| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дашцоодолын Нямбазар |
| Хэргийн индекс | 183/2018/00081/И |
| Дугаар | 210/МА2025/00806 |
| Огноо | 2025-05-16 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 05 сарын 16 өдөр
Дугаар 210/МА2025/00806
*******, ******* нарын нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Г.Даваадорж даргалж, шүүгч Э.Энэбиш, Д.Нямбазар нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 02 сарын 20-ны өдрийн 192/ШШ2025/01524 дугаар шийдвэртэй,
Нэхэмжлэгч: *******, ******* нарын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: *******ад холбогдох
Нэхэмжлэлийн шаардлага: хууль бус эзэмшлээс газар албадан чөлөөлүүлэх тухай,
иргэний хэргийг нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, шүүгч Д.Нямбазар илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Е.Нуршаш нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийн агуулга: Бид Сүхбаатар дүүргийн ******* хороо, ******* мухар зусланд Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2012 оны 08 сарын 07-ны өдрийн 260 дугаартай захирамжийн дагуу 700 м.кв, 699 м.кв талбайтай газрыг тус тус гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар эзэмшдэг. ******* нь 2016 онд бидний эзэмшил газрын хэсэгт 2 давхар байшин барьсан, түүнээс хууль бус үйлдлээ зогсоохыг хүссэн боловч бидэнтэй ярилцахыг хүсээгүй, хэл амаар дайрч, доромжилсон.
Иймд, бидний эзэмшил газарт зөвшөөрөлгүй барьсан байшинг хариуцагч *******ын хууль бус эзэмшлээс чөлөөлүүлж өгнө үү гэжээ.
2. Хариуцагчийн хариу тайлбарын агуулга: Тус газарт үл хөдлөх эд хөрөнгийг хариуцагчийн зүгээс огт бариагүй, анх баригдсан байсан газрыг худалдаж аваад хашаалах, зам тавих, ус татах зэрэг өөрсдөд хэрэгтэй тохижилтын ажлыг хийсэн. Тэгэхээр байшин барьж эхлэх үед зогсоохыг шаардсан гэх нэхэмжлэгчийн тайлбар үндэслэлгүй. Нийслэлийн газар зохион байгуулалтын албаны хүмүүс хувийн компанитай хамтраад сансраас авсан зурагт харьцуулалт хийж давхацсан гэсэн дүгнэлт гаргасан боловч энэ дүгнэлт нь ач холбогдлын хувьд бодит байдалтай зөрүүтэй.
Иймд, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.4, 106.3-т заасныг тус тус баримтлан хариуцагч *******ад холбогдох, хууль бус эзэмшлээс газрыг чөлөөлүүлэх тухай нэхэмжлэгч *******, ******* нарын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч нарын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.
4. Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга: Анхан шатны тойргийн шүүхийн шийдвэрт дараах үндэслэлээр давж заалдах гомдол гаргаж байна.
4.1. Сүхбаатар дүүргийн ******* хороо, ******* мухар *******гудамжны ******* хаягт байрлах 82.24 талбай бүхий хувийн сууц нь нэхэмжлэгч *******гийн эзэмшил газарт баригдсан, тодруулбал 68 м.кв талбайгаар давхцалтай байгаа талаар шинжээчийн дүгнэлтэд дурдсан байна.
4.2. Анхан шатны шүүх хариуцагчийн үл хөдлөх эд хөрөнгө давхацсан талаар дүгнээгүй нь шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй.
Иймд, анхан шатны тойргийн шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.
5. Давж заалдах гомдолд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан тайлбарын агуулга: *******наас авсан бичгийн нотлох баримтад *******ын газартай ямар нэгэн байдлаар *******, ******* нарын газар давхацсан давхцал огт гарч ирдэггүй. Хариуцагч *******ын зүгээс 2013 оны 12 сарын 16-ны өдөр иргэн ******* гэдэг хүний газар болон үл хөдлөх эд хөрөнгийг хуульд заасны дагуу худалдаж авсан. Тухайн үед *******наас удаа дараа газрын давхцал байгаа эсэхийг тодруулсан. Газрын давхардал илрээгүй учраас 2013 оны 12 сарын 17-ны өдөр үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ болон газрын гэрчилгээ гарсан. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч талаас давхардалтай байсныг нотлох зорилгоор өөрсдөө шинжээч томилуулдаг. Хувийн компани шинжилгээ хийгээд, давхардалтай гэж гаргадаг. Газрын албанаас хариуцагч талаас 4 удаа газрын зургийг гаргуулж, авч өгч байсан ба түүнд ямар нэгэн давхцал илрээгүй. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага ойлгомжгүй, тодорхой бус байдаг.
Иймд, анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий гарсан учраас шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
1. Давж заалдах шатны шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзээд анхан шатны шүүхийн шийдвэрт шинжээчийн зардлыг хуваарилсан өөрчлөлт оруулж, нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхив.
2. Нэхэмжлэгч *******, ******* нар хариуцагч *******ад холбогдуулан хууль бус эзэмшлээс газар албадан чөлөөлүүлэх нэхэмжлэл гаргасныг хариуцагч бүхэлд нь эс зөвшөөрч маргажээ.
3. Хэргийн баримт, зохигчийн тайлбарыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т заасан журмын дагуу үнэлбэл дараах үйл баримт тогтоогдож байна. Үүнд:
3.1. Нэхэмжлэгч ******* нь Сүхбаатар дүүргийн ******* хороо, ******* мухарт зуслангийн зориулалтаар 700 м.кв газар эзэмшдэг (нэгж талбарын дугаар: *******, газар эзэмших эрхийн гэрчилгээний огноо: 2012.12.29); /1хх 29/
3.2. Нэхэмжлэгч ******* нь Сүхбаатар дүүргийн ******* хороо, ******* мухарт зуслангийн зориулалтаар 700 м.кв газар эзэмшдэг (нэгж талбарын дугаар: *******, газар эзэмших эрхийн гэрчилгээний огноо: 2015.05.11); /1хх 3/
3.3. Хариуцагч ******* нь Сүхбаатар дүүргийн ******* хороо, ******* мухарт 656 м.кв газар, 700 м.кв газар тус тус эзэмшдэг (нэгж талбарын дугаар: *******, *******, газар эзэмших эрхийн гэрчилгээний огноо: 2014.06.18) бөгөөд 128 м.кв талбайтай хувийн сууцыг өмчилдөг (эрхийн улсын бүртгэлийн дугаар: Ү-*******, үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн гэрчилгээний огноо: 2013.12.17). /1хх 18, 21, 22/
4. Дээрхээс үзвэл, нэхэмжлэгч нар болон хариуцагч хэн аль нь эрх бүхий этгээдээс олгосон эрхийн гэрчилгээний дагуу газар эзэмшиж, хувийн сууц өмчилдөг байна. Уг үйл баримтын тухайд талууд маргаангүй, харин хариуцагчийн өмчилдөг хувийн сууц нь нэхэмжлэгч нарын эзэмшдэг газар руу нэвтэрч баригдсан эсэх, хариуцагч нь нэхэмжлэгч нарын зөвшөөрөлгүйгээр хил зөрчин хувийн сууц барьсан эсэх, ийнхүү хил зөрчихөөс өмнө буюу хил зөрчсөн үйлдэл эхэлсэн даруй нэхэмжлэгч нар хариуцагчид уг үйлдлээ зогсоох шаардлага гаргасан эсэх нь маргааны зүйл болжээ.
5. Анхан шатны шүүх нэхэмжлэгч нарын шаардах эрхийн хууль зүйн үндэслэлийг Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.3, 106.4 гэж зөв тодорхойлсон боловч ... хариуцагчийн өмчлөлийн хувийн сууц нь нэхэмжлэгчийн эзэмшлийн газартай давхацсан болох нь баримтаар тогтоогдоогүй ... гэж дүгнэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т заасан нотлох баримт үнэлэх журамд нийцээгүй байна.
5.1.Тодруулбал, шүүхээс томилогдсон *******ын 2018 оны 06 сарын 06-ны өдрийн А/70 дугаартай шинжээчийн дүгнэлтэд ... *******ын ... 82.24 м.кв барилга нь ... *******гийн ... газартай 68.71 м.кв талбайгаар давхцалтай ... тухай дурдсан; /1хх 42-43, 54-64/
5.2. Мөн шүүхээс томилогдсон боловч шинжээчийн дүгнэлт гаргахаас татгалзсан ******* ХХК-ийн 2021 оны 03 сарын 10-ны өдрийн А/14 дугаартай албан бичигт ... *******ын ... ажлын хэсгийн дүгнэлттэй танилцахад манай байгууллагаас гарах ажлын үр дүн ижилхэн гарах учраас шинжээчийн дүгнэлт хийх шаардлагагүй гэж үзэж байна гэсэн байна. /1хх 104-105, 118/
6. Хариуцагч талаас шүүхэд гаргаж өгсөн *******ны үйлдсэн кадастрын зураг (2018.12.14), *******ны 2019 оны 05 сарын 17-ны өдрийн 14/1354 дугаартай албан бичиг, түүнд хавсаргасан кадастрын зурагт хариуцагч *******ын өмчлөлийн хувийн сууц нь нэхэмжлэгч *******, ******* нарын эзэмшлийн газартай давхцалгүй тусгагдсан боловч эдгээр нь шүүхээс томилогдож, хууль сануулсан шинжээчийн дүгнэлтийг няцаах нотлох баримт биш юм. /1хх 75-76, 95-96/
Түүнчлэн, нэхэмжлэгч талаас шүүхэд гаргаж өгсөн ******* ХХК-ийн үйлдсэн кадастрын зураг (2017.10.04)-т агуулагдсан мэдээлэл нь дээр дурдсан *******ны үйлдсэн кадастрын зурагт агуулагдсан мэдээллээс зөрүүтэй байдгийг дурдах нь зүйтэй. /1хх 35-37/
7. Иргэний хуулийн 137 дугаар зүйлийн 137.1-д Газар эзэмшигч нь хөршийн зөвшөөрөлгүйгээр хил зөрчин барилга байгууламж барьсан бөгөөд хөрш нь ийнхүү хил зөрчихөөс өмнө буюу хил зөрчсөн үйлдэл эхэлсэн даруй тухайн эзэмшигчид уг үйлдлээ зогсоох шаардлага гаргаагүй бол зөрчлийг хүлээн зөвшөөрөх үүрэгтэй гэж заажээ.
7.1. Хариуцагч ******* нь маргаан бүхий хувийн сууцыг бариагүй буюу 2013 оны 12 сарын 16-ны өдөр *******гаас худалдан авсан болох нь хэрэгт авагдсан хувийн сууц худалдах гэрээ, мөнгө хүлээлцсэн хэлцэл, үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ зэрэг баримтаар нотлогдсон. /1хх 18, 205-206/
7.2. Дээрх хувийн сууц анх 2013 оны 06 сарын 19-ний өдөр *******гийн өмчлөлд бүртгэгдсэн байна. /2хх 36/
7.3. Иймд, хариуцагч *******ын өмчлөлийн 82.24 м.кв хувийн сууц нь нэхэмжлэгч *******гийн эзэмшлийн газартай 68.71 м.кв-аар давхацсан боловч нэхэмжлэгч ******* нь тус хувийн сууц баригдсаны дараа газар эзэмшигч болсон байх тул хуульд зааснаар хил зөрчихөөс өмнө, эсхүл хил зөрчсөн үйлдэл эхэлсэн даруй уг үйлдлээ зогсоохыг хариуцагч *******аас шаардах боломжгүй, улмаар уг үйлдлийг хүлээн зөвшөөрөх үүрэгтэй учир түүний гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлгүй.
8. Харин нэхэмжлэгч *******ийн тухайд, хариуцагч *******ын өмчлөлийн хувийн сууц нь түүний эзэмшлийн газартай давхцалгүй тул түүний гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг мөн хангах үндэслэлгүй.
9. Давж заалдах шатны шүүхэд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь ... ******* нь *******, ******* нарын эзэмшлийн газартай давхацсан хашааг буулгасан... гэсэн агуулгатай тайлбарыг гаргасан бол нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч нь ... хашааны давхцалыг газрын алба шийдвэрлэсэн тул үүнтэй холбоотой шаардлага гаргахгүй ... гэсэн агуулгатай тайлбарыг гаргасан болохыг дурдах нь зүйтэй.
10. Дээрхийг нэгтгэн дүгнээд, нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдлийг хэвээр үлдээж, шийдвэрийн үндэслэлийг залруулан дүгнэж, нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн тогтов.
Анхан шатны шүүх шинжээчийн зардлыг хуваарилаагүй нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 53 дугаар зүйлийн 53.1.1, 56 дугаар зүйлийн 56.1-д заасантай нийцээгүй тул давж заалдах шатны шүүхээс уг алдааг залруулна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 02 сарын 20-ны өдрийн 192/ШШ2025/01524 дугаар шийдвэрийн
тогтоох хэсгийн 2 дахь заалтад ... үлдээсүгэй гэснийг үлдээж, нэхэмжлэгч *******, ******* нараас шинжээчийн зардалд 610,769 төгрөгийг гаргуулан *******т олгосугай гэж өөрчилж,
шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4-д зааснаар нэхэмжлэгч талаас давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2025 оны 04 сарын 15-ны өдөр урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1-д зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Г.ДАВААДОРЖ
ШҮҮГЧИД Э.ЭНЭБИШ
Д.НЯМБАЗАР