкосонд усаа хийж байхдаа тракторын дугуйны обудыг арчиж байсан. Энэ үед худаг дээр талийгаач хүүхэд мөн Гта, Гх гэх ах дүү 2 нийт 3 хүүхэд ирээд зогсож байснаа усны ёмкост дээр гараад байхаар нь буу гэж хэлэхэд тэд нар за за гэж хэлчихээд миний үгэнд орохгүй буухгүй байсан. Ус дүүрэхээр нь би одоо явлаа гэж хэлээд тэр 3 хүүхдийг усны ёмкосноос буулгасан. Тэгээд би трактороо асаагаад явах гэтэл тэд нар ёмкосны араас чирэгдээд байхаар нь би зогсож трактороосоо буугаад тэд нарыг хөөсөн чинь Гх, Гта 2-ын нэг нь ирээд ахаа энэ дээр чинь суугаад явчихъя гэж гуйгаад байхаар нь үгүй гэж хэлсэн чинь надаас дахин дахин гуйгаад байхаар нь за тэгвэл та нар сайн бариад суугаарай гэж хэлсэн. Тэгээд тэр 3 хүүхэд тракторын араас чирж явсан усны ёмкосны чиргүүлийн гар дээр гарч суусан. Тэгээд би цаашаа явж байхдаа арагшаа байнга эргэж харж явж байсан ба зам хөндлөн гарах үедээ мөн эргэж хараад одоо зам хөндлөн гарна, донсолно шүү сайн бариарай гэж хэлсэн. Тэгэхэд хамгийн урд сууж явсан хүүхэд нь за агаа гэж хэлж байсан. Тэгээд зам хөндлөн аажуухан гараад цаашаа явж байтал ард нэг хүүхэд агаа уначихлаа шүү дээ гэж орилохоор нь би зогсоод буугаад харсан чинь нэг хүүхэд нь устай ёмкосны дугуйны ард газар хэвтэж байсан. Нэг хүүхэд нь чиргүүлийн тэнхлэг хооронд газар уначихсан нуруугаа дараад уйлаад байсан. Тэгээд намайг туслаарай гэж орилоход цаана гэрээс талийгаач хүүхдийн аав, ээж, Нб ах, эхнэртэйгээ өөр бусад хүмүүс гүйж ирсэн гэх мэдүүлэг /ХХ-ийн 74 дүгээр хуудас/

Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /ХХ-ийн 3-8 дугаар хуудас/

2019 оны 03 дугаар сарын 18-ны өдөр Цогцост үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /ХХ-ийн 60-65 дугаар хуудас/

 

Шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоосон баримтууд: Г.МЭий ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /ХХ-н 79 дүгээр хуудас/, Оршин суугаа хаягийн тодорхойлолт /ХХ-ийн 78 дугаар хуудас/, Иргэний үнэмлэхний лавлагаа зэрэг болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой магадлан хянасны үндсэнд ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлд “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэж заасныг баримтлан шүүгдэгчийн гэм буруугийн асуудлыг прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хэмжээний дотор дараах байдлаар хянан шийдвэрлэлээ.

Г.МЭэ нь Сэлэнгэ аймгийн Баянгол сумын Баян 2-р багийн нутаг Төмөртэй бригад гэх газарт 2019 оны 03 дугаар сарын 17-ны өдөр “35-37” УН улсын дугаартай “John Deeree” маркийн тээврийн хэрэгслийг жолоодож байх үедээ Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 23.1, 3.7 А, 23.9 Б-д заасан заалтуудыг зөрчсөний улмаас иргэн Г.Гтын эрүүл мэндэд хүнд хохирол, иргэн Т.Осорын амь насыг хохироосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь:

 

Иргэний хариуцагч Г.Нбгийн мөрдөн байцаалтан өгсөн “...Дөнгөж ирээд хоол хийж, цай уугаад гадуур үхэр мал ирсэн байсан тул орчинтой танилцаад буцаад манайд орж ирээд хоорондоо ажил төрлөө танилцуулаад сууж байхад манай бэр Дууяа гадаа хүүхэд дайрчихлаа гэж орилсон. Тэгээд манайд байсан хүмүүс бүгд гарч иртэл бригад, гүний худаг 2-ын дунд ёмкос чирээд ус зөөж байсан трактор зогсчихсон хүмүүс шавчихсан байсан. Тэгэхээр нь би очоод үзтэл хүүхдийн толгой нь дугуйнд дайрагдаад бяцарчихсан тэр хавиар нил цус нөж болчихсон хүүхэд нас барсан байдалтай байсан. Тэгээд би ээжээс нь талийгаач хүүхдийг нь салгаж авсан. Тухайн үед талийгаач хүүхэдтэй хамт манай хамаатны залуу болох Ганболдын хоёр хүүхэд нь болох Гх, Гта нар хамт явж байсан. Гта нь мөн тракторын чиргүүлд дайруулж гэмтээд одоо эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа...” гэх мэдүүлэг /ХХ-ийн 23 дугаар хуудас/, Хохирогч Д.Оцийн мөрдөн байцаалтанд өгсөн “...Нб ахынд ороод удаагүй байтал гадаа хүн орилоод байсан. Тэгэхээр нь би гараад хартал нөгөө ус авч байсан трактор худгаас наашаа ирэх замдаа нормальдаад зогсчихсон. Нэг хүүхэд цаана нь ёсмкосттой чиргүүлний доороос нэг хүүхдийг татаж босгож байсан. Намайг сайн лавшруулаад хартал цаана газар манай хүүхдийн өмсөж явсан хувцас харагдах шиг болохоор нь би гүйгээд очтол манай том хүү Т.Осор чиргүүлтэй ёмкосны ард дугуйны харалдаа нүүр нь хөхөрчихсөн хэвтэж байсан. Намайг очоод хүүгээ өргөтөл толгойн зүүн талаас нь цус гараад байхаар нь би сандраад хүүгээ буцаагаад газар хэвтүүлсэн. Намайг тэр хавиар уйлж орилоод байж байх хугацаанд хүмүүс манай хүүхдийг цаашаа байр луу авч явсан байсан. Харин хэвтэж байсан газар их хэмжээний цус гарч тогтсон байсан ...” гэх мэдүүлэг /ХХ-ийн 26-27 дугаар хуудас/, Насанд хүрээгүй хохирогч Г.Гтын мөрдөн байцаалтан өгсөн “...Худаг дээр очоод тракторын жолоочийг усаа дүүргэж ёмкостоо хийгээд бригад руу явах гэхээр нь Гх ах, нөгөө хүүхэд бид 3 тракторын ёмкост чирсэн чиргүүлийн гаран дээр гарч суусан. Тэгэхэд тракторын жолооч бид 3-ыг хараад сайн бариад яваарай гээд хөдөлсөн. Удалгүй зам хөндлөн гарахдаа эргэж хараад одоо донсолно шүү, сайн бариарай гэсэн. Донсолгоо өнгөрсөний дараа нөгөө хүүхэд барьж явсан сураа газар унагаачихаад унагасан сур луугаа харах гэж байгаад газар унасан. Би тэр хүүхдийн ард суугаад цамцнаас нь барьсан байсан тул тэр хүүхдийг унахаар дагаад унасан. Намайг газар унахад тракторын чиргүүл миний биеэн дээгүүр хагас гарсан. Энэ үед Гх ах орилоод тракторын жолоочийг зогсоосон...” гэх мэдүүлэг /ХХ-ийн 33-34 хуудас/, Гэрч Ч.Гсийн мөрдөн байцаалтанд өгсөн “...Тэгээд аккумлюторыг нь цэнэглэж байгаад торактороо асааж 15-16 цагийн хооронд “John deere” маркийн 35-37 УН улсын дугаартай ногоон өнгийн тракторын араас ногоон өнгийн юмкос чиргүүл чирж төмөртэй бригадаас урд зүгт байрлах цагаан өнгийн худаг руу хүүгийн хамт трактороо би өөрөө барьж очиж ус хийж байгаад дүүрч байна уу гэхэд арай л болоогүй байна гэхээр нь хүү Г.МЭийг араас аажуухан аваад ирээрэй гээд би өөрөө брагид руу алхаад явчихсан юм. Тэгээд намайг бригад дээр юм хийгээд байж байтал гэнэт хүмүүс орилдож хүүхэд уйлаад явчихсан тэгэхээр нь би юу болов гээд бригадын гэрээс гараад иртэл трактор дээр хүмүүс бөөгнөрчихсөн байсан. Тэгээд би гүйгээд очтол юмкосны баруун дугуйны хойд хэсэгт доош харчихсан хүүхэд хөдөлгөөнгүй толгойноос нь цус гарчихсан байсан. Тэгээд би уг талийгаач хүүхдийг тэвэрч бригадын байшин луу оруулж Баянгол сумын нэгдсэн эмнэлэг рүү дуудлага өгсөн...” гэх мэдүүлэг /ХХ-ийн 38 дугаар хуудас/, Гэрч А.Гжын мөрдөн байцаалтанд өгсөн “...“Төмөртэй бригад” мал маллаж гэртээ байх үед гадаа хүмүүс шуугилдан орилолдох үед нь би гэрээс гарч ирэн харахад трактор тойроод хүмүүс уйлаад байсан. Тэгээд би юу болов гэж бодоод яваад очиход уг тракторын арын чирж явсан усны юмкосны ар хэсэг нэг хүүхэд доош харчихсан иргэн тойронд нь цус толгойноос гарчихсан байсан. Тэр үед би уг талийгаач хүүг уг тракторын араас чирэгдэж байгаад ийм болсон болов уу гэж дотроо бодож байх үед уг тракторын арын усны юмкосны гар дээр сууж байгаад унасан гэж хүмүүс ярьж байсан. Тэрнээс яг хоёр нүдээрээ хараагүй болохоор яг тэгсэн гэж хэлж чадахгүй. Ямар ч байсан дээр тэр трактороос чирэгдэж явсан устай юмкосны дугуйн доогуур орж дайруулсан юм шиг байна лээ ...” гэх мэдүүлэг /ХХ-ийн 40 дүгээр хуудас/, Насанд хүрээгүй гэрч Г.Гхгийн мөрдөн байцаалтанд өгсөн “...Тэгэхээр нь бид тракторын чирч явсан усны ёмкосттой чиргүүлийн гаран дээр гарч суусан. Тэгээд тэр ах усаа авчихаад трактороо асаагаад бригад руу явахдаа бид нарыг сайн бариад яваарай гэж хэлэхээр нь Осор, Гта бид 3 чиргүүлийн гаран дээр суусан чигээрээ цаашаа явсан. Тэгсэн чинь жолооч ах эргэж хараад зам хөндлөн гарлаа шүү, сайн бариад яваарай, донсолгоотой шүү гэж хэлээд урагшаа хараад зам хөндлөн гараад донсолгоог өнгөрөөгөөд тэгшхэн зам руу гараад явж байх үед чиргүүлийн гаран дээр сууж байсан Осор эхэлж газар унаад араас нь Гта давхарлаад газар унасан. Тэгэхээр нь би агаа зогсооч ээ гэж орилоход жолооч зогсоод бууж ирсэн. Тэгэхэд нь би үсэрч буугаад Гтын хөл нь чиргүүлийн дугуйнд өсгий хэсгээрээ дарагдаад орилоод байхаар нь би татаж гаргасан. Харин Осор чиргүүлийн ард газар толгой нүүр нь цус болчихсон газар хэвтэж байсан. Энэ үед цаанаас Дууяа аниа гүйж ирээд бас Осорын ээж нь ирээд Осорыг тэврээд уйлаад байсан. Бас зөндөө хүмүүс ирсэн ...” гэх мэдүүлэг /ХХ-ийн 41 дүгээр хуудас/, 2019 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн Шинжээчийн дүгнэлт /ХХ-ийн 46 дугаар хуудас/, 2019 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн №3688 дугаартай Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмч Ц.Оюун-Эрдэний дүгнэлт /ХХ-ийн 55 хуудас/, Сэлэнгэ аймгийн Шүүх шинжилгээний албаны Мандал сум дахь Шүүх шинжилгээний хэсгийн шинжээч эмч Г.Ган-Эрдэнийн 2019 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн №13 дугаартай дүгнэлт /ХХ-ийн 59 дүгээр хуудас/, Г.МЭий мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэг /ХХ-ийн 74 дүгээр хуудас/, Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /ХХ-ийн 3-8 дугаар хуудас/, 2019 оны 03 дугаар сарын 18-ны өдөр Цогцост үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /ХХ-ийн 60-65 дугаар хуудас/ болон тухайн хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан нотлох баримтуудаар нотлогдож байна гэж шүүх дүгнэв.

Шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримт болох шүүгдэгчийг  яллагдагчаар мөн хохирогч, гэрч нарыг байцаахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан хуулийн шаардлага хангасан, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, Шүүх эмнэлгийн шинжээчийн дүгнэлтийг хэрэгт хувийн сонирхолгүй, зохих мэдлэг, дадлага туршлагатай, гаргасан дүгнэлтийнхээ хариуцлагыг хүлээх чадвар бүхий шинжээч гаргасан байх тул хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэлэв.

Прокуророос шүүгдэгч Г.МЭийг Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн заалт зөрчсөн буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 3-т зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь тохирсон байна гэж үзлээ.

 

Иймд шүүгдэгч Г.МЭийг Сэлэнгэ аймгийн Баянгол сумын Баян 2-р багийн нутаг Төмөртэй бригад гэх газарт 2019 оны 03 дугаар сарын 17-ны өдөр “35-37” УН улсын дугаартай “John Deeree” маркийн тээврийн хэрэгслийг жолоодож байх үедээ Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 23.1, 3.7 А, 23.9 Б-д заасан заалтуудыг зөрчсөний улмаас иргэн Г.Гтын эрүүл мэндэд хүнд хохирол, иргэн Т.Осорын амь насыг хохироосон нь тогтоогдож байх ба гэмт хэргийн улмаас учруулсан хохирол төлбөрийг нөхөн төлсөн, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал зэргийг харгалзан тухайн зүйл, хэсэг, заалтад заасан хорих ялыг оногдуулахгүйгээр тэнсэж хянан харгалзах хугацаа тогтоох боломжтой байна гэж үзлээ.

Шүүгдэгч Г.МЭэ нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирогчид учруулсан хохирол төлбөрийг нөхөн төлсөн зэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-т зааснаар ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, мөн хуульд заасан ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй гэж үзэв.

Шүүгдэгч Г.МЭэ нь хохирогч Г.Гтад 1633000 төгрөг,  хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Оцт 5770600 төгрөг, иргэний хариуцагч Г.Нб нь хохирогч Г.Гтад 1900000 төгрөг, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Оцт 3900000 төгрөг тус тус төлсөн байх ба хохирогч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нараас хавтаст хэрэгт нотлох баримт гаргаж, хохирол төлбөр нэхэмжлээгүй, нэхэмжлэх зүйлгүй, гомдолгүй гэснийг дурьдах нь зүйтэй байна.

 

Энэ хэрэгт “Баян шинэ зам “ ХХК-н эзэмшлийн “Joohn Deere 3” загварын 35-37 УН трактор, усны сав /ёмкос/ зэрэг эд хөрөнгө битүүмжилсэн прокурорын тогтоолыг хүчингүй болгож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Г.МЭий №1273837 дугаартай жолоочийн “В” ангилалын үнэмлэхийг эрх хасах тухай шийтгэх тогтоолын хамт тухайн шийдвэрийг гүйцэтгэвэл зохих Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад хүргүүлэх, тээврийн хэрэгсэлийн гэрчилгээг эзэмшигч “Баян шинэ зам “ ХХК-д буцаан олгож, 1 ширхэг хуурцаг СД-г хэрэгт тухайн хэргийн хадгалах хугацаа дуутал  хадгалахаар зохих баримт үйлдэж хэрэгт хавсаргахыг шүүгчийн туслах Г.Мэндбаярт даалгах, хэрэгт хэлэлцэгдэх хохирол төлбөргүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурьдаад:

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 38.1 дүгээр зүйлийн 1 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Боржигон овогт Гсийн МЭийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3-д заасан хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж зөрчсөний улмаас нэг хүний амь насыг хохироож, нэг хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.МЭий тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 03 /гурав/ жилийн хугацаагаар хасч, хорих ялыг оногдуулахгүйгээр 01 /нэг/ жил 06 /зургаа/ сарын хугацаагаар тэнссүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дах хэсэгт зааснаар тэнссэн хугацаанд хүлээсэн үүргээ биелүүлээгүй, энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, энэ хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулахыг анхааруулсугай.

4. Энэ гэмт хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, Г.МЭэ нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хилийн хориг тавигдаагүйг  тус тус дурьдсугай.

5. Хохирогч Г.Гта нь энэ гэмт хэргийн улмаас учирсан гэмтлээ цаашид зайлшгүй эмчлүүлэхэд гарах болон гарсан зардал, хор уршгийг арилгуулахаар тухай бүрт нь нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурьдсугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.2 дугаар зүйлийн 1-д заасныг баримтлан энэ хэрэгт “Баян шинэ зам “ ХХК-н эзэмшлийн “Joohn Deere 3” загварын 35-37 УН Улсын дугаартай трактор, усны сав /ёмкост/ зэрэг эд хөрөнгө битүүмжилсэн прокурорын тогтоолыг хүчингүй болгосугай.

            7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Г.МЭий №1273837 дугаартай жолоочийн “В” ангилалын үнэмлэхийг эрх хасах тухай шийтгэх тогтоолын хамт тухайн шийдвэрийг гүйцэтгэвэл зохих Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад хүргүүлэх, тээврийн хэрэгсэлийн гэрчилгээг эзэмшигч “Баян шинэ зам” ХХК-д буцаан олгож, 1 ширхэг хуурцаг /СD/-г хэрэгт тухайн хэргийн хадгалах хугацаа дуутал хадгалахаар зохих баримт үйлдэж хэрэгт хавсаргахыг шүүгчийн туслах Г.Мэндбаярт даалгасугай.

            8. Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.МЭэд  авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4-д зааснаар шүүхийн шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурьдсугай.

10. Шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч, өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

                            

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                        Ж.ЭРДЭНЭБАТ.