| Шүүх | Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Болдбаатарын Батсайхан |
| Хэргийн индекс | 168/2019/0208/э |
| Дугаар | 2019/ШЦТ/212 |
| Огноо | 2019-07-23 |
| Зүйл хэсэг | 17.1.2.1., 17.3.1., 17.4.1., |
| Улсын яллагч | Б.Догмиддорж |
Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2019 оны 07 сарын 23 өдөр
Дугаар 2019/ШЦТ/212
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Батсайхан даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Хэрлэн
Улсын яллагч Б.Догмиддорж
Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Урансувд
Шүүгдэгч Б.У нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны А танхимд нээлттэй явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:
Дорнод аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Б.Догмиддоржоос Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ховд овогт Б.Уад холбогдох 1921000000194 дугаартай хэргийг 2019 оны 07 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, ......... оны ......... дүгээр сарын ........-ны өдөр Дорнод аймгийн Хэрлэн суманд төрсөн, ............ настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, холбоочин мэргэжилтэй, ажилгүй, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Дорнод аймгийн Хэрлэн сумын ...................... тоотод оршин суух, гавьяа шагналгүй, ял шийтгэл: Дорнод аймаг дахь Сум дундын 10 дугаар шүүхийн 2014 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 180 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, мөн хугацаагаар тэнсэж хянан харгалзсан, Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 161 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлсэн гэх, Ховд овогт Б.У. /РД: ................/
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Б.У нь 2019 оны 06 дугаар сарын 08-ны өглөө 08 цагийн орчимд Дорнод аймгийн Хэрлэн сумын 9 дүгээр багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Центр пойнт” ХХК-ийн худалдааны төвийн 3 давхарт байрлах “Бүрэн сүх” үнэт эдлэлийн дэлгүүрт хууль бусаар нэвтрэн орж, 3 ширхэг монетон гинжийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар авсан,
-Мөн 2019 оны 05 дугаар сарын 27-ны өдөр Дорнод аймгийн Хэрлэн сумын 7 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах “Титэм” зоогийн газарт иргэн Г.Уранчимэгийн “Самсунг Жи 4 плас” маркийн гар утсыг “зүс таних хүнтэй яриад өгье” гэж хуурч, залилан авч, бусдад 430.000 /дөрвөн зуун гучин мянга/ төгрөгийн хохирол учруулсан,
- Мөн Дорнод аймгийн Хэрлэн сумын 10 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Петровис” шатахуун түгээх станцын 5 дугаар салбарт 2019 оны 05 дугаар сарын 19-ний өдөр түгээгчээр ажиллаж байх хугацаандаа бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгө болох 878.000 /найман зуун далан найман мянга/ төгрөгийг хувьдаа авч завшсан гэх гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичсэнээр/
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Б.У нь 2019 оны 06 дугаар сарын 08-ны өглөө 08 цагийн орчимд Дорнод аймгийн Хэрлэн сумын 9 дүгээр багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Центр пойнт” ХХК-ийн худалдааны төвийн 3 давхарт байрлах “Бүрэн сүх” үнэт эдлэлийн дэлгүүрт хууль бусаар нэвтрэн орж, 3 ширхэг монетон гинжийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар авсан,
- Мөн 2019 оны 05 дугаар сарын 27-ны өдөр Дорнод аймгийн Хэрлэн сумын 7 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах “Титэм” зоогийн газарт иргэн Г.Уранчимэгийн “Самсунг Жи 4 плас” маркийн гар утсыг “зүс таних хүнтэй яриад өгье” гэж хуурч, залилан авч, бусдад 430.000 /дөрвөн зуун гучин мянга/ төгрөгийн хохирол учруулсан,
- Мөн Дорнод аймгийн Хэрлэн сумын 10 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Петровис” шатахуун түгээх станцын 5 дугаар салбарт 2019 оны 05 дугаар сарын 19-ний өдөр түгээгчээр ажиллаж байх хугацаандаа бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгө болох 878.000 /найман зуун далан найман мянга/ төгрөгийг хувьдаа авч завшсан гэмт хэргийг үйлдсэнд холбогдуулан Дорнод аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Б.Догмиддоржоос Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар яллах дүгнэлт үйлдэж, эрүүгийн 1921000000194 дугаартай хэргийг шүүхэд ирүүлжээ.
Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч Б.Уын мөрдөн шалгах ажиллагааны шатанд болон шүүх хуралдаанд өгсөн: “...эхнэр маань мэдээгүй унтаж байсан, би эхнэрийнхээ ажлын түлхүүрийг аваад Центр пойнт худалдааны төвийн 3 давхарт байх алт, мөнгөн эдлэлийн дэлгүүр рүү очиж эхнэрийнхээ түлхүүрээр хаалгыг нь онгойлгож ороод шилэн лангуун дотор байсан монетон гинжнүүдээс атгаж аваад гарсан. Тухайн үедээ яг хэдийг авснаа тоолоогүй. Дэлгүүрээс гараад хаалгыг нь түгжээд Центр пойнт худалдааны төвөөс гарч Найрамдал цэцэрлэгт хүрээлэнгийн хажууд явж байгаад такси бариад Хэрлэн сумын 6 дугаар багт үйл ажиллагаа явуулдаг 24 дүгээр байрны зүүн талд байх “Кибер” барьцаат зээлийн газарт очиж тухайн таксины ахыг би бичиг баримтгүй байна та энэ гинжийг бичиг баримтаа барьцаат зээлийн газар тавиад өгчих, би гинжийг 1000.000 төгрөгөнд тавьсан...Улаанбаатар хот руу явах замд Хэнтий аймгийн Цагдаа нар шалгаад намайг саатуулсан...Хэнтий аймгийн Цагдаагийн газарт очоод биед байгаа эд зүйлсээ гаргахад 2 ширхэг монетон гинж байсан. Тэгээд би тухайн үнэт эдлэлийн дэлгүүрээс 3 ширхэг гинж авсан байсан. ...хийсэн хэрэгтээ гэмшиж байна. ...Би тухайн үед ажиллаасаа орлогын мөнгө авч явахдаа ганцаараа байсан. ...Сейфний түлхүүр сейфэн дээрээ байдаг байсан. Тухайн өдөр гарч байгаа ээлжийн түгээгч нар түлхүүрээ хариуцдаг. ...Би хүнд мөнгөний өртэй байсан тул ажлынхаа өдрийн орлого болох 878000 төгрөгийг авч явсан. ...Венера зоогийн газар сууж байгаад би Уранчимэгийн гар утсаар нь нэг яриад өгөе гэж хэлээд Уранчимэгийн гар утсыг авч гараад буцаж оролгүйгээр явсан. Уранчимэгийн “Самсунг жи-4 плас” маркийн гар утсыг Хэрлэн сумын 6 дугаар багийн 24 дүгээр байрны зүүн талд байх “Кибер” барьцаат зээлийн газарт 250000 төгрөгөөр тавьсан. Би тухайн гар утас тавьсан 250000 төгрөгөөрөө хүүхэддээ хувцас авсан...би ааваар дамжуулан Уранчимэгийн гар утсыг нь авч өгсөн...хийсэн хэрэгтээ гэмшиж харамсаж байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 37-38, 100, 133-134 дүгээр хуудас/,
Хохирогч Н.Түмэндэмбэрэлийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...2019 оны 06 дугаар сарын 08-ны өдөр манай худалдагч Б.Дөлгөөний нөхөр Б.У нь дэлгүүрээс 3 ширхэг монетон гинж хулгайлсан. ...би хулгайд алдсан 3 ширхэг монетон гинжнийхээ 2 гинжийг хүлээн авсан. Үлдсэн нэг ширхэг монетон гинжнийхээ хохирлыг барагдуулах хүсэлтэй байна. Өөр надад гаргах гомдол, санал нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 10 дугаар хуудас/,
Хохирогч Г.Уранчимэгийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Бид хоёр Венера зоогийн газар хоол идэж байгаад Б.У нь миний утас цэнэггүй болчихлоо нэг яриулаач гээд миний гар утсыг гуйж авсан. Тэгээд миний утсыг авч гараад орж ирээгүй. ...миний алдсан гар утас нь “Самсунг жи-4 плас” маркийн утас байсан ба би тухайн гар утсаа 2019 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн орчим “Жи мобайл” төвөөс 778000 төгрөгөөр худалдан авч байсан. ...тухайн үед Б.У ганцаараа явж байсан. ...миний Б.Уад залилуулсан “Самсунг жи-4 плас” маркийн гар утсыг Б.Уын аав Батбилэг нь надад хүлээлгэн өгсөн. Би өөрийн эзэмшлийн “Самсунг жи-4 плас” маркийн гар утсаа буцаан авсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 122-123, 127 дугаар хуудас/,
Иргэний нэхэмжлэгч Б.Цэвэлмаагийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Петровис шатахуун түгээх станцын 5 дугаар салбарын түгээгчээр ажиллаж байсан гэх Б.У нь орлогын мөнгө болох 878.000 төгрөг авч явснаас одоогийн байдлаар 500.000 төгрөг, мөн Б.Уын цалин болох 63.000 төгрөг ороод нийт 563.000 төгрөг төлөгдсөн байгаа бөгөөд 315.000 төгрөгийн хохиролтой байна. ...манай байгууллагын зүгээс үлдсэн мөнгө болох 315.000 төгрөгийг нэхэмжилж байна. ...үлдэгдэл 315.000 төгрөгийг Б.Уын аав Батбилэг нь бэлнээр төлсөн. Одоо Петровис шатанхуун түгээх станцын Дорнод аймаг дахь салбарт хохирол бүрэн төлөгдсөн. ...манай байгууллагын зүгээс гаргах гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 84-85 дугаар хуудас/,
Гэрч П.Ганзоригийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Цэнхэр өнгийн костюм өмссөн өндөр залуу...24 дүгээр байрны зүүн талын ломбард ороод удахгүй буцаж гарч ирээд та үнэмлэх бичиг баримт байвал өгөөч гэхээр нь яах гэж байгаа юм бэ гэж асуутал би өөрийн бичиг баримтаа гэртээ мартсан байна юм авах гэсэн чинь бичиг баримт хэрэгтэй байна гэхээр нь би жолооны үнэмлэх л байна өөр зүйл бол алга байна гэж хэлтэл болно гээд аваад орсон. Ороод удаагүй намайг ор гээд дуудахаар нь би ортол ломбарданд байсан хоёр эмэгтэйн зүүн талын эмэгтэй нь жижиг цаасан ууттай юм дээр ямар нэгэн юм тайлбарлаж өгөөгүй энэ дээр гарын үсэг зурчих гэхээр нь би гарын үсгээ зураад л үнэмлэхээ аваад гараад явсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 19 дүгээр хуудас/,
Гэрч Э.Адъяагийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...2019 оны 06 дугаар сарын 08-ны өглөө 10 цагийн үед цэнхэр костюм өмссөн өндөр залуу орж ирээд юм тавих гэсэн юм гэхээр нь ...бичиг баримт байна уу гэж асуутал бичиг баримт байхгүй гэхээр нь тэгвэл манайх бичиг баримтгүй үйлчлэх боломжгүй гэж хэлтэл би гараад жолооч ахыг дуудаад аваад ирэе гээд нэг жолооч ахтай хамт ороод ирэхээр нь ЖЮ70022199 гэсэн регистрийн дугаартай П.Ганзориг гэх хүний нэр дээр тавьсан...тэгээд 1000.000 төгрөг бэлнээр аваад явсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 23-24 дүгээр хуудас/,
Гэрч Б.Ган-Эрдэнийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Б.У гэх хүн кибер барьцаат зээлийн газрын Хэрлэн сумын 6 дугаар баг, 24 дүгээр байрны зүүн талд байрлах салбарт 21.8 граммын монетон гинжийг 1000.000 төгрөгөнд тавьсан ба барьцаанд тавьсан хүнийг Б.Уын аав, ээж нь гэх хүмүүс бүрэн төлж барагдуулсан. ...Одоо манай байгууллагад учирсан хохирол байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 26 дугаар хуудас/,
Гэрч Н.Онон-Ундрахын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Манай ажилтан байсан Б.У нь явахдаа 878.000 төгрөг аваад явсан байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 93 дугаар хуудас/,
Гэрч Б.Дөлгөөний мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Манай нөхөр Б.У нь 2019 оны 05 дугаар сарын 19-ний өдөр Петровис шатахуун түгээх станцын 5 дугаар салбарт ажиллаж байх хугацаандаа орлогын мөнгийг авч явсанаас хойш цагдаад өгсөн гэдгийг мэдээд миний гар утас руу шоронд явмааргүй байна. Шоронд явж байхаар амиа хорлосон нь дээр гэж мессеж бичиж байсан. Мөн тухайн өдрөөс 3-4 хоногийн дараа шөнө 00 цагийн орчимд Б.У над руу утсаар залгаад Хэрлэн сумын 9 дүгээр багт үйл ажиллагаа явуулдаг “Рояал” буудалд хүрээд ир гэхээр нь очиход Б.У нь өөрийнхөө 2 гарын шууг зүссэн байсан ба яагаад гарынхаа шууг зүссэн талаар асуухад би шоронд явмааргүй байна, ингэж амьдрахаар үхсэн нь дээр гэх зэргээр ям яриад байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 94 дүгээр хуудас/,
Гэрч Э.Хулангийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Кибер барьцаат зээлийн газарт теллерээр ажилладаг юм...2019 оны 05 дугаар сарын 27-ны өдөр ажил дээрээ байж байхад 14 цагийн орчимд 183 см орчим өндөр залуу орж ирээд “Самсунг жи-4 плас” маркийн гар утсыг өөрийнхөө гар утас гэж хэлээд 14 хоногийн хугацаатай 250.000 төгрөгийн барьцаанд тавьсан. Дараа нь 2019 оны 06 дугаар сарын 20-ны өдөр Б.Уын аав нь гэх Батбилэг гэх хүн барьцаат зээлийн газар тавьсан мөнгийг нь бүрэн өгч тухайн гар утсыг авсан...манай байгууллагад ямар нэгэн хохирол байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 128 дугаар хуудас/,
- Хэргийн газарт үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 6-7 дугаар хуудас/
- Телекамерт үзлэг хийсэн тухай тэмдэглэл /хх-ийн 8 дугаар хуудас/
- Эд мөрийн баримт хураан авах тухай прокурорын тогтоол, эд мөрийн баримт хураан авсан тэмдэглэл, эд зүйл хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /хх-ийн 13-17 дугаар хуудас/
- Эд зүйлийн үнэлгээ /хх-ийн 18, 120 дугаар хуудас/
Шүүгдэгч Б.Уын хувийн зан байдлын талаар мэдүүлсэн гэрч Х.Батбилэг, Д.Улаанхүүхэн нарын мэдүүлэг, Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, ял шийтгүүлсэн шийтгэх тогтоолын хуулбарууд /хх-ийн 39, 53-70 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Эрүүгийн 1921000000194 дугаар хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг цуглуулах буюу бэхжүүлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу авсан байх тул хэргийг хянан шийдвэрлэхэд хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, хангалттай байна гэж шүүх үнэллээ.
Мөрдөн шалгах ажиллагааны шатанд нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж тогтоосон, хэргийн оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарлах замаар эсхүл бусад хэлбэрээр шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэхэд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байна гэж шүүх үзлээ.
Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Шүүгдэгч Б.У нь 2019 оны 06 дугаар сарын 08-ны өглөө 08 цагийн орчимд Дорнод аймгийн Хэрлэн сумын 9 дүгээр багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Центр пойнт” ХХК-ийн худалдааны төвийн 3 давхарт байрлах “Бүрэн сүх” үнэт эдлэлийн дэлгүүрт хууль бусаар нэвтрэн орж, 3 ширхэг монетон гинжийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар авсан,
- Мөн 2019 оны 05 дугаар сарын 27-ны өдөр Дорнод аймгийн Хэрлэн сумын 7 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах “Титэм” зоогийн газарт иргэн Г.Уранчимэгийн “Самсунг Жи 4 плас” маркийн гар утсыг “зүс таних хүнтэй яриад өгье” гэж хуурч, залилан авч, бусдад 430.000 /дөрвөн зуун гучин мянга/ төгрөгийн хохирол учруулсан,
- Мөн Дорнод аймгийн Хэрлэн сумын 10 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Петровис” шатахуун түгээх станцын 5 дугаар салбарт 2019 оны 05 дугаар сарын 19-ний өдөр түгээгчээр ажиллаж байх хугацаандаа бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгө болох 878.000 /найман зуун далан найман мянга/ төгрөгийг хувьдаа авч завшсан гэмт хэргийг тус тус үйлдсэн гэм буруутай болох нь шүүх хуралдаанд шинжлэн судлагдсан шүүгдэгч Б.Уын мөрдөн шалгах ажиллагааны шатанд болон шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэг, хохирогч Н.Түмэндэмбэрэл /хх-ийн 10 дугаар хуудас/, хохирогч Г.Уранчимэг /хх-ийн 122-123, 127 дугаар хуудас/, иргэний нэхэмжлэгч Б.Цэвэлмаа /хх-ийн 84-85 дугаар хуудас/, гэрч П.Ганзориг /хх-ийн 19 дүгээр хуудас/, Э.Адъяа /хх-ийн 23-24 дүгээр хуудас/, Б.Ган-Эрдэнэ /хх-ийн 26 дугаар хуудас/, Н.Онон-Ундрах /хх-ийн 93 дугаар хуудас/, Б.Дөлгөөн /хх-ийн 94 дүгээр хуудас/, Э.Хулан /хх-ийн 128 дугаар хуудас/ нарын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлгүүд, хэргийн газарт үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 6-7 дугаар хуудас/,телекамерт үзлэг хийсэн тухай тэмдэглэл /хх-ийн 8 дугаар хуудас/, эд мөрийн баримт хураан авах тухай прокурорын тогтоол, эд мөрийн баримт хураан авсан тэмдэглэл, эд зүйл хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /хх-ийн 13-17 дугаар хуудас/, эд зүйлийн үнэлгээ /хх-ийн 18, 120 дугаар хуудас/ зэрэг шүүх хуралдаанаар хэлэлцсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгч Б.Уыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар бусдын үйл ажиллаа явуулах зориулалттай орон байранд нууцаар, хууль бусаар нэвтэрч, бусдын эд хөрөнгийг хулгайлсан гэмт хэрэг, мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан гэмт хэрэг, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хуурч эд хөрөнгийг залилах гэмт хэргийг тус тус үйлдсэн гэм буруутайд тооцож, Прокурорын үйлдсэн яллах дүгнэлт нь үндэслэлтэй, хэргийн зүйлчлэл зөв байна гэж шүүх дүгнэв.
Гэмт хэрэг гарахад шүүгдэгчийн хууль зүй, ёс зүйн ухамсар дутмаг байдал, амар хялбар аргаар мөнгөтэй болох санаа зорилго болон хохирогчийн зүгээс хайхрамжгүй хандсан зэрэг нөхцөл байдал нөлөөлсөн гэж үзлээ.
Шүүгдэгч нь өмчлөх эрхийн эсрэг гэмт хэргийг үйлдэхдээ өөрийн үйлдлийн хууль бус шинжийг ухамсарлаж, шунахайн сэдэлтээр бусдын өмчлөх эрхэд нь хор уршиг зориуд хүргэж үйлдсэн нь гэм буруугийн санаатай хэлбэртэй, төгссөн гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй байна.
Гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хувьд: Шүүгдэгч Б.У нь хохирогч Н.Түмэндэмбэрэл, Г.Уранчимэг, иргэний нэхэмжлэгч Б.Цэвэлмаа нарын эд хөрөнгөнд хохирол учруулсан бөгөөд хохирогч, иргэний нэхэмжлэгч нар нь учирсан хохирлыг бүрэн барагдуулж авсан учир гомдол санал нэхэмжлэх зүйлгүй талаар мэдүүлсэн мэдүүлэг хавтаст хэрэгт байх тул шүүгдэгч Б.Уыг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан, хавтаст хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгч Б.Уыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар бусдын үйл ажиллаа явуулах зориулалттай орон байранд нууцаар, хууль бусаар нэвтэрч, бусдын эд хөрөнгийг хулгайлсан гэмт хэрэг, мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан гэмт хэрэг, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хуурч эд хөрөнгийг залилах гэмт хэргийг тус тус үйлдсэнд гэм буруутайд тооцсон тул гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.
Шүүгдэгч Б.У нь гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлыг төлж барагдуулсан нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл болох бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байхгүй байна.
Шүүгдэгч Б.Уыг гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал зэргийг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар 2 жилийн хугацаагаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэх нь зүйтэй гэж үзлээ.
Шүүгдэгч Б.Уыг Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 161 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан 2 жилийн хугацаагаар хорих ялаас эдлээгүй үлдсэн 10 сар 18 хоногийн хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.12 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нэмж нэгтгэх нь зүйтэй байна.
Энэ хэрэгт шүүгдэгч Б.Уын цагдан хоригдсон 45 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцох, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн монетон гинж 1 /нэг/ ширхэгийг хохирогч Н.Түмэндэмбэрэлд буцаан олгож, “СД” 1 /нэг/ ширхэгийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргах, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, баримт бичгээр ирсэн шүүгдэгч Б.Уын ..................... тоот регистрийн дугаартай иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын Цагдан хорих байранд нэн даруй хүргүүлэхээр шийдвэрлэв.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Ховд овогт Б.У-ыг Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан бусдын үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нууцаар, хууль бусаар нэвтэрч, бусдын эд хөрөнгийг хулгайлсан гэмт хэргийг үйлдсэнд,
- мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан гэмт хэргийг үйлдсэнд,
- мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан залилах гэмт хэргийг үйлдсэнд тус тус гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар шүүгдэгч Б.У-ыг 2 /хоёр/ жилийн хугацаагар хорих ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8, 6.9, 6.12 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг тус тус журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар шүүгдэгч Б.У-ад оногдуулсан 2 жилийн хугацаагаар хорих ял дээр, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар хорих ялыг, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар хорих ялыг, өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан хорих ялаас эдлээгүй үлдсэн 10 сар 18 хоногийн хорих ялыг тус тус нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 3 /гурав/ жил 10 /арав/ сар 18 /арван найм/ хоногийн хугацаагаар хорих ялаар тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.У-ад оногдуулсан 3 жил 10 сар 18 хоногийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.У-ын цагдан хоригдсон 45 /дөчин тав/ хоногийг эдлэх ялд оруулан тооцсугай.
6. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн монетон гинж 1 /нэг/ ширхэгийг хохирогч Н.Түмэндэмбэрэлд буцаан олгож, “СД” 1 /нэг/ ширхэгийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргах, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, баримт бичгээр ирсэн шүүгдэгч Б.У-ын ................ тоот регистрийн дугаартай иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын Цагдан хорих байранд нэн даруй хүргүүлсүгэй.
7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Б.У-ад авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш, эсвэл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд тус шүүхээр дамжуулан давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлт түдгэлзэхийг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.БАТСАЙХАН